ХӨГШЧҮҮЛИЙН МААНЬ САЙХАН СЭТГЭЛ…

Саяхан Нийгмийн Ухааны Институтэд хамт ажиллаж байсан хөгшин эгч өөд болжээ. Энэ тухай найз хөгшчүүд нь надад дуулгаж байна. Намайг ажилд ороход анх хүлээн авч, загнахдаа загнаж, сургахдаа сургаж, нэг үгээр хэлбэл намайг хүн болгож, ажилд сургасан ажлын газрын эгч маань юмсан…

Хэл дуулгасан өөр нэг эгчдээ хөл гүйцэд эдгэж амжаагүй тул очиж чадахгүй гэдгээ учирлаж, мөнгө шилжүүлбэл болох уу гэж асуулаа. Болно гэж байна. Тэгээд над руу утастаж хэл хүргэсэн эгчийн дансанд 100 мянган төгрөг шилжүүлж орхив.
Тэгсэн чинь эргээд утасдаж байна: “Чи яасан их мөнгө шилжүүлдэг юм ?! Манайхан зарим нь 20.000, зарим нь 5000 төгрөг өгсөн байгаа.” Манай хөгшчүүл ядуу биш ч, элбэг хангалуун биш нь харваас илт. “Чамаас дундаж жишгээр аваад үлдсэнийг нь буцааж шилжүүлнэ. Дансаа өг” гэж шууд тулгав. Би: “Үгүй ээ, хэрэггүй. Би нэг төгрөг ч буцааж авахгүй” гэж хариултал өөдөөс: “Чи яасан баян юм ?! Удаан өвдөж хамаг мөнгөө барсан байж таараа. Буцааж өгнө” гэж загнах шаардах хоёрын дунд тулгав.
Залуудаа ингэж загнахад нь гаднаа юм хэлэхгүй ч дотроо их уурладаг байж билээ. Одоо ингэж “загнасан” чинь сэтгэл догдолж байна гэж жигтэйхэн.
Би: “За тэгвэл Та нар нийлээд нэг сайхан хоол идчих” гэсэн чинь буруудаад явчихлаа шүү. Нэмээд загнах гэхээр нь утсаа таслаад нэг удаа санаа амарлаа.
Маргааш нь ахиад утасдаж байна. “Чиний 100.000 төгрөгнөөс 50 мянгыг нь талийгаачийн буянд өгсөн шүү. Харин үлдсэн 50 мянгыг нь буцааж өгнө” гэж байна. “Авахгүй гээд байхад чинь яах гээд байгаам ?!” маягийн юм ярьж худлаа уурлав.
“Өгч л таараа. Би танай гэрийг мэднэ л дээ” гэж намайг мухардуулав. Намайг эмнэлэгт байхад хэдэн хөгшчүүл маань эргэж ирсэн юм. Бас л тав гурван төгрөгөө цуглуулах гэж хэрдээ л ажил болж ирсэн нь ойлгомжтой.
Залуу зандан насандаа цаг ямагт бусдын төлөө явж, насан туршдаа шударга үнэний туйл, хэмжүүр болсон энэ агуу хүмүүс насан өндөр болсон хойноо ч шударга ёс, ёс суртахуунаа хадгалсаар л…
Эгчтэй утсаар ярьж зэмлүүлж байхад хоолой зангирч, нүдэнд нулимс хурав.
Ийм сайхан ахмад үе минь улам цөөрсөөр л…Харин бидний үр хүүхэд ийм сайхан сэтгэлтэй, ёс суртахуунтай байж чадах болов уу гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2019 оны 05 дугаар сарын 23.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

5 Responses to ХӨГШЧҮҮЛИЙН МААНЬ САЙХАН СЭТГЭЛ…

  1. Болд says:

    Хэлээд ч ойлгохгүй үнэмшихгүй, бусдыг бодохыг галзуурал, ёс суртахуун зөв сэтгэлтэй байхыг алдаа гэж үздэг итгэдэг болсон үе завсрынхан ч хэцүүхэн л харагдах юм доо.

  2. Bat says:

    90 ээд оноос хойш хэцүү болсон л доо. Улс орон маань яана даа гэж бодогдох юм даа.

  3. SAinaa says:

    Сайн байна уу Ганаа ах, сайхан зусаж байна уу

    Танаар загнуулахгүй удчихжээ. Сүүлд таны ярилцлагыг үзлээ сайхан санагдлаа. бичсэнийг унших, өөрөөс нь дуулах хоёр тун өөр өөр ялгаатай мэдрэмж төрүүлэх юмаа. Тулж уулзвал бүр л өөр байх нь мэдээж. Би таны бичсэн үе хоорондын шилжих хөдөлгөөн, үе доторх хөдөлгөөний талаарх өгүүллийг сонирхож, дурлаж хааяадаа гаргаж уншдаг юм. Энэ асуудлаар манайхан маргалддаг. Маргах ч ёстой. Яана даа гэх ч байна, үгүй ээ шинэ үе гарч ирж байна, гоё болно гэх ч байна. Жамаараа урсана гэх ч байна. Та нарын үе дуусаад залгаж гарч ирэх үеийнхэн ямар дүр төрхийг бий болгох бол. Ямар нэг юмыг сайн, муу гэж туйлшуулахгүй ч дундаж үзүүлэлт харагддаг шүү дээ. Та нар болоод та нараас өмнөх үеийнхэн бол ёс суртахуун, хүнлэг чанар, шударга зангийн хувьд өнөөгийнхөөс дээд эрэмбийн үе байсан гэдгийг би хүлээн зөвшөөрдөг. Яахав матаас, жөтөөс байсан л байх. Аль ч газар 40 50 настууд нийгмийн голлох шийдвэр, ачааг авч явдаг байх. Энэ хаос, ойлгоход сонин үзэгдэл жамаараа алга болсны дараа ямар үе гарч ирэх вэ? дээрдэх үү, доордох уу? Баабар нийтлэлч бүр аймаар гарууд гарч ирнэ гээ л байна лээ. Үнэн байх даа. Энэ дуусч гээд хаяхад, оюун ухаан нь одоо ид бойжиж буй өсвөр, өсвөрөөс дээшхи үеийнхэн ачааг яаж авч явах бол… Миний бодол байна. Тэд сайн сайхан, муу муухай дунд зэрэг өсөж байна. Одоогийн энэ балиар дүр төрх тэдний тархи, оюунд нөлөөлж л таарна. Инерц тэдэнд хадгалагдана. Гэхдээ жингийн туухай сайн талдаа өргөгдөх байх. Нуль цэвэр гоё тархи, сэтгэхүй, сэтгэл, ёс суртахуун төрөхгүй байхаа. Бараан юм дүгнэчихлээ.

  4. Dd says:

    Saihan bichij. Ulamjlalaa buyu ahmad uyee muulj hyahaj havchih ni ih bolj dee. Gantshan jishee heley. Huuchin uls turiin tovchooniihnoos odoo hed ni dollariin saytan baigaa bileee?

  5. Anonymous says:

    Sain bn u Gana sudlaach
    Bi eruul mendiin chigleleer sudalgaa hiihed. Suuliin ued hiigdej bga sudalgaany ajiluud mash ih gutgeleg, daramt shahaltand orloo. Uuntei holbootoi uls tur businessyn buleglel, gadaad dotood ulsyn bodlogo ch nuluulj baih shig. Bolomjtoi uedee holbogdoh huselt tavij baigaag min huleen avna u. Tantai holbogdoh utasny dugaar bg yu?
    hundetgesen,
    Gana

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: