А.БААТАРХУЯГ: ҮНДСИЙГ ЯЛЗРУУЛАГЧ ХОНГИЛ

А.Баатархуягийн шинэ, маш сонирхолтой аналитик өгүүллийг сонирхоно уу…

30 жилийн дараа !
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэв. Санал асуултад АН-ын нэг ч УИХ-ын гишүүн оролцсонгүй. Харин ч эсэргүүцлийн арга хэмжээнүүдийг яаралтай зохион байгуулж, үүнд нь өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж идэвхийлэн оролцов. Ингэхдээ “Үндсэн хууль”-аар бамбай хийхийг оролдов.
Энэ зуур Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг ажлын алба Шүүхийн Ерөнхий зөвлөлд нэн даруй хүргүүлэх болов. Энэ хуульд зааснаар энэ тухай ҮАБЗ зөвлөмж гаргасан бол заавал хэлэлцэх юм. Мөн “Авлигын эсрэг”, “Прокурорын тухай” хуулийг өөрчлөн найруулсан юм.
Хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх явцад Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг хэрцгийгээр хөнөөсөн хэргийг мөрдөн шалгах явцад сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн тухай 20 орчим минутын хорихын камерийн бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэв. Бичлэгийг үзсэн гишүүд бүгдээрээ шоконд орсон байдалтай гарч ирснийг хэвлэл мэдээллийнхэн олон нийтэд харуулсан авч чухам ямар зүйл байгаа талаар цэгцтэй мэдээллийг авч чадсангүй. Чухамдаа Ц.Элбэгдорж үүрэгт ажлаа өгөхийн өмнөхөн энэ хэргийг “илрүүлэхийг” маш их хүсч байсан юм. Тиймээс бараг илэрчихлээ гэж зарлаж, гэмтнүүдийг яллах шүүх хурлууд ч болсон авч Ж.Эрдэнэбатын ЗГ солигдмогц энэ хэргийн бүх зүйл орвонгоороо эргэж эхэлсэн билээ. Ингээд бүхнийг эцэслэн шийдэж чадаагүй юм.
Бичлэг үзүүлсний дараа “Хуулийг бүхэлд нь баталъя!” гэсэн санал асуулга явуулахад 85 хувийн саналаар баталлаа. Хуулийн өөрчлөлтийг хүчтэй эсэргүүцэж байсан УИХ-ын гишүүд ч саналаа огцом өөрчилжээ. Мөн дагалдан оруулсан хуулийн төслүүдийг баталлаа. Хуулийг баталсан өдрөөс нь мөрдөхийг УИХ зөвшөөрөн батлав.
Уг бичлэгийг хуулийг зохион байгуулалттай эсэргүүцдэг МАН-ын фракцын гишүүд үзэхээс татгалзжээ, хэрэв үзсэн бол тэд ч “цаад эздийнхээ” мөн чанарыг таньж хуулийн өөрчлөлтийг дэмжих байсан биз! Тиймээс ерөөсөө оролцохгүй байх нь зөв гэсэн тушаал авсан бололтой.
Ийм түүх 30 жилийн өмнө дэлхийн коммунист системийн нуралтыг зөгнөн бичигдсэн. Румыны дарангуйлагч Николае Чаушескуг цаазалсан тухай мөн 20 орчим минутын бичлэгийг БНСРУ дахь манай ЭСЯ-наас ирүүлснийг (Янжмаа гэдэг хүн авчирсан гэдэг) тэр үеийн эрх баригч МАХН-ын УТТ-ны гишүүд Үндэсний телевизийн танхимд мөн л нууцаар үзсэн бөгөөд түүний дараа бүгд яг өнөөгийн УИХ-ын гишүүд шиг царайтай гарсан байдаг. УТТ, Намын ТХ-гоор өргөтгөж хуралдаад УТТ-г тараах шийдэлд хүрчээ. Харин уг бичлэгийг үзээгүй залуу кадрууд УТТ-ыг тараах шаардлага тавьсан жагсагчдийг хүч хэрэглэн дарах санал гаргаж байсан гэдэг. Н.Чаушескуг эхнэрийнх нь хамт цаазалсан бичлэгийг өнөөдөр бүгд үзсэн, харин УИХ-ын гишүүдэд үзүүлсэн бичлэг тун удахгүй ил гарах нь дамжиггүй!
Ийнхүү хууль батлагдмагц АТГ, Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, УДШ-ийн Ерөнхий шүүгчийг томилсон хуучин МАНАН-гийн толгой улстөрчид гүнзгий хямралд орж, ухаан сөгөөгүй архидаж эхэлжээ. Тэд ордноор ч харагдсангүй! Маш хүчтэй шоконд орсон.
Хууль гарсны маргааш л УДШ-ийн Ерөнхий шүүгч огцрох өргөдлөө өгчээ, харин Ерөнхий прокурор ба түүний нэг орлогчийг уг хуулийн дагуу Ерөнхийлөгч огцрууллаа. Одоо зөвхөн АТГ-ын дарга л үлдээд байна. Уг нь хуульд зааснаар бүрэн эрхийн хугацаа нь аль эрт дууссан, хамгийн түрүүнд огцрох ёстой хүн бол АТГ-ын дарга Х.Энхжаргал байсан юм. Тэр “алга”! Шараа тайлаад өргөдлөө бичих биз, эсвэл 4 сарын 4-нийг хүлээж байна уу?
Жагсаал ба эргэлт
Ердөө хоёрхон жилийн өмнө энэ улсын бүхий л эрх мэдлийг атгаж байсан улстөрчдийн үхэн хатан өмөөрөөд байсан “ардчиллын үнэт зүйл”, “шүүхийн бие даасан, хараат бус байдал” гэгч нь дурын иргэнийг хорьж, толгой дээр нь ялгадсаа асгах “онцгой” эрх байсныг олон нийт ойлгож эхэлжээ.
Уг хуулийг батлуулахгүйн тулд АН-ын өнөөгийн удирдлага шуурхай арга хэмжээ авч, бүр АН-ын онц их хурлыг шөнө дөлөөр, хэвлэл мэдээллээр дамжуулан орон даяар яаралтай зарласан билээ. Их хурлыг хуралдуулах явцдаа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаа мэдэгдсэн нь 4 дүгээр сарын 4-ныг хүртэл хуулийг хэлэлцүүлэхгүй хойш нь татаж чадна гэж найдаж байсных бололтой. Анзаарвал энэ төлөвлөлтийг тун эрт хийсэн байж болзошгүй, учир нь 4 дүгээр сарын 5-нд ээлжит хаврын чуулган эхэлдэг уламжлалтай бөгөөд тэр үеэр энэ асуудал орж ирмэгц АН эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулахаар баримжаалж байсан бололтой. Гэтэл ҮАБЗ, түүний ажлын алба мэдээллийг чанд нууцалсаар гэнэт “ээлжит бус” чуулган зарлаж тэдний стратегийг сүйтгэсэн байж болох юм.
Их хурал бол их мөнгөөр бүтдэг, ялангуяа ийм яаралтай тулгуу зарласан их хурал бүр их мөнгө шаардана! Орон даяар төлөөлөгч сонгох, төлөөлөгчдийг нийслэлд яаралтай ирүүлэх, заавар зөвлөгөөгөөр хангах, байрлуулах, хурлын танхим түрээслэх, тайз дэглэх, хоол унаа зэрэг дагалдах үйлчилгээ асар их зардалтай! Бичиг хэрэг, мандатын зардал ч учир тоймгүй! Хэвлэл мэдээллийн сурталчилгаа, зохион байгуулах хороо, үүрүүдийн зардал нэмэгдэнэ. Намууд коммунизмын үеийн МАХН-ын Их хурлаар баримжаа авч 800-гаас дээш тооны төлөөлөгчтэй их хурал хийдэг жишиг тогтсоныг тооцвол, бүлэггүй болоод УИХ-аас авдаг гишүүний суудлын мөнгөө ч дундалчихсан намд хэн гэгч өглөгийн эзэн гар тэнийснийг тогтооход тун амархан юм.
Үнэндээ ганцхан хүн л бий, за гурван зураг л худалдана биз… Харин АН-д хурааж хуримтлуулсан тийм их мөнгө байсан нь юу л бол, эрх баригч МАН ч мөнгөгүй байгаа. Гэхдээ л С.Эрдэнэ дарга санхүүжилтдээ огт санаа зовохгүй байгаа харагдсан, түүнээс энэ талаар асуучих сэхээтэй сэтгүүлч байсангүй ээ…
Ийнхүү бужигнаж, хуулийн өөрчлөлтийг эсэргүүцэгчдийг зоригжуулж байтал эрүүдэн шүүсэн тухай 20 минутын бичлэг гарч ирээд тэдний үзэл санааны ялалтыг үнс болгож орхижээ. Хуучин эрх баригчид ба ҮАБЗ-ийн гишүүдийн шатрын нүүдэлд өнөөгийн эрх баригчид илүү хурдан сэтгэж, уран тоглож, гамбитаар гамбирдаж орхиж.
АН 4 дүгээр сарын 4-ны жагсаалаа хийх нь дамжиггүй, их хурлын 800 төлөөлөгчөөр гол болгож жагсаал хийх нь дамжиггүй, тэдэнд дээр нийслэлийн намуудаас гишүүдийг зөөж аваачих нь дамжиггүй… тэр тусмаа хамгийн зохион байгуулттай Баянголын намын гишүүдээр дүүргэлт хийнэ, бас Э.Бат-Үүл хамжих биз, гэвч амжилт олох эсэх нь эргэлзээтэй.
Учир нь “эргэн дурсахад” Н.Чаушеску тэр үеийн хоёр системд адлагдсан, үгээгүй ядуу улс орноо ганцаарлаас гаргасан сүрхий алхам болгож Иранд хийсэн айлчлалаа сурталдах зорилгоор Бухарестын иргэдийг цуглуулсанд тэр нь өөрийнх нь эсрэг жагсаал болон хувирснаас айж зугтаж яваад цаазлуулсан түүхтэй! Магадгүй 4 дүгээр сарын 4-ний жагсаал нэр хүндээ алдаж гүйцсэн намын удирдлага, түүнийг далдаас залуурдан буй хуучин эрх баригчдаас намаа салгаж авах хөдөлгөөн болон хувирах ч юм бил үү? Энэ жагсаалын үеэр ноцтой зөрчилдөөн бүү гараасай гэж залбирнам.
Лав л энэ нүүдэл ид явж байхад АН-ын “ялалтын” генерал Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгөхдөө “Намаа төвхнүүлэх” зорилгоо нуугаагүй бөгөөд түүний зохион байгуулсан хүчин тэдний өөрсдийнх нь нэрлэснээр “Эрдэнээгийн нам”-ын ар талаас гэнэтийн цохилт өгвөл асуудал хэрхэн шийдэгдэх нь ойлгомжтой бөлгөө!
АН-ын бутрал
Чухам ийм шахалтан дор, бие тоосон, зөрүүд зангаасаа болж ганцаардсан АН-ын дарга С.Эрдэнэ Ц.Элбэгдоржийн улстөр-санхүүгийн нөмөрт шурган орсон нь нэг талаас аргагүй алхам, нөгөө талаас алдаа болчихоод байна. Нам бол мөнгөөр услуулж ургадаг систем, том нам их л мөнгө шаардана. Явсаар шургаж орсон талын шахалт нь АН-ын даргыг Ерөнхийлөгчтэй зөрчилдүүлж эхэлсэн байна. Ийм байдлаар МАНАН-гийн хуучин толгойлогчдын хувьд АН бол ашиглаад хаях “сүрэг” байсан юм, гэвч тэд ашиглаж амжсангүй. Гэхдээ төлөвлөлт нэгэнт явчихсан… С.Эрдэнэ даргад ганцхан гарц бий, яаралтай Ерөнхийлөгчтэй хэлэлцээрт орох, хурлаа цуцлах, хуучин МАНАН-гийн төлөөлөгчдийг намаасаа хөөх!
Чухамдаа С.Эрдэнэ ЖДҮ-ийн асуудал ид өндөрөө авч байсан тэр үед УИХ-ыг тараах мэдэгдэл хийж, Ерөнхийлөгчтэй нягт хамтарч ажиллах ёстой байсан, гэвч тэр үүлэн чөлөөний нар шиг боломжоо алдсан, үүний улмаас эцэстээ бас л аргагүйдэж парламентад М.Энхболдыг өмөөрөхдөө тулсан, үүнээс Ерөнхийлөгчтэй үүсгэсэн гол хагарал эхтэй. Үнэндээ Ерөнхийлөгч яагаа ч үгүй, АН түүний удирдлагуудад итгэж ар талаа нээлттэй орхиод, харин ч МАН-ын хуучинсаг бүлэглүүдтэй сэхээ самбаагүй дайтаж, ялж, санаачлагыг авч, ялж байсан. АН үүнд талархаж, хамжих ёстой байсан атал хаяад нүүсэн.
Эцэстээ С.Эрдэнэ дураар дургиж, бусад “Э”-гүүдийг хамгаалахад намаа дайчилж байна, энэ нь өөрт нь ч, АН ч хангалттайгаар барахгүй сөрөг нөлөөлөл үзүүллээ. Чухамдаа М.Энхболдоос УИХ-ын даргын суудлыг салгаж авснаар ҮАБЗ нэгдмэл санаатай болж, авилга, хулгай, санхүүгийн нэрд гарсан хэргийн эзэдтэй тэмцэх шийдвэрүүдийг гаргаж, хэрэгжүүлэх боломжтой болсны эхний үр дүн өнөөгийн “цэвэрлэгээ” юм. Чухамдаа иргэдийн шахаж шаардаж байсан “шударга ёс”ыг сэргээх ажил үүнээс болж бүтэн нэг жилийг алдсан нь үнэн, цаг алдаж эхэлж байна.
Өнгөрсөн жил ээлжит бус чуулган зарлуулах гэсэн Ерөнхийлөгчийн оролдлого чухамхүү М.Энхболдоос болж нуран унаж байсныг санацгаая! С.Эрдэнэ “төр”-тэй тэрсэлдсэн нь буруу!
Энэ зуур бие даагчдыг дэмжих “Электорат” хөдөлгөөнийг зохион байгуулах ажлыг Б.Баабар яаравчлав. Тэр өнөөгийн АН-ын дарга С.Эрдэнийг нэг нүдээр үздэггүй бөлгөө.
Түүний хөдөлгөөнийг ажвал нийгэмд нөлөөтэй хүмүүсийг цуглуулж, 2020 оны сонгуульд бие даагчдыг дэмжихийг гол зорилгоо болгож байгаа бололтой. Өөрөөр хэлбэл нийгмийн судалгааны нарийн баримжаатай түүний хувьд ирэх сонгуульд АН амжилт олох нөхцөлгүй бөгөөд МАНАН-гийн сүйрэл нь бие даагчдад илүү сонгогдох боломж олгож байна гэж үзэж байгаа бололтой байна.
Энэ нь АН дахь хагарлыг өдөөж байна. Хэдийгээр МАН-ын нэр хүндийг уналт АН-д ашигтай мэт харагдавч энэ “хаврын утаа” төдий. Нэг салхинд замхрана. Дээр нь С.Эрдэнийн алдаанууд АН-ыг улам сэнсрүүлсээр. Энэ хэрээр бие даагчдад орон зай үүсч байгааг анзаарч, гэхдээ сонгууль болтол хаа ч байсан юм. Бодат байдалд АН хэдэн ч хэсэг болон хуваагдаад байгаа юм бэ дээ? Үнэндээ С.Эрдэнэд АН-ын аппаратын удирдлагууд л бий. Нийгмийн сүлжээн дэхь шүүмжийг харвал намын олонх нүүр буруулжээ.
Хэрэв ийм цагт МоАХ АН-ын мугуйд алхамыг дэмжихгүй гэсэн мэдэгдэл гаргавал АН-ын сүнс сүлд хийсэн одно. Ардчилсан хувьсгалыг өмчлөхдөө тулбал тэр нь Ардчилсан намаас илүү Ардчилсан холбоонд хамаатай гэдгийг ард түмэн мэднэ! Өнөөгийн хямралт байдалд хэн шударга ёсны талд байна, тэр тал л ялна!
Энд дурдагдан буй улстөрчдийн сайн, мууг ялгах гээгүй, улстөрийн том тоглоомын өрөг дээрх бодуудын нүүдлийг л урьдчилан тооцсоноо бичсэн билээ…
Шударга ёс хэний талд байна вэ?
Нийтээр шударга ёс алга гэж хашгиралдах! Засъя, муухайг нь зайлуулъя гэхээр “Үгүй, болохгүй!” гэх… тэгэхээр яах вэ? Үнэндээ нийтээрээ энэ шинэчлэлийг дэмжиж байна. Судалгаа үзвэл нийтийн сүлжээний эсэргүүцэл цөөн голомттой хөөс болох нь илэрнэ.
Нэгэнт байдал ийм тул ямарваа тээг саадыг үл харгалзан эрс шийдэмгий аргаар нийгмийн гажуудлыг засахаас өөр зам байхгүй юм. Өнөөгийн энэ нийгмийг бий болгогчид, төгөлдөршүүлэгчид, үүнээс ашиг завшаан хайгчид өнөөдөр хамгийн их мөнгөтэй! Тэр мөнгөнийхөө төлөө л үүнийг, энэ хонгилыг бий болгосон юм.
Түүнийг нь эвдэн нураахыг зүв зүгээр хараад сууна гэж байхгүй, авилгач хулгайчид, хулуусан мөнгөнөөсөө тарааж нийгмийн сэтгэл зүйг жолоодохыг оролдож байна. Хамгийн гол муу ёрын хүч болсон нийгмийг айдсаар баригч хонгил нь нуран унаж байгаад тэд тэчъяадан ганирч, нүдэндээ шулам хартлаа солиоролд автжээ. Яагаад нийгмийн аливаа шинэтгэлийг дэмжих давалгаа үүсээд байгаад тэд огт ойлгохгүй байгаа юм. Тэд өөрсдийгөө л нэр хүндтэй, мөнгөтэй, бүхнийг захирдаг гэсэн ойлголтоосоо салж чадахгүй байгаа юм.
Тэд хонгилдоо найддаг. Тэр хонгилоор нь аварга могой гулсан, тааралдсанаа залгидаг байсан. Тахил тавигт нь эмэгтэй хүнийг хүртэл өргөж байсныг удахгүй нийгмээрээ үзэж мэдэх болно! Энэ могойн толгойнууд хэл нь гозолзон, залгихыг завдагч ангайсан дүрстэй “Э” үсгээр эхлэгчид!
Могойг дутуу албал аюултай! Тиймээс тэр могойг “дар!” гэж сонгосон хүнийхээ гараар могой багалзуурдуулах гэж байгаа бол ханцуйнаас нь татаад хэрэггүй юм! Энэ “Гаж, урод тогтолцоог нураа!” гэж сонгогчид 2017 онд захиалсан, яг нураах гэхээр “Ард түмэн гэж юу байсан юм, Ардчиллыг нураах гэлээ!” гэж байна. Бидний хонгил “бие даасан, төрөөс хараат бус, дураар дургигч, сүлжилдсэн” байх ёстой гэж тэд хашгичиж байна! Ард түмэн гэдэг үгийг шоолон тохуурхаж, тийм юм байдаггүй гэж нулиман дэвсэлж байвч, үг бол үг. Харин жинхэнэ ард түмэн сэрсэн!
Үгүйдээ л энэ тогтолцоо бол тэдний яриад байгаа ардчилал огт биш, МАНАН-гийн мутацид ороод “ардчилсан биш авилгажсан” тогтолцоо болчихсон. Энэ бол цадаж ханадаггүй, хүйтэн, юуг ч бүхлээр нь залгидаг, ордуудыг, үйлдвэрүүдийг, хүмүүсийг залгигч “ЭРЭЭН” могой. Урд энэ системд шударга, зөв хүмүүс байгаа л байх гэж ярьдаг байсан одоо бол ингэж хэлэх аргагүй болсон. Энэ хонгил нийгмийн үндсийг мэрж, нураахад бэлэн болсон байж. “Үндсэн хууль”-ийг ч мэрж, ялзруулсан!
Энэ ялзралыг таригч этгээдүүд өөрийн байгуулсан “хууль ёсны” мэт атлаа нууц хонгилын хамгаалалтандаа итгэж өнөөдрийг хүртэл дураар дургиж явсан, харин одоо тэр хонгилынхоо “алтан түлхүүр”-ийг алдчихаад галзуурахад ганц хуруу дутуу байна.
Учир нь цөөн буруутанг олон зөв нь засдаг бол одоо засрахаа байсан шүү! Тиймээс системээр нь эрс шийдэмгий сольж шинэтгэх нь гарцаагүй, үнэндээ энэ эрч шинэчлэл авилгачдын эсэргүүцлээс болоод оройтож байна. Ард түмний амьдрал өөрөө эрүү шүүлт мэт болсон. Энэ эрүү шүүлтээс гадуур үлдсэн хүн Монголд байхгүйг бүгдээрээ бүү март! Мартвал …
2019 оны 03 дугаар сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to А.БААТАРХУЯГ: ҮНДСИЙГ ЯЛЗРУУЛАГЧ ХОНГИЛ

  1. Би says:

    Гайхалтай бичжээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: