Г. УЯНГА: ДЭРГЭДИЙН БУРХАН ҮНЭГҮЙ !

Нэгэн жишээ. БНХАУ-д 2008 оны олимпийн наадам болохын өмнө Хятадын засгийн газар үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд таксины жолооч, дэлгүүрийн худалдагч гээд Хятад орны нүүр царайг гаднынханд илтгэх үйлчилгээний бүх ажилтанд англи хэл сургах томоохон кампанит ажил зохион байгуулжээ.

Энэ хүрээнд англи хэлийг хамгийн богино хугацаанд үр дүнтэй сургах сурах бичгийн уралдаан зарлаж, эхний арав гаруйг (14 санагдаж байна)засгаас нь хөрөнгө гарган хэвлэхээр болсон байна. Уралдаанд Монголоос цөөн хүн /бараг ганц л хүн байхаа даа/ хамрагдсан бөгөөд, бидний адлан шоолж элдэвлэн доромжилдог Арго багшийн ном хэдэн мянган номноос эхний аравт шалгарч хэвлэгдэхээр болжээ. Энэ тухай сонссон манай яамны нэгэн түшмэл “наадах чинь мэдрэл муутай, өвчтэй хүн шүү…” гэж элдвээр нь хэлсээр байгаад болиулчихсан юм гэсэн. За энэ ч яахав гэж бодъё.
Нэгэн жишээ. АНУ-ын Чикаго хотоос нурууны үений дурангийн хагалгаа хийлгэхээр монгол бүсгүй эх орондоо иржээ. Энэ төрлийн хагалгааг хамгийн найдвартай, сайн хийдэг дэлхийн таван орны нэг Монгол тул америк эмч нар ийн зөвлөсөн байна. Монгол эмч нар энэ төрлөөр дэлхийн улс орнуудад уригдаж хичээл заадаг.
Нэгэн жишээ. Уруул тагнайн сэтэрхий гэж нярайн айхтар эмгэг байна. Хөхөө хөхөж чадахгүй, нүүр ам нь цөмөрхий төрдөг энэ гажиг тэдгээр нялхаст төдийгүй ар гэрт нь маш том дарамт, зовлон байдаг. Эрүүл мэнд, дээрээс нь гоо сайхны асуудал! Шалтгаан нь тодорхойгүй, жил ирэх бүр нэмэгдсээр байгаа энэ эмгэгийг Монголд ЭХЭМҮТөвийн Эрүү нүүрний мэс заслын тасгийн баг хамт олон өөрийн улс дахь эмгэгийн бүх тохиолдлыг 100 хувь анагаагаад зогсохгүй гадаадад уригдаж хагалгаа хийж, хичээл заадаг. Жишээ нь Орост ийм хүүхдийг таван нас хүргэж байж хагалгаа хийнэ гэдэг бол манай баг нэг сартайгаас эхэлж хийгээд таван настай гэхэд бүрэн эдгэрсэн, хэл яриа нь зохих насандаа хөгжсөн, гаднаасаа мэдэгдэх зүйлгүй болж эдгээж байна.
Сая хүрэхгүй төгрөгийн цалинтай тэд хөдөө орон нутгаар 20 жилийн турш тасралтгүй явж, нийслэл хотод ирж олон хоногоор эмчлүүлэх зардалгүй жирийн иргэдэд газар дээр нь очиж үе шаттай хагалгааг байнга хийж байна. Гэвч тэднийг шүтэн биширсэн өвчтөнүүдээс нь өөр хүн Монголд мэдэхгүй. Харин гаднынхан урьж лекцийг нь сонсож, хамтарсан хагалгаанд урьж, хичээл заалгадаг. Тэд бас дэлхийн Монголчууддаа тусалъя гэж Буриадад очжээ. Гэтэл “Моквагаас асууя” гээд удсаны эцэст шалгалт авч байж эрх олгоно гэжээ. Гэтэл манай эмч нарыг Хятад, Индонез, Мьянмар, Казахстанд урьдаг. Энэ багийн ахлагч Г.Аянга гэж алтан гартай мэс засалч “Хэрэв надаас Оросууд тест авбал би гарцаагүй унана. Уруул тагнайн сэтэрхийн хагалгааг хэдэн настайгаас хийх вэ гэсэн асуултын зөв хариулт 5 нас гэж тэд үзнэ. Харин би 1 нас гэж бичнэ. Ингээд л уначихна шүү дээ, ха ха ха…”
Нэгэн жишээ. Арав гаруйхан жилийн өмнө, манай эмч нар дурангийн мэс засал гэдгийг дөнгөж л сурч, эхний хагалгааг хийж байсан үе. Хавдар судлалын эмнэлгийн дарга, манай нэртэй мэс засалч Ж.Чинбүрэн эмч ходоодны захын хавдрыг дурангаар төвөггүй авчихдаг байсан ч далд хэлбэрийн хавдрыг хэрхэн авах арга техникийг сурчих юмсан гэж эрмэлзэж, эрэл хайгуул хийж байсан үед Накаяамагийн хавдар судлалын институтийн гүйцэтгэх захирал, дэлхийд нэртэй мэс засалч, профессор Масаказу Ямамото гуай Монголд ирэхдээ яг энэ аргынхаа талаар англи хэлээр бичсэн нэгэн номыг түүнд үлдээгээд явсан байжээ. Ж.Чинбүрэн эмч номыг авсан оройдоо анхааралтай уншиж дуусгаад цагаа харахад үүрийн дөрвөн цаг болж байв. Ж.Чинбүрэн эмч энэ аргаар дөрвөн хагалгааг амжилттай хийгээд Ямамото санд зургийг нь явуулахад тэрээр итгэж чадахгүй байсан гэдэг. “Та ном уншаад л ийм хагалгаа хийчихлээ гэж үү…?!!” Япон хүний толгойд бол яагаад ч орохгүй зүйл. Монгол эмчийн чадварыг гайхахын сацуу бишрэн шүтсэн Ямамото сан өнөөдрийг болтол 11 жилийн турш “Япон-Монголын хамтарсан симпозиум” арга хэмжээг ивээн тэтгэж Монголд зохион байгуулсаар, хавдрын чиглэлээр ажилладаг монгол эмч нарыг чадваржуулан сургахад чин сэтгэлээ зориулан ажилласаар…
Тэдэнтэй уулзан ярилцах зуур асуув.
-Чинбүрэн эмч ээ, ингэхэд та ямар шагнал урамшуулалтай билээ…?
-Хэцссс, би түүгээр яадгийм… /намайг дээш нь “алтан хошуу өргөх” нь гэж сандарсан бололтой, би түүний цол хэргэмийг энэ бичвэртээ л алдаагүй бичих гэж асуусан юм л даа/
Жишээнд дурдсан дээрх хоёр эмч төдийгүй манай мэс заслын эмч нар бүгд л өдөрт 3-8 хагалгаа хийнэ. Үүнийг нь сонссон гадныхны нүд нь магнай дээрээ гараад гацаж орхино. Тэдний нүдээр Монголын эмч нар хүн биш робот, бас дээрээс нь долларын тэрбумтнууд байх нь гарцаагүй!
Ийм үй олон жишээ дурдаж болно. Монголд бидний нүдээр бол “энэ ч дээ…” гэмээр нэгэн гадагшаа гарахаараа бусдын манлайд цоролзож бизнесийг цэцэглүүлж, сурахыг үзүүлж өгнө. Бас нэгэн хөгжилтэй жишээ санаанд орлоо.
Элчин сайд Лодойдамбын Галбадрахыг БНСУ-д элчин сайдаар ажиллаж байх үе, монголчуудын Солонгост мөнгө хийдэг алтан үе эхэлж байлаа. Элчин сайд Солонгосын ганцхан үйлдвэрийн захирлыг таньдаг, хүн ажилд оруулах гуйлт болгоныг тэр л үйлдвэртээ “шахна”. Олон олон ийм шахааны дараа нэгэн танил нь бас л нэг даруу, ноомой залуу бүсгүйг ажилд оруулж өгөхийг гуйж, Галаа ах ч халгасаар нөгөө үйлдвэр дээрээ дагуулаад очиж дээ. Үйлдвэрийн эзэн ч жижигхэн биетэй бүрэг ноомой охиныг хялавхийн хараад их л дурамжхан байгаа нь илт. Гэвч элчин сайдын гуйлтыг яалтай билээ, авсан болж гэнэ. Жилийн дараа дахиад л туслахаас аргагүй хүн бас л нэг хүнийг ажилд оруулж өгөхийг шалан гуйжээ. Л.Галбадрах элчин сайд мөн л халгаж жийрхсээр өнөөх үйлдвэрт очжээ. Өрөөний нь үүдэнд захиралтай таарч мэндлээд арайхийн зовлонт гуйлтаа хэлэхдээ “За, энэ ёстой эцсийнх. Дахин чамайг зовоохгүй” гэж бараг тангараглаж гэнэ. Харин үйлдвэрийн эзэн солонгос “Одоо би мэдэхгүй ээ, Чэчга /Цэцгээ/ мэднэ” гээд өрөөнийхөө хаалга руу заасан байна. Захирлын өрөөний хоймрын сэнтийд ноднингийн “ноомой бүсгүй” жинхэнэ эзний ёсоор заларч байсан гэдэг. Ингээд Л.Галбадрах элчин сайд дахин хэдэн хүнийг ажилд оруулах боломжтой болсон тухайгаа ярихдаа монгол хүүхнүүдийн амьдрах дайчин чанарыг гайхан биширч байж билээ.
Өөр нэгэн жишээ. 1980-аад он. Намрын тариа хураалтын үеэр Хурхын Сангийн аж ахуй даяар тог тасарч сандаргажээ. Конвейер ажиллахаа больсон учир үтрэмд хураасан их тариа дотроосоо шатчих гээд болдоггүй. Сум, САА-н бүхий л мэргэжилтэй, мэргэжилгүй цахилгаанчид оролдоод чадсангүй. Тариа хураалтад туслахаар ирсэн шинэхэн оюутнууд хийх ажилгүй болж, багш нар нь ч сандралдсаар. Улсын энэ их хөрөнгийг шатаачихвал яана, хамгийн гол нь тариаланчдын хавар, зуны нөр хөдөлмөр!!! МУИС-ийн физикийн нэгдүгээр курст дөнгөж орсон шөмбөгөр туранхай оюутан өөрсдийг нь хариуцан ажиллаж байсан математикийн багш Д.Ламжавт хандан “Багшаа, би янзалчихаж болмоор санагдаад байна, оролдоод үзэх үү” гэлээ. “Юу гэсэн үг юм, тогонд цохиулж үхнэ…” Д.Ламжав багш ойртуулсангүй. Хүний “нялх” үрийг тогонд цохиулаад алчихвал яана?! Бас Сангийн аж ахуйн үнэтэй тоног төхөөрөмж сүйдэлсэн хэрэгт орно шүү дээ.
Хэсэг хугацааны дараа гэрэл гялсхийн асав. Нөгөө залуу тэр хавийн цахилгааны холболтын схем зургийг хийж үзээд холбочихжээ. Дөрвөн жилийн турш МУИС-д тасралтгүй онц сурч Д.Сүхбаатарын нэрэмжит цалин авсаар төгссөн шавилхан энэ хөвгүүн бол улсын физикийн олимпиадад түрүүлж МУИС-ийн физикийн ангид урилгаар орж ирсэн, хожим их сургуулийг төгсмөгц нь ЗХУ-ын цөмийн эрчим хүчний ОУ-ын судалгааны төв – Дубнад ажиллуулахаар илгээсэн, өнөөдрийн нийгэм нохойн чинээ тоож шиншихгүй байгаа, алтны магнат Ц.Мянганбаяр. Тэр үнэхээр гоц авъяастай оюутан байсныг багш нар нь одоо ч дурсдаг, “иргэн” Д.Ламжав багш нь түүнд их хайртай юм билээ.
Өнөөдөр хүн бүрийн ад үздэг Х.Наранхүү гишүүн хүүхэд байхдаа физик математикийн олимпиадад байнга амжилттай оролцдог, энэ чиглэлд онцгой авъяастай, “юм дуулгах” хүүхэд байгаад улстөрд орчихсоныг багш нь харуусан дурсахыг сонсож байлаа.
Ой тогтоолтын дэлхийн аваргын тэмцээнд тооны тэмдэгт тогтоолтоор цойлж дэлхийн рекордыг эвдсэн монгол охин үг тогтоох тэмцээн дээр нь яг тооных шигээ байж чадсангүй. Шүүгчид эргэлзэн гайхаж орчуулагчаар дамжин “Яагаад үг тогтоолт дээр өмнөх амжилтаа бататгаж чадсангүйв” гэхэд гэхэд нь “Би англи хэл мэдэхгүй л дээ, тиймээс үсэг болгоноор нь тогтоосон” гэж хэлээд тэдний амыг ангайлгаж бишрүүлж байсан гэдэг.
“Би англи хэл мэдэхгүй л дээ, тиймээс үсэг болгоноор нь тогтоосон” гэж хэлээд тэдний амыг ангайлгаж бишрүүлж байсан гэдэг.
Хурхын САА-н механик Б.Загдаа гэдэг хүн хуучин ДТ-75 тракторт автогрейдерийн хөдөлгүүр суурилуулж, хоёр араатай байсныг 5 араатай болгож, бүтээмжийг 4 дахин нэмээд, Хэнтийд “Атрын III аян”-ы шанг татаж, тариалалтын хугацаанд ганцаараа 700 га газрыг хагалж, борнойдож чадсан байна. Гэх мэт, гэх мэт, гэх мэт…
Энэ бол ганц нэг хүнд тохиолдож байгаа жишээ төдий биш! Дэлхийд Монголын нэрийг гаргаж байгаа жүдочдыг хар. Энхийг сахиулахад яваа монгол залуус, эрчүүдийг хар! Тэд хөдөөгийн малын бэлчээрээс ирсэн, эсвэл хотын хамгийн ядуу хорооллынхон. Жүдочдын дунд баян тансаг айлын хүүхэд нэг ч байхгүй гээд бод доо!Энэ бол монгол үндэстний мөн чанар! Энэ бол ЧИ гэсэн үг! Энэ бол бид! Энэ бол та нар! Энэ бол Монгол хүн!
Харийн хүнд, эсвэл өөрсдөө өөрсдөөсөө жаахан холдоод ажиглахад энэ чанар тодоос тод гялтганан харагддаг. Харин бид дотроо, өөрсдөө энэ гайхамшигт чанараа олж харж чаддаггүй, бас ерөөс хүсдэг ч үгүй юу, зөвхөн муу муухайгаа товойлгон дөвийлгөн жинхэнэ тамын тогоондоо буцалсаар…
Дэргэдийн бурхан үнэгүйн үлгэр энэ. Үнээнийхээ сүүтэйг үхсэн хойно нь, хүнийхээ үнэтэйг үгүй болсон хойно нь мэддэг нь манай тамын тогооны бичигдээгүй дүрэм билээ л!
Энэ тамын тогооноос, биесээ хядсан энэ их тэмцэлдээнээс цойлон гарах нь ч энэ үндэстний хүчин чадлыг улам шалгах шиг. Магад Есүхэй хорлогдсоны дараа гэр бүлийг нь жишимгүй хаяж одсон арчаагүй монголчууд шиг, тийм ганцаардал, доромжлолоос цойлон гарсан Их Монголын аугаа их эзэн хаан Чингис лугаа адил…
Ийм эрчимт оргилуун үндэстэнг нэгтгэж л болохгүйг гаднаас харж байгаа хүмүүс бол харин сайн мэднэ ээ. Үүл нэгдвэл бороо, Монгол нэгдвэл цэрэг! Монголчуудыг бүхий л талаар задалж, бутаргаж болох тийм л засаглалыг бидэнд тулгасаар… Дайснаа мохоол мөшгилгүй хядаж байсан дайнч монголчуудын хөрж амжаагүй оргилуун эрчим өнөөдөр биесээ гутаан доромжилж, бусдын удирдлагаар хөнөөлдөн тэмцэлдэхэд зарцуулагдаж байх шив.
2015 онд УИХ-ын хэдэн залуу гишүүн ордны гуанзанд үдийн хоолны үеэр яг энэ сэдвээр маргалдсан билээ. Нэг нь хэсэг нь монголчуудын арчаагүй, залхуу, өлсөж, ядарч үзээгүй, бэлэн зэлэнд дуртайг гайхаж харин нөгөө хэсэг нь үүний эсрэг чанаруудыг тоочиж зөрөлдсөөр. Би тэднээс нэг асуулт асуулаа. “Хэн хэний чинь зөв. Аль аль чанарууд нь бидэнд байгаа. Тэгвэл ийм хүмүүсийг хэрхэн удирдах ёстой вэ?” Ингээд бидний яриа засаглал руу шилжсэн. Ийм ард түмнийг ардчиллаар удирддаггүй!
Ийм хүмүүсийг, ийм ард түмнийг нэгтгэн зангидаж, зөв зохион байгуулалтад оруулбал ер яах бол оо?
Би заримддаа боддог юм, хэрэв хуулийн орчинг нь бүрдүүлээд Ж.Оджаргалд улс орны эрчим хүчний найдвартай систем босго гэж даалгавал… Ш.Баярсайханд бөөний худалдааны нэгдсэн сүлжээ байгуулахыг, Б.Чойжилсүрэн, Б.Эрдэнэбат хоёрт хямд үнэтэй орон сууцаар хангах ажлыг даалгавал… Тэд өнөөдрийнхөөс хавьгүй жаргалтай амьдарч байж ч магадгүй.
Өнөөдөр тэднийг та нар тансаг хэрэглээндээ умбан жаргаж байдаг гэж санана уу? Үнэт хэрэглээ жаргал бишийг тэд ойлгосон байх гэж боддог. Би тэдний заримыг дааж давшгүй их өрнийхөө араас босох гээд, бас зарим нь хэзээ нэгэн цагт шоронгийн хаалга татах миний ээлж ирэх болов уу гэсэн айдас, түгшүүрийн дунд аз жаргалгүй нэгэн байж ч мэднэ гэж төсөөлдөг. Зарим нь Монголын хамгийн их өртэй хүн ч байх. Өрөө дарахад мөнгө хэрэгтэй. Бүүр маш их мөнгө хэрэгтэй. Тэдэнд жижиг мөнгө хангалтгүй, том, бүүр том л мөнгө хэрэгтэй. Энэ бол бүүр том зовлон л гэсэн үг. Тэдний дэргэд өнөөдрийн олсон хоолоо гэр бүлээрээ хувааж идчихээд маргаашийн асуудал маргаашдаа гээд бүтэн нойртой хонож байгаа жирийн нэгэн зүйрлэшгүй тайван, жаргалтай нэгэн бөгөөд тэд ийм хүмүүст атаархдаг ч байж болно.
Санжаагийн Баяр гэдэг ямархан авъяаслаг бичээч, магадгүй зохиолчийг энэ нийгэм юу болгож орхисныг сая бүгд харцгаалаа. Тэр ном хөглөрсөн бичгийн ширээний ард бестселлерүүд туурвиж байх ёстой атал чийгтэй шоронгийн өрөөнд өвчинд шаналан амьдралыг эргэцүүлж, харин түүний байх ёстой жинхэнэ орыг аахар шаахарууд эзлэн даажигнах аж. Түүгээр ч барахгүй ийм авъяаслаг зохиолчийг буруу газар байрлуулан, улмаар нийгэмдээ шаарлагдан адлагдах шалтгаан болсон буруу гэрээ байгуулахад хүргэж, эцэст нь шоронд амьдралаа эргэцүүлэх гаслант зам руу түлхэж орхижээ. Хөөрхий тэр сайн сэтгүүлч л юм билээшт…
Хүмүүс байр байраа олоогүйн зовлон багадахгүй ажээ. Ийм зовлон нийгмээ, бас хувь хүмүүсийг ч эмгэнэлт тавиланд хөтөлсөөр. Үүд, хоймрын суудлыг солихоор ингэж л буруутдаг байна. Ерөөс улс орныг мөхөөе гэвэл хүмүүсийн байх ёстой байрыг солиход л хангалттай, бусдыг тэд өөрсдөө хийчихнэ!
“Хүнийг хөөргөж, улсыг сулруулах” гэгч эртнээс бидэнд хэрэглэж ирсэн хор, үүний ерөндөгийг бид олоогүй л байна. “Манж” гэж хавдраар үхэх шахсан ч дархлаа суусангүй юу даа?! Монголчууд шиг ийм их эрчимтэй хүмүүс байр байраа зөв олж, нэгдсэн зохион байгуулалтад орвол бид гурван сая шиг биш 30 сая шиг бүтээж чадна.
Бид эрт цагаас ийм л байсан, монголчуудын энэ мөн чанар байсаар байна, байх ч болно! Хэнийг ч дорд үзэж болохгүй! Асар хүчтэй, амьдрах чадвартай, бие даасан ийм хүмүүсийг “Чаддаг нь амьдар!” гэсэн дүрэмгүй, харгис тоглоомд оруулаад хаячихаар хүн бүхэн чаддаг чаддагаараа буруу, зөв хамаагүй амьдрах гээд үзэж тарж байна.
Л.Гумилёв бичсэн байдаг. Нүүдэлчин эзэнт гүрнүүд задран унахаар бэртэгчид нь оргилуун хүмүүсээ хавчин шахдаг. Тэд нийгэмдээ ад шоо болдог ч бусад үндэстний дотор орохоороо гялалзсан амжилт олж, тухайн үндэстнийг сэргээх “түүхий эд” болж өгдөг гэж. Үүнийхээ жишээ болгож олзлогдоод, боол болж, плов сайн хийдгийнхээ ачаар эзэндээ тоогдож дэвшээд улмаар цэргийн жанжин болсон түрэг хүүгийн тухай бичсэн байдаг. Тийм хүмүүс хуримтлагдсаар Монголчуудын довтолгоог Айн Жалутэд зогсоосон байдаг. Кайрын султанатын хаан Кутуз, түүний жанжин Бэйбарс хоёр хоюул нутагтаа адлагдсан цэрэг-боол байгаад хаан, жанжин болсон байдаг. Хэрэв тэд байгаагүй бол оргилол нь эрчимжсэн Монголчуудыг зогсоох хүч байгаагүй гэсэн байдаг.
Бизнес л хийж байхуйц, аливааг бизнес л болгож хардаг бизнес сэтгэлгээтэй сэргэлэн нөхөрт боломж олдмогц тэр боломж бүхнийг бизнес л болгож хувиргана. Тийм хүмүүс төрд орохоор төрөөр бизнес хийчихэж байна. Зах зээлийн эдийн засаг гэж байхаас зах зээлийн төр гэж байдаггүй! Тэд Монголын баялгаар эрсдэлтэй тоглоом хийгээд өөртөө ашиг олж, харин бусдыг хаяж байна. Бизнесмэн хүн иргэн хүнийг хөлсний ажилчнаа л гэж хардаг бололтой юм билээ. Тэр өөрийнхөө буруу гэж огтоос бодохгүй, тэгэх ч учиргүй. Ерөөсөө түүний буруу ч биш. Гол нь байр байраа олоогүйд л хамаг учир байна.
Бурхан холдож буг олширсон цөвийн цаг гэж бодож байна уу? Үгүй ээ, байр байраа олоогүй l бужигналдаад байгаа хэрэг.
Монгол хүнийг судлах, “Монгол гэж хэн бэ?” гэдэг асуултад иж бүрэн хариулт олох, бие биеийнхээ үнэ цэнийг үхсэн хойно нь биш, амьд ахуйд нь таньж мэдэх, тэдгээрийг зөв эрэмбэлэн байрлуулж, эмх цэгцэндээ орох хэрэгцээ шаардлага бидэнд яг одоо тулчихаад байна. Монгол хүний энэ их эрчим тус тусдаа өөрөө өөрийгөө авч явахад хангалттай байж мэднэ. Харин нэгдсэн зохион байгуулалтад орж гэмээ нь эрчим нь улам түрэн нэмэгдэж, бидний бодат хүчин чадлыг хэд дахин нэмэгдүүлэх учиртай.
Бидэнд зөвхөн эмх цэгц, зохион байгуулалт, нэгдсэн удирдлага, удирдагч л хэрэгтэй! Атал, үндэстнийхээ ийм дотоод мөн чанарыг таньж мэдээгүй төр, хүн ард түмнээ хэрхэн удирдах?! Ийм хүчтэй хүмүүсийг нэгтгэн зангидаж, удирдан зохион байгуулж чиглүүлэхгүй зөнд нь задгайлан орхивоос тэр их эрчим нь биесээ хөнөөсөөр тарж бутран хэмхэрч оддог ажээ.
Сэтгүүлч Гантөмөрийн УЯНГА
2019.08.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

9 Responses to Г. УЯНГА: ДЭРГЭДИЙН БУРХАН ҮНЭГҮЙ !

  1. Б.Золбаяр says:

    Хаа газар ур чадвартай хүмүүс байгаа шүү дээ. Зимбабвед ч гэсэн. “Нэгдсэн” удирдлага, удирдагчтай байлаа гээд гавьсан юм алга.

    “Ийм ард түмнийг ардчиллаар удирддаггүй!” гэдгийг нь яаж мэдэж байгаан? Арай дээр бичсэн хэдэн хөгийн жишээгээ хэлж байгаа юм биш биздээ?

    “Асар хүчтэй, амьдрах чадвартай, бие даасан ийм хүмүүсийг “Чаддаг нь амьдар!” гэсэн дүрэмгүй, харгис тоглоомд оруулаад хаячихаар…” гэдэг дээр бүүр өөрийнхөө бичсэнтэй зөрөлдөөд эхэллээ. Одоо тийм “чаддаг нь амьдар” гэсэн тоглоомд чинь “асар хүчтэй”, “амьдрах чадвартай” Монголчууд маань бүгдээрээ асуудалгүй амьдраад байх ёстой юм биш үү?

  2. Б.Золбаяр says:

    Одоо тэгвэл манай Монголчуудын “Асар сулбагар, амьдрах чадваргүй, биеэ даагаагүй” гэж үздэг Хятадуудад бол ардчилал зохих юм байна л даа хаха

  3. Б.Золбаяр says:

    “Нэгдсэн” удирдлага, удирдагчтай Саудын Араб шиг баян оронд амьдарснаас “дүр эсгэсэн” ч болтугай “Ардчилсан” Монголдоо амьдрах минь.

  4. Tugs says:

    Хааны засаглал монголчуудыг оргилуулах юм шив дээ, аятайхан бичиж эхэлснээ захиалагчаа хэлээд өгчихвөө… Үүл, Тулга хоёрын хэн нь “хаан” бх юм бол доо…

  5. Bat says:

    Ямар ч байсан энэ маягаар 30 аад жил боллоо. Нэг л биш байна. Өөрчлөлт хэрэгтэй.

  6. Б.Золбаяр says:

    “Бизнес л хийж байхуйц, аливааг бизнес л болгож хардаг бизнес сэтгэлгээтэй сэргэлэн нөхөрт боломж олдмогц тэр боломж бүхнийг бизнес л болгож хувиргана.” гэж ёстой үнэн хэлжээ. Манай ерөнхийлөгч ч ясны бизнесмээн хүн дээ, базарваань.

  7. Nyamaa says:

    deed udirdlaga ni hichneen sain baisan ch dund shatnii udirdlaguudaa yum hiij chadah humuus tavihgui bol bolohgui, odoo bosoobshugamaar uzehed deeree negdsen udridlaga alga dund shatandaa chadvartai humuus alga, gagtshuu yu chadahiig ni sudalj chadvartai humuusiig shaardlagatai alban tushaald tomiloh zailshgui heregtei baina. sanal neg baina. deeree negdsen udirdlagatai negdsen Mongoliig hesen bodlogotoi ter bodlogiig heregjuuleh dund shatnii sain baga heregtei baina.

    • Nyamaa says:

      gehdee erh choloot niigem bol hichneen aldsan ch Mongoliin suuliin 30 jil olj avsan hamgiin sain amjilt gej bodoj baina, odoo erh, uureg, hamgiin chuhal ni hariutslaga gedeg zuiliin Mongolchuudad taniulah nen chuhal

  8. Мөхөс миний бодлоор says:

    Парламентаа сонгох аргачлал маань хүртэл Монгол бус, гадныхны буюу “боол”-уудын зохиосон төр барих оролдлогын хуулбар төдий. Өнгөлөг мөнгөлөг намлаг ямаанууд мөргөлдөж сөргөлдөж хэмлэлдсээр 76 ширхэг майлагч гарч ирээд биднийгээ удирдах бус, өөрсдийгөө түнтийлгэсээр 4 жилийг үддэгийг зогсоох болсон цаг. Дэргэдийн бурхад үнэ цэнэтэй байх сонгууль бол ер нь “аравтын систем” юм гэж бодогдоод байна. Бие биенээ мэддэг “арав”-н монгол бэлчээр дээрээ, хурал хуйдаа, сууцандаа, хашаандаа, гудамжиндаа хэлэлцэж хэрэлдэж зодолдож байгаад ч болтугай, бусдаасаа илүү нэгнээ дэвшүүлэн томилно. Эмч нь эмчилгээгээрээ, багш нь багшилдгаараа, дуулдаг нь дуулаад, барилддаг нь барилдаад ч бай, гол нь ямар нэг юм чаддаг бурхан гараад ирэх нь чухал. Хэрэв тэр нөхөр чадахгүй юмаараа оролдож, оймс түрийвчтэйгээ орооцолдсон байвал буцааж авчраад дараагийнхыг нь томилох боломж нөгөө “арав”-н монголд нээлттэй. Томилогдогсод дундаасаа “арав” болгоны нэгийгээ гаргаад ирнэ… Шат шатандаа дэвшүүлсэн ганцыгаа ажил үүрэг, бодлогоор шахаж “төрд хэрэгтэй зайран”-жуулна. Ингэсээр 76 ч юм уу, 81, эсвэл 99 ч юм уу шилмэл бурхад тодорсны дараах “арав”-н жилд тэдний шийдвэрлэсэн асуудал болгон хууль, гаргасан тогтоол болгон үл зөрчих тушаал гээд системээ тогтчихвол энэ бүх ашиг хайсан хуурмаг улс төржилт, хуйвалдаан, эргэж буцсан хуурамч амлалтууд төгсгөл болно. Намчирхахаа, намын дарга нь эрлэгийн элчийн дүр байхаа болино. “Арав”-ын олон давхар сонголтоо хялбарчлаад АИХ, УБХ гэсэн хоёрхон давхаргатай болгосон ч болохгүй юм алга, гэхдээ ингэж хялбарчлахдаа намчирхлыг заавал хазаарлах ёстой. Ерөнхийлөгчийн сонгууль бол тусдаа, намчирхалтайгаа байсан ч өнөөгийнхөөрөө олонхийн сонголтыг хүндлэх зарчим нь шударга. Ингээд л болоо! Үндсэн хуулийн өөрчлөлт хэлэлцэж буй мэргэдээс иймэрхүү энгийн хэрнээ, ирээдүйгээ цэгцэлсэн, төрийн дархлааг сайжруулахад чиглэсэн бодлого гарч ирэх болов уу гэтэл, байдаггүй ээ. “Арав”-ын оронд хэдийн тоо байхыг бурхад олох болтугай!

Leave a Reply to Nyamaa Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: