МАНАН САРНИХЫН ДАВААН ДЭЭР

Шинэ Засгийн Газар байгуулагдаж олон хүний “санаа амрав”. Одоохондоо Засгийн Газрын гишүүдийн сайн муу, сайхан муухай, хөөрхөн муухайг ярьцгааж байна. Олон хүн “зүгээр” л Засгийн Газар солигдсон “жирийн нэг” үйл явдал гэж ойлгож буй боловч түүний цаана маш олон үйл явц өрнөж байна. Нэг талаас манай нийгмийн төлөв байдал, хөгжлийн хандлага цоо шинэ чиглэлд өрнөх болжээ, нөгөө талаас нэгэнт нуран унаж буй хуучинсаг хүчин эрх мэдлээ хандгалан үлдэх үхэн хатан зууралдаж байна. Энэхүү шинэлэг бөгөөд ихээхэн зөрчилт үзэгдлийн мөн чанарыг ойлгох хүн дэндүү цөөхөн байна. Монголчуудын ухаан сэтгэлгээний цар хүрээ дэндүү ядмаг, явцуу болсон нь эндээс илт харагдаж байна. Эдүгээ болж буй олон үйл явдлын мөн чанарыг ойлгоход тус болоосой гэсэндээ энэхүү бяцхан анализыг толилуулж байна…

МАНАН-гийн задрал
Нэгэнт бүрэн эрхийнх нь хугацаа нь дуусаад бууж байгаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж дараагийн алхмаа бодож тооцоогүй байна гэж ёстой “номонд хазгай”. Нэгэнт АН-ыг авах юмгүй болтол сүйтгэсэн тэрбээр МАН дахь өөрийн “холбоотон” М.Энхболдод найдаж байлаа. М.Энхболд ялах юм бол МАНАН урьдын адил “амгалан тайван” амьдарч болох байв.
М.Энхболд өөрөө ч гэсэн ялалтдаа итгэлтэй байсан юм. Учир нь УИХ-ын дийлэнхи олонхи, дээр нь “гарын дор” Засгийн Газар, Улаанбаатар болон орон нутагт олсон амжилт, үүний дээрээс саяхан болтол Ц.Элбэгдоржийн мэдэлд байсан Монголын авилгажиж, улс төржсөн хууль хүчний байгууллагууд, дээрээс нь бараг бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүгдээрээ шахам МАН-ын талд үйлчилж байсан нь энэ бүхний “баталгаа” болж байсан юм.
Гэтэл Х.Баттулга гэж нэг нөхөр гарч ирээд хамаг төлөвлөгөөг сөнөөгөөд хаях тэр. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаар улс төрийн үйл явцын чиг хандлага, өрнөлд суурь өөрчлөлт эхэлж, Монголын улс төрд хуваарьгүй, хязгааргүй ноёрхож ирсэн МАНАН-д ихээхэн том ан цав гарч эвдрэлд орж эхлэв. Үүний улмаас МАН дотор хүчний дахин бүлэглэлт явагдаж, улс төрийн хүчний харьцаанд ихээхэн өөрчлөлт оров. Тухайлбал:
1. МАН доторхи М.Энхболдын “нийслэлийн бүлэг”-ийн байр суурь үлэмж ганхаж, зарим талаар нуралтад оров.
2. У.Хүрэлсүхийн толгойлсон “залуучуудын”, шинэ бүлэглэл тодрон гарч, улс төрийн шинэчлэлийг тунхаглав.
3. Харин МАН доторхи “хуучинсаг” буюу “Рио Тинто”-гийн (“английн”) бүлэг чимээгүй байдлаар эрх мэдлээ сэргээхээр зүтгэж эхлэв.
Эдүгээ МАН доторхи болж буй ил далд олон үйл явцыг дээр дурдсан 3 бүлгийн хүчний харьцаа, нийлэмж, зөрчил үндсэндээ тодорхойлох болов. Иймээс бүлэг тус бүрийн “түүхэн хөгжил”, “мөн чанарыг шинжлэн үзэх ёстой.
Нэг. “Хуучинсаг” бүлэг.
Энэхүү “хуучинсаг” бүлгийг өөрөөр “Рио Тинтогийн”, “Барууны”, “жинхэнэ МАНАН”, “хуучин МАНАН” гэх мэт олон янзаар нэрлэж болно. Энэ бүлэг Монголын улс төрд, түүний дотор МАН-ын удирдлагад олон жилийн турш амь бөхтэй бугшин амьдарч, улс орны баялгийг цөлмөн хоосолж, мөн олон жил халаагүй, хуваарьгүй ноёрхож ирсэн бөгөөд өөрийн “дүрэмгүй” тоглолт, зэрлэг өрсөлдөөний улмаас улс орныг сүйрэлд оруулж, байр сууриа хамгийн их алдсан бүлэг болно.
“Үүсгэн байгуулагч” нь Н.Энхбаяр боловч хожим С.Баяр, Сү.Батболд, Ө.Энхтүвшин, М.Энхболд нар залгамжлан авч явсан болно. МАН-ын бусад бүх бүлгүүд энэхүү “хуучинсаг” бүлэгт захирагдан, тэднээс хараат байдлаар ажиллаж ирсэн юм. Гэхдээ МАН-ын “хуучинсаг” бүлэглэлийн хуваарьгүй ноёрхол Ц.Элбэгдоржтой хоршиж “хамтран ажиллах” замаар МАН, АН хоёрыг ээлжлэн дарамтлах байдлаар тогтож ирсэн онцлогтой. Энэхүү “хамтарсан” үйл ажиллагааны үр дүнд АН-д лидер болох ганц ч хүн үлдээгүй, МАН-д ганцхан лидер үлдсэн юм. Хэрэв зориудаар бэлтгэж үлдээсэн ганц лидер нь унавал яах вэ ? гэж хэн ч бодсонгүй. Чухам энд л МАНАН-г олон жил толгойлж ирсэн “хуучинсаг” бүлэглэлийн стратегийн цоорхой, системийн алдаа байсан юм. Гэтэл Х.Баттулга энэ “цоорхойгоор” орж ирсэн нь МАНАН-д гарсан ан цавыг ихэсгэж, цууралт задрал үүсгэжээ.
МАН-ын “хуучинсаг” бүлэг “толгой” хэсэгтээ хүчтэй, “хөл” хэсэгтээ сул. Учир нь тэд ард түмнээсээ аль эрт үлэмж хөндийрсөн “хоосон толгойнууд” бөгөөд “хөл”-өө бусад бүлгүүдийн хүчийг ашиглан хийдэг байв. Гэхдээ тэдэнд эрх мэдэл, мөнгө гэсэн нэн хүчирхэг зэвсэг байгаа ба тэдний ард Монголын том компаниуд, тэдний компрадор удирдагчид, түүнчлэн хэт улс төржиж, улс төрийн “тэнэг муна” болсон хууль, хүчний байгууллагууд байдаг. “Хуучинсаг” бүлгийн толгойлогч нь саяхан болтол С.Баяр байсан. Одоогоор тэд толгойлогчгүй мэт боловч асар удахгүй тэр нь “төрөн гарах” нь мэдээж хэрэг. “Хуучинсаг” бүлэгт үе солигдох үйл явц улам бүр идэвхижиж байгаа.
Хоёр. “Нийслэлийн” бүлэг.
М.Энхболдыг МАН-ын дарга болсноос хойш түүний уйгагүй, тэвчээртэй хөдөлмөрийн үр дүнд “Нийслэлийн” бүлэг “туслах” бүлгээс “голлох” бүлэг болтлоо өсөн дэвжсэн болно. Энэ бүлгийг “шинэ МАНАН”, “Хятад баримтаат”, “МАНАН-г залгамжлагч” гэж бас л олон янзаар нэрлэдэг.
Ялангуяа 2016 оны УИХ сонгуулийн үнэмлэхүй ялалтын дараа “Нийслэлийн” бүлэг МАН доторхи дангаар ноёрхогч бүлэг болон хувирав. Энэ нь “өөрийн мэдлийн” Засгийн Газар байгуулсан болон бусад олон томилгоогоор батлагддаг. Энэхүү “нийслэлийн” бүлэг “толгой”, “хөл” тэнцүүхэн учраас нэлээд хүчтэй. “Нийслэлийн” бүлэг Засгийн Газар, Улаанбаатар гэсэн 2 “найдвартай” том тулгууртай, түүндээ найдаж байтал энэ хоёрын нэг нь унаж, нөгөө нь уналтын байдалд оров. Үүний үр дүнд “нийслэлийн” бүлгийн хүч үлэмж суларсан. Гэхдээ энэ нь “нийслэлийн” бүлэг бүрмөсөн “сөнөсөн” гэсэн хэрэг огт биш юм. Учир нь “нийслэлийн” бүлэгт хэдийгээр үлэмж дундарсан боловч хангалттай их мөнгө хөрөнгө буй, мөн сандарч самгардаж, сарнисан боловч боловсон хүчний асар их нөөц бий.
Гурав. “Залуучуудын” бүлэг.
Энэ бүлгийг өөрөөр “шинэчлэгч”, “шинэ үеийн” гэх мэт нэрлэж болно. У.Хүрэлсүхийн толгойлсон энэ бүлэг угтаа бол тийм ч залуу биш, гэхдээ манай нийгмийн болон МАН-ын удирдагчдын дундаж настай харьцуулахад тэднийг “залуу” гэхээс өөр арга байхгүй. Тэд бараг бүхэлдээ ид хав нь ид жагсаж яваа 40-50 насныхан бөгөөд тэдний хамгийн гол шинж нь дараагийн, шинэ үеийн төлөөлөл болж байгаад оршино. Энэ нь тэднийг төгс залуучууд гэсэн хэрэг огт биш бөгөөд МАН дахь “залуучуудын” бүлэглэл “жинхэнэ шинэчлэгч” болон “хуучинсагууд”-ын далд түлхээсээр гарч ирсэн “угсаа залгамжлагч” гэсэн 2 том хэсэгт хуваагдах ба энэ нь одоохондоо сайн ялгарч харагдахгүй шахам байгаа. Гэвч сайтар ажиглавал ялган салгаж болно.
Тэд “толгой” талдаа хүч харьцангуй сулавтар, харин “хөл” нь маш сайн, боловсон хүчний нөөц ихтэй. Хамгийн гол нь тэд ирж яваа цагийн төлөөлөл юм. Засгийн Газрыг унагах ажилд амжилт олсон мэт харагдаж байсан “залуучуудын” бүлэг “өсөн торних” ид үедээ ажил нь саармагжиж эхлэв. Энэ нь тэдний “нялхсын өвчин”-тэй холбоотой боловч гол шалтгаан нь шинэ хуучны зөрчил, МАНАН-гийн эсэргүүцэлтэй холбоо бүхий бодит байдалд оршино. Энэ тухай товч өгүүлсү…
Тэмцлийн шинэ хэлбэр
Өнөөдөр олон хүн “шинэчлэгч” У.Хүрэлсүхийн “залуучуудын” бүлэг, “хуучинсаг” М.Энхболдын “нийслэлийн” гэсэн хоёрхон бүлэг МАН дотор өрсөлдөж байгаа гэж ойлгодог нь маш буруу юм. М.Энхболдын “нийслэлийн” бүлгээс ч дутахааргүй “хуучинсаг” буюу “хуучин МАНАН” бүлэглэл байгааг олон хүн “мартаж” байна.
Дурдан буй 3 бүлгийн хүч ойролцоогоор тэнцүү. Ийм учраас ялалтад хүрэхийн тулд нөгөө хоёр бүлгийн аль нэгтэй хамтран ажиллахаас өөр арга байхгүйд тэдний өнөөгийн өрсөлдөөний гол онцлог оршино. Энэ нь Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг унагасан болон У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг байгуулсан үйл явдлаас тов тодорхой харагддаг.
Ж.Эрдэнэбатын Засгийн Газрыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн “залуучуудын бүлэглэл” “хуучинсаг” бүлгээсээ тусламж авснаар санасандаа хүрчээ. Гэвч “хуучинсаг” бүлгийн гол зорилго нь чадвал “нийслэлийн” бүлэгт алдсан байр сууриа эргүүлж авах, чадахгүй бол У.Хүрэлсүхэд шахалт үзүүлэх замаар байр сууриа сэргээн тогтоох явдал байжээ. Засгийн Газрыг унагах эхний шатанд “хуучинсаг” болон “залуучуудын” бүлэг хүч хавсарсны улмаас “нийслэлийн” бүлэг ялагдал хүлээв. Өөрөөр хэлбэл “залуучуудын” болон “нийслэлийн” бүлгийн зодоон дундуур “хуучинсаг” бүлэглэл орж, завсраас нь хонжоо гаргасан байна.
Харин Засгийн Газар байгуулах дараагийн шатанд “хуучинсаг” болон “нийслэлийн” бүлэг хоёр хүч хавсран “залуучуудын” бүлэг, тухайлбал У.Хүрэлсүхэд хавсарсан шахалт үзүүлэх болов. Харин хэн хэн, ямар хүчээр, яаж шахалт үзүүлсэн нь одоохондоо хөшигний цаана үлджээ. Гэсэн хэдий ч шинэ Засгийн Газрын бүрэлдэхүүнийг шинжлэх замаар ямар тохироонд хүрч, аль бүлэг хэнийгээ шинэ Засгийн Газар руу “шахсаныг” хялбархан мэдэж болно.
Манайхан надаас шинэ Засгийн Газрын хэн хэн нь аль аль бүлгийн гишүүн гэдгийг хэлээд аль гэж “загнах” нь ойлгомжтой. Гэхдээ дандаа “бэлэн хоол” халбагадуулж идэж байснаас хааяа ч гэсэн өөрийнхөө толгойг ажиллуулж байх хэрэгтэй гэдгийг би онцлон сануулж байна.
Ямар ч гэсэн хөшигний цаана маш ширүүн зодоон болсон нь тодорхой байна. Үүнийг мэдэх далд болон дам олон арга байдаг. Би арга зүйн зөвлөгөө өгье. Ухаандаа эдүгээ Засгийн Газарт шадар сайд болсон Ө.Энхтүвшингийн хэдхэн хоногийн дотор хэлсэн үгийг шинжлээд үзэхэд олон юм тодорхой болно. Эхлээд Ө.Энхтүвшин: ”Тэр (У.Хүрэлсүхийг хэлж байна.) зөвшилцөхгүй гээд хаа холдохым ?!” гэж ихэд ууртай хэлсэн. Түүний энэ үг У.Хүрэлсүхийн эрх мэдлийн бодит хэмжээ заагийг хамгийн тод харуулсан юм. Мөн Ө.Энхтүвшин: “Тэр (У.Хүрэлсүхийг хэлж байна) зөвшилцөх зарчим, саналаа хэлэхгүй байна” гэж шүүмжилсэн. МАН “зөвшилцөх зарчим” нэрээр хуйвалдаан хийсээр байгаад улс орноо сүйрүүлсэн гэдэг нь хэн бүхэнд тодорхой юм. Эндээс У.Хүрэлсүх “хуучинсаг” бүлэгт эхэндээ нэлээд хатуу ханджээ гэж дүгнэж болно. Асар удалгүй Ө.Энхтүвшин: “Би Засгийн Газарт орохгүй, би тэгж юм болгон руу шургадаг хүн биш” гэж ахин уурссан. Энэ үгнээс У.Хүрэлсүх эцсийн мөч хүртэл гүрийж байсныг харуулж байна.
Адаг сүүлд нь Ө.Энхтүвшин “Нөхцөл байдал өөрчлөгдсөн” гэсэн. Ямар нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж ?! Эндээс бүлгүүд нэн тодорхой тохироонд хүрсэн учраас У.Хүрэлсүхийн “холимог” Засгийн Газар бүрэлджээ гэж дүгнэж болно. Өнөөгийн нөхцөлд “холимог” Засгийн Газар хүсмээр зүйл биш, бас жигшиж зугтахаар зүйл хараахан биш. Хамаг асуудал МАНАН-гийн эсрэг тэмцэх эсэхээс л шалтгаална.
МАНАН сарних эсэх асуудал
Ийнхүү “залуучуудын” бүлэг толгойлсон, “хуучинсаг” болон “нийслэлийн” бүлэг оролцсон “холимог” Засгийн Газар бүрджээ. Одоо “холимог” Засгийн Газар МАНАН-даа уусаад алга болох уу ?, эсвэл шинэчлэлийг ямар нэг байдлаар эхэлж чадах уу ? гэсэн зарчмын асуудал үүснэ. Энэ хурц асуудлын шийдэл нь “онол ном”, бодлогын асуудал биш, харин сэтгэл зүтгэл, эр зоригийн асуудал мөн. Эдүгээ МАНАН-тай тэмцэж, түүний олон жилийн дангаар ноёрхлыг таягдан хаях нь МАН-ын “дотоод асуудал” огт биш, харин Монгол Улс, Монгол үндэстний язгуур эрх ашгийн асуудал мөн.
Монгол Улс “ардчиллын үлгэр жишээ”, “баян бүрд” гэсэн магтаал аль хэдийн “түүх болон” үлдэж, ардчилал, зах зээлийг “гутаан бузарлагч” гэсэн “нэр цолтой”-гоор гадаадын сурах бичигт орох болсон ичгүүрт сүйрэл, дампуурлын гол буруутан нь гагцхүү МАНАН мөн.
Эдүгээ МАНАН ард түмэн бидэнд итгэж, УИХ-ын олонхийн суудал өгсөн, бид төр барих ихээхэн “туршлагатай” гэдэг ганцхан үг хэлж буй. Сонгогчдыг худал амлалтаар хууран мэхлэж, тэдний саналыг худалдан авах авах аргаар эрх мэдэлд хүрсэн, төр засгийн албан тушаалыг үнэ хүргэн зарах бүдүүвч боловсруулан, хэрэгжүүлсэн МАНАН-гийн төр засгийг хууль ёсны, легитим засаг гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Мөн туршлага сайн муу хоёр янз байх бөгөөд МАНАН-гийн “туршлага” бол төр засгийг дампууруулсан, эдийн засгийг сүйрүүлсэн, нийгмийг хаост оруулсан, оюун санааг тэнэгрүүлсэн хамгийн адгийн жигшүүрт алдаа, санаатай болон санамсаргүй үйлдсэн гэмт хэрэг мөн. Хэрэв МАН өөрийн “туршлагыг” санаатай үйлдсэн бол төр болон үндэстний эсрэг хар хүчин, хэрэв “санамсаргүй” үйлдсэн бол төр барих ухаан, чадваргүй мулгуу харанхуй хүчин мөн.
Эдүгээ МАНАН-гийн дангаар ноёрхлыг таягдан хаяхгүйгээр Монгол Улсыг хөгжүүлэх тухай аливаа яриа, бодол, хүсэл утга учраа алдана.
Өнөөдөр МАН-ын “хуучинсаг” болон “нийслэлийн” бүлэг нэгдэн нийлж, МАНАН-гийн дангаар ноёрхлыг хадгалан үлдэхийг санаархаж буй. Харин МАН-ын “залуучуудын” бүлэг тэдний эсрэг тэмцэж байна. Энэ нь өнөөгийн улс төрийн тэмцэл, зөрчлийн агуулга юм.
Цаашид юу болох вэ ?
МАН доторхи 3 бүлгийн зөрчлийг “холимог” Засгийн Газар байгуулах замаар шийдэх боломжгүй. Ямар ч гэсэн М.Энхболдын “нийслэлийн” бүлэг “тоосгыг нэг нэгээр нь ахин өрөх” аргаар хуучин байр сууриа хамгаалж, “сэргээн тогтоохыг” эрмэлзэх нь гарцаагүй.
Энэ нь УИХ-ын дарга болохоор зэхэж байсан Ц.Нямдоржийг Хууль зүйн сайд болгосноос тод харагдана. Ингэснээр М.Энхболд УИХ-ын даргын суудалдаа хэвээр үлдэв. Мөн Сангийн сайдаар “хуучинсаг” бүлгийн залуу төлөөлөгч Ч.Хүрэлбаатар сонгогдов. Тэрбээр 2000-2003 онд Ерөнхий сайд Н.Энхбаярын эдийн засгийн зөвлөх, улмаар 2003-2007 онд Ц.Элбэгдорж болон Сү.Батболдын үед Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, улмаар 2007-2008 онд М.Энхболдын үед Түлш эрчим хүчний сайдаар ажилласан. Ч.Хүрэлбаатар ямар ч засгийн үед “тогтвортой” ажиллаж байсан, “тэсэн үлдэх” гайхалтай чадвартай МАНАН-гийн шинэ залуу төлөөлөгч болно. МАН доторхи МАНАН-д үе солигдох үйл явц явагдаж, эл дол болж, нэр нүүрээ барсан хуучин удирдагчдын оронд шинэ залуу залгамжлагчдыг “төрүүлэх” болсон ба үүний сонгодог жишээ нь Ч.Хүрэлбаатар юм. Энэ үйл явц өргөжин тэлэх хандлагатай ба энэ хэрээрээ Монголын улс төрийн амьдралыг тогтворгүй, тодорхойгүй болгох нь дамжиггүй.
Түүнчлэн шинэ Засгийн Газарт “хуучны” Ц.Нямдорж орсон нь ихэд анхаарал татаж буй. Ц.Нямдорж бол “төрийг би мэднэ”, “хуулийг би мэднэ” гэж цээжээ дэлддэг нэгэн бөгөөд цагаа тулахаар өрөөлийн намын бузар булайг “сайн” илчилж, өөрийн намынхыг “хав дардаг” нэгэн бөлгөө. Хэдийгээр Ц.Нямдоржоос “шинэ зүйл” хүлээх нь утга учир багатай боловч нас нь явж, үнэнд гүйцэгдэх үед “шударга ёсыг” ямар нэг хэмжээгээр сэргээнэ гэдэгт найдах л үлдэж байна. Ц.Нямдорж хууль, хүчний байгууллагын хэт улстөржилт, хэтэрхий тэнэглэлийг ямар нэг хэмжээгээр саармагжуулж, түр торгоох боломжтой авч Монголын улс төрд нүүрлэсэн хулгай, дээрэм, луйвар, авилгын системийг яаж ч чадахгүй гэдгийг санаж явбал зохино. Учир нь системийн том засварыг аль нэг салбарын хүрээнд биш, харин бүхэлд нь хийх ёстой байдаг.
МАНАН дотор ч гэсэн хэт дураар авир, дүрэмгүй тоглолтоос татгалзаж, ямар нэг хэмжээгээр “шударга ёсыг сэргээх” эрмэлзэл сулхан ч гэсэн ажиглагдаж байгааг дурдах нь шударга хэрэг болно. Гэхдээ МАНАН-д хэзээ ч итгэж, найдаж болохгүй бөгөөд учир нь аливаа системийн мөн чанар системийн эвдрэл болоогүй тохиолдолд хэзээ ч өөрчлөгддөггүй.
МАНАН задралд орж, түүний ил далд тэмцэл хурцдахын хэрээр улс төрийн шинэ гуравдагч хүчин үгүйлэгдэж байна. Энэхүү орон зайг эзлэхийг Н.Энхбаяр туйлын их хүсч буй. Н.Энхбаяр бол залуу улс төрчдийн “мах цус”, зовлонт нулимсаар “идэш тэжээл” хийж амьдардаг улс төрийн махчин араатан мөн. Тэгээд ч улс төрийн дарангуй системийг бүтээгч өөрөө тэрхүү адгийн системээ засан өөрчилдөг тохиолдол энэ дэлхийд ганц ч байхгүй.
МАН-ын зөрчил ил харагдсанаар АН “сайн болдог” зүй тогтол хаана ч байхгүй.
Гэтэл АН-ын тэнэгүүд МАН-ын дотоод тэмцлийн харж “баярлахаас” өөр зүйл хийж чадахгүй байна. АН-ын нэлээд удирдагчид саяхан ялалт байгуулсан Ерөнхийлөгчид найдаж, түүний ард хоргодож байгаа нь үлэмжийн их тэнэглэл юм. Тэр ч байтугай Тамгын Газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгчөөсөө “илүү гарч”, “нэгдүгээр хүний рольд” тоглохын хамт АН-ын суртал нэвтрүүлгийг дангаараа хүчлэн хийж байгаа нь маш аюултай үзэгдэл мөн. Ийм байдал удаан үргэлжилбэл жудогийн хэллэгээр Ерөнхийлөгч Х.Баттулгыг “идэвхигүй барилдсан” гэж “анхны торгууль” өгөх цаг тун ойрхон байна. Учир нь ард түмний дэмжлэг бол шууд утгаараа хүлээлт бөгөөд түүнийг ямар нэг “шинэ ажил” хийж байж л хадгалан үлдэж, хүчийг нь нэмэгдүүлж болно. Харин ард түмний хүсэн хүлээсэн зүйлийг нь хийхгүй бол энэ хүлээлт хөөс болон замхарч, ихэнхи тохиолдолд дэмжлэгийг оргүй буюу эсрэг чиглэлтэй болгодог.
“Холимог” Засгийн Газар ажлаа эдийн засгаас эхлэх ёстой гэж олон хүн “ойлгож” байгаа нь тун их эндүүрэл. Учир нь байгалийн болон нийгмийн баялгийг нам, төрийн механизм ашиглан цөлмөн хоосолдог, идэж үгүйрүүлдэг МАНАН систем байсан цагт ямар ч эдийн засгийн бодлого амжилт олохгүй, ямар ч их мөнгө Монгол Улсад тогтохгүй.
МАНАН-тай тэмцэх эхний алхам нь авилга, хүнд сурталтай тэмцэх явдал гэж олон хүн ойлгож байгаа нь бас л асар их эндүүрэл. Учир нь МАНАН-гийн “гар хөл”, тэдний өмнөө барьдаг “тэнэг муна” болж, хэт авилгажиж “улс төрийн байгууллага” болон хувирсан Цагдаа, Тагнуул, АТГ, Шүүх, прокурор зэрэг хууль, хүчний байгууллагын удирдлагуудыг сольж шинэчлэхгүйгээр авилгатай хийх ямар ч тэмцэл амжилт олохгүй.
Чухам үүнийг л манай ард түмэн хүсэн хүлээж буй. Ард түмний энэ хүлээлтийг гүйцэлдүүлэх эсэх нь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж 3-ын сэтгэл зүтгэл, эр зоригоос шалтгаална. Үүнийг гүйцэлдүүлж чадвал Та нар бүгдээрээ баатар, эс чадвал бүгдээрээ новш. Энэ бол 2020 оны прогноз бөлгөө…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2017 оны 10 дугаар сарын 23.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

7 Responses to МАНАН САРНИХЫН ДАВААН ДЭЭР

  1. bishreltei says:

    янзтай анализ хийж бичих юм аа … энэ ерөнхийлөгч энэ тэр нь уншдаг болов уу

  2. Sanchir says:

    Xolimog zasgiin gazar baiguulax n odooxondoo zuv xuvilbar baixaa. Udaxgui MAN-iin ix xural bolox gej baigaa. Namiin dargiin asuudal yarigdana gee bizdee.

  3. Ганаа says:

    үнэнг бичжээ

  4. gnsek says:

    Ганаа ах минь сайхан намаржиж байна уу. Наад хэд чинь юу ч хэлээд ер нь нэмэргүй. Биеээ сайн тордож, урт наслахыг хичээгээрэй. Амжилт.

  5. gnsek says:

    Хэдэн жилийн өмнө Ганаа ахад зориулж хэлж байсан үгээ дахин орууллаа.

    //Монголчуудын их багын асуудал дээр үзэл бодлоо нэгэнт илэрхийлсэн тул арай өөрөөр, миний мэдэх Ганаа ахын тухай цөөн хэдэн үг бичмээр санагдлаа.
    Ганаа ахын блогоор орж эхэлсэн тэртээ олон жилүүдийг ухраан санавал анх загнуулж байсанаа санаж байна. Шинэхэн будаг нь ханхалсан оюутныг их сургуулийн ширүүн багш нар яадаг билээ… түүн шиг л халти загнуулж аваад “гомдсондоо” хаа нэг энд тэндэхийн бичлэгүүдийг түүж унших авч, төрмөл болон үүсмэлийн ялгаа ихийн тул аргагүй л эргэн эргэн мэргэн ахын ур, мөр гаргасан бүтээлүүдийг чимээгүйхэн ч гэсэн харсаар өдийг хүрсэн билээ.
    Ялгах чадварын тухайд бид үргэлж өөрсдийн эсвэл өөр нэгний зөв байх ёстой юм шиг л (энэ нь нөгөө талаараа өөрийгөө зөвтгөх өөр нэг хэлбэр.. ) асуудалд ханддаг. Гэтэл энэ нь ч өөрөө өрөөсгөл бөгөөд, өөр нэг альтернатив эсвэл түүнээс дээш тооны зүйлүүдээр харилцан дэнслэгдэж байж бодит байдал руугаа дөхөж очдог. Өмнөх коммент дээр “Aila” ах, судлаачийн тухай хэлэхдээ “.. нүдийг минь нээсэн ..” гэж дурдсаныг хараад бидний ч сэтгэлгээг ч тэлэхэд Ганаа ах үүрэг гүйцэтгэж байгааг мөн олж харсан билээ. Хааяа нэг үеийн залуучуудтайгаа ротаридаж байхдаа нэг хоёр жилийн өөрийгөө олж харах шиг санагддаг ч тэдэнд тайлбар хийхээс илүүтэйгээр “Ганааг унш” гэмээр санагддаг. (Нөгөө Монтенийг унш гэдэг хэлц шиг – гэхдээ би Монтенийг унш гэж зөвлөхгүй..) Хэрсүү нэгэн нь харин уншиж ирээд ийм тийм хүн байна шүү гээд ярихад нь баяртай байдаг билээ. Ганаа ахын тухайн өнөөдөр гэнэт санаанд орж ирсэн нь: Мэргэн ах “их ойрын” судлаач залуучуудыг бэлдэж байгаа эсэх? Цаг үе хийгээд боломж өөрөө нарийн тул энэ цагт Ганаа ахын нийгэмд хийж байгаа зүйлийг өөр нэг цагт өнөөгийг залуучууд гэхээс илүүтэйгүүр бас нэг юник сэтгэгч үргэлжлүүлэх л болно. Тэр тал дээрээ хэр анхаарч байгаа юм бол гэж гэнэт бодогдлоо. Хүн өөрөө өчүүхэн учраас байнгийн авах зүйл нь байг гэж хүсдэгийг нь хэн ч буруутгахгүй биз. Дээрийн “Тамир” андын хэлдэгчлэн “аквариумд байгаа загаснуудыг нэг загас нь үсэрч гарч ирээд харж байна гэдэг шиг” хамраараа амийн амьсгал бүхий хэн нэгэн ийм зүйлийг хэзээд хийхээс өөр аргагүй… Мөр хооронд бичигдсэнийг хуудас дэлгэрүүлэн задалдаг..Монголчуудын их багын асуудал дээр үзэл бодлоо нэгэнт илэрхийлсэн тул арай өөрөөр, миний мэдэх Ганаа ахын тухай цөөн хэдэн үг бичмээр санагдлаа.

  6. Anonymous says:

    Монголчуудын дунд нэг ойлголт алга юу шудраг ес энэнээс эхлээд олон юмыг оор оорийн онцгоос тайлбарлаад ба одоо еронхийлогчийн зугээс нийгэмд айдас торуулсэн суртал нэвтруулэг явуулж ба нэг юм болох гээд ба цаазын ялыг сэргээгээд шудраг ес тогтохгуй эс бол авилагын хэрэгт цаазын ялтай болгох гээд ба уу ногоо сингопурын еронхийлогч шиг оор дотноосоо эхлээд авилаг авч бсан авч бгаа улс торчидоо цаазлах гээд ба уу

  7. Болд says:

    Манангын улирал ч хүссэн хүсээгүй эхэллээ доо.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: