ТТЭНН-ЫН ДАРГА Г.УЯНГА: ОДОО БОЛ МОНГОЛ НЭГ БОЛОХ ЦАГ!

УИХ-ын гишүүн С.Жавхлан ТТЭНН-аас УИХ-ын гишүүдэд албан бичгээр тавьсан хүсэлтийг хүлээн авч Ерөнхийлөгчийг огцруулах ажиллагааг УИХ дээр эхлүүлж амилуулсныг олон нийт дэмжиж байгаад талархаж байна. Уг асуудал одоо С.Жавхлан гишүүний гардан авч явах үйл хэрэг боллоо. Гишүүндээ амжилт хүсэхийн сацуу боломжит бүхий л хэлбэрээр дэмжиж хамтран ажиллах үүрэг та бидэнд үлдлээ. Үндсэн хуульд заасанчлан үнэхээр ЗАСГИЙН БҮХ ЭРХ ГАГЦХҮҮ АРД ТҮМНИЙ МЭДЭЛД байдаг юм бол түүнийг бид харуулах ёстой! Энэ үг худлаа юм бол худлаа гэдгийг нь ч бас баталъя!

Харин энэхүү дэмжлэгийг сааруулах ажиллагаа эрчимтэй явж эхэлжээ. Үүний нэг нь С.Жавхлан гишүүн биднийг холдуулан салгах гэсэн зохион байгуулалттай, төлбөртэй оролдлогууд. Эхний өдрөөс л олон нийт уухайлан дэмжиж эхэлмэгц маргаашнаас нь нэр нүүрээ нуусан олон хүмүүс чухам л болохгүй хүнтэй нийллээ гэж илтэд зохион байгуулалттайгаар олноороо дайрч давшлах болов.
Олон түмнийхээ хайр хүндэтгэл, алга ташилтаас улстөрийн хатуу тэмцэл рүү ханцуй шамлан орсон сайхан сэтгэл, итгэл дүүрэн залуу хүн улстөрийн хатуу ширүүн гүтгэлэг, дайралтыг амсаж амжаагүй яваа тул үүнд эмзэглэн нугарах вий хэмээн бас болгоомжилж энэ учраа утсаар хэлтэл харин өөдөөс “Хоюулаа олон түмэнтэйгээ, дээлтэйгээ байхад бүхнээс хамгаалагдана даа. Битгий санаа зов” гэж маш тайвнаар хэллээ. Дотор уужрахын хамт хоолой зангирч ирэв.
Миний хувьд доромжлол, гүтгэлэг, магтаал сайшаалын алинд ч сэтгэл хөвсөлзөхөө нэгэнт больжээ. Намайг үзэн яд, гүтгэж доромжил, гутаа, нулим, дэвсэл, гишгэл, гарт таарсан юу дуртайгаараа шидэл, амандаа орсон муу үгээрээ хараа…дураараа л бол. Энэ бүхэн надад огт нөлөөлдөггүй тул хайран нерв цаг, мөнгөө үр ашиггүй барахын нэмэр дээ. Тэр бүхний хажуугаар инээмсэглэн өнгөрч замаа хөөх чадал, хүч, бас олон түмний хангалттай хайр, хамгаалалт надад бий. Өнгөрсөн хугацаанд улстөрөөс олсон “ашиг” минь энэ л юм. Үүнээс өөр хамгаалалт өнгөрсөн бүх хугацаанд надад юу ч байгаагүй юм шүү! Түүнийг салгах гэж хичнээн оролдоод ч олон жилийн гүн бат итгэл, сэтгэлийн холбоосыг тийм ч амархан тайлж дөнгөхгүй ээ!
“Дөжирсөн дүлий” намайг эсрэг хүчнүүд ч бас нэгэнт гадарлах болсон тул энэ бүх дайралт шинэ залуу улстөрчийг мохоох гэсэн дайралт биз. Аз болоход Жавхлан гишүүн нийгмийн сүлжээний бодат бус ертөнцөөс ангид, асуудлын дотоод мөн чанарыг үнэн бодтойгоор олж харж чаддаг залуу ажээ. С.Жавхлан гишүүнийг дутуу үнэлэх хэрэггүй!
Зарим нэг нь бас биднийг басамжлан “Дугуй дугуйгаа олж дээ” гэжээ. Тиймээ, дугуй дугуйгаа олсон! Дахиад ч олон дугуйгаа олж нэгдмээр байна. Чухам л дугуй дугуйгаа зөв олох цаг тулгараад байна!
Бас “Та хоёр нийлээд дуугаа дуулаад яв” гэнэ. Намайг үнэлсэнд баярлалаа. Гэвч би төрөлхийн байгалийн авъяаст дуучин Жавхлантай тайзанд дуулах хувь дутуу төрснөө мэднэ. Харин Монголын төлөө сэтгэлийн дуугаа хоршин дуулж чаднаа. Энэ л дуугаа Монголоороо, хоороороо дуулах цаг ирээд байна!
Бусдын явуулгад өртөн бие биенээ хардах, үл итгэх, салж сарнин хуваагдан бутрахын зовлонг бид дахин 26 жил туулсан бус уу?! Одоо улсаа зарж идээгүй л бол тэр хүмүүстэй хамтарч нэгдэн нягтрах цаг. Тэр байтугай алдаагаа ухаарч, өршөөл уучлал эрээд хулгайлж зувчуулж олсон хөрөнгөө улсдаа тушааж чадах хүн гарч ирвэл түүнийг ч бас уучлан энэрч МОНГОЛ НЭГ БОЛОХ цаг!
Бид олон зовлон туулж, олон ч хүнээ алдаж, бас ч чамгүй өндөр төлбөр төлсний эцэст эв нэгдлийн чухлыг ухаарч байгаа ард түмэн. Өмнөх бүхий л түүх бидэнд үүнийг л өгүүлдэг. Ухаантай хүн өнгөрсөн алдаанаасаа суралцана, тэнэг бол биеэрээ туулж байж мэднэ!
Олон түмний дунд олон янзын санаа бодолтой, мэдээлэл, мэдлэг боловсрол төдийгүй явсан зам туулсан зовлон, итгэл үнэмшил, эрх ашиг өөр олон бүлэг бий ч нийтлэгээрээ ард түмэн ухаантай байдаг гэдэгт би бат итгэдэг. Цөөн байхын зовлон их ч бас давуу тал олон бий. Монголчуудын тэр давуу талуудын нэг нь аливааг үнэн зөвөөр ойлгож ухах чадвар, ирээдүйгээ авч үлдэх ухаан, сэтгэл нь, тулгарсан бодтой аюулыг совингоороо мэдэрч түүнээс зайлж чадах зөн гэж би итгэж байна. Одоо бол МОНГОЛ НЭГ БОЛОХ ЦАГ!
2017 оны 01 дүгээр сарын 13.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to ТТЭНН-ЫН ДАРГА Г.УЯНГА: ОДОО БОЛ МОНГОЛ НЭГ БОЛОХ ЦАГ!

  1. Болд says:

    Одоо НЭГ УЛС болж, НЭГДМЭЛ МОНГОЛ болж эв эе хамтынхаа хүчээр ирээдүйнхээ төлөө хүчээ нэгтгэх цаг болсон гэж бодном. Уянгаа даа Ганаа ахдаа баярлалаа.

  2. санчир says:

    Дийлэнх ард түмэн чинь тэнэгээ бүр тэнэгийн тэнэг бүдүүлэг харанхуй, орчин үеийн боловсорч соёлжсон ухамсартай хүн болоход дор хаяж 50 жил хэрэгтэй байх. Хулхидуулж ханахгүй мөлхөө хүүхдээс долоон дор, мэдсээр байж нөгөө МАН АНаа ээлжилж сонгоод авилгач Энхбаяраа худалч Элбэгдоржоор солиод л бас болоогүй хар хайрцаг геополитик гэж бүлтрээд л нүүрсээ олигтойхон үнэ хүргээд зарж чадахгүй байж бас эдийн засаг масаг ярихтайгаа. Ард түмэн ямар байна төр засаг нь тийм байна гэж ёстой үнэн шүү. Алдаагаа өөрсдөөсөө хай.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: