СИНЕРГЕТИК ХИЙГЭЭД СИСТЕМИЙН СҮЙРЛИЙН ОНОЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

Сүүлийн үед “ямар нэг юм” болох тухай амтай болгон ярих болов. Зарим нь бүр МАНАН-гийн төр засгийн системийн нурах, нураах талаар шууд ярих болов. “Ямар нэг юм” болох тухай урд өмнө нь олон удаа ярьсан боловч систем нурсангүй. Угаасаа систем бол хүссэн зоргоор нурчихдаг, нураачихдаг зүйл биш л дээ. Харин энэ удаад нийгмийн эсэргүүцэл дургүйцлийн эрчим, давтамж, олныг хамрах хүрээ зэрэг нь урд өмнөхөөсөө олон дахин даван гарч байна. Энэ үзэгдлийн цаана ямар мөн чанар байна, энэ хэлбэрийн цаана ямар агуулга байна гэдгийг сонирхсон хүн огт алга. Үүнийг зөвхөн шинжлэх ухаан тэр тусмаа орчин үеийн шинжлэх ухаан л тайлж чадах бөлгөө.
Иймийн тулд эхний удаад синергетик болон сүйрлийн онол зэрэг орчин үеийн шинжлэх ухааны зарим ойлголт, нэр томъёог хамгийн энгийн бөгөөд машид хялбаршуулан тайлбарлахыг өөрийн үүрэг гэж үзэв. Энд би “онолдоод” байгаа зүйл огт байхгүй, зүгээр л эдүгээ болж буй олон үйл явцыг синергетик, системийн болон синергетикийн үүднээс тайлбарлаж, тэр ч байтугай урьдчилан яг таг хэлэх түвшинд шинжлэх ухаан нэгэнт хүрсэн гэдгийг дурдаж байна.
Намайг дараагийн анализ хийх хүртэл уншигч Та үнэн зөв нь бүрэн батлагдсан синергетикийн энэхүү загвар дээр Монголын нийгмийн өнөөгийн бодит байдлыг буулгаж, харьцуулж үзвэл дараагийн яриа ярихад Та бидний хэн хэнд тустай гэж санана. Учир нь “ямар нэг юм” болоход бид бүгдээрээ бэлэн байх ёстой бөлгөө.

Нүүрлэн буй аюул сүйрэл дундаас ирээдүйг урьдчилан харах, түүнд боломжит хариу үйлдэл үзүүлэх талаар саяхан буюу ХХ зууны сүүл үед үүссэн синергетик хэмээх салбар дундын шинжлэх ухаан хувьсгалт эргэлт хийсэн юм. Синергетикийн шинжлэх ухааныг физикчид, химичид, биологичид, математикчид хамтын хүчээр бүтээжээ. Түүнийг саяхан 2003 онд нас барсан орос гаралт бельгийн эрдэмтэн, Нобелийн шагналт Илъя Пригожин, түүний хамтрагч Ларри Стойкерс нар үндэслэсэн. Улмаар унгар гаралтай америк Ласло, Габор, дээд сэтгэл зүйн үйл ажиллагаа судлагч немц Хаген, оросын математикч Капица, Курдюмов, Малинецкий нар тордон өндийлгэсэн юм.
Синергетик бол өөрчлөлтийн тухай шинжлэх ухаан юм. Аливаа түүхэн процесс “гольдрил” болон бифуркаци (салааллын цэг) хоёроос бүрдэнэ. Хэрэв систем гольдрилдоо байгаа бол үйл явц нь хүчирхэг бөгөөд тогтвортой байна. Энэ чиглэлийг өөрчилж чадах хүч дэлхийд байхгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт систем бифуркацийн буюу ирээдүйгээ сонгох тийм цэгт ирнэ. Түүхэн хөгжлийн яг энд яг энэ цэг дээр систем тэнцвэрээ алдаж, ийш тийш салаалсан олон урсгал үүснэ. Чухам энэхүү бифуркацийн цэг дээр үндэстэн, улс орны хувь заяа аль урсгалаар явахыг шийддэг. Олон урсгал үүсэх боловч салааллын гол утга нь үхлийн замыг сонгох уу, амьдрал цэцэглэлийн замыг сонгох уу гэсэн туйлын хүнд асуудал болон хувирдаг. Хамгийн их зовлон нь юу вэ гэвэл аль нь үхлийн гольдрил, аль нь амьдралын гольдрол гэдэг нь бараг ялгагдахгүйд байдаг.
Систем гэдэг бол харилцан холбоотой гэж үзэж болох дурын элементүүдийн нэгдэл буюу нийлбэр юм. Анх М.Эйген гэгч эрдэмтэн систем доторхи харилцан үйлчилж буй процессуудын цикл бүрдэл буюу гиперциклийг анх олж харжээ. Гиперцикл нь маш бага магадлалтай үйл явцыг асар их хурдасгаж, эдгээр олон үйл явцын шүүлтүүр (фильтр) болдог байна. Гиперциклийг судалснаар системийн өөрийн зохион байгуулалт, түүний тогтвортой байдлыг дэмжин тэтгэх хамгийн чухал элемент холбоо харилцааны цагираган бүтэц гэдгийг гарган авчээ. Энэ нь шалтгаан үр дагаврыг төрүүлдэг тухайгаас улам цааш даван гарч үр дагавар нь шалтгааны төрүүлдэг талаарх тухай хууль юм. Үүний бид ч гэсэн бүдэг бадаг мэднэ. Жи нь: Нэг нь “ямар төр байна, тийм ард түмэн байна” гэхэд нөгөө нь өөдөөс нь “ямар ард түмэн байна, тийм төр байна” гэж хариулдаг. Чухамхүү энэ нь холбоо харилцааны цагираган бүтцийн хоёр талыг салгаж яриад байна гэсэн үг. Харин манай нийгмийг систем болгон авч үзээд түүний цагираган бүтцийн механизмыг олж харвал бүх асуудал ойлгомжтой болох юм. Даан ч энэ талаар судласан, судлахыг оролдсон хүн манайд тун цөөхөн.
Эндээс үндэслэн систем бол элементүүдийн хоорондын холбоо харилцааны цагираган бүтцүүд мөн.
Систем дотор цагираган шалтгаант холбооны зарчим ноёрхдог. Энд шалтгаан, үр дагаврын зааг ялгаа арилдаг. Ингэхлээр зөвхөн шалтгаанд төдийгүй, мөн үр дагаварт хамтад нь нөлөөлбөл системийг удирдаж болно.
Системийн нарийн нийлмэл байдал (сложность) гэдэг бол нэг талаас системийн өөрийнх дотоод дахь холбоо харилцааны нарийн нийлмэл байдал юм. Нөгөө талаас гадаад орчин дахь системийн зан үйлийн нарийн нийлмэл байдал юм. Энэ хоёр адилхан ойлголт биш. Энд бид хоёр дахь утгыг хэрэглэнэ. Ер нь бол системийн нарийн нийлмэл байдал их байх тусмаа түүний магадлалт чанар муудаж, үйлдэл нь тааварлахын аргагүй болдог. Систем хүрээлэн буй бодит байдлыг сөрсөн мэт гарч ирдэг.
Бифуркаци гэдэг нь хөгжлийн хэд хэдэн хувилбараас сонголт хийх газар, хөгжлийн эрс эргэлтийн цэг юм. Систем бифуркацийн цэг дээр ирэхээрээ тогтворгүй болж, өчүүхэн сул үйлдэлд автамтгай болно. Энд өчүүхэн жижиг шалтгаан маш том үр дагавар төрүүлж болно. “Маргааш яг өнөөдөр шиг байна” гэдэг зарчим бифуркацын цэг дээр үйлчилдэггүй. Энд систем хамгийн эмзэг шинж чанартай байдаг.
Бифуркаци нь минимаксын зарчмыг үйлчлэлд оруулдаг. Үүний мөн чанар нь эргэлтийн шинжтэй агшинд өчүүхэн жижиг үйлдэл маш том үр дагаварт хүргэхэд байдаг ба үүнийг минимаксын зарчим гэдэг.
Нээлттэй, шугаман бус систем гэдэг нь систем дотор бодис болон энергийн (систем хүрээлэн буй орчинтой харилцах эрхтэн) эх булаг байгаа гэсэн үг юм. Шугаман бус гэдэг нь системийн зан үйлийг дүрсэлсэн тэгшитгэл нь хэд хэдэн шийдтэй байна гэсэн хэрэг. Шугаман бус тэгшитгэлийн олонлиг нь шугаман бус системийн хөгжлийн хувилбарын олонлигтой нийцэж байдаг.
Аттрактор гэдэг нь системийн зорилго гэдэгтэй ихээхэн дөхөх ойлголт бөгөөд хөгжлийн траекторын бүхий л олонлиг дундаас өөр рүүгээ татан авч чадах тухайн системийн харьцангуй тогтвортой байрлал юм.
Дэг журмын (эмх цэгцийн) параметр гэдэг бол системийг бүрэн дүрслэн үзүүлж чадах системийн үзүүлэлтүүд юм. Манайхан “үй түмэн” үзүүлэлт гаргаж, “үй түмэн” тоо дурддаг боловч үнэн хэрэг дээрээ эхм цэгцийн параметр тийм олон биш. Хэдхэн гол үзүүлэлтээр системийн төлөв байдлыг бүрэн тодорхойлж болно.
Нарийн нийлмэл бүх үйл явц хоас болон дэг журмын хоорондын торгон зааг дээр явагддаг гэж сиэнергетик сургадаг. Систем ингэж явсаар байгаад ямар нэг босго давахаараа заавал тогтворгүй болдог бөгөөд энэ үед өчүүхэн жижиг хөдөлгөөн нурангийн үйл явцыг өдөөж, өөр аттактор гарч ирэхэд хүргэдэг. Нарийн нийлмэл систем бүр нээлттэй бөгөөд шугаман бус байдаг. Ийм учраас систем дотор түвшингийн шатлал үүсдэг. Эдгээр нь хувьссаар яваад тэнцвэрээс хол бифуркацын шилжилт үүсэх үндэс нь болдог. Эдгээр системүүдэд анхнаасаа симметрийн зарчим алдагдсан байдаг юм.
Хурцадмал горим (режим) гэдэг нь шугаман бус системүүд заримдаа өөрийн дотоод дахь хэт хурдан үйл явцад нэрвэгдэж эхэлдэг. Энд эргэх биш, харин шууд холбоо үйлчилж эхэлдэг. Систем тогтвортой үр дүн үзүүлдэг эргэх холбоо нь системийг тогтвортой төлөв байдалд оруулах үүргийг гүйцэтгэдэг. Харин шууд холбоо үүсэхэд системийг тогтворгүй төлөв байдалд оруулдаг. Өнгөц харахад энэ нь системийг шууд сүйрүүлэх шууд зам мэт санагдана. Үнэн хэрэг дээрээ бол системийн тогтворгүй төлөв байдал бол хөгжлийн нөхцөл болж өгдөг ба учир нь тогтвортой систем бол цаг ямагт царцаж, хөгжлийг гацааж байдаг.
Сүйрэл (катастрофа) гэдэг нь сүүлчийн цаг хугацаанд системийг тодорхойлж байдаг хэмжигдэхүүнүүд эрс өөрчлөгдөхийг хэлдэг. Сүйрлүүд цаг ямагт хурцадмал горимын үед үүсэн гардаг.
Өөрийгөө зохион байгуулах хязгаарын үйл явц (процессы самоорганизующейся критичности) гэдэг нь сүйрлийн түгээмэл механизмыг хэлдэг. Хурцадмал горим буюу сүйрэл нь гаднын ямар нэг үйлдэлгүйгээр систем дотор өөрөө аяндаа үүсч хөгждөг гэдгийг синергетик тогтоосон юм.
Ингээд Та синергетикийн гол гол категорийг мэдэж авлаа. Одоо физик, хими, биологи, эдийн засаг болон социологийн туршилтын баялаг материал дундаас сүйрлийн түгээмэл загварыг гарган ирж болно. Эдгээр загварын үндэс нь нарийн чанд математик тэгшитгэлүүд байдаг гэдгийг санах хэрэгтэй. Системийн сүйрлийн талаар олон тоо, тэгшитгэл бичихийн оронд үгээр илэрхийлбэл манайханд илүү ойлгомжтой гэж бодож байна.
Сүйрлийн өрнөлийн бүх үйл явц 7 үе шаттай байна.
Эхний шатанд ямар нэг мутаци явагдана. Энэ нь системийн амин чухал элементүүдийн нэг болох алгоритм болон оршихуйн программыг өөрчилнө. Энэ элемент эрчимжин хөгжинө. Энэ үед системд цагираган шалтгаацал үүсч хүчдэл бий болно.
Хоёр дахь шатанд цагираган шалтгаацлын хүчдэлийг “өдөөгдсөн” элемент системийн бусад элементүүдтэй харилцан үйлчлэх замаар шийдвэрлэдэг. Алгоритмын өөрчлөлт нь бусад элементүүдэд нөлөөлж, тэдний динамикийг ч гэсэн өөрчилдөг. Энд резонанс үүсч, динамик хүчин зүйл болж хувирдаг. Өөрөөр хэлбэл өөрчлөлт нь нийт системийн динамикаас түрүүлж эхэлдэг.
Гурав дахь шатанд системийг аврахын тулд резонансын динамикийг сааруулж, анхдагч төлөв байдалд оруулахыг оролддог. Систем цагираган шалтгаацлыг хүчин зүйлийг ашиглан энэ оролдлогыг хийдэг. Гэвч нэгэнт шугаман зүй тогтол үйлчлэх болсон учраас элементүүдийн өөрчлөлтийг зогсоож чаддаггүй.
Дөрөв дэх шатанд систем нь янз бүрийн эрчимтэй арал-паттерн болон задрах бөгөөд энэ нь системийн үндсийн үндэс болсон түүний гиперцикл болон цагираган шалтгаацлын цувааг гэмтээдэг. Одоо систем энтропи болон хаостой тэмцэж чадахаа байж, бүхий л хүчээрээ дотоод холбоо харилцаагаа тогтоон барихыг эрмэлзэнэ.
Хэрэв нэг болон хоёр дахь шатанд системийг хурцадмал горимдоо хөгжиж буй гэж нэрлэж болох байсан бол гурав болон Дөрөвдүгээр шатанд систем маш хүнд сэгсрэлтийн (турбулентность) горимд ордог. Системийн янз бүрийн элементүүдийг авцалдаат болон зохиролт байдалд оруулах боломжгүй болж, системийн элементүүд янз бүрийн цаг хугацаанд, тэр ч байтугай өөр өөр ертөнцөд буй мэт болдог. Энд өөрийгөө тэтгэх хязгаарын процесс үүсдэг.
Тавдугаар шатанд системийн харьцаат, авцалдаат, зохиролт, шүтэлцээт шинжүүд алдагддаг. Одоо системийн бүх энерги өөрийн хөгжилд биш, харин хэвийн ажиллах явдлыг хангахад зарцуулагдаж, үүнд зарцуулах зардлыг маш их өсгөдөг. Системээс маш их мэдээлэл, бодис, энерги сул алдагдаж, системээс салан оддог.
Зургадугаар шатанд элементүүд болон дэд системүүдийн холбоо харилцаа задран унана. Үүний улмаас системийн гиперцикл алга болж, цагираган шалтгаацал цаашид ажиллахаа болино.
Долдугаар шатанд системийн элементүүдийн задрал удаална.
Энэ үед тулан ирсэн хаос дунд систем мөхөнө. Заримдаа систем бүхэлдээ сөнөнө. Заримдаа задралын явцад аль нэг элемент өөрөө зохион байгуулагдаж болдог. Ингэвэл тэр нь шинэ системийг төрүүлэгч болж, хаосын хүрээлэл дундаас өөрийн элементүүдийг цуглуулж эхэлдэг.
Энэхүү шинэ систем нь хүрээлэн буй замбараагүй явдлыг “гартаа” авч, шинээр бүтэцжүүлж эхэлдэг.
Хэрэв ийм зүйл болохгүй бол нарийн нийлмэл систем энгийн систем болон хувирч хөгжил дэвшлийн оронд саатал уналт ирдэг. Цагираган шалтгаацлын оронд энгийн шугаман хамаарал бий болдог. Ингээд хаос, бүрхэг манан, “цагаан шуугианы” эрин үе эхэлнэ. Энтропи мэдээллийг ялна.
Зүй нь “сүйрлийн дараа дараа юу болох” хийгээд хөгжлийн ямар ямар ямар хувилбар үүсэх процессыг бид сонирхох ёстой. Хэрэв үүнийг мэдэж байвал хаосын үед ч нийгмийн удирдаж болдог юм. Гэвч энэ бидний дараа, чингэхдээ тун удахгүй болох ярианы сэдэв болно.
Энэ нь “ямар нэг юм болно” гэсэн идэвхигүй хүлээлт биш, үйл явцыг бүхий л явц дунд нь удирдах идэвхитэй үйл ажиллагаа байх болно гэдэг нь эргэлзээгүй…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2018 оны 01 дүгээр сарын 25.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

6 Responses to СИНЕРГЕТИК ХИЙГЭЭД СИСТЕМИЙН СҮЙРЛИЙН ОНОЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТУУД

  1. Dalaikhaan says:

    Хүний оюун ухааны мэдээлэл хүнээс ямагт тусдаа оршдог.7 сард бид Тэнгэрийн Их хаантайгаа сайхан наадаж,Их Монгол Улс эхэлж,Алтан Эринийн бэлтгэл ажилд ханцуй шамлан орноо.хурай3

  2. Soogii says:

    Баярлалаа судлаач Танд.Та минь биеэ бодож байгаарай.Амжилт.

  3. Soogii says:

    Баярлалаа.Сулаач Танд амжилт

  4. Өнөөгийн манай нийгмийн уналт босох онолын гаргалгааг сайхан танилцуулсанд баярлалаа.

  5. bat says:

    bayarlalaa. idevhtei vil ajillagaagaa …

  6. С. Наранбат says:

    Хаосын үеийн удирдлага маш сонирхолтой санагдлаа. Энэ нөхцөл байдлыг ашигтайгаар, өөрөөр хэлбэл дэвшил өөд удирдаж гаргасан жишээ, сургамжийн талаар бичвэл талархана. Их баярлалаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: