Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ҮЙЛИЙН ҮР

Саяхан буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-нд ТТЭНН-ын дарга Г.Уянга “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах үндэслэлүүд”-ийг зарлав. Төр засаг улс төрийн нэн чухал ач холбогдол, үр дагавар бүхий энэ баримт бичгийг олон нийтэд тараахгүй байх бүх талын арга хэмжээ авахын зэрэгцээ ихэнхидээ таг дуугай байж, хааяа хэн ч үл мэдэх нусан буунуудаар сулхан эсэргүүцэл үзүүлж байна. Хаашаа ч хөдлөх аргагүй бодит баримтын өөдөөс таг чиг болох нь Ц.Элбэгдоржийн шалгарсан арга юм. Учир нь Монголын ард түмэн амархан мартдаг гэдгийг тэр дэндүү сайн мэддэг юм. Үнэн хэрэг дээрээ ТТЭНН-ын гаргасан улс төрийн үндэслэлүүд олон жилийн судалгаанд тулгуурласан, сайтар судалсан, хор уршиг нь тов тодорхой хаашаа ч бултан газаргүй, хөдөлшгүй үндэслэлүүд юм. Үүнийг эсвэл таг дуугай байх, эсвэл “ердийн зүйл” гэж тайлбарлах аргаар үгүйсгэх ямар ч боломжгүй.
Худлаа юу ?!
ТТЭНН-ын дарга Г.Уянга дараах 12 үндэслэл гаргасан ба энэ нь асар олон үндэслэл дундаас системтэй судлаж, шигшиж гарган ирсэн ихээхэн ноцтой бодит баримтууд юм. Энэхүү 12 үндэслэл энэ байна:
1. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар хувьчлах далд ажиллагааг зохион байгуулахад оролцсон.
2. Монгол улсад үлэмж их татвар төлөлгүй нуун дарагдуулсан Жастин Капла нарын этгээдүүдийг хууль зөрчин өршөөж, улсад үлэмжхэн хохирол учруулсан.
3. “Рио Тинто” компаниас байр авсан нь авлигын шинжтэй.
4. 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн ТББ- д зориулж 3 сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь илт тодорхой авилгын хэрэг байж болзошгүй.
5. Өөрийн найз Роберт Пейнтерт Монголын мөнгийг зувчуулсан.
6. Санхүү-Эдийн засгийн нөхцөл байдлаа тооцолгүй, АСЕМ-ын уулзалт хийснээр эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.
7. “Байнга төвийг сахих бодлого” гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод ноцтой хохирол учруулсан.
8. Монгол Улсыг нэгдмэл (унитар) улс биш, “холбооны улс” болгох оролдлогыг тасралтгүй хийж байна.
9. “Давхар дээл”-ийг анх бий болгосон.
10. “Ухаалаг төр” гэгчээр төрийг өмчгүй болгон хүчгүйдүүлэх бодтой алхам хийсэн.
11. Ерөнхийлөгч УИХ-д жил тутам ажлаа тайлагнах хуулийн заалт байсаар атал найман жил Ерөнхийлөгч хийхдээ УИХ-д нэг л удаа, чингэхдээ шаардуулж байж тайлангаа тавьсан.
12. Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгоогүй эрхийг эдэлж ГХЯ, ТЕГ, АТГ болон хуулийн байгууллагын бусад томилгоог Засгийн газраас булаан авсан.
Ийм хөдөлшгүй үндэслэл 12-ыг байтугай 1-ийг гаргасан тохиолдолд улс төрийн ямар ч албан тушаалтан, түүний дотор Ерөнхийлөгч огцордог нь олон улсын жишиг. Солонгосыг харахгүй юу ?! Гэтэл манайд юу ч болоогүй мэт дүлий дүмбэ оргихоос гадна эл мэдээллийг хаах, хориглох бүх талын арга хэмжээ авч байна. Энэ бүхэн Монголын төрт ёс, төрийн систем хэр адгийн, арчаагүй хэмжээнд ортлоо доройтон ялзарсны баттай шинж мөн.
Ял гэмийн баримт дэндүү хангалттай.
Энэ бол хамгийн энгийн атлаа хамгийн хүнд асуудал юм. Ноён Ц.Элбэгдоржийн алдаа дутагдал, гэмт явдлын талаар би болон бусад олон хүн хангалттай бичиж сануулж байсан юм. Харамсалтай нь манайхан бага дээр нь засаж, аюулаас сэрэмжлэхийн оронд бичсний дараахан баахан шуугиж байгаад мартчихдаг ард түмэн билээ.
“Эртхэн шиг хэлж байя” 2010.03.23, “Одоо мэддэг хэлээр нь ярина” 2012.01.02, “Зарчим хоёрдвол завхрал болдог” 2012.01.14,  “Төр сүйрүүлэх авъяас” 2013.06.01, “Үгс” 2013.06.11, “Тэнэг нь дэндэхээр” 2014.01.09, “Одоо ч хөвөрнө дөө” 2015.02.10, “Монгол дахь америкийн “зөөлөн хүч” 2015.03.26, “Үүнийгээ эхлээд тайлбарлачих, тэгээд яахыгаа өөрөө мэд”  2015.04.03 , “Хэлсэн үгэндээ эзэн бол идсэн хоолондоо сав бол” 2015.05.26, “Мангаа До-гийн эцсийн зүүд” 2016.04.05, “Мангаа До-гийн дэглэмийн хэв шинж” 2016.05.28. Энэ бол Ц.Элбэгдоржийн талаар зөвхөн миний бичиж сануулсан өгүүллүүд юм. Үүнээс гадна миний улс төрийн бусад аналитик өгүүллүүдэд Ц.Элбэгдорж орохгүй, дурдагдаагүй өнгөрсөн тохиолдол ганц ч байхгүй. Бусад олон хүн маш олон удаа Ц.Элбэгдоржийн гэм нүглийг хангалттай дурдсан. Өөрөөр хэлбэл ноён Ц.Элбэгдоржийн гэм нүгэл, ял зэм Монголын ард түмэнд дэндүү тодорхой, үүнийг хүн бүр мэддэг.
Бүх улс төр-түүхийн болон сэтгэл зүйн нөхцөл ийм адгийн болсон атал Ц.Элбэгдорж тэсэж үлдээд улам улам дарангуйлагч болдог нь ямар учиртай вэ ? Энд учирсаад байх юм байхгүй харин Ц.Элбэгдорж Монгол төрийг углуурга заадсаар нь сулруулж, арчаагүй дампуу, адгийн бэртэгчин, зах зээлийн төр болгон хувиргасанд оршино.
Зөрчлийн учиг.
Одоо яагаад гэсэн энгийн мөртлөө хүнд асуудалд товч хариу өгье.
2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Монголын улс төрийн хүчний хуваарилалтад эрс өөрчлөлт гарч нам дамжсан олигархи цөөнхийн дотоод төвлөрөл явагдаж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон МАН-ын дарга М.Энхболд хоёрын нэгдэл бусад бүлгүүдээсээ товойн гарч, Монголын улс төрийг бараг дангаараа тодорхойлох болов.
Энэ нь тэдний нэлээд эртний санхүү-эдийн засгийн “хамтын ажиллагаа”- наас эхтэй юм. 2005 онд Н.Энхбаяр Ерөнхийлөгч болж, УИХ дахь түүний суудлын төлөө 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас тухайн үеийн намын дарга М.Энхболд, АН-аас Ц.Элбэгдорж нэр дэвшсэн юм. Гэтэл АН-аас нэр дэвшсэн Ц.Элбэгдорж сонгууль болохоос ердөө хэдхэн цагийн өмнө сонгуульд өрсөлдөхөөсөө татгалзсан билээ. Тухайн үед энэ явдлыг хэн ч тайлбарлаж чадаагүй боловч үүний цаана ноцтой шалтгаан байсан ба энэ нь Оюу Толгой, Таван Толгой болон банкны салбарыг МАН, АН хоёр хяналтандаа хуваан авсан үйл явдал байжээ. Ямар ч гэсэн энэ үеэс М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрын “үерхэл нөхөрлөл” эхэлсэн түүхтэй.
2012 оны УИХ-ын сонгуульд АН ялсан мэт боловч бүлгүүдийн зөрчилдөө идэгдэж, засаглалын хямрал үүссэн юм. Чухам энэ замбараагүй байдал нь 8 жил Ерөнхийлөгч хийж асар их туршлагатай болсон Ц.Элбэгдоржид гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг гартаа төвлөрүүлэх боломж олгожээ.
Н.Энхбаярыг С.Баяртай нийлж онхолдуулсан Ц.Элбэгдорж “Алтан гадас” буюу МАНАН-г захирахын төлөө нүсэр тэмцэл явуулсан ба энэ нь Монголыг дангаар захирах эрх мэдлийн төлөө тэмцэл байсан юм.
Ц.Элбэгдорж эхлээд хууль, хүчний байгууллагуудыг гартаа атгаж, улс төрчид болон бизнес эрхлэгчдийн “идсэн уусан” болон авилга луйврын хэргүүдийг баримтжуулж авчээ. Энэ нь маш олон “хавтаст хэрэг” болсон гэдэг. Улмаар энэхүү асар их мэдээллээ ашиглан тэднийг атгандаа оруулах ажлыг амжилттай хэрэгжүүлжээ. Аргагүй байдалд орсон тэдгээр хүмүүс Ц.Элбэгдоржийн хэлснийг дагах болсноор үл барам түүний өөдөөс дуугарах ч эрхгүй байдалд оруулав. Үүнийг “бүлдэгдэх” гэсэн нэр томъёо яг таг илэрхийлдэг. Одоо энэ томъёо нэгэнт ард түмний хүртээл болжээ.
Ц.Элбэгдорж ингэж “бүлдэгдэх” үедээ нэг бүрчлэн ажиллах аргыг хэрэглэсэн юм. Өөрөөр хэлбэл тэр шоронгийн түлхүүр эргэлдүүлсэн аймшигт амьтан болж хувирав. Эхлээд тэр МАН-ын хүмүүсийг шоронд илгээдэг байсан бол арай хожим түүнийг илт эсэргүүцэх болсон АН-ын хүмүүсийг шоронд илгээдэг болов. Нэн ялангуяа эрх мэдэл булаалцалдаж, нам дамнасан МАНАН бүлэглэлээс салж, АН дагнасан шинэ бүлэглэл үүсгэх гэж оролдсон Н.Алтанхуягийн эсрэг олон жил тэмцэл явуулсан юм.
Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болсноос хойш түүнийг унагах гэсэн 2 удаагийн оролдлого бүтэлгүй болсон авч МАН-тай хамтран ажилласны үр дүнд 3 дахь оролдлого нь амжилттай болж, түүнийг огцруулав. Энэ бүх оролдлогыг Ц.Элбэгдорж биечлэн зохион байгуулсан нь эргэлзээгүй факт юм.
АН дахь бусад бүлгүүд, тухайлбал “Жижиг Алтангадасын”, Н.Алтанхуяг, “Шонхор”-ын З.Энхболд, МоАХ фракцийн Н.Баттулга нар хүчээ нэгтгэж чадаагүйн улмаас дэс дараалан ялагдал хүлээв. МАН-тай, түүний дотор М.Энхболдтой тогтоосон холбоо харилцаа нь Ц.Элбэгдоржид ялалт олох үндсэн боломжийг бүрдүүлжээ.
Энэ бүхний үр дүнд Ц.Элбэгдорж Тагнуул, Цагдаа, Авилгатай тэмцэх газар, Шүүх, Прокурор зэрэг хүчний бүх байгууллагуудын дээд өндөрлөгийг бүрэн эзэлжээ. Дараа нь тэрбээр энэхүү хүчирхэг механизмаа ашиглан санхүү-эдийн засгийн салбарт голлох өндөрлөгүүдийг эзлэн авчээ.
Одоо түүний мэдэлд Хөгжлийн банк, “Голомт”, Худалдаа хөгжлийн банк болон бусад том том салбарын үндсэн эрх мэдэл төвлөрөөд байна. Мөн “Энержи ресурс”, MCS зэрэг томоохон бүлэглэлүүд түүний мэдэлд байна.
Ц.Элбэгдорж олбол зохих “бүх ялалтыг” байгуулсан мэт боловч цаг хугацаа, үнэн мөн гэдэг хатуу шалгууртай тулгараад байна. Учир нь ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд тэр 3 дахь удаагаа өрсөлдөх хуулийн боломжгүй.
Ц.Элбэгдоржийн өөрийнх нь нас залуу, харин улс төрийн нас нь хөгшин байгаа нь түүний хамгийн том зөрчил болно. Гэхдээ тэр хувь хүнийхээ хувьд улс төрөөс хэзээ ч салахгүй зууралдах төрөлх араншинтай. Одоо түүнд улс төрийн насаа уртасгах ганцхан зам байгаа. Энэ нь АН-ыг аль болох сулруулан “юу ч биш” болгохын хамт МАН талаас түүнийг шоронд илгээчихгүй байх найдвартай хүн хэрэгтэй ба энэ нь түүний олон жил хамтран ажилласан М.Энхболд болно.
Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа АН-д “аврагчийн дүр”-ээр эргэн ирж улс төрд буцаж орохыг оролдож байгаа нь эдүгээ хэн бүхэнд тодорхой байна. Ямар ч гэсэн Ц.Элбэгдорж АН-ын хамгийн гол фракц МоАХ-г Х.Баттулгыг “бүлдэгдэж” байгаад эзлэн аваад байна. Х.Баттулгад шахалт үзүүлнэ гэдэг бол З.Энхболдод давхар дарамт учруулж буй хэрэг мөн. Дашрамд дурдахад МоАХ бол АН-ын хамгийн дайчин, үзэл санаандаа үнэнч партизанууд байдаг.
Ц.Элбэгдорж АН-ыг УИХ-ын сонгуульд ялагдуулах, тодруулбал жижиг тойргоор сонгууль явуулахыг санаачилж, биечлэн зохион байгуулсны үр дүнд АН бараг сүйрлийн ялагдал хүлээв. Өөрийн хувийн эрх ашгийн төлөө төрөлх намаа ингэж хайр найргүй сүйтгэдэг хүн энэ дэлхийд Ц.Элбэгдоржоос өөр байхгүй.
Энэ хооронд 2012 оны сонгуульд МАН-ыг ялагдуулсан Ө.Энхтүвшин, У.Хүрэлсүх нар түр явж М.Энхболд МАН-ын дарга болов. МАН-ыг шинэчлэх хөдөлгөөнүүд борооны дараах мөөг шиг олшров. Энэ нь МАН-ын эрх мэдлийг хэн дангаар хянах вэ гэсэн өрсөлдөөн байсан бөгөөд энэ нь одоо ид үргэлжилж байна. Олон үйл явдал болсны дараа ялалт байгуулсан МАН-ын “нийслэлийн” фракцын ахлагч МАН-ын дарга М.Энхболдын амжилт эхлэв. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг унагаж, түүний өрсөлдөгч Ц.Элбэгдоржид МАН үлэмж тус хүргэснийг олон хүн мартаагүй байгаа.
АН-ын дампуурал илт болох тусам МАН-ын ялалтыг дэмжигчид олширч тэд зөвхөн М.Энхболдод ханддаг болсон ба үүний хариуд Н.Энхболд зөвхөн амлалт л өгөх ажилтай үлдсэн ба энэ нь түүний амжилт олох гол нөхцлийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд Н.Энхболд сөрөг хүчин байхдаа ч хүчний байгууллагуудад өөрийн хүмүүсийг томилж чадаж байсан юм.
2016 оны сонгуулийн өмнө М.Энхболд “томилгооны арга”-аар нам төрийн боловсон хүчний сүлжээгээ бий болгож, бэлэн болгосон байсан юм. Харин сонгуулийн дараа энэхүү “томилгооны аргаа” хамаагүй их хэтрүүлж, зөвхөн өөрийн бүлгийн хүмүүсийг дэвшүүлэх болсон тул МАН-ын бусад бүлгүүдийн дургүйцлийг хүргээд байна. Ингээд “бусад бүлгүүд” салангид байдлаас “эв нэгдэлд” шилжиж эхлэв.
МАН дотоод асуудлаа гадагш гаргадаггүй боловч энэ удаад УИХ дотор М.Энхболдыг болон түүний Засгийн Газрыг эсэргүүцэгч нэлээд хүчтэй бүлгийг бүрдүүлж байна. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Сү.Батболд, У.Хүрэлсүх нар энэ бүлгийн цөм болж байна.
М.Энхболд баттай ялалт байгуулсныхаа дараа “ном ёсоор” бол өөрөө Засгийн Газраа толгойлох ёстой атлаа сул дорой, үхээнц Б.Эрдэнэбатыг томилов. Энэ нь Засгийн Газар унах өндөр магадлалаас шалтгаалсан гэж үзэж болно. Үнэхээр ч МАН болон түүний Засгийн Газарт хямралаас гарах ямар ч төлөвлөгөө байхгүй нь нэн тодорхой байна. МАН мөнгө зээлэх, аль болох их мөнгө зээлэхийг “эдийн засаг” гэж ойлгодог болжээ.
МАН болон АН-ын олигархи цөөнхи мөнгө зээлэхийг л тэсэн ядан хүлээж байна. Мөнгө олоод ирсэн тохиолдолд сонгуулийн үеэр гаргасан зардлаа нөхнө гэж ил цагаан хэлэх хүмүүс ч олон байна. Үүнтэй холбоотойгоор “шархаа нөхөх” гэсэн нэр томъёо хүртэл гарсан байна. Ингээд удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар “өөрт мөнгө өгөх” “өөрийн хүн” томилох өрсөлдөөн хоёр намд ид явагдаж байна.
АН-ын даргын сонгууль буюу сунгаанд Ц.Элбэгдоржийн хүн ялах уу, бусад бүлгийн хүн ялах уу гэдэг нь АН-ын болон Ц.Элбэгдоржийн дараагийн хувь заяаг шийдвэрлэнэ.
Одоогийн байдлаар АН дахь Ц.Элбэгдоржийн эсрэг хүчин нэгдэж, түүнд Н.Алтанхуяг, З.Энхболд, Ж.Баттулга нар нэгдээд байна. Албан тушаалд байхдаа хэзээ ч эвлэрч байгаагүй З.Энхболд, Н.Алтанхуяг нар гар нийлж ажиллаж байгаа нь тодорхой байна.
Үүний эсрэг Ц.Элбэгдорж Х.Баттулгыг “шоронгоор” дарамталж байна. Энэ бол Х.Баттулгаар дамжуулан З.Энхболдод шахалт үзүүлж буй хэрэг мөн. Ц.Элбэгдорж “нам унагасан” гэх шалтгаанаар өрсөлдөгчдөө намнах оролдлого хийж байхад “бусад бүлэг” “өөрийн” гэсэн “шинэ хүн” олох гэж тэмцэж байна.
МАН-ын Бага Хурал болж МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн Даргаар Д.Амарбаясгаланг сонгов. Энэ нь М.Энхболд, У.Хүрэлсүх хоёрын тохиролцоогоор болсон ба Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-ын Засгийн Газар унах магадлалыг улам баттай болгож байна. Гэвч энэ нь маш их эрсдэлтэй бөгөөд МАН-ын болон Засгийн Газрын нэр хүнд унаснаас шалтгаалж МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч унах өндөр магадлалтай.
2009 оны сонгуулиар МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн Н.Энхбаярыг унагах ажлыг С.Баяр, Ц.Элбэгдорж хоёр хамтран зохион байгуулсан “арвин баян” туршлага МАН-д бий. Иймээс М.Энхболдыг “дэвшүүлэн зайлуулах” аргаар унагах өндөр магадлалтай. Хэрэв М.Энхболд унаж өөр хүн Ерөнхийлөгч болбол Ц.Элбэгдоржийн “оймс гозойх” гэсэн өөр нэг магадлал улам өндөрсөнө.
Энэ бүхнийг дүгнэж үзвэл Ц.Элбэгдоржид “оймс гозойлгож” шоронд илгээчихгүй “өөрийн хүн” хэрэгтэй бол М.Энхболдод заавал ялагдах “сул” хүн хэрэгтэй. Энэхүү “өөрийн” болон “сул” хүний ойлголт давхцаж байгаа учир М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёрын эрх ашиг одоохондоо нэгдэж байна.
Зөрчлийн нөхцөл.
Төр засаг, эдийн засгийн бүх эрх мэдэл ердөө л хоёрхон хүний мэдэлд төвлөрсөн нь олон хүний дургүйцлийг төрүүлж байна. Гэвч энэ байдал ойрын үед эвдэрч улс төр эрх мэдлийн замбараагүйдэл үүсэх нөхцөл бүрдээд байна. Учир нь Ц.Элбэгдорж хууль ёсоор Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй учраас нэг хэсэгтээ арга буюу “завсарлага” авахад хүрээд байна. Чухам энэхүү “завсарлага”-д л гол аюул байгаа юм. “Иргэн” Ц.Элбэгдоржийн дараагийн буудал бол АН-ын хамгийн нөлөө бүхий МоАХ юм. МоАХ-гоор дамжин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдорж хүч нөлөө нь үлэмж суларсан АН-ыг аврагчийн дүрээр улс төрд дахин орох санаатай байгаа нь одоо нэгэнт тодорхой байна.
Үйл явдлын ийм өрнөлийн хувилбаруудыг харсан Ц.Элбэгдорж өөртэйгээ өрсөлдөж болох АН-ын бүх удирдагчдыг сонгуулиар “устгасан” ба улмаар АН-аас өрсөлдөж болох бүх хүнийг ямар нэг гэмт хэрэгт холбоод байна. Бүгдээрээ “бүлдэгдүүлсэн” учраас Ц.Элбэгдоржийг илт эсэргүүцэх хүн АН-д Н.Алтанхуягаас өөр алга.
Н.Алтанхуяг ихээхэн хүнд байдалд байгаа боловч шоронд оролгүй өнгөрөв. АН буюу “бусад” нь “нэгдэн” хамгаалсаар авч үлдэв. Энэ нь АН-д Ц.Элбэгдоржийн эсрэг фронт ямар нэг байдлаар бүрдэж байна гэсэн хэрэг юм.
Дашрамд дурдахад Н.Алтанхуягийг бондын мөнгө “алга болгосон” ялаар унагаж болох байв. Энэ зүйл ангиар Н.Алтанхуягийг шийтгэвэл МАН, АН-ын хамтарсан олигархууд хам хэрэгтэн болох учраас “жижиг” зүйл ангиар оруулжээ. Энэ нь түүнийг аварсан байх.
Сүүлийн үед Ц.Элбэгдоржийн хамтран зүтгэгчдийн үйл ажиллагааны эрч хүч илт суларч байгаа нь суурь шинжтэй ихээхэн том өөрчлөлт мөн. Саяхан түүнийг үхэн хатан хамгаалдаг томоохон “арми” байсан бол одоо тэд илт эргэлзэх болж энэ нь улам улам нэмэгдсээр байна. Ялангуяа Тагнуул, Цагдаа, Авилгатай тэмцэх газрын дээд болон дунд тушаалтнуудын дунд “Ц.Элбэгдорж үхвэл бид хамт үхэх ёсгүй” гэсэн болгоомжлолын уур амьсгал илт давамгайлах болов. “Үхвэл” Хурц, Чингис хоёр л үхдэг юм байгаа биз !!! Ер нь бол улс төрчид алалцах болгонд хүчний байгууллагынхан хэлмэгддэг адгийн тэнэг орчлыг халах цаг болсныг олон хүн ойлгож байна.
Хүчний байгууллагууд дунд Ц.Элбэгдоржоос “зай барих” болсныг эдийн засаг, санхүү- бизнесийн бүлэглэлүүд ч хамгийн түрүүнд анзаарсан ба тэдний дунд “хүлээзнэх” уур амьсгал илт ноёлж байна.
Нөгөө талаас Ц.Элбэгдоржийн рейтинг олон түмний дунд навс унаад байгаа нь түүнийг ил тод хараан зүхэх болсон хэвлэл мэдээллийн тоймоос илт харагдана.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 8 жилд явуулсан үйл ажиллагааг бүхэлд нь дүгнэвэл тэрээр Барууны эрх ашгийг шууд хамгаалагч, Монгол Улсын эрх ашгийг шууд худалдагч, хоёр хөрштэй дайсагнуулагч гол хүн бөгөөд түүний бүхий л үйл ажиллагаа Монгол Улсыг төр, эдийн засаг, нийгэм, оюун санааны хувьд доройтуулагч ихээхэн том хүчин зүйл болж байгаа нь тодорхой байна.
Зөрчлийн шийдэл.
Ийнхүү Монгол Улс хөгжлийн замаар явах уу, нэг хүний дарангуйллын замаар явах уу гэсэн асуудал шийдэгдэх цаг болоод байна. Энэ нь Монголын улс төрд үе солигдох цаг болсныг тов тодорхой харуулж байна.
Ц.Элбэгдорж эрх мэдлээ “түр шилжүүлэх” хүсэлтэй бол М.Энхболд эрх мэдлийг бүр авах хүсэлтэй байгаа нь тодорхой хэрэг. Үүний тулд М.Энхболдод МАН доторхи бүх өрсөлдөгчдөө дарах хэрэгтэй ба үүнд Ц.Элбэгдоржийн тусламж хэрэгтэй. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа бол М.Энхболд Ц.Элбэгдоржийг авах уу, хаях уу гэдэг нь ихээхэн сонирхолтой асуудал юм.
Ц.Элбэгдорж “Путин, Медведев хоёр шиг” ээлжлэн засаглах холбоо тогтоохыг хүсч байна. Харин М.Энхболд Медведев болох эсэх нь их эргэлзээтэй. Ц.Элбэгдоржийг АН-ын дарга болгож, улс төрд дахин оруулах сонирхол М.Энхболд болон МАН-д бараг байхгүй гэж бүрэн итгэлтэй дүгнэж болно. Эндээс үзэхэд Ц.Элбэгдоржийн “эрин үе” дуусвар болж байна.  Ц.Элбэгдорж  бол Монголын балмад, зэрлэг, бүдүүлэг, гэнэн ардчилал хийгээд капиталын анхдагч хуримтлал, зэрлэг капитализмын сонгодог бөгөөд сүүлчийн төлөөлөгч мөн.      
Үүний тулд Ц.Элбэгдоржийн мэдэлд буй эрх мэдлийн, хүчний болон санхүү-эдийн засгийн хөшүүрэг “өөр хэн нэгэнд” шилжих ёстой. Өөрөөр хэлбэл эрх мэдлийн, хүчний болон санхүү-эдийн засгийн олигархууд Ц.Элбэгдоржоос “зугтахад” бэлэн байгаа боловч “хаана хэний мэдэлд” очих, хэнийг түшиглэхээ мэдэхгүй байгаад гол учир оршино. Одоохондоо ил харагдаж байгаа ганц хүн нь М.Энхболд байгаа хэдий ч тэр нь бас л найдваргүй юм. Ингээд тэд одоохондоо аль алинаас нь “ижил зай барих” аргыг илүүд үзэж байна.
Хэн ялахыг шийдэхэд тун бага хугацаа үлдэж байна. Үүний эхний шат нь АН-ын даргын суудал юм. АН-ын дарга Ерөнхийлөгчид нэр дэвших хүнийг тодорхойлох түлхүүр албан тушаал учраас түүнийг эзлэн авахыг улс төрийн бүх бүлэглэл хүсч байна. АН-ын даргын суудал зөвхөн АН-ын биш, МАН-ын хувь заяаг шийдвэрлэх асуудал болон хувираад байна.
Хэрэв Монгол Улсын гадаад, дотоод бодлогыг тогтвортой, тодорхой, ойлгомжтой, туйлбартай байлгахыг хүсч байвал хамгийн эхлээд энэхүү Монгол Улсыг өнөөгийн хямрал дампууралд хүргэсэн гол буруутан Ц.Элбэгдорж болон түүний бүлгийг улс төрөөс бүрмөсөн бөгөөд эгнэгт зайлуулах явдал мөн.
Гэвч Ц.Элбэгдорж өөрөө зайлаад явчих хүн биш учраас бид асар их хүчин чармайлт гаргаж баймаажин энэ ариун бөгөөд зөв үйлсийг гүйцэлдүүлж чадна…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2012 оны 12 дугаар сарын 18.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ҮЙЛИЙН ҮР

  1. Anonymous says:

    Erunhiilugchiig ovoo hun boddog bailaa. Uneheer shuu. Getel 2014 onoos hoish minii huvid adgiin shaar bolj huvirsan daa. Helsen ugniihaa esreg uildel hiij, humuusiin tarhiig ugaaj, ard tumenee hoorond ni taltsuulj, uls eh ornoo barag hudalsan daa. Uneheer nugel nudeerei gej baidag bol ene hun terniig amsah ystoi

  2. Anonymous says:

    Загатнасан газар маажжээ

  3. Fuujee says:

    Хүмүүс огт мэдэдгүй нэг зүйл байдаг тэр нь сэлэнгэд байдаг төмөрийн орд эзэмшдэг болд төмөр ерөө гол гэж компанд хувь эзэмшдэг элбэгдорж .баярцогт нар энэ олон жилийн шан харамжинд дэлгэрсайхан гэж хүнийг их хуралд нэр дэбшүүлж гишүүн бологсон

  4. odi says:

    ганхуяг их зов хэлж ээ энэ тогтолцоог оорчлох цаг нэгэнт болжээ жэнко батулга булдэгдуулээд таг ал алтанхуяг л ил хэлж бн

  5. Zochin says:

    Odoo ogtsruulj yalig ni tolovloj unsh ard tumen shaardaj bn. Eh ornoosoo urvegchiig tsaazal . Urvagch gadnihni gar hol bologchiin tolgoig AV

  6. gai says:

    Unen shuu ene hulgaichiig hucheer l zailuulah heregtei

  7. Ariunaa says:

    Elbegdorj Rincheno, Elbegdorj… geed Mongoliig suiruuleh am tangarag bugnuud dahin dahin torood l baih yumaa… Negmoson darj avah yumsan…

  8. Anonymous says:

    Манай ТВ-үүд болон сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүд тус мэдээлэлд хаалтын гэрээ хийчээд тараахгүй байна уу. Их л сонин юм.

  9. Anonymous says:

    Jijig toirog Ebeginh bish l dee, Z bolon Genco-iin songoltshd

  10. Anonymous says:

    яг л энэ зүйлийг олон түмэн байнга ярьдаг олны үг ортой, Гэхдээ судлаач ГАНХУЯГ маш гое эмхэтгэж үнэн зөв бичжээ, Таны саруул ухаан мэлмий тунгалаг байг,

  11. zochin says:

    ene elbegdorj MU-iin daisan uu

  12. zochin says:

    Elbegdorj ni Dambiijaagiin hoid dur yum.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: