АКАДЕМИЧ И.П. ПАВЛОВ: ОРОСЫН ОЛОН НИЙТИЙН УХААНЫ ТУХАЙ – II

Суут И.П.Павловын лекцийн төгсгөл. Энэ лекцийг уншиж үзээд өөрийнхөө, өөрсдийнхөө монгол ухааныг харьцуулаад үзэхэд юм юм л бодогдоно байх. Ер нь орос, монгол хүнд төстэй зүйл их бий л дээ. Би И.П.Павловын энэхүү лекцийг орчуулснаа гавъяа гэж бодохгүй ч манайханд эрэгцүүлэн бодох, харьцуулан жиших олон зүйл гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Гэтэл огт боддоггүй, угаасаа толгойгүй лаларууд нетээр над руу сүрэглэн дайрч, доромжилж байна. Ажил хийсэн нэгнээ хараан зүхэх бол “сонгодог монгол ухаан” юм. Гэхдээ ийм тэнэг аргаар надад саад болно, миний нэр төрийг гутаана гэвэл ёстой горьд. Ингэх тусам чинь би улам их бичнэ…

Дараагийн тав дахь шинж бол сэтгэлгээний нөхцөлт байдал, тодорхой байдал юм. Бодит байдал гэж юу вэ ? Энэ бол янз бүрийн нөхцөл, зэрэг, жин, тооны биелэл юм. Энэхүү бодит байдлаас гадна юм гэж үгүй. Нептуныг яаж нээснийг санаж астраномийг аваад үзье. Ураны хөдөлгөөнийг тооцож байх үед ямар нэг тоо дутагдаж байгааг олсон ба ингээд Ураны хөдөлгөөнд нөлөөлж буй ямар нэг масс байх ёстой гэж үзжээ. Энэ масс нь Нептун байсан юм. Энд бүх асуудал сэтгэлгээний тодорхой байдалд байна. Гэсэн хэдий ч Леверье үзэгнийхээ үзүүрээр Нептуныг нээсэн гэж цуурцгаадаг.
Амьдралын нийлмэл байдал руу орсон ч гэсэн бас л ийм байдаг. Бидний нүдэнд өртөх төдий ямар нэг өчүүхэн жижиг зүйлс бүх юмыг орвонгоор нь эргүүлж, шинэ нээлтийн эхлэл болсныг тоолохын аргагүй. Бүх асуудал нарийвчилсан нөхцөлт байдал, нөхцлийг нэн тодорхой үнэлсэнд байгаа юм. Энэ бол ухааны үндсэн шинж мөн. Энэ ч яахав ? Харин энэ шинж орос ухаанд хэр бий вэ ? Маш муу. Бид нэвт шувт ерөнхий үндэслэлээр тоглож, хэмжээ хийгээд тоогоор оролдохыг хүсдэггүй. Бид ямар ч нөхцлийг үл харгалзан чинээндээ тултал хүчлэн давхихыг бүх давуу талаа гэж найддаг. Энэ бол оросууд бидний үндсэн шинж болно.
Хүмүүжлийн хүрээнээс жишээ авъя. Хүмүүжлийн эрх чөлөө бол ерөнхий үндэслэл юм. Харин бид ямар ч сахилга батгүй сургууль хэрэгжүүлэх хүртлээ явсныг Та бид мэднэ. Энэ бол мэдээж хэрэг асар том алдаа, тэнэглэл мөн. Бусад үндэстэн бол үүнийг сайн ойлгож, тэнд эрх чөлөө, сахилга бат хоёр зэрэгцэж явдаг. Харин манайд бол ерөнхий үндэслэлд захируулах гэж байнга туйлшралд ордог.
Өнөө үед энэ асуудлыг тайлбарлахад физиологи орж ирж байна. Эрх чөлөө, сахилга бат хоёр бол туйлын тэгш эрхтэй гэдэг нь нэн тодорхой бөгөөд маргаангүй. Бидний эрх чөлөө гэдэг зүйлийг физиологид “хөөрөл”, сахилга бат гэдэг зүйлийг “саатал” гэж нэрлэдэг. Ингээд мэдрэлийн бүхий л үйл ажиллагаа хөөрөл, саатал гэсэн хоёр процессоос бүрдэнэ. Хэрэв хүсвэл хоёр дахь нь бүр ч илүү ач холбогдолтой. Хөөрөл бол ямар нэг замбараагүй зүйл, хаос байдаг бол саатал нь энэхүү хаосын байдлыг тодорхой зааг хүрээнд оруулдаг.
Манай социал-демократын сонирхолтой жишээ авъя. Социал-демократизм бол тодорхой үнэнийг агуулна, гэхдээ бүрэн үнэн биш, учир нь туйлын үнэний төлөө хэн ч зүтгэж чадахгүй. Заводын аж үйлдвэр асар олон хүнийг татаж эхэлсэн эдгээр орнуудын хувьд энергээ хадгалах, ажилчдын амьдрал, эрүүл мэндийг хамгаалах явдал асар том асуудал болдог юм.
Цаашаа, соёлтой ангиуд, сэхээтнүүд голдуу дахин төрөх эрмэлзэлтэй байдаг. Тэдний халааг ард түмний гүнээс гарч ирсэн шинэ хүч авах ёстой. Хөдөлмөр болон капиталын хооронд болж буй энэ тэмцэлд төр ажилчин ангийг хамгаалах ёстой.
Гэхдээ энэ нь нэн тодорхой асуудал, энэ нь аж үйлдвэрийн үйл ажиллагаа хүчтэй хөгжсөн газарт ихээхэн ач холбогдолтой. Манайд ямар вэ ? Эндээс бид юу хийсэн бэ ? Бид энэ үзэл санааг пролетарийн диктатур болтол нь шахсан. Толгойг нь доош, хөлийг нь дээш харуулсан. Соёл, үндэстний оюуны хүчийг бүрдүүлж буй тэр зүйлсийг үнэ цэнэгүй болгосон, машинаар ч оруулж болох одоондоо бүдүүлэг хүч болсон тэр зүйлийг эхний эгнээнд дэвшүүлсэн гаргасан. Энэ бол мэдээж хэрэг бодит байдлыг мухар сохроор үгүйсгэсэн болохоороо сөнөх мөхөх тавилантай.
Манайд: “орос хүнд эрүүл юм, немц хүнд үхэл” гэсэн зүйр үг байдаг. Энэ зүйр үг нь өөрийнхөө зэрлэг бүдүүлэг байдлыг магтсан хэрэг юм. Харин ч урвуугаар “немц хүнд эрүүл юм орос хүнд үхэл” гэх нь хамаагүй илүү шударга гэж би бодож байна. Немцийн социал-демократууд улам шинэ хүчийг олно, харин оросын социал-демократуудаас бол улс төрийн оршихуйгаа алдана гэдэгт би итгэж байна.
Хувьсгалын өмнө орос хүн аль хэдийн бууж өгсөн. Тэгээд яагаав ? Францчуудад хувьсгал байсан, харин манайд бол байхгүй. Хувьсгалд бэлтгэхдээ түүнийг судалсан уу ? Үгүй, бид үүнийг хийгээгүй. Бид зөвхөн одоо л арай гэж ном руу орж уншиж байна. Аль эрт ингэж байсан юм гэж би бодож байна.
Гэхдээ өмнө нь ч гэсэн бид аливаа хувьсгалд байдгийн адилаар ерөнхий ойлголт, үгээр тоглож байсан. Иймээс францчуудын хувьсгалд “Агуу их” гэсэн нэр хавсардаг бол энэ нь манай хувьсгалд байхгүй. Зөвхөн одооноос л бид францын хувьсгалыг судалж, танилцаж байна.
Гэхдээ бид францын хувьсгалын түүхийг биш, харин Польшийн түүхийн төгсгөлийг судалсан нь илүү өлзийтэй гэж би хэлэх байна. Манайд болж буй зүйлс францын хувьсгалтай төстэй гэхээсээ Польшийн түүхтэй илүү төстэйг хараад гайхан шагширч байна.
Өнөө үед энэ асуудал лабораторийн туршилтын түвшинд орж ирсэн. Энэ их сургамжтай. Бид бүхний бахархдаг, бас найддаг ерөнхий зүйл рүү тэмүүлэх, бодит байдлаас салангид нэгтгэн дүгнэлт зэрэг нь мэдрэлийн үйл ажиллагааны хамгийн бүдүүлэг хэлбэр юм.
Гадаад ертөнцийг өдөөгч хийгээд амьтны хоолны хариу үйлдлүүдийн хооронд янз бүрийн холбоо, ассоциаци тогтоож болно гэж би нэгэнт ярьсан. Бид хоолны хариу үйлдэл өдөөхийн тулд орган хөгжмийн дууг холбож өгье, тэгэхдээ эхэндээ бусад дуу авиа ч бас байхаар хийе. Нэгтгэн дүгнэлт хийе. Энэ бол үндсэн факт. Олон дуу авианаас зөвхөн нэг нь л үйлчилдэг болгохын тулд Та тусгай арга хэмжээ авах ёстой ба үүнд тодорхой хугацаа орно. Өөр дуугаар турших үед амьтнаа хооллохгүй байж, ялгаа үүсгэхээр хийж болно.
Энэ талаар амьтад өөр хоорондоо эрс ялгардаг нь тун сонирхолтой. Зарим нохой энэ ерөнхий байдлыг маш удаан хүлээн авах ба ажил хэргийн болон зохистой байдлаа арай ядан сольдог. Зарим нохой үүнийг маш амархан хийдэг. Туршилтыг өөрөөр явуулж болно. Хэрэв Та дуу авиан дээрээ нохойнд үйлчлэх ямар нэг үйлдэл, тухайлбал дуу сонсгох үедээ илэх үйлдэл нэмж болно, Дуу авиа, илэх хоёрыг нэгэн зэрэг хийх үедээ хоол өгөхөө больчихвол эндээс юу гарах вэ ?
Энд ноход ахиад л хоёр хэсэгт хуваагдана. Зарим нохойнд дараах зүйл болдог. Та ганцхан дуу авиа гаргах үед нохойгоо хооллоод, харин дуу авиа, илэх хоёрыг хослуулсан үед хооллохгүй бол нохойнд ялгаа үүснэ. Зөвхөн дуу авиа гаргах үед л нохойнд хоолны үйлдэл үүснэ, харин дуу авианы хажуугаар түүнийг илбэл тайван байна. Зарим нохой яадаг гэж санана. Тэдэнд ажил хэргийн ялгаа үүсдэггүй, харин ч урвуугаар хоолны хариу үйлдэл үүснэ, дээрээс нь нэмэлт өдөөлт нэмэгдэнэ, өөрөөр хэлбэл зөвхөн илэлт, мөн дуутай хосолсон илэлт нь хооллох үйлдлийг дагалдуулахгүй.
Ямар их будлиан, залхуурал, дасан зохицох чадваргүй байгааг харж болно. Энэ нь нэгтгэн бөөгнөрүүлсний үнэ цэнэ юм. Энэ нь давуу тал ч биш, хүч ч биш юм.
Ухааны дараагийн шинж бол шинжлэх ухааны сэтгэлгээ эгэл зүйл рүү тэмүүлэх явдал юм. Энгийн бөгөөд тодорхой байдал бол танин мэдэхүйн төгс эрхэмлэл (идеал) юм. Техникт хамгийн энгийн шийдэл хамгийн үнэ цэнэтэй байдгийг бид мэднэ. Нарийн нийлмэл амжилт гэж байдаггүй. Агуу их сод ухааны үндсэн шинж бол энгийн байдал гэдгийг бид маш сайн мэднэ. Энэ чанарт оросууд бид хэрхэн ханддаг вэ ? Энэ арга манайд хэр хүндтэй байдгийг дараах жишээ харуулна.
Би өөрийн лекцэн дээр намайг бүгдээрээ ойлгоосой гэдэг дээр хатуу зогсдог. Би өөрөө ойлгож байгаа шиг миний сэтгэлгээнд орж ирэхгүй бол би уншиж чаддаггүй. Ийм учраас миний сонсогчиддоо тавьдаг эхний шаардлага бол хэрэв ойлгомжгүй бол намайг шууд таслаж бай гэдэг. Үүнээс өөрөөр бол лекц унших ямар ч сонирхол надад байхгүй болдог. Намайг дурын үгэн дээр таслах эрхийг би өгдөг боловч би үүндээ хүрч чадахгүй л явна. Миний саналыг хүлээж авч болохгүй янз бүрийн нөхцлийг би харгалзсан нь мэдээж хэрэг. Шараа болохоос айх гэх мэт. Шалгалтан дээр энэ бүхэн ямар ч ач холбогдолгүй гэдэг баталгааг би өгч байна, би хэлсэн амандаа хүрнэ. I
Гэтэл яагаад энэ эрхийг эдлэхгүй байгаа юм ? Ойлгосон хэрэг үү ? Үгүй. Манайхан ойлгоогүй тусмаа дуугай байж, өөрийн үл ойлгохуйд амар тайван ханддаг юм. Манайханд заасан зүйлийг ойлгож, түүнийг гартаа авах эрмэлзэл алга байна.
Надад үүнээс бүр ч дор олон жишээ байна. Миний лаборатораар янз бүрийн насны, янз бүрийн түвшний, янз бүрийн үндэстний хүмүүс дамжсан. Үзсэн зүйлсдээ хандаж буй эдгээр зочдын хандлага эрс ялгаатай байдаг нь огт өөрчлөгдөхгүй факт юм. Орос хүн яагаад ч юм үзсэн зүйлсээ ойлгох гэж эрмэлздэггүй. Орос хүн юмыг ухан ойлгох асуулт асуудаггүй, гэтэл гадаад хүн хэзээ ч ингэдэггүй. Гадаад хүн асуулт тавихгүй байна гэж номонд хазгай. Над дээр орос болон гадаад хүмүүс зэрэг ирж ч байсан. Энэ үед орос хүн үнэн хэрэг дээрээ юу ч ойлгоогүй байж ухаж ойлгосон дүр үзүүлдэг, харин гадаад хүн уг сууринд нь тултал асууж шалгаадаг. Энэ нь бүх зүйлд нэвт шувт харагдана.
Энэ талаар өөр ч олон факт гаргаж болно. Миний өмнө физиологийн танхимийг удирдаж байсан профессор Велланскийг би түүхэн талаас нь судлах хэрэг гарсан юм. Нарийн яривал тэрбээр физиологич биш, харин хулгайн философич байсан юм. Велланский тухайн үедээ онцгой дуулиан шуугиан тарьж байсныг би профессор Ростиславичаас маш сайн сонсож билээ. Велланскийн танхим янз бүрийн нас, давхарга, хүйсийн хүмүүсээр пиг дүүрсэн байдаг. Гэхдээ Велланкий надад нягт нямбай, хүсэж шохоорхсон сонсогчид олон байна, харин намайг хэн ч ойлгохгүй байна гэж гомдоллодог гэж би Ростиславичаас сонссон юм.
Тэгэхлээр нь би түүний лекцийг уншихыг сонирхсон боловч тэнд ойлгоод байх юу ч байгаагүй, энэ нь үр ашиггүй натур философи болтлоо доройтсон эд байлаа. Гэтэл сонсогч олон нийт дуу алдаад байдаг.
Ер нь бол манай сонсогчид бүдэг бадаг, барьцгүй зүйл рүү тэмүүлэх эрмэлзэл байдаг юм. Эрдэм шинжилгээний хамтлагт нэгэн сонирхолтой лекц болсныг би санаж байна. Гадаа үүдэнд “ёстой мундаг” гэсэн хүн олон байв. Гэтэл нэг нөхөр “хэдийгээр би юу ч ойлгоогүй боловч ёстой мундаг байна” гэж хашгирч билээ. Түүнийхээр бол бүдэг бадаг, барьцгүй зүйл агуу мундаг болох аж. Ойлгоогүй бүх юмаа мундаг, агуу гэж үзэх явдал хаанаас гарсан юм бол ?
Үйлч хүч болсон ухааны тэмүүлэл бол бодит байдлын анализ мөн бөгөөд энэ нь эцсийн эцэст энгийн бөгөөд тов тодорхой төсөөллөөр дуусдаг. Энэ бол төгс эрхэмлэл бөгөөд үүгээр бахархаж болно.
Гэхдээ ухаанд олдсон тэр зүйлс нь тодорхойгүй үлдсэн зүйлстэй харьцуулахад үртэс, хэлтэрхий төдий юм, иймээс энэхүү өчүүхэн төдий тодорхой зүйл, асар том тодорхойгүй зүйлсийг харьцуулан үзэх ёстой. Мэдээж хэрэг аливаа хүн аль алинийг нь харгалзах ёстой.
Бүхий л амьдралдаа зөвхөн шинжлэх ухааны хувьд тогтоосон тэр зүйлд найдаж болохгүй, учир нь шинжлэх ухааны хувьд тогтоогоогүй зүйлс маш олон буй. Маш олон зүйл дээр зөн билэг, дадал туршлага гэх мэтээ удирдлага болгон өөр үндэслэлээр ч амьдарч болно. Энэ бүхэн үнэн юм.
Гэхдээ энэ бүх сэтгэлгээг орхиод бидний бахархал үл мэдэхүй биш, бидний бахархал тов тодорхой зүйлд байдаг гэж хэлэхийг хүсч байна. Тодорхойгүй, үл мэдэгдэх зүйлс бол ердөө л зовлонт зайлшгүй байдаг. Үүнийг буюу үл мэдэхүйг харгалзах хэрэгтэй, харин түүгээр бахархаж, түүн рүү тэмүүлэх нь бүх зүйлийг орвонгоор нь эргүүлж тавина гэсэн хэрэг.
Ухааны дараагийн шинж бол үнэнд тэмүүлэх явдал юм. Хүмүүс үнэнийг хайж голдуу бүх амьдралаа кабинетэд өнгөрүүлдэг. Гэхдээ энэ эрмэлзэл нь хоёр үйлдэл болон задардаг. Нэгдүгээрт, шинэ үнэнийг олох эрмэлзэл бол сониуч зан хийгээд шохоорхол мөн. Харин нөгөө нь олж авсан үнэн рүүгээ байнга эргэн ирж, байнга шүүн хэлэлцэж, олж авсан тэр зүйл чинь зэрэглээ биш, харин бодит үнэн гэдэгт итгэж, түүнээсээ сэтгэл ханамж авах явдал болно. Нэг нь нөгөөгүй бол утга санаагаа алдана. Хэрэв бид шинжлэх ухааны үр хөврөл болсон залуу эрдэмтэн рүү хандвал түүнд үнэнийг олох эрмэлзэл байгааг олж харж болно, гэхдээ түүнд энэ бол үнэн гэсэн туйлын баталгаа байхгүй. Тэрбээр үр дүнгүүдийг дуртайяа олж, ямар ч асуулт асуудаггүй, харин энэ чинь алдаа биш биз ? Түүний хамт эрдэмтэн хүнийг энэ шинэ юм гэхээсээ энэ үнэхээр бат бэх үнэн үү гэдэг илүү зовоодог. Манайд яадаг вэ ?
Манайд бол хамгийн түрүүнд шинэ зүйл, сониуч зан руу тэмүүлдэг. Бид ямар нэг зүйлийг хараад л болох ба үүгээр манай сонирхол дуусна. (“Хэний ч мэдээжийн юм”) Өмнөх лекцэндээ миний хэлсэнчлэн үнэнийг жинхнээсээ дурлан хайдаг хүмүүс хуучин үнэнд дуртай байдаг, тэдний хувьд энэ үйл явц сэтгэлийн ханамж өгдөг. Харин манайд бол энэ бол цаг зуурын, улиг болсон үнэн болох бөгөөд бид түүнийг мартдаг, ингээд тэрхүү үнэн бидний сонирхлыг татахгүй, бидний байдлыг тодорхойлохгүй. Энэ зөв үү ?
Ухааны сүүлчийн шинжийг авч үзье. Үнэнд хүрэх нь нөр их хөдөлмөр, зовлонгоос бүтдэг. Ингэхээр хүн явж явж үнэн захирагдаж амьдардаг, түүнтэй гүнзгий эвлэрч сурдаг, учир нь хүн үнэн яаж олддогийг мэдэж байдаг. Харин манайд яадаг вэ ? Манайд энэ нь байхгүй, бүх юм урвуугаар болдог.
Шууд л том жишээ авъя. Манай славянофилүүд байна. Тэр үед Орос соёлын хувь юу хийсэн бэ ? Орос ямар үлгэр жишээ дэлхийд үзүүлсэн бэ ? Гэтэл оросууд бид ялзарч буй Барууны нүдийг нээсэн гэдэгт хүмүүс итгэж байна. Хаанаас ийм бахархал, итгэл үнэмшил төрөх болов ? Амьдрал бидний үзэл бодлыг өөрчилсөн гэж бодож байна уу ? Огтхон ч үгүй. Бид хүн төрөлхтнийг майлайлагч гэж бид одоо ч гэсэн өдөр болгон унших шахаж байна. Бид бүхэн бодит байдлыг хэр хэмжээгээр мэдэхээ больсон, бид сураг зөгнөлөөр амьдарч байгааг энэ бүхэн харуулахгүй гэж үү ?
Би шинжлэх ухааны үр дүнтэй ухааныг тодорхойлдог бүх шинжийг авч үзлээ. Бидний харж байгаагаар манайд сонгон авсан шинж тус бүрээр тун базаахгүй байдалд байна.
Жишээлбэл, манайд сониуч шохоорхол л байдаг, бид бүхэн туйлын байдалд хайнга ханддаг. Эсвэл ухааны тодорхой байдлаас бид зөвхөн ерөнхий үндэслэлтэй мэргэжлийг сонгодог. Бид дандаа ашиггүй шугамыг сонгон авдаг ба бидэнд гол шугамаар явах хүч байдаггүй. Үүний улмаас хүрээлэн буй бодит байдалтай үл нийцэх үй түмэн асуудал гардаг.
Ухаан бол бодит байдалд дасан зохицсон танин мэдэхүй юм. Хэрэв би бодит байдлыг олж харахгүй бол түүнтэй би хэрхэн зохицох билээ ? Энд ямагт эвдрэл тохиолддог. Хэдэн жишээ авъя.
Бидний хувьсгалд итгэх итгэлийг аваад үзье. Энд зохицол байгаа гэж үү, дайны үеэр хувьсгал бий болгосон тэр хүмүүсийн зүгээс бодит байдлыг тодорхой харсан явдал гэж үү, Дайн өөрөө аймшигтай, ихээхэн том ажил гэдэг нь тодорхойгүй байсан гэж үү ? Аль нэгийг нь явуулсан ч Бурхан ивээсэн хэрэг. Дайн, бас хувьсгал гэсэн аварга том ажлыг нэгэн зэрэг шууд хийх нь ямар нэг боломж гэж үү ? Хоёр туулайны зүйр үгийг оросын ард түмэн өөрсдөө зохиосон бус уу ?
Манай Думыг аваад үз. Дум дөнгөж цуглангуутаа л нийгэмд засгийн газрын эсрэг дургүйцлийг төрүүлж байна. Манай сэнтийд өөрийгөө өргөмжлөгч сууж, засгийн газар муу гэдгийг бид бүгдээрээ мэдэж байсан. Та бид юу хүсэх вэ ?
Ингээд Та бид нэгэн зэрэг хэзээ ч хийх боломжгүй, мөн өөрсдөө үхэх дайны өмнө, хувьсгалын өмнө гэсэн хоёр том зүйлд тулж ирээд байна. Энэ чинь бодит байдлыг харсан хэрэг үү ?
Өөр тохиолдлыг авч үзье. Социалист бүлгүүд армийг шинэчлэхийг шүүрч авахдаа юу хийхээ мэдэж байсан. Тэд цаг үргэлж зэвсэгт хүчнийг задалж байсан ба тэд армийг устгахыг өөрийн үүрэг гэж үзэж ирсэн. Армийг эвдэх энэ үзэл санаа манайх биш байж ч болох, гэхдээ л армийн хувьд социалистуудад илт харагдам зорилго байсан. Манай цэргийнхэн үүнд хэрхэн хандсан бэ ? Цэргийн эрхийг боловсруулсан янз бүрийн комисст тэд орсон уу ? Энд бодит байдалтай нийцэх юм байгаа гэж үү ? Цэргийн хэрэг бол аймшигтай хэрэг, энэ нь зөвхөн онцгой нөхцөл байдалд л хийгддэг гэдгийг ойлгохгүй хэн байхав.
Бидний амьдралын минут бүр дээсэн дөрөөн дээр байх тийм ажил хэргийг барьж авсан. Янз бүрийн нөхцөлд хатуу сахилга баттай баймаажин хүн тодорхой сэтгэл санаатай болж, өөрийн ажлыг хийж чадна. Та бүхэн эрхийн тухай, эрх чөлөөний тухай бодож эхэлбэл цэрэг армид юу болох бил ээ ? Гэсэн хэдий боловч манай цэргийнхэн цэргийг самууруулж, сахилга батыг уландаа гишгэсэн.
Өөр маш олон жишээ авч болно. Нэгийг л дурдая. Ноён Троицкий дайн зогсоох тухай, армийг тараах тухай мэдэгдэхдээ өөрийн цүнхийг дахин хийсэн Брестийн явдал байна. Энэ чинь асар мунхаг харанхуйн үйлдэл биш гэж үү ? Энэ дэлхийн бүхэнтэй аймшигт, хүчдэлт дайн хийж байгаа өрсөлдөгчөөсөө Та бид өөр юу хүлээх гэж ? Биднийг сул дорой болгоход үүнээс өөр юу хийх ёстой гэж ? Бид өөрийнхөө дайсны гарт бат орсон нь нэн тодорхой байна. Гэхдээ би манай анхны улс төрийн намын гялалзсан төлөөлөгчөөс энэ бол маш ухаантай, зүй зохистой явдал гэж сонссон юм шүү. Бодит байдлыг зөв харахыг бид хэр эзэмшсэн бэ ?
Миний дүрсэлсэн орос ухааны тодорхойлолт маш бараан, үүнийг би харамсан ухамсарлаж байна. Чи гутранги үзэлд автсан болохоороо асуудлыг санаатайгаар харлуулсан гэж хэлэх байх. Би үүнтэй маргахгүй. Нөхцөл байдал бараан авч өнөөдөр Орос орны туулж буй тэр зүйл бүр ч бараан байна.
Энэ бүхэн бидний оролцоогүйгээр явагдсан гэж бид хэлж чадахгүй гэж би бүр анхнаасаа л хэлсэн. Энэ лекцийг юуны төлөө уншиж байгаа юм, үүнийг ашиг тус нь юу вэ гэж Та нар асуух байх. Би оросын ард түмний зовлонгоор даажигнах гэж үү дээ ? Үгүй, энд амьдралын тооцоо байгаа юм. Нэгдүгээрт, энэ бол юмыг байгаагаар нь ухамсарлах бидний нэр төрийн үүрэг байгаа юм. Нөгөө нь энэ лекц юм.
Бид улс төрийн тусгаар тогтнолоо алдаж ч болох ба бид хэн нэгний, дараа нь нөгөөгийн, дараа нь гуравдахийн хөлийн дор орж ч болох юм. Гэхдээ бид ямар ч байсан амьдрах болно !
Эндээс ирээдүйд бид өөрийн тухай төсөөлөлтэй байх нь ашиг тустай гэж дүгнэж болно. Бид хэн бэ гэдгийг бид нарийн тодорхой ухамсарлах ёстой.
Та бүхэн ойлгоно байх. Хэрэв би зүрхний дутагдалтай төрөөд үүнийгээ мэдэхгүй бол би өөрийгөө эрүүл хүн шиг авч явах бөгөөд өвчин удахгүй хүндэрнэ. Ингээд миний амьдрал маш эрт харамсалтайгаар төгсөнө. Хэрэв би эмчид үзүүлж, та зүрхний дутагдалд оржээ, хэрэв Та энэ бүхэнд дасан зохицож чадвал 50 хүртэл насалж чадна. Эндээс өөрийгөө хэн болохыг мэдэх нь цаг ямагт ашигтай байдаг.
Гэхдээ баярлам жишээ бас бий л дээ. Амьтан болон хүний ухаан бол хөгжлийн тусгай эрхтэн юм. Ухаанд амьдралын нөлөөлөл бүхнээс илүү тусч байдаг, ухаан бол тусгай хүний, бас үндэстний тусгай организм мэт бүхнээс төгс хөгжиж байдаг.
Улмаар бидэнд гажиг байгаа ч гэсэн түүнийг өөрчилж болно. Энэ бол шинжлэх ухааны факт юм.
Тэгвэл ард түмэндээ өгсөн миний тодорхойлолт хатуу ял байхаа болино. Бидэнд итгэл найдвар, бас зарим боломж бий. Энэ нь шинжлэх ухааны фактууд дээр үндэслэгдсэн гэж би хэлж байна.
Та дэг журам, хэмжээ зэргийг тогтоож байдаг нэн чухал саатлын систем маш сул хөгжсэн мэдрэлийн системтэй байж болно. Ийм сул хөгжлийн бүхий л үр дагаврыг Та амсах болно.
Гэхдээ тодорхой практик, дасгалын дараа Таны нүдэн дээр мэдрэлийн систем чинь боловсронгуй, гэхдээ маш их боловсронгуй болно. Ингэхлээр юу ч болсон гэсэн бид итгэл найдвараа алдаж болохгүй.
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2016 оны 08 дугаар сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

5 Responses to АКАДЕМИЧ И.П. ПАВЛОВ: ОРОСЫН ОЛОН НИЙТИЙН УХААНЫ ТУХАЙ – II

  1. Erdene says:

    оросын нийгмийн сэтгэл зүйг монголынхтой жишихэд манай 50-80 оны нийгэмтэй төстэй санагддаг. учир нь хатуу сахилга бат, дарануйллын хүчээр нийгэмд тодорхой хэмжээгээр “соёл” тогтож эхэлж байсан юм. өнөөдөр бол анархизм ноёрхсон. шашины хэлээр “цөвүүн цаг” ирсэн гэж хэлнэ.муу, муухай бүхэн “зөв” болж хүмүүс нийтээрээ үүнийг дагадаг болжээ. Орост Бат хаан, Их Петр хаанаас хойш “иргэншил”-ийг нь орвонгоор нь эргүүлсэн тийм гоц хүн арай алга. гэхдээ Путин шиг нь манайд бол бүүр ч алга. Их эртэмтний учирлаад байгаа энэ бүх яриа бол манай шидлүүдэд л хэрэгтэй ухаан байна даа

  2. bat says:

    surgamjtai niitlel baina, bayarlalaa

  3. Гантулга says:

    Энэ цагийн Монгол ухаан бол надаас бусад нь тэнэг гэдэг. Манай 76 уншаасай гэх мэтээр. Тэр юу гэвэл тэр хэдэн тэнэгээ бид хэдэн тэнэг нь манай сор гээд сонгосон биз дээ. Тэгэхээр манай шидэлүүд сайн унших биш бид хэд өөрсдөө сайн унших ёстой. Тэгээд чөтгөрийн тойргоо бодитоор нь зураглаж аваад яахаа шийдэх гэж оролдохын оронд буруутан хайж ухаанаа гайхуулцгаадаг.

  4. batmunkh says:

    Saihan niitlel bna.
    …….
    Бид хэн бэ гэдгийг бид нарийн тодорхой ухамсарлах ёстой.
    Та бүхэн ойлгоно байх. Хэрэв би зүрхний дутагдалтай төрөөд үүнийгээ мэдэхгүй бол би өөрийгөө эрүүл хүн шиг авч явах бөгөөд өвчин удахгүй хүндэрнэ. Ингээд миний амьдрал маш эрт харамсалтайгаар төгсөнө. Хэрэв би эмчид үзүүлж, та зүрхний дутагдалд оржээ, хэрэв Та энэ бүхэнд дасан зохицож чадвал 50 хүртэл насалж чадна. Эндээс өөрийгөө хэн болохыг мэдэх нь цаг ямагт ашигтай байдаг.
    ……………….

  5. Наранбат says:

    Энгийн үнэн ийм, ийм ч байх биз. Ядахдаа юм уншихчаа аяддаг бид уриалагч нөхдөө дорвитой дэмжээд өгөхгүй юм даа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: