ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭРИЙН ТАЛААРХ ДЭЛХИЙН ХИЙГЭЭД МОНГОЛЫН МАРГААН

Засаглалын шилдэг хэлбэрийн тухай маргаан нэн эртнийх юм. Платон гэж “болдоггүй нөхөр” НТӨ 360 онд “төгс төр”-ийн асуудлыг анх сөхөж: аристократ, тимократ, олигарх, демократ, тиран гэж ангилсан “Төр” гэдэг ном бичээд л “үймүүлээд” хаячихгүй юу ?! Уг нь хүн төрөлхтөн “үнэн сайхан” амьдарч байсан юм ш дээ. Платоны энэ номноос хойш хүн төрөлхтөн уулгамч юм шиг “төгс төр” хайгаад даруй 2000 гаруй жил өнгөрсөн боловч одоо болтол олсонгүй, хэрэлдсээр л…Энэ маргаан Монголд яг одоо, “цоо шинэ”-ээр эхэлж, Монголд Платоны номын барааг ч хараагүй хар мянган “платончууд”, түүнээс хол давсан “суутнууд” үй түмээрээ төрөн гарсныг радио, телевизээр бэлхнээ харж болно. Энэ тухай товч өгүүлэх гэсэн юм…

Нэг намдаж, нэг дүрэлдэх мөнхийн маргаан
Хүн төрөлхтөн олон мянганы турш “төгс төр”-ийг хайхдаа “ард түмний сайн сайхан байдал”, “бүх нийтийн ашиг сонирхол г.м тодорхой шалгуур тавьж, түүнийг нь хангаж чадах засаглалын хэлбэрийг хайж байжээ.
Эрт үеийн улс төрийн сэтгэгчид түүхэн янз бүрийн үеүдэд эхлээд хаант засаг, дараа нь эсвэл язгууртан, эсвэл ардчилал, эсвэл хэмжээт цаазат хаант засаг, эсвэл бүгд найрамдах улсын янз бүрийн хэлбэрүүдийн давуу талын тухай “хоороороо” магтан дуулсаар иржээ. Цаг үеэсээ л шалтгаалдаг байж..
ХХ зууны сүүлч XXI зууны эхээр авторитар дэглэмд байсан улс орнууд ардчиллын гурав, дөрөвдүгээр “давалгаа”-гаар засаглалын аль нэг хэлбэрийг гарцаагүй сонгох практик асуудалтай тулгарав. Ингээд бараг дэлхий даяараа засаглалын хамгийн сайн институт, хүлээн авч болохуйц хамгийн сайн засаглалын хэлбэрийн талаар өргөн хэлэлцүүлэг, маргаан дахин өрнөх болжээ. Энд геополитикийн өрсөлдөөн тэмцэл ихээхэн нөлөөлжээ…
Одоо бол хаант засаг буюу монархийг бараг хэн ч ярихаа байсан. Харин хүлээн авч даган дуурайж болох үндсэн хэв маягаар ерөнхийлөгчийн, парламентын, хагас ерөнхийлөгчийн засаглалыг зарлаж байгаа.
Ерөнхийлөгчийн системийн талынхан: хүчтэй гүйцэтгэх засаглал, мандатаа ард түмнээс шууд авдаг, тэнцвэржүүлэн тогтворжуулах систем, тогтвортой байдал г.м. үндэслэлүүдийг урдаа барьдаг.
Парламентын системийн талынхан: чадвартай хариуцлагатай засгийн газар, парламент дахь сөрөг хүчний өргөн боломж, засаглал солигдон ээлжлэх г.м. үндэслэлийг урдаа барьдаг.
Ингээд л маргаж, мэтгэлцэж, хэрэлдэж гарна даа.
Дэлхийн маргаан
Ерөнхийлөгчийн болон парламентын талынхны аль нь аль нь:” манай систем бол зөвхөн онол, философи биш, үүнийг олон улс орны практик дээр шилдэг экспертүүд нотолсон” гэж зүтгэдэг боловч нөгөөгөө ялах баттай судалгаа, үндэслэл энэ хэр гаргаж чадаагүй байгаа. Наад зах нь тэдний иш татаад буй “экспертүүд” гэдэг нь ямагт “өөрийнх нь талын” хүмүүс байдаг аж…
Харин сүүлийн хэдэн жилд ерөнхийлөгчийн болон парламентын системийн альтернатив болгож засаглалын холимог загварыг санал болгох болсон нь их сонирхолтой.
Энийг ярих юм бол хоёр талаасаа дайруулж “алуулна” гэдгээ би нэг муу мэдэхтэйгээ…
Засаглалын шилдэг хэлбэрийн тухай маргаан эсвэл бүх улс орон, ард түмэнд тохирох шилдэг хэлбэр хайх руу хальтран орох бөгөөд энэ тохиолдолд ихээхэн хийсвэр байдалд ордог. Эсвэл тодорхой улс орны харилцаанд хамаарах бөгөөд одоогийн байгаатай нь харьцуулахад илүү үр дүнтэй хэлбэр хайх руу ордог.
Засаглалын зохион байгуулалтын ямар нэг түгээмэл систем хайх нь угаасаа үл гүйцэлдэх явдал мөн. Орчин үеийн дэлхий асар олон талтай болсон учир бүхэнд тохирох засаглалын хэлбэр гэж байхгүй бөгөөд байх ч боломжгүй.
“Ард түмэн бүрт өөрт нь тохирсон, зөвхөн түүнд таарах өөрийн гэсэн, онцгой, давтагдашгүй төрийн хэлбэр, Үндсэн хууль гэж байдаг. Адилхан ард түмэн гэж байхгүй учраас адилхан төрийн хэлбэр, Үндсэн хууль гэж байх ёсгүй. Мухар сохроор хуулбарлаж дуурайх нь тэнэглэл, бас аюултай, мөхөлд хүргэж ч мэднэ” гэж нэрт философч А.И.Ильин хэлсэн нь хөдөлшгүй үнэн болой.
Засаглалын аль ч хэлбэрийг сонгох, ажиллуулахад: улс орны түүх, соёл, уламжлал, шашин, менталитет, гадаад хүрээлэл, бусад орны, юуны өмнө хөрш улсуудын туршлага, эдийн засгийн нөхцөл байдал, нийгэм дэх зөрчил зэрэг хүчин зүйлс голлох, шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Ийм учраас аль нэг оронд тохирсон систем нөгөө оронд тэр бүр тохирдоггүй.
Маргаанаас практикт
“Латинамерикчуудад парламентын системийг сонгон авахыг зөвлөдөг, гэтэл францчууд үүнийг хүчтэй эсэргүүцдэг. Британийн олон иргэн өөрийн хоёр танхимтай “номхруулах цамц”-д итгэл алдарсан байдаг бол ихэнхи италичууд Английн системийг “дур булаам” гэж үздэг. (Sartori.G. “Comprative Constitutional Engineering. London, 1997.)
Засаглалын шилдэг хэлбэрийн тухай маргаан явж явж, тодорхой улс оронд засаглалын тодорхой хэлбэрийг “нэвтрүүлэх” эрмэлзэлд оршиж байдаг. Энэ үйл явц хоёр замаар явж болно:
1. Илүү үр дүнтэй мэт санагдсан хэлбэр загварыг зээлдэн авах, эсвэл Үндсэн хуулийн плагиат (зохиогчийн хулгай) хийх замаар хийж болно. Жи: Латин Америкийн орнууд Ерөнхийлөгчийн бүгд найрамдах улсын америк загварыг хуулан авсан;
2. Үндсэн хуулийг инженерчлэл, засаглалын хэлбэр буюу тэдгээрийн элементүүд дээр “туршилт явуулах”, эсвэл шинэ хэлбэр бүтээх замаар явж болно. Жи: Израиль парламентын бүгд найрамдах улс атлаа 1996-2001 оны Ерөнхий сайдаа шууд сонгуулиар сонгосон. Энэ бол ихээхэн сонирхол татах асуудал байгаа юм.
Засаглалын хэлбэрийг солих нь хамгийн хэцүү, халширмаар хүнд ажил байдаг. Нэг бол хувьсгал руу орчих гээд, нэг бол үймээн самуун руу орчих гээд тун зовлонтой…
Европын нэлээд олон орон Засгийн Газраа тогтворгүй байлгалаа гэж парламентын засаглалаа “шүүмжлэлийн галаар” бут ниргэдэг. Жи: Итали гэхэд л хагас Ерөнхийлөгчийн буюу өөр холимог систем рүү орно гэж олон жил ярьж маргасан боловч эцсийн шийдвэрийг одоо болтол гаргаж чадаагүй. Үүний урвуугаар Латин Америкт Ерөнхийлөгчийн засаглалдаа жигтэйхэн дургүй, гэхдээ засаглалын хэлбэрээ сольж чадсан нь бараг үгүй. Бразиль ганцаараа Ерөнхийлөгчийн засаглалаа парламентын засаглалаар солих гэж зүтгээд амжилтгүй болсон…
Эндээс: хүн төрөлхтөн гэдэг “учраа олохгүй тэнэг амьтад” парламентын засаглалтай нь ерөнхийлөгчийн засаглал руу тэмүүлдэг, ерөнхийлөгчийн засаглалтай нь парламентын засаглал руу тэмүүлдэг зуршилтай гэсэн баттай дүгнэлт хийж болно.
Сонголтод гардаг гажуудал
Хөгжиж буй, шилжиж буй орнууд засаглалын хэлбэрийг сонгохдоо хамгийн зохистой (оптималь) системийг “зөв” сонгож чаддаггүй. Шинэ Үндсэн хууль, шинэ институцональ бүтцийн араг ясны тулгуур нь “нийтийн сайн сайхан байдлыг хангах”, “ард түмний язгуур эрх ашгийг эрхэмлэх” зэрэг рациональ, бодит үндэслэлүүд баймаар санагдана. Яг энд л гажуудал ёс мэт үүсдэг байна. “Засаглалын хэлбэрийг сонгоход улс төрийн тоглогчдын (актор) ашиг сонирхол заавал орж ирдэг ба тэрхүү тоглогчид засаглалын хэлбэрийг сонгохдоо төрийн институтуудыг улс төрийн талаар амьдрах тэмцэлдээ ашиглах зэвсэг гэж үзээд хамаг юмыг үймүүлж хаядаг.” (Geddes.B. Initiations of New Democratic Institutions in Eastern Europe and Latin America. Oxford. 1996.)
Засаглалын хэлбэрийг сонгон авах үед Үндсэн хуулийг “бүтээгчид” буюу “дугуй ширээ”-ний ярилцлагад оролцогсод, элдэв маргаан мэтгэлцээн зохион байгуулагчид, зохион байгуулах хурал болон парламентын гишүүд “бүхнээс давсан” хувийн ашиг сонирхлоо түлхэн оруулдаг. Яг ийм хувийн ашиг сонирхлыг үүднээс ард түмэн биш, цөөн тооны “идэвхтнүүд” засаглалын хэлбэрийг “сонгох” нь нэн түгээмэл.
Эрх баригчид эсвэл институциональ ашиг сонирхол, эсвэл хувийн ашиг сонирхол, эсвэл аль алинийг нь нэгэн зэрэг удирдлага болгодог.
Засаглалын ерөнхийлөгчийн болон парламентын хэлбэрийн аль алинд эерэг болон сөрөг талууд байдаг учраас аль нэгийг нь магтан мандуулж, нөгөөг нь газар дор хийх нь хэт туйлширсан үйлдэл юм.
Эдгээр системийн сайн мууг мэдье гэвэл тэдгээрийн үүсэн бүрэлдэж, ажиллаж ирсэн институциональ, улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын болон бусад нөхцлүүдийг маш тулхтай судалж, харьцуулан үзэх ёстой.
Системийн аль нэг шинж чанар янз бүрийн нөхцөл байдалд янз бүрээр илрэн гардаг, иймээс тухайн системийг нэг бол эерэг ангилалд, нэг бол сөрөг ангилалд оруулж болдоггүй.
“Ерөнхийлөгчийн, парламентын, хагас ерөнхийлөгчийн гэсэн гурван хэлбэр тус бүр “сайн” засаглалд хэсэгчлэн ойртож байдаг.”
(Fabbrini.S. Presidents, Parlaments & Good Government. Democracy. 1995)
Галд хийсэн тос
Хорин жилийн өмнө буюу 1990 онд Х.Линц гэгч нөхөр “Ерөнхийлөгчийн системийн аюулууд” гэсэн лаг сүртэй гарчигтай өгүүлэл бичиж: “парламентын систем ардчилалд илүү дөхөмтэй, харин ерөнхийлөгчийн засаглал бол үгүй” гэсэн дүгнэлт хийснээр “сайн” засаглалын маргааны галд тос хийж орхижээ. (Linz.J. The Presidentialism. J. Democracy. 1990, V.1, N 1.)
Х.Линц энэ шуугиант өгүүлэлдээ хоёр гол үндэслэл хэлсэн юм: Нэг. Парламентын систем нь голдуу тогтвортой ардчилал тогтоход хүргэдэг бөгөөд ялангуяа улс төрийн гүн гүнзгий санал зөрөлдөөнтэй, улс төрийн олон нам байдаг орнуудад илүүтэй тохирно, Хоёр. Парламентын систем нь ардчиллыг хадгалан үлдэх баталгаа болно гэж дүгнэсэн юм. Манай мэргэн цэцэн нь хэтэрсэн сэхээтэн нэртүүдийн олонхи энэ хүнийг мэдэхгүй, дуулаагүй, харин мэддэг цөөн зарим нь хорвоо ертөнц дээр ганцхан Х.Линц гэдэг эрдэмтэн байдаг мэт орилдог болохоор зориуд иш татаж байна.
Ингээд тэр дорхноо л хэрүүлийн эсрэг тэсрэг 4 бүлэглэл үүсэв.
1. Х.Линцийн буюу парламентын засаглалын талынхан: Эдний үндэслэл ойлгомжтой. Харин сүүлийн үед тэдний дундаас “ерөнхийлөгчийн засаглал угсаасаа муу зүйл биш, харин бусад таагүй хүчин зүйл, тухайлбал, хэсэг бусаг болсон намын системээс болж мууддаг” гэсэн дүгнэлт хийх болсон. Энэ их эвгүй дүгнэлт л дээ. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн засаглал улс төрийн намын хэсэг бусаг болсон систем болон бусад хүчин зүйлээс хамаардаг аж. Энэ нь лавширвал Х.Линцийн “онол” өөрийгөө устгах юм.
2. Ерөнхийлөгчийн засаглалын талынхан: Х.Линцийн эсрэг бүх үндэслэл гаргадаг учраас бас л ойлгомжтой.
3. Хагас ерөнхийлөгчийн буюу холимог системийн талынхан: Хагас ерөнхийлөгчийн буюу “шинэ”,“холимог системийг зүтгүүлэхийн хамт Х.Линцийг шүүмжилдэг.
4. Үл зөвшөөрөгсөд буюу нийгмийн хүчин зүйлийн талынхан: Энэ бол шинэ үзэл юм. Тэд улс төрийн дэглэмийн хэв маяг нь институциональ биш, харин эдийн засаг, соёл, нийгмийн хүчин зүйлээр тодорхойлогдоно гэж үздэг. (Lipset.S.M. The Centrality of Political Culture. J. Democracy. 1990)
Нийгмийн хүчин зүйлийн талынхан: “залуу ардчиллууд сүйрээд байгаа нь тэд ерөнхийлөгчийн засаглалыг сонгосондоо биш, харин эдгээр оронд ардчилсан хөгжилд саад болох хүчин зүйлүүд байна” гэж үздэг нь ихээхэн үндэслэлтэй.
Бараг 20 гаруй жилийн өмнө Ф. Шмитер гээч нөхөр “Авторитар дэглэмээс ангижрахуй” ном бичиж парламентын засаглал “илүү мундаг” гэсэн дүгнэлт хийж алдаршиж байлаа. Гэтэл одоо Ф.Штимер: “Бүхэнд тохирсон, ардчилсан байдлаар амжилттай нэгтгэх “шидэт жор” байхгүй. Янз бүрийн институтыг сонгох нь янз бүрийн үр дүнд хүргэнэ, гэхдээ бүх тохиолдолд биш…” гэж дүгнэх болж алдаагаа хүлээн зөвшөөрчээ. (Schmitter. P.C. Twenty-Five Years, Fifteen Findings. J. Democraty.2010.)
Ийнхүү засаглалын шилдэг хэлбэрийн талаарх маргаан мэтгэлцээн хорь гаруй жил үргэлжилсэн хэдий ч эдүгээ дуусаагүйгээр үл барам нэгдсэн үзэл бодолд хүрч чадаагүй байна.
“Гүйцэтгэх засаглалын хэв маягийн Үндсэн хуулийн хувилбарууд хийгээд ардчилсан буюу дарангуй үр дүнгийн хооронд нягт холбоо байгаа эсэх нь тодорхойгүй байна.” (Lipset.S.M. The Centrality of Political Culture. J. Democracy. 1990)
Улс төрийн шинжлэх ухааны өнөөгийн хүрсэн түвшинд засаглалын нэг хэлбэр нь ардчилал руу, нөгөө хэлбэр нь дарангуйлал руу хөтөлдөг гэсэн сэдвийг хэн ч батлаагүй. (Мөн тэнд)
Монгол маргаан
Дээр хангалттай дурдсанаар дэлхий дахинаа засаглалын “шилдэг” хэлбэрийн асуудлыг шийдэж чадаагүй, ийм боломж байхгүй гээд байхад Монголд аль хэдийн “шийдчихсэн”, “онол ном”-ыг нь аль хэдийн “баталчихсан” баагийнууд хар мянгаараа байгаа нь “монгол тэнэглэл”-ийн сонгодог жишээ болно. Үүнийг мэдэмхийрэх солио өвчин гэдэг…
Монголд юу болсон гэхээр: “парламентын засаглал” хамгийн ардчилсан, харин ерөнхийлөгчийн засаглал хамгийн дарангуйлагч, чингэхдээ нэг хүний “адгийн” дарангуйлал мөн гэдгийг лавтайяа 3 жил гаруй сурталдан номлов. Чингэхдээ тэд Х.Линц мэтийн “парламентын талын” ганц нэг эрдэмтний нэрийг дурдаж, асуудал нэгэнт шийдэгдчихсэн мэт сурталдаж байгаа нь наад зах нь олон түмнийг төөрөгдүүлж байна, цаад зах нь шинжлэх ухаанд харшилж байна.
Хэн ч гэсэн парламентын засаглалын таашааж, түүнийгээ “магтан дуулах” буюу сурталчлах эрхтэй. Харин чингэхдээ түүнтэй эн зэрэгцэх, түүнтэй адил буюу давуу тал олонтой ерөнхийлөгчийн засаглалын хэлбэрийг адгийн муухай, жигшмээр, хэзээ ч авч болохгүй дарангуйллын адгийн хэлбэр гэж “нотлох” нь хүлцэж болшгүй оюун ухааны түрэмгийлэл мөн.

Парламентын талынхан хэд хэдэн янз: Парламентын засаглалын давуу талын тухай янз бүрийн үндэслэл гарган нотлох хэсэг хүн байх. Энэ бол болж л байна, үүнийг хэн ч буруу гэхгүй. Харин ингэж нотлохдоо ерөнхийлөгчийн засаглал бол хамгийн адгийн “хог новш”, байж болшгүй “гажуудал” гэж нотолдог түрэмгий хэсэг байна. Би энэ лаларын тэнэгүүдийг шүүмжилж байна.
Сүүлдээ түрэмгийлэл нь сүрдүүлэг болон хувирч “ерөнхийлөгчийн засаглал” гэж дуугарсан хүнийг “дарангуйллыг шүтэгч” гэж загнахдаа тулав. Ерөнхийлөгчийн засаглалын талын арчаагүй шаарууд галзуутай суртал нэврүүлэг, занал сүрдүүлгээс айн амаа хамхив. Үүнд урамшсан парламентын талынхан улам галзуурч, дураараа дургих болов…
Хэдхэн “солиотой баагий” зориудын системтэйгээр энэхүү бусармаг суртал нэвтрүүлэг, сүрдүүлгийг хийж байгаа нь тодорхой…

Хуцваа л байна, Ижил тэнцүү, сайн муутайгаа зэрэгцэн оршиж байгаа бүхэл дилеммийн нэг талыг нь газар дор ортол муулж, нөгөөг нь тэнгэрт гартал магтаж байгаа чинь шинжлэх ухаан юм уу ?! Дэлхийн эрдэмтдийг “ялган ангилж”, зөвхөн “өөрийн эрдэмтнээс”-ээс иш татаж, бусдыг нь орхин “тас мартдаг” чинь шинжлэх ухаан юм уу ?!
Оюун санааны түрэмгийчүүд, сүрдүүлэгчдээс айж явдаг хүмүүжил, ёс суртахуун надад байхгүй…
Ямар ч гэсэн Монголчууд парламентын болон ерөнхийлөгчийн засаглалын хоёр хэлбэрийг эн тэнцүү, ав адилхан ярих эрхтэй, бас түүнээс сонголт хийх эрхтэй. Ингэж жишин харьцуулж, дэнсэлж, тунгааж ярих цаг нэгэнт болсон.

Ингэмэгц над руу “Х.Баттулгын “ганц хүний” дарангуйллыг дэмжлээ” гэж дайрах нь гарцаагүй. Энд Х.Баттулга Ерөнхийлөгч огт хамаагүй. Учир нь би олон жилийн турш Монгол улсын ирээдүйн үйл явцыг 5-8 жилээс цааш харан дүгнэж, үүнийхээ зөвийг нотолж ирсэн мэргэжлийн монгол судлаач…
Би энд дилеммийн (ацан сонголт) нэгийг нь “хасчихаад” үлдсэн ганцыг нь “сонгох” гэж зүтгэх нь эсвэл адгийн тэнэглэл, эсвэл бузар хүчиндэлт болно гэдгийг л хэлж байна.
Засаглалын аль хэлбэр “мундаг” тухай ярих болон сонгохдоо засаглалын хэлбэрүүдээ монголын түүх, соёл, уламжлал, шашин, менталитет, гадаад хүрээлэл, бусад орны, юуны өмнө хөрш улсуудын туршлага, эдийн засгийн нөхцөл байдал, нийгэм дэх зөрчил зэрэг хүчин зүйлстэй холбон үзэх зайлшгүй шаардлагатай. Дутаад байгаа юм энэ байна…
Зарим “онолч” бүр галзуурч: “Орос, Хятад хоёр ерөнхийлөгчийн засаглалтай учраас манайх эсрэгээр нь парламентын засаглалтай байх ёстой” гэж хуцаж байна. Эдгээр “онолчид” орчин үеийн ном зохиол уншдаггүй юмаа гэхэд ядаж 2500 жилийн өмнө бүтээсэн “Логик” унших хэрэгтэй л дээ…
Улс төрийн дэглэмд үзүүлэх засаглалын хэлбэрийн нөлөөг “нэмэлт хувьсагч”-ууд оруулан тооцохгүй бол маргаан хэзээ ч дуусахгүй, сонголт хэзээ ч хийж чадахгүй. Засаглалын хэлбэр, ардчилал хоёрын холбоо харилцаа бол “арифметик” биш, харин “дээд алгебр” юм. Ийм түвшний судалгаа, мэдлэг манай “мэргэн цэцний туйл”, “цээжний бан”-гуудад үзээд өгье гэсэн ч байхгүй гэдгийг би сайн мэднэ…
Нөгөө талаас засаглалын “сайн” хэлбэрийг сонгон авснаар төрийн институт автоматаар сайжирна гэж үзэх нь үлэмж эндүүрэл. Тэрхүү “сайн” хэлбэртээ тохирон ажиллах практик механизмыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай. Ийм механизмгүй бол засаглалын ямар ч “сайн” хэлбэр ажиллахгүй, нурж унадаг.
Саяхны жишээ: Киргиз Ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийг хязгаарлаж, түүний нэлээд хэсгийг парламент болон засгийн газартаа шилжүүлээд бүр дордуулсан. Киргизийн парламентад олонхийн бүлэг бүрэлдэх ажил гацаж, улмаар Засгийн Газраа бүрдүүлж чадахаа больж, төрийн институтууд зөрчилдөж эхэлсэн. Алдаа хаана байсан бэ ?!
Киргиз Ерөнхийлөгчийнхөө эрх мэдлээс танаж парламент болон засгийн газарт шилжүүлсэн нь гол алдаа биш байх. Харин ингэж шилжүүлэхдээ төрийн институтуудын ажиллах механизмыг хийж өгөөгүй учраас маш олон “цоорхой” гаргасан нь хамгийн ноцтой алдаа байжээ. Одоо бид ийм юмыг л бодох хэрэгтэй ш дээ…
Би парламентын болон ерөнхийлөгчийн засаглалын “талынхан” эн чацуу, тэгш эрхтэй маргаан мэтгэлцээн өрнүүлж, сонголт хийхийг уриалж байна.
Түрэмгийчүүд сүрдүүлсээр байгаа тохиолдолд манайд эрүүл саруул маргаан явагдах боломж туйлын хомс. Энэ тохиолдолд ард түмнээсээ асуухаас өөр яах билээ ?! Үүнээс илүү хамгийн эцсийн бөгөөд найдвартай арга хүн төрөлхтөн олоогүй юм чинь…

Жич: Хэрэв сонирхвол засаглалын хэлбэрийн талаар цуврал өгүүлэл бичихэд би бэлэн байна. Чингэхдээ би парламентын засаглал бол “новш”, ерөнхийлөгчийн засаглал бол “тэнгэрийн умдаг” гэсэн лаларын тэнэг нотолгоо гаргахгүй нь мэдээж хэрэг…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2019 оны 09 дүгээр сарын 09.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

7 Responses to ЗАСАГЛАЛЫН ХЭЛБЭРИЙН ТАЛААРХ ДЭЛХИЙН ХИЙГЭЭД МОНГОЛЫН МАРГААН

  1. Болдоо says:

    Заавал аль нэгийн эсвэл холиод авах ёстой гэсэн л сонголтоос өөр юм баймаарсан? Төрт ёсны олон мянган жилийн түүхтэй гээд байдагсан! Монголдоо тохирсон засаглалын хэлбэр олно үүсгэнэ гэхээр дугуй зохиохнээ гэх болуу кк.
    Надад бол бүтэц, институцаа харгалзаад хувилж порпоцлоод өгчүүл амархан л бмаар санагдах. Жишээн Ерөнхийлөгчийн бүтцийнхэн аюулгүй байдал, гадаад харилцаа шүүхдээ давуулаг эрх үүрэг аваад, парламент нь засаглал, нийгэм, байгал орчноо голлоод, холимогчуул нь засаг захиргаа, үйлдвжрлэл, нийгмээ хариуцаж үүрээд л явчихаж болмоор доо???

    • Amaraa says:

      Бүр бүгд үү? жонхуурсан юм болгохнээ.

    • Nyamaa says:

      neg ulsad olon tolgoi garch ireed balranashdee, 76 gishuuniig 4-5 buleg(tolgoi) udirdaj baihad iim bhad

  2. Амар says:

    Би хувьдаа Ерөнхийлөгчийн засаглалыг илүүд үзэж байна. Ер нь энэ парлиаментын засаглал ямар ч хэрэггүй хог гэдгийг энэ 30 жил харууллаа шд. Мэдлэгтэнгүүд нь хувийн ашиг сонирхлын төлөө ажиллаад. Сүүлдээ шоучид нь иргэдийн хүндлэлийг ашиглаж урлаг соёл спортынхныг их хуралд чихээд. Сэтгэл гэж байхаа больсон тул санаа зөв бол заяа зөв гэж арга ядахдаа дуучин Жавхланг хүртэл гишүүнээр сонголоо. Хөөрхий минь санаа нь зөв л юм. Гэхдээ ганцаараа нэмэргүй. 2012 оны сонгууль хүртэл МАН идэж уухдаа бас ч гэж санаа зовдог байсан бол АН гарч ирээд энэ хугацаанд гарч ирсэн дээрээ гэсэн шиг хамаг юм самраад улайм цайм хармаалаад үр дүнд нь 2016 онд унасан. Гэтэл санаа зовж айж ичих зүйлгүй дураараа цусалж болдгийг нэгэнт мэдэрчихсэн МАН эргэж гарч ирээд АН-аасаа дутуугүй болцгоосон. Одоо АН ч тэр МАН ч тэр ялгаагүй. Харин Баттулга ерөнхийлөгчтэй, Хүрэлсүх сайдтай энэ үед хонгилын үзүүрт гэрэл харагдах мэт санагдаж байна. Тэд ариун биш ч өмнөх хэдээсээ хамгийн гайгүй бүрэлдэхүүн гэж бодож байна. С.Зориг агсаныг эс тооцвол шүү дээ. Тэгээд ч одоо байгаа энэ парламент, сонгууль Монголд хэрэггүй гэж би үзэж байна. Жишээ нь УИХ-ын гишүүн болоод хууль сурдаг Бат-Эрдэнэ аварга маань байна. Гэх мэтчилэн тухайн бүс тойрогтоо аль нэр хүндтэй дуучин, бизнесмен, бөхчүүдийг намдаа элсүүлж, сонгуулийн олигтой нарийн мөрийн хөтөлбөргүй зүгээр нэг компанийн урамшууллын маркетингийн аргаар өрсөлддөг, суудлын тооны араас хөөцөлдсөн ийм парламентын засаглалыг би хувьдаа хүсэхгүй байна. Бөх хүн уул уурхайн сайд, сэтгүүлч хүн эрүүл мэндийн сайд, боловсролын яаманд ямар усан толгойтнуудыг тавьчихсан юм бэ? бага ангийн хүүхдийн бодлогын номыг хар, Монгол хэлний сургалтын номыг хар. Өгүүлбэр олигтойхон найруулаад бичиж чадахгүй, нэг өгүүлбэр бичихэд дор хаяж нэг алддаг хүмүүс байна. ямар новш нь вэ?. одоо байгаа засаглалын гайгаар төрийн албанд мэргэжилдээ эзэн болсон чадвартай хүн нэг ч алга, дээрээсээ доошоо дан хамаатан садны чихээсүүд. Ядахнаа чадвартайгаа чихэж болно оо доо? Дарханы ДЦС-ийн тендерийн нээлт боллоо. Шалгаж байгаа хүн нь 40 гарсан юуг шалгаж юуг харьцуулах ёстойгоо ч мэдэхгүй донгио юм байж байх. Уучлаарай би шинэ хүн байгаамаа гэнэ шүү. Тийм хүн тендерийн комист үхсэн ацаа хийж яваа юм бэ? Хариуцсан сайдуудыг УИХ биш, ард түмэн ч биш зөвхөн тухайн салбарынхан нь сонгодог болмоор байна. Тэгээд яаж гэх мэт маш олон бичих юм байвч ингээд өндөрлөе. Эцэст нь хэлэхэд Ерөнхийлөгчийн засаглалтай болж, тэр олон балиар хүнд сурталтай яамдыг цөөлж, ер нь 3 сая хүнд цомхон авсаархан смарт зүйл хийхэд асуудал байхгүй гэж бодож байна. Скандиновын орнуудаас жишээ авмаар байна. Гэхдээ цаашид бүр нарийн асуудлыг мэдэхгүй ч би хувьдаа ингэж харж байна. Ганаа ахад хэлэхэд Аль засаглал нь ямар давуу, ямар дутагдалтай, аль оронд нь ингэж боловсруулж хэрэглэдэг, алинд нь яаж тохирч яаж зохицуулагдаж байна гэх мэт Монгол хэлээр тэнэг хүнд ойлгогдохоор юм бичихгүй бол гадаад хэл дээр байгаа зүйлсийг хайж олж тусгаж авч хэрэгжүүлэхийг бодох хүн УИХ дотор цөөхөн байгаа болов уу. Энэ чиглэлээрээ үргэлжлүүлэн бичнэ үү? Баярлалаа.

  3. Төмөрчулуун says:

    Олон жил болж бүтэх зүйлийн төлөө тууштай тэмцэгч зүрх монгол хүн бол Судлаач Ганхуяг ,гэж жир хүн би бодийм,Би өөрөө сайн танихгүй ч бичсэн зүйлийг нь анаж байгаад унших дуртай нэгэн,,,Өчүүхэн би Сүүлийн 6 жил гаруй зөвхөн өөрийн эргэн тойрны хавьцаа Монголоо л гэсэн амин үзэл санаа болох #МАХА үзэл санааны талаар санал солилцдог юмаа,Танд дуулгахад ичис санагдавч дуулгая,,#МАХА үзэл санаа анх 2012.12.12.12.12.12 цаг доор Монголын дуу хоолой МАХА нэвтрүүлэгээр 97,5 FM богино долгионы радиогоор цацагдсан,Тэр үедээ ихэд даруу байдлаар Хожуудаа л дэлгэрэх байхдаа бидний үед ч яахийм болдоо гэсэн бодлоор чигтэй бсаан,Харин өнөөдөр төд удалгүй Дэлгэрэх аястай болоод байнаа,Битийй хуц чи гэдэг хариулт өгөхгүй байх гэж итгэж сэтгэгдлээ илгээв
    Цаг завчилж уулзах ерөөл тавьсуу 91112521 Төмөрчулуун

  4. Anonymous says:

    Парламентын засаглалаас илүү Ерөнхийлөгчийн засаглал Монголд тохирох юм байна гэж боддог байсан хүмүүсийн нэг нь билээ, би. Бодох тусам, төсөөлж дүрслэх тусам 90-ээд оны бидний сонголт нэг их алдаатай байгаагүйг гадарлах боллоо. Хаана алдаа байна вэ гэхээр Үндсэн хуульдаа нам гэгчийг хатуу журамлаагүй үлдээсэн нь цоорхой гаргасан бололтой байна. Ардчилал, ил тод байдал, хүний эрх ярихын тулд, эдийн засаг, мөнгө санхүүгийн систем эрүүл байхын тулд нам гэгч нь өндөр шалгуураар үүсдэг, даргынхаа болон өөр хэн нэгний ашгийн төлөө ажилладаггүй, үзэл баримтлалын, хариуцлагын, удирдлагын, санхүүжилтийн бодлого, үйл ажиллагаанууд нь ард түмний өмнө, бусад намуудынхаа өмнө нээлттэй байх нь энгийн, наад захын шаардлага. Хэрэв энэ зарчмыг зөрчвөл Дээд шүүхэд намын даргад хариуцлага тооцох, гишүүнийг парламентын суудлаас эргүүлэн татах, бүр тэр намыг тараах хүртэлх эрх мэдлийг өгч, Шүүх засаглал ч мөн намууд шиг “шилэн” ажиллах нөхцлийг бүрдүүлэх нь бидний дутуу үлдээсэн ажил гэж харагдаж байна. Энгийн ард иргэд бидэнд Монгол төрийг ганц хүн давуу эрхтэйгээр удирдах уу, 76 ямаа дундаасаа сонгосон нэгнээр удирдуулах уу гэдэг нь онцын ялгаа авчрахгүй, Ганаа ахын бичсэнээр дэлхий даяараа үүнийг мэддэг юм байна. Харин тэд ханцуйн дотроо наймаа, ашиг хонжоо хийхээ болих нь л чухал байна. Ганаа ах, танд нам гэгч ямар байх ёстой талаар судалгаа, санаа оноо байгаа даа…

    • Anonymous says:

      Алдаа бага байсандаа одоо 3хан сая хүн ингээд байж байх уу? 90 оны ардчилал С.Баяр агснаас хойш үгүй болсоон.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: