ШИНЭХЭН ДАРГЫН ИЛТГЭЛИЙГ ШИНЖИХҮЙ…

УИХ-ын ээлжит бус чуулган эхлэв. Ер нь бол парламентын чуулганы нээлтийн үгүүдээс улс төрийн байр суурь, чиг хандлагыг тодорхойлж болдог. Ийм горьдлогын үүднээс УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатарын УИХ-ын ээлжит бус чуулганы нээлт дээр хэлсэн үгийг хамтдаа шинжлээд үзье…

УИХ-ын шинэхэн дарга Г.Занданшатар: “28 жил өнгөрсний дараа эргэн харахад…улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас ядуурал, өрийн гүнзгий хямралд улс орон нэрвэгджээ” гэсэн үндсэн дүгнэлт хийгээд, улмаар: “…Эх орныхоо ирээдүйн төлөө эв нэгдлийг эрхэмлэн, нэгдмэл цул байж, эдийн засгийн аюулгүй байдлаа хангаж, монгол хүний хөгжлийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна” гэж уриалаад “…эхний шатанд дараах үндсэн гурван чиглэлд анхаарлаа төвлөрүүлж, хүчээ нэгтгэж ажиллахыг эрхэм гишүүддээ уриалжээ.
Энд дурдсан: “улстөрчид хариуцлагагүй, эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого, төлөвлөгөөгүй ажиллаж байснаас” гүн гүнзгий хямрал болсон гэсэн дүгнэлт өнгөц харахад “зөв” мэт боловч асуудлын мөн чанарыг огт тусгаж чадсангүй.
Үнэндээ бол: Монголын улс төрчид нам болон төрийг худалдаж авч, эрх мэдлээ үүрд хадгалах арга замаар байгалийн болон нийгмийн баялгийг цөлмөн хулгайлж, Монгол төрийг явцуу цөөнхийн баяжиж хөлжих хэрэгсэл болгож хувиргасны улмаас” хямрал болсон юм. Нэгэнт эхний дүгнэлт шал буруу учраас гаргалгаа, зорилт, зорилго нь буруу байдаг жамтай…
Ноён Г.Занданшатар: “монгол хүний хөгжлийн төлөө ХҮЧЭЭ НЭГТГЭН ажиллахыг цаг үе биднээс шаардаж байна” гэж зорилгынхоо үндэслэлийг томъёолж байна. Энэ бол “гоё” сонсогддог ч тун чиг зальхай үг юм.
Хэн хүчээ нэгтгэх ёстой гэж ?! Улс орныг “ядуурал, өрийн гүнзгий хямралд нэрвэгдүүлсэн” өнөөгийн УИХ хүчээ нэгтгэхийг ярьж байна уу ?, эсвэл нийт ард түмэн хүчээ нэгтгэхийг ярьж байна уу ? гэдгээс бүх асуудал хамаарна. Гэтэл Г.Занданшатар зөвхөн УИХ гишүүддээ хандан уриалж, ард түмнийг огт дурдсангүй.
Үнэндээ бол: УИХ-ын гишүүд хүчээ нэгтгэх нь бүү хэл, УИХ хэвийн ажиллах чадвараа бүрэн алдсаныг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Таг зогсож ямбийрсан машины хаазыг гишгэж “хүч авахыг” оролдох нь тэнэг хэрэг. Г.Занданшатарын “УИХ хүчээ нэгтгэх” уриа лоозон үүнээс ялгарах зүйл үгүй. Одоо манай ард түмэнд УИХ “хүчээ нэгтгэхийг” харах, хүлээх л үлдэж байна…
Ингээд ноён Г.Занданшатар: “Эхний шатанд хэрэгжүүлбэл зохих гурван зорилт дэвшүүлжээ.
Нэгдүгээрт. Парламентат ёсыг төлөвшүүлж парламентын засаглалыг бэхжүүлэх, парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Ноён Г.Занданшатар: “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд парламентын хуралдааны дэгийн асуудлаар олон улсын парламентын жишиг, чиг хандлагатай харьцуулсан иж бүрэн судалгаа шинжилгээг анх удаа хийж дуусгалаа…Ийнхүү олон улсын парламентын туршлагыг өөрийн орны парламентын хуралдааны дэг журамтай харьцуулан судалсны эцэст парламентын шинэчлэлийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болжээ гэсэн дүгнэлтэд хүрлээ” хэмээн дүгнэж байна.
Ийнхүү ноён Г.Занданшатарын ярьж буй “парламентын шинэчлэл” гэдэг нь “парламентын хуралдааны дэг журмын” асуудал болон “хувирч” байна. Энэ хачин жигтэй хувирлын үр дүнд монголчууд бид “парламентын шинэчлэл” бол “парламентын дэг журмын шинэчлэл мөн” гэсэн ямар ч утгагүй ганцхан томъёололтой үлдэж байна.
Үнэндээ бол: “парламентын шинэчлэл” бол “парламентын дэг журмын шинэчлэлээс” хэлбэр, агуулга, багтаамжийн хувьд хамаагүй том, нүсэр асуудал юм. Энд Г.Занданшатар айхтар сүрхий заль мэх хэрэглэж байна.
Цаашаа ноён Г.Занданшатар: ”Улсын Их Хурлын 2002 оны 22 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Их Хурлын стратеги төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулж, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ахлан ажиллаж байна” гэж “гайхуулж” байна.
УИХ-ын 2002 оны тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг 2018 онд байгуулсныг “гайхуулах” ямар ч шаардлага байхгүй. Энэ нь УИХ-ын арчаагүй дампуу, тэнэг үйл ажиллагааг нотлохоос биш, “гайхуулах бахархах” зүйл огт биш…
Үнэндээ бол: Г.Занданшатар “парламентыг шинэчлэх” том зорилтыг “парламентын дэг журмын шинэчлэл”-ээр сольж, мөн УИХ-ын 2002 оны тогтоолын хэрэгжилтийг 2018 хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсантай хольж, адгийн заль мэх хэрэглэж байна.
Хоёрдугаарт. Парламентыг хариуцлагатай, сахилгатай болгох, ард түмний засаглах эрхийг хангах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, хэрэгжүүлэх цаг нэгэнт болсон байна.
Ноён Г.Занданшатарын энэхүү хоёр дахь зорилт нь нэгдүгээрт, улиг болсон хуучин зүйл, хоёр дугаарт, бас л новшийн хуучин заль мэх юм. Учир нь Г.Занданшатар олон жил ярьсан атлаа огт хэрэгжээгүй улиг болсон хуучин дүгнэлтийг Үндсэн Хууль өөрчлөх шинэ дүгнэлтээр халхлах гэж оролдож байна.
Үнэндээ бол: “парламентыг хариуцлагатай, сахилгатай болгох” зорилт нь “Үндсэн Хуулийн өөрчлөлт хийх” зорилтын дэргэд тун “өчүүхэн жижиг” асуудал юм. Учир нь Үндсэн Хуулийн шинэчлэл бол Монгол Улсын төрийн, нийгмийн байгууламжийг бүхэлд нь хөндсөн хамгийн том асуудал юм. Хэрэв Үндсэн Хуулийг өөрчилнө гэвэл төр, нийгмийн байгууламжийг бүхэлд нь авч үзэх шаардлагатай бөгөөд төр нийгмийн байгууламж гэдэгт парламентаас гадна Ерөнхийлөгч, Засгийн Газар, улс төрийн намууд, сонгууль зэрэг маш олон асуудал багтдаг.
Ноён Г.Занданшатар нам, сонгууль зэрэг шинэчлэлээ хүлээсэн амин чухал асуудлын талаар ганц ч үг ганхийхгүй атлаа ганцхан парламентыг шинэчлэх асуудлыг улиг болтол ярьж, Үндсэн Хуулийн шинэчлэлийг парламентыг хариуцлагатай, сахилгатай болгох асуудалтай хольж бантан хутгаж байна. Ийм заль мэхээр өнөөгийн дампуу парламентыг аврах боломжгүй…
Ноён Г.Занданшатар: “эрдэмтэн судлаачдын баг 11 удаа хуралдаж, саналын хувилбар, түүний үндэслэл тайлбар бүхий 93 хуудас материалыг Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Д.Лүндээжанцанд хүлээлгэн өгсөн” гэж “гайхуулж” байна.
Ноён Г.Занданшатарын олон жил сурталчилж, нотлож, ивээн тэтгэж ирсэн “Зөвлөлдөх ардчиллынхан” 2017 онд Ц.Элбэгдоржийн бүхий л үйл ажиллагаанд онцсайн дүн тавьж олныг гайхашруулснаас гадна Ерөнхийлөгчийн сонгуультай яг зэрэгцүүлэн Д.Лүндээжанцантай хамтран “Зөвлөлдөх санал асуулга” гэгч жүжиг найруулан тавьж, Үндсэн Хуулийг хулгайгаар өөрчлөх гэсэн хорт оролдлогоо одоо ахин зүтгүүлж байна.
Үнэндээ бол: Үндсэн Хуулийг өөрчлөх ажил хуулийн хорт могой, зальт үнэг Д.Лүндээжанцангийн мэдэлд байгаа тохиолдолд шинэ Үндсэн Хууль бүтэлтэй, олигтой болно гэж найдах ямар ч үндэслэл байхгүй…
Гуравдугаарт. Парламентын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх нь нэн чухал болоод байна.
Ноён Г.Занданшатар: “хууль хяналтын байгууллагуудад хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхээ хэтрүүлсэн, иргэдтэй зүй бус харилцаж Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон эрх, эрх чөлөөг нь зөрчсөн хуулийн байгууллагын алба хаагчидтай холбоотой гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах хараат бус, бие даасан байгууллага байгуулах асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг” байгуулснаа зарлав.
Үүнийг олон хүн “зөв” гэж магадгүй боловч судлаач хүн өрөөсгөл бөгөөд дутуу гэж дүгнэх нь гарцаагүй. Учир нь УИХ “муу муухай” хууль, хяналтын байгууллагуудыг шалгаж, албан тушаалтнуудад “хариуцлага тооцно” гэсэн атлаа хамгийн “муу муухай”-ийн үүр оромж болсон УИХ, түүний гишүүдийг яах талаар юу ч ярьсангүй.
Үнэндээ бол: парламентын хяналт шалгалт гэдэг нь бусад байгууллагыг шалгах, өөрийгөө шалгаж дотоод хяналт хэрэгжүүлэх гэсэн 2 том хэсгээс бүрддэг атал ноён Г.Занданшатар УИХ болон түүний гишүүдийн зан үйл, гэмт үйлдлийг шалгах асуудлыг ор тас “мартаж” байна. Хууль хяналтын байгууллагуудыг “чангалснаар” УИХ, түүний гишүүдийн гэмт үйлдэл алга болно гэж “батлах” нь дэндүү жигшүүрт заль мэх мөн…
х х х
Өөрийгөө шинэ бөгөөд залуу гэж харуулах дуртай УИХ-ын шинэхэн даргын анхны илтгэлийг шинжлэхэд ийм байна. Хаа очиж хэзээ ч хэрэгжиж байгаагүй боловч М.Энхболдын илтгэл тулгамдсан асуудлуудаа хамарсан, дотоод логик зөрчил багатай байсан юм шүү.
М.Энхболдоос долоон дор илтгэл тавихаар чинь энэ УИХ-ыг олигтой шинэчлэл хийнэ гэдэгт итгэх хүн олдохгүй нь лавтай…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2019 оны 03 дугаар сарын 19.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to ШИНЭХЭН ДАРГЫН ИЛТГЭЛИЙГ ШИНЖИХҮЙ…

  1. Н says:

    Хар новшнууд ер нь олигтой юм хийхнүү. Нэг л сонин юм яриад байгаа нөхөр дөө энэ Зандаа. Элбэрдоржийн араас орж хэн ч биш болноо эд нар аягуу бол. Баахан юм ярьж ард түмнийг хөдлөгчөөд эргүүтээд байвал Элбэгээ байтагуй хэн ч биш болох байлгүй. За харж л байя итгэхээс өөр арга үнэндээ алга одоо. Новш гэж.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: