ТӨРИЙН ЗАДРАЛЫН ОНОЛ, ПРАКТИКИЙН АСУУДЛУУД

Ер нь ингэхэд манайд юу болоод байна ? Монгол хүн үүнд хариулах шиг амархан юм хорвоод үгүй. Захын монгол: “У.Хүрэлсүх, М.Энхболд хоёр л зодолдож байна” гэж, арай сэргэлэнүүд нь: “МАН, АН хоёр эрх мэдлийн төлөө байлдаж байна” гэж хариулж байна. Мөн “УИХ тар”, “Намууд тар” гэсэн хэдэн лоозон дэвшүүлчихээд орилолдож байна. Энэ нь хэдийгээр зөв чиглэмжтэй боловч бидний бүх үйлдэл ингэсгээд л дуусч байгаа юм. Гэвч нүдэнд илт харагдаж буй үзэгдэл юмсын цаана мөн чанар, агуулгын шинж чанартай зүй тогтол үйлчилдэг гэдгийг монголын сэхээтэн нэрт лаларууд мартаад олон жил болж байна. Үнэн хэрэг дээрээ Монголын төр хямралын байдлаас задрал нуралтын төлөв байдал руу орж, төр ёсны дэг журам мөхөл зөрчилд ороод байна. Энэ тухай товч өгүүлсү…

Фукуяма-гийн шинэ ном хийгээд дэлхийн байдал
Та бидний сайн мэдэх Фрэнсис Фукуяма 2016 онд “Улс төрийн дэг журам хийгээд улс төрийн уналт: Аж үйлдвэрийн хувьсгалаас ардчиллын даяаршил хүртэл” гэсэн бас нэг том бүтээл туурвижээ. Үүнд нь оросууд зохиогчийн зөвшөөрлөөр “Улс төрийн дэг журам бөхөхүй” гэсэн нэр өгч 2017 онд орос хэлээр хэвлэн гаргажээ. Эдүгээ энэ номыг дэлхий даяараа уншиж, шүүн хэлэлцэж байна. Гэхдээ Монголоос бусад оронд шүү дээ…
Дөнгөж саяхан буюу 1992 онд “Түүхийн төгсгөл ба сүүлчийн хүн” ном бичиж, Барууны төгс ялалтыг тунхаглан зарлаж дэлхий дахинаа алдаршиж байсан Фрэнсис Фукуяма өнөөдөр “Улс төрийн дэг журам бөхөхүй” ном бичиж ардчилалд учирсан даяар аюул заналын тухай бичих болсон нь юуны учир вэ ? Учир нь 1990-ээд оноос хойш маш олон зүйл өөрчлөгдөж, түүний онолын системд хамрагдаагүй байсан маш олон үзэгдэл, юмс шинээр бий болсонд оршино.
Эл бүтээлд Францын Их Хувьсгалаас эхлээд “арабын хавар” хүртэлх түүхэн том үйл явцуудыг авч үзсэн бөгөөд эдүгээ эрх мэдлийн бүтцийг тэр чигээр нь идэн сорж буй авилгын даяар хор хөнөөлийг зарим улс орны жишээ дээр нэн тодорхой үзүүлж, зарим бүс нутаг найдваргүй хоцорч, Барууны төрт ёс саажилтад орсныг өгүүлсэн байна. Үүнийг манайхан уншвал орчин үеийн маш олон үзэгдлийн учир шалтгааныг олох буй за…
2018 оны 10 дугаар сард Ф.Фукуяма: “Социализм эргэн ирэх ёстой” хэмээн мэдэгдэж, зарим асуудлаарх К.Марксын байр суурь зөв байсныг дурдах болжээ. Тухайлбал Ф.Фукуяма: “Өнөөгийн шатанд Карл Марксын хэлсэн зарим зүйл үнэн байжээ хэмээн би бодож байна” хэмээн мэдэгдэх болжээ. Өөрөөр хэлбэл хорвоо дэлхий 1990 оноос хойш танигдахын аргагүй их өөрчлөгдсөнийг Ф.Фукуяма анзаарч, онолдоо хүртэл засвар хийж байна. Ганц Ф.Фукуяма ч биш, бас Барууны маш олон эрдэмтэн 1990-ээд оны үзэл бодлоо эсвэл таягдан хаяж, эсвэл засвар оруулж байна.
Энэ аварга их өөрчлөлтийг дэлхий нийтээрээ анзаарч, анхаарч шуугиж байхад Монгол Улс ганцаараа 1990 оны үеийн “ардчиллын дуугаа” дуулж, мөн тэр үед ихэнхи улс орнууд аль хэдийн мөлжөөд хаячихсан “ардчиллын онол”-ын үлдэгдэл, хог шавхруугаар хооллож байна.
Энэ талаар монголын ихэнхи сэхээтэн ор тас мэдэхгүй, таг дуугай байна. Оюун сэтгэлгээний энэ хоосон орон зайг Э.Бат-Үүл мэтийн огтын боловсролгүй лаларууд бөглөхийг оролдож, “ардчиллын онолын” асуудлыг сурталдаж байгааг эс тооцвол энэ талаар анхаарч, ярьж, бичсэн сэхээтэн Монголд бараг үгүй байна.
Ер нь бол физикч Э.Бат-Үүлээр “онол” заалгана, тэр тусмаа 30 жилийн дараа ахин заалгана гэдэг бол нохойн замаар орохын баттай цондон мөн. Үнэндээ бол Монгол Улс “нохойн замаар” ордгоо орчихоод байна.
Шуудхан хэлэхэд 1990 оны ардчилсан хувьсгалыг удирдагч, манлайлагч, гардан хэрэгжүүлэгч нар одоо “онол монол” ярьж балайрч солиорохоо болих хэрэгтэй ш дээ !!! Монголын ардчиллыг нурааж, гутааж, сөнөөж хаячихаад одоо ямар үхснийхээ онолыг яриад байгаа юм ?! Шинэ үеийн “залуу онолчид” ч гэсэн уншсан, үзсэн, сонссон сурах бичиг, ном, гадаад туршлагуудыг эргүүлж ярихаасаа өмнө дэлхий дахинаа болон Монголд юу болж байгааг судалж, юмны зах зух гадарладаг болсон хойноо “элдэв онол” ярих хэрэгтэй л дээ. Ер нь юу ч уншдаггүй, юу ч судалдаггүй атлаа онолын нэр, номын нэр, зохиогчийн нэр гурвыг ярьж, гадаадад ийм тийм байдаг гэж цэцэрхэн “онол” хийх гэвэл тэр чинь огт бүтэхгүй.
1990-ээд оноос хойш эдүгээ хүртэл дэлхий дахинаа хөгжиж буй орнуудын төрийн тогтворгүй байдлын талаар асар их судалгаа явуулж, маш их маргаан мэтгэлцээн хийсний үндсэн дээр “чадваргүй төр” (failed states), “пара-төр” (гаж), “квази-төр” (хуурамч), “тогтворгүй төрт ёс”, “төрийн гаж байдал” гэхчлэн шинэ шинэ нэр томъёогоор илэрхийлсэн онол, үзэл баримтлал, концепци, онолын таамаглалууд “үй түмээрээ” гарчихаад байна. Үүнийг дэлхийн бүх улс гүрнүүд анхааралтай судлан, шүүн хэлэлцэж, гарц боломжоо ярилцаж, энэ асуудлаар ярилцаж, мэтгэлцэж байна. Гэтэл энэ аварга үйл явцад Монголын сэхээтэн нэрт лаларууд огт оролцохгүй, огт ярихгүй байна.
Дэлхий дахинаа зөвхөн “онол” яриад байгаа юм биш, олон асуудлыг практикийн хувьд шийдэж байна. Жишээ нь: Төрийн чадваргүй байдлын индекс (Fragile States Index, өмнө нь Failed States Index гэж нэрлэж байв) гэгчийг гаргадаг болсон байна. Үүнийг АНУ-ын Энх тайвны Сан, “Foreign Policy” сэтгүүл хамтран 2005 онд анх гаргаснаас хойш олон удаа нийтлээд байна. Төрийн чадваргүй байдлын индекс нь газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал хийгээд хүн ам зүй, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг хянах төр засгийн чадваргүй байдлыг илэрхийлдэг. Энэ үзүүлэлтээр Монгол Улс жил болгон ухарч байна. Эрхбиш иргэний дайн самуун, дүрвэх хөдөлгөөн, шашин, үндэстний мөргөлдөөн болоогүй тулдаа одоохондоо Монгол Улс “тогтвортой төр” гэсэн ангилалд арай ядан багтаж байна. Харин энэ чигээрээ байх аваас дараа жилээс “аюултай” гэсэн ангилал руу шилжих нь гарцаагүй.
Төрийн задралыг хэмжихүй
Монгол Улсын төр задран нурж байна. Үүнийг нотлох шиг амархан юм байхгүй. Ухаандаа үндэсний аюулгүй байдлын олон улсад хүлээн зөвшөөрсөн багц үзүүлэлт гэж буй. 16 орчим багц үзүүлэлтээс бүгдээрээ нэн аюултай түвшинд хүрээд байна. Эдийн засгийн аюулгүй байдал гэсэн 20 шахам багц үзүүлэлтүүд ч байдаг. Бүгдээрээ уначихсан. Дээр дурдсан Төрийн чадваргүй байдлын индекс байна. 16 багц үзүүлэлтээс ихэнхи нь аюултай түвшинд хүрээд байна. Энэ мэтчилэн дэлхий дахинаа нийтлэг байдлаар гаргадаг ардчиллын, эрх чөлөөний, авилгын гэх зэрэг олон индексээр Монгол улс шалдаа хүртэл унаж, ухарч, улам бүр бууран доройтож байна. Зарим баагий надаас “Чи чаддаг юм бол тэр индексүүдийнхээ бууралтыг надад үзүүл” гэж шаардана гэдгийг би сайн мэдэж байна. Үүнд би: “Битгий хуц, өөрсдөө нет ухаад үз” гэж хариулах байна. Би л лав оюуны залхууралд автсан тэнэг лаларуудад мэдээлэл халбагадаж өгөх үүрэг хүлээгээгүй.
Төрийн задрал нуралтыг дараах 16 багц үзүүлэлтээр хэмждэг:
• Тасралтгүй ажиллах чадвар
• Нэгдсэн шийдвэр гаргах чадвар
• Төр засгийн шийдвэрийн үр нөлөө, үр ашиг, үр дүнд хүрэх байдал
• Эдийн засгийн тэгш бус байдлын түвшин
• Эдийн засгийн нөхцөл байдал
• Эдийн засаг, нийгэм, оюун санааны хүрээг удирдах чадвар
• Төрийн гэмт хэрэгжсэн байдал
• Улс төрийн нам бүлэглэлүүдийн зөрчил тэмцэл
• Хүчний бүтэц ба элит хэсэг дэх тархай бутархай байдал
• Төрийн үйлчилгээний тоо хэмжээ, үр дүн
• Хууль биелүүлж буй байдал
• Хүний эрхийг хангаж буй байдал
• Сонгуулийн шударга байдал
• Төр засгийн хууль ёсны болон лигитим шинжийн сулрал
• Төр засгийн ард түмний итгэлийг хүлээсэн байдал
• Ард түмний дургүйцэл эсэргүүцэл
Эдгээр 16 багц үзүүлэлтийн тоо эрдэмтдийн хувийн үзэл бодлоос хамааран бага зэрэг нэмэгдэж, хасагддаг байна. Энд би элдэв “онол”, тайлбар, тоо баримт хэлэхгүй. Харин эдгээр 16 багц үзүүлэлт бүгдээрээ нэн аюултай түвшинд хүрч, Монголын төр задарч байна гэдгийг батлан хэлж чадна. Манай уншигчид үзүүлэлт болгоноор өөрийн үнэлэлт дүгнэлтийг өгч чадна гэж бодож байна. Ямар ч гэсэн эндээс “олигтой юм” гарах нь юу л бол ?!
Систем хийгээд сүлжээний тухай
Манайхан систем, системийн хямрал гэдгийг бараг 20 гаруй жил яриулж яриулж, одоо л нэг бүдэг бадаг төсөөлөлтэй болж байна. Энэ нь ч гэсэн шинжлэх ухаан, шинжлэх ухааны сэтгэлгээ гэдгийг мартаад олон арван жил болсны харгай мөнөөс гадна ард түмнээ мунхаг харанхуй болгосон төр засгийн харалган бодлого, үйлдлийн үр дүн мөн. Ер нь бол нийгмийн систем, улс төрийн систем гэсэн ойлголтууд ялгаатай байдаг бөгөөд бид шинэчлэл ярихдаа улс төрийн системийг ярьж буй.
Харин улс төрийн системийг нэн тодорхой агуулгаар улс төрийн сүлжээ гэж үзэж болно. Улс төрийн сүлжээ бол хүнийг гишүүнээр элсүүлдэг, тэдэнд үнэт зүйл, мөнгө, эд зүйл албан тушаал гэх мэт капитал хуваарилдаг, босоо чиглэлд шаталсан, хэвтээ чиглэлд зохицуулах бүтэцтэй байдаг бөгөөд үүнийг улс төрийн нам гэж нэрлэдэг. Улс төрийн намын толгой хэсэг цаг ямагт баяжин хөлжиж, бусдаасаа илт давуу баялаг, байр суурьтай болдог учир сүлжээний толгой хэсэгт орохын тулд үхэн хатан тэмцэлддэг.
Сурах бичгийн энэхүү энгийн ойлголтыг хар аяндаа ойлгомжтой зүйл гэж бодож байсан нь миний алдаа байж. МАНАН-гийн систем хямарч байна гэхийн оронд МАНАН-гийн сүлжээ нурж байна, сүлжээг бүхэлд эзлэх тэмцэл өрнөж, байлдаж байна гэвэл монгол хүн арай хялбар ойлгох юм байна.
МАНАН сүлжээ ингэж явсаар, аажим томорсоор байгаад байгаад нэг мэдсэн чинь 30-хан гэр бүлийн мэдэлд орчихжээ. Одоо бол сүлжээний бусад гишүүд орлого, баялаг, эд мөнгө, эрх мэдэл, байр суурь, албан тушаал, давуу байдал нэхэх болов. Эхэн үедээ энэ хэрэгцээ шаардлагыг яаж ийгээд хангаж чадаж байсан бол сүүлдээ чадахаа больж, сүлжээний бүх потенциал дуусав. Ингээд аливаа сүлжээ нуран унадаг хатуу зүй тогтлын дагуу эдүгээ МАНАН сүлжээ эвдрэн нурж байна.
МАНАН систем бол дээд удирдлагын явцуу цөөнхи эрх мэдэлтний байгуулсан, төр болон намын бүтэц дотор амь бөхтэй бугшин оршиж байдаг, босоо хатуу удирдлагатай, хэвтээ чанд зохицуулалттай, хэдхэн хүний хатуу чанд хяналтын дор байдаг МАНАН-гийн дээд дунд, анхан шатны боловсон хүчний армиас бүрдсэн аварга том сүлжээ мөн.
Иймээс МАНАН системийг эвдэнэ гэвэл түүний аль нэг шат, түвшингөөс эхлэх биш, харин бүх түвшинд зэрэг зэрэг цохилт өгч энэхүү амь бөхтэй сүлжээг эвдэж болно.
Ухаандаа УИХ дахь будлиан самууныг монголчууд сайн харж байгаа атлаа Нийслэлийн ИТХ гэсэн дунд шатны институт түүнийг даган самуурч ажиллах чадвараа бүрэн гээснийг бүрэн ухаарахгүй байна. Тэгвэл монголчууд яагаад НИТХ-ыг тарааж болохгүй гэж ?! Хэрэв нийслэлчүүдийн олонхи ажиллаж чадахгүй НИТХ-ыг тараана гэсэн санал гаргавал түүнийг тараах хуулийн заалт бэлхнээ буй. Аймгуудын ИТХ-ууд ч гэсэн үүнтэй адилхан МАНАН системийг бэхжүүлэн, хамгаалагчдаас бүрдсэн тэдний орон нутгийн отряд мөн.
Үнэн хэрэг дээрээ МАНАН сүлжээ хэн ч дийлэхийн аргагүй бат бөх зүйл биш. Учир нь тэд дотоод зөрчилдөө ялзартлаа идэгдсэн, дотроо 3-4 бүлэгт хуваагдан өрсөлдөн тэмцэлдэж буй, юу хийхээ мэдэхээ байж толгой нь эргэсэн, нэгдмэл удирдлага байхгүй, орон нутгийн хэдхэн феодалын мэдэлд буй явцуу цөөнхийн бүлэглэл болой. Мөн тэдний дотор шударга, үнэн зөв үйл хэргийн төлөө гэсэн санаа сэтгэлтэй хүмүүс цөөнгүй байгаа.
МАНАН дэглэмийн үйлдсэн хамгийн ноцтой гэмт хэрэг бол МАНАН-аас өөр, түүний сүлжээнээс гадуур улс төрийн шинэ нам хүчин, ТББ, хөдөлгөөн гарч ирэх бүхий л боломж нүх сүвийг хуульчлан хааж, өөрийн ноёрхлыг “мөнхөд” хадгалан үлдэх хууль, эрх зүйн гэмт орчин бүрдүүлсэн явдал мөн. Үүний нотолгоо нь УИХ даргыг халж сольж болдоггүй, түүнийг бие даасан институт болгон хувиргасан ноёрхлоо “үүрд” хадгалсан хууль мөн. Үүнийг монголчууд дөнгөж саяхан мэдсэн ба Ерөнхийлөгчийн санаачлагаар арай гэж өөрчилж байна. Тэр аяараа хориг саад, гох дэгээнээс бүрдсэн ийм адгийн хууль “үй түмээрээ” буй.
Ардчиллын зарчим, үнэт зүйлстэй огт үл нийцэх ийм новшийн хуулиудыг Н.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарын хуульч нэр зүүсэн МАНАН-гийн “эрх зүйн дарангуйлагч” нар хийдэг. Иймээс Н.Лүндээжанцан, Ц.Нямдорж, тэднийг “залгамжилсан” хуулчид бол МАНАН-гаасаа илүү аюултай, хорт могойнууд мөн.
Төр задарвал түүнийг халж сольдог
1990-ээд оноос Монголд нийгмийн баялгийн дахин хуваарилалт болж, капиталын анхны хуримтлал явагдаж, улмаар нийгмийн давхраажлыг үндэс сууриар нь өөрчилсөн юм.
Монголд явагдсан өмч хувьчлал банкны дээрмээс эхэлж, тэндээс олсон мөнгөөрөө үйлдвэр аж ахуйн газруудыг үнэгүйдүүлэн хувьчлах замаар хэрэгжиж эхэлсэн. Үүний үр дүнд өмнө нь засгийн эрхэнд байсан “эрх баригч” цөөнхи, тэдний танил тал, мөн гадаадынханд саймширсан цөөнхи бүлэг хүртсэн. Энэ бол зөвхөн эхлэл байлаа…
Банкны анхдагч дээрэм, үнэгүйдүүлсэн өмч хувьчлалын араас газрын наймаа, лицензийн наймаа гэсэн шинэ хувилбар бий болсон. Энэ талаар олон баримт хэлж болох авч товчоор бол Эх орноо үндсэнд нь зарж үрсэн юм.
Өнөөдөр үүний араас уул уурхайн том төсөл, уул уурхайн ордод түшиглэсэн луйврын бизнесийн сүлжээ нэмэгдэн Эх орноо бүр том, ил тодоор зарах болж энэ үйл явц эдүгээ ид явагдаж байна.
Банкны угсраа дээрэм, үнэгүйдүүлсэн өмч хувьчлал, газрын наймаа, лицензийн наймаа, уул уурхайн том төслийн дээрэм, уул уурхайн ордод түшиглэсэн луйврын сүлжээ бол Монголын “элит ангийн” эрх мэдэл, эд баялагт хүрсэн болон түүнийгээ хадгалан үлдэх буй үндсэн хэлбэрүүд мөн.
Эхэндээ үндэсний болон нийгмийн баялгийн хулгай, дээрэм, луйвар ганцаарчилсан, цөөн удаагийн, бага хэмжээтэй байсан бол эдүгээ нам дамжсан, олон этгээд оролцсон, олон удаагийн байнгын давтамж бүхий, гадаад, дотоод хүчин хавсран үйлддэг аварга том хэмжээнд хүрч төр засаг, намуудын явцуу дээд хэсгийг хамарсан бүхэл бүтэн сүлжээ болон хувирав.
Нийгмийн баялгийн дахин хуваарилалтын үр дүнд Монголын “элит анги” бүрэлдэн тогтжээ. Тэд бол үйлдвэрлэн бүтээх замаар биш, өмнө нь бэлэн байсан, мөн одоо байгаа нийгмийн болон байгалийн баялгийг завшин, дээрэмдэх замаар баяжсан явцуу бүлэг юм. Энд ахиад л “гадаад хүчин” зүйл гарч ирдэг. Учир нь Монголын “элит анги” АНУ-ын болон Барууны, Хятадын, Оросын, Японы гэх мэтчилэн гадаад нөлөөлөлд бүрэн автаж, Монгол үндэсний биш, гадаадын эрх ашгийг илэрхийлэгч олон хэсэгт хуваагдан, “компрадор” гэж нэрлэгдэх өөр хоорондоо байнга зөрчилдөн тэмцэлдэгч бүлгүүдэд хуваагддаг.
Өнөөдөр Монголд хоёр төрлийн, хоёр өөр тэмцэл болж байна. Нэгдэх нь олон жил хэвшиж тогтсон МАНАН систем-сүлжээний толгойд гарах гэсэн эрх мэдлийн төлөө тэмцэл. Энд Монгол Улсын нийгмийн болон байгалийн баялгийг торт мэт хэрчиж хуваан иддэг хуучин систем хэвээр үлдэх ба зөвхөн эзэн нь солигдоно. Энэ бол хуучны, үл гүйцэлдэх, мухардмал зам мөн.
Удаах нь МАНАН сүлжээг үндсээр нь эвдэн задалж, түүний оронд зөв шударга, нийт ард түмний оролцоо, хяналт бүхий улс төрийн дэвшилтэт шинэ тогтолцоо, тоглолтын шинэ дүрэм бий болгож, бодит бөгөөд жинхэнэ ардчилал тогтоох тэмцэл. Энэ бол шинэ, дэвшилтэт, ирээдүйтэй, зайлшгүй замнах ёстой хандлага бөгөөд үүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга эрс шинэчлэл (реформ) гэж нэрлэж буй.

Одоохондоо энэ хоёр тэмцэл өөр хоорондоо холилдож, сүлжилдэж, давхцсаны улмаас төдийлөн сайн ялгарч амжаагүй байна. Гэхдээ тун удахгүй ялгаран тодрох нь дамжиггүй.
Авилгалд идэгдэж, улс орныг бүрэн дампууралд хүргэсэн, нийгмийг удирдах ямар ч чадваргүй, дүр исгэсэн, хуурамч ардчиллыг тунхагласан, явцуу цөөнхи хуваарьгүй ноёрхсон бусармаг МАНАН тогтолцоог таягдан хаяж, түүний оронд ард түмний өргөн оролцоо, харилцан хяналт бүхий, зөв, шударга, дэвшилтэт шинэ улс төрийн тогтолцоо бүрдүүлэх нь Монголын ард түмний язгуур эрх ашиг, хүсэл сонирхолд бүрнээ нийцэх учраас Монгол орноо эрс шинэчлэлийн үзэл санаа амжилт олж, ялалтад хүрэх нь гарцаагүй. Энэ бол манай нийгмийн хөгжлийн жам ёсны бодит зүй тогтол мөн.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2019 оны 01 дүгээр сарын 23.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

9 Responses to ТӨРИЙН ЗАДРАЛЫН ОНОЛ, ПРАКТИКИЙН АСУУДЛУУД

  1. И says:

    Ашгүйдээ нэг юм хэлвүү. Ялах нь бол гарцаагүй болсон. Дараа нь яг яахуу гэдгээ ярихгүй байгаа нь л сонин байгаа юм даа.

  2. Маш их хүлээлттэй байлаа.Хүмүүс Монголын төрд ийм нөхцөл байдал үүссэнийг маш сайн ойлгож байгаа учраас Баттулгад л итгэж байна даа.

  3. Реформ хэрхэн эхлэх вэ? says:

    Мэргэн ахын ухааныг биширч байна. Зөв тогтолцооны суурь нь мэдээж хууль, хуулиудын орой дээр Үндсэн хууль байх нь ойлгомжтой. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрхэн явуулах, тэр өөрчлөлт нь МАНАН-г бэхжүүлэх өөрчлөлт биш байлгах нөхцлийг хэрхэн бүрдүүлэх, ухамсарт ухаан бодлоо нэгэнт гээчихсэн дийлэнх иргэддээ зайлшгүй тулгарч буй өөрчлөлтийг хэрхэн ойлгуулах вэ гээд шийдэх олон асуудал байгаа. Миний бодлоор “Ард түмний хэлэлцүүлэг” нэрээр луйвар, булхай явагдах магадлал өндөр. Тийм болохоор АИХ, УБХ гэсэн давхар парламентын систем яаралтай боловсруулаад, анхны АИХ нь Үндсэн хууль боловсруулах эрдэмтдийн баг, хэлэлцүүлэх хууль эрх зүйчдийн багийг томилж, тэр хугацаанд улс орны аж ахуйг хэн хамаарч хариуцаж ажиллахыг шийдэж байж цаашаа алхах болов уу. Америкийн систем буюу Ерөнхийлөгч нь ЗГ-аа бүрдүүлж, толгойлж, хариуцлагаа үүрдэг тогтолцоо л манай найдвар санагддаг.

  4. Есен says:

    Ганхуяг гуай бол бодит мэдлэгтэй хүн.

  5. Anonymous says:

    Ta heseg suraggui bailaa. Bie ni gauguin began gej sana zovloo. Bie sain bodooroi.

  6. Anonymous says:

    Аж vйлдвэрийн хувьсгалаас арлчиллын даяаршил хvpтэл номыг одоо уншиж байна. Интэрномд улстерийн тогтолцооны ялзрал нэрээр худалдагдаж байна билээ. Одоогийн монголыг зегнесен мэт бvтээл болсон байна.

  7. Мангас амь таьж байна…

  8. Anonymous says:

    үнэн ,үнэн

  9. Болд says:

    Сүлжээ, системийн нуралт цоорхойг ашиглан өнгөт хувьсгал руу хэлбийлгэн монголыг бүр АТОМЖУУЛАН дайсагналцуулах, ядаж амжаагүй аваагүй бизнес болгон бусдын байр суурийг эзлэх гэсэн цөөврүүдийн улиан зондоон л энд тэндгүй үзэгдэж идэвхжиж байна даа!!!

Leave a Reply to И Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: