СИСТЕМ ХИЙГЭЭД АНТИСИСТЕМИЙН ТУХАЙ…

1997 оны сүүлээр би хоёр нөхрийн хамт “манай улс төрийн систем гажиг хямралд оржээ” гэсэн дүгнэлт бүхий ном (“Монгол Улсын төрийн байгууллагуудын чадавхи: ардчилсан засаглалыг төгөлдөржүүлэх шаардлага, боломж” УБ. 1998) болон хэд хэдэн шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ад үзэгдэн, олон жил нохой шиг хөөгдөж явсан цаг саяхан. Харин одоо амтай болгон системийн хямрал, системийн өөрчлөлтийн тухай ярих болж, бараг надад лекц унших шинжтэй. Хамаг юм нэгэнт тартагтаа тулсан өнөө үед буюу уг асуудлыг анх дэвшүүлснээс хойш бараг 20 жилийн дараа манайхан “ойлгож” байгааг “ухаарал” гэж үзэхээс өөр аргагүй.
Гэвч ерөөс системийн хямрал, ерөөс системийн өөрчлөлт гэж байдаггүй гэдгийг манай ихэнхи сэхээтнүүд мартаж байна. Нэгэнт бид дэлхийн систем яриагүй, бүс нутгийн систем яриагүй тохиолдолд системийн хямрал, системийн өөрчлөлт гэсэн ерөнхий агуулга биш, харин тов тодорхой Монголын нийгэм-улс төрийн систем, түүний хямрал, түүнийг өөрчлөх шинэ системийн тухай ярих ёстой. Эдүгээ чухам үүнийг мартаж, тойрч яриад байгаа учраас энэ талаар саналаа өгүүлэхийг өөрийн үүрэг гэж үзэв…

Улс төрийн хүрээ буюу байгууламжийн тухай
“Улс төрийн бодлого бол эдийн засгийн бодлогын төвлөрсөн илэрхийлэл мөн” гэсэн В.И.Лениний үндэслэлийг өнө хир няцаасан хүн үгүй. Мөн Карл Поперын: “Эдийн засгийн эрх мэдэл гэж үгүй, харин зөвхөн улс төрийн эрх мэдэл гэж бий” гэсэн санааг мөн л няцаах хүн цөөхөн.
Хэрэв дээрх үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөх аваас улс төрийн хүрээ нь эдийн засаг болон бусад хүрээнээсээ урган гарсан боловч голлох, тэргүүлэх ач холбогдолтой юм.
Улс төрийн хүрээ буюу дэд системийг товойлгон авч үзсэнээр эдийн засгийн, социал, оюун санааны хүрээг “орхино” гэсэн хэрэг биш бөгөөд манай тохиолдолд бусад хүрээг улс төрд нөлөөлөгч хүчин зүйл мэтээр хийвэрлэж байгааг мартаж огт болохгүй.
Эхлээд бид “улс төр” гэсэн нэр томъёог хэрхэн ойлгодгийг авч үзэх нь зүйтэй. Учир нь Барууны болон Зүүний ойлголтууд яг таг таардаггүй юм. Ухаандаа англи хэлт орнууд “улс төр” гэдгийг: 1. Нийгмийн улс төрийн хүрээ (politics), 2. Улс төрийн байгууламж (polity), 3. Засаглалын янз бүрийн бүтцийн явуулж буй улс төрийн стратеги (policy) гэж ялган авч үздэг.
Харин орос баримжаат орнууд “улс төр” гэдгийг: 1. Нийгмийн улс төрийн амьдрал, 2. Тодорхой хүрээн дэх үйл ажиллагааны стратеги, 3. Нийгмийн ажил хэргийг удирдах, 3. Эрх мэдлийн төлөө тэмцэл, 4. Нийгмийн ухамсрын хэлбэр гэж ялган авч үздэг.
Энд аль нь “зөв”, аль нь “буруу” болох тухай яриа маргаан хэрхэвч байж болохгүй нь мэдээж хэрэг. Энэ удаад би Барууны “улс төрийн байгууламж” (polity), Зүүний “эрх мэдлийн төлөө тэмцэл” гэсэн ойлголтод түлхүү ач холбогдол өгч байгаа.
Улс төрийн хүрээ буюу дэд систем нь: эрх мэдэл, төр, хууль, арми, засгийн газар, ардчилал, парламент, нам гэсэн бүрдэл буюу институцээс бүрддэг.
Манай тохиолдолд эдгээрээс эрх мэдэл, хууль, арми, ардчилал гэсэн институтыг “хасан тооцож”, төр, парламент, засгийн газар, нам гэсэн институтыг гол, тэргүүлэх хүчин зүйл (фактор) гэж авч үзэж болно. Учир нь эрх мэдэл, хууль, арми, ардчилал гэсэн институтуудыг төр, засгийн газар, парламент, нам гэсэн институт дотор “багтаан” судлах боломжтой.
Ийнхүү бид “нийгэм-систем” – “4 хүрээ буюу дэд систем” – “улс төрийн хүрээ” гэсэн хийсвэрлэн “хасах” шилжилт хийснээр парламент, засгийн газар, нам гэсэн 3 институттэй “үлдэж” байна. Одоо бид ярих дуртай, ярьж заншсан зүйл рүүгээ ойртож байна. Энэ аргыг шинжлэх ухаанд “дэс дараалан ойртох” гэж нэрлэдэг.
Систем, антисистем хийгээд химерын тухай…
Энийг чинь мэдэхгүй хэн байсийм ?, Ийм амархан байсан юм уу ?, Хоосон онолдоод л, Худлаа мэдэмхийрээд л гэж сэхээтэн нэртүүд хэлэх байх. Тийм биш л дээ…
Чухам одоо л мэдэхгүй юм руу чинь орж, түүнийг механизмын тухай бичих гэж байна…
Ухаандаа МАНАН гэсэн ойлголтыг олон хүн “сайн мэднэ” гэж хэлэх байх. Үнэндээ бол тийм биш. МАНАН гэдгийг: 1. МАН, АН-ын хамтран байгуулсан төрийн бус байгууллага, 2. МАН, АН хоёр намыг нийлүүлж, хамтруулсан нийлбэр, 3. Бизнес улс төрийн олигархи хэсэг, 4. МАН, АН-ын удирдах “толгой” хэсэг, 5. 30 гэр бүл гэж манайхан хэд хэдэн янзаар ойлгож хэрэглэдэг. Аль нь юм ? Энд хариулахад түвэгтэй. Нэг талаасаа аль аль нь мөн, нөгөө талаасаа аль нэг нь манай бодит байдалд илүү дүйнэ. “Сонгоход” хэцүү л дээ. Энэ тохиолдолд хэрэв судалгаа хийж байгаа бол “үндсэн ойлголтод тайлбар өгөх” аргыг хэрэглэдэг. Бид энэ удаад хялбарчлах үүднээс дээрх ойлголтууд дундаас бидний ажилд хамгийн их дүйсэн “ажлын” утгыг сонгон авах нь илүү ойлгомжтой гэж санаж байна. Энэ бол: “МАНАН бол МАН, АН хоёрын нэгдэн нийлсэн удирдах дээд буюу “толгой” хэсэг мөн” тодорхойлолт бөгөөд энэ агуулгыг бид цаашид хэрэглэнэ.
Цаашаа “төр” гэдэг бол Ерөнхийлөгч, УИХ, Засгийн Газар гэдгийг, мөн эдгээр нь “онолын” хувьд, хуулийн хувьд яаж ажиллах ёстойг хүн бүр “мэднэ”. Харин манай улс төрийн систем бүхэлдээ “системийн гадуурх бүрдэл” буюу “химер” хэмээгдэх паразитуудад идэгдсэн “антисистем” болон хувирсныг болон тэрхүү антисистем болон химерүүд улс үндэстнийг хэрхэн яаж, сүйтгэдэг механизмын тухай ор тас мэдэхгүй.
Энд дурдсан “системийн гадуурх бүрдэл”, “антисистем”, “химер” гэх ойлголтууд нь шинжлэх ухааны нэр томъёо гэдгийг онцлон дурдаж байна. Энэ талаар би “Монголын антисистем хийгээд химерүүд” 2015.11.04 өгүүлэлдээ тодорхой дурдсан. https://ganaa.mn/2015/11/04/ifiwugysgdhaugu/
Сонирхуулахад “химера” гэдэг нь грек домогт өгүүлснээр арслан толгой хүзүүтэй, ямаан биетэй, могой сүүлтэй хамгийн муу ёрын амьтан юм. Монголоор бол “бирд” гэсэнтэй их дөхөж очно. Монгол домог ёсоор бирд бол гурван муу заяаны хоёрдугаар өлөн чөтгөр бөгөөд том гэдэстэй, зүүний сүвэгч шиг нарийхан хоолойтой авч үргэлж уух идэхийг мөрөөдөж байдаг муу ёрын амьтан юм. Ер нь химерийг монголоор бирд гээд оноож хэвшсэн ч буруудахгүй.
Антисистем гэдэг бол нийгмийн гишүүдэд нийтлэг ертөнцийг үзэх үзлийг сөрсөн сөрөг үзэл бодол, үйлдэлтэй хүмүүсийн системлэг бүхэллэг юм. Химерүүд бол нийгэм, үндэстнийг сорж, шулж, ханаж идэхийн хамт бие биенээ байнга алж иддэг, чингэхдээ дуустал иддэг нийгмийн паразитууд юм. Системийн гадуурх бүрдэл хэсэг гэдэг бол гадна талаасаа системийн нэг хэсэг мэт харагдах боловч үйл хөдлөлөөрөө системийн эсрэг, системийг эвдэгч хүчин зүйл болж байдаг тэрхүү бүрдлүүд болно.
Химерүүдийн үйлдлийн улмаас үүссэн антисистем болон системийн гадуурх бүрдлүүд эсвэл заавал цус урсгасан мөргөлдөөн өдөөж байдаг, эсвэл химерүүд хөрш угсаатны золиос болдог гэдгийг Л.Н.Гумилёв олон удаа онцлон дурдаж байсан.
Монголд төр засаг гэж аль эрт байхгүй болсон бөгөөд эрх баригч нэртэй химерүүд хуваарьгүй ноёрхон, антисистем, системийн гадуурх бүрдэл хэсэг болж хувираад Монголын нийгэм-систем, үндэстнийг хорлон хөнөөж байна. Монголын өнөөгийн төр, намууд бол антисистем, системийн гадуурх бүрдэл, өнөөгийн эрх баригчид бол химерүүд мөнөөсөө мөн.
Манай улс төрийн системийг бүр анхнаас нь сайн санаа, ирмүүн хүсэл тэмүүллийн үүднээс бүтээсэн “зөв” систем гэдэг нь эргэлзээгүй. Гэвч хөгжлийн явцад систем дотор, жишээлбэл нам, төрийн дотор эхлээд ганц нэг элемент химер болж, антисистемийн шинж чанарыг олсон ба үүнийг цаг тухайд нь засан залруулж чадаагүй, хүсээгүй, амжаагүйн улмаас яваандаа химерийн бүлэг болж, бүхэллэг антисистем, системийн гадуурх бүрдэл болон бүрэлдэж тогтсон юм. Нөгөө талаас анхдагч улс төрийн систем дотор химер хийгээд антисистем үүсэн бүрэлдэх “системийн цоорхой” анхнаасаа байсан гэсэн хэрэг. Үүнийг Үндсэн Хуультай холбогдуулан хэлж болно.
Манайд бугшин нэвтэрсэн антисистемийг системийн үндсэн ойлголтуудыг ашиглан шинжилж, үндсэн системээс гажсан, зөрсөн, эсрэгцсэн баримтуудыг гаргаж ирэх нь бидний танин мэдэхүйн зорилт мөн. Биологиор зүйрлэвэл өнгөц харахад эрүүл систем, өвчтэй буюу антисистем хоёрыг ялгах боломж байхгүй, харин эрүүл эд эсийг хордсон эд эстэй харьцуулан жишиж баймаажин хорын хэмжээ, тархац, хор хөнөөлийг мэдэж болно.
Иймээс Монголын улс төрийн хүрээнд бугшин үүрлэсэн антисистемийг жинхэнэ систем мэтээр, системийн гадуурх бүрдэл хэсгийг бодит систем мэтээр, үндэстнийг сорон мөлжигч химерүүдийг жирийн иргэн мэтээр ойлгож, адилтган үзэх боломжгүй бөгөөд тийм шаардлага байхгүй. Бидний сэтгэлгээний гол алдаа чухам энд л буй…
Биологоор зүйрлэвэл хэрэв хорт хавдар үүссэн тохиолдолд организмын (системийн) эрүүл хэсэг бүхэлдээ хордохоос сэргийлэхийн хамт хорт хавдар бүхий хэсгийг (антисистем хийгээд химерийг) мэс заслын болон бусад аргаар устгадаг. Нийгэм үүнтэй л адил.
“Мэддэг” ил, “мэддэггүй” далд ойлголтуудын тухай
УИХ 76 гишүүнээс бүрдэнэ гэсэн хуулийн заалт харьцангуй худал. Учир нь бие даасан гишүүдийг хасан тооцвол УИХ 76 намын гишүүнээс бүрдэх ба тэд нам намаараа ялгаран 2-3 хэсэг болдог.
УИХ асуудлыг олонхийн саналаар шийднэ гэх хуулийн заалт бас л харьцангуй худал. Асуудлыг намын бүлэг дээр шийддэг ба намын бүлгийн гол гол шийдвэрийг тухайн намын дээд байгууллага гаргадаг.
Улс төрийн намын шийдвэрийг хамтын удирдлагын дээд байгууллага гаргах дүрмийн заалт бий боловч үнэн хэрэг дээрээ МАН-д бол Удирдах Зөвлөл, АН-д бол Улс төрийн Зөвлөл шийдвэр гаргадаг. Бүр нарийвчлан авч үзвэл тухайн намын дарга, нарийн бичгийн дарга болон нөлөө бүхий цөөнхийн бүлэглэл урьдчилан гаргасан шийдвэрээ дээрх хамтын байгууллагуудад тулган хүлээлгэдэг.
Дээр дурдсан бүхэн ардчилсан “хуулийн хүрээнд” явагддаг учраас буруу гэх аргагүй ч чухам энд л антисистем хийгээд химер үүсэх цоорхой буюу хамгийн эмзэг цэг байдаг.
Бүдүүвчлэн хэлбэл ихэнхи тохиолдолд төрийн шийдвэрийг нам, намын шийдвэрийг түүний дарга нар дагнан гаргадаг. Манай практикт орь ганц дарга гэж байхгүй, монголын том дарга нар заавал өөрийн гэсэн бүлэгтэй байдаг ба энэхүү бүлэг нь албан ёсны болон албан бус гэж 2 хуваагдана. Даргыг дагасан албан ёсны бүлэг нь нам төрийн байгууллага дахь албан ёсны бүтэц дэх даргын талыг дагасан “олонхийн” бүлэг юм. Учир нь монголын ямар ч дарга албан ёсны бүтэц дэх өөрийн бүлгийг олонхи болгосон цорын ганц тохиолдолд л амжилт олох боломжтой. Харин албан бус бүлэг нь хувийн эрх ашгаараа нэгдэж, даргыгаа “бат нягт” тойрон хүрээлсэн, шийдвэрээ албан бусаар гаргадаг ноёлогч бүлэг юм. Гэхдээ албан болон албан бус бүлэгт нэгэн зэрэг “гишүүн” байж болох ба “хөдөлмөрийн хуваарийн” дагуу эдийн засаг-бизнесийн, хууль хүчний байгууллагын гэх мэт албан бус төрөлжсөн бүлэглэлүүд үүсдэг.
Сүүлийн үед нам төрийн ихэнхи шийдвэр албан тасалгаа танхимд биш, харин гадаад дотоодын ресторан, зочид буудал, амралт зугаалгын газруудад албан бус бүлгийн хүрээнд эхлэн гарах болсон. Эндээс гарсан шийдвэрийг албан ёсны болгон болгон “хувиргах” явдал үлдэх бөгөөд үүнийг албан ёсны бүлэг гүйцэлдүүлнэ. Энэ нь “системийн гадуурх бүрдэл” гэсэн ойлголтод хамаарна.
Системийн дотор орших атлаа системээс гадуур үйл ажиллагаа явуулдаг, системээс үл хамаарах, системд хүсэл зоригоо тулган хүлээлгэдэг хэсгийг “системийн гадуурх бүрдэл” гэж нэрлэдэг. Харин системийн гадуурх бүрдэл байнгын шинж чанартай болж, системтэй энэ зэрэгцэх түвшинд хүрч, улс төрийн хүрээ, улмаар нийгэм-системийн эсрэг тогтмол үйл ажиллагаа явуулдаг бүрдлийг “антисистем” гэнэ. Энэхүү антисистем дотор үржиж, түүнийг тэжээн тэтгэж буй химерүүд (бирдүүд) “албан ёсны”, “хууль ёсны” эрх мэдлийнхээ зэрэгцээ гадаадын эрх ашгийг илэрхийлсэн компрадор хөрөнгөтөн, үндэсний эрх ашгийг уландаа гишгэж амин хувийн эрх ашгийг эрхэмлэгч, явцуу олигархи цөөнхийн эрх ашгийг илэрхийлэгч болон хувирч системийг дотроос сульдаан доройтуулагч гол хүчин болсныг манай практик харуулж байна.
Химерийн зан үйлийн гол онцлог нь тэд өөр хоорондоо байнга бөгөөд тасралтгүй өрсөлдөн тэмцэлдэж, илүү их “хоол тэжээлийн” төлөө бие биенээ “идэн” устгадаг. Чухам энэ шалтгааны улмаас өнөөгийн хямрал, сүйрэл нүүрлээд буй.
УИХ дахь эдийн засаг, бизнесийн төлөөлөл тасралтгүй нэмэгдсээр УИХ тэр чигээрээ шахам эдийн засаг, бизнесийн төлөөллөөс бүрдэх болсон нь нэн аюулт үзэгдэл болно. Өнөөгийн УИХ-д 11 тэрбумтан, 58 том бизнесийн төлөөлөл байгаа нь манай УИХ төрийн байгууллага биш, хууль тогтоох шийдвэр гаргах байгууллага биш, харин олигархи бизнесийн тохиролцоо, зөвшилцөл, хуйвалдаан, зэрлэг өрсөлдөөний талбар болон хувирсныг илт харуулдаг. Ийм бүрэлдэхүүнтэй УИХ үндэсний болон ард түмний эрх ашгийг илэрхийлэх ямар ч боломжгүй. Мөн улс төрийн намууд төрийн шат шатны албан тушаалыг мөнгөөр үнэлэн зарах “зарчмаар” УИХ-ыг бүрдүүлсэн бол тийм УИХ-ыг хууль ёсны албан ёсны, легитим гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй.
Энэ тохиолдолд шийдвэр гаргасан нь хариуцлагаа хүлээдэг түгээмэл зарчим, зүй тогтлын дагуу намууд балмад шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээх ёстой. Чингэхдээ төрийн шийдвэрийг нам, намын шийдвэрийг дарга нар нь, мөн албан бус, хууль бус шийдвэр гаргах ажлыг зохион байгуулсан дарга болон түүний бүлэг хүлээх ёстой.
Дээр дурдсан үндэслэлүүдийг хүн бүр ямар нэг хэмжээгээр мэддэг авч үүнийгээ системчилдэггүй учраас олон хүн маш буруу гаргалгаа хийдэг. Зарим нь Үндсэн Хуулийг өөрчилнө гэнэ, зарим нь ард нийтийн санал асуулга явуулна гэнэ, зарим Ерөнхийлөгчийг огцруулна гэнэ, зарим нь УИХ-ыг тараана гэнэ, зарим нь Засгийн Газрыг огцруулна гэнэ, зарим нь намуудыг тараана гэнэ, зарим нь бүр нэр цохож байгаад шоронд хийж, дүүжилж ална гэх нь ч буй. Ингээд л нэгдсэн дүгнэлт шийдэл гаргаж, бодит үйлдэл хийж чадахгүй байгаа юм. Дашрамд дурдахад олон түмний “дүүжилж ална” гэсэн тодорхой нэрсийн жагсаалтад онцын их алдаа эндүүрэл байдаггүй юм. Энэ нь олон түмэн антисистем болон химерүүдийн хор хөнөөлийг зөн билгээрээ мэдээд, мэдрээд байгааг харуулдаг.
Дээр дурдсан “аргуудын” үндсэн дутагдал нь бид “албан” систем дотроо сэтгээд албан бус, системийн гадуурх бүрдэл, антисистем, химерийн хүрээнд сэтгэхгүй байгаад оршино.
Хэрэв энэ хүрээнд сэтгэвэл олигархи явцуу бүлгийн эрх ашгийн үүднээс гаргасан шийдвэрээ төрийн нэрээр гаргуулдаг, намын нэрээр гаргуулдаг системийн гадуурх бүрдэл, антисистемийг эвдэж, химерүүдийг зайлуулан устгах нь бидний гол зорилго болно. Энэ бол МАНАН гэдэг нь хэн бүхэнд тодорхой.
МАНАН-гийн тулгуурын тухай
Энд МАНАН юунд тулгуурладаг, яагаад ийм амь бөхтэй байдаг вэ? гэсэн нэн чухал асуулт үүснэ.
МАНАН-гийн гол тулгуур нь : 1.МАНАН-гийн зохион байгуулалтын шаталсан бүтэц, гажсан функци, 2. Бюрократ давхраа, 3. Том бизнесийн явцуу бүлэг, 4. Төрийн хууль хүчний байгууллагын бусармаг үйл ажиллагаа болно.
Гэвч өнөөдөр МАНАН-гийн улс төрийн системийн нуралт эхлэж байна. Чингэхдээ доороосоо биш, харин дээрээсээ, дотоод зөрчлөөсөө болж нурж байна. Энэ нуралтыг түргэтгэж, зөв, шударга систем тогтоох нь өнөөгийн цаг үеийн дуудлага (миссия) мөн.
Зөв, шударга систем тогтоох үйлс нь хувьсгал биш, харин улс төрийн системийн, ялангуяа төрийн байгуулалтын шинэчлэл (реформ) юм. Гэхдээ төрийн байгуулалтын реформыг намын байгуулалтын реформоос эхлэхгүй бол ямар ч өөрчлөлт гаргаж чадахгүй.
МАНАН-гийн зохион байгуулалтын бүтэц бол өөрөө бие даасан систем бөгөөд энэ систем төрийн системд нэвчин орсон “давхар бүтэцтэй” учраас хамгийн их аюултай. МАНАН-гийн зохион байгуулалтын бүтцэд яг тодорхой “эзэн” байдаггүй, гэхдээ хэн нэгэн удирдагч болон түүний бүлэг тодрон гарлаа гэхэд уг систем зөвхөн тэдэнд үйлчилж эхэлдэг учраас ихээхэн амь бөхтэй. МАНАН-гийн зохион байгуулалтын бүтцийг бүр мөсөн устгах боломж хомс. Гагцхүү түүний удирдах хэсгийн дотоод зөрчлийг ашиглан түүнийг ялж, “номонд нь оруулж” болно. Эсвэл МАН болон АН-ыг бүрмөсөн тарааж байж түүнээс салах боломжтой.
МАНАН-гийн бюрократ бүлэг цаг ямагт төр, засгийн болон намын бодлогын “төлөө” байдаг. Гэвч МАНАН-ын зохион байгуулалтын бүтэц шаталсан босоо болон зэргэлдээ хэвтээ хавтгайн аль алиндаа дотоод зөрчил ихтэй, бие биенээ сөрөн зогссон олон бүлгүүдэд хуваагддаг. Гэхдээ тэд хичнээн их зөрчилтэй байсан ч аль нэг “сайн удирдагч” хайдаг болохоос системээ бүхэлд нь эвдэх ямар ч сонирхолгүй. Учир нь энэ бол өнөөгийн бюрократ систем тэдний амьдрах арга бөгөөд энэ бол бюрократ давхрааны эрх ашиг юм. Гэвч МАНАН-гийн бюрократ давхраа даргыг шүтэх төрөлх зөн билэгтэй байдаг ба хэрэв дарга байхгүй тохиолдолд идэвхитэй, эрчимтэй үйлдэл хийх чадвараа алддаг.
Төрийн байгуулалтын шинэчлэлийн (реформ) тухай
Эндээс нэн тодорхой практик дүгнэлт гарна:
1. Төрийн байгуулалтын шинэчлэл (реформ) хийхийн тулд эхлээд хуучныг эвдэн зайлуулах ёстой.
2. Үеэ өнгөрөөсөн хуучин антисистемийг МАНАН үхэн хатан хамгаалж буй.
3. МАНАН антисистемийг түүний “толгой” хэсэг буюу химерүүд удирдаж, түүний нуралтыг аргацааж, торгоон барьж буй гол хүчин болно.
4. МАНАН антисистемийг удирддаг “толгой” буюу химерийн бүлэгт тоогоор цөөн ойролцоогоор “30 гэр бүл” хамаарна. (“30 гэр бүл” бол нэр томъёо бөгөөд тоо нь яг 30 байх албагүй)
5. Эхлээд химер “30 гэр бүлийн” дураар авирыг зогсоовол эсвэл МАНАН антисистемд эвдрэл гарна, эсвэл МАНАН антисистем ямар нэг хэмжээгээр цэвэршинэ.
6. МАНАН систем эвдрэх буюу цэвэршвэл улс төрийн намуудын систем эрүүлжилт эхлэнэ.
7. Улс төрийн намуудын систем эрүүлжвэл төрийн байгуулалтын шинэчлэл (реформ) хийх гол нөхцөл бүрэлдэнэ.
8. Төрийн байгуулалтын реформын зорилго бол антисистем болон системийн гадуурх бүрдлүүдийг зохион байгуулалтын хувьд устгаж, химерүүдийг зайлуулан тусгаарлах замаар шинэ, зөв шударга тоглолтын дүрэм тогтоож, түүнийгээ хэлбэрэлтгүй мөрдөх нийгэм, улс төр, эдийн засаг, сэтгэл зүйн нөхцөл бүрдүүлэх явдал мөн.
9. Улс төрийн системээ эрүүлжүүлээд авбал эдийн засаг, социал, оюун санааны бусад хүрээнүүд хар аяндаа цэвэршиж, зөв гольдрилдоо орно.
Энд би ямар ч “онол” яриагүй, мөн ямар ч хүний нэр дурдаагүй. Мэдэхгүйдээ биш, харин эхлээд антисистемийн механизмыг бүхэлд нь харуулах зорилгын үүднээс ингэсэн.
Улс төрийн реформын талаар дээр дурдсан дүгнэлт тус бүрийг цааш задлан ярих зайлшгүй шаардлага буй. Учир нь хуучныг эвдэх, шинийг бүтээх хоёрыг зэрэгцүүлэн, хавсруулан, хамтруулан үйлдэх ёстой нь мэдээж хэрэг. Манайхан шинийн тухай огт бодолгүйгээр юу юугүй эвдэнэ гэж дайрдаг хуучтай хүмүүс. Хэрэв 1990-ээд онд хуучин социализмыг эвдэхдээ шинэ ардчиллын тухай сайтар бодож төлөвлөж, үйлдсэн бол өнөөгийн системийн эвдрэл, сүйрлээс зайлсхийх боломж байсан гэдэгт би итгэдэг.
Иймээс МАНАН антисистемийг эвдэхдээ шинэ зөв, шударга систем бүтээх, цогцлоохыг цаг ямагт бодож байх нь зүйн хэрэг. Харин энэ бол “онолын” асуудал болно. “Онол” ч юу байхав, шинэ системийн тухай үзэл, санаа, концепци, төсөөлөл, түүнийг хэрэгжүүлэх арга, дэс дарааны тухай цогц төслийг би ийн нэрлэж байна.
Өнөөдөр улстөрд дуртай болгоны амны уншлага болоод байгаа Үндсэн Хуулийг өөрчилж, ингэснээрээ бүх лай ланчгийг өргөс авсан мэт алга болгох санаа бол ердөө л заль мэх мөн. Учир нь Үндсэн Хуулийг өөрчлөлт дангаараа МАНАН антисистемийг эвдлэх хүчин зүйл болж чадахгүйд байгаа юм. Шинэчлэл үүнээс “өөр юмнаас” эхлэх ёстой ба түүний эхний алхам нь химерүүдийг саармагжуулж, улмаар тусгаарлан зайлуулах явдал болно.
“Чи чаддаг юм бол тэр сүрхий шинэ концепцоо гаргаад үзүүлчих л дээ” гэж сэхээтэн нэртүүд баалах нь гарцаагүй. Нэг. Миний өмнөх олон бичвэрүүдэд өөрчлөлт хийх санаа их бага ямар нэг хэмжээгээр туссан, Хоёр. Шинэ концепцийг олон нийтэд зарлан тунхагласнаар биш, харин ажил хэрэг, бодит үйлс болсноор нь хэмждэг, Гурав. Зарлан тунхаглах цаг хараахан болоогүй, Дөрөв. Шинэ концепцийнхоо санааг би хулгайд алдаж, ажиллах чадваргүй толгойнуудыг “тэжээх” шаардлага надад байхгүй гэж хариулах байна.
Одоо Монголын сэхээтэн нэртүүд: “Чи муу мэддэг юм бол толгой химерүүдийг нэрлээдэх, яг яс тоог нь хэлээдэх”, “Чи чаддаг юм бол химерүүдтэй тэмцэх аргыг надад заагаад өг” гэж баараагүй загнана.
Хэрэв “өөрийн” химер, “хүний” химер гэж ялгаж тэнэгтэхээ болчихвол нэр болон тоог нь Та нар надаас илүү мэдэж байгаа. Яаж тэмцэх тухайд гэвэл төрийн эрх мэдлээс нь салгаж, намын эрх мэдлээс нь салган тусгаарлаж чадвал тэр химерүүд чинь зүгээр л “дугаар хорооны иргэн” болно…
Одоохондоо ийм л байна…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2018 оны 9 дүгээр сарын 1.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

11 Responses to СИСТЕМ ХИЙГЭЭД АНТИСИСТЕМИЙН ТУХАЙ…

  1. Би says:

    С.Баяр лав химерүүдийн нэг 30н гэр бүлийн нэг мөн юм бн

  2. Би says:

    Энэ химерүүд улс ард түмнийхээ дайсан болсон бгаагаа мэддэг боловуу
    Мэддэг бол өчүүхэн ч гэмших сэтгэл төрдөггүй гэж үү
    Энэ улс ард түмэн чнь өөрийг нь бий болгож тэтгэсэн аав ээж нь л гэсэн үг биздэ
    Дотроо юу гэж бодож энэ нүглээ цагаатгадаг зөвтгөл нь юу бдаг бол

    • Ганаа says:

      Огт үгүй. Тэд ухаантай,сайндаа эрх мэдэлд хүрсэн гэж өөрийгөө ойлгодог. Сонгуулийн болон бусад луйвар хийснээ “мартаж”, үйлдэл болгоноо “хууль ёсны” гэж үздэг. Үнэхээр ч хэлбэрийн хувьд олонхоороо баталсан хуулийн дагуу үйлдсэн мэт харагддаг. Эдийн засгийн луйвраа зах зээлийн өрсөлдөөний асуудал бөгөөд бас л “хууль ёсны” гэж тэд үздэг. Дотроо бол би “зөв юм” хийж байгаа гэж ойлгодог. Ийм учраас тэд биднээс огт өөр хүмүүс юм.

  3. Anonymous says:

    Баярлалаа, таньд амжилт хүсэе!

  4. Ц.Чойжамц says:

    Үндсэн хууль ѳѳрчлѳгдлѳѳ гээд дагавар хэдэн/500 орчим/ хууль л шинэчлэгдэх суухь болно, түүнээс биш нийгэм ба нийгмийн сэтгэл зүй шинэчлэгдэх суурь түлхэц болж чадахгүй.

  5. Anonymous says:

    Уг нь өнөөдөр зөв хөдөлж чадвал боломж тохироо бүрдсэн цаг үё ирээд байна л даа.Гэвч нөгөө ил далд орших антисистёмийн бүлэглэлүүд нийгэм даяар тоглолт хийгээд эхэлчээд ойлгоц дулимаг хуй салхи шиг болсон тогтворгүй үёийг ашиглан нийгэмд бужигнаан үүсгэж
    өөрсдийн улс төрийн эрх мэдэл намын нэр нөлөөгөө хадгалж үлдэх хүслийг дэвэргэх тэмцэл хийсээр байна гэж харж байна.Уг нь 90 0ны үёийг бодход өнөөгийн цаг үёд улс төрийн шинэчилэл хийж нийгэмийг цэвэрлэх боломж илүү л байх шиг санагдана.Намууд ТББ ууд Үндсэн хууль авилгал хээл хахуул газар шороо ярьж харийн цагаачидыг үзэн ядсан хараал зүхэлээр занимаалдсан лоозгонсон тэмцэл нь МАНАН бүлэглэлийн бүтээсэн систёмийг эвдэх биш харинч бэхжүүлхэд туслах үйлдэл болж байгааг ойлгохгүй.хоосон нэр хүнд анхдагч партизаан од хараацай хөрөнгө мөнгө мөрөөдсөн хүн бүр ямар нэг бүлэг байгуулан саланги саринсан тэмцэл хийснээр 28 жил гажуудсан төр нийгэмийг засах боломж байхгүй гэдгийг ойлгохгүй байгаад харамсаж байга!

  6. Бат says:

    Баярлалаа. Маш чухал зүйлийг хэлж өгчээ. Манай аваргууд авах байшаа.

  7. Anonymous says:

    маш зөв санагдчихлаа.

  8. SAinaa says:

    Автуус найгүй түгжрээд эртийд. Цөөвтөрхөн хүнтэй явсиймаа. Голцуу хичээл насны хүмүүс явж байлаа. Тоологдом хэдэн залуус. Хоёр эмэгтэйн яриа тэрүүхэндээ л хүнгэнээд байна. Яриагий нь сонсвол хүүхдийн юм уу, ямар нэг халамжийн мөнгө авах гээд очерлож очерлож очтол банк нь өнөөдрийн олголт дууссаан гэсэн хариу өгсөн болтой. Бухимджээ бухимдаж. Муу луйварлчид, өгөх гэж байгаа бол олигтойхон ч өгчиж чадахгүй, өөрсдөө бол цусалж байгаа даа, тэрбум тэрбумаар! новшнууд. Аль нь ч гарсан ялгаагүй. Хажуунаас нэг ах: Та нар өөрсдөө л сонгоо биз, тиймээ, 20000 мянга өгий гэхэд нь очоод л өгсөн байхаа. Муухай хорий нь малтсан. Тэндээс бас нэг ах: сонгохдоо биш, сонголтгүй болчихоод байна. Хэн ч ирсэн адилхан, адилхан хэрээнүүдээс алий нь сонгох юм. Тэгсэн нөгөө ах: тэгвэл сонгууль өгөхөө л байчих л даа. Новшнууд, луйварчид…. манай нийгмийн мухардал.

  9. Anonymous says:

    bayarlalaa

  10. Anonymous says:

    Ухаарал хайрласан танд их баярлалаа. Нээрээ л Үндсэн хуулиа дагалдах гол гол хуулиудын хамт солих нь өөрчлөлт авчрах нь тодорхой ч, цаад бохир уг үндэстэй нь эхэлж тэмцэхгүй бол хэлбэр төдий, зүсээ хувиргасан хуурмаг шинэчлэлт л болох юм байна. Нэгэнт тогтчихсон луйврын системийг задлах, нураах нь маш хүнд боловч үүнийг хийлгүйгээр бид урагшлахгүй, хөгжихгүй, шударга зарчмаар амьдрахгүй нь ойлгогдож байна. Гэвч юунаас эхлэх вэ? Энгийн ард иргэд, тэмцэлд голлох үүрэгтэй оролцох ёстой масс таны энэ сэдлийн цаад учир утгыг ойлгож ухаартал хэр хугацаа орох бол?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: