А.БААТАРХУЯГ: МОНГОЛЧУУД БА ЧОНО

Монголчууд бол цэрэг гэдэг үнэн. Нурхач “Үүл нэгдвэл бороо, монгол нэгдвэл цэрэг” гэсэн нь дайснаа маш зөв тодорхойлсон хэрэг.
Тэгвэл асуулт? Цэрэг гэж хэн бэ? Цэрэг бол тушаалыг үг дуугүй биелүүлдэг, сахилгажсан, амиа өөрөө гамнадаг зохион байгуулалтын нэгж. Давш гэвэл давших ёстой үхлээс айхгүй байх ёстой, ухар гэвэл бас ухрах ёстой дэмий баатарлаж “гай”, “гарз” нэмэх хэрэггүй. Аль алийг зөрчвөл ганцхан “үхэл” гэдэг шийтгэлтэй. Энэ шинжээрээ “хүн биш”.

Цэрэг бол “зүгээр л нэгж” гэдгээ ухамсарласан учраас дуулгавартай, тушаалыг шүүн хэлэлцдэггүй. Монголчууд тийм ч баатарлаг, омголон, дураар, догшин хэрцгий, бусдаас илүү чадал хүчтэй хүмүүс биш. Тайван, зочломтгой, аливаад арга эвийг олохыг хичээдэг, номхон (энэ бол зохион байгуулагдах үндсэн менталитет юм шүү), тэсвэр тэвчээртэй, заль мэхийг шүтдэг (амиа аврах шийдэл гаргахад чухал зан чанар), хүчтэй удирдагч хайдаг, үнэнч бол түүнийхээ төлөө дуулгавартай үхэн зүтгэдэг хүмүүс. Одоо ч “талийгаач” Зөвлөлтөд үнэнч чанараа алдаагүй л байна даг. Ийм хүмүүст маш тодорхой “тэг” гэж тушаах хэрэгтэй, бусад нь биелүүлэх ёстой. Энэ манай засаглалын үндэс мөн.
Сул удирдагч нь үхвэл тоохгүй хаяад явна, эсбөгөөс ялагдвал удирдагчаа алчихаад тараад явчихдаг хүмүүс. Итгэж байсан Барон Унгернийг яалаа? Улаантанд тушаачихсан. Ялангуяа XX зуунд европчууд ингэж тодорхойлж байсан нь зөв л ажиглалт. Нийтлэгээрээ сагсуу, хийрхүү, омголон, дураараа хүмүүст дургүй. Нэг нэгээрээ сул дорой мэт авч, нэгдэж зохион байгуулагдвал маш хүчирхэг зангидсан нударга болон хувирдаг нь манай энэ номхон зангийн ард нуугдсан цэрэг араншингийнх, үндэсний менталитет юм.
Илүү гарз хохирлоос ямагт зайлсхийдэг, ялахын тулд ямар ч арга мэх хэрэглэхээс ичиж, буцахгүй увайгүй арга, ёс зүйтэй. Ийм хүмүүсээр бүрдсэн арми л өөрөөсөө хоёр дахин, хорь дахин олон, зохион байгуулалт муутай, сайтар зэвсэглэсэн, хийрхүү баатарлаг хүлэг баатруудыг, лалын шалбалзсан торгон цэргийг, нанхиадын Сүнзийн ном, тулааны урлаг гэгчид нэвтэрсэн байнгын армийг амархан ялж байлаа.
Монголчууд зүрх муутай, гардан тулаанаас зайлсхийдэг, зугтдаг, ой гутам хүний санаанд оромгүй муу зальтай хүмүүс гэдэг тодорхойлолтыг бидэнд ялагдсан ард түмнүүд л ялагдлын хорслоор өгсөн.
Өөрийн тоо, зэвсгийн дутууг газар орны нөхцөл байдал, цаг уурын өөрчлөлт, хагалан бутаргах, хорлон сүйтгэх, тагнан турших, санаатайгаар айлган сүрдүүлж, хот балгадаар нь хядах, цуу тараах, хөшгөн утаа, хүмүүсээр амьд бамбай хийх, биологийн болон химийн зэвсэг хэрэглэх гэх мэт хүчин зүйлсээр нөхдөг байсан, үнэн. Голын дээд эхэд нутагладаг овгуудыг цуглуулж малтай хүнтэй хөвөөнд нь хядаад цусыг нь урсгахаар доод урсгалд байсан нь ухаан алдталаа айгаад бутарч зугтдаг нь айхтар нөлөөтэй “суртал”. “Цусаар урс” гэдэг хараал чинь энэ. Дайснаа ч дэмий алдаггүй юм л даа. Алах, булах дуртайдаа ч биш хүний өөрийн амийг гамнаж байгаа юм. Гол зэвсэг болдог сумныхаа зэвийг ч өвчний вирусээр халдварлуулдаг байсан. Шарх л өгвөл баталгаатай үхнэ. Маргааш нь босоод ирэхгүй байх хэрэгтэй. Ялагчийг шүүдэггүй юм.
Бүр хожим суларч, бутарсан Монголчуудтай тулалдахдаа хоёр хөрш технологийн эрэмбээр ааглалаа ч увайгүй заль мэх, тулааны үед барьц алддаггүй бат бөх мэдрэл, үхэн тулалдах араншингаас нь аймшигтай хохирол үздэг учраас биднийг аль болох оролдохгүйг хичээж байсан, биднийг “мааниар” унтуулсан.
Харин ийм зохион байгуулалттай хүчин удирдагчгүй, эмх цэгцгүй болбол яадаг вэ? Тэгвэл сүрэг дээрэмчин л болно. Хятадын судруудад ингэж зүхээд байдаг нь мэдээж үндэслэлгүй биш. Бүр увайгүй сүрэг дээрэмчин болдог. Өнөөдөр бид яг тийм дүр дөхтэй байна. Эмх цэгцгүй, зохион байгуулалтгүй, нэгдмэл удирдлагагүй, дотоод тэмцэлдээ тамираа барсан, дайсандаа хэрэглэдэг байсан тэр бүхий л “булай муухай цэрэг” тактикаа нэгэндээ хэрэглэж байна. Нэг, нэг эрлийз, ирүүл голдуу хайсангийн захирагчтай.
Өнөөдөр хоёр хөрш “Сүрэг дээрэмчин болсон” биднийг тайван амгалан, уужуу, чинээлэг, өөрсдийнх харъяанд байгаа монголчууд болоод Монголын эзэнт гүрний үеэс тогтсон арилшгүй нөлөөллөө ашиглан цочоогоод байхгүйхэн амьдраасай гэж залбирч байгаа.
Тиймээс цэрэг эрсээ, дээрэмчин араншингаа барьж, зохион байгуулагдаж, нэгдмэл хүчин болох тэр замыг сонгоцгооё доо! Гэхдээ хэн чинь эрх чөлөөгөө хасуулахыг хүсэж байна даа? Бүгдээрээ Чингис гээ биз?
Жич: Чоныг айхтар амьтан л гэдэг. Сүрэглэхээрээ юунд ч дийлддэггүй. Гэвч баригдаж аргаа барсан чоно ямар хүлцэнгүй, хүний нүүр хардаггүй, ус гүйлгэнэсэн нүдтэй, чичигнэж гөлөгнөсөн, дорой нунж харагддаг билээ? Ноднин нэг шүдлэн чоно хашиж аваад байтал нэг кавказ ноцолдуулъя гээд аваад ирлээ Тэр нохой ямар сүртэй, зоримог, хүчирхэг харагдаж байв аа! Нохойг суллаж турхиртал чоныг нухаад байх юм. Өрөвдөхөөс илүү, уур хүрч тэжээвэр эрлийзэд нухуулж байгаа бол хохь нь гэж бодохын завдалгүй өнөө чоно нэг л эргэсэн. Эзэн нь “Ээ, хайран нохой…” гээд гүйсэн. Таталдаж хамаг цусаа юүлсэн нохойн хоолой, гүрээг яг сахлын хутгаар зүүсэн мэт тас хяргасан байсан. Би тэгэхэд нухуулж байгаа чоныг хараад өөрийн үндэстнээ бодож байлаа. Бид яг шархдаж баригдсан чоно шиг сүр сүлдгүй болчихож гэж. Гэвч эцэст нь чоно бол чоно юм даа л гэж бодсон доо. Яг түүн шиг монгол бол монгол л доо…
Нээрээ, Та нар анзаарсан уу? Монголчууд нэгнийхээ нүүр нүд рүү хардаггүй заншилтай. Хэрэв харвал дургүйцэж, өдөж байна гэж үздэг, эсбөгөөс зодолдохын өмнө л нүд нүд рүүгээ хардаг. Яг чоно шиг… Манай нэг Америк найз үүнийг анзаараад “Та нар ингэж харахаараа яг энд хардаг гээд дагзаа илж байж билээ”. Тэр монголчууд Азийнхнаас харцаараа л ялгардаг гэдэг юм…
2017 оны 03 дугаар сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

6 Responses to А.БААТАРХУЯГ: МОНГОЛЧУУД БА ЧОНО

  1. bat says:

    ai huurhii mongol bol mongol l baival saihan baina daa ug ni

  2. huder2003 says:

    Mundag bichsen bn bayarllaa

  3. Жанцандорж says:

    Уг нь их л vнэнийг бичжээ. Манай бичиглээч нар нэг зvйлийг бодууштай. Эх тvvxийнхээ сэдэв рvv орохоороо л нøгøø манайханд тоосоо гøвvvлж хорссон хорсол нь одоо ч тайлагдаагvй байгаа Орос болон лалынхны хэрэглэдэг дээрэмчин, увайгvй, адгийн зальтай гэх мэт хэллэгvvдийг тэдний øøрсдийнх нь эх сурвалжаас тэр чигт нь буулгаж хэрэглэдэгээ болих хэрэгтэй. Энэ бол алсдаа их муу нøлøøтэй зvйл. Зэвсэг муу байсан бол юун ялалт. Нум сумаар харвах технологиор дэлхийд тасарчихсан байсан. Чингис хаан олон цэрэгтэй байж чадах л байсан. Тэглээ гээд ашиггvйг бас мэддэг байсан юм. Олны эсрэг цøøн цэргээр, газар орны байрлалд зохицсон зøвхøн Чингис хаан болон тvvний жанжидын мэддэг тактикийн давуугаар ялдаг байсан. Цэрэг дайны тактикаар тухайн veийн орос, европ, хятад, лалынхан бол Монголчуудын хажууд жинхэнэ зэрлэг бvдvvлгvvд байсан юм. Адгийн наад зах нь нøгøø талаас ирсэн элчийг алж хороохгvй байх зэрэг наад захын дипломат харилцааг мэддэгvй хагас зэрлэгvvд байсан даа.

  4. Bayer says:

    Манайд хуваагаад, захир гэдэг технологи бүрэн утгаараа хэрэгжиж байна. Нөгөө талаас хувь хүмүүсийн, нийгмийн харилцааны түвшинд нэгдэж байна гээд комунизмийн үе шиг бүгд ижил байх ёстой гэж болохгүй, эсрэгээрээ хоорондын ялгаагаа хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Харин нэгтгэх боломж нь НИЙТИЙН, НЭГДСЭН итгэл үнэмшил, зорилго дээр үндэслэх байж болох юм

  5. Би says:

    Үндэсний мэнталитаа сайн олж харжээ давуу тал дээрээ өндийж сул талаа дарж бх сул талаа давуу болгож хувиргах хэрэгтэй бх үндэсний сэхээтнүүдийн хийх ажил

  6. Anonymous says:

    dajgui shu

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: