“УМАРД УРСГАЛ”-ЫН ОРОНД “ТАЛЫН УРСГАЛ” ЯВНА

Монголоор дамжин өнгөрөх хийн хоолойтой холбоотойгоор Оросын “Свободная пресса” (товчоор СП) сайтад Андрей Полунины бичсэн нэгэн сонирхолтой өгүүлэл-ярилцлага гарав. Энд хийн хоолойны талаарх геополитикийн тал талын бодит байдал, зөрчил хийгээд зовлонг нэн тодорхой өгүүлжээ. Энэ нь монголчууд бидэнд нэн сонирхолтой гэж үзээд түүнийг орчуулан хүргэж байна…

Энэ 9 дүгээр сарын 9-нд Ерөнхийлөгч В.Путин “Газпром”-ын тэргүүн А.Миллерт Оросоос Монголоор дамжуулан Хятад хий нийлүүлэх хувилбарыг судлан үзэхийг даалгав.
В.Путин: “Энэ чиглэл бас л амар хялбар биш гэдгийг мэдэж байна, гэхдээ энэ асуудлыг урьдчилан авч үзэхэд бүрэн бодитой гэдэг нь харагдсан. Хятадын хамтрагчид маань энэ асуудалд нааштай байгаа” гэж хэлсэн юм.
Тэрээр: “Энэ хийн хоолойн нөөцийн бааз нь зөвхөн Эрхүү муж, Красноярскийн хязгаарын орд газрууд төдийгүй, мөн Ямалын нөөц байх ёстой гэдгийг онцлон дурдсан. “Монголоор дамжуулан Хятад руу нийлүүлэх зайлшгүй нөөц бүрдүүлэхийн тулд Ямалын нөөцийг ч гэсэн авч үзэхийг Танаас хүсч байна” гэж тэр хэлсэн билээ.
Энд Алтайгаар дамжуулан Хятад руу хий нийлүүлэх баруун чиглэлийг солих тухай ярьж байгаа нь де-факто юм. Энэ чиглэлийг 2000 оны дунд үеэс ярьж эхэлсэн бөгөөд харин “Газпром” сүүлийн жилүүдэд энэ төслийг “Сибирийн хүч-2” гэж нэрлэж байгаа.
Төсөл дараах байдалтай. Жилд 30 млрд кубометр хүчин чадалтай хий дамжуулах хоолой Ямалаас оросын одоо ажиллаж буй хоолойн сүлжээт системийн дагуу явж Оросоос Алтай хүрнэ, дараа нь Казакстан Монголын дунд байх уулсыг даван Орос-Хятадын хилийг гатална.
Алтай дамжсан чиглэл нь техникийн хувьд хүнд байгаа нь асуудал үүсгэдэг юм. Түүнээс гадна Үхэг (Укок) хэмээх тэгш өндөрлөгт буй уугуул хүн амын ариун шүтээн бүхий газрыг дайран өнгөрч байгаа. Үүний хамт энэ хувилбар нь манай хийг транзитгүйгээр шууд Баруун Хятадад нийлүүлэх боломжтой учир маш их давуу талтай.
Харин Монголын тал нутгаар дамжуулах чиглэл хямд. Хамгийн чухал нь энэ чиглэл Улаанбаатарыг хийжүүлэхэд тус болох юм. Гэхдээ хамгийн гол давуу тал нь манай хий харьцангуй цөөн хүн амтай, дундад Азийн хийгээр хангагдчихсан Баруун Хятад руу биш, харин Хятадын олон хүн ам бүхий зүүн хойт болон төвийн нутгууд руу шууд очих юм.
Монголоор дамжуулах чиглэлд транзит эрсдэл бий. Гэхдээ улс төрийн шийдвэр гарсан нь харсаар байтал илт байна: В.Путин Монголд айлчилснаасаа долоохон хоногийн дараа энэ чиглэлийг ярьж эхэлсэн нь тохиолдол биш юм.
Энэ есдүгээр сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Улаанбаатарт айлчлал хийснийг сануулмаар байна. Тэнд тэр монголын Ерөнхийлөгч Х.Баттулгатай хоёр орны хооронд найрамдалт харилцаа, бүх талын стратегийн хамтын ажиллагааны хугацаагүй гэрээ байгуулсан билээ.
Орос, Монгол хоёр хамтын ажиллагаагаа хөгжүүлэх арван гэрээ, түүний дотор терроризмтэй тэмцэх гэрээ байгуулсан. Түүнээс гадна Москва, Улаанбаатар хоёр Монголд цэрэг техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай 2004 оны 03 дугаар сарын гэрээний үйлчлэлийг сэргээсэн.
Монголын “Өдрийн сонин”-д В.Путин Эх орны Их дайнд Монголын гүйцэтгэсэн үүргийг онцлон тэмдэглэсэн. Тэрээр энэ үед Монголын үзүүлсэн тусламжийг талархан дурдаад, Халхын голын ялалт бол манай нийтлэг түүхийн бахархалт үйл явдал гэж дүгнэсэн билээ.
Энэ бүхэн Кремль Улаанбаатартай ойртох чиглэл барих болсныг харуулж байна. Ингэснээр транзит хийн хоолойн төслийг “Сибирийн хүч-2” гэхээ больж “Талын урсгал” гэж нэрлэж таарах ба ба энэ нь хамтын ажиллагааг бэхжүүлэх ёстой.
Үндэсний Эрчим хүний Институтын захирал Сергей Правосудовтай ярилцав.
А.Правосудов: Эхэндээ бол Монголоор дамжуулах чиглэлийг Эрхүү мужаас нийлүүлэх нь хамгийн тохиромжтой гэж бид үзэж байсан юм. Хийн нөөцөөрөө Оросын зүүн хэсгийн хамгийн том хийн конденсатын Ковыктиний орд газрыг боловсруулна гэж бодоогүй, “Газпром” тэнд хувь нийлүүлээгүй байх үед ч гэсэн бид ингэж бодож байлаа
Монголын чиглэл хамгийн богино, түүнээс гадна хийн хоолой тавихад хамгийн хялбар тэгш тэгшивтэр газруудаар дамжих байлаа.
Гэхдээ тэр үед Хятад энэ хувилбарын эсрэг байсан юм. Улаанбаатар транзит статус авангуутаа дарамт үзүүлэх хөшүүргийг гартаа авчихна гэж Бээжин болгоомжилж байсан.
Харин одоо бол В.Путины мэдэгдэлд байгаа зарчмын шинэ зүйл болох Монголоор хий дамжуулах санаачлага Хятадын талаас гарах болов. Бээжин транзит эрсдэлээс ахин болгоомжлохгүй болж таарч байна.
Энэ бол мөн чанартаа авч хаявал зохих цорын ганц асуудал байсан юм. Одоо бол Монголоор дамжих чиглэлд өөр ямар ч асуудал байхгүй.
“СП”: Алтайгаар дамжих хувилбарын “саадын чулуу” нь юунд байгаа вэ ?
А.П: Казакстан, Монголын хооронд орос-хятадын хил байдаг нарийхан хүзүүвч байгаа нь зарчмын асуудал юм. Чухам тэнд алдарт шүтээн Үхэгийн тэгш өндөрлөг байдаг. Энэ нутгийн ихэнхи хэсэг нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өв санд орсон.
Миний бодлоор энэ өндөрлөгийг дамнуулан байгаль орчинд хамгийн бага нөлөөтэй хийн хоолой тавьж болно л доо. Гэхдээ энэ тохиолдолд дэлхий нийтэд шуугиан дэгдэх нь гарцаагүй. Энэ бол ЮНЕСКО-гийн объект, Та нар яаж чадаж байна аа, бүдүүлгүүд ! гэх мэт. Одоо чинь Оросыг муулах нь тэнгэрт хадсан цаг шүү дээ.
Үхэг бол Алтайн чиглэлийн түлхүүр асуудал юм. Харин Монголын хувилбарт ийм зүйл огт байхгүй. Энэ чиглэл бүх үзүүлэлтээр (параметр) тохиромжтой, Монголд өөрт нь ч гэсэн хийн хоолой ашиг тустай. Улаанбаатар хийн транзит гэж мөнгө олно, мөн нутаг орноо хийгээр хангаж болно.
“СП”: Хятад “Сибирийн хүч-2”-ын талаар 15 жил гэрээ хэлэлцээр хийсэн. Одоо “Талын урсгал”-д ийм зүйл болохгүй биз ?
“Сибирийн хүч-2”-ын өөр нэг асуудал нь Хятадын баруун бүсүүдэд хүн ам цөөн, тэнд Туркмений хийн хоолой байгаа. Туркмений хийг Хятадын нутгаар баруунаас зүүн тийш хүн ам олонтой бүс нутгууд руу дахин шахдаг юм.
Хэрэв бид Хятадын баруун тал руу өөрийн хийтэйгээ орох юм бол нэн таагүй нөхцөл үүснэ. Учир нь Туркмен цэнхэр түлшээ хятадуудад маш хямд нийлүүлдэг. Энд Хятад олборлолтыг нь ч, хийн хоолойн барилга байгуулалтыг ч санхүүжүүлсэн. Хятад өөрийнхөө хоолойг өөрийнхөө хүчээр байгуулсан гэж хэлж болно. Ийм учраас л тэд Туркмений хийг маш хямдхан авдаг юм.
Нөхцөл байдал ийм болохоор Хятадууд: Бид Туркменээс хямд хий авч байна. Тэгэхэд Оросууд та нар наашаагаа өндөр үнэтэй хийтэй ирж байна. Энэ чинь бидэнд таалагдахгүй байна гэж хэлдэг юм.
“Газпром”-ын хувьд Хятад руу нийлүүлэх хийгээ Ямал-Ненецийн автономит тойргоос явах нь зарчмын ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл, Европ руу хий явж байгаа яг тэр ордуудаас гэсэн үг. Ийм учраас оросын компаниуд хятадад худалдах хийгээ Европын хэрэглэгчдэд өгдөг яг тэр нөхцлөөрөө зарах нь нэн чухал. Яагаад гэвэл хэрэв Хятадад хөнгөлөлт үзүүлчихбэл европчууд маргааш нь мөн ийм хөнгөлөлт шаардаад эхэлнэ.
Ийм болоод л “Сибирийн хүч-2”-ын яриа хэлэлцээр удаад байсан юм. Харин Монголын чиглэлд нөхцөл байдал өөр. Хэрэв манай хий Монголоор дамжих юм бол Хятадын төвийн бүсүүдэд туркмений хийтэй өрсөлдөөн үүсэхгүй.
“СП”: Бээжин монголын транзитын талаар байр сууриа өөрчилсөн юм байж. Гэхдээ энэ чинь бидний Монголтой байгуулсан стратегийн хамтын ажиллагааны гэрээтэй ямар нэг байдлаар холбогдох уу ?
Үүнийг би мэдэхгүй. Харин Хятад өөрийгөө илүү хүчтэй тоглогч гэдгийг зүгээр л мэдэрсэн байхыг үгүйсгэхгүй. Ер нь явж явж Монгол Хятадын эсрэг муу юм хийнэ гэж үү дээ ?! Тэр тусмаа энэ орон манай хоёр орны дунд хавчуулагдсан байрлалтай, бидэнд ямар ч аюул учруулахгүй шүү дээ.
Дараа нь бид Эрчим хүчний аюулгүй байдлын Сангийн Ерөнхий захирлын орлогч Алексей Гривачтай ярилцав.
А.Гривач: Эрчим хүчний томоохон төслүүдэд заавал улс төрийн элемент байдаг. Монгол улс оросын хийг өөрийн нутгаар дамжуулан өнгөрүүлэх санаандаа дахин буцаж ирсэн нь жилийн өмнөөс тодорхой болсон. Дорнын эдийн засгийн Форум-2018 дээр Монголын тал энэ саналыг гаргасан ба энэ үед Форумд Хятадын өндөр дээд төлөөлөгчид оролцож байв. Тэр үед Хятадууд энэ хувилбарыг авч үзэхэд онолын хувьд бэлэн байна гэж хариулсан, яагаад гэвэл Бээжин бол Улаанбаатарын хөрш, томоохон хамтрагч юм.
Гэхдээ бүтэн жилийн турш энэ чиглэлээр ямар ч олигтой хөдөлгөөн гараагүй. Ингээд Орос-Монголын стратегийн хамтын ажиллагааны гэрээ баталсны үр дүнд Ерөнхийлөгч В.Путин Монголын чиглэл дээр ажиллах, тодруулбал Хятадын хамтрагчидтай хамтран ажиллахыг үүрэг болгосон юм.
Энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй: В.Путины өгсөн үүрэг бол ямар нэг бэлэн хэлэлцэж тохирсон зүйл биш, үүнээс өөрөөр бол энэ тухай олон улсын хэлбэрээр (формат) зарлах байсан. Түүнээс гадна энэ үүрэг Хятадад хий нийлүүлэх гэрээ байгуулахыг яагаад ч хялбар дөхөм болгохгүй. Зүгээр л одоо бид ийм хэлэлцээр хийхдээ хий тээвэрлэх өөр нэг хувилбар л ярьж байгаа хэрэг.
Монголын чиглэл бол хийн хоолой тавих өргөн боломж олгох төдийгүй Москва, Улаанбаатарын стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тус нэмэр болно.
“СП”: Монголын транзит хэзээ хэрэгжих вэ ?
А.Г: Энэ тохиолдолд асуудлуудыг дэс дараалан шийддэг: эхлээд хий нийлүүлэх гэрээ (контракт) хийнэ, зөвхөн ингэсний дараа хүргэх хувилбарыг тооцдог. Гэтэл одоо болтол Алтайгаар дамжуулах гэсэн ганцхан хувилбарыг л ярьж ирсэн. Одоо бол Монголын хувилбарыг боловсруулна, ингээд оросын хийг өгөх ямар нэг өөр цэгийн тухай яриа боломжтой болно.
Эцсийн дүнд энэ төслийн хэрэгжилт Хятадын баруун хойт бүсийн хийн нэмэлт хэрэглээнээс бүхэлдээ хамаарна. Ийм хэрэгцээ нэг буюу хоёр жил, эсвэл таван жилийн дараа ч үүсч магадгүй. Гэхдээ манай үнэлгээгээр энэ төсөл ямар ч гэсэн хөдөлж эхэлнэ…
2019 оны 09 дүгээр сарын 12.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to “УМАРД УРСГАЛ”-ЫН ОРОНД “ТАЛЫН УРСГАЛ” ЯВНА

  1. Anonymous says:

    Улс төржилгүйгээр энэ ажлыг гадаадад ч, дотоодод ч хэл ам багатай шиг амжуулж чадвал Монгол улсын маань тусгаар тогтнолын хөдөлшгүй нэгэн баталгаа болж үлдэнэ. Хөршүүдтэйгээ хариуцлагатай хамтран ажиллах шинэ шат ч болно.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: