А.БААТАРХУЯГ. ЧОНО БОРООНООР..

Манай А.Баатархуягийн шинэ аналитик өгүүллийг толилуулж байна…

Хариуцлагын гинжин хэлхээ
МАН дахь дотоод зөрчил хурцдсаар… Намрын чуулганы эхэнд эсбөгөөс чуулган нээгдэхээс өмнө Засгийн газрыг огцруулах нь тодорхой болж байх шиг. Мэргэжлийн ЗГ байгуулна гэж амласан ч хандивын ЗГ байгуулсан нь Ерөнхийлөгчийн сонгуульд сул талаа хангалттай харууллаа.
УИХ-даа 65 гишүүнтэй, өөрөөр хэлбэл найдвартай шүхэртэй Засгийн газар, түүнийг томилсон нам Ерөнхийлөлөгчийн сонгуульд ялагдана гэдэг албан хэллэгээр бол туйлын хариуцлагагүй явдал бөгөөд сул дорой Засгийн газрынхаа мөн чанарыг эртхэн бүрэн таньж авсан нь МАН-ын хувьд гарз бус олз ч юм бил үү?. Энэ олзны төлөө Ж.Эрдэнэбат гарз болох нь тодорхой болжээ. Унхиагүй үлбэгэр, ургийн Засгийн газар бол 2016 оны сонгуулийн үр дүнгээс сонгогчдын хүлээж байсан хүлээлт биш байжээ гэдэг нь тодорхой болжээ. Бүхий л ажлыг нуруундаа үүрдэг институцийн нь хувьд аливаа сонгуулиар сонгогчид ЗГ-ын үйл ажиллагаанд л дүн тавьдаг. Тэр дүн муу бол нам нь ялагддаг. МАН УИХ-ын сонгуульд оролцохдоо дангаараа Засгийн газраа байгуулах эрхээ олж авахын төлөө л үхэн зүтгэсэн. 60 тэрбумын хэргээс үл хамаараад нийт сонгогчдын хүлээлтийн эцсийн ханамж зөвхөн ЗГ-ийн үйл ажиллагаанаас шалтгаална. Хэрэв сая УИХ-ын сонгууль болсон бол сүйрэх тавилантай байснаа мэдсэн МАН яаравчлан ЗГ-аа солихыг эрмэлзэж байгаа нь зүй ёсны эрмэлзэл юм.
Үнэндээ Ерөнхий сайд нь харалган загнаж, сонгуульд нэр дэвшигчээ идэвхтэй дэмжихийн оронд дотоод зөрчил, хувь хорсолдоо явцуурч, өөрийн хүнийг золигт гаргах ажил л хийж байж. Энэ “дотор хүний” тооцоо нь эцэстээ нэр дэвшигчээ сүйрэлд хүргэсэн байна. Ийм Ерөнхий сайд “Улс чирэлцэх үү?”
Тиймээс ялагдлын хариуцлагыг зүй ёсоор хамгийн түрүүнд ЗГ хүлээх ёстой болов. М.Энхболд хуулиас гадуур гишгэж, намын даргын хувьд ЗГ-аа толгойлохын оронд суудлаа хамаатандаа “түрээслэчихлээд” өөрөө амар хялбар замаар Ерөнхийлөгч болох гэж оролдсоноос МАН чухамдаа унхиагүй Түр Засгийн газар л байгуулсан байна. Тиймээс дараа нь намын даргын хувьд, Ж.Эрдэнэбатыг томилсноороо тэр хариуцлага хүлээнэ. Миний ялагдал бол миний хүлээж буй хариуцлага гэж уйлагнах эрх түүнд байхгүй, энэ нам чинь М.Энхболдын хувийн компани биш, түүний төлөө байгуулагдсан ч юм биш. Тэр тусмаа намын даргын эрх мэдлээрээ түрж, өөрийнхөө төлөө ажилладаг ЗГ байгуулсан нь МАН-ын түүхэн дэхь шившигт үзэгдэл мөн. Энэ шившиг л өөрт нь эргэж нялзаж байгаа юм.
Тиймээс өөрчлөлтийн гинжин урвал МАН-ын толгойд ноёрхсон ургийн бүлэглэлийг цэвэрлэхээс нааш дуусахгүй нь бололтой. Өөрчилнө гэдэг бол өнөөдөр яг бодат байдалд хүнийг нь өөрчилнө л гэсэн үг. Хэрэв өөрчилж амжихгүй бол МАН сонгуульд ялагдаж байж “цэвэрших” янзтай. Уг нь МАН-ынхан богинохон өөрчлөлтөөр ялагдлын хямралыг давж гарна гэж бодож байсан ч энэ тэмцэл хоёр биш гурван туйлтай болчихоор ингэхээс яах вэ?
Бяцхан тахин шүтэлт
МАН-ын алдаа нь 2016 оны сонгуулийн гэнэтийн ололтонд толгой нь эргэж, тохиолдлын удирдагчаа бяцхан “тахин шүтсэн”-д, түүнд бүх эрх мэдлийг найр тавин өгсөнд оршиж байж. Харин тэр тахин шүтлэг нь нэг сонгуулийн аригийг даасангүй л дээ. Энэ буруу гэдгийг сануулсан фракцаа дарж авах дотоод хуйвалдаан нь намын эв нэгдлийг бусниулж, гадаад өрсөлдөгчдөөсөө гадна дотоодын тавдугаар цуваатай нэгэн зэрэг хоёр фронт дээр тэмцэх нөхцлийг бүрдүүлжээ.
Энэ гарцаагүй ялагдлыг ёрлосон намын фракцууд М.Энхболдыг дэвшүүлэн зайлуулж, нам, засгийн эрх мэдлийг авахаар үгсэн хуйвалдсан байж. “Хонь нь бүтэн, чоно нь цатгалан” байх фракцуудын энэ тооцоог “хотын фракц” мэдээгүй биш мэдэж байсан, гагцхүү фракцын толгойлогчоо ялуулчихсан тохиолдолд Ерөнхийлөгчийн сүр хүчээр далайлгаж эрх мэдэл, сүр хүчээ хадгалж үлдэнэ гэж тооцсон байж. Тэгээд мөнгөний ресурт гол найдлагаа тавьсан л даа. Гэвч энэ удаад мөнгө гүйсэнгүй, түүний дээрээс тэр мөнгөтэй нь зүйрлэшгүй үнэт мэдээллүүдийг дотоод тавдугаар цуваанаас өрсөлдөгчдөд хүргүүлж байсныг зогсоож чадаагүйгээс ялагджээ. Зогсоох гэж оролдоогүй биш оролдсон гэхдээ буруу хүнээ У.Хүрэлсүхийг онилсон юм. Гэтэл…
МАН-ын дотоод зөрчлийг харвал хотын фракцыг сөрсөн ажилласан нэг биш хоёр үндсэн бүлэглэл байжээ. Энэ хоёр бүлэглэлийн ялгааг үйлдлээс нь харж болно. Эхний хэсэг нь У.Хүрэлсүх тэргүүтэй ил тод тэмцэгчдийн бүлэг байсан юм. Тэд бол Н.Энхбаярын үеийн залуучуудын байгууллагын гол хүч, өнөөдөр МАН-ын дунд насныхны төлөөлөл болсон хуучин МАСЗХ-ныхон юм. Нөгөө хэсэг нь “далд” ажилласан С.Баярын фракц.
У.Хүрэлсүхийнхэн бол ЗГ-ыг булаан авах, дайчин зоримог ажиллах сонирхолтой учраас М.Энхболд-Ж.Эрдэнэбатын нартай эхнээсээ ил од зөрчилдсөн бөгөөд Шадар сайдын суудал нь яалт ч үгүй ийм байдалд хүргэсэн юм. Тиймээс Ж.Эрдэнэбат гол дайснаа У.Хүрэлсүх гэж үзсэн байна. Энэ зөрчил нь ЗГ-ыг нь ч, өөрийг нь ч баллав. Учир нь У.Хүрэлсүх нь нам дахь нэр хүндээрээ Ж.Эрдэнэбатыгаа дагуулахгүй л дээ. Тэр ч байтугай түүнийг ивээгч М.Энхболдтой эн зэрэгцэх ч байх. Тиймээс Ж.Эрдэнэбат халж ч чадахгүй, ханилж ч чадахгүй удтал тэчъяадан хорссоны эцэст сул талыг нь ашиглан “зодооны хэрэгт”-ээр зайлуулахыг оролджээ. Хэрэв У.Хүрэлсүхийг дарж авбал хэсэгтээ амар амгалан засаглана гэж дотор ухаандаа тооцсон байна. Гэтэл энэ тэнэглэлийг нь ашиглан “гуравдагч” тоглогч У.Хүрэлсүх болоод түүний фракцыг яагаа ч үгүй байхад нь тээрэм болгож улстөрд нялх балчир Ж.Эрдэнэбатыг турхирч байлдуулчихаад, үргээлгийг өөр сувгаар хийж байсан бол яах вэ?
Тэр суваг “аядуу зөөлөн” ажилласан юм. Тэдний “зөөлөн хүчний бодлого нь” С.Баярын тооцоолсноор намын эрх мэдлийг гартаа авахад чиглэж байв. Тэгээд… М.Энхболд ялагдчихав. Тэр явсангүй ээ. Нам, хот, УИХ-ын даргын суудлыг өвлөн авахыг хүсэгчид хоосон хоцрохдоо тулав. Харин У.Хүрэлсүх Ж.Эрдэнэбатын шугам дээр тулаан ширүүсэв. У.Хүрэлсүх л боломжтой, дэмжлэг сайтай, тэгээд ч зөрчил нь хэдийнээ ил болчихсон тул цааш нуух аргагүй болсон.
У.Хүрэлсүхийн фракц Ерөнхийлөгчийн сонгуулиар ердөө л идэвхгүйжсэн болохоос эсрэг ажиллаагүй юм, ялагдуулах сонирхол ч байгаагүй, гэвч Ж.Эрдэнэбатын хорон төлөвлөгөө илэрсэн эцсийн мөчид, хоёр дахь шатны санал хураалтын өмнө л тэсвэр алджээ. Хэн үүнийг нь илчилсэн байж таарах вэ?
С.Баярын фракц хорон ажиллаж, Х.Баттулгын штабыг мэдээллээр хангаж, цуврал үргээлэг зохион байгуулж байлаа. УИХ-ын ТГ-аас алдагдсан мэтгэлцээний бэлтгэлийн бичлэг алдагдахад С.Баяр оролцоогүй байх үндэсгүйг бүгд л мэдэж байгаа биз! Буцаагаад М.Энхболдын фракц руу энэ бүхнийг хуучин МАСЗХ хийж байна гэсэн мэдээ өгч байв, ийм мэдээлэл цуглуулдаг бүтэц МАН-д ажиллаж байсан шүү дээ! Ингээд МАН-д гурвал үүсчээ. Хоёр нь барьцалдаж, нэг нь дөгөөгөөд л байж.
С.Баяртай үгссэн Ц.Элбэгдорж ацалсан байдалтай сонгуулийг өнгөрөөсөн бөгөөд тэртэй тэргүй суудлаасаа шилжих тэрээр зөвхөн өөрийгөө бодож, аль алинд нь тал алдахгүйг хичээж байсан хэрэг. М.Энхболдод илүү найдлага тавьж байсан ч С.Баярын “ухаалаг” үйлдлүүдийг гайхан харсаар суужээ. Эсвэл гайхаагүй юм болов уу?
Гурван талт өрөг
Одоо МАН-ын хувьд асуудал дараахь байдлаар өрнөх өрөг тавигдсан байна.
1. М.Энхболдын ичээ болсон хотын фракцыг нэгмөсөн дарж авахын тулд Ц.Сундуйг нийслэлийн ИТХ-ын даргаас ойрын үед авч хаян, 60 тэрбумын асуудлаар фракцаар нь золионд хийх, дахин сэргэхгүй болтол нь дарах.
2. Засгийн газрыг ойрын хугацаанд огцруулж, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилох, хандивын сайдуудыг огцруулж, улстөрийнхнөөр ЗГ-аа бүрдүүлэх, ингэж бэхэжсэнийхээ дараа намын даргын сонгуульд хүч үзэх.
3. Харин үүнийг ашиглан намын эрх мэдлийг С.Баярын фракц түрүүлж булааж авах, үүндээ Ц.Элбэгдоржийн дэмжлэгийг ашиглах У.Хүрэлсүхэд шахалт үзүүлэх. Үүнийг мөн л ухаалгаар хийх.
4. Гантулгын тойрогт нөхөн сонгууль хийх, оронд нь фракцууд төлөөллөө оруулахыг эрмэлзэх
5. Эцэст нь Ц.Нямдоржийн асуудал эргэлзээтэй болов.
Үүнийг дэлгэрүүлье! М.Энхболд өөрийн эсрэг өрнөж буй үйл явцыг ажиглаж “хувааж захир” номлолдоо оржээ. Хүчирхэг бол бүхнийг хам, сул дорой бол бусадтайгаа хуваа! Тиймээс М.Энхболд УИХ-ын даргын албыг өөрт нь үлдээгээд бусдыг нь хувааж авахыг зөвшөөрчээ. Ингээд зодоон эхэлнэ, би үлдэнэ гэж тооцсон байх.
Харин М.Энхболдын дараа УИХ-ын дарга гэж бодож байсан Ц.Нямдоржийн найдлага үүгээр тасарч магадгүй юм. Магадгүй гэдэг нь М.Энхболдыг УИХ-ын дарга дээр үлдээнэ гэж хэн ч амлаагүй л байгаа шүү! Ц.Нямдорж үндсэндээ Н.Энхбаярын үеийн лидерүүдийн лидер гэсэн албан бус хаягтай, гэхдээ түүнд нэгдмэл зохион байгуулалттай бүлэглэл байхгүй юм. Тиймээс М.Энхболд удаан боддог ч намаа мэддэгийн хувьд энэ сул талыг гярхай ажиглаж, бууж өгөх хэлэлцээрт цаг хожиж, УИХ-ын даргын суудалдаа үлдэх санал тавиад байна.
Үнэндээ тэднээс хамгийн сул нь Ц.Нямдорж. Гэхдээ тэр амбицын хувьд их эрүүл. Хэзээ ч намын дарга, эсвэл Ерөнхий сайд болно гэж явдаггүй. Харин УИХ-ын дарга бол заяаны хуульч, сүрхий дэглэгч өөрт нь яг таарсан ажил болохыг үйлдэл бүрээр илэрхийлээд удаж байгаа юм л даа!
С.Баяр ба түүний нөхөд
М.Энхболдыг унагахыг тэд л хамгийн их хүссэн. Зарим ажиглагчдын таамагладагчлан энэ нь гадаад эрх ашигтай холбогдсон байж магадгүй. С.Баяр л ажлаа хаяад яаран ирж сонгуульд оролцож эхэлсэн тэр цагаас бүх зүйлс ойлгомжгүй болж, будлиан эхэлсэн. Одоо бүрмөсөн буцаж ирэх гэж байна. Ерөнхийлөгчийн С.Баярыг эргүүлэн татах шаардлага нь МАН-д том аюул юм. Ирэхээрээ яадгийг нь мэддэг, хар даран зүүдэлдэг МАН-ынхны хувьд хамгийн үл хүсэх лай бол энэ л байна.
ЗГ-аа сольж, У.Хүрэлсүхэд өгөөд, хотын фракцыг хазаарлан хямгадаад дараагийн сонгуульд бэлтгэх цомхон төлөвлөгөөтэй байсан МАН-ынхны хамаг төлөвлөгөө С.Баярыг ирэх сургаар задарч, үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг болжээ. С.Баяр нөлөөтэй, ухаантай, шуналтай, бас аймаар…
МАН одоо гурав хуваагдаж, тус бүртээ бяцхан тахин шүтлэгийн онго босгоод авч. М.Энхболд тулхтай (энийгээ сонгуулийн үеэр тодруулаагүй нь хачин жигтэй), У.Хүрэлсүх зоримог, шийдэмгий, С.Баяр ухаантай. С.Баярын сул тал нь өөрөөсөө бусдыг “тэнэг” гэж боддогт, биеэ тоож, ихэмсэглэдэгт бий. У.Хүрэлсүхийн сул талыг харин Ж.Эрдэнэбат баттай бөглөж өгөх шиг боллоо. М.Энхболд сайн муу нь хамаагүй уначихсан шүү дээ!
С.Баяр ирээд юуны өмнө ЗГ-ын томилгоонд гар дүрж эхлэх нь тодорхой байна. Ингэхдээ MCS-ийн дэмжлэгээр өөрийн хүмүүсийг ЗГ-т шургуулах, ингэхдээ Шадар сайд, Сангийн сайдыг авах замаар шинэ ЗГ-т нөлөөгөө тэлэхийг хичээж байна. Үүний дээрээс Гадаад хэргийн яамыг ч сонирхоно. Энэ бол Монголын гадаадтай байгуулсан гэрээ, эдийн засгийн гадаад, дотоод хяналтыг ЗГ-т бий болгох сонирхолтой нь холбоотой. Чухамхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарахаас аль өмнөө түүний тодруулсан шинэ ЗГ-ын Сангийн сайд нь ажилдаа дур сонирхолтойгоо илэрхийлээд эхэлчихсэн байв. Хэрэв У.Хүрэлсүх болзлыг нь хүлээн авахгүй бол М.Энхболдтой тохирч Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг тогтоож үлдээд энэ болзлоо тулган хүлээлгэхэд бэлэн байна.
Уг нь бүх юм тодорхой, талууд сүү тос шиг ялгарчихаад байсан шинэчлэлийн үйл явц энэ хүн ирснээр бантан болж, учир нь олдохгүй болтлоо хярамцаглахдаа тулчихаад байна. Тиймээс МАН-ынхан бараг л Ерөнхийлөгчөөс “Саналаа татаач…” гэж мөргөн гуйх нь холгүй болчихжээ. Ерөнхийлөгч болоод ЗГ-т үндэсний үзэлтнүүд давамгайлах төлөвтэй болсон энэ үед манай гадаад орчин үймж байна. Ийм нөхцөлд С.Баяр шиг хэрэггүй хүн байхгүй гэж МАН-ынхан үзэж байгаа бололтой. Хятадаас гадаад хэргийн дэд сайдын зиндааны хүн ирээд нам, засгийнхныг толгой түрүүгүй загнаад ядаж байхад англиас С.Баяр ирэхээр чинь ямар олиг байх вэ дээ!
Одоо МАН-ынханд өөрсдийнх нь толгойд “яргын сэлэм билүүдэж” байгаа гадныхнаас салж чадах эсэхийг тодруулах тулгалт үүсчээ. Уг нь “Монгол ялна” гэдэг хоёрхон монгол үг л 350 тэрбум төгрөгөөс ч үнэтэй болохыг саяхан хараад баясаад сууж байгаа юм л даа!
2017 оны 08 дугаар сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: