БОЛУШКА ОХИНЫ “БОЛИОШ ДЭЭ” ГЭДЭГ ГЕОПОЛИТИКИЙН ТОГЛООМ

Сүүлийн үед манайд геополитикийн маргаан дэвэрч, солиорол, балайрлын байдалд орж байна. Түүний тэргүүн эгнээнд нетийн сүлжээнд Болушка гэж алдаршсан шавилхан охин оройлон жанжлах болов. Тэрбээр өөрийн үзэл бодлыг “онолын” үндэстэй болгох гэж геополитикийн өгүүлэл бичиж эхлэв. Хэн ч үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхтэй боловч үүний тулд баримтлах зарчим, хэм хэмжээ гэж айхавтар зүйл буй. Ингээд Болушка охины геополитикийн төсөөллийг аваад үзье. Тод хараар Болушкагийн, ард нь өөрийн үндэслэл тайлбарыг хийв…

“Орос гэж нэг яаж ийж байгаад л нэг Царийн саварт базуулж дуусдаг азгүй орон байдаг.”
Аливаа үндэслэл ингэж эхлэхээрээ л “хаашаа явах” нь дэндүү ойлгомжтой байдаг. Цаашдаа Болушка охин Оросыг нулимахаар шүлсээ хурааж байна.
“20-р зууны эхэн үеийн Хаант Орос гэвээс өнөөгийн манайтай төстэй байсан тухай…бичиж байсан.
ХХ зуунд Орос нийгмийн байгууллын хувьд л манайхтай төстэй байсан. Харин бусад бүх үзүүлэлтээр зүйрлэшгүй том, хүчирхэг байсан. Хуучны ЗХУ дэлхийн өрсөлдөгч хоёр туйлын нэг, дэлхийн хамгийн хүчирхэг гүрний нэг байсан. ХХ зууны төгсгөл хэрд Оросын ДНБ 3 дахин өссөн. ЗХУ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр Европт 2, дэлхийд 2-т орж байсан. Энэ нь 80-аад оны өсөлтийн хурдцаараа ЗХУ Германаас 3 дахин, Японоос 1,7 дахин их байсан гэсэн үг. Энэ тоог би биш, “барууны” эдийн засагчид тооцож гаргасан юм…
“Худалдааны өрсөлдөөнд хөсөр хаягдаж, боловсрол дампуурч, төр авилгад идэгдээд байсан аварга улс реформ хийж амжилгүй төвлөрсөн эдийн засагтай болсон.”
ОХУ худалдааны өрсөлдөөнд биш, дэлхийн хоёр системийн өрсөлдөөнд ялагдаж, шилжилтийн шившигт үеэ даван туулж, дахин сэргэж, хүчээ авсан байна. Эдүгээ дэлхийд 6 дугаар ордог эдийн засгийг реформ хийгээгүй гэж шүүмжлэх нь утгагүй. Энд Болушка охин монгол үг биш, Барууны атгаг үзлийг орчуулан хэлж байна.
“Хөдөө аж ахуй нь л гэхэд Европын 14, 15-р зууны түвшинд байх жишээний муу суурин дээр муу их бие залгагдсан гэсэн үг.”
Энэ ч ёстой цэвэр гүтгэлэг байна. Үр тарианы үйлдвэрлэл, экспортоороо дэлхийд 1 дүгээрт, хөдөө аж ахуйн бүх техник, технологио өөрөө хийдэг Оросын хөдөө аж ахуйг “дундад зуунтай” зүйрлэх гэсэн Болушка охины гүтгэлэг хол явахгүй л дээ. Нэртэйгээр нь “дундад зууны” учраас Монголчууд орос гурил идэж болохгүй гээд хэлчих л дээ…
“Та бидний сайн мэдэх Хүйтэн дайны төгсгөл гэдэг нь бие муу атал дэлхийн нэг туйл болох гэж үзээд хүчийг барж туйлдаж унасан баавгайн түүх ээ.”
Хэрэв Болушка охин 30-аад жилийн өмнөхийг ярьж байвал туйлын үнэн. Үнэхээр баавгай унасан. Харин өнөө үеийг ярьж байвал Болушка охин илт худал заль мэх хэрэглэж байна. Оросын баавгай тэсэн үлдсэнээр үл барам хүч чадлаа бүрэн сэргээж, эдүгээ Хятад мэтийн томчуудтай найзалж, АНУ-тай шууд тэрсэлдэж чадаж байна. Ямар ч улсыг өнөөгийн бодит үзүүлэлт, амжилтаар хэмждэг болохоос өмнө нь муу муухай байснаар нь хэмждэггүй. Энд Болушка охин 20 – 30-аад жилийн өмнөх жишээ ашиглан зүгээр л заль мэх хэрэглэж байна.
“…Ойрд хэлцэгдэж байгаа Shanghai Cooperation Organization буюу ШХАБ өнөөгийн олон улсын харилцааны нэг polar буюу туйл мөн эсэхийг түүхэн агуулгад тавьж харах зорилготой.”
Геополитикад аль нэг улсыг туйл гэж ярьдаг болохоос аль нэг байгууллагыг туйл хэзээ ч ярьж байгаагүй, бас ярьдаггүй. ШХАБ-ыг туйл гэж үзэх эсэх нь Болушка охины сэтгэлгээний гажуудлын асуудал болохоос бодит улс төрд огт байдаггүй асуудал. Түүнчлэн “түүхэн агуулга” гэх ойлголт шинжлэх ухаанд байдаггүй. Эндээс Болушка охин Орос, Хятад хоёрыг үзэн яддаг бөгөөд тэднийг ШХАБ гэсэн “нэг уутанд” багтаан “зодох” гэж байгаа нь тодорхой байна.
“Өнөө цагт АНУ хэмээх нэг туйлт харилцаа дууссан, шинэ туйлд нэгдэх нь зүйтэй гэсэн санаа гараад байгаа.”
Дэлхийн геополитикад гарсан энэхүү бодит үзэгдэл, хандлагыг бүгд хүлээн зөвшөөрч байгаа ба үүнийг үгүйсгэх хүн их ховор. Хэрэв Болушка охин бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн дээрх бодит үзэгдэл, хандлагыг “санаа гараад байна” гэж дүгнэж байвал тэр үүнд дургүй байгаа ба үүгээрээ тэр бодит байдал, хандлагыг эсэргүүцэж байна гэж дүгнэж болно.
“Орос Улс ХХ зуун гартал Европ шиг органик хөгжлөөр өрсөлдөх чадвар бүтээж амжилгүй большевик хувьсгалтай золгосон энэ улс ХХI зуунд ч олон улсын зах зээлд өрсөлдөх тоглогч болж амжаагүй байна. Цаашид ч амжих эсэх нь бүрхэг.”
Энэ үндэслэлийг Барууны суртал нэвтрүүлэг хэдэн арван жил ярьсан боловч хэзээ ч батлагдаж байгаагүй. ЗХУ нурснаар ОХУ-ыг сөнөнө гэсэн, сөнөөгүй, харин ч маш хурдан сэргэсэн. Бид хориг аргаа хэмжээ авбал Орос үхнэ гэсэн, үхээгүй, харин ч Крымээ авчихаад сууж байна. ОХУ-ыг “зах хязгаарын” жижиг гүрэн гэж шоолсон, харин тэр “зах хязгаар” нь Сири болон Ойрхи Дорнодод байр сууриа үлэмж бэхжүүлэв. Эдүгээ Барууны орнууд дээрх атгаг үзлээсээ ухран эдүгээ ОХУ-тай гэрээ хэлэлцээр хийгээд сууж байна. Харин Болушка охин улиг болсон үл батлагдах үндэслэлийг хамгаалан тэмцэгч цорын ганц хүн болон үлдэж байна. .
“ОХУ бол дэлхийн эдийн засагт туйл биш.”
Дэлхий нийтийн дэг журам ганц туйлт тогтолцооноос олон туйлт руу шилжиж байгааг эрдэмтэд тэмдэглэж байгаа болохоос ОХУ-ыг дэлхийн эдийн засгийн туйл гээд баталчихсан хүн байхгүй. Энэ аварга үйл явц одоо ид явагдаж байна. АНУ дангаар туйлын байр сууриа алдахгүй гэж, Хятад туйл болохын төлөө, ОХУ ч гэсэн тэр чиглэлд тэмцэж байгаа ба харин яах, юу болох, хэн хэн туйл болох нь одоогоор тодорхойгүй. Тодорхой байгаа зүйл гэвэл дэлхийн эдийн засаг, түүний өсөлт Азид тив рүү шилжиж байгаа, Орос, Хятад хоёр АНУ-ын дангаар ноёрхлын эсрэг холбоотон болсон, АНУ-ын дангаар ноёрхол нурж байгаа зэрэг л байгаа.
“Гол багана эрчим хүчний экспортоо тэлэх зорилгоор Хятадын “Бүс ба Зам” гэх мэт санаачлагад нэгдэх, ингэх зорилгын дор Монголын гишүүнчлэлийг ханцуй дотор наймаалцаж байж өлхөн мэдэх ах.”
Экспортоо тэлэх гэлээ гэж Оросыг загнах утгагүй. Учир нь аль ч улс экспортоо тэлэх бодлого баримталдаг. Зүгээр л хувийн хардлагаа ингэж томруулж хөөсрүүлэх шаардлага байхгүй. Хэрэв хардаж байвал баттай үндэслэл, гаргалгаагаа үзүүлэх хэрэгтэй.
“ОХУ улстөрийн хувьд ч манлайлах үүргээ алдсан.”, “Монгол шиг л коммунизмыг хагас санагалзаж, хагас үзэн ядах ой санамжийн асуудалтай”, “либерал үнэт зүйлсийг үгүйсгэж чадахгүй, тэгсэн хэрнээ авторитар удирдагчтай”, “Сталин шиг эдийн засгийн бус мотивац, хүчирхэг идеологи Путинд байхгүй”.
Ийм цуварсан олон доромжлолоор ОХУ-ыг гутаах нь Орос Монгол хоёр огт ойртож болохгүй гэсэн санааг илт илэрхийлнэ. Монголын ард түмний 70-80 хувь нь Оросыг хамгийн сайн хөрш гэж үздэг нь судалгаагаар нотлогдсон бөгөөд энэ үзэл олон жилийн турш тогтвортой байгаа. Гэтэл Монголыг ОХУ-тай дайсагнуулах, үзэн ядуулах үзэл суртлыг Барууны үзэл сурталчид 30 шахам жилийн турш дэлгэрүүлж байна. Үүний тод илрэл нь Болушка охины дээрх хараал болно. Хараалаар үндэслэл хийж болохгүй.
“Өөрөөсөө хэд дахин өндөр бүтээмжтэй хүчнүүдтэй геополитикын дайн хийхэд хэрэгтэй эдийн засгийн чадамжийн төлөө чөтгөртэй ч нэг хөнжилд орно гэдэг нь ШХАБ болой.”
ШХАБ-ыг өстөн дайсан нь хүртэл ингэж тодорхойлж зүрхлээгүй юм. Энд ОХУ өөрөөсөө хэд дахин бүтээмжтэй хүчнүүдтэй геополитикийн дайн хийхийн тулд “чөтгөр” Хятадтай нэг хөнжилд орсон гэж Болушка охин дүгнэж байна. Ингээд Оросоос гадна Хятад “чөтгөр” гэсэн ангилалд оров. ШХАБ бол цэргийн эвсэл биш, харин гишүүн улсуудыг нэгтгэсэн орон зайд тогтвортой байдал, аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилго бүхий байгууллага юм.
Яагаад ШХАБ байгуулагдсан бэ ? гэвэл АНУ дангаар ноёрхлын ид үедээ буюу 1997 онд Төв Азийн улсуудыг өөрийн удаан хугацааны ашиг сонирхлын бүс гэж зарласан. 1999 онд АНУ-ын Конгресс “Торгоны замын стратегийн тухай Акт” баталж, Төв Азийн улсуудын улс төр, эдийн засгийн бие даасан байдлыг дэмжинэ гэдгээ дурдсан. Өөрөөр хэлбэл АНУ тогтвор муутай Персийн булангаас Төв Ази руу шилжиж эрчим хүчний хамаарлаа багасгана гэж үзсэн юм. Ингээд АНУ Төв Азийн улсуудтай хоёр талын гэрээ хэлэлцээр байгуулж, Орос, Хятадын эрх ашгийг хөндөж эхлэв.
Ингэхэд Төв Азийн бүс нутаг АНУ-д биш, Орос, Хятад хоёртой шууд хиллэдэг, тэдний ашиг сонирхлын бүс нутаг гэдгийг Болушка охин арай үгүйсгэж чадахгүй биз…
Дараа нь Болушка охин Хятадыг дүгнэж байна.
“Ши Жинпин манай улсад айчлахдаа…ямарваа улстөрийн үзэл санааны тухай дурдахаас зайлсхийж энх тайвнаар зэрэгцэн орших ба хөрш орнууд баян чинээлэг болох зорилгын тухай дурдаад буцсан.”
Зөв ш дээ. Олон улсын практикийг л дагасан байна. Аль нэг улсад айлчлал хийхдээ улс төрийн үзэл санаа номлодог практик дэлхийд байхгүй болсон. Хэрэв Хятадын удирдагч Монголд ирээд улс төрийн үзэл санааны тухай ярих юм бол АНУ-аас эхлээд монголын либералууд боогоод үхчихнэ биз дээ. Ши жинпин энх тайвнаар зэрэгцэн орших зарчим, хоёр улсын харилцааг ярихгүй өөр юу ярих ёстой юм ?!
“Нэгд, Хятад улс мөн л нэг намын удирдлагатай тогтолцоогоо олон улсад ил тод сурталдах боломжгүй буюу улстөрийн үнэтзүйлсийн чиг заах алтангадас орон биш.”
Хятад нэг намын тогтолцоогоо биш, харин эдийн засгийн стратеги, мега төслөө сурталчилж, түүндээ нэгдэн орохыг уриалж байгаа. Энэ нь “нэг намын тогтолцоогоо олон улсад ил тод сурталдах”-аас огт өөр асуудал юм. “Хятадын онцлогтой социализм”-д үнэт зүйл байхгүй гэж Болушка охин бодож байна, эсвэл үүнийг үгүйсгэж байна. Гэтэл “Хятад мөрөөдөл” гэсэн системт үзэл суртал, үнэт зүйлс Хятадад байдаг юм ш дээ. Таалагдаагүй юмаа байхгүй гэж дүгнэх нь утгагүй. Ингээд тэр эрүүл логиктой эрс тэс зөрчилдсөн хамгийн адгийн гүтгэлгийн аргыг сонгон авч байна.
Орос “төв” биш, Хятад “төв” биш, ШХАБ “төв” биш юм байж. Тэгвэл “төв” нь аль юм ? гэсэн асуулт үүснэ. Болушка охины амнаас унаагүй боловч дэлхийн төв бол АНУ, Баруун гэж үзэж байгаа нь илт байна. 30 жилийн өмнө бол АНУ дэлхий төв гэж хэлж болж байсан, харин одоо бол ихээхэн эргэлзээтэй. АНУ гэсэн ганц төвтэй тогтолцоо нурж, оронд нь олон төвт тогтолцоо бүрэлдэж байгааг бараг бүх хүн ойлгоод байхад Болушка охин ганцаараа зөрүүдлэн зүтгэж байна. Иймээс бид олон төвийн дунд хүссэн ч, хүсээгүй ч орших болно. Орос, Хятад хоёр “төв” биш байж болох ч Монголд үзүүлэх сайн муу нөлөөлөл нь хосгүй гэдгийг бас л хэн ч үгүйсгэж чадахгүй.
Харин Орос, Хятад хоёрыг хараан зүхэж, тэднээс холдож байгаад эдийн засгаа хөгжүүлнэ гэвэл ёстой тэнэг хүний ажил болно…
“Хятадын болон ШХАБ-ын олон төрлийн бичиг баримтад “олон төрлийн хөгжлийн загвар”-ыг хүлээн зөвшөөрөх гэж гараад байдаг нь ардчилсан ба өөр шигээ авторитар дэглэмүүдийг хэлж буй хэрэг.”
Энд ахиад л гүтгэж байна. Хятадын баримт бичиг, ШХАБ-ын баримт бичиг хоёр адил зүйл биш гэдгийг ямар ч тэнэг хүн ойлгоно. Болушка охин Хятадын болон ШХАБ-ын баримт бичгийг ав адил гэж үзэн нэг ойлголтод багтааснаараа нэмж гүтгэх өргөн боломж өөртөө гарган авч байна. Олон төрлийн хөгжлийн загварыг хүлээн зөвшөөрнө гэж улс болгон ярьдаг. Энэ зарчмыг Хятад ярихаар авторитар дэглэмийг дэмжсэн болдог, өөр улс ярихаар ардчилсан дэглэмийг дэмждэг гэж дүгнэж хэрхэвч болохгүй юм.
“Ямарваа хөгжлийн загварыг идэвхигүй хүлцэх, энх тайвныг эрхэмлэх гэсэн хандлага нь нэг талдаа ШХАБ-ын гишүүн Стан орнуудын улстөрийн хямралд аливаа зөвлөмж, хөгжлийн оролцоо хийхгүй байхын зэрэгцээ нөгөө талаар тэдгээр хямралаас үүдэн гардаг 3 чөтгөр буюу “терроризм, сепаратизм, экстримизм” –ийн эсрэг хамтран үүрэг хүлээх юм бодож олсон нь ШХАБ юм.”
Энд ахиад л гүтгэлэг хийж байна. Болушка охин эхлээд Орос, Хятад хоёрыг муулсан бол залгуулаад Станы орнуудыг ялган авч загнаж эхлэв. Болушка охин Станы орнуудыг “терроризм, сепаратизм, экстримизм” –ийн эсрэг хамтран үүрэг хүлээсэн гэж зэмлэж байна. Афганы гэгдэх наркотрапик Төв Азийн Казакстан, Узбекстан, Киргиз, Тажик, Туркмен улсуудыг хар тамхины томоохон бүс болгон хувиргаж, ноцтой аюул тарьж байхад эдгээр орнууд хамтын аюулгүй байдлаа хамгаалах нь зүйн хэрэг юм. Ингэлээ гээд Болушка охин Стануудыг загнах нь утгагүй…
“Бүс ба Зам” төсөл Ази, Ойрх Дорнод, Европ, Африкийн 60 гаруй оронд хэрэгжүүлэх 5 триллион долларын багц амалж энэ нь мөнөөх “энх тайван, нэг гэр бүл” хэмээх өөхөнд боосон нөлөөллийн бодлого хэрэгжүүлэхдээ үзүүлдэг гялгар ууттай чихэр нь болдог.”
Хятад хөрөнгө оруулалт амлахаар гялгар ууттай чихэр болдог, Баруун амлавал гадаад хөрөнгө оруулалт болдог гэсэн Монголын тэнэг либералуудын үгийг Болушка охин давтаж байна. Тэгээд ч Ази, Ойрх Дорнод, Европ, Африкийн 60 гаруй орныг “тэнэг”, Монголын либералуудыг “ухаантай” гэж нотолж огт болохгүй.
“Бүс ба Зам” санаачлага…өнөө л хуучны либерал худалдааны тогтолцоо, түүний төлөөх режионализм буюу бүс нутгийн нэгдэл юм.”
Өнөөгийн дэлхийн худалдааг бүхэлд нь либерал тогтолцоо гэж үзэж болно. Дэлхийн II дайны дараа тогтсон энэ тогтолцоо одоо нуран унаж буй. Гэхдээ энэхүү либерал тогтолцоог зарим нь аврах гэж, зарим нь нураах гэж, зарим нь засаж өөрчлөх гэж зүтгэж буй. Үүний учрыг олоход тун нямбай нухацтай судалгаа хэрэгтэй. Гэтэл Болушка охин үүнийг шууд л “Бүс зам санаачлага” бол хуучны тогтолцоо гэж нэрлээд үүний төлөө өрсөлдөөн бол бүс нутгийн нэгдэл гэж дүгнэж байна.
Хятадтай хуурай газраар хиллэдэг 14, далайгаар хиллэдэг 6 орныг нэг бүс нутаг, “бүс нутгийн нэгдэлд” багтаах, оруулах ямар ч боломжгүй.
“Монголчууд бид гаднаас чихрийн цаасанд боосон аливаа саналд хэрхэн хандах нь энэ мэт суурь тогтолцооны тухай мэдлэг, хандлагаас хамаардаг. Аливаа шийдвэрийн сууринд хэзээд идеологи буюу үзэл хандлага бий, харин түүнийг судалгаа, хэлэлцүүлэг, мэдлэггүйгээр бүтээхгүй.”
Болушка охин өөрийн дээр хэлснийг “суурь тогтолцооны тухай мэдлэг, хандлага” хэмээн ойлгож байгаа нь илт байна. Гэвч Орос, Хятадыг хараах, улмаар Станы орнуудыг муучлах, улмаар ШХАБ-ыг гүжирдэн гүтгэхийг ямар ч хүн “суурь тогтолцооны мэдлэг” гэж үзэхгүй. Яахав, сайнаар бодоход “шүүмжлэл” гэж ойлгож болох юм. “Аливаа шийдвэрийн сууринд хэзээд идеологи буюу үзэл хандлага бий” гэж Болушка охин худал ярьж байна. Учир нь аливаа шийдвэрийн сууринд эрх ашиг, тодруулбал улс төрийн эрх ашиг, эдийн засгийн эрх ашиг гэж буй. Эдгээр эрх ашгаа нэгтгэн үзэл санааны систем болговол сая үзэл суртал болно.
“Товчдоо эдийн засгийн режионализм эргээд асуултын тэмдэгтэй үеийг туулж байна. Бид энэ асуултад өөрсдийн хариултыг эрж байж ямар нэг юманд элсэх ёстой болохоос нээсэн хаалга бүр рүү гүйж ороод хөгжил ирэхгүй.”
Болушка охин дөнгөж сая бүс нутгийн нэгдэл буюу регионализм ярьж байсан бол хэдхэн өгүүлбэрийн дараа түүнийгээ “эдийн засгийн регионализм” болгон хувиргаж байгаа заль мэхийг бид харж байна. Дээрээс нь “асуултын тэмдэгтэй үе” гэсэн хаа ч байхгүй нэр томъёо шинээр гарган ирж байна. Энэ бүхнийг шинжлэх ухаанд сэдэв солих, сэдвээс зугтах заль мэх гэж үздэг.
Бид Болушка охины дээр ярьснаас ямар нэг хариулт олсон бил үү ? Үгүй, тэр ганц ч асуултад хариу өгөөгүй. Асуудлыг ийм тэнэг маягаар хөндсөн тохиолдолд хариу өгөх ямар ч боломж байдаггүй юм.
“Хятад улс дээр дурдсан эдийн засгийн манлайлалд дэд бүтцийн бүтээн байгуулалт багтаадаг нь жижиг орнуудад өгөөш болдог. “Бүс ба Зам” санаачлага мега эдийн засагтаа бол жижиг ч бусад улсад томд орох зээл өгч, дотоодын компаниддаа ажил үүсгээд, зээлээр барьц ахиулдаг геополитикийн төсөл болохыг олон шинжээчид өгүүлдэг.”
Болушка охин одоо л нэг юм ярих юмандаа орж байна. Энэ бол бодох, мянга дахин бодох ёстой асуудал. Гэхдээ энэ үндэслэлийг бараг бүх том улсуудад хамааруулан хэлж болно. Дэлхийн хүн амын 5% байж дэлхийн баялгийн 65%-ийг “идэж” байдаг АНУ-аас эхлээд Европын Холбоо, Орос гэхчлэн бүх улсууд “зээлээр барьцаа ахиулдаг” нь илэрхий бөгөөд хөдөлшгүй үнэн. Энэ тохиолдолд “аль нь илүү жижиг орнуудыг шулан мөлждөг вэ ?” гэсэн асуулт л үүснэ. Харин аль нэг том орныг ялгаж аваад “зээлээр барьцаа ахиулдаг” гэхчлэн загнах нь дэндүү шударга биш, бас шинжлэх ухаанч биш.
“Хятад өнөөдөр эдийн засгийн хувьд нэг алтангадас болж харагдаж байгаа ч коммунист улстөр ба зах зээлийн эдийн засаг гэсэн хоршил цаашид энэ чигтээ амжилттай үргэлжлэх баталгаа байхгүй.”
Үүнийг хэн ч зөвшөөрнө. Гэхдээ мөн ийм үндэслэлийг бусад том улсуудад холбогдуулан хэлж болно. Ухаандаа АНУ цаашдаа дэлхий нийтийн дэг журмыг ганцаараа тодорхойлж, дэлхийн төв байна гэсэн баталгаа байхгүй гэж хэлж ч болно. Мөн ОХУ дэлхийн хөгжлийн нэг төв болно гэсэн баталгаа байхгүй ч гэж хэлж болно. Бүгдээрээ л адилхан, ижил эрэмбийн үндэслэл ш дээ…
Болушка охин ижил эрэмбийн асуудалтай тулгарсан хөгжингүй орнууд дундаас Орос, Хятад хоёрыг ялган авч загнахаас гадна өөрийн “нотолгооны” үндэслэл болгож байна. Энэ бол шинжлэх ухаан байтугай, жирийн логикод үл нийцэх адгийн арга юм.
“Олон улсын харилцааны гурван чөтгөр буюу терроризм, салан тусгаарлах, экстримизм хэмээх асуудлуудтай, хамгийн хоцрогдсон хавийн хог цуглуулж хямралын менежмент хийдэг Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагад жинхлэх асуудал яригдаж байгаа нь идеологийн хувьд манай улсын хувьд томхон ухралт мөн.”
ШХАБ-д элсэх нь “идеологийн хувьд хамгийн том ухралт” болдог юм байж. Тэгвэл манай улсын 30 шахам жил явуулсан Барууныг баримжаалсан гадаад бодлого ямар ахиц, үр дүнтэй байсныг Болушка охин заавал дурдах ёстой. Зүүн Хойт Ази (АПЕК), Зүүн өмнөд Ази (АСЕАН) гэж 30 жил айлчлаад, гуйгаад, царай алдаад тэдгээрт элсэж чадсан уу ? Үгүй ш дээ, ямар ч үр дүнд хүрээгүй. Сүүлдээ харин Монгол Улс АПЕК, АСЕАН, АСЕМ-ийн бараг бүх хурлуудыг хийж хамаг мөнгөө гүвдэг тэнэг ажилтай болсныг Болушка охин яагаад ч үгүйсгэж чадахгүй. Хэрэв 30 жилийн турш явуулсан гадаад бодлого ямар ч үр дүн өгөөгүй бол түүний чиглэл, хандлагыг өөрчлөх нь зүйн хэрэг…
“Эрчим хүчний экспортоос бусдаар өрсөлдөх салбаргүй, арай бакь, орчин үеийн гоонж өмссөн Николай хаантай болсон, хамаг асуудлаа хурааж хурааж байгаад хувьсгалаар шийдэх нь гэм биш зан болсон зэрлэг Иванууд хэзээ энэ Николайгийхаа толгойг авч хувьсгал хийгээд Хятадтай муудаж, тэр толхионд нь Монгол үрэгдэх болохыг хэн ч хэлж эс мэднэ.”
Болушка охин бичвэрээ Оросыг хараахаас эхэлсэн бол мөн Оросыг хараахаар дуусгаж байна. Оросыг үзэн ядах бол манай эрх ашигт харш, тэгээд ч үзэн ядалт бол сэтгэл зүйн арчаагүй төлөв байдал болохоос шинжлэх ухааны үндэслэл биш…
Болушка охиныг дагаж, түүний гол гол үндэслэлийг даган тайлбарлавал ийм байна…
Миний дүгнэлт
Болушка охины энэ бичвэр бол геополитикийн үндэслэл биш, шинжлэх ухааны өгүүлэл бол бүр ч биш, зүгээр л өөрийн итгэл үнэмшлийг баримт мэдээлэл гуйвуулах аргаар нотлох гэсэн өрөвдөлтэй оролдлого мөн. Түүний энэ ажлын түвшинг дээд сургуулийн 1 дүгээр курсын муухан оюутны болхи ажилтай дүйцүүлж болно.
Орос, Хятад хоёр болон ШХАБ-ыг шүүмжилж болно. Хэн ч ингэх эрхтэй. Харин үүнийгээ бүхий л төрлийн баримт, судалгаагаар нотлох ёстой. Болушка охин эерэг сөрөг асар олон баримт, мэдээллээс зөвхөн өөрт таалагдах хэсгийг тасдан авч, логик нотолгоо болгосноор шинжлэх ухааны бүхэллэгийн болон логик олон зарчмыг бүдүүлгээр зөрчжээ. Олон ургальч үзэл нэрийн дор гүтгэлэг, доромжлолыг даврааж, өөгшүүлж болохгүй.
Монгол Улс ШХАБ-д элсвэл: “Төрийн алтан аргамж тасарна”, “Далай лам айлчлахаа болино”, “Төрийн тогтолцоогоо өөрчлөх хэрэг гарна”, “Томоохон төслүүд ШХАБ-ын хүрээнд жигдрээгүй”, “Хоёр хөршөөс хамааралтай болно” г.м тэнэг тэнэг юм ярьдаг олон баагий байсаар байхад яагаад ганц муу охиныг ялгаж “зодоод” байгаам ? гэж асуух гэж байгааг чинь мэдэж л байна. Яагаад гэвэл Болушка охин энэ бүхний координатор хийж байснаас гадна түүний бичвэр бусад баагийнуудын үзэл санааг хамгийн тод томруун илэрхийлж байгаа болоод тэр…
ШАХБ-ын маргааны үеэр би нэг өгүүлэл бичсэнээс бусдаар тэр балай хэрүүл маргаанд нь оролцоогүй юм.
Ингээд мөрөөрөө явж байтал дайралт огт өөр зүгээс ирдэг байна ш дээ. Болушка охин: ”Би амлаж авъя. Ямар юмных нь системийн шинжилгээ гэж ийм юм бдын” гэж над руу дайрав. Энэ миний бичсэн “Яагаад заавал социализм гэж ?!” өгүүллийг хэлж байгаа нь тэр. Намайг тэр өгүүлэлдээ “Венесуэлийг магтсан” гэж гүтгэх гээд хэл ам нь загатнаад байгаа хэрэг л дээ. Ингэмэгц нь би нусгай пацаануудад: “Хэрэв чадал чинь байгаад хоншоор чинь хүрвэл миний өгүүллийн эсрэг үндэслэлээ гаргахыг чинь хүлээж б/а. Энэ бол та нар шиг тэнэг лаларууд бардаг, чаддаг ажил биш” гэж хариулсан юм.
“Ямар юмных нь системийн шинжилгээ гэж ийм юм бдын” гэдгийг би доромжлол гэж хүлээн авч байна. Системийн анализыг 20-30 жил нүдээ ширгэтэл, бөгсөө эргэтэл сууж, судалж сурдаг болохоос бардам ам банди нар, шалдан гуя охидын твитерээр чалчдаг, зугаагаа гаргадаг эрдэм биш юм. Иймээс би Болушка охины бичвэрийг шүүмжилж, түүний дайралтад хариу өгч байгаа юм.
Энэ өгүүллийг би 4 цагийн дотор бичив. Намайг шүүмжлэгчид залуу насаараа надад гайхуулж болох авч ажил хийх чадвараараа би 10-30 чалчаа сэхээтнээс илүү гарч чадна. Тэгээд чаддаг юм бол Та нар маргааш, нөгөөдөр хоёрт багтаагаад намайг шүүмжлээд биччих л дээ, муусайн нусан буунууд…
Юуны түрүүнд хоёр том хөрштэйгээ аятай, эвтэй байя гэсэн хүнийг Та нар ер нь яахийм ?!
Судлаач Х.Д.Ганхуяг.
2018 оны 07 дугаар сарын 23.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

9 Responses to БОЛУШКА ОХИНЫ “БОЛИОШ ДЭЭ” ГЭДЭГ ГЕОПОЛИТИКИЙН ТОГЛООМ

  1. Bolushka says:

    Барууны үзэл суртлыг ухуулагч л гэж хардаг даа

  2. Үүрцайх says:

    Миний хальт сонирхож уншиж ойлгосноор барууныг далд удирддаг нууц ноёд нь их аюултай, хүчтэй, сэтгэц эрүүл бус, хүн чанаргүй “харь хүмүүс” байдаг санагдсан. 3-p дайн эхлүүлж, дэлхийн хүн амыг цөөлж, өөрсдийн бүрэн ноёрхол мөлжлөгөө тогтоох санаархалтай (банкны систем нэг аргачлал нь ). Миний үеийн залуучууд америк кино үзэж доллар шүтэж өссөн нь их гүн гүнзгий ухамсарт нь нэвчээд, барууны бузар хорт үйлдлүүдийг харахгүй болсон байна лээ. Оросыг одоо байнга тв медиа гаараа Гаддафи, Садам Хуссэйныг муулдаг байсан шигээ мангас дайсан мэт үзүүлж тархи угаадаг болсон нь нөлөөлж байгаа бх. Би хувьдаа хаа холын улсуудыг дагаж далдаганахаар өөрсдийн тивийг арай илүү хайрлах хөршүүдтэйгээ эвтэйхэн учраа олоод ухаантай байвал дунд нь байгаад байхаар гэж боддог. Өөдөөс нь сөрөх хүчтэй хоёр улсын дунд байгаа нь дажгүй санагддаг. I don’t trust America and democracy anymore. Гэхдээ би мэдээж энэ бүхнийг бас бодож байгаагаа яг зөв эсэхийг мэдэхгүй л дээ. Миний сонирхдог мэддэг сэдэв нь улс төр биш эмоци.

  3. SAinaa says:

    Sainaa

    Сайн байна уу Гана ах

    Таны үндэслэлтай юмыг унших ч гоё доо байна даа.

  4. Anonymous says:

    bolushka gej yun hun haanaas garaad irevee

  5. Anonymous says:

    БааБар version 2.0

  6. Anonymous says:

    1r kursiin oyutnii hemjeenii yum bichdeg huntei sorgoldoh shaardlaga baisan yumuu

    • Ганаа says:

      Тэр шалтгаанаа би өгүүлэл дотроо нэн тодорхой тайлбарласан. Чи анзаараагүй бололтой…

  7. Anonymous says:

    Нэрээ нуусан Болушка гэгч, хүүхэлдэй ч юм шиг нэртэй нөхөр санаа коргоор бурах гэж байж Ганаа ахын үндэслэл, нотолгоонд нам тавиуллаа. Ганаа ах та иймэрхүү хуурмаг зүйлсээр тархи угааж байгаа нөхдийн боольхойг ингэж сайхан нарийн гаргаж өгсөнд баярлалаа. Таны нийтлэлүүд байгаа цагт миний амьдрал арай ч сонирхолтой шүү.

  8. Гүрээ says:

    Нүд нээж өгч, хуурмаг зүйлсээр тархи угаахаас хамгаалж өгсөнд баярлалаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: