ДЭН СЯОПИНИЙ УХААН

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ой энэ 10 дугаар сарын 1-нд болох гэж байна. Хятад энэ 70 жилд алдаа гажуудал байсан хэдий ч нийгмийн асар их дэвшил хийснийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Энэ их амжилтын ноён оргил нь саяхан буюу 1980-аад онд Дэн Сяопиний удирдлагаар эхэлсэн шинэчлэл (модернизаци) юм. Хятадын шинэчлэлийн эцэг Дэн Сяопинийг манайхан ямар нэг хэмжээгээр мэдэх боловч яг юу хэлснийг нь огт мэддэггүй гэхэд болно. Дашрамд дурдахад ЗХУ энэ шинэчлэлийн ихэд сонирхон, Дэн Сяопиний зохиол бүтээлүүдийг орчуулж, зарим нэг эхлэл хийж байсан юм. Ингээд Дэн дарга 1979, 1980 онуудад Хятадын шинэчлэлийг эхлүүлэх үедээ гадаадын капитал, зах зээлийн эдийн засаг, шинэчлэлийн мөн чанарын талаар юу гэж хэлж байсныг түүний цөөн ишлэлээр нь харуулахыг хичээе. Бидний хувьд Хятадын шинэчлэл яаж эхэлсэн нь тун их сургамжтай, мөн одоо ч гэсэн бодууштай, авууштай санаа маш их…

Гадаадын капиталыг ашиглах талаар:
Гадаадын капиталын: чөлөөт валют, тоног төхөөрөмж худалдан авах зээл гэсэн хоёр төрөл буй. Бид аль алийг нь ашиглахад бэлэн байна, учир нь энэ бол ховор боломж, түүнийг алдах нь нэн харамсалтай.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа, ялангуяа нэрвэгдсэн зарим орнууд, түүний дотор европын орнууд болон Япончууд зээлийн тусламжтайгаар хөл дээрээ боссон. Чингэхдээ тэд үндсэндээ технологи хийгээд патентыг нь авсан юм. Хэрэв бид тавьж буй нөхцлийг нь бүрэн ашиглаж чадвал гадаадын капиталыг ихэсгэж болно. Эдгээрийг хэрхэн үр дүнтэй ашиглах, хөрөнгө оруулалтын объект тус бүрээс, улмаар өр шир дарах асуудлыг оролцуулан аль болох хурдан өгөөж хүртэх вэ гэдэгт гол асуудал (проблем) оршино. Гадаадын капиталыг ашиглах нь миний бодлоор үргэлжлүүлбэл зохих улс төрийн бодлого мөн.
Ашиглах аргын хувьд гэвэл үндсэндээ аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа, зарим тохиолдолд харилцан нөхөх (компенсаци) хэлбэртэй байж болох юм. Үүнд, түүний дотор гадаадын капиталын оролцоо бүхий үйлдвэрийн газрууд байгуулахад бид бэлэн байна.
Би Сингапураар явж, тэнд гадаадын капиталыг ашиглах талаар зарим нэг юм мэдэж авлаа. Сингапурын нутаг дээр гадаадын үйлдвэрүүдийг барих нь хэд хэдэн талаараа ашигтай байна.
Нэгдүгээрт, гадаадын капиталтай үйлдвэрүүд улсад 35 хувийн хэмжээтэй татвар төлж байна; хоёрдугаарт, ажилчид хөдөлмөрийн хөлсөө авч байна; гуравдугаарт, ийм маягаар Сингапур дахь үйлчилгээний хүрээний хөгжлийг урамшуулж байна. Энэ бүхэн нь ашиг өгч байна.
Бид нарийн нягт тооцоо хийж, бүхий л “тийм” ба “үгүй”-г дэнслэн үзэж шийдвэр гаргах ёстой болоод байна. Хэрэв эхэн үедээ зарим нэг алдагдал хүлээсэн ч гэсэн бид үүн рүү явах ёстой. Үүний үр дүнд Хятадад үйлдвэрлэлийн чадавхи (потенциал) бүтээх ба энэ нь манай зарим үйлдвэрийн газруудын хувьд тодорхой урамшуулал болох юм.
Өнөөгийн санхүүгийн асуудлуудыг судлахдаа бид гадаадын капиталыг бүх талаар, ухаалаг ашиглах урьдач нөхцлөөс ургуулан гаргах ёстой гэж бодож байна. Үүнийг хийж чадахгүй бол ихээхэн харамсалтай явдал болно. Өнөө үед үүнийг хийх бүх талын нөхцөл манайд байгаа.
Гадаадынхан яагаад бидэн рүү ирдэг вэ ? Яагаад гэвэл тэдний бодлоор Хятад тэдний өр ширийг дарах чадвартай.
Бидэнд газрын ховор металл, ашигт малтмалын янз бүрийн оршдос бий, өөрөөр хэлбэл амь зуух юмтай. Хэрэв бид өрөө ширээ дарах чадваргүй бол хэн ч бидэнтэй ажил хэрэг ярихгүй.
Тусгай объект тус бүрийг ярихдаа бид өрөө дарах өөрийн боломждоо итгэлтэй байх ёстой. Тусгай тусгай объектуудаас эхэлж болох ба тэндээс бүх юм харагдах болно.
Нөхөр Чэнь Юнь-ийн бодлоор объект тус бүрийг тусгай тусгайд нь судлах ёстой. Би түүнтэй санал нэг байгаа бөгөөд бид чухам ингэж ажиллах хэрэгтэй. Хүмүүс бизнесээр оролдоод эхлэхээрээ мөнгө олохоор тооцоолж эхэлдэг. Бид бусад газруудаас илүү энд капиталаа оруулах нь ашигтай байх тийм нөхцлийг бүрдүүлэх ёстой. Зөвхөн ингэж байж бид өрсөлдөх чадвартай болно.
Манай давуу тал бол ажиллах хүчний харьцангуй хямд өртөгтэй байгаад оршино. Гэхдээ үүнийг тэвчээд ихээхэн алдагдал хүлээвэл бас л ашиггүй. Бага зэрэг ажиллаад л бид үүнд аажимдаа суралцана. Түүнээс гадна ашиглалтад оруулж буй объектууд нь манай тухайн салбарын хөгжлийг заавал урамшуулж байх ёстой.
Өөрөөр хэлбэл, ийм объектуудыг барихдаа бид өөрсдөө чаддаг бүхнээ хийх ёстой ба харин зарим деталийг тэдний санал болгож буй зураг болон стандартаар хийнэ.
Ийм маягаар, нэг объектыг ашиглалтад оруулахад хэд хэдэн салбарын хөгжилд эерэг нөлөө үзүүлэх болно. Эндээс бид хуулбарлан авсан технологио эзэмшиж, түүнийгээ бусад салбарт ашиглах болно.
Дэн Сяопин. Эдийн засгийн үйл ажиллагааны талаарх зарим тэмдэглэл. (1979.10.04.) Муж, хот, автономит тойргуудын намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нартай хийсэн уулзалт дээр хэлсэн үг.
Социализмын үеийн зах зээлийн эдийн засгийн тухай:
Зах зээлийн эдийн засаг зөвхөн капиталист нийгэмд байдаг, зөвхөн капиталист эдийн засаг гэж л байдаг гэж нотлох нь шал буруу. Яагаад түүнийг социализмын үед хөгжүүлж болохгүй гэж ?
Зах зээлийн эдийн засаг бол капитализмын адилтгал (синоним) биш. Манай суурь үндсийг зах зээлтэй хослон оршиж буй төлөвлөгөөт эдийн засаг бүрдүүлдэг, гэхдээ энэ нь социалист зах зээлийн эдийн засаг юм.
Хэдийгээр социалист зах зээлийн эдийн засаг хэлбэрийн хувьд капитализмыг санагдуулах боловч түүнд ялгаа бий.
Түүний үндэс нь нийт ард түмний өмч байдаг ба хэдийгээр энэ нь гарцаагүй хамтын өмч, гадаадын капиталтай холбогдох боловч бүр анхнаасаа социалист байж, социалист шинж чанартай байдаг.
Зах зээлийн эдийн засаг зөвхөн капитализмын үед оршин байдаг гэсэн баталгаа буруу. Зах зээлийн эдийн засгийн үр хөврөл бүр эрт феодализмын үед бий болсон. Зах зээлийн эдийн засгийг социализмын үед ч хөгжүүлэх боломжтой.
Үүнтэй адилаар капиталист орнуудаас ямар нэг сайн юм суралцах, түүний дотор удирдлага, аж ахуйн аргуудыг сурж авах нь капитализмыг суулгаж байна гэсэн хэрэг огт биш. Чухамхүү социализм л нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжилдөө эдгээр аргуудыг ашиглаж чадна. Иймэрхүү аргуудыг ашиглах нь социализмд муугаар тусах буюу капитализм руу буцаан оруулж чадахгүй…
Дэн Сяопин. Зах зээлийн эдийн засгийг социализмын үед ч хөгжүүлж болно. (1979.11.26.) “Британийн энциклопеди” Америкийн Хэвлэлийн газрын Редакцийн зөвлөлийн орлогч дарга Фрэнк Б.Гибни, Канадын “Мак Гилл” Их Сургуулийн дэргэдэх Дорнод Азийн судалгааны Институтын захирал Линь Дагуан нартай ярьсан ярианаас…
Хятадын шинэчлэлийн (модернизаци) онцлогийн тухай:
Саяхан гадаадын нэг зочин хэлэлцээрийн үеэр “Явж явж Таны дөрвөн салбарын шинэчлэл гэдэг чинь яг юу вэ?” гэж асуув. Би энэ зууны төгсгөл гэхэд нэг хүнд ногдох улс ардын аж ахуйн нийт бүтээгдэхүүнийг 1000 доллар болгох, өөрөөр хэлбэл дундаж түвшинд хүргэхийг зорьж байна гэж хариулсан юм.
Энэ хариулт мэдээж хэрэг яг таг тодорхой биш ч би цээжнийхээ бангаар хэлчихсэн юм биш. Одоо бид нэг хүнд дунджаар 200 гаруйхан доллар үйлдвэрлэж байгаа ба мянган долларт хүргэхийн тулд энэ тоог дөрөв дахин ихэсгэнэ гэсэн хэрэг. Сингапур болон Сянганд 3000 илүү доллар үйлдвэрлэж байна. Энэ түвшинд хүрэхэд амар биш, манай өргөн уудам газар нутаг асар олон хүн амтай, дээр нь манай нөхцөл шал өөр. Гэсэн хэдий боловч нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүнийг нэг мянган долларт үнэхээр хүргэж чадвал бидний амьдрал нэг хүнд 2 мянган доллар ногддог орнуудаас хамаагүй илүү байх болно. Үүнийг манайд мөлжигч анги, мөлжигч дэглэм байхгүй, үндэсний орлогыг нийт нийгмийн хэрэгцээг хангахын тулд бүрэн ашиглаж чадна, түүний ихээхэн хэсгийг ард түмэндээ шууд хуваарилна гэдгээр тайлбарлаж болно.
Харин тэнд бол баян, ядуу хүмүүсийн орлого асар их зөрүүтэй, баялгийг голдуу капиталистуудын гарт төвлөрч байдаг.
Дэн Сяопин. Өнөөгийн нөхцөл байдал ба манай зорилт. (1980.01.16.) Төв Хорооноос зохион байгуулсан боловсон хүчний ажилтнуудын зөвлөгөөн дээр хэлсэн үг.
2019 оны 09 дүгээр сарын 24.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to ДЭН СЯОПИНИЙ УХААН

  1. Anonymous says:

    Энэ хүн өөрийнхөө ард түмний өмнө баатарлаг гавьяа байгуулсан байна. манай дарга нар ӨӨРИЙНХӨӨ ард түмнээ хорлон даапаалсаар. Бид тэдэндээ удтал нижигнүүлэн алга ташсаар.

  2. Bat says:

    Mundag udirdagch baisan. Manai uls iim udirdagchtai baiwal ch…

  3. Болдоо says:

    Энэ үг ишлэлийн үнэ цэнэ одоо ч бидэнд дутагдаж нэгийг сануулаал бна даа уугн, баярлалаа Ганаа ах.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: