А.БААТАРХУЯГ: ҮНДЭСНИЙ ҮЗЛЭЭ СУУРЬ БОЛГОЖ, ҮНДЭСНИЙ ҮЗЛЭЭ ТУГ БОЛГОЖ, ҮНДЭСТНИЙ ЭРХ АШГАА НЭГДҮГЭЭРТ ТАВИХ ЁСТОЙ…

uyjhhggffds
Манай А.Баатархуягийн “sonin.mn”-д өгсөн ярилцлагыг сайтар уншихыг хүсч байна.

НЭГ. МАН, АН-ЫГ ЭСЭРГҮҮЦЭГЧИД СОНГОГЧДЫН ОЛОНХИ БОЛСОН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар та АН-аас нэр дэвшигчийг буюу одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжиж, идэвхитэй ажиллаж байсан. Магадгүй цөөнгүй хүн таныг иргэний хөдөлгөөнийхний нэг учраас МАХН-аас нэр дэвшсэн С.Ганбаатарыг дэмжих байх гэж харж байсан байх л даа?

-Яг нарийндаа одоогийн Ерөнхийлөгч Иргэний хөдөлгөөний хүн шүү дээ. Ганцхан түүх ярья. Стратегийн томоохон ордуудыг иргэддээ үр ашигтай хэлбэрээр ашиглахыг шаардсан “Бүх ард түмний Их Хуралдайг” Г.Баасангийн удирддаг “Монголын Чөлөөт Ахмадын Холбоо”, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөн, “Улс төрийн сонин” бусад хөдөлгөөн хамтран 2006 онд зохион байгуулж байлаа. Тэр үед “С1” телевизийн захирал гадаадын иргэн Сүхбаатарын талбай дээр майхан барилаа гэж бөөн хэл ам болж байсныг санаж байгаа байх. Үнэндээ тэгэхэд улстөрчдөөс ганцхан Х.Баттулга л туслаж байсан юм.

Эртнээс одоогийн Ерөнхийлөгчтэй улс төрийн ойр харилцаатай явж ирсэн. Иргэний хөдөлгөөний тэмцлийн явц дунд “Тавантолгой”, “Оюутолгой”-н гэрээ гээд олон асуудал дээр санал нийлж, хамтран ажиллаж байлаа. Тийм ч учраас би хувьдаа Тулгыг АН-ын хүн гэж биш, яг иргэний хөдөлгөөний улс төрч гэдэг утгаар нь дэмжсэн юм.

С.Ганбаатар бол манай иргэний хөдөлгөөний унаган хүн мөн. Гэхдээ би л хувьдаа “Н.Энхбаяр-С.Ганбаатар” гэсэн улс төрийн нэгдэл Монголын нийгмийн алдаа дутагдлыг засаад явж чадах эсэхэд өмнөх туршлагаараа эргэлзсэн. Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг гэдэг байх аа? Хоёрт С.Ганбаатараас хамтран ажиллах санал тавиагүй. Эхлээд тэндээс санал тавих ёстой биз дээ? Харин Х.Баттулга гэдэг хүн бидэнд итгэж хамтрах санал тавьсан юм. Түүнийг нь хүлээж авсан. Өөр санал байсан л даа, гэхдээ би өөрийгөө “шоолдог юм”, жаахан амны хишиггүй сонголт хийдэг гэж. Ахуйгаа биш нэр төрөө бодож…

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр нийгмийн өөрчлөлт, шударга ёс ярьдаг байсан Иргэний хөдөлгөөнийхний зарим нь МАН-аас нэр дэвшигч М.Энхболдын ухуулагч болчихсон явж байхыг харлаа. Ер нь иргэний хөдөлгөөний угшилтай улс төрчдийн олонхи нь анх ярьж, тэмцэж байснаасаа няцсан юм шиг.

– С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа нэг зальжин алхам хийсэн юм. Ер нь тухайн үед иргэний-улс төрийн хөдөлгөөн гэх тодотголтой “Эрүүл нийгэм Иргэний хөдөлгөөн”, “Монголын Чөлөөт Ахмадын Холбоо”, “Эрс Шинэчлэл” хөдөлгөөн гэсэн цөөн хөдөлгөөн байсан, манай “Улс Төрийн Сонин” үзэл санаа, мэдээлэл гээд бүх талаар дэмжиж байлаа. Үүнээс болж би АН-ын зарим фракцтай зөрчилдөж, нарийн бичгийн даргын ажлаа ч хаяж байсан. “Иргэний хөдөлгөөн” гэдэг улстөрийн нэр томъёо чинь өөрөө ЭНИХ-ий сүүлийн хоёр үг байхгүй юу.

2008 оны 7 сарын 1-ний хэрэг явдлын дараа нийгэмд нөлөө ихтэй байсан иргэний улстөрийн хөдөлгөөнүүдийг нэг мөсөн дарж авахын тулд тулд Ерөнхий сайд С.Баяр “Иргэний нийгмийн байгууллагууд” гэж “демагог” гаргаад, төсвийн мөнгөнөөс нэг хувь ч бил үү, тодорхой хувийг тэдэнд олгох болсон юм. Ингэхгүй бол тэсэхгүй байсан байх. Ингэснээр 1-т маш олон зохиомол хөдөлгөөнүүд бий болсон. 2-т “Та нар асуудал тавих чинь зөв, гэхдээ ийм хувьсгалын, төрийн эрхийг авах тухай асуудал биш, агаарын бохирдол, байгаль орчин, гол ус, эмэгтэйчүүдийн эрх гэх мэт тодорхой асуудлуудыг л хариуц. Тэгвэл бид ч бас төсвөөр дэмжиж байя” гэсэн зальтай хэлэлцээрийн шийдэл гаргаснаас маш олон иргэний нийгмийн байгууллагууд бий болж, нэгэнт төсвөөс санхүүждэг учир орон зайг дүүргэж, салбар бүрт тарамдаж, тэр хойгуур улстөрийн иргэний хөдөлгөөнүүд суларсан. Удирдагчид нь цаазын ялтай шоронд байлаа шүү дээ, бас хөдөлгөөний олон идэвхтэн шархадсан, хоригдсон.
Одоо тэр санхүүжилттэй байгууллагуудын зарим нь, бас улстөрөөс хонжоо хайгчид тохиолдлын улстөрчид аливаа сонгуулийн үеэр том намуудад жижиг явцуу эрх ашгаар тусалж харагддаг. Түүнээс биш жинхэнэ улс төрийн шаардлага тавьж байсан, улс төрийн шинэтгэл, бүр хувьсгал хийе гэж байсан хүмүүсийн үзэл санаа хэвээрээ л байгаа. Үүнд эргэлзэх хэрэггүй. Гэхдээ тэр олон иргэний нийгмийн байгууллагын идэвхтнүүдээс нийгмийн шинэчлэлийн төлөө асуудлыг үргэлжлүүлэн тавьсан тулдаа өнөөгийн нийгмийн сэтгэл зүйн орчин бүрдсэнийг зөвшөөрөх хэрэгтэй.

Саяын сонгуульд “Иргэний хөдөлгөөн”-үүд туслах чанартай байсан эсэх дээр бүр эсрэг байр суурьтай байна. С.Ганбаатарын авч байгаа саналыг хар л даа. Сүүлийн арав гаран жил бид бүхий л боломжоороо улс төрийн тэмцэл, ухуулга, жагсаал цуглаан хийж тэмцсэний үр дүнд МАН, АН гэсэн хоёр намыг дэмжигчдээс гадуурх хүмүүс одоо нийгмийн олонхийг бүрдүүлэгч болсон байна. Энэ хүмүүс л аливаа сонгуулийн үр дүнг шийдэж байна.

Анх удаа сонгууль хоёр шаттай боллоо. Ийм учраас ч юм уу? Г.Уянга бид хоёроос цөөнгүй хүн, ялангуяа хөдөлгөөний нөхөд асуугаад байдаг юм. Та хоёр яагаад Ганбаагийнхаа талд орсонгүй вэ? Хэрэв тэгсэн бол С.Ганбаатар ялчих ч байсан юм билүү гэж… Би яахав дээ, хэр тааруу оногдсон үүргээ л гүйцэтгэсэн, хоёрдугаар шат гарна гэдгийг эрт таамагласан, түүнийгээ ч баталгаатай гэж бичсэн учраас зарим нэг юманд урьдчилаад бэлтгэж байсан төдий… Тэр ялалт олон хүний хамтын ялалт юм. Би нөлөөлөхгүй… Ард түмэн л зөв сонголт хийсэн.

Гэхдээ сонгогчдын олонхийг бүрдүүлж буй тэдний дэмжлэгийг авахуйц улс төрийн нэгдсэн хүчин бий болохгүй л байна…

-Асуудлыг нарийвчилж үзэх хэрэгтэй. Энэ хүмүүс бол яг иргэний хөдөлгөөнийг дэмжигч гэхээсээ илүү МАНАН-г эсэргүүцэгч юм. Тэдний дотор мань мэтийг ч үзэн ядагчид цөөнгүй. Тийм учраас л ер нь аль иргэний хөдөлгөөн юм уу? аль нэг гуравдагч намд энэ нийгмийн олонхийн дэмжлэг төвлөрөхгүй байна. МАНАН-г үл дэмжигч олонлог цэвэр оюун санааны түвшинд хэдийн бий болж бэхэжсэн нь бол үнэн. Үүнд сүүлийн арван хэдэн жил бидний нөхдийн хийсэн системтэй тэмцэл, мэдээллийн тодорхой давтамж бүхий давшилт тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж боддог.

Анх Н.Энхбаярын тогтоосон системийг “дарангуйлагч” шинжтэй гэж шүүмжилж, шүүх сэргийлэхдээ тулж, орон шоронд орох эсэхтээ тулж байхад тухайн нийгмээ буюу МАН, АН-ын удирдагчдын булхай луйврын эсрэг үгээ зоригтой хэлдэг, хувьсгал, өөрчлөлт шинэчлэлт ярьдаг зуу орчим л хүн байсан юм, үнэнийг хэлэхэд. Бидний үйл ажиллагаа өргөжиж, хүчээ авахын хэрээр улстөрчид биднээс дэмжлэг хүсдэг, эсбөгөөс өөртөө татахыг эрмэлздэг болсон байсан, тэр хэрээр амжилт олсон хүн олон. Элбэгээгээс эхлээд АН-д, Баяраас эхлээд МАН-д, Н.Энхбаяраас эхлээд МАХН-д үй олноороо бий…
Хөдөлгөөний сүлжээ МАН дотор хүртэл тэлж, хэд хэдэн хөдөлгөөн үүссэн юм. Лав “Шинэ эргэлт” хөдөлгөөний нэрийг манай гэрт ярилцаж байгаад өгч байсан. “Онц их хурлын төлөө” хөдөлгөөнийхөнтэй бид найз байсан. Ганаа ах анхны улстөрийн илтгэлийг нь бэлтгэж өгч байсан. Жигүүрийнхнийг тэр үед хөтлөж байсан “25 дугаар суваг” телевизийн “Хэн юу хэлэв?” булангаар графикаар оруулж байсан. Мэдээж захирлуудын зөвшөөрөлтэй. Н.Энхбаярын үед ийм болно гэж хэлсэн бол галзуурсан гэгдэх байлгүй.

Одоо бол МАНАН-г эсэргүүцэх нь түгээмэл хандлага болсон. Тэгэхээр асуудлын гол нь МАНАН-г эсэргүүцэгч олонлог нэгэнт нөгөө талдаа гарсан байна. Обьеътив, субьектив хүчин зүйлийг бүгдийг тооцвол ганц анхдагч хөдөлгөөний нөхдөө дөвийлгөх ч буруу, МАНАН-гийн өөрсдийнх нь бузар булай хангалттай нөлөөлсөн.
Гэхдээ үзэл санааны суурь нь арав гаруй жилийн өмнөөс л иргэний хөдөлгөөнүүдийн тавьж байсан тэр нийгмийн шинэчлэлийн зарчим дээр суурилж байгаа нь тодорхой харагдаж байна. Гэхдээ энэ олонх бол ерөнхийдөө чөлөөтэй “урт дурын” хүмүүс. МАНАН-г үзэн яддаг хэрнээ аль нам дээр ч очихгүй. Тэгэхээр энэ олонлогийн дэмжлэгийн нэг шинэ нам зарлангуутаа авах боломж бас бага. МАХН ч, “ХҮН” ч чадаагүй. Нөгөөтэйгүүр шинэ гарч ирсэн улс төрийн нам бүрийг хайр найргүй устгах дундын бодлого МАНАН-д байна. Г.Уянга УИХ-ын 2016 оны сонгуулиар нэгтгэл хийгээд ТТЭНН-ыг бий болгоход авсан саналаараа 3-т орсон л доо. Гэхдээ парламентад суудал авч чадаагүй, жижигсгэсэн мажоритар системээс болоод. Үнэндээ АН гуравдагч хүчнийг дарж авах гэж хорхойсч энэ системийг сонгоод, өөд нь хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болсон.

Сонгуулиас хагас жилийн дараа Ц.Элбэгдорж гэж нөхөр баахан тагнуул цагдаа, шорон оронгийнхон, дээд шүүхийнхэнтэй нийлж байгаад намыг нь булаагаад авчихсан. Тодорхой хэлбэл улс төрийн гуравдагч хүчний нэгтгэл болох вий гэсэн айдас байгаа учраас ХҮН-ыг ч сүйтгэсэн, ТТЭНН-ийг булааж авсан, одоо МАХН-ыг ч сүйтгэж байна. Ингэж сүйтгүүлж байгаа нь ч бас бидний дотоод зөрчилтэй холбоотой. Жишээ нь Н.Энхбаяр гэдэг хүнтэй нэг эвссэн ч хоёр эвсэх боломжгүй, тэр үзэл санааны хоригоо хэн нь ч давж чадахгүй л байнадаг. Тэгэхээр салгаж цохиод байхгүй юу…
Гэхдээ би МАН, АН-гийн удирдагчдад хандаж хэлье! Стратеги чинь буруу байна. Та нар гуравдагч хүчнийг байхгүй болгох гээд гарсан нам болгоныг “алаад” байх юм бол нэг хүчинд нэгтгэгдээгүй масс хаост ороод МАНАН-г хувьсгалын аргаар түлхэн унагаах нөхцөл бүрдэнэ. Харин санаачлага хэнд шилжих бол? Гадныханд уу? 1990 онд Румынд яалаа? Сая Украйнд яаж байна? Эсрэгээрээ гуравдагч хүчнийг нэгтгэх, тодорхой хэмжээнд улс орны асуудлууд дээр хэлэлцэн ярилцаж, улс орны цаашдын ирээдүй, тогтвортой тайван байдлаа хадгалах нь зөв биш үү? Эд одоо юугаараа биднээс илүү юм? Тэгэхээр, эд нар толгойгоо илүү харанхуй нүх рүү шургуулж байна.

Тэгэхээр сонгогчдын 60 хувь нь үндсэндээ МАН, АН-ыг үл дэмжих, тэр бүү хэл эсэргүүцэгчид болчихсон атлаа өөр улс төрийн хүчинд зангидагдахгүй байна. Энэ байдал нь жишээлбэл УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд яаж нөлөөлөх бол?

-УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнг таамаглавал энд нэг л асуудал байгаа. Дээрх 60 хувийн хөвөгчид дандаа задарч, хөвж байгаа. Бие даагчид руу санал нь задарч, тарамдаж байна. Өөр өөрийн дэмждэг хөдөлгөөнүүдийг дагасан эвслүүд рүү ч саналаа өгч байна. Өөрсдөө ч дэвшиж байна. Зарим нь С.Баяр олон манай үеийн баатруудыг, шарилжнуудыг иргэний хөдөлгөөний хөрсөнд суулгаж, мөнгөөр услаж ургуулсны үр дүн. Тийм байгаа биз? Товчхондоо бол МАНАН-д л саналаа өгөхгүй байгаа ч санал сарниж өгч байгаа учраас асуудлыг шийдэх хүч бүрдүүлэх шийдэл, үр дүн гаргаж чадахгүй байна. Ийм нөхцөлд нөгөө л МАНАН-даа, зохион байгуулалттай цөөнхөд санаачлагаа алдаж, ялагдсаар л байна. Тэр тусмаа МАН-д…

АН бол харин хуваагддаг талд нэг хөл нь явдаг юм. МоАХ гэдэг энэ нийгмийн анхдагчдаас болоод. Увайгүй улстөрдөд бол гай л байх л даа. Ер нь шударгаар хэлэхэд энэ нийгмийг авчирсан гавьяаг өмчлөхдөө тулбал эзэн нь АН-д биш, МоАХ юм! АСХ, Шинэ дэвшилт холбоо л байсан бол хуваалцах эрхтэй байх.

Ийм ч учраас сая анх удаа АН ба иргэний улстөрийн хөдөлгөөнүүдийн нэгдэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэг дор хоёр ялалт байгууллаа. Удирдлага талаасаа “Эрс шинэчлэл”-ээс бусад нь Х.Баттулгыг дэмжлээ шүү дээ! Наад зах нь “Амлалт нэхэх ард түмний холбоо” бол МоАХ-аас хойш байгуулагдсан хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, орон даяар сүлжээтэй хүчирхэг хөдөлгөөн юм!

Харин бусад нь Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулиар МАН-ын санхүүжилт, удирдлагаар “цагаан хуудсыг” зохион байгуулалттай бойкот болгож үзлээ. Өмнө нь ажиглагдаж байсан л даа. Орон нутгийн сонгуулийн ирц хүрэхгүй, дахидаг нь “цагаан хуудас”-ын урьдач хэлбэр байсан. Ялгаатай нь одоо зохион байгуулалттай хэлбэрт орж байна, даанч МАН л удирдсан болохоос… Гэхдээ тус болсон, болсон. Ядаж л хотод ирц 55 хувиас давж байж Х.Баттулга ялах байсан юм.

Нөгөө хоёр намын хатуу суурь бол улам бүр нимгэрч байгааг Ерөнхийлөгчийн сонгуулиар сая харлаа. МАН-ын хатуу суурь муудаад 28 орчим хувиас буудаггүй байсан юм, сонгуулийн төгсгөл гэхэд 26 хувь хүрч эвдэрсэн. Энэ бол том эвдрэл, цаашдаа ч нэмэгдэнэ.

Шалтгаан нь юу вэ?

-Шалтгаан нь ойлгомжтой шүү дээ. Эрх барьсан улс төрчдийн 27 жилийн худал яриа, хулгай луйвраа хайцаалсан үлгэрт итгэх хүн цөөрч байна л гэсэн үг. Дээр нь шударгаар хэлэхэд саяын сонгуульд үндэсний менталитет хүчтэй нөлөөлсөн. Бас Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ыг бодтойгоор хуваагч юм байна… гэх мэт. Гэтэл нам нь парламентын сонгуульд ийм хуваагч байж чадаагүй!

ХОЁР. УЛС ТӨРИЙН ШИНЭ МАНЛАЙЛАГЧ ХҮЧНИЙГ ҮНДЭСНИЙ ҮЗЭЛ Л НЭГТГЭНЭ

Та Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд дэмжсэн шалтгаанаа “Манай иргэний хөдөлгөөний хүн байсан учраас” гэж товчхон хариулах шиг боллоо. “Улс төрийн сонин” “Монголын үндэсний үзэлтнүүд нэгдэгтүн!” гэсэн уриатай хэвлэгдэж байсан. Ерөнхийлөгч Х.Баттулгыг ч бас үндэсний үзэлтэн гэж тодорхойлох хүмүүс байдаг?

-Улс төрийн шинэ манлайлагч хүчинг ямар хүчин зүйл нэгтгэх вэ? гэвэл би үндэсний үзэл л байна гэж хариулна. Хэт баруунжсан биш, бас хэт зүүнийх биш, туйлширсан ч биш ерөөсөө улс орны эрх ашгийг голлож мөрдөх тийм нам, фронт, нэгдмэл хүчин байгуулагдах юм бол үндэсний үзэлд л суурилах ёстой. Үндэсний зөн совин мэдрэмж талдаа Х.Баттулга Ерөнхийлөгч Монголын улс төрчдөөс хэнийг ч дагуулахгүй. Хэт либерал хандлага ямар үр дагавартайг бид яс махандаа тултал мэдэрч байгаа учраас ганцхан юм хэлээд байгаа юм. Үндэсний үзлээ суурь болгож, үндэсний үзлээ туг болгож, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавих ёстой юм аа гэж. Гэхдээ үүнийг ойлготол одоо багахан хугацаа хэрэгтэй юм шиг байна.

Хэрвээ энэ үндэсний үзэл санааг зөв ойлгуулж, зөв таниулж чадвал энэ гуравдагч орон зай нэгдэхдээ амар байх. Олон хүний сэтгэлийн дуудлага энэ зүг рүү байгаа нь саяын Ерөнхийлөгчийн сонгуулиар харагдлаа шүү дээ. Гэхдээ бас нэг юм байна. Үндэсний үзэл дангаараа явдаггүй юм шиг. Тэгэхээр нэг бол үндэсний либерал байх, нэг бол үндэсний зүүний хүчин байх ийм л үзэл санаа, утга санаа голчлох хэрэгтэй байх.

Жишээлбэл Хятадын коммунист гээд байгаа хэрнээ яг харахаар коммунист биш байгаа байхгүй юу. Япон либерал л гээд байдаг гэхдээ яг Америк шиг бас биш, тийм байгаа биз дээ. Амьдралын хэв маяг, үзэл санаа, зохион байгуулалт шал өөр. Тэгэхээр аливаа үзэл санаа Ази руу орж ирэхээр арай өөр болж, дорнынхон өөрийнхөө онцлогийг шингээгээд байна аа даа. Яагаад гэхээр дорно дахин чинь өөрөө эртний төрт ёсны соёл, үзэл санааны уламжлалтай учраас өөрийнхөө онцлогт тохируулж аваад байгаа шинж байна. Тэгэхээр бидэнд энэ үндэсний үзэл санааны суурь маш чухал. Тэгэхээр Гал-Арив аа, чи их зөв харсан байна. Яг л энэ үндэсний үзэл санаа, үндэсний чиг баримжаа С.Ганбаатараас илүү Х.Баттулга ерөнхийлөгчийг дэмжих гол шалтгаан болсон.

Шинээр буй болох улс төрийн хүчний үзэл санааны цөм нь үндэсний үзэл байна гэж та ярилаа. Гэхдээ давын өмнө ер нь Монголчууд бидний үндэсний үзэл санааны талаарх ойлголт маань хэр цэгцтэй болсон бэ? гэдэг асуулт байгаа. Шулуухан хэлэхэд үндэсний үзэл гэхээр шовинизм ярьдаг ч юм уу? Хятадаас айх үзлийг дэвэргэдэг хандлага байсаар л байна?

– Үндэсний үзэл гэдэг бол айхаасаа илүү айхгүй байх үзэл юм л даа, уг нь бол. Тэгэхээр юуны өмнө үндэсний үзэл санаа, өөрийн үндэсний онцлог, монгол хүн хэн бэ? гэдгийг мэдэрсэн байх ёстой. Ингэж байж энэ ард түмнийг яаж удирдах ёстой вэ гэдгээ олдог. Солонгосын “шинэ тосгон” гэдэг хөдөлгөөн байна. Энэ юу байсан бэ гэхээр ердөө Солонгос хүн гэж юу юм, яаж амьдрах ёстой юм гэдэг л үзэлд суурилсан байсан. Японыг орчин үежүүлсэн мөртлөө “Япончууд гэж хэн юм?” гэдгийг авч үлдсэндээ л асуудлын гол нь байгаа юм. Хятадууд коммунизмыг авсан. Яаж ч тулгаад яг коммунизмыг аваагүй л байхгүй юу. Маогийн “Тариачнаар хотыг бүслэх номлол” нь өөрөө пролетарийн хувьсгалаас тэс өөр тариачны хувьсгалын тухай яриа, Засгийн эрхийг хүчээр булааж авахаас өөрөөр марксизмтэй төстэй юм цөөн. Өөрөөр томъёолбол ямар үзэл санаа, ямар өнгөөр өөрийгөө будах вэ? гэдэгтээ асуудал бишээ, гол нь тэр тухайн үндэсний төр улс цаашдаа хүчирхэг, бат тогтвортой байхад хэрэгтэй эсэх, 2-т үндэсний үзэл гэхээр хэтэрхий хийсвэр юм хараад байдаг юм. Ердөө л дандаа үндэстний эрх ашгаар засаглах ёстой. Эрх ашгийн эрэмбийн л асуудал. Төр бол төр. Тэгээд нийгэм нь коммунист байх уу, либерал байх уу, консерватив байх уу гэдэг чинь дараа нь гарч ирэх байхгүй юу. Аливаа үзэл санаа “-изм” бол арга хэрэгсэл болохоос зорилго биш. Тэгэхээр ямарваа үзлийг авахдаа өөрийнхөө үндэстнээр суурь болгож биш , өөрийнхөө үндэстэн дээр нааж, нутагшуулж авах гэдэг асуудал бий. Манай 2000 жилийн төрт ёсны уламжлал 200 жилийн настай ардчиллыг тогтооход л чиглэж байсан уу? Үгүй л байхгүй юу…

1992 онд батлагдсан Үндсэн Хуулинд үндэсний үзлийн томьёолол байгаа болов уу?

-Багахан шүү дээ. Юу агуулагдаж байгаа нь мэдэгдэхгүй бүрхэг. Аргагүй л дээ, энэ чинь шилжилтийн үеийн үндсэн хууль. Ер нь бол үүргээ гүйцэтгэсэн. Үндэсний ач холбогдол гэвэл Монгол төр улс байгаагийн баталгаа юм. Бүхлээр нь муулаад байх ч хууль биш. Батлагдсан нь л Монгол оронд маш том дэвшил авчирсан. Наад зах нь хүний эрхийг хангах тал дээр. Урьд өмнөх Үндсэн хуулиудад байгаагүй шахам, байсан ч хэрэгждэггүй байсан зүйл.

Монголчууд 30 жилийн юуг хүсэж байсан, тэрийгээ л хийсэн, түүндээ хүрсэн шүү дээ. Өндөр байшинтай, бүгдээрээ машинтай болохыг л хүссэн. Одоо бүгдээрээ л тийм боллоо. Тэгээд одоо цааш нь яах юм гэхээр хариулт байхгүй. Үндсэн хуулиас хайхаар “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм” бүтээнэ гэх, яг юуг хийх гээд байгаа юм. Мэдэхгүй байгаа биз дээ, эрхбиш онол чойртой байх гээд шүүж үзтэл “Одон медөлийн дүрэмд” хөдөлмөрийн баатар цолны болзолд энэ үг байна билээ.

Тэгтэл хуучин Үндсэн Хуулиудаа хар. Ер нь бол манайх өнгөрсөн зуунд 20 орчим жилд Үндсэн хуулиндаа засвар хийгээд байсан байдаг юм. Нийгмийн дэвшилтэй ч холбоотой байх. Эхлээд 1924 онд ерөнхийдөө бид нар феодалийн улс юм байна, тэгэхээр социализм байгуулахад бэлтгэгдээгүй байна, улс орноо тэр зүгт хандуулна гэсэн. 1940 оноос Хөдөө аж ахуйг голлож, аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэсэн санааг Үндсэн хуулиндаа шингээсэн. Тэр Үндсэн Хуулиар явсаар 1959 онд хоршоолох хөдөлгөөн ялсны дараа зорилт нь аж үйлдвэр-хөдөө аж ахуйн орон болохоор томъёологдсон. Аж үйлдвэрийн орон болох юм бол пролетари анги үүснэ. Ажилчин анги хувийн аж ахуйтнаас илүү ухамсартай. Ухамсартай ажилчин ангийн тэр суурин дээр коммунизм байгуулна… гэх мэтээр ямартай ч онолын үндэстэй байсан. Цаана нь Монгол гэдэг улс орон энэ арга хэрэгслээр хөгжинө гэсэн үзэл санаа байсан.

1990 онд анх гарч ирсэн хувьсгалчдад “либерализм” гэх мэт үзэл санааны уриа байгаагүй, тэгж яривал Лениний төрсөн өдрийг хүндэтгэн дурсаж байсан! Хувьсгалыг ШУКО-ын багш зохицуулж байсан. Социализмаа сайжруулах, зогсонги байдлаас гарах, Эрдэнэтээс яаж ашгаа авах юм, Мардайгаас яаж ашгаа авах юм, гадаад худалдаагаа яаж ашигтай болгох юм гэсэн үндэсний эрх ашгийг хангах зорилго л тавьж байсан. Тэр бүх үзэл санаа, бодол одоо болтол хэвээрээ л байгаа.
Өнөөдөр бид аливаа асуудалд ганцхан л юм асуугаад байгаа шүү дээ! Монголын эрх ашиг хаана байна вэ? гэж асууж байгаагаас бус уул уурхай гадаадын хөрөнгө оруулагч нарыг үзэн ядаад байгаа зүйл алга. Энэ чинь л манай үндэсний үзэл байхгүй юу!

Ер нь энэ маш том асуудал, бүрэн томьёолоход хугацаа, судалгаа, чиг баримжаа, үнэт зүйлсийг олж тогтоох боловсруулах шаардлагатай тулгарсан, хийе гэж ярилцсан. Лав л Ганаа ахын үндэсний үзлийн талаар орчуулсан судалсан нь бүтэн боть. Мэдээж аливаа үндэстэн үндэсний үзлээ гаднаас хайхгүй учраас бидний Монголын түүх уламжлалаас хайсан эрсэн, түүнийг нь орчин үеийн болгох гэсэн оролдлогуудаа таслаагүй. Ядаж л орчин үед марксист формацийн онолоос өөрөөр ертөнцийг үздэг болж байж, интернационализм ба глобализмаас өөрөөр сэтгэж байж төсөөлөх болдог юм байна.

Гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэгч гэдэг нэр хочийг авдаг хүмүүсийн нэг нь Та. Популист, Оросын талыг баримтлагч гэж бас “цоллодог”…

– Арав гаран жилийн тухайн үеийн системийн удирдагч Н.Энхбаяртай бид ид үзэлцэж байхад энэ олон ухаантай жиргээчид, мундаг баатрууд байсангүй л дээ. Бүгд л дуугаа хураачихаад, дүрвэн зугтсан, үлдсэн нь эрх баригчдын “бөгсийг нь долоож” байсан. Тэгэхэд миний бичсэнийг уншсан дээд үеийнхэн “гайхамшигтай либерал хүүхэд байна” гэдэг байсан шүү. Эдийн засгийн хувьд төсвийг аль болох бага байлгах, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, тариф, татварын хөшүүргийг үр дүнтэй ашиглах, эдийн засгийн урамшуулал өгөх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр чөлөөтэй ажиллах ёстой гэж би ихэвчлэн бичдэг байлаа. Одоо ч нэг их ухраад байсан юм алга.

Гэхдээ хэд хэдэн гэрээний дараа буюу яг тодорхой хэлцлүүд хийгдээд эхлэнгүүт асуулт гарч ирсэн. Яагаад манайд ашиггүй хийгээд байгаа юм? Эрдэнэтийн гэрээг ашиггүй байна гэж байгаад энэ ардчилсан хувьсгал ялсан шүү дээ. Тэгж ялчихаад, яагаад Оюутолгойг ашиггүй хийж байгаа юм гэдэг чинь асуулт мөн биз? Тэгээд ч либерал дэлхий ертөнцийг ариун гэгээн , бүх юм нь сайхан, хүн чадлаараа бий болгодог гэсэн нь үгүй юм байна гэдэг нь харагдлаа. Чи асуултандаа миний нэг цолыг мартсан байна. “Хуйвалдааны онолыг нэвтрүүлэгч” гэж. Миний хариулт юу вэ? гэхээр ганцхан дэлхийд тогтсон шинэ дэг журмаа хар аа, энэ дэлхийн атаманууд нь юу гэж хэлдэг юм, бид хэн юм гэдгээ бодитойгоор харцгаая гэдэг. Дурын улстөрийн сурах бичиг үзэхээс эхлээд өнөө л системээ эсэргүүцэгчдийг хүртэл үзэх л болдог, түгээдэг. Тэгэхээр олонхи нь хэрэв тийм дэг журам байгаа юм бол бид нар атамандаа зодуулаад л явж байя. Чимээгүй явж байсан нь өлзийтэй юм биш үү гэдэг. Бас давхар эрх ашиг нь ч байдаг бололтой юм билээ.

Гэвч энэ чинь мөнхийн дэг журам биш, бид эрх ашгаа хамгаалж болно. Энэ систем төгс бус гэдгийг л ойлгуулах гээд байгаа ухаантай. Орчуулагч Болор их шаргуу ажилласан, ганцхан хүн нийгэмд ингэтэл нөлөөлж байна. Би яахав эдний хэлдэгээр дандаа болохгүй бүтэхгүй “юмнуудтай” найзалдаг хойно, танилцаад л. Коммунист хаалттай маягаар сэтгэдэг хүмүүст чинь ялсан либерализм бол мундаг юм гээд ойлгуулчихаар нөгөө хамгаалах сэтгэхүй нь, үндэсний мэдрэмж нь коммунистуудтайгаа адилхан болчихдог юм байна. Арай л ах дүү Америкийн ард түмний өгөөмөр тусламжаар ардчиллыг хөгжүүлж… энэ тэр гэж дуулахгүй байх шиг, ялгаа нь энэ. Бид нэг алхаад үзлээ, тэгээд ахиад мөнхий асуулт гарч ирж байна л даа. Манай эрх ашиг хаана байна вэ?, манай ашиг юу байна вэ?, худалдаа наймаа хийвэл бидэнд юу оногдох юм? 1920-1990 он хүртэл тавьдаг л байсан асуулт, үүнийхээ төлөө нийгэмдээ адлагдаж, сэхээтний төөрөгдөлд орсон, эсэргүү, намын эсрэг бүлэглэсэн ял сонсож байсан. Хэдэн арван мянгаараа. Бид ч тэндий асуудлтыг л давтаж асуугаад байгаа юм. Надад элдэв нэр хоч, цол өгсөн хүмүүсийн олонхийг нь танина. Ажлаа л хийж байгааг нь ч мэднэ. Тэд хөлсөөр компаниудад үйлчилж байгаа. Олонхид улс төрийн шалтгаан бол байхгүй, үзэл санаагүй хүмүүст ямар юмны улстөрийн шалтгаан байх билээ. Мөнгөтэй хүний захиалсан хөгжмийг тоглож байгаагаа ч нуудаггүй.

Гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцлээ гэдэг. Байгалиа сүйтгүүлээд, 43,8 тонн алтаа алдчихаад, нэмж 2,8 тэрбум төгрөгийн өрөнд ороод гарч байна гэдэг бол энэ сайхан хөрөнгө оруулалт мөн үү? гэсэн ганцхан асуулт асуудаг. Зөв шударгаар хамтран ажиллах компанийг бол дэмжиж болно шүү дээ, гэхдээ тийм компани гэж хаа байх вэ? Тэгэхээр үнэн хэлдэг л дээ, тэд нар ч гэсэн ашгийн төлөө явж байгаа байхгүй юу гэж. Тийм ээ, тэгвэл зөвхөн тэдний ашгийг л хүндэтгээд байдаг нь ямар учиртай юм бэ? Бид нар ашгийн төлөө яваагүй юм уу? Манай ашиг яасан юм? Хэрэв бид эрх ашгаа, санхүүгийн ашгаа хамгаалахгүй бол тэд тоночихоод л явчихна. Ерөнхий сайдыг нь зодоод, Ерөнхийлөгчийг нь хахуульдаад шоронгоос зугтаж чадсан биз дээ?

Үндэсний үзэлтэй, эрх ашгаа зөв тооцдог, хатуу хамгаалдаг байсан бол бид 10 дахин бага үнийн дүнтэй гэрээнээс ч одоогоос 10 дахин илүү ашиг олж болох л байсан. Энийг л ойлго гэж байгаа юм. Түүнээс гадаадуудыг хөөж туух гээд байгаа ч юм алга. Гэхдээ шулуулахгүй…

ГУРАВ. ХУВЬСГАЛ ӨРНӨСӨН Ч 7 САРЫН 1-НД ЦУС УРСГАН ДАРСАН

10 гаруй жилийн өмнө “Улс Төрийн Сонин” дээр дахин хувьсгал, улс төрийн хүчнүүд дахин хувиарлалтын босгон дээр гэх мэт агуулгатай өгүүллүүд гардаг байсан л даа. Яг бодитойгоор харахад дахин хувьсгал ч болоогүй байна, улс төрийн хүчнүүд ч дахин хувиарлалтанд ороогүй байх шиг?

-Үгүй дээ, их өөр Монгол улс болсон шүү. Хувьсгал шинжтэй үйл явц болсон. Шулуухан хэлэхэд цус урсган дарсан. 7 сарын 1-ний цуст хэрэг явдлыг “Өө тэгсэн гэнэ лээ, 5 хүн буудчихсан гэнэ ээ” гэж хөнгөхөн дүгнэж болохгүй. Ард түмний хувьсгалт хөдөлгөөнийг цус урсган дарсан. Ил мэдэгдэж байгаа нь таван хүн байгаа болохоос биш цаана нь хэдэн ч хүн амь үрэгдсэн байгаа юм билээ? Юу болоод байгааг нарийн мэддэг хүн одоо тийм олон байгаа юм уу, Монголд?Хэн хариуцлага хүлээсэн юм. Жишээлбэл манайд өөрчлөлт гарвал, түүхэнд 50 жилийн дараа Монголд гарсан хөдөлгөөнийг цус урсган дарсан, харгис дэглэмээ хадгалж үлдсэн гэж бичиж магадгүй. Өнөөдөр бид эрх баригчдын үзэл сурталд баригдчихсан яваа шүү дээ. Үүнийгээ мэдрэхгүй байгаа байхгүй юу. Хувьсгал болсон уу болсон, түгээмэл үйл явц учраас ахин давтагдах үечлэлтэй. 2-т хүчний хувиарлалт явагдсан. Хүчний дахин хувиарлалт гэдэг дээр тэр үед шударга, шударга бусаар хуваагдах тухай асуудал яригдаж байсан. Өнөөдөр нийгэмд хүчний хуваарилалтууд гарсан. МАН, АН 2-ын дунд шударга, шударга бус хүчний хувиарлалтын асуудал явж байсан бол одоо МАНАН ба бусад гэсэн хүчний хувиарлалт явагдаж байна. Тэр үед гэнэн байсан биз, нүүрээ нуусан олон шааруудыг таниагүй… Гэвч үйл явц үргэлжилж байна, нэг хором ч зогсоогүй. Энэ бол хоёр, гуравхан жилийн дотор явагдчих юм ч биш байх. Лав бидний эхэлсэн цаг бол 18 жилийн өмнө. Томъёоллын хувьд их олон хүмүүс шударгаар наад талдаа гарч ирэх болов уу? гэж найдаж байлаа. Тийм юм болсон, өөрийн тэжээсэн ноходдоо зуулгаад, эрх баригч бүлэглэлийн хэддээ алуулаад дэвслүүлээд эхлэхээрээ иргэний хөдөлгөөн рүү амь тэмцэн зулбадаг тийм үзэгдэл гарсан. Жишээлбэл Н.Энхбаяр дарга байна. Шударгаар хэлэхэд тэр хүн яг өөрсдийнхөндөө бариулж идүүлж байхдаа иргэний хөдөлгөөн рүү орж ирсэн. Тэгээд аврагдаж үлдэж байна, манайхан ч өөрсдийг нь өөрсдөөр нь нухуулах гээд санаачлагаа алдчихсан тал бий л дээ. Гэхдээ Н.Энхбаяр гэдэг хүн нөгөө талын системийг үүсгэгч хүн болохоос иргэний хөдөлгөөний хүн биш юм аа гэдэг нь өнгөрсөн дөрвөн жилийн парламент дахь үйл ажиллагаанаас харагдсан байх. Хэтэрхий өсөрхөж, жижиг амжилтандаа ташуурснаас буцаад гудамжинд гарсан, хөдөлгөөнүүдийн тавьж байсан шаардлагыг хувийн эрх ашгаараа наймаалцах гэж оролдоод баларчихлаа, Элбэгээтэй тохирсон л юм байгаа биз, гэвч түүний дэргэд өнөөх хуучин хөдөлгөөнийхөн алга! Гэх мэтчилэн хүчний хувиарлалт явагдсан. Харин одоо энэ хүчний хувиарлалт боломжтой аядуу төвшинд шинэчлэл хийх байсан тэр цаг хугацааг л алдчихаж байх шиг байна гэж би харж байна. Гэхдээ болоогүй, үргэлжилнэ, одоо үүнийг хэн ч зогсоож хүчрэхгүй, улам хүчирхэгжинэ.

Н.Энхбаяр нөгөө талын улс төрч болохоос биш, шинэчлэгч хүчний хүн биш гэдэг нь өнгөрсөн 4 жилд батлагдсан гэлээ. Яг ямар үйлдлийг нь тэгж дүгнэж байна?

-Засгийн газарт орлоо. Хамтрах эвсэх тухай асуудал л дандаа яригдлаа. 2-т 2012-2016 онд ерөөсөө Н.Энхбаяр гэдэг хүнийг л шоронгоос аврах тухай асуудал яригдсаар байгаад МАХН болон иргэний нийгмийн нилээн олон байгууллагуудын тамирыг бараад дуусгасан. Уг нь тэр үед улс төрийн эрс шинэчлэл рүү шахах байсан юм. Илүү хурц шаардлагууд тавих байсан. Оюутолгойн гэрээг хянах тухай асуудлыг ярих байсан. Тухайн үед Сангийн яамыг гартаа авчихсан хүн байсан шүү дээ. Энэ гэрээг зогсоох, хянах , ахиж сайжруулах асуудал хөндөгдөөгүй. Үүний алдаа нь Дубайн гэрээ болж гарсан. Шадар сайд, Сангийн сайдын албан тушаал энэ хүний намд байсан шүү дээ. Юуг бол юуг л өөрчилж болох байсан.

Хэрэв ийм шаардлагыг хүлээж авахгүй бол “Шударга ёс” эвсэл АН-тай ч эвсэхгүй, МАН-тай хамтарч, УИХ дахь олонхийг бүрдүүлж, Засгийн Газрыг байгуулна гэхэд л АН шууд буулт хийх тийм их хүч, УИХ-д 11 хүнтэй бүлгийг ард түмний сонголт Н.Энхбаяр, М.Энхсайхан нарт гаргаж өгсөн байсан. Харамсалтай нь энэ хүчийг Н.Энхбаяр зөвхөн өөрийгөө шоронгоос суллах хэрэгсэл болгосондоо асуудал бий. М.Энхсайхан ч түүнийг аялдан дагаж, мега төсөл гэсхийгээд тэр эрх ашигтаа эвслээ зохицуулах гэж оролдсон. Яагаад гэвэл системийн хүн чинь системдээ л уусдаг юм байна. Үнэхээр хувьсгалч байсан бол жинхэнэ хувьсгал хийчих маш их гаргалгаа, бололцоо байсан. Тэр түүхэн бололцоог алдсан. Хүнийхээ хувьд бол боловсролтой , сүүлийн 30 жилийн түүхэнд Н.Энхбаяр шиг ийм хүчирхэг сайн улс төрч гарч ирээгүй гэдгийг бол хэлнэ. Тийм л хүн. Гэхдээ энэ хүн “манай хүн” биш юм байна. Тэр бол шинэчлэгч биш, хуучин системийн хүн. Тэр систем дотроо хамгийн чадварлаг улс төрч мөн, гэхдээ системээсээ гарах юм бол уснаас гарсан загас шиг болдог учраас мөнөөх намагтаа буцаж орж дутуугаа гүйцээхийн тулд иргэний хөдөлгөөн, эвслийг ашиглаад дуусгасан.

Н.Энхбаяр гэж хүнийг дурьдсан болохоор “Шударга ёс” эвслийн талаар ярих ёстой болов уу? Монголын улс төрийн түүхэнд анх удаа гуравдагч хүчин УИХ-д бүлэг байгуулах хэмжээний амжилт гаргасан шүү дээ…

-Үхрийн бөөр шиг л хүчин байсан. УИХ-ын 2012 оны сонгуулиар МАН, АН-д итгээгүй ард түмний сэтгэл зүйн савалгаан дээр хангалттай амжилт гаргасан. Гэвч захиалгаа биелүүлээгүй дээ. Тийм ч учраас нурж унасных нь дараа ард түмэн үгүйлээгүй. М.Энхсайхан, Н.Энхбаяр гээд хуучин тэргүүнүүд нь ч тойргийн гадна үлдсэн. Учир нь энэ хүмүүс ерөөсөө энэ системийг шинэчлэе, өөрчлөе гэж ажиллаагүй. Яг л бэртэгчин байдлаар, цэвэр өөрсдийнхөө хувийн эрх ашгийн хойноос явсан учраас болох ёстой юм болдгоороо л болсон. “Шударга ёс” эвслийн 2012 онд үзүүлсэн амжилт ямар нэг оймс, хэн нэг мундаг хүний менежерийн чадварын сайн мууд биш ерөөсөө ард түмний хүслээс л үүдэлтэй байсан. Харин би сүүлийн үед энэ эвсэл УИХ-д 11 суудалтай болж, гарч ирээд ийм том алдаа хийчихэж байгаа нь ард түмний хүсэл дээр ус асгахад нэмэр болчихов уу даа? гэж бодох болсон.Цөөхөн хүмүүс л яс үзсээр байгаад адилхан золио боллоо доо. Уг нь яг Г.Уянгаагийн хэлснээр томоохон уул уурхайн төслүүдийн гэрээг хянаад, жинхэнэ шударга ёсны төлөө явах бүрэн боломж байсан.Харамсалтай нь жинхэнэ бэртэгчин байдлаар ажилласаар байгаад дөрвөн жилийг барчихсан.

ДӨРӨВ. Ц.ЭЛБЭГДОРЖ БИД НАРЫН ЗАМ САЛААЛСАН, ГЭХДЭЭ ХАРААХАН САЛЧИХААГҮЙ…

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшиж байх үед нь дэмжиж байсныг тухайн үед бичиж байсан өгүүллүүдээс тань харж байсан. Одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өөрийнх нь хэлснээр “Зүгээр зураг нь өлгөгдөж үлдэх Ерөнхий Сайд” биш байх бололцоо байна уу?

-Харья. 1-т баггүй хүн, 2-т томилгооноос нь дүгнэхэд шийдвэр гаргахдаа дотоод фракцуудаасаа их хамааралтай юм байна. Хамгийн их намаа гэж ярьдаг л хүн шүү дээ! Гэхдээ Ж.Эрдэнэбатаас хол дээр. Ядаж л… за энийг орхиё!

Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг болгохгүй гэж нэлээн үзсэн. Үнэхээр болохгүй л байсан нь батлагдсан шүү дээ. Хотгор шанагын уурхайн тухай ганцхан бид биш Өмнөд Солонгосын хэвлэл хүртэл бичиж байна. Миний дүгнэлт гэвэл энэ тогтолцоо ажиллахгүй гацсан юм байна. Хэн ч гарч ирээд ажиллахгүй юм байна. Нөгөөтэйгүүр манай эдийн засаг чинь их өвөрмөц. Муу эдийн засаг, муу Ерөнхий Сайд байлаа гэхэд зэсийн үнэ өсчихөөр “босоод” ирдэг. Ямар ч сайхан эдийн засагч Ерөнхий Сайд байлаа гээд зэсийн үнэ уначихвал унаад л өгдөг. Ийм л зэс, нүүрсний түүхий эдээс гүнзгий хамааралтай л улс болчихлоо.

Одоо “Оюутолгой”-н үйл ажиллагаа явж байгаа байдлаас харвал зэсийн зах зээл дээр “Рио Тионто” томоохон тоглогч болоод, Монгол улс харин өөрөө хөрөнгө оруулсан, өөрийнхөө ордоос цохигдож унах ийм түвшин рүү орсон байна. У.Хүрэлсүхээс бол тийм ч их юм хүлээхгүй байгаа, үнэнийг хэлэхэд. Тогтолцоо нь ийм байгаа юм чинь. Гэхдээ яахав дээ, сайхан шар погонтой, Монгол Ерөнхий Сайдтай л боллоо. (инээв.сур)

Нэг зүйлийг үнэхээр хийж чадах байх гэж бодож байна. Өмнөх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чинь энэ Сэлэнгийн Гацууртын ордтой их гүнзгий холбоотой тухай асуудал яригддаг юм. У.Хүрэлсүх харин энэ төсөл ашиггүй гээд “Центерра гоулд”-ыг гаргачихвал болж л байна. Өөр эдийн засгийн шинэтгэл энэ тэр яаж хийх юм бэ? Энэ УИХ-ын 65 гишүүнийх нь байж байгаа царайг хар. Энэ нөхцөлд шинэтгэл хийе ч гэсэн парламент нь хийлгэхгүй, фракцууд нь хийлгэхгүй. Дэвхцээд л дуусна. Улаанбаатар хотын утааны асуудал гэхэд л шийдэл бол ойлгомжтой. Орон сууц. Өөр ямар ч гарц байхгүй. Гэтэл Засгийн Газар гэр дулаалах тухай, сургуулиудад агаар шүүгч авч өгөх тухай, одоо бүр MCS-ийн үлдэгдэл зуухыг шахах тухай ярьж явна. Энэ шинэтгэл ч биш , шийдэл ч биш. М.Энхболдын сонгуулийн өр, өмнөх гадаад өрийг л яаж ийгээд далдруулахаас хэтрэхгүй биз…

Та АН-ын гишүүн хэвээрээ юу?

-Би Ардчилсан намын гишүүн байгаагүй шүү дээ.

АН-ын гишүүн бус хүн АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан хэрэг үү?

-Ардчилсан Намын Нарийн Бичгийн дарга байсан. Тэр чинь их гоё. АН-ын мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах саналыг Ц.Элбэгдорж дарга тавьсан юм. Хоёр хэлтэстэй, тэр хэлтсийн дарга нар нь нарийн бичгийн дарга байх дүрэмтэй байсан. Надтай Л.Гансүх “25 дугаар суваг телевиз” дээр ирж уулзаад л. Тэгээд очлоо, сарын дараа дарга дуудахаар нь ортол гишүүний үнэмлэх өглөө. Авахгүй гэвэл “Чи юу яриад байгаа юм. Энэ ажлыг чинь хийх хүсэлтэй, гавьяатай АН-ын 160 мянган гишүүн бэлэн байна” гэсээр атгуулчихсан. Түүнийгээ пиджакныхаа халаасанд хийгээд мартчихаж, гэтэл Уянгаа хувцас индүүдэж байгаад гаргаад ирсэн. Аанхаан… гээд л. Тэгэхдээ намын гишүүн хүн дүрмээрээ ямар байх ёстой вэ гэвэл намын анхан шатны үүрт бүртгүүлсэн байх ёстой. Намын үүрийн хуралд оролцох ёстой, татвар төлөх ёстой! Иргэний харьяаллаараа Баянголын АН-д бүртгүүлэх ёстой. Эрх биш АН-ын нарийн бичгийн дарга дүүргийн намын хороо хавьцаа хурал энэ тэр гээд сүгсэлзэж явах учиртай байлгүй дээ. Тэр нь албан тушаал биш л дээ, ажил хариуцах ёстой байх. Тийм юм байгаагүй. Татвар ч төлж байсан юм байхгүй.

Гэхдээ ажлыг бол гайгүй сайн хийсэн шүү. “Хадгаламж” банкнаас луйвардсан 14 тэрбум төгрөгтэй холбоотой асуудлыг хөндөж эхлэх үед С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын хатгаасаар ажлаа өгсөн. Тэр үед манай “Улс төрийн сонин” нийгмийн өөрчлөлтийн дуу хоолой болж байлаа. Сонин дээр “УИХ-д дахин сонгож болохгүй хүмүүс” гэсэн булан гардаг байв. Гэтэл Ардчилсан Намын ҮЗХ-ы ээлжит хурлын үеэр Л.Эрхэмбаяр, сая генсек байсан, тэр манай сонинг барьж гарч ирээд: “Энэ манай намын нарийн бичгийн даргын гэр бүлийн хувийн сонин. Энэ сонин дээр манай намын С.Баярцогт, Ч.Сайханбилэг зэрэг хүмүүсийг сонгож болохгүй гэж бичжээ. Энэ ямар учиртай юм бэ?” гэж асуусан юм. Тэгэхээр нь би тайзан дээр гараад: “Нэгд энэ сонин бол иргэний хөдөлгөөнүүдийн төв хэвлэл. Хөдөлгөөнүүд хуралдаад ийм тогтоол гаргасан нь энэ гэж харуулсан. Энэ сонинд юу бичихийг би заахгүй. Би Энхбаяр биш, хэвлэл цензурддэггүй, ардчилалд харш гээд энэ сонин дээр гарч байгаа бол С.Баярцогт, Ч.Сайханбилэг та нар өөрсдийгөө муу байна гэж бод!” гэж адарсан юм. Гэтэл С.Баярцогт чи нэг бол сониноо сонго, нэг бол намаа сонго гэсэн. Тэгэхээр нь би сониноо сонгоно оо гээд индэр дээрээс нь буугаад шууд гараад явчихсан юм. Дараа нь Ц.Элбэгдорж дарга хэлж л байсан. “Чи тэсч байсан бол УИХ-ын гишүүн болчих л байсан” гэж. Би гишүүн болох гэж ажиллаагүй шүү, жоохон нийгмийн шинэтгэл ярих юмсан, өөрчлөлт хийчих юмсан гэсэн чадсангүй дээ…” л гэсэн. Тэгээд Ц.Элбэгдорж бид нарын зам салаалсан, гэхдээ хараахан салчихаагүй…

Монголын нэр хүндтэй эмэгтэй улс төрчдийн нэг бол Г.Уянга. Улс төрч эхнэртэй байх нь ямар байдаг бол?

-Ямар байхав, эхнэртэй хүн шиг л байна. (инээв.сур) Манайх жинхэнэ тэгш эрхтэй гэр бүл. Тэгээд боломжтой ажил хийж байвал дэмжээд өгөх юмсан, туслаад өгөх юмсан л гэж боддог. Хайрлаж дурлаад, хайрлана гээд ханилсан хань минь юм, хайрласаар байгаад л дуусна даа. Манай Дашрэнцэн ах халамцуудаа нэг удаа “Чи миний шар охинд гай болж ханахгүй байна уу?” гэж агсам тавьсан. Маргааш нь утасдаад өчигдөр бид хоёр жаахан ширүүн ярилцав уу, яав?” гэсэн “Ямар ус уусан биш, тэгэхгүй яадаг юм” гэсэн. Их монгол ухаантай юмыг их айхтар хэлдэг хүн байсан юм. Тэгээд заримдаа боддог л юм, тус болохоосоо заримдаа услаад байх шиг. Гээд болохгүй юм өө, бичихээ биччихдэг л хүн, хорьсон ч бичнэ, хориогүй ч бичнэ. Миний энэ янз бүрийн өгүүллэгүүд чинь мань хүнд очиж тусна. Надад уурласан уураа Уянгад гаргах гэж оролддог хөгийн амьтад, эхнэрээр маань барьцаалах гэдэг их байна шүү дээ. Ер нь бол улс төрийн хувьд би Г.Уянгаад гай болдог талдаа… гэвч манай хүн тоодоггүй, хийнэ гэснээ шудраад л гардаг юм.

Төгрөгийн ханш унаж байна, тэтгэвэр нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байна. Гэтэл цалин, тэтгэвэр нэмэгдээгүй. Ирэх хавраас иргэдийн томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн болж магадгүй гэж улстөрийн хүрээнд яригдах боллоо. Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын удирдлагууд УИХ-ыг тараах чиглэлээр ажиллана гэдгээ албан ёсоор зарлачихлаа. Үйл явдлын өрнөлийг хэрхэн таамаглаж байна?

-Би яг наадхийг чинь уулзсан хүмүүсээсээ асуугаад л байгаа. Нийгмийн сүлжээ, мэдээллийн орчноос авсан мэдээлэлдээ баригдаад, вакумд ороод байгаа юм биш байгаа? гэж эргэлзээд… Энэ 3-4 сард нэг юм болчих юм биш байгаа, нийгмийн уур амьсгал нилээн ширүүн байна шүү гэж! Хүмүүс тийм л гэж хариулах юм. Хоёрт яг гай нь таарсан юм шиг эрх баригч МАН-ынхан “Үндсэн хууль”-ийг өөрчлөх гэж оролдоод уналаа.

XX зуунаар жишээ авбал 1917 оны 2-р сард Хаант засгийг түлхэн унагасан хувьсгал хийгээд Түр Засгийн Газраа байгуулсан байдаг. За ингээд Хаант засгаа үгүй хийчихлээ гээд дээрдсэн юмгүй байж байгаад 10-р сард гүйцээлт нь болж, В.Ленин хувьсгал хийдэг юм байгаа биз дээ. Яг тийм юм л болох гээд байна уу? гэж би харж байна. Саяхны Киргизэд яалаа? Ингэж үймж байснаа нэг л өглөө парламентын ордноо алдчихаад Акаев нисдэг тэргээр зугтсан. М.Саакашвили бас Э.Шевардназег тангараг өргөх ёслол дээр гэнэт аваад нэгэнт “Үндсэн хууль”-ийн бус аргаар төрийн эрхийг авсан учраас “Библи” дээр гараа тавьж байгаад тангараг өргөсөн шүү дээ!

Энэ тогтолцооны суурь, нийтээр хэлэлцэж тогтсон дүрэм, дундын гэрээ бол “Үндсэн хууль”. Хэрвээ энэ дүрмийг өөрчлөх хэрэгтэй гэж үзэх юм бол тийм том хүч нийгэмд байгаа, гэхдээ одоо энэ МАН-ын яриад байгаа хэмжээнд биш илүү гүн гүнзгий өөрчлөлт хэрэгтэй гэж үзэгсэд шүү! Үнэндээ өнөөгийн МАН-ынхны яриад байгаа энэ өөрчлөлт бол надад “ялзарсан тогтолцооны эздийн ядарсан хуйвалдаан” гэж харагдаж байна. Төсвөө ч олигтой баталж чадахгүй байж юун Үндсэн хуульсаг юм. Хэрэв энэ Их хурал “Үндсэн хууль” өөрчилбөл цаашид дурын их хурал Үндсэн хуулинд гар дүрдэг жишиг тогтоно. Нэг ч Их хуралд ийм онцгой эрх олгоогүй! Өмнөх дордуулсан өөрчлөлтдөө боомилогдоод баларч байгаа улс. Тэгэхэд чухамхүү Ерөнхий сайд Н.Энхбаярын үед хэт олонхидоо эрдэж Үндсэн хуульд гар дүрсэн учраас манай “Улстөрийн сонин” түүнийг дарангуйлагч гэж нэрлэж байсан юм. Зүгээр л муухай цол бодож олоод наачихсан ч хэрэг биш.

Нарийндаа бол бид шинэчлэлийн зорилтуудаа томъёолохдоо хамгийн аядуу замын хувьсгал бол Үндсэн хуулийг өөрчлөлт гэж анх зарласан хүмүүс! Яаж ийгээд өөрчлөхийг дэмжие гэвэл дэмжих ёстой биз, гэвч үгүй юм аа!

Тэгэхээр хэрвээ МАН-ынхан Үндсэн хуулийн өөрчлөлтийг эхлүүлэх л юм бол гүйцээлт нь болно. Гэхдээ гүйцээлт нь яаж өрнөхийг мэдэхгүй. Учир нь “хаосын удирлага” гардан хэрэгжүүлж чадах хүн одоогоор Монголын улс төрд алга. Тодорхой удирдлагатай байсан Арабын орнуудад “Арабын хавар” цуврал хувьсгал гаргахад ямар нөхцөлд хүрч байна. Гэтэл удирдлагагүй хүмүүсийн өөрчлөлтийн төлөөх тэмцэл, зохион байгуулалтгүй алхам юунд хүргэх вэ? гэдгийг хэн харж байгаа юм, хэн тооцож байгаа юм? Ийм хувьсгал болох гэж байна, “Хурай, Ура…” гээд улс төрийн хонжоо хайж ярих шаардлага байна уу, үгүй юу? Улсын Их Хурал ч гэсэн Үндсэн хуулийг өөрчлөлтөөс хонжоо хайж байгаа нь өөрсдийгөө л сүйдэлж буй хэрэг.

Ерөнхийлөгчийн тухайд бол нэг өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь ээ гэдгийг л хэлээд байгаа болов уу гэж үзэж байна. Ерөнхийлөгч УИХ-ыг шууд тараах боломж хомс. Гэхдээ санал асуулга явуулах эрх нь бий. Хоёрт энэ Ерөнхийлөгчийг АН-ынхан төдийгүй өнөө шинэчтгэлийг хүссэн олонх дэмжиж гаргасныг тооцох ёстой! АН-аас Х.Баттулгаас өөр хэн ч дэвшээд ийм том дэмжлэг авч чадахгүй байсан юм.

Ийм нөхцөл байдал дотроос ямар гаргалгаа байж болох вэ?

Нийгмийн томоохон хөдөлгөөн хийгээд нийтийг хамарсан хямрал гарвал Ерөнхийлөгч онц байдал зарлаж, удирдлагыг гартаа авах ганцхан нөхцөл бий. Тиймээс Ерөнхийлөгч хямралаас сэргийлэх үүргээ гүйцэтгэж, хуульд зааснаар үгээ хэлжээ гэж харж байна. Харин парламент Ерөнхийлөгч рүү дайрах биш өөрсдөө л асуудлыг шийдэх, ажиллах ёстой. Монгол парламентын засаглал учраас бид засагладаг гэж хэлчихээд засаглахгүй бол хэн нэг нь тэр эрхийг нь шүүрч авахыг бодно. Ялангуяа гадны нөлөөлөл, санхүүжилттэй хүчирхэг бүлэглэл сул задгай бүжиглэж яваа энэ үед! Тэд энэ парламентаар шатар нүүдэг гэдгээ нуудаггүй! Парламент хэрэв асуудлаа шийдэхгүй бол ард түмэн босож магадгүй юм шиг байна. Ийм нөхцөлд тогтвортой байдлын сүүлийн найдвар Ерөнхийлөгч юм, ямар азаар ийм сонголт хийсэн юм.

Бас энэ удирдлагагүй нийгэмд ямар ч тоглогч гарч ирэх юм билээ гэж болгоомжилж байна. УИХ-д том олзоо алдсан банк ч байна, гадныхан мөнгөө татвал дампуурахаар банк ч байна, бас олигополь эрхтэй дураар аашилдаг компаниуд ч байна, ордоо алдах гээд юу ч хийхээс буцахаа байсан өнгөт хувьсгал хийж сурсан гадаадын компани ч байна, дундаа улстөрчдийн координацитай, өөрөөр хэлбэл түрийвчээр холбогдсон бүлэглэл. Холбогдох байгууллагууд шинжилж судлаад нэг юм харж байдаг байлгүй л найдахаас.

Хэдийгээр би хувьсгал ярьдаг ч гэсэн утга учиргүй самраад байх сонирхолтой хүн биш, үндэсний эрх ашигт нийцгүй учраас. Гэхдээ л байдал хэцүү байгаа нь мэдрэгдээд байна. Манай өөрчлөлт хавар л гардаг шүү дээ. 3-7 сар гэсэн үг. Хэрэв 3-7-р сард хийхгүй бол намар 10-11-р сард. Хэрэв 10, 11-р сард эхэлчих юм бол хойтон жилийн 3,4-р сард гүйцээлт нь явж байдаг. Сая 10-р сарыг бол олон нийт ёстой шүд зуугаад л өнгөрөх шиг боллоо. Тэгтэл шинэ жил цагаан сарын хооронд ёстой нэг самарч байгаа биз?
Тэгэхээр УИХ-ыг тараах чиглэлд нэг юм болно, харин УИХ ба ЗГ нь уялдаа холбоо байхгүй учраас өөрийгөө хамгаалж амжихгүй л болов уу, ямар нэг юм болбол. Ийм нөхцөлд байдлыг эрс муутгахгүйн тулд ээлжит бус сонгууль зарлаж, ард түмний төлөөллийг хангасан, дор хаяж 800-900 төлөөлөгчтэй Ардын Их Хурал байгуулаад, түүгээрээ хэлэлцүүлж байж Үндсэн хуулийг өөрчлөх ажлыг тайван замаар хийж чадвал бид ёстой дэмжинэ. Гэхдээ Үндсэн хуулийг шинэчлэн баталтал дор хаяж жил болох байлгүй. Тэр хооронд түр Засгийн газартай л явж таарах ийм хувилбарт шилжчих вий дээ!

Үйл явц яаж өрнөхийг бол мэдэхгүй, дүгнэхэд хэцүү байна. Би тийм ч сүрхий төлөгч биш. Хамгийн гол нь энэ ард түмнийг гараад ирэхэд удирдаад, зангидаад явах тийм хүч хаана байна вэ? гэдэгт л асуудал байна. Гадаадаас удирдлагатай бол яахав? МАН удирдахгүй, АН удирдахгүй. Гэтэл нийгэмд халалт үүссэн байна. Энэ халалтын эсрэг хийж байгаа үзэл суртлын болоод бусад ажил огт алга. Харин ч дандаа дээрээс нь тос асгаж байна. Би тэгээд гайхаад л байна. Ийм юман дээрээс хонжоо хайж болдоггүй юм л даа. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар эрхээ биш харж байгаа биз л гэж хэлмээр байна.

Ярилцлагын зочин: Нийтлэлч А.Баатархуяг
Ярилцсан: М.Гал-Арив
Гэрэл зургийг: Э.Төрболд
2018 оны 01 дүгээр сарын 15.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to А.БААТАРХУЯГ: ҮНДЭСНИЙ ҮЗЛЭЭ СУУРЬ БОЛГОЖ, ҮНДЭСНИЙ ҮЗЛЭЭ ТУГ БОЛГОЖ, ҮНДЭСТНИЙ ЭРХ АШГАА НЭГДҮГЭЭРТ ТАВИХ ЁСТОЙ…

  1. Ганаа says:

    Яг л үндэстэй авлаа даа, эрх биш ийм байдал үүсгэхгүй байх ёстой төрийн зарим машин улайстлаа ажиллаж байгаа байлгүй гэж найдхаас.

  2. ERKA says:

    Хэзээ үндэсний үзэлийн дор ард түмэн түмэн нэгдэх юм болдоо.Үнэхээр үнэнийг бичлээ дээ.

  3. Болд says:

    Буруу цурам буцаж ноцох аюултайг мэдэхгүй мэдсэн ч тоохгүй, “галаар наадах хүүхэд” ихсэж бгаан аюултай л доо!

  4. Есен says:

    Уул нь зөв л дөө. Нөхцөл байдал яагаад ийм болов, ямар шалтгааны улмаас, ямар арга замаар энэ байдлаас гарах вэ гэдгийг огт харах чадваргүй нь харамсалтай. Энэ байдлаас гарах гарцыг Баатархуяг олж харах магадлал бараг ТЭГ болж байна даа. Харамсалтай.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: