МОНГОЛ ОФФШОРЫН ТҮҮХЭЭС

Өнөөдөр бүгдээрээ оффшор гэж яриад жигтэйхэн. Энэ нь ч зөв байх. Гэхдээ энэ явдал саяхан эхэлсэн биш, харин нэлээд эртнээс эхтэй юм. Ярьж буй асуудлынхаа “түүхийг” мэдэхгүйгээр үнэн зөв дүгнэлт хийх боломжгүй. Иймээс монгол оффшорын түүхээс товч өгүүлье…

Артур Андерсон явдал
“Arthur Andersen” бол 1913 онд Чикаго хотноо байгуулагдсан аудитын үйлчилгээ явуулдаг АНУ-ын компани юм. 2002 онд жилийн 9,3 млрд доллар эргэлдүүлдэг, 85 мянган ажилтантай аварга компани байсан юм. Тухайн үедээ буюу 2002 онд “Arthur Andersen” аудитаар дэлхийн хамгийн том 5 компанийн нэг болон томорч байв. Гэтэл 2001 оны 12 дугаар сараас эхлэн аварга том “Enron” компани дампуурсантай холбогдож эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтад оржээ.
90 жилийн түүхтэй, дэлхийн 84 оронд үйл ажиллагаа явуулдаг “Arthur Andersen” яахаараа эрүүгийн хэрэгт холбогддог байна ? Дөнгөж саяхан нэр төр нь халдашгүй цэвэр ариун гэгдэж гялалзаж байсан компани яахаараа дампуурдаг байна ?
2002 онд болсон америкийн аварга том “Enron” компанийн дампуурал дэлхийн түүхэнд хамгийн том санхүүгийн залилангийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Яасан гэхээр “Enron” хөрөнгө оруулагчдыг төөрөлдүүлсэн санхүүгийн хуурамч тайлан олон жилийн турш гаргаж ирсэнд оршино. Энэ луйвар нь илэрч түүнийг мөрдөн шалгах явцад компанийн дэд ерөнхийлөгч Клиффорд Бакстер амиа хорложээ. Мөрдөн шалгах явцад “Enron” янз бүрийн санхүүгийн болон оффшор бүдүүвч (схем) ашиглаж байсан нь илэрчээ. “Enron” ихэвчлэн оффшор бүсүүдэд байх асар олон хуурамч хуулийн этгээд буюу оффшор компани байгуулж залилан хийдэг байсан нь тодорхой болов. Ухаандаа Кайманы арлуудад байх хуулийн этгээдийн ганцхан хаяг дээр 692 охин компани байгуулах бүдүүн зүрх “Enron” гаргасан байна. Их нарийн заль мэх хэрэглэсэн мэт боловч “Enron”-ын луйвар их энгийн байжээ. Нэг талаас, хуурамч охин компаниудаар дамжуулан цахилгаан эрчим хүчний өөрийн өртөг болон худалдах үнийг хөөрөгдөнө, нөгөө талд нь алдагдлаа нуух гэсэн компаниуд болон өөрийн өр алдагдлыг оффшорт нууж цайруулна. Өөрөөр хэлбэл “Enron” орлогоо нуух луйврыг ч, алдагдлаа нуух луйврыг ч зэрэг ашиглаж байжээ. Аль аль нь санхүүгийн гэмт хэрэг юм.
АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс “Enron”-ын хэргийг мөрдөн шалгах явцад түүний аудитыг олон жил хийж ирсэн “Arthur Andersen”-ыг хамт шалгасан юм. Асуудал цааш өргөжиж WorldCom, Qwest Communications, Merck, Global Crossing болон ”Baptist Foundation of Arizona” шашны буяны байгууллага хүртэл холбогдсон юм. Ингээд мөрдөн шалгах явцад “Enron”-ын луйвар залиланг сайн мэдэж байсан хэрнээ “Arthur Andersen” олон жил нуун дарагдуулж хуурамч аудит хийж ирсэн байжээ. Түүгээр ч үл барам “Enron”-ын хэрэг эхэлмэгц “Arthur Andersen” санхүүгийн асар их баримтыг устгаж амжсан байна. Иймээс 2002 онд АНУ-ын шүүх “Arthur Andersen”-ны үйл ажиллагааг зогсоожээ.
“Enron”-ын улс төр
“Enron” зөвхөн америкийн эрчим хүчийг захираад зогсоогүй, Европын дөрөвний нэгийг хянаж, Энэтхэг, Кувейт, Аргентин, Панам, Филиппин зэрэг нийтдээ 40 гаруй оронд ажиллаж, хөрөнгөжилт нь 80 миллиард доллар болж байв.
“Enron”-ын ийм их амжилтын нууц нь тэрээр америкийн улс төрийн элитийн бүх талын дэмжлэгийг хүлээж байсанд оршино. 2000 оны сонгуулиар “Enron” концерн бүгд найрамдах намын томоохон хандивлагч болж, Бушийн багийн ялалтад 1,7 миллиард доллар зарцуулжээ. “Enron” корпорацийн ерөнхийлөгч Кеннет Лей-г Ерөнхийлөгч Бушийн хувийн найз гэж үздэг байв. Бушийг Ерөнхийлөгч болоход “Enron”-ны олон арван ажилтан Цагаан Ордон, Засгийн Газарт тэр дороо төлөөлөн орж, түүний дотор Холбооны Эрчим хүчний Комиссийн дарга хүртэл болсон ба Бушийн захиргаанаас дор хаяж 35 хүн “Enron” концерний хувь нийлүүлэгч байлаа.
“Enron”-ын удирдлага эрх баригчидтай ойр дотно байдгаа ашиглан олон жилийн турш бүрэн хяналтгүй болж санхүүгийн луйвар хийж байжээ. Ингэснээр “Enron” бүх алдагдлаа оффшор руу хаядаг санхүү-улс төрийн боломж бий болжээ. Үүний дүнд “Enron”-ын санхүүгийн үзүүлэлт бэхжиж, хувьцаа үнэд орж, менежмент нь олон саяын бонустай болсон юм.
Улс төрийн төрийн дэмжлэгээ ашиглан эхэн үедээ цэцэглэн хөгжиж байсан “Enron” татвар төлж байгаагүй юм. Албан ёсны тайланг нь үзвэл корпораци туж алдагдалтай, тэр ч байтугай жил тутам улсын сангаас татварын хөнгөлөлт эдэлж байжээ.
Энэ явдал 2001 онд “Enron” дампуурлаа хүлээн зөвшөөрснөөр дууссан ба харин эрх баригч дээдэс хувьцаагаа яаран “хаяж” амжсан юм. Хэд хэдэн захирлыг нь луйвар хийхээс авахуулаад мөнгө угаасан хүртэлх “хар мянган” гэмт хэргээр торны цаана илгээв.
Тэд Засгийн Газраас тусламж эрсэн боловч Буш хуучин найзуудаасаа болгоомжтойгоор зайлж, дээрээс нь “Enron”-ны ашиг сонирхлыг хэт илэрхий лоббиддог Хууль зүйн яамны сайдаа халав. Ингээд “Enron” хийгээд “Arthur Andersen”-ын адал явдал “дууссан” ба “дэлхийн хамгийн том луйвар” гэсэн тодотголтой үлджээ.
Цагаан Ордонд ирэхээсээ өмнө Дэд Ерөнхийлөгч Дик Чейни “Хэлибуртон” корпорацийг толгойлж байсан ба энэхүү “Хэлибуртон” нь “Энрон”-ын нэгэн адил бүгд найрамдахчуудын томоохон санхүүжүүлэгчдийн нэг байсан. “Хэлибуртон” Иракийн дайны дараа иракийн нефтийн салбарыг сэргээн босгох, Умм-Касрын боомтын 12 миллиард долларын гэрээг олж авсан билээ. Энэ үед иракийн аж үйлдвэр, дэд бүтцийг сэргээн босгох хамгийн ашигтай гэрээнүүдийн ихэнхийг худалдаа, үнэ хаялцуулалгүй томчуудад “зүгээр” л тараан өгсөн байдаг.
“Arthur Andersen”-ын Монгол хаялга
Зарим хүн Америкт болсон явдал, дампуурал Монголд ямар хамаа байна ? гэж солиорох нь мэдээж хэрэг. Хамаатай, хамгийн их хамаатай…
Учир нь Монголын улс төрийн удирдагчид Жорж Бушийн засаг захиргаатай “ах дүү” болсон зурвас үеийн өмнөхөн “Enron” болон “Arthur Andersen” Монголд орж ирсэн юм. Хамгийн эхэнд “Arthur Andersen” Монголын банкуудад аудит хийдэг ажилтай болов. Энэ буухиаг “Голомт” банк эхлүүлсэн бөгөөд 1998 онд “Монголд анх удаа хөндлөнгийн аудит хийлгэсэн” гэх “яруу алдрыг” хүртэв.
Ер нь ингэхэд монголчууд банкинд аудит хийдэг байгууллагуудыг ор тас мэдэхгүй, тэр тухай ямар ч төсөөлөл байхгүй. Ийм усан тэнэг болохоор нь банк болон аудитын компаниуд дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэг юм. Ухаандаа манайхан Монгол Улсад 1999 оноос үйл ажиллагаагаа эхэлж, 2001 онд “Эрнст энд Янг монголия аудит” ХХК гэж бүртгүүлээд 2013 оноос EY (И-Уай) нэрээ өөрчилсөн Эрнст Энд Янг аудитын компанийн тухай ор тас мэдэхгүй. Энэ компани Монгол банкинд хүртэл аудит хийдэг юм.
Гол асуудал юунд байдаг гэхээр банкны луйвар дээрмийг илчлэх гэсэн аливаа оролдлогын эсрэг бид “дэлхийд нэр хүндтэй компаниар аудит хийлгэсэн” гэх үгээр аливаа шалгалт, сэжиг цээрийг бүрэн хаадаг байсанд оршино. Нэг хэсэг Монгол банк, Голомт болон бусад банкны удирдлагуудын амнаас “Артур Андерсон”-оор аудит хийлгэсэн гэх бардам үг бүх асуудлыг хааж байлаа.
“Артур Андерсон” гэвэл “хамаг юм” дуусч байгаа бөгөөд Монголбанкыг шалгах бүх боломж шавхагдсан гэсэн хэрэг. Гэтэл үнэн хэрэг дээрээ энд дурдан буй аудитын компаниуд Монголд орж ирсэн 1998 оны үе бол банкны хамгийн том хулгай дээрмийн үе байсан юм.
Харин АНУ-д Энрон, Артур Андерсоны зальхай луйвар илчлэгдсэнээс хойш Монголын улс төрч, банкирууд Артур Андерсон гэж гайхуулахаа больж, тэдгээртэй нягт холбоотой байсан “түүхээ мартаж” орхисон юм. Гэвч санаатай “мартсан юмыг” сануулах нь монгол судлаачийн үүрэг гэж бодож байна…
Банкны адал явдлууд
1996 оны 9 дүгээр сарын 17–нд “Ард”, “Даатгал” хоёр банкыг төрийн зүгээс хүч хэрэглэн татан буулгав. Мөн энэ үйлдэлд ОУВС тодорхой зөвлөгөө өгч байсан ба Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүд болох АНУ–ын иргэн Жон Хаберкер, Мариано Корден нар “Ард” банкыг татан буулгах ажлыг зохион байгуулж байснаа гэнэт “арилаад” өгсөн баримт байдаг.
1998 оны 5 дугаар сарын 27-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар төрийн өмчийн саяхан байгуулсан “Сэргээн босголт” банкыг хувийн өмчийн “Голомт” банкинд нийлүүлсэн алдарт 80 дугаар нууц тогтоол гаргаж огцров. Сэргээн босголт банк анх байгуулагдахдаа 22,6 тэрбум төгрөгийн актив, 1,8 тэрбум төгрөгийн дүрмийн сантай, 800 гаруй ажиллагсадтай 34 салбар, 50 гаруй тооцооны касстай томоохон банк байв. Гэвч нэг жилийн дотор тус банкинд дөрвөн захирал солигдож, активпассивын захирлыг гурав, орлогч захирлыг гурван удаа ойр ойрхон халж, сольсон байдаг. Үүгээр зогсохгүй жилийн дотор тус банкинд Сангийн яам, Монголбанкны хамтарсан шалгалт 8 удаа оруулсан.
Энэ үеэр улсын төсвөөс 6 сая доллар “Голомт” банкны зузаатгал нэрийдлээр Берлин, Токио, Нью-Йоркийн банкуудад наадмын өдрүүдэд шилжсэн ба энэ мөнгө “төөрч төөрч” Токиод төвлөрч нэр бүхий улс төрчдийн халаасанд орсон байдаг.
Сэргээн босголт банкыг сэргээх УИХ-ын шийдвэр гарсан боловч “сэхээх” сонирхол тухайн үеийн эрх баригчдад байгаагүй, харин ч дампууруулах төлөвлөгөө хэрэгжүүлэв. Үүнийг хялбархан нотолж болно. Сэргээн босголт банк богино хугацаанд эргэн төлөгдөхгүй, чанаргүй, найдваргүй зээл их хэмжээгээр олгож эхэлжээ. Тухайлбал, тус банкнаас тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Болдхэтийн эхнэр Д.Удвал 170 саяын зээл авч байж. Тэрээр энэхүү мөнгөөрөө Экспорт-Импортын банкны дүрмийн санг зузаалж өөрөө тус банкны удирдах зөвлөлийн дарга болжээ. Удалгүй банкнаасаа 500 саяын зээл аваад “алга болсон”. Мөн Сэргээн босголт банкнаас “Ий-Жи-Хайдро Бауэр ХХК” Инвест банкиар баталгаа гаргуулж авсан 200 саяын зээлээ найдваргүй зээлд тооцуулжээ. Мөн “Жи-Эй-Жи” ХХК 200 саяын зээл авч 178,9 саяыг нь найдваргүй зээл болгуулав. Мөн 1997 оны 12 дугаар сарын 31-нд тус банкны захирал н.Ганбат 26 газрын 280,4 сая, 24 аж ахуйн нэгжийн 233,4 сая төгрөгийн зээлийг найдваргүйд тооцож хассан г.м.
Ийнхүү Сэргээн босголт банк жил гаруйхан хугацаанд 7,8 тэрбум төгрөгийн зээл баруун солгойгүй цацсан бөгөөд үүнийгээ чанаргүй зээлд бүртгэж, төлбөрийн чадваргүй гэсэн үнэлэмжид оруулжээ. Гэтэл Сэргээн босголтыг нэг гараараа дампууруулсан эрх баригчид нөгөө гараараа Голомт банкны үйл ажиллагааг дэмжиж, Засгийн газрын 4 тэрбум төгрөгийн бонд “зүгээр” олгосон байна. Харин төр өөрийн мэдлийн Сэргээн босголт банкийг “дэмжиж” байгаа хэмээн 2,6 тэрбум төгрөгийн зээлийг бондоор барьцаалан хүүтэй олгосон байдаг. Энэ “ариун явдал” яав ч биш юм…
Үүнийгээ хувийн хэвшлийг дэмжиж байгаа энэ тэр хэмээн “их сайхан” тайлбарласан юм. Үүнээс гадна Сэргээн босголт банкны гол гол харилцагчдын дансыг “төрийн хүчээр” Улаанбаатар болон Голомт банкинд байрлуулжээ. Хачирхалтай нь Сэргээн босголт банкыг салбар нэгжүүдээ багасга, Голомт банк шиг цомхон бол хэмээн шахаж байсан юм.
Ийнхүү сэргээх нэрээр дампуурсан Сэргээн босголт банктай холбоотой хэргийг Сүхбаатар дүүргийн шүүх хэлэлцэж буруутай этгээдүүдийг шийтгэсэн гэх ч өнөөдрийг хүртэл жинхэнэ дампууруулсан эзэд нь одоо болтол илрээгүй байгаа…
Тухайн үед Монголбанкны бүрэн эрт төлөөлөгчид ХОТШ, Сэргээн босголтын банкийг сэргээхээр олон сар ажилласан боловч ямар ч үр дүн гараагүй хэмээн мэдэгдэж хэвлэлийн бага хурал хийж үйл ажиллагаагаа тайлагнаж байсан. Тэр үед Монголбанкны төлөөлөгч н.Батмөнх: “Бид тус банкийг сэхээхийн тулд 18 салбар, 14 тооцооны кассыг татан буулгаж, үлдсэн хөрөнгийг зарж борлуулан өөд нь татсан” гэж хэлж байсан. Ингээд “өөд нь татсан” гэх Сэргээн босгоолт банкыг 2000 оны 1 дүгээр сарын 10-нд дампууруулжээ. Гэвч уг банкийг дампуурахаас өмнө буюу 1999 оны 12 дугаар сарын 20-нд Монголбанкны ерөнхийлөгч асан Үнэнбат дампууруулах тушаалд гарын үсэг зурчихсан байсан нь хожим “баригдсан” юм.
Монголын эрчим хүчний хувьчлал олон улсын өрсөлдөөний талбар болж, банкны дээрэм ид гаарч байсан 1998 оны 10 сарын 2-нд Дэд бүтцийн сайд С.Зориг бусдын гарт амь үрэгдсэн нь санамсаргүй явдал биш юм.
Дээрмийн мөнгөний эрэлд
Монголд эрх мэдэлд хүрсэн нь банк дээрэмдэх явдал эдүгээ “ёс заншил” болсон ба энэ балиар явдал Анод, Зоос банкуудаар зузаарч, улмаар шууд дээрэмдэх хэлбэрт орж Хадгаламж, Шуудан банкуудыг залгиснаар одоо болтол үргэлжилж байна. Ухаандаа 2007 онд “Хадгаламж” банкнаас 14 тэрбум төгрөг улайм цайм дутаж, улстөрийн хүрээнд хүчтэй шуурга дэгдэв. Тухайн үед уг хэрэгт холбогдсон У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Т.Бадамжунай, Ж.Мөнхбат нарын нөхдүүдийг алга болсон 14 тэрбумаар БНСУ-д казинод тоглосон гэж шалгаж байсан ч, хэргийн гол эзэн нь тэд биш, харин тус банкны ахлах нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн гэгч тодорсон ба тэр нөхөр гав ганцаараа 14 тэрбүм төгрөгөөр казино тоглосон гэх инээдтэй асуудлаар уг хэрэг замхарсан юм. Энэ “адал явдлыг” монголчууд бүгдээрээ сайн мэдэх учраас дэлгэрүүлж ярих нь илүүц.
Манай улстөрчид төрийн эрх мэдэл авмагцаа банк дээрэмдэх үндсэн ажилтай болж багцаа тооцоогоор монголын банкууд дахь хөрөнгийн лавтайяа 60-80 хувийг дансны аргаар дээрэмдсэн байдаг. Банкны мөнгө ч гэж дээ, Монголчуудын бүгдээрээ хурааж, бөөгнөрүүлсэн буян байсан юм. Дээр дурдсан угсраа дээрмийн үр дүнд банкнаас удаа дараа ихээхэн хэмжээний зээл авсан нэр бүхий улс төрчид, тэдгээртэй шууд холбоотой олон арван пүүс компанийн өр зээлийг тэрбум тэрбумаар нь ор мөргүй устгасан юм.
Энэ үеэр барууны банкинд мөнгө байршуулах, зувчуулах, валютын арилжаа хийх зэргээр Монголоос гарах валютын урсгал ихээхэн нэмэгдсэн байдаг.
Энэ бол мөнгө “баруунд” орсон гэсэн хэрэг биш, харин тэр үед ид цэцэглэж эхэлсэн оффшор бүсүүд руу орсон гэдэг нь бараг тодорхой юм. Өөрөөр хэлбэл Монголын банкнуудыг дампууруулах нэрийн дор ээлж дараалан дээрэмдсэн ба энэ асар их мөнгө нь “ор сураггүй” алга болсон юм. Монголчууд бид л “ор сураггүй алга болсон” гэж байгаа болохоос биш, банкны мөнгө хэзээ ч ор мөргүй алга болдоггүй юм.
Хэрэв дурдан буй энэ үед социалист гэгдэж байсан орнуудын өмч хувьчлалын асар их мөнгө “оргүй алга” болж, дэлхий дахинаа “оффшорын дахин сэргэлт” эхэлснийг харгалзах юм бол Монголын банкуудыг дээрэмдсэн тэр их мөнгө оффшор бүс рүү уусан алга болсон нь хэн бүхэнд тодорхой. Өөрөөр хэлбэл өнөөдөр босч ирээд сүйд болж буй оффшорын асуудал аль эрт буюу 1997-1998 оноос эхэлсэн банкны дээрмээс эхтэй бөгөөд хүйн холбоотой гэдэгт эргэлзэх зүйл байхгүй…
Энэ бүхний эзэн нь өнөөдөр хулгай дээрмээ мартчихаад “элит” хэмээн өөрсдийгөө нэрлэж, эртэй бяртайдаа эд хөрөнгө олсон мэт аархаж, өөрсдийгөө “үүрд төр барих заяатай” гэж нэрлэх болсон МАНАН-гийнхан юм. Өөрөөр хэлбэл Монголын өнөөгийн төр засаг бол банкны дээрэмчид, ингэхлээр бүрэн утгаараа оффшорчид мөн.
Ямар ч гэсэн оффшорын асуудал өнөөдөр эхэлсэн биш, Монголын төр засаг буюу МАНАН аль эрт эхлүүлсэн гэдгийг эхний удаад “ойлгоод” авчих. Тэгээд “ойлгосон бол” цааш нь ярих юм их бий…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 05 дугаар сарын 22.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to МОНГОЛ ОФФШОРЫН ТҮҮХЭЭС

  1. hm says:

    UIH-n Gonchigdorj ene ter geed neriig ni shuud heleechdee. Humuus mednee, medehgui neg ni medej abag.

  2. Anonymous says:

    Муу сайн хулгайчдыг зохих ёсны шийтгэл эдлүүлэх ёстой. Эрийн сайнд их мөнгө олсон юм шиг загнаад байгаа нөхдийн хөрөнгийг улсын орлого болгон иргэддээ зарцуулах хэрэгтэй юм, тэдний л мөнгө юм чинь.

  3. Erdene says:

    90-ээд оны эхэнд “ард түмний шүүх” гэж нэр томъёо гараад Нэргүй доктор зэрэг нэр бүхий хүмүүс үүнийг хэрэгжүүлэх гэж зүтгээд амжилтгүй болсон гэж ярьдаг. энэ цөвүүн цаг арилах үед банкны түүхийг ухаж гаргаж ирэхийн төлөө монгол хүн бүр зүтгэх хэрэгтэй

  4. Anonymous says:

    bicheed baigaarai. tanii niitlelees medeelel olj avdag shuu.

  5. Anonymous says:

    Одоо бүх материал устаа биз дээ. Банк Эрдэнэт үйлдвэр хоёрыг л дээрэмддэг байсан юм биш үү. Одоо Эрдэнэтийг нэмээд уурхайнуудыг гээд дээрэмдэх зүйл мундахгүй юмаа. Ядаж хэдэн км зам тавьсан нь яамай даа л гэж бодохоос гараад хүмүүсийг алчихаж чадахгүй аймхай юм чинь яахав дээ, цацга царайлаад л өгсөн мөнгөөр нь архи уугаад л явж байхаас өөр сонголт үнэндээ алга.

  6. regzen says:

    Дэлхийн хамгийн хогийн гаруудтай найзалсан тэдний гар хөл болсон эдгээр нөхдүүдийг энэ СОНГУУУЛИАР буулгаж эс чадваас Монголын тусгаар тогтнол БУДАА болоход маш ойрхон болсон шүү. “АНОД” банкний Давааг гүжирдэж байгаад зориуд унагасан гэж боддог Миний бодол шүү

  7. gansukh says:

    yaj ene novshnuudaas salah ve ?? Ene ni odoo asuult

  8. Anonymous says:

    Tegeed Battulga barirsaan geh geed bna uu. Kkk

  9. Дэлгэрмаа says:

    😤😡😭

  10. munguu says:

    buuljis tsutgaj baina.

  11. bat says:

    mungu alga boloh bish, butsaagaad avdag systemtei bol sain yumdaa boldog bol

  12. Anonymous says:

    Sain bnu, tanii niitlel mash ih taalagdlaa. sonirholtoi niitlel bna. 1998 ond Golomt Bank Arthur Andersen r Audit hiilgesen gedgiig notloh ymr neg jijig geltgui barimt tanid bgaa yu? tuhain ueiin arhiviin barimt materialuud bdag yum bolu.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: