ЯДАРСАН ХИЙГЭЭД ДАВАРСАН ЦАГДАА

Энэ өгүүллийг би 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг дараахан буюу 2008 оны 9 дүгээр сарын 21-нд бичсэн юм. Энэ үйл явдлын дараах цагдаагийн тэнэглэлийг хараад дургүй хүрсэн хэрэг л дээ. Тэр үед цагдаагийн өөдөөс ингэж дуугарах хоншоортой аавын хүү бараг байгаагүй юм. Харин А.Баатархуяг, Г.Уянга бид гурав л улайтал хэлж чаддаг байсныг “Улс төрийн сонин”-ы шарлаж амжаагүй хуудсууд гэрчилнэ. Хэдийгээр энэ өгүүлэл миний бичсэн хамгийн сайн өгүүллийн тоонд орох боловч түүний мөрөөр хариу өгсөн, ажил хийсэн явдлыг би л лав санахгүй байна. Ингээд өчигдөр Монголын цагдаа дахин тэнэглэл үйлдэхэд бэлэн гэдгээ баттай харуулсны учир олон жилийн өмнөх өгүүллээ дахин нийтэлж байна. Эндээс Монголын цагдаагийн мөн чанарыг хялбархан ажиглаж болно…

7 дугаар сарын 1-ний үйл явдлаас улбаалан бид монголын улс төрийг биш, харин цагдаа, ард түмэн хоёрын аль нь зөв бэ гэдгийг шинжилж, энэ нь улам бүр учир утгагүй болсоор байна. Нийгмийг илтэд хуваагдалд оруулж буй энэ лайтай асуудалд хариу өгөх улс төрийн хүчин Монголд байхгүй юм. Энэ талаар саналаа өгүүлсү.
Цагдаа хэрэгтэй, хэрэггүй…
Манайхан шиг цагдаа хэрэгтэй, хэрэггүй гэж маргадаг мангар улс дэлхийд бараг байхгүй байх. Ямар ч улсын ямар ч хүнээс цагдаа хэрэгтэй юу гэвэл ямар ч эргэлзээгүй ХЭРЭГТЭЙ гэж хариулна. Би ч гэсэн хэрэгтэй гэж ямар ч эргэлзээгүй хариулна. Цагдааг шүүмжлээд ирэхлээр энэ утгагүй асуудал ямагт гарч ирдэг юм. Цагдаа гэсэн ерөнхий нэрийн цаана нуугдаж байгаа царай нь тэр…
Цагдаа гэсэн хоёр түвшний ойлголт байдаг. Нэг дэх нь Та бид өдөр тутам тааралдаж, уйлж майлж, хэрүүл маргаан хийж, буруутаж, зөвдөж, шийтгүүлж, бид заримдаа амь насаа ч хүртэл авруулдаг ихээхэн зөрчилтэй, зовлонтой ажил хийдэг жирийн цагдаа. Товчдоо бол эрээн мод барьж хошногоо эргэтэл шүгэл үлээж, эсвэл балиар заваан болгонтой өдөр болгон хутгалдаж байдаг эргүүлийн болон хэв журмын зэрэг бидний дунд хутгалдсан нөхдүүд. Эднийг ерөнхийд нь бол “нохойд барьдаг мод” гэж хэлж болно. Эдний сайн, муу нь ард түмний дунд илт мэдэгддэг. Харилцааны соёлоос авахуулаад хувцас хунар, цалин хангамж, боловсрол, нийгмийн нэр хүнд, зиндаа зэрэг олон шинжээрээ манай жирийн цагдаа их муу тал руугаа орно доо. Халуунд халж хүйтэнд хөрч, цаг наргүй ажиллаж мань мэттэйгээ холилдож байдаг энэ бүлгийг нөхцөлт байдлаар ядарсан цагдаа гээд нэрлэчихье.
Хоёр дахь утга нь цагдаа гэдэг бол нийгмийн хэв журмыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээсэн төрийн институт. Энд бол дээр дурдсан жирийн цагдааг удирдаж, дээрх үүргийг мэргэжлийн хувьд хүлээсэн өч төчнөөн байгууллагууд орно. Эрүүгийн, мөрдөн байцаах, замын, хэв журмын, тусгайнхан гэж олон ангилахаас гадна аймаг, нийслэл, дүүргийн цагдаа гээд ихээхэн салбарласан бүтэцтэй манай хүчний байгууллагын хамгийн олон хүнтэй хүчирхэг бүтэц.
Энэхүү төрийн институт гэсэн утгаараа бол манай цагдаа мөн чанараа алдсан, улс төржсөн, гэмт хэрэгжсэн ихээхэн том сүлжээ мөн.
Мэдээж энэ институт сайн муу байх нь төрийн болон цагдаагийн удирдлагаас хамаарна. Цагдааг генерал, хурандаа, дэд хурандаа, хошууч зэрэг томчууд удирддаг биз дээ.
Аль ч улсын аливаа цэрэгжсэн байгууллагад офицер хүний нэр төр гэж хамгийн нандин юм байдаг. Энэ нь өргөсөн тангаргаа яс биелүүлж, хуулийг чанд сахих, өөрийн болон мундирынхаа нэр төр, цэвэр ариун байдлыг амь наснаасаа ч илүү хайрлан хүндэтгэх явдлаар илэрнэ.
Гэтэл энэхүү дээд хэсэг нь өргөсөн тангаргаа умартаж, илтэд гэмт хэргийн шинжтэй бизнес эрхэлж, улс төрд хутгалдаж, бас өөр хоорондоо албан тушаалыг төлөө алалцахаас ч буцахгүй болсон гэж би дүгнэж байна. Энэ бүлгийг нөхцөлт байдлаар даварсан цагдаа гээд нэрлэчихье.
Тэгэхлээр 7 дугаар сарын 1-ний үйл явдлыг шинжилье гэвэл цагдаагийн буруу зөв гэж маргах биш, энэ үйл явдлаас өмнө, энэ үеэр болон дараа нь цагдаагийн удирдлагууд яаж ажилласныг илүү сонирхсон нь дээр байх…Дээрх хоёр ойлголтыг санаатай болон санамсаргүй хольсноос болж хамаг бантан хутгаж байгаа нь хэнд ч илэрхий.
Ядарсан цагдаа
Одоо олон ядарсан цагдаа тушаал биелүүлж хүн буудсан гэж байгаа. Тэгэхдээ хууль гэж зөрчиж болохгүй нэг юм баймаар. Мэдээж цэрэгжсэн байгууллага тушаал биелүүлж болно л доо. Энэ тохиолдолд ядарсан цагдаад хоёр сонголт үлдэнэ. Нэгдэх нь хууль зөрчсөн тушаалыг биелүүлэхээс татгалзах. Хоёрдахь нь уг тушаалыг биелүүлээд хэрэв буруутвал тушаал өгсөн хүн хариуцлага хүлээх. Ер нь хаа ч гэсэн ийм л зарчим үйлчилдэг.
Харамсалтай нь манай цагдаа нар бид тушаал биелүүлсэн гэх мөртлөө хэн тушаал өгснийг одоо болтол хэлэхгүй байна. Уур нь хүрсэн гэхэд хүн алтлаа уурлаж болмооргүй. Одоо бүр байчихаад дэмий тэнэж, дээрэм хийж байсан хүмүүсийг буудсан ухааны юм яриад эхэлж байна.
Бодвол манай ядарсан цагдаа мэдээж хууль хуудас гэж бараг мэдэхгүй байх шиг. Тэгвэл хэн тушаал өгснийг хэлж болох уу ? Мэдээж болно.
Ядарсан цагдаа бол мань мэттэйгээ адилхан амьтад даа. Гав, бороохой, гутал хувцас, малгайнаас эхлээд хамаг юмыг нь даварсан цагдаа нар Эрээнээс аваад ядарсан цагдаадаа шахчихна. Заримыг нь өөрөө ол гэж хэлэх ч энүүхэнд. Шидсэн чулуу, тоосгонд хага үсэрдэг бамбай, дуулгыг лав л ядарсан цагдаа биш, даварсан цагдаа нар шахсан нь мэдээжийн хэрэг.
Нөгөө талаас ядарсан цагдаа нарын үйлдлийг ядарсан, даварсан гэж хоёр хувааж болно. Нэгдэх нь үйлээ үзэж манай нийгмийн хамаг муу муухайтай ноцолдоно. Энийг л хий гэж бид тэднийг татвараараа тэжээж байдаг юм. Хоёрдахь нь даварсан цагдаагаа дуурайж хууль зөрчин, багавтар бизнес маягийн луйвар хийнэ. Хүн зодно, дээрэмдэнэ, гэмт хэргийг нуун дарна, авилга авна гэхчлэн…Энэ бол хууль бус, гэмт хэрэг юм.
Энийг олон түмэн надаас илүү мэдэх болохоор би энэ балиар зүйлийг дэлгэрүүлэн ярьмааргүй байна. Манай улсад гарч байгаа гэмт хэргийн тоо манай цагдаагийн албан ёсны статистикаас даруй 8 дахин их байдаг нь судалгаагаар нэгэнт тогтоогдсон. Энэ нь манай цагдаагийн институт гэмт хэргийг хэр зэрэг нуун дарагдуулдаг, түүнд хэр гүнзгий хутгалдсаныг хөдөлбөргүй харуулдаг.
Чухам энд чинь өнөөх хээл хахууль, гэмт хэрэг гээд хамаг муу муухай юм байдаг юм л даа. Энийг нь бодохоор манай цагдааг нэг их ядарсан гэж нэрлэх нь тийм ч оносон нэр томъёо биш ч байж магадгүй. Гэхдээ энэ удаад жирийн бага тушаалын цагдаа буюу ядарсан цагдааг ярих гээгүй юм. Энэ нь жичдээ их том сэдэв болно л доо.
Ширээн дээр нь хууль байсаар байтал би хууль биш, тушаал биелүүлнэ гээд дайраад байдаг тэнэг амьтад дүүрэн байхад цагдаа ядрахаас өөр яах юм ? Өөрийн гэсэн толгойгүй, хууль биш, тушаал биелүүлэхээр цагдаа биш, арми болчихож байгаа юм. Арми бол олон түмэнтэй бараг харьцдаггүй бол цагдаа иргэдтэй өдөр тутам харилцдаг. Энд зарчмын том ялгаа гарч ирнэ. Ингэхлээр цагдааг арми болгон хувиргасан явдал бол төрийн болон цагдаагийн удирдлагын олон жилийн хур алдааны үр дүн мөн.
Ядарсан цагдаа би төрийг хамгаалсан гэж хэлэх болтлоо тэнэгтжээ. Цагдаа төрийг биш, нийгмийн амгалан тайван байдлыг хамгаалдаг юм. Энийг л ойлгохгүй бол тэднийг бараг л өөрөө сайн дураараа ядарч байна гэж хэлж болно.
Ямар ч гэсэн ядарсан цагдаагийн цалин хангамж, ахуй нөхцлийг дээд зэргээр сайжруулж, мөн түүнтэйгээ дүйцэхүйц хяналтыг нийгмийн зүгээс ч, төрийн зүгээс ч тавих нь хамгийн шилдэг арга болно. Мөн оргүй устсан дотоод хяналт гээч зүйлийг нэн даруй сэргээх хэрэгтэй. Харин тэртэй тэргүй хэтэрсэн тэдний тоог нэмж хэрхэвч болохгүй.
Даварсан цагдаа
Би нийгмийн шилжилтийн тухай бүтээлүүд уншиж байгаад “цагдаагийн ардчилал” гэсэн нэр томъёо олоод ихэд гайхаж байж билээ. Нийгмийн шилжилтийн үед нийгэм бүхэлдээ эмх замбараагүй болж, гэмт хэрэг ихэсдэг нь зүй тогтол байдаг аж. Энэ үед төр засаг нь цагдааг хөрөнгө мөнгөөр хангаж, хяналтыг сул байлгаснаар цагдаагийн институт аливаа хяналтаас гарч эдийн засаг, улс төрд хүчтэй нөлөөлөх болтлоо хүчирхэгждэг үйл явцыг “цагдаагийн ардчилал” гэж нэрлэдэг болсон юм билээ л дээ.
Манайд энэ л болж байна. Би цагдаагийн томчуудтай ч, жирийн цагдаатай ч ярьж байхад “Та нар цагдааг яадаг юм”, “Цагдааг одоо хэн ч дийлэхгүй” гэсэн үгийг тэд олон удаа хэлдэг юм. Харин би өөдөөс нь “Цагдааг төр биш, ард түмэн татвараараа тэжээдэг, иймээс Та нар арай даварч байна” гэдэг юм.
Одоо даварсан цагдаагийн тухай яръя. Тэдний олонхийн үйлдлийг бодохоор миний дотор муухай болдог юм. Шуудхан хэлэхэд цагдаагийн удирдах албан тушаалтнуудын лавтайяа 90 гаруй хувь нь дор хаяж л жиптэй, хаустай, эхнэр хүүхэд нь машинтай, өөрөө далд бизнес буюу бизнесийн сүлжээтэй байдаг. Үүнийг цагдааг гүтгэсэн гэх зоригтой хүн гарахгүй л болов уу…
Энд би ганц хүний тухай яриагүй. Хэрэв аль нэгэн байгууллагад нэг хүн архичин бол хүнийг нь муугаар ярина, харин бараг бүгдээрээ архичин бол архичны байгууллагын тухай ярих нь лавтай. Би ийм л зарчим барьсан бөгөөд энэ нь цагдаагийн удирдлагад байгаа бүх хүнийг новш гэсэн үг биш.
Тэнд сайн, шударга хүмүүс зөндөө байдгийг би мэднэ…
Гэхдээ системийн хувьд манай цагдаагийн байгууллага үнэхээр ялзарсан даа…
Даварсан цагдаагийн боловсрол, соёл ядарсан цагдаагийнхаасаа нэг их дээрдээд байхгүй. Тэдэнд хууль бол ямар ч хамаа байхгүй, хүнээс шүүмжлэл хүлээж огт үзээгүй. Уур нь хүрсэн тохиолдолд “баривчил” гэсэн ганц л үг мэднэ.
Ер нь нийгмийг: улс төрийн, эдийн засгийн, гэмт хэргийн ертөнц гэж хуваавал даварсан цагдаа гэмт хэргийн ертөнцийг улс төр, эдийн засагтай холбох үүрэгтэй “төрсөн” юм шиг байгаа юм. Нөгөө цэргийн тангараг, офицерийн нэр хүнд гэсэн хамгийн ариун нандин юм хаашаагаа алга болчихсон юм гэж гайхмаар…
Даварсан цагдаа хийгээд улс төр
Даварсан цагдаагийн энэхүү төлөв байдал нь монголын новшийн улс төртэй шууд холбоотой. Өмч хувьчлалаар хийсэн хулгай зэлгийгээ нуухын тулд цагдааг л аргадах хэрэгтэй болсон юм. Ингээд цагдаа эдийн засагтай буюу тодруулж хэлбэл далд эдийн засагтай шууд холбогдох болсон юм. Төрийн зүгээс ч гэсэн цагдаагийн удирдлагаар тоглож байн байн сольсоор байтал цагдаагийн системийг бүрэн эвдрэлд оруулсан юм.
Төрийн дээд албан тушаалтнууд хулгай зэлгийгээ нуухын тулд өөрийн хүнээр цагдаагийн дарга тавих моод аль эрт дэлгэрсэн байдаг. Цагдаа нар ч гэсэн энэ шинэ үүргээ жигтэйхэн сайн биелүүлж эхлэв. Өөрөөр хэлбэл гэмт хэргийг нуун дарагдуулах ажлыг хийх болов. Улс төрчдийн мөн ч олон гэмт хэргийг тэд дарж чадсан даа…Энэ нь тэдэнд ач тусаа өгөх болов. Мэдээж нийгэмд биш, өөрт нь. Дараа нь өөрсдөө бизнес эрхлэх болов. Энэ үеэс л цагдаагийн дээд удирдлага даварсан цагдаа болсон юм даа…
Цагдаа бол улстөрчидтэйгээ бараг адилхан. Хоорондоо муугий нь яана. Заримдаа бүр буу шийдэм гаргахаас ч сийхгүй. Өөрөөр хэлбэл даварсан цагдаа улс төрийн бүлэглэлүүдээ дагаад олон хуваагдсан, улс төрчдөөс ч илүү бие биенээ дайсагнадаг. Ийм цагдааг удирдах бараг боломжгүй юм.
Даварсан цагдааг манай улстөрчид мэдэхийн дээдээр мэддэг юм. Тэгээд яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ гэж асуух гэж байна уу ?
Яагаад гэвэл даварсан цагдаа нар монголын бараг бүр улс төрчдийг бүлдэгдчихсэн байдаг юм. Энэ нэр томъёог би биш, даварсан цагдаа нар өөрсдөө гаргасан гэдгийг дашрамд дурдая.
Өөрөөр хэлбэл улс төрчдийн гэмт хэргийн хавтаст материалууд даварсан цагдаагийн сейфэнд байдаг юм л даа. Ингээд л хаалга хаагдаж байгаа юм.
Миний ойлгож байгаагаар 7 дугаар сарын 1-ний үйл явдлын үеэр даварсан цагдаагийн олон толгой зөрчилтэй олон шийдвэр (мөнөөх л улигт тушаал шүү дээ – Д.Г.) гаргаснаас болж ийм эмгэнэлт байдлын нэг гол нөхцлийг бүрдүүлсэн. Заримдаа ч жагсаал цуглааныг цагдаа нар зохион байгуулж байна гэж бодогдохоор олон юм болсон доо…
Одоо даварсан цагдаа нь ядарсан цагдаагаа өмнөө барьчихаад араар нь нуугдах гэж аргаа барж байна. Тэднийг нохойд барьсан мод шиг ашиглаа биз дээ. Одоо л нэг их сайн хүн болж гэнэ.
Иймээс даварсан цагдааг шинэчлэх нь улс төр, эдийн засгийн аливаа шинэчлэлээс илүү тулгамдсан асуудал гэж би үзэж байна.
Өөр олон зүйл бичмээр байвч даварсан цагдаагийн хэн нэг нь яг өөрийгөө хэлж байна гэж бодоод заргалдах, мөн улс төрчдийн зүгээс үүнийг далимдуулах аваас хариуг нь өгөхийн тулд түр азная даа…
Даварсан цагдаад даруулга хэрэгтэй, ядарсан цагдаад тусламж хэрэгтэй…
Судлаач Д.Ганхуяг
2008 оны 9 дүгээр сарын 22.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to ЯДАРСАН ХИЙГЭЭД ДАВАРСАН ЦАГДАА

  1. regzen says:

    Еэ бурхан минь үнэн гэж энэ л үнэн. Тэр даварсан цагдаа чинь бурхан минь дургүй нь хүрвэл гэмгүй хүнийг хэрэгтэн болгохдоо гаргууд. Ийм тохиолдолд үнэн = 100 тэрбум байгаад ч дийлэхгүй. Жишээ нь Дашбалбар, Дангаасүрэн, Зориг, Баасан ламын үхэл … гээд бодоход гол руу хүйт оргино…Айж байна….

  2. С. Наранбат says:

    Цагдаагаас гадна прокурор гэж бүхнийг атгадаг бас нэг мангас гарсан. Зохиомол хэрэг үүсгэж, эсвэл гарцаагүй нотлогдох хэргийг будлиантуулж, эцэстээ шүүхийн шатанд очиход шүүгч хуулинд тулгуурлаад үндэслэлтэй шийдвэр гаргая гэхээр боломжгүй болтол нь хийдэг нь прокурорууд шүү. Цагдаад чиглэл өгөх, ажиллагаанд нь хяналт тавих эрх мэдэл хуулиараа тэдэнд байдаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: