ҮЗЭЛ САНААНЫ ГУЙЛАНЧЛАЛ

МАН “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл” гэдэгт элсжээ. Энэ нь МАН үзэл санаагаа 5 дахь удаагаа өөрчилсөн хэрэг юм. “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл”-ийн хурал одоо Улаанбаатарт хуралдаж байгаа ба түүнд 34 орны төлөөлөгч оролцож буй аж. Дөнгөж сая “том” АСЕМ хийгээд хамаг мөнгөө гүвчихсөн Монгол Улс одоо “бага” АСЕМ хийж байна. Энэ тухай өгүүлсү…
Бяцхан түүх
Сүүлийн 20 гаруй жил МАН үзэл баримтлал, үзэл санаагаа хэрхэн сольж өөрчилж ирснийг товч сануулъя.
1. Эхний шилжилт : Социализм коммунизмаас Ардчилсан социализмд. (1990-1993)
Энэ шилжилт ардчилал, зах зээлийн хандлагатай холбоотой байв. 1990-ээд оны эхэн үед МАН коммунист хэв шинжийн нам байлаа. Бүгдээрээ “муусайн коммунистууд” гэж хараалгаж байснаа мартаагүй гэж санана. Одоо ч гэсэн зарим тэнэг лаларууд энэ хэллэгийг хэрэглэдэг. МАН социалист коммунист хэв шинжийн нам байхдаа түүхэн их дэвшил хийж, дахин давтагдашгүй гавъяа байгуулсныг үгүйсгэх боломжгүй. Ардчиллын үр дүнд МАН эхлээд “ардчилсан социализм”-ыг авав. Үүнийг Г.Очирбатын удирдсан МАН-ын Онц Их Хурлаар хэрэгжүүлсэн ба МАН-ын программын баримт бичгүүдэд орсон юм.
2. Хоёрдахь шилжилт: Ардчилсан социализмаас Төв үзэлд (1993-1996)
Шинээр МАН-ын дарга болсон Б.Даш-Ёндон “төв үзэл”-ийг тунхагласан ба тэрээр гадаадаас “изм” хайдаг тэнэг явдлыг зогсоож, өөрийн үзэлд суурилах анхны оролдлого хийсэн юм. Олон хүн үүнийг огт ойлгоогүй ба зүгээр л шашны гүн ухаан гэж боджээ. Уг нь энэ үзэл баримтлал зөв аваад явсан бол амжилт олох боломжтой байв.
3. Гурав дахь шилжилт: Төв үзлээс ахин Ардчилсан социализмд (1996 – 2009)
Шинээр МАН-ын дарга болсон Н.Энхбаяр “ардчилсан социализм”-ыг ахин тунхаглаж, Социнтерн-д элсүүлэв. Ингээд нэлээд хэдэн жил явтал Н.Энхбаяр унаж, дараагийн намын дарга нар шинэ үзэл санааны эрэлд хатаж эхэлсэн юм.
4. Дөрөв дэх шилжилт: Ардчилсан социализмаас Нийгмийн ардчилалд (2010 – 2015)
2010 онд МАН-ын Ардчилсан социалист Залуучуудын Холбоо (МАСЗХ) нэрээ өөрчилж, Нийгмийн Ардчилал залуучуудын Холбоо (НАЗХ) болсон бөгөөд үүнийг дагалдан МАН-ын ахмад, эмэгтэйчүүд, судалгааны байгууллагууд “Ардчилсан социализм”-аасаа татгалзан бүгдээрээ “Нийгмийн ардчилагч” болон хувирав.
5. Тав дахь шилжилт:Нийгмийн ардчиллаас “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл”-д (одоо)
МАН “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл”-д элсэн орж, түүнийг сурталчлан өнөөдөр 34 орны төлөөлөл оролцсон Хурлыг нь Улаанбаатарт зохион байгуулж МАН-ын дарга М.Энхболд үг хэлэв.
Эндээс дүгнэхэд: МАН сүүлийн 20 гаруй жилд социализм коммунизм – ардчилсан социализм – төв үзэл – ахиад ардчилсан социализм – нийгмийн ардчилал – дэвшилтэт алъянс гэсэн үзэл санааны 5 хувьсал хийжээ. Үүнийг л үзэл санааны гуйланчлал гэдэг юм.
МАН-ын хоёрдмол байдал
МАН үзэл санааны эрэлд 20 гаруй жил хатаж байгаа нь түүний хоёрдмол байдалтай холбоотой. Би МАН-ыг муу хэлэх гээгүй, зүгээр л түүний зовлонг өгүүлж байна.
МАН-д хоёрдмол байдал 1990-ээд оноос эхэлсэн юм. Нэг талаас МАН үндэсний эрх чөлөөний тэмцэлд манлайлан Ардын хувьсгалыг ялуулж, Монгол орны нийгмийн асар их дэвшлийг хангасан МАХН-ын үйл хэргийг шууд залгамжлагч болох зайлшгүй хэрэгтэй байлаа. Нөгөө талаас орчин үеийн нөхцөлд нийцсэн ардчилал, зах зээлийг байгуулагч, дэвшилтэт шинэ нам болох ёстой болов. МАН энэ хоёр дүрд зэрэг тоглох болсноор түүний хоёрдмол байдал үүссэн юм. Энэ бол бодит, үл арилах “мөнхийн” зовлон юм.
Хуучин намын үргэлжлэл гэхээр хуучинсаг, коммунист, “алуурчнаараа” дуудуулна. Үгүй гэхээр 1990 онд цоо шинээр бий болсон “хүүхэд нам” болчихно. Шинэ нам болох гэхээр уламжлалаа хаяж орхисон ялд унана.
Энэ “мөнхийн асуудлыг” шийдэх гэж МАН шар махтайгаа хатаж, үзэл санааны эрэлд хатаж байгаа юм.
Энэ салбарт оюун санааны эргэлт хийх гэж МАН-ын бараг бүх дарга хичээн оролдсон. Тэд эрэлд мордох бүртээ шинэ үзэл санаа тунхаглах ганц аргыг л сонгон олж байв. Дарга бүр нь “шинэ онол”, “шинэ үзэл санаа” тунхаглаад байхаар нам үзэл санаагаа байн байн солих шаардлага үүсдэг юм.
Энд МАН-ын бас нэг зовлон хийгээд тэнэглэл гарч ирдэг. МАН-д нийгмийн онол, арга зүйгээр мэргэшсэн, онол, үзэл санааны маш хүчирхэг баг байлаа. Гэтэл “шинэчлэгдэж байна” гээд хуучинсаг, хоцрогдсон, шинэ хандлага мэдэхгүй шалтгаанаар тэдгээр сэхээтнээ хаяхыг нь хаяж, хөөхийг нь хөөж, үлдсэнийг нь дарга нарын илтгэл бичдэг тэнэг ажилд томилсон юм. Үүний хор уршиг тэр дороо мэдэгдэхгүй байв. Эхлээд үе үеийн дарга нарын “онол” тэс хөндлөн зөрдөг болов. Яваандаа МАН үзэл санааны төөрөгдөлд орж, юу хийхээ мэдэхээ болив.
Энэ нь байн байн үзэл санаагаа сольж байгаагаар, мөн байн байн тунхаг гаргах явдлаар илрэх болов. Дэлхийн аль нэг нам үзэл санаагаа 20 жилд 5 удаа сольж, 30 гаруй тунхаг гаргавал түүнийг ямар ч хүн нам гэж нэрлэхгүй. МАН ийм л тэнэг байдалд ороод байна.
Хэрэв гүн ухаан, түүхийн гүн ухаан, системийн ерөнхий онол, арга зүй мэддэг, хэрэв тэдгээрийг мэддэг хүмүүсийг хөөж, туугаагүй бол МАН хэзээ ч ийм тэнэг байдалд орохгүй байхсан. Уг нь их амархан шийдэж болох л асуудал ш дээ. Гэвч үүнийгээ МАН одоо болтол ойлгоогүй, бас ойлгох чадавхигүй болжээ.
МАН-ын “ойлгоогүй” байгаа агуулгыг 1991 онд Орост болсон симпозиум дээр Японы миллиардер Хероси Теравама ингэж илэрхийлсэн юм: “Та бүхэн өөрийн дэлхийд тэргүүлэх ролийн тухай ярьцгааж байна. 1939 онд Та нар ухаантай, япончууд бид тэнэг байсан. 1949 онд Та нар бүр ч илүү ухаалаг болж, харин бид тэнэгээрээ үлдсэн. 1955 он гэхэд Та нар хүүхэд болон хувирч, харин япончууд бид ухаантай болсон. Манай эдийн засгийг танайхаас яг тэр чигээр нь хуулсан, гэхдээ капиталистууд бид 15%-иас дээш өсгөж чадаагүй. Хэрэв бид танайх шиг нийгмийн өмчтэй байсан бол өсөлтөө 30% буюу түүнээс дээш гаргах байсан. Манай олонхи компаниудад одоо болтол Сталины үеийн лоозон өлгөөтэй байдаг.”
Одоо МАН энэ үгийн агуулгыг уншиж судлах хэрэгтэй л дээ. Тэгвэл учир начир, чиг баримжаагаа олж магадгүй…
Социнтернийг дуурайж…
1864 онд I Интернационалаас эх авч, түүний залгамжлах гэсэн намууд 1951 онд Германд хуралдаж Социнтернийг байгуулжээ. Анх капитализмыг, социализмыг ч, бас колонийн дарлалыг эсэргүүцэн гарч ирсэн Социнтерн XX зууны төгсгөлд хэрд ид мандаж байлаа. Социнтерн бол АНУ, ЗХУ хоёроос “зөв”, “аюулгүй”, “адил зайтай” байж харьцангуй бие даасан байдлаа хадгалах гэсэн Европын намууд, ялангуяа Герман, Францын социалист үзэл санааны тусгал болсон байгууллага юм.
Ингээд ЗХУ нуран унамагц Социнтернд хагарал гарчээ. “Социализм угаасаа буруу” гэсэн үндэслэл газар авч, Европын намууд нэг туйлт ертөнцөд тааруулан үзэл санаагаа өөрчлөх эрэлд гарсан юм. Маш олон санаа, оноо гарсны нэг Германы Социал-Демократ намын онолч Томас Майер болно. Тэрбээр “Ардчилсан социализмын онолын товч гарын авлага”, “Социал-демократын өөрчлөлт: Нам XXI зууны зам дээр” хэмээх хоёр бүтээл туурвисан юм.
Томас Майер эдгээр бүтээлдээ: Социал-демократын түүх бол “ардчилсан социализм”, “чөлөөт социализм”, “социал-демократ”, “нийгмийн ардчилал” гэсэн ав адил утга санааг илэрхийлдэг 4 нэршлээр илэрдэг” гэдгийг онцлон тэмдэглэснийг МАН-ын “онолчид” олж үзээгүй бололтой. Томас Майер социал-демократ хөдөлгөөний зорилтыг шинэ нөхцөлд тохируулан томъёолох оролдлого хийсэн ба түүнийгээ “дундаж зам” гэж нэрлэсэн. Энэ нь угаасаа онол биш, зүгээр л шинэ арга замын хайгуул байсан юм. Гэтэл МАН-ынхан үүнийг нь шал өөр, илүү гоё, цоо шинэ “онол” гэж “ойлгожээ”. Түүнээс гадна Т.Майер 4 ижил нэр томъёоноос “нийгмийн ардчилал” нь илүү гүн утгатай гэсэн болохоос үүнийг онол, үзэл суртлаа болгоод бай гэж огт хэлээгүй. Бас л МАН-ынхан хэлээгүй юмыг нь, хэлсэн болгож “ойлгожээ”. Бодвол Т.Майерын номноос зөвхөн гарчгийг л харсан бололтой. Энэ бүхний үр дүнд МАН тэр чигээрээ “нийгмийн ардчилал” болон хувирав.
Энэ хошин үйл явдалд монгол сэтгэхүй чамгүй нөлөөлсөн юм. Монгол хүн “ардчилсан социализм” гэвэл “социализмаа ардчилах” гэж байна хэмээн ойлгох ба хэрэв “нийгмийн ардчилал” гэвэл “нийгмээ ардчилах” гэж ойлгоно. Үүний дүнд МАН “ардчилсан социализм”-аас “нийгмийн ардчилал” руу шилжиж, “цоо шинэ” үзэл санаатай боллоо гэж бодох болно. Үнэхээр ч ингэж бодсон юм. Үнэн хэрэг дээрээ “нийгмийн ардчилал” бол зүгээр л нэг номын гарчиг болой.
Тэгвэл өнөөдөр ярьж буй “онол” ямар учиртай юм ?! Социнтерний хямрал түүнийг хэд хэдэн хэсэгт хуваасан юм. Угаасаа ч Социнтерн “өвгөрч”, евроинтеграци сааталд орсон нь энэ бүхэнд нөлөөлөв. Гэтэл АНУ-ын Бүгд Найрамдах Нам Германы Социал-демократ Намтай холбоо тогтоож, Социнтерний санал нийлсэн намуудыг нийлүүлэн шинэ эвсэл байгуулсан нь “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл” юм. Чухамдаа бол америкийн спонсорууд хандив өргөж, Социнтернийг зардлаа бууруулахад нь туслах болжээ. Ингэж АНУ мөнгөөр туслаад ирэхээр Социнтерний бараг бүх намууд “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл”-д давхар элсэн орж, Социнтерндээ ч бас үлдэв. Ийнхүү Социнтерн, “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл” хоёр зэрэгцэн орших болов. Нэр нь хоёр болохоос тэдний хооронд ямар ч ялгаа байхгүй. Шалтгаан нь АНУ-ын спонсоруудаас мөнгө салгах л арга юм.
МАН үүнийг бас л “шинэ байгууллага”, “шинэ онол” гэж “ойлгожээ”. Ингээд Улаанбаатарт хурлыг нь зохион байгуулав. МАН-ыг “цоо шинэ онолтой” болгох ажлыг Г.Занданшатар болон бусад залуус идэвхийлэн хийж байна. Г.Занданшатар АНУ-аас “зөвлөлдөх ардчилал”, “Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл” гэсэн хоёрхон нэр томъёо “цээжилж” ирсэн ба үүнийгээ “лаг сүртэй онол” болгон тунхаглах болов. Энэ нь Г.Занданшатар америкт машинд мөргүүлсний хор уршиг байх. Түүнээс биш, ямар ч онолыг ийм тэнэг аргаар хийдэггүй.
Харин “зөвлөлдөх ардчилал” гэдэг бол шийдвэр гаргах үйл явцдаа аль болох их зөвлөлдөх ёстой гэсэн санаа бөгөөд үүнийг ардчиллын дутагдлыг арилгах хэлбэр гэж үздэг болохоос цоо шинэ “онол”, цоо шинэ арга, хэлбэр гэж үздэггүй.
МАН “зөвлөлдөх ардчиллаа” ч буруу “ойлгожээ. Тэд хэтрүүлдэг, давсалдаг, дэгэсдүүлдэг сурсан зангаараа “зөвлөлдөх санал асуулга” гэсэн дэлхийд байхгүй юмыг хүртэл гарган ирж онигоо болж байгааг бид харж байна.
Сая болсон хурал дээр МАН-ын дарга М.Энхболд: “Бүрэлдсэн энэ нөхцөл байдал бидэнд прогрессив үзэл баримтлалд тулгуурлан Монгол Улсад шударга, ёс, нийгмийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжлийг хангах бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх боломж олгож байна.” хэмээн мэдэгдэв. Өмнөх “бүх онолууд” нь МАН-д боломж олгоогүй аж…
“Прогрессив үзэл баримтлал” бол шинэ “онол” огтоос биш, зүгээр л нэр томъёоны тоглолт юм. М.Энхболд ердөө л Г.Занданшатарын зааж өгснийг уншиж байна. Тэгвэл Г.Занданшатар нь “прогрессив үзэл баримтлал” гэдгээ яагаад ч тайлбарлаж чадахгүй гэж мөрийцсөн ч болох байна.
“Прогрессив Аллианс Дэвшилт эвсэл” бол Германыг төвлөсөн байгууллага бөгөөд Германы социал-демократ нам болон АНУ-ын Бүгд Найрамдах Намын Холбоо мөн.
МАН “Эбертийн сан”-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Мөн МАН-ын “мэдээлэл хаах” үйл ажиллагааг Германы байгууллагаас дэмжиж байгаа зэрэг нь яав ч тохиолдлын хэрэг биш.
Хэрэв МАН-ын “шинэ онол” Монголчуудын мэдээлэл авах эрх чөлөөнд халдах хэмжээнд хүрч байгаа бол хам хэрэг гарцаагүй болно.
Үзэл санааны гуйланчлалаар дэвшилд хүрэх боломжгүй…

Жич: Эдийн засаг сүйрч, Монгол Улс гаднаас их хэмжээний зээл авч ядаж байхад МАН 34 орны хурал зохион байгуулж, “бага АСЕМ” хийж тансаглаж байгаад дургүйцсэний учир энэ өгүүллийг бичив.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 05 дугаар сарын 26.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to ҮЗЭЛ САНААНЫ ГУЙЛАНЧЛАЛ

  1. bat says:

    medeelel l bichsen Ganaa ahdaa bayarlalaa. bas l neg ulsaa hoosloj baigaa ajillagaa, ene ni tegeed ard tvmnii nuruun deer…ulam l urund orood.

  2. Сitizen says:

    Нийгэм улс төрийн онолыг мэдэхгүй л дээ. Гэхдээ Ман 90 жилийн түүхтэй гэж ярьхаар утгагүй санагдаад байдаг юм. 90 оноос өмнөх түүх бол нийт Монголчуудын түүх, Махн-ын түүх ч ялгаагүй. Одоогийн Ман бол тэр намын үргэлжлэл биш шүү дээ. Түүхэнд даан ч хэрвээ гэж байхгүй. Уул нь 90 онд Махн тарсан бол өдийд хамаагүй дээр байх боломжтой байсан гэж санагдаад байдаг юм. Одоо Монголын төр байтугай намуудад нийгэм, хөгжлийн талаарх үзэл, онол үзээд өгье ч алга.

  3. Ганаа says:

    Мэдлэггүй хүмүүс бүхэл бүтэн улсын толгой дээр элдэв арга хэрэглэн гарч, ард түмнийг зөв жолоодоогүйгээс биднийг хүн төрөлхтөний доог болгож байна даа.Түүхэнд ямараар нэр нь үлдэх бол доо гэж тэдний өмнөөс яс хавталзах юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: