НАЛАЙХЫН ДУУЛЬ

Нас ахих тусам өсөж төрсөн Налайх тосгон минь сэтгэлд улам дотносох. Өсөж төрсөн нутаг гэх нь асуудлын нэг л тал юм. Алив хүн өсөж төрсөн нутгийнхаа хүн зон, нийгмийн харилцаан дунд төлөвшин бүрэлддэг гэх нөгөө тал нь бүр ч илүү илүү ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл Налайх тосгон маань намайг хүн болгосон юм. Хүн болгон шахам төрж өссөн аймгийнхаа тухай ярьж болоод байхад би яагаад төрөлх Налайхынхаа тухай бичиж болохгүй гэж ?! Би чинь Налайхын 1954 оны унаган хүүхэд. Ингээд ухаан орсон 1960-1970-аад оны Налайхынхаа тухай товч өгүүлэх гэсэн юм. Харин төрөлх сургуулийнхаа тухай тусгайд нь бичихээр төлөвлөж буй тул энэ тухай огт оруулаагүй болно…
Хуучин Налайх
Одоогийн гар аргаар нүүрс ухаж буй тэр хэсэгт Налайх суурин байсан бөгөөд түүнийг “хуучин Налайх” гэж нэрлэнэ. Хуучин Налайх бол захиргаа үйлчилгээний хэдхэн барилга, түүний хажуугаар үргэлжлэх хэдхэн гудамжаас тогтоно. Хуучин Налайхад хамгийн алдартай барилга нь “өндөр довжоот” алдар бүхий хоёр давхар модон байшин байх ба түүний арын хаалга нь кино театр, хажуу талд нь дэлгүүр хоршоо, гуанз, үйлчилгээний газрууд. Одоогоор бол “соёл үйлчилгээний нэгдсэн төв” юм даа. Хуучин Налайхын баруун дэнж дээр бас хэсэг айл байх…
Би гэж 7 настай нусгай кино үзэхчээ болно. Үзэх ч гэж дээ, киноны урдуур хойгуур баахан гүйнэ.
“Өндөр довжоотын” архан талд автобусны буудал байх. Шинээр баригдаж буй Налайх хүртэл автобус үйлчилнэ. Шинэ Налайхыг “тосгон” гэж нэрлэнэ. Яваандаа тосгон өргөжиж хуучин Налайхынхан тосгон руу нүүх хөдөлгөөн өрнөв. Хуучин Налайхад цэцэрлэгт явдаг байсан хүүхдүүдийг автобусаар шинэ тосгон руу хүргэж, авдаг болсон нь үүний илрэл юм. Нөгөө автобус орой биднийг авна. Жолооч нь автобусныхаа хаалгыг хөшүүргээр татаж нээж хаадаг байсан нь санаанд үлджээ. Автобусанд томчууд хүүхдүүдийг өхөөрдөн дуулуулна, чадлаараа дуулж өгнө шүү дээ. Нэг удаа миний дуулах ээлж ирэхэд “Морьтой ч болоосой” киноны:
“Хайрыг минь булаасан
Хайртай хонгор Янжмаагаа
Авгайгаа болгоно доо.
Ай даа, уяхан тогос минь…” гэж дуулж амьтан хүний инээд баржээ. Хожим ээж минь: “Чи тэгэхэд намайг ганц сайн түлж билээ” гэдэгсэн. Би гэдэг амьтан 7 настайгаасаа “хайрын дуу” дуулж өссөн Налайхын жинхэнэ эр хүн байж дээ…
Нэгдүгээр хороо
Ингээд хуучин Налайхынхан 1959-1961 онуудад шинэ Налайх буюу “тосгон” руу нүүн ирж суурьших болов. Тэд хоёр газар суурьшсан ба нэг нь Налайхын баруун дэнж дэх 7 дугаар хороо, нөгөө нь Налайхын ард байх 1 дүгээр хороо юм. Манайх 1 дүгээр хорооны дэвсгэрт хашаа барьж суурьшив.
Тэр үед 1 дүгээр хороо хоёрхон гудамжтай байсан ба манайх 2 дахь гудамжны хамгийн баруун талд хашаагаа барив. Манайхаас баруун болон ар тийш өвс нөгөө халиурсан эзгүй газар.
Зун болохоор гэрээ авч, хойшоо буюу одоогоор цэргийн ангиудын урдхан талд барина. Зусланд гарч байгаа нь энэ. Ямар ч гэсэн цэцэг ногоо ургасан сайхан газар байж билээ.
Хожим 1 дүгээр хороо өргөжиж, манайх эхнээсээ 2 дахь гудамжны дээхэн хэсгийн айл болов.
1 дүгээр хорооны хамгийн алдартай газар нь “Улаан булан” гэх жижиг цагаан байшин байх. Архан талд нь хүнсний болон барааны дэлгүүртэй. “Улаан булан”-д кино гарна, концерт тоглоно, бүжиг болно. Одоогоор бол “соёлын төв”, эсвэл “хүн цугладаг төв” гэж нэрлэж ч болно.
Ямар нэг хүн олъё, сураг гаргая гэвэл “Улаан булангийн” үүд хавьд л байж байна. Үгүй ядахдаа сургийг нь гаргаж болно. Энэ бол гарцаагүй…
Нусгай пацаан байхаасаа эхлээд 10 дугаар ангийн залуу болох хүртэл миний хүүхэд насны бүх амьдрал “Улаан булан”-гийн эргэн тойронд өнгөрсөн гэхэд хилсдэхгүй…
Тосгон
Манай Налайх тосгон гоё л доо. Ганцхан гудамжтай, ёотон шиг хэлбэртэй олон сайхан цагаан байшинтай. Налайхын хамгийн алдартай газар бол “Уурхайчдын соёлын ордон”. Хүүхэд байхад их том байшин шиг санагдаж байсан боловч одоо бол жижигтээ орох нь мэдээж.
Улаан булан, соёлын ордон хоёрын дунд кино үзэх гэж хэд ч явсан бүү мэд. Налайхын хүүхэд болгон тэгдэг байсан…
Хамгийн хойт талд хоёр давхар хоёр шар байшин байх ба энэ нь миний төрөлх сургууль.
Ганц гудамжаа хойт талаас нь тоолбол эхлээд гуанз, хэсэг сул байснаа хүнсний дэлгүүр, ахиад жаахан урагшаа барааны дэлгүүр. Бас нэг номын дэлгүүр, түүнээс урагш эмнэлэг, гал команд байх…
Манай Налайх тосгоны бэлэгдэл, сүр хүч нь соёлын ордон маань гэж би боддог юм.
Эгэл бөгөөд найрсаг амьдрал
Ус түгээх тэрэг байсан боловч Налайхчууд голдуу Туул голоосоо зун нь ус, өвөл нь мөс авна. Аль нэг жолооч нь “Усанд явлаа шүү” гэж орилно. Хүүхдүүд бид бидон сав тажигнуулан машинд сууж, Туулаас ус авчрах сайхан шүү дээ. Өвөл том том мөс авчирч тусгайлан хураах бөгөөд түүнийгээ хайлуулж хэрэглэнэ. Хэд хэдэн удаа мөс долоож хэлээ наалдуулаад ганц сайн хаширч билээ…
Бас албатай юм шиг данхнаас ч том нүүрс авчрах бөгөөд тэрийг нь хагалж жижиглэх гэж хэрдээ л ажил болдогсон.
Социализмын үед мах сүүнд очерлоод бараг турж үхэх шахаж байсан гэдэг яриа бол худал цуурхал. Өвөлд нь өвлийн идшээ бэлтгэчихнэ, зунд нь хөдөөнөөс хонь авчраад гаргаад идчихнэ. Тэгээд ч уурхайчид цалин сайтай учраас мах, сүүгээр алингаа алдталаа дутах нь үгүй. Яахав, зун бол мах, сүүний очер байх нь байсаан.
Ямар ч гэсэн юу байдгаа олонтойгоо хувааж хэрэглэдэг сайхан үе байлаа. Хасаг монгол ялгаагүй, “найзан дундаа” л амьдарна.
Налайхын хүүхдүүд бид мал хариулна гэх биш, ингэхээрээ ерөнхийдөө хотын амьдралтай гэсэн хэрэг л дээ.
Налайх маань их хүйтэн газар л даа. Цас ихээр хунгарлаж, бараг айлын хашаатай чацуу болно. Нусгай пацаанууд бид цасан окоп хийж, байлдаж голдуу тоглоно. Бээлий норж, ханцуй бээлийн хоёрын завсраар гараа сайрттал тоглоно шүү дээ…
Манай Налайхад 1 дүгээр хороо руу гэр рүүгээ явах замд “шилэн заводын ар” гэж айхтар хүйтэн хэсэг байх. Үүнийг үл харгалзан пацаанууд бөгсөн дороо цүнхээ тавьж байгаад гулгаж өгнө. Цүнх тэснэ гэж ёстой байхгүй. Тэнд чих, хацраа хайруулж хөлдөөх явдал байнга. Хөлдсөн чих, хацар устаж хэрдээ л зовооно, аав үүнийг тооно гэж байхгүй, зүгээр л “цасаар сайн арч” гэж хэлбэл их юм. Харин ээж бол тослох зэргээр байдгаараа арчилна…
Налайхын хүүхдүүд бараг бүх төрлийн тоглоомоо өөрсдөө хийнэ. Бүх төрлийн гар болон урт богино буу, тэвэг, чавх, элдэв янзийн ус түрдэг болон тоглодог тэрэг зэргийг “дотоодын үйлдвэрлэл”-ээр хангана. Нэг нь тэвэг хийхээрээ “нарийн мэргэшсэн” бол нөгөө тэрэг хийхээрээ гаршсан байх жишээний. Би бол чавх хийхийг “урлагийн төрөл” болтол хөгжүүлсэн “өндөр зэрэглэлийн” мастер байлаа. Хүүхдүүдийн захиалгаар чавх хийхээс гадна болжмор, тагтаа, хулгана тэсгээдэггүй “мэргэн” цолтой явлаа шүү дээ…
Ус зөөдөг, тоглодог чирдэг, түрдэг, мөрлөдөг тэргийг ч ёстой янз янзаар нь хийнэ шүү дээ. Ер нь бол хүүхдүүд тоглоомоо өөрсдөө хийх нь наад зах нь “зохион бүтээх”, цаад зах нь сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг хамгийн сайн зүйл гэж бодно.
“Эд хөрөнгө” ч барагдашгүй. Муу халаасандаа чавх, тэвэг, “дэлхий” тоглох хадаас, “үзэг” тоглох үзэгний хошуу, “бөглөө” тоглох төмөр бөглөө, шувуу амьтан хооллох будаа зэрэг “хог новш” түнтийтэл чихнэ. Халаас тэснэ гэж ёстой байхгүй, ээж оёод л өгнө, маргааш нь гарцаагүй цоорно…
Ингээд нусгай пацаан үе дуусч “идэр хүний” амьдрал эхэлнэ дээ. Энэ нь нохой тэжээх, цана тэшүүрээр гулгах, унадаг дугуйгаар давхих, сагсан бөмбөг тоглох, кинодох зэрэг “том хүний” ажил хийх хийх болов. Сагсан бөмбөг бол налайхын хүүхдүүдийн спортын гол төрөл байж, ихэд хөгжсөн байсан юм.
Цанаар гулгах 2 гол газар бий. Нэг нь одоогийн цэргийн ангийн арын хөтөл, нөгөө нь 7 дугаар хорооны баруун хойно байх “Партизаны хонхор”. Тэндээс л цанаар доошоо “ниснэ” шүү дээ…
Тэшүүрээр ойр гулгах бол гудамжиндаа, арай хол явбал “Бааст гол”-оор гулгана. Дэлгүүр явахдаа хүртэл тэшүүртэйгээ явдаг баагий олон байлаа. Эсгий гутал дээр тэшүүрээ олсоор уяж, модоор эрчилж, тээглэн тогтоогоод л тэшүүр бэлэн. Тэр үед Налайхын пацаанууд толгой дараалан цаначин, тэшүүрчин байлаа…
Дугуйгаар чинь “ганцхан тойроод ирье” гэж хэлээд өдөржингөө алга болдог баагийнууд олон. Дугуй босгох гэж нэг айхтар түвэгтэй ажил бий. Нэг рам, дугуй зэргийг хог дээрээс олж ирнэ. Тэгээд сэлбэг хайгаад нэмж хураагаад мөн “сэлбэгийн наймаа” хийж байгаад жил орчмын дараа дугуйгаа бүтээнэ шүү дээ. Үүнийгээ “дугуй босгоно” гэж нэрлэнэ.
Манай Налайхад бол гудамжны зодоон бол эр хүний “нэр төр, алдар гавъяаны” хэрэг байлаа. “Манайхныг зодож байна, манайхан ирээрэй” гэсэн дуудлага бол жинхэнэ байлдааны “Миний хойноос, давшаад” гэдэг шиг л үйлчилнэ. Энэ дуудлагаар заавал очих нь “нэр төрийн” хэрэг…
Харин “дайснууд” нь эсвэл өөр ангийнхан ч байж магад, эсвэл өөр гудамжны баагий ч байж болох, эсвэл өөр хорооныхон ч байж болох. Зодоон юунаас болж эхэлсэн, хэн нь буруу зөв энэ тэр огт хамаа байхгүй. Гүйгээд очиход аль нь “манай” тал, аль нь “дайсан” болох нь хар аяндаа ойлгомжтой. Ингээд “дайснууд” руу шууд л дайраад холилдоод л үзчихнэ шүү дээ. Ингээд хэдэн том хүн орилж хашгичвал тараад алга болно. Арай том болсон үед цагдаа магдаадаа хүрнэ шүү дээ. Цагдаа ирсэн ч гэсэн их л сайндаа хоёр гартаа нэг нэг “эсэргүүг” л барьж үлдэж чадна. Цагдаа нэгийг нь дэлсэх гэхээр нөгөө нь гарцаагүй зугтана. Ингээд мань цагдаа ганц “эсэргүүтэй” л үлдэнэ. Бусад нь пар хийгээд л тараад алга болно. Хүүхэд болгоноо таньдаг цагдаа тэдний араас нэрээр нь дуудаж байгаад: “Чи муу хаа холдохийм ?! Тааралдаж л таараа” гэж араас нь орилно. Нэг их удахгүй мөнөөх цагдаатайгаа мэлийтэл тааралдана даа. Хэд сайн дэлсүүлж аваад сална. Хамгийн инээдтэй нь нэг зодоонд “манай” талд байсан баагий өөр нэг зодоонд “дайсан” болох буюу үүнийг урвуугаар солигдох нь энүүхэнд…
“Тулалдааны” үр дүнд энд тэнд хөх няц болох, шалбарах, зулгарах, гар хуруу тулгарах, бага зэрэг шархдах зэрэг хохирол үзнэ. Хамгийн хүнд нь гэмтэл нь “толгой хагарах” боловч удалгүй эдгэнэ. “Байлдааны” талбарт олсон шарх бол “эр зоригийн” гол үзүүлэлт болно. Энийгээ сүр бадруулан ярина…
Харин бидний үеийн зодоон амь нас, хүнд гэмтэлд хүрсэн удаа нэг ч байхгүй. Харин том ах нар бүжиг танцан дээр “хүүхэн булаалдаж” зодолдох бол энүүхэнд. Манай Налайх чинь булаалдаж зодолдох нь байтугай, насан туршаа хайрлаж амьдармаар сайхан хүүхнүүдээр дүүрэн газар шүү дээ…
Үүний дараа багцаагаар 7-8 дугаар ангиас “насанд хүрсэн” амьдрал эхэлнэ. Энэ үед дуу хөгжим, яруу найраг, уран зохиолын ном, эстрад чуулга “Баян Монгол”, “Соёл-Эрдэнэ” зэргийг сонирхох бөгөөд байлдаантай киноны үе дуусч романтик киноны үе эхэлнэ. Гадаадаас бол “Битлз” болон оросын алдарт чуулга, дуучдыг шүтэн биширч, пянзыг нь цуглуулна…
Энэ үед “шаардлага гарвал” юу юм гэхээс зодоон модооныг огт сонирхохоо болино. Ерөнхийдөө бол мөрөөдөл хийгээд “хайр дурлалын” романтик үе эхэлнэ дээ. Энийг яриад ч яахав, “дурлаж дурлуулж” л явлаа…
Дээд сургуульд орох, оюутан болоод юу хийх, хичээл давтах, найзуудтайгаа ирээдүйн тухай ярих, найз охидоо кинонд “дааж” оруулах, хүргэж өгөх зэргээр “ажил” гэж барагдахгүй…
Налайхын хүүхдүүд бүгд л ус авах, нүүрс хураах, мод хөрөөдөж, банзлах, хагалах, гэр орноо цэвэрлэх, янзлах зэрэг өдөр тутмын ажлыг бүгдээрээ л хийнэ. Охидуудад “чадалтайгаа” харуулах гэж 40-ийн бидонтой усаа зөөн нэлээд хол газар ганц ч амрахгүй гүрийнэ. Одоо бодоод байхад миний “чадалтайг” анхаардаг анзаарч хардаг охид ганц ч байгаагүй бололтой, би л өөрөө бодож олчихоод өвчигнөж байгаа царай тэр…

Арай хожим телевиз бий болов. Хэдхэн айл телевизортой. Тэр хэдэн айлдаа орой болгон хүүхэд томчууд бүгдээрээ цуглаж 5 цагаас орой 10 болтол үзнэ. Уурлаж, дургүйцнэ гэж байхгүй. Яасан ч сайхан зантай байсан юм ?!
Шажинхурах ба Туул гол
Манай Налайхынхан Богд уулын Шажинхурахын аманд зусланд гарцгаана. Хүүхдийн зуслангийн цэцэрлэгтэй, нэлээд сайн тохижуулсан байж билээ. Эцэг эхчүүд ажилдаа явахад бидний аваргууд уул хадаар хөндлөн гулд тэнэж өгнө. Хад жимс, самар их түүнэ. Бас хамгийн гол ажил нь модны хуурай гишүү түүнэ. Гишүүгээ чаргачлан бөөгнүүлж боогоод уулнаас чирж ирэх их зугаатай ажил байж билээ. Миний зунжингаа түүсэн гишүү гэхэд л бүтэн машин болдог байлаа. Бүх хүүхдүүд л ийм байсан…
Зуны даалгаварт зурамны арьс авчрах даалгавар өгнө. Энийг ч ёстой давуулан байнга биелүүлнэ. Тун “их нүгэл” үйлдэж, ус цутгаж, урхидаж алсан зурам тоогоо алдана. Алсан зурамны тоогоороо уралдана. Одоо би зурам харахаараа өрөвдөөд байдаг юм…
Тэр жил Шажинхурахад орос цэргүүд хээрийн сургууль хийв ээ. Бидний хэдэн баагий аль хэдийн давхиж очоод орос цэргүүдтэй “найзлаж” гарах нь тэр. Би бүр ч илүү найз болсон ба цэргийн цуваа манай урдуур явахад “орос найзуудын” маань гинжит хуягт манай гадаа зогсоход “ах лам” хуягт руу үсрээд л орно шүү дээ. Ээж бол араас хашгирч ч амжихгүй. Аз болбол тэд АКА-аа бариулна, хутган жадаа үзүүлнэ, сургуулийн сум бэлэглэнэ. Үнэн гоё ш дээ…
Тэр жил бид Шажинхурахын голд хэсэг газрын чулуу зайлуулж байгаад усанд сэлэх газар байгуулав. Өдөржингөө цэлдэн хөх болтлоо усанд хэвтдэгсэн.
Туул гол бол Налайхчуудын шүтээн юм. Юм л бол Туул руугаа явна, зугаална, юм угаана, амрана. Загас барих гэж нэг сүрхий ажил байв. Гараараа ч загас барьж болно. Үүний тулд нэг нь голын хүнхэр эрэг рүү тонгойно, нөгөө нь түүний хөлөөс сайтар барьж татна. Тонгойсон баагий гартаа оймсоо углах ба гараа эргийн доогуур шургуулан тэмтэрч загас эрнэ. Тэмтрэгдэнгүүт нь атгаж аваад гаргаад ирнэ дээ. Хэрэв гартаа оймсоо углахгүй бол загас гулгаад, мултраад алга болно. Одоо үүнийг ярихаар олон хүн үнэмшдэггүй юм. Нэгд Туул голд маань загас элбэг байж, мөн хүүхдүүд бидэнд загасны элдэв хэрэгсэл дутмаг байсан юм. Дэгээгээр ч бас барина. Ямар ч гэсэн Туул голоосоо гараараа загас барьж үзсэн азтай хүний тоонд би орно. Загасаа норгосон сонинд ороож байгаад гал дээр шарж иднэ. Амттай гэж жигтэйхэн…
Туул голоор минь сал явдаг байсан гэж томчууд ярьдаг ба би бүр жаахан байхдаа нэг удаа салан дээр гарч үзсэнээ бүүр түүр санадаг юм. Тийм л их устай байж дээ, хатан Туул минь…
Намар мойл түүнэ гэдэг нэг зугаатай ажил байх бөгөөд бид амаа хаттал заваартал мойл иднэ…
Хатан Туулынхаа эрэг дээр тоглож, усанд нь өдөржингөө байхад хүүхэд бидний жаргал байж билээ…
Зун намар мөөг их түүнэ. Налайхын уурхайн урд хөндий тэр үеийн нэршлээр “Урд ар”-д их мөөгтэй, мөөгөн хүрээ дүүрэн байх. Бороо орж, манан татсаны дараа аавтайгаа мөөгөнд явна. Нэг нэг модон шор хийж авах ба түүгээр мөөгөө ухаж авна. Монголчууд мөөгийг хутгаар авдаггүй, модон шороор авдаг юм. Ээж мөөгийг утсаар сүвлэн хатаах ба үе үе хоолонд хийж иднэ…
Манай Налайх соёл урлагийн талаар дутна гэж байхгүй. Учир нь зүүн чиглэлд аялан тоглолтоор явж буй бүх урлагийн байгууллагууд анхны тоглолтоо Налайхад л хийнэ. Намар оройхон нэлээд борлож, аяншиж ядарсан хүмүүс сүүчийнхээ тоглолтыг бас л Налайхад хийнэ. Ингээд Налайхчууд соёл урлагийн тоглолт 2 дахин илүү үзчихдэг байсан юм.
Манай нэг эгч Дуу бүжгийн чуулгад бүжигчин хийх. Манайхаар найзуудаа дагуулж ирнэ, одоо бодоход томилолтын мөнгөө бага ч гэсэн “хэмнэдэг” байсан байх. Эгчийг ирлээ гэнгүүт ээж мах чанана, маш их хоол хийнэ. Тэдний дунд хааяа урлаг соёлын томчууд ч ирнэ. Эгч маань: “Аав ээжид нэг дуулж өгчихөөд хоолоо ид” гэж албадна. Манай муу гэрт урлагийн томчуудын дуу хоолой цангинана шүү дээ. Би ч маш их баярлан хөөрнө…
Налайхын дууль
Манай Налайх ид тэлэн хөгжиж байхдаа уурхай, шилний үйлдвэр, цэргийн оёдлын үйлдвэр, автобааз гэсэн хэдэн том тулгуур дээр тогтож байв. Эдний дундаас Уурхай хамгийн гол байр суурь эзэлнэ. Нүүрсний уурхай бол манай Налайхын нэрийн хуудас, нэр төр, амь амжиргааны эх үүсвэр байлаа.
Налайхын зам, шилний үйлдвэр барьж байсан хятадууд явж, оронд нь оросын цэргийн нисэх анги байгуулагдав. Налайхын дээгүүр дуунаас хурдан онгоцууд нисэлдэх болов. Урд дэнж дээр локаторын станц байгуулагдав. Ийм хүчирхэг хамгаалалттай байхад аюул заналаас айх, сэтгэл зовох юу ч байхгүй…
Ингэснээр Налайхчуудын амьдралд их дэм болсон юм. Дэм болсон гол зүйл нь орос дэлгүүр, хямд бензин хоёр байв. Орос цэргүүдээс 200-ын торхтой бензин 1 шил архиар авна шүү дээ. Орос дэлгүүрээс бол ховор живэр бараа авчихна…
Налайхчуудыг намар оройхон болоход нэгэн баярт бөгөөд түгшүүрт хүлээлт зовооно. Энэ бол уурхай төлөвлөгөөгөө биелүүлэх эсэх хүлээлт юм. Тэр үед бид Эх орноо нэгэн том ариун зүйл гэж боддог, түүний хөгжил цэцэглэлийн төлөө хүн бүр чадлынхаа хэрээр зүтгэх ёстой гэж ойлгодог байлаа. Налайхчуудын төсөөллөөр Эх орон бол аварга том хөдөлмөрийн фронт бөгөөд Налайхчууд Эх орны Нийслэл Улаанбаатарынхаа гал голомтыг нүүрсээр таслахгүй үүрэг хүлээсэн гэж үзнэ.
Оны эцэс дөхөх тусам хүлээлт найдвар, түгшүүр ээлжилнэ. Уурхайчид “тулаа” буюу 3 ээлжинд орж 24 цаг тасралтгүй зүтгэж эхэлнэ.
Манай хамаатан нэг уурхайчин ах байх. Гэрт нь очиход унтаж л байна. Ээж: “Миний муу хүү ядраад сунаж үхэх нь” гэж үглэнэ. Уурхайчид бүгдээрээ л сунаж үхтлээ ажилладаг байсан даа…
Энэ үед уурхайн ажил амжилт нийт Налайхчуудын санаа зовох хэрэг болно. Дэлгүүрт хүмүүс дугаарлаж байна. Уурхайчин ах орж ирээд хамгийн сүүлд зогсоно. Гэтэл хүмүүс дундаас хэн нэг нь: ”Алив таминь ээ. Энэ хүүг урдуураа оруулаач. Ядарч байгаа байлгүй” гэнэ. Хүмүүс ч уухайн тас зөвшөөрнө. Уурхайчин ах нэлээд ичингүүрч байснаа урдуур орж, мах, талх, масло, элсэн чихэр зэрэг хүнсний зүйлээ авна. Тэгээд гарах гэхэд нь бараг бүгдээрээ: “За яаж байна даа ? Амжих нь уу ?” гэж асууна. Уурхайчид: “Гайгүй дээ”, “Нэлээд дөхөж байгаа шүү” гэсэн хэдхэн үг хэлнэ. Хүмүүсийн санаа амарч “ашгүй дээ” гэцгээнэ. Энэ мэтчилэн хатан зоригт уурхайчдаа Налайхчууд ихэд хүндэлнэ.
Уурхайд метан хий, гүний ус нэвчих, нуралт үүсэх гэсэн 3 том аюул байх. Зарим үед аав хараал тавин, ээж үглэсээр гэртээ орж ирнэ. “Яасан ?”. “Хий гарч гэнэ ээ.”, “Хүн зүгээр үү ?”, “Зүгээр гэнэ ээ”, “Ашгүй дээ”, “Заавал ийм үеэр гардаг хижиг ш дээ”. “Хижиг” гэдэг нь метан хий юм уу, гүний ус л даа. Бараг л байгаль дэлхийг бүхэлд нь хараахаас наагуур юм болно…
Сайд хүртэл ирж гэнэ гэж ярина. Үнэхээр сайд нар биечлэн ирж удаан хугацаагаар уурхайд ажилладаг байсан юм шүү.
Өвлийн сар ирэхэд манай Налайхчууд “хий битгий гараасай”, “гүний ус бүү гараасай”, “нуралт бүү болоосой” гэж сэтгэл дотроо залбирна.
Ингэж ингэж “төлөвлөгөө биелсэн” гэсэн баярт мэдээ ирнэ. Үүний анхны шинж тэмдэг нь Соёлын Ордон, түүний ойр орчмыг гэрлэн чимэглэлээр чимж өдөр мэт гэрэлтүүлнэ. Хүүхдүүд бид гүйлдэж энэ баярт мэдээг аав, ээждээ дуулгана. “Соёлын Ордныг чимчихсэн байна” гэж. Ингэмэгц л Налайхчуудын санаа амарч, сая л сэтгэл дүүрэн амьсгална. Гэрлэн чимэглэл Шинэ жил хүртэл байна. Налайх тосгон маань гоёмсог, сайхан, үзэсгэлэнтэй, хүмүүс нь сэтгэл хангалуун, аз жаргал дүүрэн болно…
Налайхын дэлгүүрүүд мах, сүү, масло, элдэв чихрээс эхлээд ховор живэр бараагаар пиг дүүрнэ. Бодвол “цаанаас” нь тэгж зохицуулдаг байсан байх. Энэ ч гэсэн уурхайгаа төр засаг хэрхэн анхаардагийн жишээ болно гэж бодож байна.
Нөгөө уурхайчин ах ээж, эхнэртээ нэлээд их мөнгө өгнө. “Үлдсэнийг нь сүүлд авчирна” гэж хэлнэ. Бодвол бүх цалинг нь бөөндөж биш, тохируулж цувуулан өгдөг байсан бололтой. Ингээд ах хүү гоёж гарна даа. Хромон гутлаа гаргаж тосолно, космтюмаа гаргаж өмсөөд баярын хуралдаа явна.
Орой ирэхдээ халуун сав, цаг мэтийн шагналтай ирэх ба ээж нь түүнийг нь хоймортоо залж, орж ирсэн хүн бүрт үзүүлж, гайхуулна.
Бүр орой болоход уурхайчид баяраа тэмдэглэн айл хэсэж архидаж эхэлнэ дээ. Нэлээн сайн балгачихсан уурхайчин ах нар цас мөсөнд хальтирч унахгүйн тулд 2-3, 4-5-аараа бие биенээ сугадан чанга чанга ярилцан үл мэдэг найган явахыг харахад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөгсөн. Тэд бол үнэхээр баатрууд байсан юм шүү !!!
“Хүн үлдээж болохгүй шүү, унавал хөлдчихнө, хүнээ сайн тоолж яваарай” гэх бригадын даргын орилох одоо ч сэтгэлд дотно. Энэ үгэнд уурхайчин хүний хүнлэг, хамтач сэтгэл бүрэн шингэсэн гэж бодно.
Ийм болохоороо, ийм орчинд хүмүүжсэн болохоороо Налайхчуудын олонхи нь ажил хөдөлмөрт дуртай, түүнээс халширдаггүй, ямар ч бэрхшээлийг давах чадвартай, гүдэс шулуун зантай, чин шударга, яс махны хамтач үзэлтэй, Эх оронч хүмүүс болдог ч байж магадгүй.
Энд дурдсан бүхэн хөдөлмөрөөр бойжин хүмүүжиж, хөдөлмөрөөрөө алдаршсан Налайхын уурхайчид, миний Налайхчуудын эгэл жирийн амьдрал, түүний тухай дууль гэж би бодном…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2019 оны 04 дүгээр сарын 17.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

10 Responses to НАЛАЙХЫН ДУУЛЬ

  1. Zolbayar says:

    ““Хүн үлдээж болохгүй шүү, унавал хөлдчихнө, хүнээ сайн тоолж яваарай” гэх бригадын даргын орилох одоо ч сэтгэлд дотно.” энэ хэсэг дээр самсаа шархираад явчихлаа шүү. Сайхан байж ээ.

  2. Anonymous says:

    Нүдэнд харагдтал бичсэн байна. Чулуугаар байлдаад толгойгоо хаглаад гэртээ ордог байлаа.

  3. Золбоо says:

    Баярлалаа Ганаа ахаа. Гоё бичжээ нүдэнд харагдтал. Миэий авга талынхан ихэнх нь Налайхад өссөн. Анхны хотын дарга Ч.Шагдар гуайн үр хүүхдүүд…

    • Би says:

      Үнэхээр сайхан үе бжээ хаа сайгүй
      Одоо бхгүй болсон гэхээр харамсалтай
      Хүнээ тоолж яваарай гэж хашгирсан даргын дуу титаник киноны амьд үлдсэн хүмүүсийг хайж шүгэлдэж орилж бга хэсгийг өөрийн эрхгүй санагдууллаа

  4. Намжилдорж says:

    Төрөлх Налайхын минь тухай сайхан бичжээ. Бага нас минь нүдэнд харагдаад. Баяраллаа.

  5. bat says:

    Сайхан үе байжээ. Хөдөлмөр хүнийг бий болгоно гэж. Улс орон, ард иргэд маань бүтээн байгуулалт хийж амар жимэр амьдрах цаг хурдан ирэх болтугай.

  6. byamba says:

    bayrlalaa baga nas sanagdchihlaa baiz amjilt husye

  7. Anonymous says:

    Сайхан бичиж, Аз жаргалтай хүүхэд нас маань санагдчихлаа. Өвөл хацраа хөлдөөчөөд цасаар тоглоод Бүс нуурын мөсөн дээр болдог тэшүүрийн тэмцээн үзээд гулгаад л. Өндөр довжоотын хажуугийн гуанзангаас чанасан шийр авч идээд уурхайн бага сургуулийнхаа хашаанд хичээлийн завсарлагаанаар чоно тэмээ болж тоглоод. Зун намар Горхи Тэрэлжээс самар жимс түүнэ. Орос цэрэг, урд хорихын хоригдлуудыг машинтай явахад нь дагаж гүйж төмс ногоо гараар зорсон тоглоом авна. Олон үндэстэн ястны үнэнч нөхөрлөлтэй сайхан Налайх минь санагдчихлаа,Казах хүүхдүүдтэй Осмоны үлдэгдэл нөгөөдүүл нь сохор Богдын шээс гэж хэлэхээр зодоон хийнэ ээ бас,

  8. Anonymous says:

    Erhem ahtai 20 jiliin zaitai gehed osoj torson orchin , yildej yavsan hodolgoon barag zoroh yumgyi taarch baina daa , bi ch 120iinh bolohoor bas l Tuul gol deerl osoj dee , sal yavahiig haraagyich , hatan tuul yerlesen yed hen ch usand orj zyrheleergyi us ni nemegddeg baij bilee

  9. Anonymous says:

    Ёстой сайхан нийтлэл байна. Гялайлаа Хуягаа ах аа. Хуучны Орос киноны план шиг бодит зураглалууд нүдний өмнө хөвөрсөөр дууслаа. Сайхан ч цаг үе, эрүүл ч нийгэм байж дээ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: