ТТЭНН-ЫН ДАРГА Г. УЯНГА: УЛС ТӨРИЙН ШИНЭ, ТЭРГҮҮЛЭХ ХҮЧНИЙ ЗОРИЛТУУД.

ТТЭНН—ын Ээлжит бус Их хурал дээр намын дарга Г.Уянгын хэлсэн үгийг хүргэж байна.

Элэг нэгт монголчууд аа! Журмын олон нөхөд өө !
Монгол орон түүхийнхээ эргэлтийн нэгэн мөчлөгт тулж ирээд байна. Энэ түүхийг хааш эргүүлэх нь та биднээс шалтгаалах болоод байна. Коммунизмд хөтлөгдөж савласан 70 жил, либерализмыг дагаж далийсан гучаад жил буюу нэгэн зууны дараа монгол үндэстэн өөрийгөө олж чадах эсэх түүхийн энэ сонирхолтой, эгзэгтэй мөчлөгт та бид амьдарч байна. 72 хоногийн дараа болох сонгууль энэ асуултад хариулт, шийдэл өгөх томоохон алхам болно.
26 жилийн бүрхэг манант үеийг дуусгавар болгохыг хэн бүхэн хүсч байна. Харин Монголын түүхийн энэ мөчлөгт дүн шинжилгээ өгч, өөрчлөх ёстой хэмээн идэвхтэй дуугарч байгаа хүмүүс нь хариуцлагатай хандаж, ард иргэддээ сонголт бий болгож өгөхгүй бол үүнийг яаж эцэс болгох билээ дээ. Яг энэ мөчид л иргэдээ сонголтгүй орхивол түүхийн хариуцлага бас бидэнд оногдох нь гарцаагүй. Ийм сонголтыг бий болгохын төлөө Тусгаар тогтнол эв нэгдлийн нам шинээр эмхлэн зохион байгуулагдаж байна.
Бидний эвлэлдэн нэгдэх, нягтрах боломжийг эрх баригчид бүхий л талаар хаан боож, хавчин хяхаж байгаа боловч чин хүсэл, сэтгэл санаагаараа нийлсэн бидний нөхөд бараг цорын ганц зөв байж болох гарцыг сонгоод байна. Энэ бол өнөө цагийн ард түмний эрэл хайгуул, дуудлагад хариулт өгч, Монголын ард түмний итгэл найдварыг биелүүлэх чадвартай, тийм түүхэн үүрэгтэй улс төрийн цоо шинэ тэргүүлэх хүчнийг ТТЭНН-д тулгуурлан байгуулах үйлсийг эхлүүлж байна.
Өнөөдөр Та бид улс үндэснийхээ нийтлэг эрх ашгийг ухамсарлан, шинэ цаг үеийн хандлага хийгээд жам ёсонд нийцсэн үзэл санаанд тулгуурлан Монгол үндэстний оршихуйн шинэ замыг тодорхойлж, Монгол Улсаа хөгжүүлэн бадруулах түүхэн, эрхэм үйлсийн тугийн дор нэгдэж байна.
Монголын нэн шинэ түүхэнд Та бид анх удаа улс төрийн гуравдахь хүчин биш, харин цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадах, Монгол үндэстний өнөө болон хойч үеийнхний өмнө хариуцлага хүлээх чадвартай улс төрийн ТЭРГҮҮЛЭХ ХҮЧНИЙГ зарлаж байна.

Өнөөдөр Монгол Улсад Үндсэн Хуулийн суурь зарчим алдагдсан, парламент, засаг төр нэрийн төдий болсон, засгийн эрх хэт цөөнхийн мэдэлд бүрэн орсон, улс төрийн намуудын задрал эхэлсэн, төрийн болон нийгмийн удирдлага бүрмөсөн алдагдсан, үндэсний аюулгүй байдал алдарсан, оюун санаа, ёс суртахууны доройтол, хоосролд орсон, нийгэм нэгжиж, хувь хүн дээд зэргийн бэртэгчин боллоо. Энэ нь ужгирсан системийн хямрал үргэлжилсээр систем бүрэн задралдаа хүрч нийгэм өөрчлөгдөхөөс өөр ямар ч гарцгүй нөхцөл байдалд тулж ирснийг харуулж байна.
Үүнийг монголчууд бүгд амьдралаараа туулж амсаж байгаа учраас дэлгэрэнгүй ярих шаардлагагүй. Харин Монгол Улсыг арчаагүй, үхээнц байдалд оруулсан суурь шалтгааныг үндсээр нь шинжилж, түүнд үндэслэн МОНГОЛ УЛСАА ҮНДЭСНИЙ БОЛОН ЭДИЙН ЗАСАГ-НИЙГМИЙН ХЯМРАЛААС ГАРГАХ ЭРХЭМ ҮҮРЭГ БҮХИЙ УЛС ТӨРИЙН ТЭРГҮҮЛЭХ ХҮЧНИЙ ЗОРИЛГО, ЗОРИЛТ, АРГА ЗАМЫН ТУХАЙ ЯРИХ БОЛНО.
Шинэ цагийн дуудлага хийгээд бидний мөрөөдөл, эрхэм зорилго бол:
Эх нутгаа төв, баруун, зүүн гар гэж хуваадаг Монгол төрийн эртний, шалгарсан уламжлалын дагуу Улаанбаатар-Дархан-Эрдэнэт гол төвийн зэрэгцээ баруун зүүн хоёр талдаа хөгжил татах, тэнцвэртэй, хүчирхэг хоёр төвтэй; тэднийгээ зам харилцаа, дэд бүтцээр холбосон; аж үйлдвэр, хөдөө аж ахуйд тулгуурласан;зохиролт, найралт нийгэм бүхий, олон улсын болон бүс нутгийн хөдөлмөрийн хуваарьт зохих байр сууриа эзэлсэн, бие даасан, хүчирхэг, хүн амьдрахад таатай, олон улсад нэр хүндтэй, ирээдүй рүү тэмүүлсэн, Монгол үндэстнээ дээдэлсэн, Монгол хүн бүрийг хамгаалсан улс гэрийг шинээр цогцлоон байгуулах явдал мөн юм.

Энэ зорилгоо хэрэгжүүлэхийн тулд гурван үндсэн зорилтыг дэвшүүлж байна.
1. МАНАН дэглэмийг халах ёстой
Энэ бүх доройтлын суурь бөгөөд үндсэн шалтгаан нь сүүлийн 26 жил халаагүй, хуваарьгүй, амь бөхтэй ноёрхсоор ирсэн улс төрийн МАНАН дэглэм юм. Өнөөдөр МАНАН дэглэм ялзрал, задрал, мухардалд орж, нийгмийн хөгжил дэвшилд саад тотгор учруулагч гол хүчин, ирээдүйн сайн сайхныг сорон живүүлэгч хорт намаг, балчиг болон хувираад байна.
МАНАН дэглэм гэдэгт улс төр, бизнесийн явцуу эрх ашгаараа нэгдсэн эрх баригч АН, МАН болон тэдгээртэй угсаа гарвал нэгтэй, МАНАНг эсэргүүцэгч биш, тэжээгч нэгж байсаар ирсэн салбар намуудын тогтолцоог хэлж байна. МАНАН дэглэм бол хэрэг дээрээ АН, МАН хоёрын дээд эрх мэдлийг халаагүй, хуваарьгүй атгасан цөөн хүн, тэдний гэр бүл, улс төр, бизнесийн хязгаарлагдмал явцуу бүлэглэлийн бусармаг ноёрхол, дарангуйлал юм.
МАНАН дэглэм улс-нийгмийн баялгийг хулгайлж, завшиж, дээрэмдэх, луйвардах шилдэг зэвсэг, авилгын нэгдмэл сүлжээ болон хувирч, түүнийгээ ердийн хэм хэмжээ болтол хөгжүүлж чадлаа. Ингэснээр Монгол Улсад ардчилал биш, харин хэт цөөнхийн үл цадах шунаг хүслийг хангагч дэглэм тогтоод байна. Тэдний оршин амьдрах арга нь үндэстний баялгийг завших, ард түмнийг хууран мэхлэх.
Гэвч энэ дэглэмд 20 гаруй жил хууртагдаж ирсэн Монголын ард түмэн өнөөдөр “Үгүй” гэж хэлж байна. Улс төрийн эрүүл бус, гаж, бурангуй энэ дэглэм авилгад идэгдэж, “чөтгөрийн тойрог”-т орсон учраас удах тусмаа Монгол үндэстнийг үгүйрэл, сүйрлийн зам руу хөтөлж байна.
Өнөөдөр нийгмийн шударга ёс бүрэн алдарч, МАНАН-тай холбоогүй л бол хэн ч байсан ажил хөдөлмөр эрхэлж, бүтээл туурвиж, шударгаар бизнес эрхлэх боломж шавхагдаж дууссан байна. МАНАН-тай холбогдсон л бол гадаадын иргэд Монгол улсад Монголчуудаас илүү эрхтэй, дураар аашилдаг болжээ. Тэд татвараас зугатаж, гэмт хэргээс өршөөгдөж, ашигт малтмалыг тонон дээрэмдэж, байгаль орчныг сүйтгэн бусниулж байна.
Монголын ард түмэн нийгмийн баялгаас мэдлэг чадвар, хөдөлмөр, оролцоогоороо хүртэх боломж хаагдаж, харин улс төр, бизнесийн явцуу бүлэглэл, авилгын сүлжээний аалзны тороор дамжин гадныхантай хуйвалдсан цөөнхөд очдог шударга бус тогтолцоо бий болсон. Энэ л тогтолцоогоор дамжин төрөөс тэрбумтнууд төрж, иргэд ядуурч, баян хоосны ялгаа туйлдаа хүрсэн. Нэг тэрбумтны золионд мянга мянган иргэд, хүүхэд, хөгшид хоосорч, хохирч байна. Энэ гаж тогтолцоо улс орны хөгжлийн ирээдүйг бүрхэгдүүлж, монголчуудын өөртөө болон төрдөө итгэх итгэлийг унтрааж, нээлттэй, хатуу ширүүн өрсөлдөөнтэй дэлхий ертөнцөд Монгол үндэстэн нэгдэн нягтарч, оршин амьдрах дархлааг сулруулсаар байна.
Монгол нутаг ямар ч их баялагтай, Монгол хүн ямар ч их эрдэм чадвар, идэвхи зүтгэлтэй байлаа гээд МАНАН тогтолцооны хуваарьгүй ноёрхлын нөхцөлд нийгмийн хөгжил дэвшилд хүрч чадахгүй нь эдүгээ нэгэнт тодорхой байна. Бид ийм арчаагүй, үхээнц, царцанги байдалтай эвлэрэхийг хүсэхгүй байна. Улс орноо бурангуй тогтолцооны золиос болгож, эцэс төгсгөлгүй бууран доройтохыг нь хараад суух биш сөрөөд зогсоох ёстой. Чухам манай үеийнхэн энэ үүрэг хариуцлагыг өөртөө хүлээж авах ёстой.
Чухам ийм учраас бид олон жил халаагүй, хуваарьгүй ноёрхсон МАНАН хэмээх нэг намт, гэмт хэрэгжсэн, бурангуй, дарангуй дэглэмийг ардчилсан, хууль ёсны арга замаар халан өөрчлөхийг манай нам, манай эвслийн тэргүүн ээлжийн зорилт болгон тунхаглаж байна.
2. Шударга бөгөөд хүчирхэг төр байгуулахын учир
Бид үнэндээ төргүй 26 жилийг үдэж байна. Иргэд төрөөс нэхдэг, шаарддаг зүйлээ нэхэж шаардсаар, тэр нь бүтэхгүй болохоор эхэндээ гайхаж, тэгээд бухимдаж, харин одоо үзэн яддаг болов. Төрийн сүлдэндээ залбирч, хүндэлдэг Монголчуудын итгэл бухимдал цөхрөлөөр солигдож төрийн түшээдийг бүх нийтээрээ хараан зүхэх боллоо. МАНАН дэглэм бол хэзээ ч Монголын төр байгаагүй, харин хонины арьс нөмөрсөн чоно лугаа адил төрийн дээр сандайлсан луйврын бүлэглэл байсан хатуу үнэнийг манай иргэд сая ойлгож байна. Бид төрөө энэ дэглэмээс аврах үүрэгтэй боллоо.
Бүх төрлийн судалгааны дунджаар тооцоход АН, МАН нийлээд ч хүн амын гуравны нэгийн дэмжлэгийг хүлээж чадахгүй болжээ. Энэ бол “МАНАН” дэглэмд өгч буй ард түмний бодит үнэлгээ, эсэргүүцэл мөн. Энэ бол МАНАН дэглэм доройтлын туйлдаа хүрч нуран унаж байгаагийн хөдөлбөргүй баталгаа бөгөөд МАНАН хэмээх бурангуй, дарангуй дэглэмийг халан өөрчлөх цаг эргэлт буцалтгүй болсны шинж мөн.
Монголын ард түмэн бараг бүх нийтээрээ дургүйцэж, шүүмжилж, жигшиж, үзэн ядах болтол улс орноо хямрал, доройтолд оруулсан “МАНАН” дэглэмийг эвдэх, түүний оронд шинэ шударга тогтолцоо бүтээх түүхэн зорилт бидэнд, сонгогч олонд тулгарч байна. Энэ бол Монголын ард түмний итгэл найдвар юм.
Чухам ийм учраас бид Мөрийн хөтөлбөрөө “Ард түмний итгэл найдвар” гэж нэрлэх саналтай байна.
Монгол үндэстний эрх ашигт нийцсэн, бүх ард түмний хүсэл эрмэлзэл, идэвхи, оролцоонд тулгуурласан, шударга бөгөөд хүчирхэг, нэгдмэл бөгөөд үр ашигтай, зохиролт (гармоник)бөгөөд шударга улс төр-нийгмийн систем шинээр бүрдүүлэх нь бидний удаах зорилт болж байна.

Бид шударга, хүчирхэг, үндэстний шинэ төр, нийгэм тогтооно! Бид хуурамч, нэр төдий ардчиллыг бодит ардчиллаар халж солино! Бид Монголын хамтын үйлсийн төлөө монголчуудтайгаа хамтаараа тэмцэж ялалтад хүрнэ! Бид чадах ёстой!
МАНАН дэглэмийн хур алдаа гажуудлыг засч, монгол үндэсний онцлогийг харгалзсан, жинхэнэ, бодат ардчилал тогтоох замаар эдийн засаг, нийгэм, оюун санааны амьдралыг цоо шинээр бүтээхээс өөр сонголт Монголчууд бидэнд үлдсэнгүй.
Дэлхий дахины түүхээс үзэхэд аль ч ард түмэн төрөө хатуу чанга байна гэж шүүмжилдэггүй, харин сул дорой, шийдвэр гаргаж чаддаггүй, ард түмнээ алагчилдаг, авилгалд идэгдсэн, үхээнц, арчаагүй төрийг л шүүмжилж, түүнийг халж сольдог.
Эмх цэгц, дэг журам, сахилга баттай, дээд зэргийн зохион байгуулалттай хүчирхэг төр л өнөөгийн хөл толгойгоо алдсан эмх замбараагүйдлийг зогсоон хазаарлаж, Монгол үндэстнийг хөгжил, дэвшил рүү хөтөлж чадна. Монголчууд эмх цэгцтэй зохион байгуулалттай байж чадвал дэлхийд өрсөлдөж чадна. Дахин хэлье, бидэнд эмх цэгц, зохион байгуулалт, сахилга бат, үүнийг хэрэгжүүлж чадах чанд хатуу төр яг одоо хэрэгтэй байна!
3. Улс төрийн тэргүүлэх хүчнийг үндэслэхийн учир
Монгол орныг, Монгол үндэстнийг улс төр, нийгмийн ноцтой хямралд хүргэсэн, мөхөөж чадах аюултай өнөөгийн дэглэмийг зөвхөн улс төрийн шинэ, дэвшилтэт тэргүүлэх хүчин өөрчилж чадна. МАНАН Монголд улстөрийн шинэ хүчин төрүүлэхгүйн тулд, Монголын ард түмнийг нэгдэн нягтруулахгүйн тулд бололцоотой бүхнээ хийж байна. Сонгуулийн шинэ хуульд ойр ойрхон хийж буй өөрчлөлтүүд, хуульд туссан олон төрлийн хаалт, хориг, гох дэгээнээс үүнийг тод томруун харж болно. Бидний зохион байгуулалт удаж, саатсаны учир зөвхөн энэ юм.
Гэсэн хэдий ч бид бараг цорын ганц зөв шийдэл гаргаж, Тусгаар Тогтнол, Эв Нэгдлийн Намын суурин дээр улс төрийн шинэ, тэргүүлэх хүчний гол цөмийг ахар богино хугацаанд бүрдүүлж чадлаа. Улстөрийн туйлын хүнд нөхцөлд хувь хүний хувьд ч амаргүй эрс алхам хийж гаргасан энэ шийдвэр чамлахааргүй амжилтын эхлэл болж чадсан гэж би үзэж байна. ТТЭНН-аар зарчмын хувьд цоо шинэ “Улс төрийн эвслийн” суурийг тавьсан нь дараагийн том алхам юм.
Өмнө нь Эвсэл байгуулах олон оролдлого гарч байсныг та бид мэднэ. Гэвч энэ нь яаруу сандруу бэлтгэж, механик байдлаар нэгдсэн, зөвхөн бялуу хуваах зарчмаар ажилладаг, МАНАН-д ямар ч дархлаагүй, МАНАНг эсэргүүцэх чадваргүй, харин ч түүний эвдэн бусниулах хорт үйлдэлд өртөмтгий, автамтгай, сул дорой, эрээвэр хураавар намуудын эвсэл байсан учраас цаг үеийн сорилтыг давж чадахгүй тухай бүр задарч байв.
Бид энэ удаад үндэсний ардчилсан үзэл санаанд тулгуурласан, эрин цагийн дуудлагад хариу өгөх чадвартай, улс үндэстний эрх ашгийг дээдэлсэн шинэ дэвшилтэт хүмүүсийг нэгтгэж ЗӨВ ХҮМҮҮСИЙН ЭВСЛИЙГ бий болгохыг гол зорилгоо болгосон юм. Энэ бол улс төрийн практикийн хувьд ч, оюун сэтгэлгээний хувьд ч шинэ зарчим, шинэ алхам билээ. Монгол хүн л Монголыг өөрчилнө.
Монгол орны эдийн засаг, нийгэм, оюун санаа, улс төрийн бүх хүрээг иж бүрэн уялдуулсан, алсыг харж нэгэн зорилгод зангидсан, зорилго чиглэлтэй, системтэй Үндэсний бодлого хэрэгжүүлэх замаар Монголын төр, нийгмийг өнөөгийн сүйрэлт хямралаас гаргаж, хөгжин дэвжээх эрхэм үүрэг бүхий улс төрийн тэргүүлэх хүчнийг ийнхүү бүрдүүлэхээ бид гурав дахь үндсэн зорилтоо гэж үзэж байна.
ТТЭНН Монголд бүртгэлтэй 24 намтай уралдаанд орохгүй. Бид дотоод уралдаан, дотоод зодоондоо хүчээ барж тамирдсан 26 жилийг ардаа үдлээ. Одоо хангалттай. Бид задрал хуваагдлыг биш нэгдэл, эвлэрлийг бий болгоно. Ард түмэн үүнийг хүсч байна. Бид ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг дагах ёстой. Бид ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлэх ёстой. Хүн, намд биш ХҮН ХҮНДЭЭ ИТГЭХ ЁСТОЙ. Үүнийг хийж чадвал бид улс төрийн тэргүүлэх хүчин болж чадна. Бид намуудыг биш улс орныхоо ирээдүй хойчид санаа зовдог, эх оронч, улс үндсээ гэсэн сэтгэлтэй ХҮМҮҮСИЙГ бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Намуудыг биш ХҮМҮҮС-ийг, аль ч намд үй олноороо байгаа шударга эх орончдыг бидэнтэй нэгдэхийг уриалж байна. Монгол бол намуудын орон биш хүмүүсийн орон шүү дээ. Бидэнтэй МАН-аас ч, АН-аас ч шударга эх оронч хүмүүс нэгдэх саналтай байгаа, тэр хүмүүсийг талархан хүндэтгэн хүлээн авч байна. Хуйвалдагч цөөнхийн гарт байгаа МАНАН дэглэмийг эсэргүүцэн хаяж гарах нь тэднийг сулруулах хамгийн эхний бодтой гавъяатай үйлдэл мөн. Яс үндэс, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, нийгмийн байдал харгалзахгүй гагцхүү “Эх орныхоо тусгаар тогтнол, үнэт зүйлсийн төлөө эвлэлдэн нэгдэх” ХҮМҮҮС бидэнд ирээд байна. МАНАН-гийн мөнгөний босгонд бүдчиж байгаа ХҮМҮҮС-ийг авъяас билэг, идэвх оролцоогоо эх орондоо зориулах боломжийг бид нээн өгч чадна. Бид нэг л эх орон, нэг л тусгаар тогтнолтой, түүнийгээ тойрон нэгдэж, эвийн хүчээр бурангуй дэглэмээс салах цаг ирж байна. Ард түмэн хэн нь хэн бэ гэдгийг мэдэж байгаа, бид ард түмний тогтоосон тэр л шалгуураар шүүж хүмүүсийг хүлээн авч байна.
Хэрэв Та бүхэн нэгдвэл бид намаа өргөтгөж “Нэгдмэл Монгол” эвслийг зохион байгуулахад бэлэн байна. Үүнийг үүсгэн байгуулсан бидний нөхөд өнөөдөр цөөвтөр, хөрөнгө мөнгө, хүн хүчний нөөц МАНАН-тай харьцуулахад бага боловч асар удахгүй биднийг Монголын ард түмэн тойрон хүрээлж, уухайлан дэмжих болно. Учир нь үнэн ба зөв, шударга ба ёс суртахуун, монгол үндэстний язгуур эрх ашиг хийгээд хүсэл эрмэлзэл, хамгийн гол нь ирж яваа цаг бидний талд байна.
Гэвч бид чанд хатуу сахилга бат, нэгдмэл зохион байгуулалттайгаар л үүнийг хийж чадна гэдгийг чандлан ухамсарлах хэрэгтэй. МАНАН дэглэм мөнгө болон төрийн албан тушаалаар сүлжилдсэн бөх бат бүтэц. Улс төрийн өрсөлдөгч хүчний хүчирхэг армийн өөдөөс сул дорой зохион байгуулалтай, тархай бутархай хүчийг сөргүүлэн тавих шиг алдаа байхгүй. Ингэвэл бид тэднийг ялах нь байтугай, өөрсдөө задран сарних нь гарцаагүй. Биднээс өмнөх улс төрийн шинэ хүчнүүдийн бараг цорын ганц алдаа үүнд байсан.
Чухам ийм учраас манай Эвсэл сонгууль өнгөртөл, улмаар Үндсэн Хуулийг өөрчилж, улс төрийн шинэ тогтолцооны эх суурийг тавих хүртэл хатуу чанд сахилга баттай, төвлөрсөн удирдлагатай, МАНАН-гаас хавьгүй илүү эмх цэгц, зохион байгуулалттай хүчин байх ёстой гэж би үзэж байна. Улс орноо ямар болгохыг хүсч байна, тэр эмх цэгц, зохион байгуулалт, сахилга батаа намдаа бий болгож чадах ёстой.
Цөөн боловч зохион байгуулалт сайтай, үзэл санаагаар нэгдсэн арми олон хүнтэй хөлсний армийг бут ниргэж чадна. Ийм түүхээр хүн төрөлхтөн бахархсаар ирсэн, бид бас нэгэн бахархлыг бий болгох ёстой. Тиймээс зөвхөн зөв зорилгод чиглэсэн, үүргээ ухамсарласан хатуу чанд сахилга, дээд зэргийн зохион байгуулалт л бидний амжилтын баталгаа мөн. Иймээс бидний цаашдын үйл ажиллагаа, зохион байгуулалтын бүхий л хэлбэр зөвхөн энэ зарчимд үндэслэн явагдах ёстой гэж би үзэж байна.
Хавар цаг ирж байна, хуучин бүхэн халагдан хагдарч байна. Хаврын хахир шуурга шиг, борооны өмнөх шороо шиг хуй салхи дэгдэж улстөр бужигнан байна. Удахгүй хур орж байгаль дэлхий цэлмэн цэлийнэ. Муу цагийн төгсгөл сайн цагийн эхэн ирж байна. хахир нийгмийн биеэрээ туршиж, амьдралаараа төлөөсийг нь төлсөн миний ард түмэн сэрж байна. та бүхэн минь сэр, өндий. Бүгдээрээ энэ 26 жилийг хар дарсан зүүд байж гэж бодъё. Өнөөдрийн гутрал зовлонгоос илүү ирээдүй урд байна. Биднийг үр хүүхдийн минь гэмгүй тунгалаг харц бүлтэгнэн ширтэж байна. Бүх зүйл одоо биднээс л шалтгаална.
Энэ бүхний төлөө биеийн амрыг огоорон амаргүй тэмцэл рүү ханцуй шамлан орлоо. 26 жил биежин бүрэлдсэн МАНАН-мангасын урдаас мөнгөгүй, гар хоосон, сэтгэл зүрх, зүрх зоригоос өөр зүйлгүй алхлаа. Гэхдээ тэдэнд байхгүй нэг л зүйл бидэнд бий. Тэр бол ард түмэн. Ядарсан, зовсон, цөхөрсөн, Талын Монголын ард түмний итгэл, сэтгэл. Гагц энэ л байхад бид бүхнийг өөрчилнө. Өөр юу ч хэрэггүй.
Бид сорилттой тулгарна. Эрх мэдэл, мөнгөний хэлхээ холбоо сүлжилдэн гагнагдсан хүчин биднийг дараагийн ээлжинд барьж идэхээр анаж отож байгааг мартаж болохгүй. Ямархан гүтгэлэг тарааж түмний оюун сэтгэхүйгээр наадаж, биднийг хэрхэн гутаан доромжлохыг таашгүй. Гэвч энэ суман мөндөр дундуур бид туучин гарах л болно.
Бид “Алагдаж болно, ялагдаж болохгүй” гэсэн өвгөдийн хатуу сургаалийг тангараг болгож, эх орноо тайван замаар өөрчлөн шинэчлэх ард түмний хүсэл эрмэлзлийг биелүүлэх их үйлсийг эхлүүлж байна.
Эх оронд маань урин хавар ирж, тал нутаг, байгаль дэлхий маань сэрж, сэргэж байна. Бид ТАЛ НУТГАА СЭРЭЭН босгож, сэргээн хөгжүүлэх болно.
ТАЛ НУТАГ МИНЬ, ТАЛЫН АРД ТҮМЭН МИНЬ СЭРЭГТҮН. БИДЭНТЭЙ НЭГДЭГТҮН.
2016 оны 5 дугаар сарын 18.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

5 Responses to ТТЭНН-ЫН ДАРГА Г. УЯНГА: УЛС ТӨРИЙН ШИНЭ, ТЭРГҮҮЛЭХ ХҮЧНИЙ ЗОРИЛТУУД.

  1. Ganaa says:

    4-р сарын 18 бөлгөө.

  2. С. Наранбат says:

    Очъё. Нэгдэе. Новширч суусаар залхлаа. Эрх мэдэл авсан энэ хулгайчуудад дээрэлхүүлээд ямар олон жилиййн амьдралаа алдчихав даа. Бид өөрсдөө тэмцэхгүйгээр, санаачилж дуугардаг нэгнийгээ дэмжихгүйгээр хүн шиг амьдрах боломж шавхагдаж дуусчээ гэдгээ ойлгосон. Наад новшийн хэдхэн гэр бүл чинь яс юман дээр хамгийн арчаагүй хулгайч нар. Хулгайлсан мөнгөөрөө хөлслөх гээд ч одоо хөлснийхөн нь байгаа.

  3. С. Наранбат says:

    цөөрсөн, ховордсон

  4. Наба says:

    Илээр дэмжихээс хүртэл айж байна шүү одоо. Чимээгүй байж байгаад сонгоно доо.

  5. Ug says:

    Naanaa ingezh kharagdazh baigaa met bolov ch, tsaad uchir shaltgaan ni ikh uur shuu dee.TTENN bol shatryn urug deerkh unchin khuu l tudii yum. Zhinkhen unen zuil ni ene khorvoogiin bukhii l zuil uurchlugduzh baigaad khergiin uchir orshino. Davshgui khuchin zuiliin umnu khumuun gegch bol toos tudii zuil. Noirnoosoo sertsgee. Sergeg seruun baitsgaa. Ungurch bui much bukhen une tsenetei tiim tsag shuu.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: