СУНАСААР СУНАСААР…

АН-ын даргын сонгууль энэ долоо хоногт болно. Тэр дүнгээс болоод зодоон эхлэх үү ? Эсвэл зүгээр шууд дараагийн ажилдаа орох уу ? гэдэг хүлээлт байна.  Ямар ч гэсэн анализ хийх нь зөв гэж бодож байна…


Гайт агшинг хүлээх нь
Өрсөлдөөн намжмал, уулзалтууд цэвэр мэтгэлцээний зарчмаар явагдаж байгаа ч хэн нь өнгөлж, хэн нь хоцорч байгааг харахтайгаа байна. Ялагдаж байгаа нь өмнөх рүүгээ “харладаг нь” ёс. Харлахгүй бол түрүүлж яваагийн шинж, хариу өгөхгүй байгаа нь бүр тасарсны шинж. Яахав өрсөлдөөн юм болохоор янз бүрийн тактик байлгүй л яахав, гэхдээ сунгааг их ухаалаг боджээ.
Хэрэв сонгуулиар таван тийшээ тараад явсан бол өдийд нам нь яг тэгж тарсан байх биз. Эрхбиш хамтдаа яваа учраас нэгийгээ соёлтой “шүүмжилж” замдаа ганц юмаар эвээ бэхжүүлж яваа биз. Өмнөх сунгаа бол намыг хоёр хуваагаад тамгаа булаацалдаж, авч зугтаад яг “Цогт тайж” киног сериал болгож тоглосон, үр дүнд нь МАХН-д Ерөнхийлөгчөө алдсан. Энэ олон уулзалтын дараа эв эвдрэх зүйл гараагүйг бодоход ерөнхийдөө маш намжмал сунгаа болж байна.
Дайран дээр нь давс үрэх хэрэггүй л болов уу ? Харин шүүмжээ биш давуу талаа л харвал сонголт зөв байх ёстой, ялангуяа төгсгөлдөө харлавал амны бөхөө шороодуулсан ч аварга, арслантай өрөхдөө мэхт мэхэндээ болох аюул буй юм. Ялангуяа Ерөнхийлөгчийн сонгуулийн ялалтыг хүсч байгаа бүхэнд. Гэхдээ энэ амар амгалан нуурын дороос жинхэнэ хортой булаг ундарч байгааг харах ёстой…
Шийдэл ба үл шийдэл
Н.Алтанхуяг бол АН-д байтугай МАН-д ч ховор тохиолдох генсек юм. Ер нь Н.Алтанхуягийг генсек байх үед АН-ын ажил жигдэрч, амьсгаа задарч, холдоо ялалт авдаг номтой мэт. Түүнийг ялалтын менежер гэдэг бол худал магтаал огт биш. Ер нь ялалт болгон том таван хошуу авчирдаг бол хурандаа генерал юм даа. Одоохондоо түүнээс том “цолтой” хүн АН-д алга. Н.Алтанхуяг намын дарга байсан 2012-2013 онд АН ялалт гэдэг ямар “амархан” болохыг мэдэрч байсан даа. Урд өмнө эмх замбараагүй, ядарч цуцсан, эр зоригийн бахархал болсон “тактикийн ялалт ба стратегийн ялагдал” хосолсон яг партизаны дайн шиг олон сонгуулийг үзэж өнгөрүүлсэн нам. Манай Дашка: (СГЗ Г.Дашрэнцэн агсан) “Манай намын сонгууль гэж нэг оршуулга шиг л юм болдог юм. Энд ч нэг мэдэмхий, тэнд ч нэг мэдэмхий, янз бүрийн ёс дүрэм яриад л суугаад байна. Тэгээд гэнэт пирхийгээд бужигнаж, бужигнаж эцэст нь нэр дэвшигчээ “оршуулчихаад” цайллага хийгээд тэрэн дээрээ зодолдоод тарна даа” гэж шоолдог байсан. Харин Н.Алтанхуягийг удирдаж байхад АН сахилга бат, зохион байгуулалттай байнгын арми болж хувирдаг. Ёстой АН-ын гишүүд хэн ч биш болж, АН том нам болдог. Бусад үед АН юу ч биш, гишүүд нь том байдаг. Гэхдээ гудамжинд л даа…
Н.Алтанхуягийн зүтгэлээр 2012 онд парламентын сонгууль, хотын сонгууль, дараа жил нь Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялчихаад угаасаа ялдаг нам гэж боддог болчихсон юм. Үнэндээ 1996 оны анхны ялалтаас хойш парламентад цухуйгаагүй нам шүү дээ. 62-ын бүлэг ч болж, их эвсэл ч болж, үндэсний эв нэгдэл ч зохион байгуулж явсан үр дүнд нь МАНАН гэгдэж, чиргүүл болж зүүгдсэн. “Хэрэг илэрсэн хойно цэцэн ноён олон” гэгчээр гурав дахь ялалтын маргаашаас погоноо гялалзуулсан хуримын генералууд тодорч, хоорондоо зодолдоод нэг хартал өнөө ялалтыг нь авчирсан Н.Алтанхуяг нь хойморт ч үгүй, оронд нь хэн нь суугаад, хэн нь буугаад байгаа нь ойлгомжгүй, “архи авчирсан нь” хоймор суудаг нэг тийм “тасарчихсан” улсын найр болоод дуусав аа. Тэгээд яахав дээ, жамтай юм жамаараа болж 2016 онд “Хурим hайхан бол оо, хүргэн үхээ” гэлцээд тамхиа шившиж суухдаа тулав. Н.Алтанхуяггүй АН мөн л дөө.
Одоо тэгээд яахав дээ, шараа тайлах хэрэгтэй. Гэвч төрөлх араншин нь хөдлөөд хэнээс болж найр тарав, хэн тараав гэлцээд хуримд ууснаа гудамжинд тайлаад, хутга бариад гүйлдэхдээ тулав. Нэг хэсэг нь “Эбиг ална” л гэнэ, нөгөө нь “Зи-г ална” л гэнэ, бас “Үүлийг ална аа” л гэнэ. Харин Н.Алтанхуягийгаа шал дэмий зодчихсоноо мэдэх тул гайгүй. Ингээд ер нь АН-д амьд хүн үлдэхгүй янзтай болов доо. Нөгөөдүүл нь айгаад нэгнээ зааж өгөөд суугаад байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд АН-д “амьд хүн” хэрэгтэй л баймаар ?! Өөрийнхнөө биш өрөөлийг “алах” ёстой биз дээ? Эсвэл бүр намаа “гүйцээчих” үү ?!
Одоо бол ойлгомжтой л байна л даа. Ялалтыг хэн авчрах вэ ? гэж асуувал хариулт нь бас асуулт байх болов уу? Ялалтыг хэн авчирч байсан бэ ? Ингээд л сонголт тодорхой ч ёроолд нь нөгөө нэг юм бий, хэн ч гарсан “Намаа шоронгоосоо удирдах уу ? чи” гэх занаа…
Хэн нь хэн бэ?
Д.Эрдэнэбат бол ноён нуруутай хүн. Ялалт авчирах бүрд тэр яг генерал Шапошников шиг жанжин штабын бүх ажлыг зохицуулж байв. Үймж бужигнасан энэ намын хамаг хар борыг ёстой эрийн нуруу зааж эвлүүлж дэвлүүлсээр сонгуульд оруулж, бас л үйлээ үзэж үсээ зулгааж байж ялалтын дөрөөнд хөлийг нь тавьсан. Тэр толгойг нь харахгүй юу ? “Үстэй үлдэх хувьгүй” тэрээр УИХ-д ороод өнөө шуудайд хийсэн үхрийн эвэр шиг бүлгээ зохицуулах үйлтэй ажилдаа ахиад л тохоогдсон. Генсекээ орхиод төрийн ажилдаа одоход дараагийнх нь хүнийг тэсгээгээгүй. Генсек бол зовлонтой ажил, дээрээ даргатай, доороо намтай шүү дээ. Хэзээ ч хэрчүүлэхэд бэлэн байдаг, хариуцлагыг шууд чихэхэд бэлэн сав. Н.Энхбаяр ялагдлаа Д.Идэвхтэнд үүрүүлээд амиа, бас намаа ч аварч байсан түүх дан ганц МАН-ынх биш л дээ…
Дараа нь бүлгийн даргаа өгөөд сайд болоод явахад нь Гарамгайбаатар ажлыг аваад одоо энэ шүү дээ. Ажилсаг, шийдэмгий, бас зангараг бол байна, харин ямар учраас Н.Алтанхуягийгаа унагачихаад сайд болоод явчив гэлцэгсэд олон байна. Учир нь Н.Алтанхуяг дарга байхдаа хариуцлагыг хэзээ ч өөрөөсөө түлхэж байгаагүй, энэ хоёр үнэхээр гар нийлж ажилласан.
Ялалтын дараа сайд болоогүй л дээ. Л.Энэбишийг өнгөрөхөд МАХН-ын дарга Н.Энхбаяр Ж.Бямбадоржид “Та парламент талаа даагаарай” гэжээ. Өнөөх нь УИХ-ын дарга гэж бодоод костюмаа зэхчихээд байтал тэр нь бүлгийн дарга болж таарсан юм. Ер нь бүх шийдвэрийг олонхийн бүлгийн дарга л гаргадаг гэж үг бий. Гэвч Д.Эрдэнэбат арай бүлгийн даргаа чамлаагүй байгаа ? Элбэгээ П.Цагааныг хошгоруулж явуулчихаад оронд нь МҮДН-ын Ц.Баярсайханыг тавьсны үр дүн энэ Д.Эрдэнэбат гэнэ. Ерөнхийлөгч МҮДН-тэй хэлэлцэн тогтсоны дүнд түүнийг дэвшүүлжээ дээ ?
С.Эрдэнэ бол АН дотроо бол чадварлаг зохион байгуулагчдын нэг. Өнгөрсөн сонгуулиудаар АН-ын нэр дэвшигчид тахал туссан мэт хиарч байхад С.Эрдэнэ л дүүргээ хамгаалж үлдсэн. УИХ-ын даргаа, намын даргаа, фракцын ахлагчаа тавиад туучихсан л даа, гэхдээ дүүргээ бол аваад үлдсэн. Хэзээнээс Баянгол дүүргийн АН-ын урд гишгэх нам нийслэлд байхгүй. Яаж ч хэлсэн намын ажил сонгуулиар л шалгагддаг учраас үүнтэй маргах хүн гарахгүй байх. Харин яагаад З.Энхболдоор туг тахичихав ? “Эби”-тэйгээ л тохирсон хэрэг.
С.Эрдэнэ МАН-тай бол үхэж байсан ч хуйвалдахгүй, тэдэнтэй бол долоовор дунд хуруу хоёрын дунд хавчуулсан эрхийгээр л ярьдаг. Хэлэлцэн тохирох чадвар сул, тиймээс М.Энхболдын зурагтай “С.Эрдэнээс бусадтай нь тохирч болно” гэдэг реклам бол үнэний ортой. Жигтэйхэн чигээрээ учраас сонгууль бүрт ганцхан Н.Энхбаяртай л тулж унасаар эцэст нь дайсны Н.Энхбаярыг, дайсан МАН нь дэвшүүлэн зайлуулсны дараа л “нар үзсэн”. Гэхдээ улсын “сараалжин цонхтой” амралтанд угаасаа дуртай юмсан уу ? Хоёр дахиа суугаад авсан.
Заримдаа МАН-тай ярьдаг хэлээ өөрийнхөндөө гаргачих гээд байдаг ярдаг эр. Баабартай яах нь вэ дээ ? Ямар тендер гуйсан биш, тэтгэвэрээ л аятайхан тогтоолгоё гэж байхад. Баабар ч гэж Баабар, ярдагийг нь мэдсээр байж ярдаглаж л байдаг. Хэвлэлээр биш утсаар ярьчих л ажил шүү дээ.
Одоо МАН С.Эрдэнийн ярдаг хэлийг таслана гэж хэргийг нь баринтаглаад АТГ-д хүргүүлсэн гэх. Харин АТГ нь хэний мэдлийнх билээ ? Яваад өгвөл дараа нь АН-ын даргыг бас л ингэж сунгаагаар тодруулах уу ? Эсвэл явуулчихаад өөрөө суучих “эзэн”-тэй тул намаараа “аавынд” эргэж очоод тамгыг нь авах уу ?
Лу.Гантөмөр бол яг япон зарчмаар өгсөж байгаа АН-ын залуу кадр. Тэр “Мүүн” энэ тэртэй холбодог ч япон хүмүүжилтэй хүн солонгос шашин дэмжтэлээ өдий байх. Яахав амьтан хүн халж солиогүй байх, Н.Алтанхуягийн ч, Ч.Сайханбилэгийн ч Засгийн газарт боловсролын сайдаар ажилласан.
Боловсролын яам бол “сэхээтнүүдийн дарамтан дор” байдаг хамгийн их хэл үгтэй салбар. Харахад цэвэр ч хачин их хэл амтай газар. Тийм салбарт хоёр Засгийн газар дамжаад ажиллана гэдэг ажлын эв дүй, соёл, ур чадвараа харуулсан хэрэг. Гагцхүү гэм нь “Нэг ардчилал” фракц бас нөгөө хүний тоглоом болчихсон байх вий гэх айдас. Нэг ардчилал нөлөө багатай байх, гэхдээ цөөн залуу улстөрчдийг нь харвал алсдаа намын “тинк танк” болох биз, Гэхдээ л яг ийм “хөвөгч” идеологид суурилсан, мөнгөгүй фракцаар, залуу хүнээр “хүү өгч” тоглож байх вий гэх болгоомжлол бий нь гашуун үнэн. Яагаад гэвэл энэ фракцын болон УИХ-ын гишүүн асан М.Батчимэг Ерөнхийлөгчийг төлөөлж МАН-тай “Үндсэн хуулийн өөрчлөлт” тохирч байгаа. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуулиар гондом болгож ашиглачихаад дараа нь унагасан шалтгаар унахдаа тулбал өөрийгөө хамгаалж үлдэх хүч султай нь өөрөө сул тал юм л даа. Нэг онигоог жаахан өөрчлөөд хэлбэл “Нэг монгол нэг японыг зодчих байх, харин 100 монгол 100 японд зодуулна”. Харин Лу.Гантөмөр даан ч тэр “нэг Япон” нь юм л даа.
Ц.Элбэгдорж энэ гурвыг тохирч хооронд нь сунгаа хийсэн болоод Ерөнхийлөгчөөс буухаараа ирж “хөөж явуулаад” өөрөө сууна гэж бодсон. Ингэх шалтгаан нь АН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд унагаж, өөрийн хамсаатан М.Энхболдыг дэмжээд хариуцлагыг нь сунгааны нөхөрт үүрүүлнэ гэж тооцсон. Үүний тулд 2016 оны сонгуульд МАН-тай эвсэж намаа бүлэггүй үлдээх шахсан, тэр хэзээ ч дутуу хийж байгаагүй, тиймээс сунгаа бол гүйцээлтийн өмнөх зугаа нь байсан билээ.
Гэтэл дээрээс нь шал өөр тооцоонд байгаагүй нөхөд дэвшсэнээр сунгаа нь наадам болчихоод байна. Манай Зандан бол хийморьтой яваа улстөрч. Унгарт Урбан Виктораас халдвар авсан ч Америкт халдвар тусаагүй л эр. Иргэний хөдөлгөөний удирдагч, цагтаа АН-ыг шүүмжилж байсан нь үнэн, ер нь ардчилал бол шүүмжлэл гэдэг биз дээ ? Иргэний хөдөлгөөнүүдийн удирдагч нараас Ж.Батзандан, О.Магнай хоёр хамгийн баруун жигүүрт байсан, тэр нь хэвээрээ. Тэд дахин хувьсгалын уриаг цуурайтуулснаараа өнөөгийн энэ их шинэчлэл, шинэтгэлийн хөөсрөл давалгааны эхний салхийг урьж байна. Хаа ч байдаг, манай хөгширч сульдсан нийгмийн эд эс, АН-д ч хангалтай шавсан залуу бэртэгчингүүдээс ялгаатай нь тэр яг МоАХ-ны замналаар Сүхбаатарын талбай дээр анх улстөрийн тавцанд гарсан. Унгарт хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Элбэгдоржтой ам муруйснаас хойш тэд нэгнээ үзэхээ байсан, тэр чигээрээ л яваа. Тиймээс хэрэв АН дахин хувьсгалиар дархлагдан үлдэе гэвэл Ж.Батзандан бол гарцаагүй сонголт мөн нь мөн.
Харин намаа бүтэн авч яваад Ерөнхийлөгчийн сонгуульд ялаад Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарын зардаг бараа байхаа больё гэвэл Н.Алтанхуягийг сонгохоос өөр замгүй байхгүй. Харин нөгөө гурав нь бол “лам нь иртэл залсан” хүмүүс л байх болно. Одоогоор бол Н.Алтанхуяг хол тасархай өнгөлж, хойноос нь Ж.Батзандан нэхэж байна. Ингэх нь бараг зүй тогтол болохыг хойно тайлбарламз. Ингээд харвал АН-ын таван нэр дэвшигчээс “намаасаа түдгэлзэгчтэй” яс үзэх хүн хоёр л байна.
Харин энэ бол санал харьцангуй тэгш хуваагдана гэсэн үг. Тэгш хуваагдлаа ч АН-д одоо хоёр фронт үүсчихээд байна гэсгээд түр азная!
Төрийн ордон дахь хуйвалдаан
Монголчууд хавханд орсон чоно шиг, хавхаа тойрон эргэцээд л. Уураа гаргахын тулд ойртсон хэнийг ч хэмхээд хаячих санаа байвч сачий алга. Нохой бөөснүүд үхэх үйлтэй чононоос дайжин үсчээд, хууртаж очсон сэг зэмэн дээр цааш очиж язганалдаад, амьд үлдэнэ гэж наашаа ч нэг үсрээд, цаашаа ч нэг үсчээд л…Тэр уулын цаана буу дуугарч, энэ уулын дээгүүр элээ эргэнэ. Ертөнц өөрөө ийм болчихжээ.
Авахаас арьс, алахаас амь болчихсон уу ? Хавхаа мэрэх үү ? Хөлөө таслах уу ? Тэнгэр ивээвэл хавхны хоёр гар салж, эзнийг нь ирэхээс өмнө бид зугтаж амжих ч юм шиг. Харин хавх тийм хэцүү юү ? Тэр хавхны нэг гар нь Ц.Элбэгдорж, нөгөө гар нь М.Энхболд гэсэн тамгатай. В.Путин, Д.Медведев шиг улсыг эрхшээнэ гэнэ.
АН-ыг ХХБ-ны охин компани болсон “Эрдэнэт” үйлдвэрийн улстөрийн хэлтэс болгож хувиргаад “яв гэсэн газраа явуулж, зогс гэсэн газраа зогсоох” санаархал тэдэнд бий. Харин хавхны ул нь ХХБ-ны Д.Эрдэнэбилэг. Уг нь хавхнаас сулрахын тулд заавал хоёр гарыг эвдэх шаардлагагүй, нэг гар нь суларвал болоод явчихна. Хэрэв 4 сарын дараа УИХ-ын дарга Ерөнхийлөгчид дэвшээд унавал нэг гар нь суларна, эсвэл энэ сарын 19-нд Ерөнхийлөгчийн хүслээс гадуур дүн гарвал нөгөө гар нь суларна.
Одоогийн тохироогоор МАН-аас М.Энхболд гарцаагүй нэр дэвших ба харин өнөөгийн Ерөнхийлөгч түүнд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Д.Эрдэнэбилэг бол М.Энхболдыг хотын мэр байхад “Улаанбаатар сан”-гаас “санхүүгийн ажлаа” эхэлсэн бөгөөд Төв шуудангийн цамхаг дээрх цаг түүний бизнесийн цаг хугацааг заан өдөржин шөнөжин гэрэлтсээр…
Ж.Эрдэнэбатын Засгийн газар хоёр “Э”-гийн дундынх бөгөөд ГХЯ, ХЗДХЯ, ТЕГ, АТГ зэрэг хүчний байгууллагууд Ерөнхийлөгчийн мэдлийнх, бусад нь УИХ-ын даргын мэдлийнх юм. Ингэхийн учир нь намын даргын байр суурь хүчтэйнх. Тагнуул ч үгүй, намын дарга ч үгүй Ерөнхий сайд гэж хаашаа харсан юм байх вэ, тийм биз дээ ? Ж.Эрдэнэбат бие даах хүчирхэг тулгуургүй, тиймээс өөрийн байтугай хүний хүнд дарлуулж байгаа амьтан. Хүсэх нь хэдэн төгрөг олж аж ахуйгаа яаж өөд нь татах вэ ? гэдэг авч мэдэлгүй хүн яах билээ. Гарал угсааны хувьд ч хагас цахар угсаатай байж болзошгүй ажээ. Ингээд өмнөд зүгийн иж бүрдэл манай улсын толгойд заларч байна.
Зүгээр суулаа гээд Ж.Эрдэнэбат амар сайхандаа жаргаж байгаа юм алга. Далай ламыг урьсан нь яг ийм үр дүнг мэдсээр байж хийсэн Ц.Элбэгдоржийн зориудын үйлдэл бөгөөд Бээжинг өдөөн хатгасан энэ ажиллагаа нь эдийн засаг дахь цусны эргэлтийг боож байгаад Таван толгойн асуудлыг хүчлэн шийдэх муйхар заль байсныг одоо Монголчууд ойлгох цаг нь болсон. Тухайн үед Сангийн сайд Чойжилсүрэн, ҮАБЗ-ийн нөгөө хоёр нь буюу олонх нь яаж гуйгаад зогсоож чадаагүй гэдэг. Улсын эрх ашгаас Энержи ресурсын эрх ашиг чухал гэж боддог л хүн ажээ, энэ Ц.Элбэгдорж. Тэгэхэд ГХЯ-аа Элбэгдоржид алдсан буруугаа мэдэж тэнэг толгойгоо шаасан нь лав, МАН-ынхан. Чухам үүнээс болж өмнөд хөрш ч олон улсад нэр хүндээ сэвтүүлсэн ба харин Энэтхэгийн санаанд оромгүй тусламж биднийг ч эвгүй байдлаас сугаран гарахад их тус боллоо.
Үүний улмаас Ц.Элбэгдорж ба М.Энхболдын хооронд зөрчил үүссэн нь Таван толгойн асуудлыг нэгмөсөн шийдэх гэсэн Ц.Элбэгдоржийн мэдлийн ГХЯ-аар дамжсан санаархлыг УИХ дээр таслан зогсоосон явдлаар илрэн гарч байна. “Олон улсын гэрээний тухай” хуулийн өөрчлөлтийг дэмжсэн ба эсэргүүцсэн жагсаалтыг ажиглавал хэн нь хэнийхээ талд байгааг харж болно. Ц.Нямдорж уу ? Хэрэв “М.Энхболд чанга унахаас айвал би дэвшинэ” гэсэн бодолтой л байгаа.
Харин үүний хариуд Ц.Элбэгдоржоос “Утаатай тэмцэх” ажлыг өргөн хүрээтэй эхлүүлсэн ба гудамжны дарамт шахалт МАН-ыг айлгаж, ичээв. Ингэхдээ АН-ын дарга миний хүн болбол өөрийг чинь Ерөнхийлөгчид дэвшүүлнэ гэсэн амлалтанд хөтлөгдөж яваа “Гацуурт”-ын Чинбатыг хошгоруулж, “Монгол HD” телевизтэй хамтарчаад, “Лхагваа Лхагваа…” гэж дуудсаар хамаг булхайгаа илчилж орхилоо. Харин ийм доромжлолыг М.Энхболд хэдий болтол тэсэх нь тодорхойгүй.
Олон нийтийн эсэргүүцлийг утаатай уяж МАН руу чиглүүлээд, тэр суурин дээр нь утааны эсрэг хийсэн алхмуудаа, авсан шагналтайгаа сануулж өөрөө тодрох гэсэн биш өөрт нь бүүр ч гай болов. Гадаад эзэд нь Ц.Элбэгдоржийг хошгируулах гэж өгсөн “шагналд” утаанд угаартсан монголчууд хошгирсонгүй. 26 жил төрийн өндөр албыг халаагүй хашихдаа, ядаж найман жил тасралтгүй төрийн толгойд байхдаа өөрөө юу хийв ээ ? гэсэн ганцхан асуултад л бүдэрч унахаа тэр тооцсонгүй.
Утааны асуудлаар өөрийгөө егүүтгэж байхтай нь зэрэгцэн өнөөх гайт Г.Уянга өөрийг нь огцруулах цуцалтгүй аян дайнаа үргэлжлүүлж давшсаар парламентад ороод ирэв. УИХ-ын гишүүн С.Жавхлантай тэр хамтрах болжээ. Гишүүн байхдаа огцруулах асуудлыг их хурлаар оруулж амь нь байдаг алтан өндгийг нь хага базахыг дөхөж билээ, муу “амилсан шулам”. Тэгэхэд “бидон толгойлсон” ХЗБХ-г дарамталж байж арайхан амь мултарсансан. Их хуралд байвал хөөрхөн тээг болох Г.Уянгыг унагаах ажлыг Ч.Сайханбилэгт даатгасныг түүний “хөхүүл хүүхэд” А.Мөнхбат гардан гүйцэтгэж адилхан овог нэртэй хүн хүртэл дэвшүүлж, аль байдгаараа “харлан” өөрийн биеэр тойрог дээр нь очиж ажиллаж байлаа. Саналыг нь луйвардсанаа цайруулах арга чаргаа МАН-ын Су.Батболдоор дамжуулан нарийн сайн зохион байгуулсан “бичлэгийн дуулиан”-аар халхавчлан, үүгээрээ давхар мэх хийн Г.Уянгыг нэгмөсөн нам дарна гэж тооцжээ. Нэр хүнд нь яаж ч болохгүй өндөр, дөрвөн жил болохдоо албан тушаал, мөнгөний тавьсан урхинд оролгүй үлдэж чадсан, ядаж байхад идсэн уусан, барьцаалах юу ч үгүй жижигхээн хүүхний эсрэг төрийн өндөрлөгүүд тагнуултайгаа, МАН-тайгаа нийлж ажилласныг бодоход Г.Уянга тийм ч “жижигхээн” амьтан биш ажээ.
Тэгээд тэгэхээс тэг гэж “типичный” хужааг гаргасан бөгөөд Монголчууд эх орноо гэсэн хүнийг хужаад барьж өгдөг гэх доромжлолыг Чингэлтэйхэнд хаяглан цацаж эхлээд байна.
Санасандаа хүрч Г.Уянгыг унагаж авсан ч тэр нь тийм ч амархан дарагддаг “шулам” биш ажгуу. Г.Уянгын их хуралд оруулаад аргагүй цагт хавчигдсан асуудлыг одоо С.Жавхлан үргэлжлүүлнэ. Учир нь түрүүчийн парламентын чуулганыг яг ийм шалтгаанаар бүтэн сарын өмнө завсарлуулсан болохыг хүмүүс одоо санаж байна уу, үгүй юу. Унасан нэр хүндээ утаан дээр дөрөөлөн сэргээх гэсэн нь бүр ч гай болжээ. С.Жавхлан гишүүн түүнийг “Ц.Элбэгдорж өөрөө утаа юм. Энэ утаанаас эхлээд салах хэрэгтэй!” гэж тун ч ончтой мэдэгдлээ. С.Жавхлан дээл хувцас яриад тун аюулгүй байсан юмсан. Гайт Уянга аюултай бөмбөг аваачаад бариулчихлаа. Тэгмэгц Жавхланг Уянгаас салгах үйл ажиллагааг хүчтэй эхлүүлэв. “Очиж очиж Уянгатай нийлэх гэж”. “Хамгийн буруу хүнтэйгээ нийллээ дээ” гэх харууслаар хөлсний тэжээврүүдээ “уйлуулав”. Энэ бол С.Жавхланг ёстой тэнгэр харж, явж явж хамгийн зөв хүнтэйгээ нийлсний дохио билээ. Одоо Жавхланг дарж авах аргаа боловсруулж суугаа байх. Бас л Уянгатай адилхан ямар ч гэм зэмгүй тул төвөгтэй. Яахав боловсрол энэ тэрээр нь мэрж л байя, тэгж байгаад нэг сэжүүр олж дөнгөнө гэж шазуур зууж суугаа. Ерөнхийлөгч мэдрэмжээ алдсанаас гадна түүний ямар ч уран тоглолт өөрийг нь аварч дийлэхгүй эргүүлэгт нэгэнт унажээ…
МАН түүнээс сэжиглэж байна…
Үнэндээ М.Энхболдоос болж, өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулахын тулд МАН-ын Засгийн газар хямралын эсрэг зайлшгүй авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж чадаагүй. Овоо дорвитой эхлүүлж байсан алхмуудаасаа хүртэл ухарсан. Хямралтай тэмцэхэд цаг хугацаа мөнгөнөөс ч чухал байсан, харин тэр чухал хүчин зүйлээ МАН хөсөр хаяснаас цаашид улстөрийн амжилт мөрөөдөх хэрэггүй болжээ. Мэдээж хүнд хэцүү эрс шийдэмгий арга хэмжээнүүд МАН-ын Засгийн газар, УИХ-ын нэр хүндийг илэрхий бууруулж магадгүй бодит прогнозоос болгоомжилсон ч эцэстээ цаг алдсанаар “дүндээ дүн” болчихлоо. Ерөнхийлөгчийн сэнтий мөрөөдсөн намын дарга, цаана нь Н.Энхбаярын араас орохгүй гэсэн богино настай нэг хүний тэчъяадалд уягдаад МАН сүүлчийн түүхэн боломжоо өөрсдийн гараар боомилов. МАН ингэж ч арчаагүйтэх гэж. Тагнуулын даргаа ч солих эрхгүй тоглоомын ерөнхий сайдтай. Засагтайгаа, их хуралтайгаа, намтайгаа нэг хүний харцаар хөдлөх, ингэхдээ бүр хүний хүний харцаар хөдлөх ёрын цаг бас МАН-д ирдэг юм байжээ, хөөрхий.
Өөрийнхөө өмнөөс Ц.Мөнх-Оргилоор туг тахих гэж бас үзэв. Тэр бол МАН-ын гэхээсээ “MCS”-ийн хүн учраас тоглож болно. Өөрт ойр хүнээ өөрийнхөө өмнөөс золих нь нэг номерийн шалгарсан мэх. “Олон улсын гэрээний тухай” хуулийн өөрчлөлтийг оруулсны нь төлөө Ц.Мөнх-Оргилыг огцруулах ажлыг олон нийтийн сүлжээн дэх өөрийн гар хөлөөрөө явуулаад бас үзэв. Ингэвэл илүү амархан уначих магадлалтай Ц.Мөнх-Оргил золионд орж, өөрийнх нь асуудал мартагдаж, намжина гэж тооцжээ. Үнэндээ энэ Элбэгдоржийн амь нь тэмцэж байна л даа…
Уг нь зоригтой хий гэж МАН-д эрх өгсөн, харин нөгөөдүүл нь тэгсэнгүйд иргэд бухимдаж эхэллээ. Энэ нь МАН-д Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах нь гэсэн дохиог одооноос өгч эхэлснээр илэрч байна. Ийм дарамтан дор сонгуульд орох нь 65 суудалтай МАН-д ичгэвтэр хэрэг юм. Тиймээс МАН-д ямар ч аргаар хамаагүй Ц.Элбэгдорж гэгч дэвтсэн бугаас салах хэрэгцээ тулгарч байна. Хамгийн түрүүнд тэвчээргүйгээрээ Ц.Нямдорж заналхийлэв. “Мэнгэ нь дөнгө болсон” гэдэг үгийг тэр мартахгүй л дээ, прокурорууд угаасаа ой сайтай байдаг юм. Энэ мэнгэ хэний дөнгө вэ гэдгийг харуулах цаг. Одоо л Жавхлантайхан Уянгалж МАНдуулдаг цаг!
Үүнийг мэдэрсэн Ерөнхийлөгч “байсан” намын дотоод хэрэгт анхаарлаа хандуулж байгаа ба унасан нэр хүндийг нь дагалдах Н.Энхбаярынхтай адил хувь заяанаас айж байна. АН-ыг авах нь түүний хувьд амь тэмцсэн алаан байхгүй юу. АН гэдэг дэрсний үзүүрээс шүүрч авахгүй л бол М.Энхболд нэг л найдваргүй боллоо. Одоо түүнийг хамгаалбал юун Ерөнхийлөгч, харин түүний оронд Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр сонгуульд яваад орчихвол ч…
М.Энхболдын амласан нь “Би Ерөнхийлөгч болбол хэнийг ч шорон гяндангаар айлгахгүй”… Өөр түүнд юу ч алга. Тиймээс яаран сандран АНУ-д “төгс гэгээрэхээр” одсон С.Баярцогтыгоо дуудуулж авчирчээ. Ард түмэндээ нүүргүй болсон ийм нөхдийг сургаж гинжлээд буцааж шидэн улсыг нь самардаг их гүрний бодлого одоо бол ил болсон.
Харин АН-ын зүгээс ийм амлалт өгөх хүн байхгүй, яагаад гэвэл эрх баригч бус. Тиймээс Ерөнхийлөгч араасаа жин тавиулахгүйн тулд АН-ын даргын сунгааг хүчлэн зохион байгуулахаар тогтоосон ба үүнд одоогийн намын дарга З.Энхболдын “Эрдэнэт”-тэй холбоотой удирдлагын автоматжуулсан системийн тендерийн булхай тус болжээ. Базаад хэлэхэд аюулгүй байдлаа бодвол М.Энхболдыг дэмжих ёстой ба харин түүнд сул өрсөлдөгч гаргахын тулд намын эрх мэдлийг гартаа авах ёстой.
Уг санаа нь М.Энхболд Ерөнхийлөгч болно, өөрөө түүний тойрогт очиж өрсөлдөөд парламентад орж ирж намын даргаа авна. Ирэх 4 жилд МАН сүйрэх учир дараагийн сонгуулиар АН олонх болж өөрөө Ерөнхий сайд. Тиймээс намын даргаар дуулгавартай өөрийн хүн гарч ирэх ёстой. “МҮДН”-ын Д.Эрдэнэбат, “Шонхор”-ын С.Эрдэнэ, “Нэг ардчилал”-ын Л.Гантөмөр гэсэн өөрийн талын хүмүүсийн сунгааг зохион байгуулахыг хүссэн ч Ж.Батзандан орж ирснээр тоглоомын дүрэм өөрчлөгдөж, түүн дээр Н.Алтанхуяг нэмэгдсэнээр илэрхий ашиггүй байдал үүсчихжээ. Өнөөдөр сунгааны урьдчилсан прогнозыг харвал Ерөнхийлөгчийн талын гэсэн нэг тал, эсрэг талынх гэсэн нэг тал болсон хуваагдал үүсээд байгаа ба гайтай нь Ерөнхийлөгчийн талынх гурав, харин эсрэг тал нь хоёр хуваагдсан дүнтэй байгаа юм. АН-ын их хурлаар хэрэв намын даргын сонгууль явуулсан бол Н.Алтанхуяг “ногоон гэрлээр” гарч мэдэх байсан тул түүнд хэрэг үүсгүүлээд, сунгааны хувилбарыг оруулж дөнгөсөн ч эцэстээ үнэнд гүйцэгдэх нь байна. Гэвч харж байя. Хэрэв гарцаагүй ялагдах болбол тэр өөрийн хүмүүсээсээ хоёрыг нь ч татуулж дөнгөнө. Гэхдээ тэглээ гээд бүх санал үлдсэн нэг дээр нь очно гэх магадлал байхгүй, харин ч нөгөө тийш нь нүүчих юм…
“Мангаа До”-гийн эцсийн зүүд
Өнгөрсөн сонгуулиар Ц.Элбэгдорж идсэн ууснаа хааж халхлахын тулд АН-аас урваж МАН-ыг илт давуу ялуулсанд дургүйцэж байгаа АН-ынхан одоо түүнээс хариугаа авахаар араа шүдээ хавирч хурцалж байна. Өөрөө амьд үлдэх гээд намаа алдаг хүн гэж байх уу даа. Түүний энэ мэхийг АН хэдийн мэддэг болжээ.
Санал хураалт Н.Алтанхуягийн илт давуугаар төгсөх урьдчилсан төлөвтэй байна. Бүр хорсолтой нь парламентад Н.Алтанхуяг Ерөнхийлөгчид дэвшвэл М.Энхболдыг нугалж барах төлөвтэй тухай бор шувуу ч нисэж байна. Гэхдээ яаран итгэхээсээ өмнө бодит байдлыг тооцох хэрэгтэй. Үнэндээ дараалсан ялагдал, С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүсэн ичгүүртэй жүжиг, Ц.Элбэгдоржийн увайгүй авир, АТГ-аар далайлгасан заналхийллээс залхсан АН-ынхан Ц.Элбэгдоржтой нэр холбогдсон хэнийг ч боловч унагахын тулд бүхнийг хийж байна. Н.Алтанхуягийн ЗГ-т байсан сайдуудаас “нэр дэвшигчээс бусад нь” байцаагчийн үүдэнд чулуу няслаж суугаа” (С.Баярцогт хүртэл. Гэхдээ түүнийх их онцлог) ба АН-ын одоогийн дарга нь, бас “дараа” болох дарга нь ч бэлэн зэхээний ор дэртэйгээ мэдэж байх ёстой гэсэн увайгүй авирт өсөрхөж байна.
Эрх мэдлээ алдаж буй нэг хүний төлөө намаараа, бүхэл бүтэн үеэрээ дэнчин тавихыг хэн хүсэх билээ ? Одоо бол АН-ыг зөвхөн ялалт л нэгтгэж чадна. Хэрэв ялахгүй бол АН энэ дотоод зөрчлөөсөө болж задран бутраад ахиж толгой өндийхгүй болтлоо доройтоно. Харин тэр ялалтыг нь Ц.Элбэгдоржийн санаархлыг сөрж чадах, түүнийг тогтоон барих хүн л хангахаас түүний талын аль ч нэр дэвшигч хангахгүй, харин ч удалгүй хуйвалдаанаар зайлуулагдаж АН ХХБ-ны нэгж болно.
Тэгээд Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг гэсэн лидерүүдтэй, хагас тэрбумын гадаад өртэй гаднаас залууртай ХХБ гэсэн түрийвчтэй “Адгийн Нам” болж хувирна. Ц.Элбэгдоржийн сценариар дэвшүүлсэн хүмүүс хэдий сайн боловч хэн нь ч намын дарга болж харагдахгүй байгааг бүгд мэдэж байна. Яагаад гэвэл энэ бол дарга нь Ц.Элбэгдорж гэсэн “аваарийн дохио” улалзуулж байгаа юм.
Хэдий эрх мэдлээ хязгаарлуулсан ч 65 гишүүнтэй МАН Ц.Элбэгдоржоор удаан тоглуулаад байхыг хүсэхгүй байна. Унаж буй Ерөнхийлөгчөөс зүүгдэж буй унхиагүй даргаа МАН бас голж эхэлжээ. Ерөнхийлөгч утааны жүжгээ тавихад ЗГ-ын кабинет нь тэр чигээрээ очоод хурхирч байдаг нь ч бас юучив? Ойрын хугацаанд ТЕГ-ын даргыг солих асуудлыг тавьж магадгүй ба цаашдаа АТГ ба ГХЯ-ны асуудлыг хөндөх болжээ. Мөн сонгууль болтол Ц.Элбэгдоржийг ноолж, түүний мэдэлд орсон АН-ыг гутаан баллуурдах ажлыг бүтэн улирлын туршид хийх ба бүтэж үхэх шахсан гишүүд нь харин ч шүднийхээ загатнааг гаргах нь дамжиггүй.
Ийм нөхцөлд Ц.Элбэгдоржтой зууралдалгүй харин ч буцааж хаяад МАНАН-г сөрөн зогсох чадвартай нь Н.Алтанхуяг л болж харагдаж байна. Н.Алтанхуягийн өсөрхөл л Ц.Элбэгдоржоос намаа хөндийрүүлж чадах ба С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хуйвалдаан ч ямар ч хэрэггүй хогийн бялдуучлал болон хувирах болно.
С.Баярцогт ирсэн байна ! Дэв шүглэж хяналтаа алдсан Ц.Элбэгдорж өөрийн бэлтгэсэн “Утаатай” жүжгийнхээ дүрд ч орж чадахгүй байгаа нь намын олон нийтийн дэмжлэгээ бүрмөсөн алдсаныг нотлон харуулж байгаа ба одоо эцсийн тулгуур нь С.Баярцогт болоод байна. С.Баярцогтын үүрэг бол Сү.Батболдын фракцаар дамжиж МАН-тай тохиролцож хагалан бутаргах, АН дотор Н.Алтанхуягийн эсрэг фронтуудыг нэгтгэх юм. Ингэхдээ яриа хэлэлцээ хийх, мөнгөө гаргах хоёр үүрэгтэй. Ирэхгүй гээд зугтсан түүнийг Ц.Элбэгдорж аанай л АТГ-д хэрэг үүсгээд л дуудчихаж байгаа юм даа. Ирж Элбэгээтэйгээ ярьж мултрахгүй бол өнөөх нь хэргийг нь хаахаа мартаад ажлаа өгчихөж чадах л хүн байхгүй юу. Мөн ч эмзэг бөлдөгтэй эр дээ…
Харин үүнийг мэдэрсэн З.Энхболд “С.Баярцогтыг дэвшүүлэхгүй байж чадаагүйнхээ төлөө” уучлалт гуйсан нь орчин үеийн “Мангаа До”-Ц.Элбэгдоржийн дэргэд барьцааны хүн л гэж байдгаас багийн хүн гэж байхгүйг нотолчихлоо доо…С.Баярцогт бол АН-ын хүн биш гэжээ.
Ингээд энэ сарын 19-нд “Тожмой лууны эрин” хэрхэн төгсөхийг харцгаая!
Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 01 дүгээр сарын 16.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

12 Responses to СУНАСААР СУНАСААР…

  1. E.Erdenesukh says:

    МАХН-аас Энхбаяр дэвшээд АН-аас хучтэй орсолдогч орсолдвол М.Энхболд 2017 оны еронхийлогчийн сонгуульд орсолдохгуй байх аа. Тэрний оронд намын даргаа их хурлын даргаа хийгээд тайван сайхан жаргаад хэвтэж байсан нь дээр биз.

  2. уншигч says:

    өнгөрсөн зун намрын сонгуулийг харахад МАН ганцаараа чадахгүй байсан Ерөнхийлөгчийн сонгуульд МАН дахиад Элбэгдоржийн тусламжийг авах нь байна… Хотын фракц хужаагийн лоббист бүлэглэл МАН ыг барьж байна л даа Хужаагийн лоббистчид Хотын дарга Ерөнхий сайд УИХ ын даргыг авлаа Одоо Ерөнхийлөгчийн суудал үлдэж байна..Хотын даргаас болж орос Монголын харилцаа муудах шахсан Бурууг дуучинд тохоод өөрсдөө цэвэр мултарах жишээтэй.Элбэгдоржийн буянд ялсан МАН ын хотын фракц даварлаа… АН Алтанхуягийг ашиглаад байвал алзахгүй урагшлаад байна Намын дүрэмээ зөрчдөг рекетчин БатЗандан бол 71 ны хэргээс зугтаж АН ын хамгаалалтанд орсон улстөрийн хоригдол гэж АН ын дэмжигч гишүүд ярьдаг Түүний ах нь МАН д нөлөөтэй гэсэн Ах нь томороход АН саад болбол намаа ч самарч хаяна … ер нь МАН ын тагнуул шүү БатЗандан мэтийн туршлаггүй ориллоо гаруудаар АН ыг турхирч зодолдуулж сурсан мэхээ ерөнхийлөгчийн сонгуульд Элбэгдорж хэрэглэх нь угаасаа тодорхой…Ерөнхийлөгчийн сонгууль бол АН ба МАН гийн өрсөлдөөн биш Элбэгдорж Алтанхуягийн хооронд болно Монгол улс энэ хоёр хүнээс болж хуваагдаж саналаа өгч хэн ялах нь таахын аргагүй хэцүү сонгууль болох байх Уншигчийн хувьд Алтанхуягийг дэмжинэ дээ

  3. Anonymous says:

    sain bichij

  4. Би says:

    Мундаг анализ

  5. Anonymous says:

    -ийм анализийг тань уншилгүй удаж шүү.

  6. Radi says:

    Mundag goy analyz bna. Amjilt husey. Olon hun unshaasai.

  7. Anonymous says:

    Гоё дүгнэлт. Яг л таарлаа. Үнэхээр ийм л хор улс төрд яваад бга даа. Үнэхээр үнэн бичих юмаа.

    • Anonymous says:

      ёстой мундаг бичжээ. үнэнд тун ойр гэж бодож байна. Харин? дан өмнөд зүгийн болоод ойрад талийнхан төрд илүүрхээд байна уу гүй юу?

  8. Anonymous says:

    ёстой мундаг. үнэнд тун ойр гэж бодож байна. Харин? дан өмнө зүгийн болоод ойрад талийнхан төрд илүүрхээд байна уу гүй юу?

  9. пүүжээ says:

    яг хэлж дээ.Алтанхуягаа л дэмжих хэрэгтэй шүү АН-н гишүүдээ.

  10. Anonymous says:

    hujaa naraas saltsgaaya Altanhuyagiig demjnee

  11. cm says:

    Баярцогтыг дутуу үнэлж болохгүй дээ, самрах ажилдаа бол үнэн гаршсан, Эх-Орон Ардчилал эвслийг самарч өгсөн Элбэгээдээ, дараа нь Алтанхуягийн засгийг бас самарч өгсөн хүн шүү самрахдаа л сайн хүн

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: