МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛҮҮД

ТТЭНН-ын дарга Г.Уянга Хэвлэлийн бага хурал хийж “МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүд”-ийг танилцуулсан юм. Энэ үеэр сэтгүүлчдэд тарааж өгсөн “Үндэслэлийн” бүрэн эхийг олонхи сайт дамжуулалгүй, зүгээр л “жагсаалт” нийтэлжээ. Энэ нь Ц.Элбэгдорж бодит үнэнийг нуух гэж хичээн зүтгэж байгаатай холбоотой гэж бид үзэж байна. Тэр ч байтугай сонгууль болон түүний дараа удаан хугацаагаал шоронд хоригдож байсан Ц.Баянбилэг гэгч этгээд ТТЭНН-ын нэр барьж хурал үймүүлэхийг оролдов. Бидэнд саад болох гэж хэчнээн их оролдох тутам бид олон нийтэд мэдээллээ хүргэх болно. Ингээд ТТЭНН-ын дарга Г.Уянгын мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол орныг өнөөгийн хямралт байдалд хүргэсэн улстөрчидтэй шударга ёсны хариуцлага тооцож, тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө, хямралт нөхцөл байдлаас улс орноо аврахын төлөө бүхий л боломжоороо чармайн ажиллах нь улстөрийн хариуцлагатай хүчний үүрэг хэмээн үзэж, Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намаас Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг огцруулах улстөрийн болон хуульзүйн үндэслэлүүдийг зарлаж байна. Үүнд:
1. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон.
Монгол Улсын төсвийн 40 хувийг дангаар бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийг хууль бусаар хувьд шилжүүлснийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илтэд хаацайлж байгаагаараа зохион байгуулагч гэдгээ илэрхийлж байна.
Ерөнхийлөгч хэлэхдээ: “Эрдэнэтийн хувьчлал гэж хүмүүс яриад байна. Гаднын улс орон, аж ахуйн нэгжид байсан 49 хувь Монголын аж ахуйн нэгжид ирсэн. Тэгэхлээр нэр томъёоны хувьд хувьчлал биш…Хэрэв энэ хувьчлал байсан бол УИХ-аар хэлэлцүүлэх хуультай” гэж мэдэгдэж байна.
Хэрэв Монголын болон Оросын талын аль нь ч хувьчлал явуулаагүй, харин “зүгээр л худалдан авалт” хийсэн байхад яахаараа Эрдэнэтийн 49% ганцхан компанийн хувийн өмч болов гэдгийг Ерөнхийлөгч тайлбарлалгүй, зөвхөн “нэр томъёоны” асуудал гэж нэрлэж байгаа нь ноцтой юм.
2. Монгол улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж, улсад үлэмжхэн хохирол учруулсан.
Жастин Капла нарын “Саус гоби сэндс” компанийн удирдлагуудын Монгол Улсад учруулсан 35 тэрбум төгрөгийн шүүхээр тогтоосон хохирлыг барагдуулаагүй байхад өршөөл үзүүлж нутагт нь буцаасан.
Монгол Улсын шүүхээр Ж.Капла нарын бурууг нотолж шийтгэсэн атал Ц.Элбэгдорж уучлал үзүүлэн тэдэнд ял завших боломж олгосон юм.
Монголын төрийг дээрэлхэж, луйвардсан хүмүүст уучлал үзүүлсэн Ц.Элбэгдоржийн зарлигийг хүчингүй болгож, улмаар МУ-ын Ерөнхийлөгчийн ҮХ зөрчсөн эсэх асуудлыг ҮХЦ-ээр шийдвэрлүүлэх хоёр асуудлыг ТТЭНН-ын дарга Г.Уянга УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа УИХ-д оруулсан боловч ХЗБХ энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Гэмт этгээдүүдэд хууль бус уучлал үзүүлснээрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндсэн Хуулийг ноцтой зөрчиж эрх мэдлээ хэтрүүлсэн.
3. “Рио Тинто” компаниас байр авсан нь авлигын шинжтэй.
2012 онд Ц.Элбэгдорж 2012 онд “Оюу Толгой” компанийн Brian Marsden гэгчтэй P13271 гэрээ хийж, “Brauhaus” хотхоноос 7 тоот байрыг 36 сая 369 мянган төгрөгөөр хувьдаа хүлээн авсан ба түүнийгээ “Оюу Толгойн олон улсын БОННҮ-030d дэмжлэг үйлчилгээний Onshore-заалт”-ыг үндэслэн…” гэж хүлээн авсан баримтыг судлаач Д.Ганхуяг нийтэлж байв. Энэ баримтыг шалгах ажлыг холбогдох хууль, хяналтын байгууллага өнөөдрийг хүртэл хийгээгүй байна.
4. 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн ТББ- д зориулж 3 сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан.
Энэ бол илт тодорхой авилгын хэрэг байж болзошгүй юм.
“Оюу Толгойн” гэрээ болон бусад гэрээ хэлэлцээр цаг ямагт Монгол Улсад халтай байдгийн гол бөгөөд үндсэн, далд бөгөөд суурь шалтгаан нь үүнд нуугдаж байна гэж үзэж байна.
5. Өөрийн найз Роберт Пейнтерт Монголын мөнгийг зувчуулсан.
“Оюу Толгой” компанид зөвлөгөө авахаар төсөвт 17,5 тэрбум төгрөг суулгаж, энэ мөнгөний тодорхой хувийг хэдийн шилжүүлсэн нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найз Роберт Пейнтер, түүний эхнэрийн байгуулсан “Painter Law Firm” гэгч жижиг компани байлаа.
Ерөнхийлөгч тринозавр батаарын ясыг авчрахад гавъяа байгуулсан гэж Роберт Пейнтерийг Монгол төрийн дээд шагнал “Алтан гадас” одон”-гоор шагнаж байжээ. Мөн өндөр үнэтэй (17 тэрбум төгрөгийн) зөвлөгөө авахаар бол гадаадын зөвлөгөө өгдөг компаниудын дунд нээлттэй тендер зарлах ёстой атал ингэсэнгүй, Монголын тал мөнгөө шууд шилжүүлжээ. Оюу Толгойг олон улсын хэмжээний мега төсөл гэж ярьчихаад “зөвлөгөө” авах болохоороо хоёрхон хүнтэй эрүүл мэндийн үйлчилгээ болон “гэрээслэл” хийж өгдөг жижиг компанийг, чингэхдээ Ц.Элбэгдоржийн найзын компанийг сонгосныг АТГ, зохих байгууллагууд шалгах ёстой.
6. Санхүү-Эдийн засгийн нөхцөл байдлаа тооцолгүй, АСЕМ-ын уулзалт хийснээр эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.
2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АСЕМ-ын уулзалтыг Монголд хийх амлалт өгснөөр Монгол Улсад дааж давшгүй их дарамт учруулж, эдийн засгийг туйлдуулж, санхүүгийн сангийн уутыг гөвөхөд томоохон нэмэр болсон юм. Эдийн засгийн бодит бололцоо, нөхцөл байдлыг харгалзалгүй, зөвшилцөлгүй, дангаад дур мэдэн ийнхүү зарласан энэ үйлдлийн төлөөсөнд 600 илүү тэрбум төгрөгийн бодат зардал гаргасан нь эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд томоохон бодтой дарамт болсон.
7. “Байнга төвийг сахих бодлого” гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан.
Төрийн эрх барих дээд байгууллага-УИХ-тай зөвшилцөлгүй “Байнга төвийг сахих статус” гэгчийг дэлхий нийтэд шууд зарлаж, үүнийгээ хуульчлан батлуулах оролдлого хийсэн нь өнөөг хүртэл тогтвортой, цэгцтэй, аль ч нам нь засгийн эрхэнд гарсан хэлтийлгэж хөндөлгүй байсаар ирсэн гадаад бодлогыг ноцтой гажуудалд оруулсан юм. Газарзүйн онцгой байрлалаар хоёр талаараа хоёр том гүрнээр хүрээлэгдсэн Монгол орны хувьд дур мэдэн ийм мэдэгдэл хийсэн нь манай улстөрийн төдийгүй эдийн засгийн эрх ашгийг ч ноцтойгоор хөндсөн үйлдэл болсон. Энэ талаарх дургүйцлээ хоёр хөрш хоюул ил тод илэрхийлж байсан нь түүний алдааг батлах баримт мөн гэж үзэж байна.
8. Монгол Улсыг нэгдмэл (унитар) улс биш, “холбооны улс” болгох оролдлогыг тасралтгүй хийж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “шууд ардчилал тогтоох”, “орон нутагт эрх мэдэл шилжүүлэх” гэх мэт яриа, оролдлогууд Монгол Улсын төрт ёсонд илтэд харшилж, Монгол Улс нэгдмэл биш, бие даасан аймгуудын холбоо болох хандлага болж хувираад байна. Энэ нөхцөл байдлыг “феодалын бутрал”-ын үеийнхтэй зүйрлэж болохоор болов. Нийслэл, аймгууд гадаадад төлөөлөгчдийн газар нээх, гадаадад бие төлөөлөгч суулгахаас эхлээд аймгийн засаг дарга нар эхнэрийн хамт парад хүлээж авдаг, сумдад 9 хөлт цагаан туг залахыг гайхахаа больж дасч эхэллээ.
Монгол Улсын Үндсэн Хуульд: “Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна” гэж заасан. Орон нутагт эрх мэдлийг шилжүүлэх, шууд ардчиллын тухай Ерөнхийлөгчийн үг яриа, үйлдлүүд Үндсэн хуулийг зөрчиж байгаа томоохон баримт юм.
9. “Давхар дээл”-ийг анх бий болгосон.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “давхар дээл”-ийн асуудлыг анх санаачилж өөрөө гардан хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь бүхэлдээ Үндсэн Хууль зөрчсөн үйлдэл байсан юм. Үйл явдлыг он дарааллаар жагсаавал:
1998.01.15. “УИХ-ын гишүүний эрх зүйн байдлын тухай” хууль баталж, УИХ-ын гишүүд нь Ерөнхий сайд, гишүүнээр ажиллаж болохыг хуульчлав. Ингэснээр Монгол Улсын түүхэнд анх удаа Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн Газар бүхэлдээ УИХ-ын гишүүдээс зуун хувь бүрдэх болсон.
1998.10.23. Иргэн Д.Ламжавын гаргасан өргөдлийг Үндсэн Хуулийн Цэц хэлэлцээд хуулийн энэ заалт “Үндсэн Хууль” зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргав.
1998.11.12. УИХ Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн тогтоол гаргав.
1998.11.24. Үндсэн Хуулийн Цэц УИХ-ын энэхүү 112 дугаар тогтоолыг авч хэлэлцээд “УИХ-ын гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн Газрын гишүүний үүргийг хавсран гүйцэтгэж болно” гэсэн заалт болон уг тогтоолыг хүчингүй болгов. Үндсэн Хуулийн Цэцийн тогтоол эцсийн шийдвэр бөгөөд гармагц хүчин төгөлдөр болдог.
Ингэснээр тухайн үеийн Ц.Элбэгдоржийн Засгийн Газарт буй УИХ-ын гишүүд Засгийн Газарт үргэлжлүүлэн ажиллах эрх зүйн боломжгүй болсон юм. Гэтэл Засгийн газрын тэргүүн Ц.Элбэгдорж Үндсэн Хуулийн Цэцийн энэ шийдвэрийг үл хэрэгсэн ажилласаар байсан билээ. Харин одоо Ерөнхийлөгч “Шинээр томилогдох сайдууд УИХ-ын гишүүдээс биш, харин Их хурлын “гаднаас” томилогдох ёстой. Нэг хүн хоёр өөр газар ажилладаг, гүйцэтгэх эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг, хууль тогтоох эрх мэдлээ ч хэрэгжүүлдэг ийм байдал парламентын засаглалын үндсэн зарчмаа зөрчиж байгаа хэрэг юм. Нэг субьект гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийг давхардуулан хэрэгжүүлэх боломж манай Үндсэн Хуульд байхгүй” гэсэн эсрэг зарчим тунхаглах болов.
Зарчмыг нэгэнт тунхагласан бол ярьдаггүй, өөрчилдөггүй, ердөө л мөрддөг. Зарчим гэдэг бол суурь үнэн, хууль, хөдөлгөгч хүч, аль нэгэн үйл ажиллагааны үндсэн дүрэм, дотоод итгэл үнэмшил, зан үйлийн хэм хэмжээний үндэс, ёс суртахуун, үзэл бодлын хамгийн нандин хэсэг мөн.
Монгол Улс зарчмыг мөрддөггүй, зүгээр л ярьдаг зарчимгүй хүмүүсийн хоёрдмол зарчмын нь туршилтын талбар байх ёсгүй.
10. “Ухаалаг төр” гэгчээр төрийг өмчгүй болгон хүчгүйдүүлэх бодтой алхам хийв.
2013 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Том төрөөс ухаалаг төр лүү” сэдэвт Үндэсний зөвлөлдөх уулзалт зохион байгуулж “Ухаалаг төр” гэсэн хэлцийг улстөрийн эргэлтэд орууллаа. Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг ёсоор “ухаалаг төрийн” агуулга нь: Нийслэлийн өмчийн “Хангарьд ордон”-г төр түрээслэх нөхцөлтэйгөөр хувьчлах; “Хангарьд ордон”-г төр түрээсэлж Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газраас бусад агентлагийг тус ордонд багтаах; Хуучин хэвлэх үйлдвэрийн суурин дээр төр түрээслэх нөхцлөөр хувийн өмчийн барилга бариулах; ГХЯ, БХЯ-аас бусад бүх яамдыг тус барилгад багтаах” асуудал л орж байв. Эдгээр нь бүгд худалдаа арилжааны асуудал юм.
Ийнхүү Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “ухаалаг төртэй” болох нэрээр төрийн өмчийн наймаа худалдааг үргэлжлүүлж, үүний улмаас Монголын төрийн байгууллагууд бэлэн байшингаа хувьчлан оронд нь шинээр түрээсийн байшин хайх инээдэмт байдалд орсон юм.
11. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1-т “Ерөнхийлөгч УИХ-д ажлаа хариуцаж жил тутам үйл ажиллагааныхаа талаар танилцуулж байна” гэж заасан. Гэтэл найман жил Ерөнхийлөгч хийхдээ УИХ-д нэг л удаа хуулийн дагуу үйл ажиллагааныхаа тайланг тавьсан нь Ерөнхийлөгчийн тухай хууль, Үндсэн хуулийн 35-р зүйлийн 35.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.
12. Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгоогүй эрхийг эдэлж ГХЯ, ТЕГ, АТГ болон хуулийн байгууллагын бусад томилгоог Засгийн газраас булаан авсан. Ингэснээр Ч.Сайханбилэгийн болон Ж.Эрдэнэбатын Засгийн газрын кабинетийн чадавхийг бууруулж, Засгийн газрын үйл ажиллагаанд дур мэдэн оролцож, эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж, өөртөө төвлөрүүлэх дур зоргын санаархлаа зогсоохгүй байна.

Улс төрийн дүгнэлт
Улстөрийн болон хуульзүйн дээрх ноцтой алдаануудыг гаргаж, Үндсэн хуулийн дагуу Ерөнхйилөгч Ц.Элбэгдоржийг огцруулах хангалттай үндэслэл хэмээн ТТЭНН үзэж байна. МУ-ын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 32-р зүйлийн 32.2-т заасны дагуу “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэх эрхт байдал, ард түмнийхээ эрх чөлөө, үндэсний эв нэгдлийг эрхэмлэн хамгаалж, Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерөнхийлөгчийн үүргээ шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” хэмээн УИХ-д тангараг өргөдөг. Дээрх үйлдлүүдээрээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөсөн тангаргаасаа няцсан хэмээн ТТЭНН үзэж байна.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн тухай асуудлыг УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүй нь албан ёсоор тавибал Үндсэн хуулийн 35-р зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу УИХ хэлэлцэж Ерөнхийлөгчийг огцруулах эсэхийг шийдвэрлэнэ”. Үндсэн хуулийн 35-р зүйлийн 2-т “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна” гэж заасан.
Дээрх үндэслэлүүдийг Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуулийн дагуу хэлэлцэх эрх бүхий УИХ-ын гишүүд, ХЗБХ, УИХ-ын даргад илгээх болно. УИХ асуудлыг хуулийн дагуу хэлэлцэх ёстой. Бид шаардлагыг тасралтгүй тавьж, нэхэмжлэлийнхээ шаардлагыг хангуулахын тулд боломжит бүхий л хэлбэрээр шаардаж тэмцэх болно.
ТУСГААР ТОГТНОЛ, ЭВ НЭГДЛИЙН НАМ
2016 оны 12 дугаар сарын 6

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛҮҮД

  1. bat says:

    kappa, painter ntr geed arai arai… ene talaar social media ntr ni tag shvv.

  2. Tsetsen says:

    Огцруулж чадахгүйээ.Төрд байгаа аалзны тор шиг хэлхэгдсэн луйварчидыг coup d etat хийж л зайлуулах
    байх даа.Эсвэл оюун санааны хувьсгал гарч байж…Тэр болтол өдий еээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: