РЕСУРСЫН НАЦИОНАЛИЗМ БА МОНГОЛ

Хөндсөн асуудал нь өнөөдөр маш чухал болсон учраас 2014.08.25-нд бичсэн өгүүллээ дахин нийтэлж байна.
Сүүлийн үед Монголчуудын баялгийн талаарх үзэл төөрөгдөлд оров. Төөрөгдөл юу байхав, бараг солиорлын хэмжээнд хүрэв. Энэ нь нэг талаас албаар, санаатайгаар ийм байдалд оруулсан, нөгөө талаас энэ талаарх дэлхий дахины хандлагын талаарх мэдээллийг бараг мэдэхгүй, сонирхохгүй болсонтой холбоотой. Сүүлийн үед дэлхий дахинаа ресурсын национализм ихээхэн дэлгэрэх болов. Энэ талаар өгүүлэх гэсэн юм. Дашрамд дурдахад энэ нэр томъёог орчуулахгүй байхаар шийдэв…

Баялагтаа юу, эзэндээ юу…
Баруунд даяаршлыг ойлгохдоо үндэсний төрийн тусгаар тогтнолын нэг хэсэг болсон түүхий эдийн худалдааг хянах зохицуулахтай холбон үздэг. Үүний хариуд дэлхий дахинаа байгалийн баялагтаа төрийн болон нийгмийн хяналтаа хүчтэй болгох гэсэн ресурсын национализмын үзэл баримтлал улам бүр тархаж байна.
Асуудал манай улс дан ганц баялагтай байгаадаа юм биш. Мөн олборлох, боловсруулах үйлдвэргүйдээ байгаа юм биш. Бас дэд бүтэцгүйдээ байгаа юм биш. Харин ямар технологи авах, өөрийн зах зээлийг юугаар дүүргэх вэ гэдгийг мэдэхгүй дээ байгаа юм. Өөрөөр хэлбэл баялгаа зарж олсон мөнгөөрөө юу хийхээ мэдэхгүйдээ байгаа юм. Манайд сүүлийн хэдэн жил эдийн засгийн талаар залхтлаа “онолдож” байгаа боловч дурдан буй асуудлыг нэг алхам ч урагшуулаагүйд бидний тэнэглэл оршино.
Эхлээд харахад эрдэс түүхий эдийн нөөц даяар өрсөлдөөнд маргаангүй давуу тал мэт санагдана. Гэхдээ энэ нь бүх тохиолдолд тохирохгүй. Монголын жишээгээр энэ нь нотлогдож байгаа. Хөгжиж буй олонхи орнуудын байгалийн элбэг дэлбэг баялаг нь эдийн засгийн өсөлтийн хурдац, амьдралын стандарттай голдуу сөрөг хамааралтай байдаг. Үүнийг маш олон эрдэмтэд хангалтай нотолсон. Түүнчлэн эдийн засгийн өсөлт, байгалийн баялгийн сөрөг хамаарлыг маш олон бүтээлд “баялгийн хараал” гэж дурддаг.
Гэхдээ “баялгийн хараалд” авталгүй тогтвортой, сайхан хөгжсөн Ботсван, Индонези, Норвеги, Австрали, Канад зэрэг орнууд бий. Нефтээр баян Норвеги гэхэд л Хүний хөгжлийн индексийг олон жил тэргүүлж байна. 30 жилийн өмнө томоохон нефть олборлогч Индонези, Нигери хоёр нэг хүнд ногдох ДНБ-ээрээ адилхан байсан бол одоо Нигери Индонезийн 30%-тай тэнцэх ДНБ үйлдвэрлэж байна. Ухаандаа Ботсван, Сьерра-Леон хоёр бас л адилхан “гуйлгачин” байсан. Гэтэл Ботсван нь суга хөгжөөд нөгөө Сьерра-Леон нь 1970 онд 1 хүнд 350 долларын ДНБ хийдэг байснаа 2000 онд 150 доллар болгож бууруулсан.
Ингэхлээр асуудал баялагтаа биш, баялгийг мэддэг эзэндээ байгаа нь илт байна. Тодорхой хэлбэл шал тэнэг санхүү, валют, эдийн засгийн бодлого, түүнийг гаргасан төртэй холбоотой байна. Монголоор бол төрд гарсан тэнэгүүдээс хаашаа ч зайлахгүй.
Ухаандаа Япон гэхэд 1960-аад онд хагас дамжуулагчийг аж үйлдвэрийн стратегийн салбар гэж зарлаад хэтийн төлөвлөгөө боловсруулсан. Тэгээд 1980 он гэхэд электроникийн аж үйлдвэр автомашины дараа орох Японы аж үйлдвэрийн хоёр дахь том салбар болж чадсан. Энэ талаар би “Хэтийн төлөвлөгөө гэж…”, “Толгой нэхэхийн учир” зэрэг олон өгүүлэлдээ тодорхой бичсэн. Даанч анхаардаг төр засаг Монголд байдаггүй юм…
Дэлхийн гангийн 40%-ийг үйлдвэрлэдэг Хятад гэхэд л төрийн компаниуддаа инновацийн технологи нэвтрүүлснээрээ шинэ хүчин чадал барихдаа гадаадын компаниудаас 40%-иар бага зардал гаргах болов. Гэтэл манайхан тэднийг “төрийн компанитай” гэж л шүүмжилдэг.
Мөн манайд банк заавал хувийнх байх ёстой гэсэн хачин онол дэвшүүлдэг. Бразилийн 100 банкны 30 нь, Мексикийн 28 банкны 8 нь улсынх байдаг. Ер нь ихэнхи улсуудад улсын банк байж “хамаг юмаа” мэдэж байдаг. Луйварчин О.Чулуунбатын “онол” бол ёстой бүтэхгүй. Тэр луйвар хийж байсан болохоос биш, монголын ирээдүйг хэзээ ч бодож байгаагүй.
Ресурсын национализмын дэлгэрэлт
Манайх гадаадын хөрөнгө оруулалтын ганцхан мөнгөний талыг хардаг болохоос технологи болон социал зэрэг бусад талыг огт анзаардаггүй. Энэ бол дээд зэргийн тэнэглэл, бас аюул юм.
Ресурсын национализм бол нэг талаас олон улсын эрх зүйн ойлголт, нөгөө талаас социал хийгээд суртахууны ойлголт юм.
Өөрөөр хэлбэл байгалийн баялгаа өөрөө мэдэж шийдэх улс гүрнүүдийн сонирхол эрс нэмэгдэж байна. Энэ нь байгалийн баялаг боловсруулах гадаадын компаниудын оролцоог хатуу хянах, энэ салбар дахь төрийн өмчийн оролцоог нэмэгдүүлэх, хэрэв нөөцийн боловсруулалт заасан хугацаанд хийгдээгүй тохиолдолд уурхай болон цооногийг хураан авах, улсын болгох зэргээр илэрдэг. Үүнийг “use it or loose it” зарчим гэдэг. Энэ талаар Resource Nationalism: The new global rent. Canadian Mining Journal, December 2010-аас дэлгэрэнгүй үзэж болно.
Сүүлийн жилүүдэд Австрали нүүрс болон төмрийн хүдрийн татварыг 30% болгож нэмэв. Канадад чухал нэн ашигт малтмал олборлох татвараа нэмэв. Хятад чулуун нүүрс олборлолтоос нэмэлт татвар авах болов. Бразиль төмрийн хүдэр ачаалсны татвар бий болгож, бусад нөөцийг олборлосны роялтийг нэмэв. Энэтхэгт ашигт малтмал экспортлогчдын хэт их орлогоос татвар авдаг болов. Зэс, мөнгө, хар тугалганы дэлхийн тэргүүлэгч үйлдвэрлэгч Перу татвар нэмэх тухайгаа зарлав.
Энэхүү ресурсын национализм Африкийн орнууд улам бүр нэгдэж орж байна. Цөөн жишээ дурдая:
Нигери, Ливи, Алжир нефть олборлогч компаниудад шинэ шинэ нөхцөл тулгаж байна. Байгалийн их баялагтай Ардчилсан Конго, Өмнөд Африк лицензийн гэрээнүүдээ хянан үзэж байна. Дээр ярьсан Ботсван “De Beers” корпорациас илүү нэмэгдэл өртөгтэй үйлдвэрлэл оруулж ирэхийг шаардаж байна. Замби ашигт малтмал олборлох роялтынхаа хэмжээг 2 дахин нэмэв.
Индонези байгалийн баялагтаа хяналт тавих болов. Тэд 2012 онд ресурсын национализмын хүрээнд шинэ хууль гаргаж, гадаадын компаниудыг арван жилийн дотор хувьцааныхаа 51%-ийг индонезийн компаниудад худалдахыг үүрэг болгов. Индонезийн Эрчим Хүч, Эрдэс Баялгийн сайд Тамрин Тиит: “Манай орны байгалийн нөөцөөс олсон орлогыг бүх индонезчуудад хүртээхийг бид хүсч байна” гэж мэдэгдэв. Улсын Сайд хүн гэж ийм байдаг юм. Монголд ингэж хэлдэг байтугай боддог сайд байхгүй. Түүгээр ч үл барам 2014 онд гэхэд Индонези байгалийн баялгийн экспортыг бүрэн хааж, газрыг гадаад хүнд дамжуулахыг бүрэн хориглож, аж үйлдвэрийн дахин боловсруулах салбарыг урамшуулна гэдгээ зарлаж байна.
Саяхан болтол либерал эдийн засгийн шинэчлэлийн тулгуур болж байсан Чилид хүртэл ресурсын национализм нэвтрэв. Тэнд улсын “Codelco” компани аварга том “Anglo-American” корпорацийн зэсийн орд газрын хувьцааны 49%-ийг авахаар бэлтгэж байна. Аргентиныг бол бүр ярих юм биш. Тэд Испанийн “Repsol”-ийн мэдлийн нефтийн YPF компанийг улсын болгов.
Энд дурдсан жишээ хангалттай гэж бодож байна. Нийтэд нь аваад үзвэл Хятадын бүх олборлох үйлдвэр улсын мэдэлд байдаг. Оросынх бол бүгдээрээ улсын хатуу хяналтад байдаг. Энэтхэгт уулын олборлолтын бүх бүтээгдэхүүний үнийг улсаас тогтоодог. Бразильд ашигт малтмалын зах зээлийн 80%-ийг хагас улсын транснациональ “Vale” корпораци хянаж байдаг.
Энэ бол хөгжиж буй орнууд гэж монголын либерал онолчид тайлбарлана гэдгийг би сайн мэдэж байна. Тэгвэл ресурсын национализм хөгжингүй орнууд бүр ч илүү их буй.
Японд гэхэд олборлох салбар, түүнд хөрөнгө оруулах эрхийг зөвхөн бүрэн эрхт төлөөлөгч буюу резидентэд л олгодог. Австралид 10 сая буюу түүнээс дээш австрали долларын хөрөнгө оруулалтыг үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа эсэхийг заавал шалгаж байж зөвшөөрөл олгодог. Швейцарт хөрөнгө оруулалт хий эрхийг зөвхөн швейцарийн иргэнд олгодог. Италид нефть, хийн орд газрын хайгуул, боловсруулалтад үндэсний оператораас гадна, зөвхөн Европын Холбооны орнуудыг л оруулдаг. Чехэд гадаадын хөрөнгө оруулагч эхлээд аж үйлдвэрийн салбарт хөрөнгөө оруулсан байх ёстой.
АНУ өөрийн газар нутагтаа гадаадынхныг оруулах тун дургүй, иймээс татварын маш хүнд системтэй. АНУ-ын хуульд заасан бүх татварыг хэрэглэсэн тохиолдолд татварын нийт хэмжээ уулын олборлох үйлдвэрийн ашгийн 50% хүрэх ч тохиолдол элбэг байдаг.
Монголын “дотоод дайснууд”
Дэлхий дахины байдал үзсээр харсаар байтал ийм атал Монгол Улс ганцаараа үзэл суртлын хувьд ч, үйлдлийн хувьд ч байгалийн баялгаа зарж идэх донд автаж байна.
Нэн тодорхой бүлэг хүн, бүлэглэл байнга, тогтвортой, бүр улайран, “либерал” гэж хэлж болох үзэл суртлыг олон жилийн турш хийж ирснийг монголчууд бид сайн мэднэ. Тэд даян дэлхийн даяарчлал, интеграци, санхүү мөнгөний хуримтлал зэргийг нэг талд нь, нөгөө талд нь Монгол орны үлэмж хоцрогдлыг иш үндэс болгон гадаадын хөрөнгө оруулалт бол цорын ганц авралын од гэдгийг сурталчилдаг. Энэ адгийн хүмүүсийг бид нэр нэрээр нь мэднэ…
Тэд миний дээр дурсан жишээ баримтуудыг мэдэхийн дээдээр мэдэж байдгийг би сайн мэднэ. Гэтэл нэн тодорхой ашиг сонирхлын үүднээс энэ бүхнийг Монголын ард түмний сонорт хүргэдэггүй бөгөөд аль болохоор нуун дарагдуулж байдаг. Яагаад ингэдэг шалтгаан нь хэнд ч тодорхой юм…
Тэрхүү “үзэл сурталчид” гадаадын хөрөнгө оруулалтыг ямар ч нөхцөлтэй хамаагүй бушуухан оруулж, бушуухан хэдэн мөнгөтэй болж бүх нийтээрээ “баяжих” тухай үлгэрээр ард түмний толгойг эргүүлдэг. Тэд үндэсний эрх ашиг ярьсан хүмүүсийг шууд л “эх оронч” гэж доромжилдог.
Нөгөө талд нь: “яасан сайн юм, одоо ч ресурсээрээ “национализмдээд” байдаг хэрэг. Муусайн гадаадын түрэмгийлэгчид, шулан мөлжигчдийг шахан зайлуулж, хөөн гаргая” гэх өөр нэг туйлшрал манайд байдаг. Ерөнхийдөө Монгол хүн туйлшрахгүй “төвч явна” гэж номонд хазгай. Ийм хийрхэгчид либерал суртал нэвтрүүлгийн таатай идэш болдог. Үнэн хэрэг дээрээ аль аль нь дээд зэргээр хоцрогдсон, дүүрчихсэн оппортунист, догматик сэтгэлгээний дээд туйл учраас “үндэсний хийрхэл” болон “задгай либерал суртал” хоёулаа манай үндэсний эрх ашигт харш юм. Иймээс Монголчууд бид дурдсан хоёр туйлшралаас бүх хүчээрээ зайлсхийх ёстой.
Гэтэл сүүлийн үед Монголын төр засаг зөвхөн мөнгө олох зорилгоор гадаадын хөрөнгө оруулалт татаж, мөн зөвхөн энэ зорилгоор тун олон хууль батлахаар бэлтгэсэн нь анхаарал татаж, түгшүүр төрүүлж байна. Энэ талаар АН, МАН хоёр уялдуулан, зохицуулсан хамтарсан бодлого явуулж байгаа нь илт байна.
Яг үнэндээ бол гадаадын хөрөнгө оруулалтыг ор тас үгүйсгэх Монгол хүн их цөөн. Монголчуудын олонхи наад захын, хамгийн энгийн, шударга ёсны “үнэр төдий юм” шаарддаг. Монголчууд ингэх эрхтэй…
Яагаад гэвэл НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1962 оны № 1803 Тогтоолд: “Байгалийн баялаг хийгээд нөөцөө өөрөө мэдэх ард түмэн хийгээд үндэстний салшгүй бүрэн эрх нь тэдгээрийн үндэсний ашиг сонирхол, тухайн улсын хүн амын сайн сайхан байдалд нийцэн хэрэгжих ёстой” гэж заасан болоод тэр.
Гэтэл гадаадынхны олонхи, монголын үндэсний эрх ашгаас урвагч нэн тодорхой бүлэгтэй нийлэн Монголын үндэсний эрх ашгийг үл тоомсорлодог. Үүнийг нь монголын нэн тодорхой хүмүүс хийгээд бүлэг уухайлан дэмждэг, сурталчилдаг…
Миний бат итгэж байгаагаар гадаадынхнаас дотоодын дайснууд хавьгүй илүү аюултай…
Жич: Чи тэр “дотоодын дайснуудаа” нэрлээдэх л дээ… гэж асууж загнахыг чинь би сайн мэдэж байна. Сүүлийн хэдэн жил хэвлэл, интернетээр “бүгдээрээ хараасан” хүмүүсийг давтамжаар нь гаргахад хэдхэн хүн (!!!) гараад л ирнэ. Монгол нэг их том биш л дээ…Гэвч надад өөрийн судалгаа байгаа. Иймээс би монголын дайснуудыг нэрлэж, бас дайсан гэдгийг нь нотолж чадах нь мэдээжийн хэрэг…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 10 дугаар сарын 14.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to РЕСУРСЫН НАЦИОНАЛИЗМ БА МОНГОЛ

  1. gnsek says:

    Сайн уу ах минь. Данги уу?

  2. Jaagii says:

    Botswani ch ter Australi ch ter Omnod Afrik ch ter hogjliinhoo ehen ued uul uurhain salbaraa toroos buren hamaaraltai bailgaj bsan. Botswani l gehed tusgaat togtnoloo olmogts Botswanii baigaliin baylag ard tumnii omch tul 100 huvi toriin omch bh yostoi gesen togtool gargaj bsan bdag. Harin manaih shig zamaar ywsan ornuud ajilguidel 70 aas deesh huvid hursen bdag. Eneiig manai dotoodiin daisnuud medej bgaa gedeg ni ilt.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: