Г.УЯНГА: Ц.ЭЛБЭГДОРЖ, С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРЫН АВИЛГАЧДЫГ ҮЗҮҮЛЭН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ…

ТТЭНН-ын дарга Г.Уянгын шинэ ярилцлагыг толилуулж байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОГЦРУУЛАХ ҮНДЭСЛЭЛҮҮДИЙН ДУНД ХАРДАЖ, ТААМАГЛАСАН ЗҮЙЛ НЭГ Ч БАЙХГҮЙ-
-Та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг ямар үндэслэлээр шалгуулахаар АТГ-т хандсан юм бэ?
-Цагаан сарын өмнөхөн ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоотой баримтыг АТГ-т өгч, гурван асуудлыг шалгуулахыг хүссэн. Нэгдүгээрт, 2011 оны 4-р сарын 11-нд Оюутолгой компаниас 36 сая 369 мянган төгрөг гаргуулж, “Брой Хаус” хотхоны 7 тоот байрыг авсан тухай тус компанийн санхүүгийн зарлагын бүртгэлийн жагсаалтаас авсан баримт байгаа. Энэ нь авлигын хэрэг байж болзошгүй. Хоёрдугаарт, 2011 оны 9 дүгээр сард “Рио Тинто” компани ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эхнэр Х.Болормаагийн ТББ-д зориулж, 3 сая хүртэл ам.доллар цуглуулах хандивын арга хэмжээг АНУ-ын Денвер хотноо зохион байгуулсан. Арга хэмжээгээр 2.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хандив цугларсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байв. Оюутолгойн гэрээ монголчуудад ашиггүйгээр барахгүй удах тусам улам алдагдалд оруулж байгаатай энэ бүхэн холбоотой гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Гуравдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч гадны “шашин”-ы гаж урсгал МҮҮН-ийн байгууллагатай холбоо тогтоон санхүүжилт босгож байсан талаар ноцтой баримтууд цахим сүлжээгээр тархаж байсан. Гэтэл холбогдох байгууллагууд үүнийг шалгахгүй байгаа юм. Эдгээр нь гарцаагүй шалгах шаардлагатай ноцтой баримтууд гэж үзэж шалгуулахаар хандсан билээ.
-Өмнө нь та Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэл гаргаж тавьсан. Таны ярьж буй эдгээр мэдээллүүд бүгд баримттай юу?
-Огцруулах үндэслэлүүдийн дунд хардаж таамагласан зүйл нэг ч үгүй. Ерөнхийлөгчийн аль хэдийнэ олны өмнө нээлттэй хэлсэн үг, хийсэн үйлдлүүдэд үндэслэж, улс төрийн дүгнэлт гаргаж тавьсан.
-АТГ-аас таны тайлбарын хариуд ямар хариулт өгсөн бэ?
-Өгсөн баримтаасаа илүү зүйл хэлэх боломж надад байхгүй гэдгээ хэлсэн. Үүнээс цаашихыг АТГ шалгаж тогтоох хэрэгтэй биз дээ. Баримтуудад эрүү үүсгэн шалгах эсэхээ АТГ, прокурорын дамжлагыг дамжаад 19 хоногийн дотор хариу мэдэгдэх хуулийн хугацаатай. Энэ сарын эцсээр асуудалд ямар хариу өгөх нь тодорхой болно. Мөрдөн байцаагч н.Бат-Олзвой надаас тайлбар авсан, эрүү үүсгэх эсэх тухай саналаа прокурорт явуулж, эцсийн хариуг прокурор өгөх ёстой юм.
-Хувь хүнийхээ итгэл үнэмшлээр Ерөнхийлөгчийг шалгуулах асуудлаар АТГ-т хандаад тодорхой үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа хэрэг үү?
-Таны болон цөөнгүй хүнээс гарч байгаа үл итгэх энэ хандлагыг би шүүмжилмээр байна. АТГ, шүүх, прокурор гээд хууль, шударга ёсыг сахиулах байгууллагууд хүчтэйд, эрх мэдэлтэйд үйлчилдэг зүй тогтолтой болсон нь үнэн. Гэлээ гээд “Тэртэй тэргүй нэмэргүй дээ” гээд зүгээр суух нь буруу. Миний хувьд хандах ёстой хууль ёсны байгууллагууд болон олон нийтэд зэрэг хандаж байгаа юм. Хуулийн байгууллагаа давхар шалга, үнэхээр Ерөнхийлөгчид үйлчилж байна уу, үгүй юу? Үгүй ч байж болно, харъя. Хэрэв тэд шударга хандахгүй бол олон нийтийн хяналт шударга гэдэгт итгэж байна. Харж байгаа биз дээ. Миний АТГ-т өгсөн С.Баярын гадаадад эхнэрүүд, хүүхдүүдтэйгээ хийдэг үл хөдлөх хөрөнгийн наймаа-мөнгө угаалт, долоон байшинтай холбоотой хэргийг хэдий шалгах ёстой газар нь шалгаагүй гэсэн ч олон нийт түүнийг шүүгээд, хэдийнэ яллачихаад байна. С.Баярцогтыг ч бас хууль шүүх шалгахгүй ч олон нийт түүнд ялыг нь оноочихсон байна шүү дээ. Ядаж ийм шүүхээр тэд орог.
Нөгөө талаас “хувь хүний итгэл үнэмшил” гэж ямар ойлголт байж таарах вэ? Энэ авлига, хээл хахуулийн хэрэг чинь хувь хүний асуудал биш, нийгмийн асуудал. Үүнээс болж улс орон ямар байдалд орсныг та мэдэрч байгаа бол хувь хүний итгэл үнэмшил гэдэг үгийг хэрэглэхдээ болгоомжтой хандах учиртай! Энд хувийн ямар ч асуудал яригдаагүй нь ерийн ухамсартай хэнд ч ойлгомжтой. Ер нь зарчмын асуудлыг хувь хүн хоорондын асуудал болгож гуйвуулдаг энэ байдлыг эцэс болгох хэрэгтэй. Зарчим бол зарчим л байх ёстой. Авлигыг хамгийн дуу шуутай үзэн ядагчийн бодит дүрийг харцгаая л даа! Энэ хүн хямралд туйлдсан орны Ерөнхийлөгч юм шүү.
-МИНИЙ АРД, УРДААС 20 ЖИЛ ХҮН ХАЙЛАА. ОДОО НАМАЙГ…-
-Улс төрийн сонгуулийн үр дүнгээр МАН засгийн эрх авч, жижиг намуудад парламентын суудал олдоогүй. Амралтын гэмээр “цонх” үедээ та Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг сөхлөө ч асуудал хүчээ авч чадахгүй байх эрсдэлтэй биш үү?
-Асуултын тань логикийг би сайн ойлгосонгүй. Ерөнхийлөгч авлигын гэмт хэрэг хийсэн, түүнийг шалгуулах, улмаар Ерөнхийлөгчийг огцруулах нь жижиг намууд парламентад суудал авсан аваагүйтэй ямар холбоотойг ойлгохгүй байна. Ерөнхийлөгч буруу үйлдэл хийсэн бол түүнийг шалгуулах, огцруулах нь маш зохимжтой үйлдэл мөн.
-Таны ард хэн нэгэн хүн, эсвэл эрх ашгийн зөрчил бий юу?
-Ийм асуултаас одоо бол залхаж байна. Миний ард урдаас хориод жил хүн хайлаа. Одоо намайг өөрийг минь олж харж чадаагүй бол энэ нь миний буруу биш. Хэрэв хэн нэгэн байгаа бол тэр нь жирийн ард олон, энэ улс үндэстний нийтлэг эрх ашиг гэдэг уламжлалт хариултаа давтъя. Эрх баригчдын үйлдэл өнөөгийн олон нийтийн эрх ашигт хэр нийцэж байна гэж та бодож байна?
-Таны Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлийг бие даагч С.Жавхлан гишүүн дэмжихээ илэрхийлсэн. Эрх баригч намын гишүүдээс ямар хариу хэлж байна? Мэдээж энэ хүсэлтээ сөрөг хүчинд бас хүргүүлсэн байх?
-С.Жавхлан гишүүнээс өөр хэн ч ямар ч хариу ирүүлээгүй. Харин цөөнгүй гишүүд “Асуудал нь ороод ирвэл дэмжинэ ээ” гэж ил тод хэлсэн. Монголчуудын л ерийн ааш. Нууц бол зоригтой, ил тод бол бөөрөнхий байдаг тэр л араншин.
-С.Жавхлан гишүүн яагаад асуудлаа оруулахгүй удаад байгаа юм бол? Та хоёр мэдэгдлээ бүр 12 дугаар сарын эхээр хийж байсан санагдаж байна. Гурван сар гаруй хугацаа өнгөрчихлөө?
-Түүнийг өөрөөс нь асуу. Ямар ч байсан Жавхлан гишүүн надтай ижил байр суурьтай байсан тул хамтрахаа олон нийтийн өмнө өөрөө илэрхийлсэн. Их хурлаар оруулах шаардлагатай бүх баримт бичиг бэлэн байгаа. Их хуралд оруулах асуудал одоо гишүүний асуудал. Гэвч би ингээд орхилгүй дэмжлэг болох гэж бүх боломжоороо чармайн ажиллаж байна. Гишүүн чуулганы танхимд цөөдөх тул түүнд олон нийтийн дэмжлэг хэрэгтэй гэж ойлгож, тэр дэмжлэгийг сарниулахгүй байхыг хичээж байна. Гэхдээ яг энэ асуудал УИХ-аар хэлэлцэгдээд эхэлвэл чуулганы танхимд цөөдөхгүй байж магадгүй юм билээ.
-БИ ҮНЭНИЙГ ХЭЛСЭН УЧРААС ОДОО МУНДАГ ТААСАН МЭТ ХАРАГДАЖ БАЙГАА ЮМ –
-Өмнө нь та манайд ярилцлага өгөхдөө ард түмэн МАН-ыг сонгосноос биш ОУВС-г сонгоогүй гэж байжээ. Гэтэл хэдхэн сарын дараа таны энэ үг бүрэн биеллээ олж, ОУВС ирэх гурван жилд засаглах нөхцөл үүслээ. Засгийн газар, эрх баригч намын энэ шийдлийг хэрхэн харж байна вэ?
-Ийм нөхцөл байдал үүсэх нь саяхан ч биш, сонгуулийн дараа ч биш, олон жилийн өмнө л тодорхой байсан. Дампуурлаа зарлах уу, хамгийн хатуу нөхцөлтэйгээр ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах уу? гэдэг муу сонголтууд л байсан. Дайны хажуугаар дажин гэж үүгээр айлгаж байгаад олон луйварчин луйвар, улсаа худалдах гэрээ элдэв хөнгөлөлт чөлөөлөлтийн хууль батлуулж завшсан. Одоо энэ хуулийг л баталбал эдийн засаг сайжирна, улс орон сайхан болно гэж үй олон хууль баталсан, эсэргүүцсэн биднийг хөлсний бичээчдээр элдэв хоч өгч дайруулсан. Тэгээд бүгдийг нь санаснаараа батлуулсан, одоо тэгээд сайжирч уу? Улам муудаж Ч.Сайханбилэгийн үеийн “Стэнд бай” нь Дубайн гэрээний дараа бүр хамгийн хатуу нөхцөлтэй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр болчихсон байгаа биз дээ! Илүү өндөр хүүтэй зээл авч зээлээ дарж байна.
Ингээд өчүүхэн ч сайн юм болохгүй, харин ч ирэх жил улам муудна гэсэн үг. 5.75 хувийн хүүтэй 580 саяын бондыг 8.75 хувийн хүүтэй 600 сая ам.долларын бондоор сольж байна. Өр дээрээ жил бүр 18 сая доллар нэмж төлөх ачаалал авч байна шүү дээ. Энэ эрүүл үзэгдэл үү! Жил ирэх бүр улам л их өр төлөх боллоо гэсэн үг. Өрийн дөнгөнд улам л лав орсоор байна, улс орон. Бид өнөөгийн байгаа байдлаа өөрчлөхгүй бол ийм байдлаар намагт улам шигдсээр л байх болно. Хүн бүхэнд тодорхой байсан юм, харин энэ МАНАН-гийнхан төөрөлдүүлээд олон нийт эргэлзээд удсан. Би үнэнийг нь хэлсэн учраас одоо мундаг “таасан” мэт харагдаад байгаа юм. Харин ийм юм болохгүй гэгдэж байсан хөлснийхөн одоо юу гэхийг нь харъя. МАН руу чихэх гэж байгаа бол өнөөгийн энэ байдал бол та нарын хамтын бүтээл “дундын хүүхэд” гэж хэлэх ёстой.
-Тавантолгой, Гацуурт, төмөр замын төслүүдээ эрчимжүүллээ ч эдийн засагт “том” нөлөөлж чадахгүй гэж эдийн засагчид дуугарах болсон?
-Энэ төслүүдийг эрчимжүүлэхээр мөнгө наашаа урсаж орж ирнэ гэж эндүүрэх хэрэггүй тухай олон жил ярьж байна даа. Өнөөдрийн дампууралд тулгасан өр шир бол “том төслүүдээ эдийн засгийн эргэлтэд оруулсан” МАНАН-гийн ажлын үр дүн шүү дээ. Том төслүүд цөөн хүнийг баяжуулж гадаадад үл хөдлөх хөрөнгө, оффшор данс болж хувирсан. Хөрөнгө оруулалтыг хатуу хяна, улсын эрх ашгийг тооц гэхээр гадаадын хөрөнгө оруулалтыг хаалаа боолоо гэж хөлсөөр хашгичиж байсан хүмүүс нөгөө хөрөнгө нь оффшорт орсныг сонсоод ямар дуу дуулах бол.Тэглээ гээд тэд ч бас хожиж сүйд болсон юмгүй. Оффшорынх нь мөнгө өөрсдөд нь олдоо ч уу, үгүй ч үү. Хөрөнгө оруулагч гэж бурханчлан тахигсад өрмийг нь хуу хамж, авлигач эрх мэдэлтнүүдэд хусмыг нь долоолгоод, ард олон нь шилний цаанаас чихэр долоогоод л үлдэж байна шүү дээ. Олон ч улс оронд давтагдсан энэ схемийг Монгол мэдсээр байж, дахиад нэг давтлаа. Харин ингэж давтуулагчид нь хамгийн орчин үеийн эдийн засгийн боловсролтой нөхөд гэдгийг байнга харж байх ёстой.
-…ТҮР ЗАСГИЙН ГАЗАР БАЙГУУЛААД, УИХ ТАРАХ ЁСТОЙ-
-Таны харж буйгаар Монгол Улсад үнэхээр эдийн засгийн хүндрэлийг даван туулахад ОУВС-гаас өөр гарц байгаагүй юу?
-Бидэнд муу сонголтууд дундаас дөнгүүр сонголт мэдээж байсан. Дөнгүүр гэж хэлж ч бас болохгүй юм, гарцаагүй сонголт гэсэн нь илүү тохирох юм байна. Тэр нь улс төрийн системийг бүхэлд нь өөрчилж Үндсэн хууль руугаа орох, төрийг эзэнтэй болгох. 2012 онд УИХ-ын гишүүн болмогцоо анхны уриалгаа ингэж гаргасан юм. Парламентад төлөөлөлтэй бүх улс төрийн хүчнүүд суудал авсан пропорцоороо хамтарч түр засгийн газар байгуулаад энэ их хурал тарах ёстой гэж би үзсэн юм. Одоо ч энэ арга хэмжээг л хэрэгжүүлэх ёстой. Улс төрийн хүндрэлийг даван туулахгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах ямар ч бололцоо байхгүй. Энэ бол батлах шаардлагагүй үнэн юм. Хэрэв үүнийгээ зөв шийдэж чадвал эдийн засгийн асуудлыг ч бас л эерэгээр шийдэж болно. Ер нь намуудын популист амлалт, мөнгө идэх суваг болсон төсвийн үр ашиггүй хөрөнгө оруулалт хоёроос л бүх үрэлгэн байдал эхтэй. 2012 оны өмнө сургамж авсан гэж бодтол үгүй юм байна.
-Тухайлбал яаж эерэгээр шийдэж болох вэ?
-Бага хүүтэй зээлийг их хүүтэй зээлээр дарах нь дээр үү, дампуурлаа зарлах нь арай дээр байсан уу гэдгийг бодолцоход гэмгүй. Оффшорт байгаа хөрөнгүүдийг татаж оруулах, алдагдалтай гэрээ хэлэлцээрүүдийг эргэн харах ёстой. Хэрэв оффшорт байгаа хөрөнгөө татаж авчрахгүй бол тэднийг ядаж ингэж болохгүй гэдгийг хэдэн үеэрээ мартахгүй ярих үзүүлэн болгох хэрэгтэй. Одоо бол тэд үзүүлэнгээс өөр хэн ч биш. Нэг жишээ нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч мөн. Түүнээс биш авлигачдыг С.Баяр шиг дипломат эрхтэй дүрвэгч болгоод байвал бид “хөрөнгө оруулалтаас” юу ч олж долоохгүй. Бүс нутгийнхаа эдийн засгийн интеграцид орох бодитой яриа хэлэлцээрүүдийг эхлүүлж, энэ талаар арай зоригтой алхам хийх хэрэгтэй. “Рио тинто” Английнх л гэнэ. Эцсийн дүндээ тэд манай зэсийн хүдрийг Хятадад л зарна. Тиймээс хөршүүдтэйгээ хамтарч хянах нь дээр. Тэгэхгүй бол Ерөнхий сайд нь тэнд ажилладаг хүргэн ахдаа тус болох гээд улсаа балласан түүх саяхных. Ийм эрхийг хэрэгжүүлж чадах улстөрийн илүү тогтвортой системийг бий болгох ёстой.
-ТТЭН-ын даргаар таныг ажиллах ёсгүй гэх асуудлыг намаас тань сөхөж байсан. Одоогоор танай намын дотоод эв нэгдэл хэр байна?
-Өнөөдөр бидний өмнө тулгараад байгаа асуудлын дэргэд Тусгаар Тогтнол Эв Нэгдлийн Намын дарга хэн байх тухай асуудал надад төдий л тод харагдахгүй байгаа. Хэдий муу ч улс юм болохоор хууль гэдэг юм байна, түүний дагуу асуудал шийдэгдэнэ биз. Улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хэрэглэгдэх, тийм зорилгод ашиглаж болох нам байж чадвал байна биз, чадахгүй бол энэ нам хэнд ч сонин биш. Би тийм нам байлгахыг хичээж байна.
-Танд баярлалаа.
2017 оны 03 дугаар сарын 10.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to Г.УЯНГА: Ц.ЭЛБЭГДОРЖ, С.БАЯР, С.БАЯРЦОГТ НАРЫН АВИЛГАЧДЫГ ҮЗҮҮЛЭН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ…

  1. bat says:

    unen l yum yarij baina daa ug ni!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: