МОНГОЛ ДАХЬ ОФФШОР АДАЛ ЯВДАЛ

Монголд оффшорын адал явдал ид гаарч байна. Үүнийг гадарлаж байсан учир “Монголын оффшорын түүхээс” эхний өгүүллийг хэдхэн хоногийн өмнө бичсэн. Гэтэл адал явдлууд маш түргэн, хэт замбараагүй үргэлжлэх болсон учир удаах өгүүлийг яаравчлах шаардлага гарав. Ингээд оффшорын тухай удаах өгүүллийг толилуулж байна…

Монгол либраалийзм
С.Баярцогтыг дэвшүүлж болохгүй гэсэн Ц.Элбэгдоржийн үг халуун алга ташилтаар үргэлжилсэн ч манай “мэдрэмжгүй” улсын телевиз түүнийг нь монтажлан хасаж иргэдийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэв.
Ингэхээс ч өөр аргагүй. МҮОНРТ-ийн санхүүжилтийг Засгийн газар мэднэ, гэтэл С.Баярцогт нь ЗГХЭГ-ийн дарга байдаг. Гэтэл Ерөнхийлөгч нь С.Баярцогтыг хусаад хаядаг. Бодож бодож “Ерөнхийлөгчийнхөө яриаг ч гаргана, С.Баярцогт даргыгаа ч хусна” гэсэн мэргэн шийдэлд хүрчээ. Тэдний буруу юу байх вэ ?! Төсвөө 50 хувь цомхотгуулчихаад хөсрий царайлж суухыг хэн хүсэх билээ ? Энэ бол “шударга-шударга бус”-ын асуудал биш “орших-эс оршихуйн” асуудал байхгүй юу ?! Үүнд Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар нөлөөлөөгүй л байх. Буруугүй гэвэл огт тийм биш, өнөөдөр тэдний ямар ч алхам нийгэмд “буруу”, “муухай” гэдэг хоёрхон үгээр л ойлгогддог болсон байна. Тэдний хэрэгт оролцсон бүхэнд бас яг тийм хоч очиж наалдаж байна. Хэн нь ч буруугүй авч бүгдээрээ буруутай болчихож байна. Энэ бол тэд улстөрчийн хувьд “дууссаны” шинж.
Оффшорын асуудал энэ сонгуульд нөлөө үзүүлэхүйц мэссеж болох нь гарцаагүй болчихлоо. Ингэх ч ёстой. Жишээ нь манайд үй олноороо байдаг “либраал пацаануудын” тухайд онолын хувьд оффшор нэг талаас байдаг л юм мэт боловч нөгөө талаас тэдэнд мөнгө төлж бүжиглүүлдэг эздэд нь Монголоос мөнгөө зайлуулж тэнд хадгалуулах шалтгаан байхгүй юм.
Оффшор данс дор хаяж сая ам.долларын хадгаламжаар эхэлнэ. Хүү төлөхгүй, гол нь нууцлалыг найдвартай хадгална. Зарим оффшор бүсэд юун хүү төлөх, үйлчилгээний шимтгэл авдаг. Чухам үүнээс болж “дэлхийн банк-Щвейцар” мөн ч их хохирсон доо. Оффшортой дайтсан АНУ-ын шахалтаар Щвейцарь зарим нууцлалаа “зөөлрүүлсэн”, харин түүний өмнө Кипрт болсон явдлыг санах хүн манайд цөөхөн л дөө.
Гэтэл монгол бол оффшор ч атаархам татварын диваажин. Найдваргүйн тухайд Щвейцарь, Кипр ч найдваргүй л байсан. Киприйн оффшорын будлианд Д.Дорлигжав АН-ын дарга байхдаа нэг орооцолдоод авч билээ. Тэр үед оффшор гэж мэддэггүй байж, үнэндээ Оросын оффшороор Эрдэнэтийн мөнгийг угаасан хэрэг байсан шүү дээ ! Түүхийн балархай жимийг дагавал ойлгосон ойлгоогүй олон оффшор гарч ирээд л байх янзтай, голыг нь өмнөх өгүүлэлд бичсэн тул товчилъё !
Монголын тухайд… Банкны хадгаламж өндөр хүүтэй, бүр хаа ч байхгүй өндөр, банкны нууцлал бол юун оффшор. Тэгээд хадгаламжаас ч, тэр ч байтугай хадгаламжийн хүүгээс ч татвар авдаггүй. Жишээ нь Г.Уянга ердөө л хадгаламжийн хүүгээс татвар авдаг болгох гээд үнэхээр хүчин мөхөсдсөн. Уг нь хадгаламжаас нь авах гээгүй л байхгүй юу. Гэтэл асуудлын гол нь мөнгөндөө биш, татвар аваад эхэлбэл нууцлал алдагдах аюултай, татварын албанд бүртгэлтэй болох нь л туйлын аюултай. Монголын татварын албанд бүртгэлтэй байх нь долоон булчирхайгаа гудамжаар зарлан хашгирч гүйснээс ялгаагүй бөгөөд тэр хэрээрээ аюултай. “Би тийм хадгаламжтай” гээд гудамжаар орилоод гүйвэл их сайндаа л Фортууны хэрийн гацаа мэдрэл гэж шоолно биз дээ…Тиймээс Г.Уянгаас ухаан алдталаа айсан юм.
Нөгөө талаас энэхүү “эх газраас зугтах” үзэгдэл манайд хожуу үеийнх. Өмнө нь бол банк дээрэмдсэн хэдэн нөхөд л “онолын” хувьд хэдэн сая ам.доллар зувчуулж байсан түүх бий. Харин яг “Оюу толгойн” гэрээ байгуулагдахаар хэлэлцэж хэрэлдэж байхад энэ “оффшор” жинхэнэ “моодонд орсон”. Учир нь “Айвенхоу майнз”-ын Фрийдланд (энэ үгийг манай нусгай неолибраалууд “Эрх чөлөөний арал” гэж орчуулж ойлгодог бололтой юм билээ) ориг оффшорчин нөхөр байсан байхгүй юу. Тэгж яривал “Оюу толгой” өөрөө оффшор бүсэд бүртгэлтэй.
Манай УИХ Европын хэд хэдэн оронтой давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээрийг соёрхон батлахыг зөвшөөрч байх үед “Рио Тинто”-гийн бүртгэлтэй оффшор бүс хамрагдаж л байсан. Бас л Г.Уянга эсэргүүцсэн. Хэн ч анзаараагүй, харин хэн ч анзаараагүй байхад “мэддэг” баахан нөхөд айсандаа бүрээ бөмбөрөө дэлдээд “Ёовроопын хөгжлийн эсрэг явдаг авгай” гээд л харааж байсан. Мэдлэгтэй хулгайч байх ч бас л золигийн шүү. Яг нөгөө генийн өөрчлөлттэй хүнсийг монголд импортлохыг эсэргүүцэж байхад гаргасан араншингаа гаргасан.
Одоо бүх хөрөнгө оруулалт нь оффшор бүсэд “зугтан” гараад өөрсдөө генийн өөрчлөлттэй хүнс идэж байгаагийнхаа дөнгөж эхнийхийг л ойлгож байх шив дээ. Ердөө саяхан даа, жилийн өмнө оффшороос монголчууд ингэтлээ айдаггүй байсан юм аа, тэгэхэд одоогийнх шиг айдаг байсан бол “MCS” балрах байсан юм.
Нөгөө алдарт “Таван толгой”-г ашиглах аварга хөрөнгө оруулагч “MMC” компани чинь Кайманы оффшор бүсэд бүртгэлтэйг эзэд нь айж ичилгүй зарлаж л байсан шүү дээ. Манайхан яахав дээ, хулгайч зантай юм чинь Амээрикийн импэрлийстүүдийн татвараас зугтсан мөнгө тэр чигээрээ Монголд орж ирэх нь гээд л алгаа үрчээд байсан хэрэг. Гэтэл өнөөдөр оффшороос айж байна, тэгсэн атлаа Таван толгойг оффшор компанид өгөлгүй улсын эдийн засгийг гацаалаа гэж бахирч байна. Үүнд ямар ч логик алга…
Тэр ч байтугай хотын дарга нь “Оффшор бүсээс л хөрөнгө оруулалт цутгадаг” гэж бөлжис цутгам юм ярьж байна. Боловсролыг нь бодвол аргагүй мэт, бодит байдлыг нь харвал хулгайч хулгайчаа л өмөөрнө. Хүү нь оффшорчин юм чинь…
АН-ын улайрал буюу Баярцогтыг золих нь…
Ц.Элбэгдорж гэв гэнэт С.Баярцогтынхоо араас сэлэм шаахаар иргэд гайхахдаа ч дуу алдана биз дээ ?! Тэгээд л алга ташихгүй юу. Юун Түгжил. Гэтэл нэвт гарсан үзүүрээс нь З.Энхболд бариад хөрөөдөхөөр чинь МАН-ынхан ч шулуун гэдсээ цэвэрлэж таарна биз?
Э.Бат-Үүл нөгөө Н.Энхбаярын ярьдгаар Ерөнхийлөгч, УИХ-ын даргын үүдээр мөлхөж ороод, “Намайг ганц шанаадаад өгөөч” гэсэн бололтой юм. Мань хүн хүүгээсээ тэр оффшор дансаар чинь гүйлгээ хийгдсэн үү гэж асуугаад “үгүй” гэхээр нь З.Энхболдыг зарлахаас өмнө амжиж “нэг центийн” гүйлгээ хийгдсэн бол би “дэвшихгүй, огцорно” гэж вакцинжуулж байна. Үгүй хүүхээ, тэр оффшор дансаа нээлгээд, мөнгөө хийх чинь банкны хувьд гүйлгээ биш юу юм ?! Захын банкир, за тэгж томроод яахав захын теллерээс “орлого хийх гүйлгээ мөн үү?” гээд асуугаарай л даа. Эсвэл мөнгөө хийчихээд данс нээлгэдэг юм уу ?!
Оффшорын булай дэлгэгдмэгц МАН, АН тооцоо хийж эхэлжээ. Яаж ч бодсон МАН-ынхан “тооны хувьд” хэтэрхий олон болсон хэрэг. Яагаад гэвэл “Оюу толгой”-н гэрээг байгуулж байхад МАН-ынхан эрх барьж байсан. С.Баяр, С.Баярцогт, (оффшор, овог, овор дүрийг нь харвал ах дүү гэмээр улс шүү) Д.Зоригт, Л.Гансүх гол дүрд тоглосон. “Ах дүүсийн” данс дэвэн дэлхийд ил болсон, Л.Гансүх шоронд байгаа, Д.Зоригт бараг л бүгж амьдарч байна. С.Баяр, С.Баярцогтын оффшороор дарамталж байгаад “Оюу толгой”-н гэрээг яаж муутгаж байгааг нь харвал энэ оффшорчид цаашид төрд нэг ч өдөр байж болохгүй нь тодорхой юм.
Яг ийм “стереотип” дээр С.Баярцогтыг золиход л МАН-ынхан хуйгаараа онхолдох нь ойлгомжтой. Дээр нь оффшор цааш үргэлжилнэ. Зөвхөн Панам л ил болсон болохоос цаана нь үй олон оффшор бүс бий. Бүрэн бус мэдээллээр: Андорра, Ангилья, Антигуа Барбадор, Аруба, Багамын арлууд, Барбадос, Белиз, Бермуд, Виржинийн арлууд, Бруней, Ванатау, Гамби, Гернси, Гибралтар, Гренада, Жерси, Доминикан, Кайманы арлууд, Кипр, Коста Рика, Маврики, Маршаллыг арлууд, Монако, Кука арал, Мэн арал, Шинэ Зеланд, Панама, Сейшелийн арлууд, Сингапур, Теркс ба Кайкос, Тринадад Табаго офшшор бүсэд хамаарагдана. Манай аваргууд энэ олон замбараагүй олон оффшорын хаана нь ч мөнгөө хадгалуулсан байх өндөр магадлалтай. Ганц хоёр оффшор ил гарахад ингэж баларч байгаа хүмүүс чинь цаашаагаа илрэх тутам бараг бүгдээрээ хамрагдах магадлал маш өндөр.
Харин Ц.Элбэгдоржийн хувьд би өмнө нь ч хэлж байсан, одоо ч хэлье. Наад нөхрийн чинь ойртсон бүхэн нуран унах тавилантай…гэж. Ц.Элбэгдорж С.Баярцогтыг адласнаараа МАН-д ч давхар боломж өгсөн. Тэр нь М.Энхболд оффшороор дамжуулж С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүхийн нэгдсэн эвслийг шахан зайлуулах боломж нээгдэж байна. Нэр дэвшилтийг нь харвал бас ч тийм бололтой. М.Энхболдын фракц бол яг маханд орсон “Дашинхө”, дотоодод үүрлэсэн хувалзнууд. Тэд банкуудаа аргалаад байхаа мэднэ. Тэдний хүнд үе өнгөрсөн, А.Баатархуягийн “Хадгаламж” банкинд хийсэн операцийг давж байтугай давтаж хийх хүн АН-д байхгүй. Харин нөгөөдүүл нь гадаад хэлтэй, гахай шувууны махан хоолтой тул “оффшордож” яваад баларч байна. Энэ талдаа бол Монголчууд гаршчихаж. Аргагүй, англи хэл дээр бэлэн мэдээлэл аваад л түгээх ажил юм чинь. Мэдээлэл олохыг бол олон улсын сэтгүүлчдийн байгууллага хийчихэж байна.
Одоо бол харин жаахан монголоор уншиж сураад өмнөх баримтууд дээр суувал зүгээр гээд л сануулаад байгаа ухаантай. Тэгвэл олон оффшор ил болно, гэхдээ дандаа МАН-ынх. Яагаад гэвэл тэд төр барьж байсан. Тэд л мөнгөтэй байсан. Түүнээс гадна гадаадын оффшор хөөцөлдөж байснаас энд Монголдоо “сайн ухвал” мөнгө хаашаа алга болсны учрыг амархан олох өндөр боломж бас бий.
МАН-ын алдаанууд
Оффшороос өмнө МАН-ын залуучуудын хөдөө дөрвөн жил бэлтгэсэн тойргийг нь “хууччуул нь” булааж авахаар нөгөө залуус нь хотод буюу МАН-ын хувьд “үхлийн тойрогт” азаа үзэхээс өөр аргагүй болж байна. Энэ нь нэг биш хоёр тойрог “алж” байна гэсэн үг юм. Бэлтгэсэн тойрогтоо ч байхгүй, шинэ тойрогтоо ч байхгүй. Ийм нөхцөлд МАН-ын хэн ч 100 саяар дэнчин тавиад хоёр тойрог алаад байхад дуртай байхгүй нь лав. Дээр нь МАХН-аас ирэгсэд буюу “төөрч будилсан хүүхдүүдээ” шингээх гэж үйлээ үзэж байна. Гэтэл намдаа үнэнч, намынхаа төлөө зүтгэсэн залуус жийгдэж байна. Сайн залуус гэх гээгүй, зүгээр л намдаа үнэнч л гэж байна.
Ийм боломжоор түрж “их цэвэрлэгээ” хийсэн бол М.Энхболдод ашигтай, намын удирдлагадаа бэхжихэд ч, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихэд ч. Гэвч тэр даанч стратегич биш юм, ердийн түшмэл л, администратор л аж…
Дашрамд яг энэ араншингаараа шилдэг 10 улстөрчийн нэгээр өөрийгөө тодруулах үүрэг даалгавар намынхаа аппаратад өгчээ. Намынхан нь ч удирдагчаа дагадаг, түүнийгээ мандуулж чирэгддэг уламжлалтай тул “зөв” гэж үзэж. Нам нь даргыгаа мундаг болгох гээд ярьж чаддаггүй түүнийг чамбай сэтгүүлчидтэй тулгаж, баяр бүрээр мэндчилгээ явуулах гэх мэтээр байдгаараа л үзэж байна. Гэвч даший шог…
Парламент дахь үйл ажиллагаагаараа тодорсон Н.Энхбаярын зам мөр түүнд хаалттай, учир нь бүлгийг Ч.Бямбацогт удирдаж байна. Н.Энхбаяр бүлгийн ахлагчаар тодроод томронгуутаа бүлгээ найдвартай боловч үнэндээ бол тэнэг бөгөөд үнэнч, ивээлээр тодорсон хүнд өгч баздаг байв. Харин М.Энхболд намын дарга болсон ч парламентын бүлгээ мэдэлдээ авч чадаагүй юм. Тиймээс парламентын гишүүн дарга бол бүлгийн даргын мэдлийнх. Ингээд даогийн “тайчжи” шиг эргэсэн бөөрөнхий тогтолцооны эргүүлэгт толгой нь эргэчихсэн яваа…
Сонгуулийн хууль хэлэлцэхэд явцад МАН ёстой л мэхт мэхэндээ гэгч болсон. Эхлээд жагсаалтыг алсан. Жагсаалтанд орно гээд тойргоо хаясан Д.Оюунхорол нарын олон гишүүнээ алчихаж байгаа юм. Гэхдээ АН-тай 1:1. Дараа нь томсгосон тойргийг бутлав. Уг нь томсгосон тойрогт бол МАН бараг л 3:2 буюу давуутай байсан юм, судалгаагаар. Харин ийм нөхцөлд үй олон бие даагч, золбин юмнууд ороод ирээд амар заяа үзүүлэхгүй гэж “2.Энхболд” айжээ.
Сонгинохайрхан, Баянзүрхэд нэгээр биш гэхэд зургаагаар гарна гээд шавчихвал бантан болох нь болно. Ийм нөхцөлд салгаад Баянзүрх дөрөв, Налайх, Багануур хоёр гэх мэтээр цөөлчихөж болох байсан ч жагсаалтаас хотод олон оноох уу, хөдөөд олон оноох уу гэдгээ тохирч чадаагүйгээс жижиглэчихсэн юм. Үүнд ёстой мухар сүсэг үйлчилсэн гэж би баттай хэлнэ.
2000 онд 72:1-аар дарж авсан тэр сайхан үе санаанд нь үлдчихсэн байхгүй юу ?! Гэвч М.Энхболд бол Н.Энхбаяр биш, тэр үеийн МАХН бол одоогийн МАН биш. Ер нь Н.Энхбаяр ухаантай гэсэн үг биш, харин нөхцөл байдал нь өөр байна. Даргын нэр хүнд, уламжлалт төвлөрсөн эрх мэдэл, нэр хүндийн тухай өмнө хэлсэн, дээрээс нь Ерөнхийлөгч нь нөгөө талаасаа байна, хот нь АН-д байна, СЕХ нөгөө талд байна. Тэр үед Н.Багабанди, Л.Энэбиш, Н.Энхбаяр гурав зангидсан гар шиг байсан бол өнөөдөр нам нь дотоод болон гадаад хагаралдаа идэгдсэн байна.
Харин АН “түүхийг” сайн санаж байв. Уг нь МАН-ын сайхан дурсамж АН-ын “хараал” мэт авч үүний цаана юу байсныг бодож үзэх хэрэгтэй юм. МАН анх тойрог зохиохдоо яг өнөөдрийн АН-ын аргыг хэрэглэсэн юм. Жишээ нь Увсад бол МАН-д талтай дөрвөд сумдыг нэгтгэж, АН-д талтай баяд сумдыг жижиглэсэн байв. Хэнтийд АН-д талтай буриад сумдыг жижиглэж, МАН-д талтай халх сумдыг нэгтгэсэн байв. 2008 онд Да.Ганболд Батширээтэд 90:10-аар ялж гарч ирээд халх сумдад нойлтоод унаж байсан. Харин сая бол АН яаж тооцсон гэхээр Хөвсгөлийн халх сумдыг тусгаарлаж нэг тойрог болгоод, хотгойд, дархад, буриад сумдыг нэгтгээд хоёр болгохоор АН яаж ч бодсон илүү суудал авна. Батсуурь нь найдвартай бол Сүхбаатарт нэг тойрог нэмж МАН-д бэлэглэх хэрэггүй, АН-ыг хэзээ ч гаргаж байгаагүй Говь-Алтайд тойрог нэмэх тухай саналтгүй л байхгүй юу. Мэдээж Хэнтийн буриад сумдад гол хүчээ хаяна, хэлмэгдэж байсан буриадууд МАНгаст хэзээ ч талтай байгаагүй. Гэх мэтийн асуудал байснаас биш, эзэн богд Чингис хааны нэр төрийг үүнтэй хутгах ямар ч шаардлага байхгүй.
Яг үүн дээр М.Энхболд стратегич биш гэдгээ харуулсан юм. Сонгуулийн сүүлийн сарын бужигнаан дунд тэр чиг баримжаагаа бүрэн алдсан. Хариуд нь яг дадсан аргаараа мөлхөж, хөөрхий ядарсан Н.Энхбаярыг дээрэлхэж орон нутгийн салбаруудыг нь худалдаж авч байна. Ингээд л болоо шив. Аргаа бараад С.Баярыг сонгуулийн штаб удирддаггүй юм гэхэд зөвлөөч гэж гуйж байна. Удирдвал С.Баяр ч бас оффшорчин болж харагдана гэдгийг хашир бас мэдээд байгаа байхгүй юу. Үүнийх нь хариу нь оффшортонгуудаа дэвшүүлэхээс өөр аргагүй болов. Харин одоо АН үзэл санааны давуу талтай боллоо. Монгол Ардын Нам Монгол Оффшортны Нам болов гэх мэтээр баалж эхэллээ.
Үнэндээ Ц.Элбэгдорж М.Энхболдод тун дажгүй боломж санал болгосон ч Ч.Бямбадорж тэнэг лалар нь С.Баяртаа үйлчлээд “оффшортонгууд бол манай үеийн нэр төр, нандин чанар” гээд залуучуудын хэлдэгээр “аваа хаядгийм” даа.
Оффшорын үргэлжлэл
Нэр зурагтайгаа зарлагдсан “оффшор ангийнхны мантааж” л МАН-ыг сүйрүүлчих байх. Сонгуулийн дунд үеэс тэднийг “мартаад” МАН-ыг нийтэд нь оффшорчин болгож таарна.
Нэгэнт АН С.Баярцогтын хэрийн “том улстөрийн дүр”-ийг золиослож байна гэдэг шударга байх хүсэл эрмэлзлээ харуулж байгаа хэрэг бус уу ?! С.Баярцогт муу улстөрч биш, ЗГХЭГ-ийн дарга, Ч.Сайханбилэгийн Ришелье, улс төрийн тогоонд 26 жил явсан, баян, имижлэг нөхөр, тиймээс харин ч томынхоо хэрээр том гайд гарч байгаа юм. Жараахай биш акул золих хэрэгтэй. С.Баярцогтыг шаачихсан байхад бусад жараахайг анзаарах ч үгүй. Сумоч Батбаяр зэрэг бол ёстой үзүүлэн, мань эрийг мултлахад Ховдод тойрог суларлаа гэж баярлахаас ялах хүн явчихлаа гэхгүй.
Гэвч ингээд зогсохгүй юм. З.Энхболд бол сая өнгөрсөн үйл явдлын дунд жинхэнэ “технократ” удирдагч гэдгээ харуулж байна. Хуулиар, зөвхөн хуулиар ч шахчихаж байна. Инженерүүд яг ингэж системээр тоглодог. Харин сонгуулийг удирдан явуулах арга барилын тухайд хэлж мэдэхгүй юм, гэхдээ сонгуулийнхаа платформыг зөв тавьжээ. Өөрөөр хэлбэл тулалдах талбараа зөв сонгосон ба МАН-ынхныг намагт шахаад бүсэлчихсэн байна. Жигүүрүүдээ бөхөлж, дундын зайд гуйвж дайвж байгаа бие даагчдыг харван унагасаар урагшилж байна.
Гэхдээ тулалдаан бол тулалдаан, зууралдсан тулаанд жижиг ололт л ялалт ялагдлыг шийддэг. Тиймээс жигүүр хэрэгтэй. Тэд ядаж л тулааныг ажиглаж байгаад ялж буй тал руу орох ёстой. Нөгөө талд л гарахгүй бол ялалт ойрхон байна. Тиймээс нөгөө тийш гаргахгүй бүх тохироогоо тултал хийж, жигүүрээ бөхлөх ёстой. Бие даагчдын тухайд шийдвэрийг дангаараа гаргадаг учраас сонгуулийн төгсгөлд худалдагдах магадлал өндөр байдаг. Энэ араншин М.Энхболдод илүү боломж олгоно.
Одоо бол дөнгөж сонгууль эхэлмэгц оффшорын их буугаар буудна. Тулааны бэлтгэл оффшороор хийгдсэн. Хоёр дахь үед МАН-ын дутуу тал нь “MCS” болон хувирч байна. Учир нь тус компанийн Таван толгойг эзэмших зорилгоор байгуулсан “MMC” компани нь оффшор бүсэд бүртгэлтэй. Монголынх ч биш, барууных ч биш. Тайлан татвар нь тодорхойгүй. Саяхан төлбөрийн чадваргүй болсон гэж зарласан ч оффшор бүсэд байгаа бол итгэл төрүүлэхгүй. Чухамхүү С.Баярцогтыг зольсон нь үүнтэй холбоотой.
Зүгээр, улстөрийн хувьд энэ оффшор нь Л.Энх-Амгалан, MCS-ийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очир нарыг Хөвсгөл, Баянхонгорт унагахад хангалттай шалтаг болно. Дээр нь хөрөнгө оруулагч монголын компаниуд ба түүний санхүүгийн дэмжлэгээр нэр дэвшигчид хамагдан унах болно. МАН яг хутганы ирэн дээр гүйж байна.
МАН сулхан хариу довтолгоо хийж С.Баярцогтыг адалснаараа “Алтан гадас”, “Шонхор” хоёр эвдрэлцэнэ гэсэн оюун дүгнэлт хийж байна. Гэвч С.Баярцогт АН-ын “Алтан гадас”-ынх биш, хоёрт Н.Алтанхуягийг түгжилдсэн учраас өмөөрөхгүй. Харин тохироо нь АН сонгуульд ялбал Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болгох, З.Энхболд УИХ-ын даргын суудлаас Ерөнхийлөгчийн сонгуульд босох хувилбараар явагдаж байж болзошгүй. Үүнд дээр “Женко” нэмэгдэж, сөрөг пиарыг гардвал МАН хуйхлуулж мэдэхээр байна. АН-ын тулгын гурван чулуу нь яг жилийн өмнө бичиж байсанчлан энэ гурав болчихлоо.
Харин МАН-д М.Энхболд, У.Хүрэлсүх нарын богино хугацааны тохироо байсан ч одоо У.Хүрэлсүх хэн ч биш болсон учраас тэр тохироо нь бараг “гай” л болох байх. Яагаад гэвэл У.Хүрэлсүх унасны дараа “түүний хэрийн” болон ойролцоо нөлөөтэй улстөрчдийн тоо нэмэгдчихлээ. Тэгэхээр МАН ялбал дараагийн Ерөнхий сайд хэн бэ ? Л.Энх-Амгалан уу? С.Баяр уу ?!
Дээр нь М.Энхболдын намын дотоод дахь түрэлт түүнийг хэт таргалуулж, гэвч гадаад талдаа ингэж харагдахгүй байна. Тэр намдаа байгаа өөр лидерүүдийг ч халхалж байна. Ийм нөхцөлд МАН орчин үеийн, шинэлэг байдлаа алдаад түүнийгээ золионы бацаануудаар төлөөлүүлэхдээ тулчихаж. Харин намын удирдлагад өнөөх л хятадын (хуа цяо) асуудал сэргэж эхэллээ. М.Энхболдын ойр тойрныхны цусыг шинжлэх лабораториуд энд тэндгүй ажиллаж байна. Би тэднийг Хэнанийнх гэтэл Баатархуяг болохоор биш ээ Хэбэйнх гэж маргаад байна. Үүнийг хагалж ядаж юмгүй монголыг оффшорлож байсан “Дашинхө”, “Дашиндэ”-гийн бүртгэлийг л хаанаас гаралтайг л тодруулахад болно.
М.Энхболдод уг нь нэг л жил хэрэгтэй байсан юм. Уг нь М.Энхболдын дутагдалтай талыг аль эрт сануулж байсан боловч иймэрхүү шүүмжлэлийг дайсагнал гэж хүлээж авдаг лаларын албатуудаар чихээ бөглүүлчихээр би яалтай билээ ?
Ийм нөхцөлд бүхнийг мөнгөөр, бас дахин мөнгөөр л шийдэх болдог. Гагцхүү энэ төлбөрийг Монголчууд дийлэх болов уу даа…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 05 дугаар сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

8 Responses to МОНГОЛ ДАХЬ ОФФШОР АДАЛ ЯВДАЛ

  1. Sainaa says:

    Ганаа ахаа таны энд зарим хэсгийг нь гаргаж тавиад байсан ном юу болж байгаа вэ? Хэвлэгдэж гарах болж байгаа юу?

    • Ганаа says:

      Аль хэдийн дууссаан. Гэхдээ мөнгө, бас бус юм саад болоод хэвлэж чадахгүй байна…

  2. Sainaa says:

    Таны өгүүллийг уншаад 4 жил гаран болчихжээ. Уншигчийн хувьд.

    Эхэндээ ч түүвэрлэж л уншдаг байлаа. Залуу судлаачидад өгөх зөвлөгөө, шинжлэх ухаан, орчуулгын талбарын өгүүллүүдийг түүж уншина. Бичлэгийн стиль үнэхээр таалагдсан. Улс төрийн сэдэвийг бол бараг л уншдгүй байлаа. Мэдээж хэрэг намтры нь харна. Системийн шинжилгээ хийдэг гсн үг сонирхол их татна. Түүнийг нь жаахан ойлгох, мэдрэх гэж хичээнэ. Амихандаа! Тэгээд улстөр, нийгэм, эдийн засгийн будагтай өгүүллүүдийг нь оролдож эхэлнэ. Ийм төрлийн агуулгаар бол үсрээл телевизийн шар, бор, хар, цагаан мессежний ойлголтын түвшинд, арай дээшиллээ гэхэд, “тухай” ярьдаг Их сургуулийн багшийн лекц, өөрөө уншсан “тухай”-гаар дүүрэн номын зүстэй. Ингээл гүйцээ!

    Яваандаа сайжирсаан, ямартай ч хувьдаа, хоёр ойлголтыг авч чадсан. Нэг нь улс төр, нийгмийн үйл явцыг өрнүүлж байгаа, түүнд оролцож байгаа субьектүүдийн талаарх бодол, хандлага гэнэн юмуу, туйлширсан өнцгөөсөө хөндийрсөн. Нөгөө нь, болж байгаа үйл явцад бэлэн байгаа шинжлэх ухааны аргачлал, тайлбарын үүднээс муйхраар түрж биш, ухамсартай оролцох нэг тийм болгоомжлол мэдрэмж жаахаан суусан байж магадгүй, гэхдээ болчихлоо гэмээр биш. Миний талаас.

    Тиххх, Баярлалаа.

  3. regzen says:

    Заа даа Энэ дээр буй “ТӨР” маань “МОНГОЛ ТӨР” болох нягуур үгүй юм шив дээ Дахиад буртагтаа хутгалдаад гаднынхны гар хөл болж тэдэнд үйлчлээд л “тэнэг ард түмэн байвал цөлмөдөг ТӨР байдаг юм” гэж ард манийгаа доромжлоод л ядарсан Африкийн араас гэлдрэх мэт… харамсаад ч баршгүй…

  4. Дэлгэрмаа says:

    Манай монголчуудын хулгайч тал нь илYY ажилладаг юм байна,эрх мэдэлтэн нь “боловсролтой” хулгайч, жирийн иргэд дунд карманы хулгайч зонхилох…тийм учир хулгайч хулгайчаасаа хариуцлага нэхэх дургуй,найран дундаа: нэг нэгийнхээ хэрэгт “саад” болохгуй явж ирсэн бололтой. Гэвч карманы хулгайчид суйлах карман удахгуй олдохоо болоход эрх биш том гарын хулгайчдаа сонирхож эхлэх нь гарцаагуй. Дээрээс,хажуу беернеес нь хусмлаад,бYр хазаж тасдаж идээд байхад ангайгаад суух бид бYр тэнгийн тэнэг бус уу???

  5. Хатан says:

    Элбэгдорж С.Баярцогтын толгойг илээд байлгаад байсан сонгуульд золих гээд л хадгалаад байсан байнаш дээ стратег сайтай гэдэг нь

  6. би says:

    Зи ч мундаг толгой шүү дэ бурхаан

  7. Дээрхи нийтлэлд дэвшүүлсэн таамгийн хариу нь өнөөдөр гарчихсан байна. Нилээд зөрсөн бололтой.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: