АРДЧИЛЛЫН “ИХ ТЭСРЭЛТ” БА ТҮҮНИЙ ҮР ДҮН

Манайхан засаглалын хэлбэрээр “онолдоод” сүйд болж байгааг бүгд мэднэ. Ямар ч улс үндэстэн “хамгийн сайхан” төртэй болохыг хүсэх нь мэдээжийн хэрэг. Энэхүү “хайх” үзэгдэл 1990-ээд оны үеэс тэсрэлт хэлбэртэй болсон. ЗХУ тэргүүтэй социалист систем нуран унасны дараа АНУ тэргүүтэй Барууны орнууд ардчилсан төрийг “хамгийн сайн” гэж сурталдав. Энэ нь ч тухайн үедээ дэндүү үнэмшилтэй байлаа. Ингээд Барууны сургааль зааврын дагуу дэлхийн даяар, ялангуяа хуучин социалист болон социалист чиг барижаатай орнуудад “шинэ, сайхан” ардчилсан төрүүдийг “бөөнөөр үйлдвэрлэж” эхлэв. Энэ аварга үйл явц дэлхий дахинаа өрнөөд даруй 30 жил болжээ. Одоо өөрчлөлт шинэчлэл хийсэн бүх улс гүрнүүд шинэ ардчилсан, зөв төр байгуулж чадсан уу ? гэсэн асуулт тавих цаг нэгэнт болжээ. Энэ тухай товч өгүүлсү…

Аварга үйл явц
Дэлхий дахинаа “ардчиллын шинэ давалгаа” гуч шахам жил ид өрнөж, одоо энэ тухай ярихаа бараг больжээ. Дэлхийн бүх улсыг “ардчилаад” бараг “дуусчихсан”-тай энэ нь холбоотой байх.
“Ардчилсан тэсрэлт” гэж тун онож нэрлэсэн эл үзэгдэл даян дэлхийг хамарчээ. Үүнээс “үлдсэн” улс гэвэл Хойт Солонгос, Хятад, Куба зэрэг хэдхэн улс буй.
Харин одоо “ардчилсан тэсрэлт”-ийн үр дүнг нэг утгаар тайлбарлахад нэн түвэгтэй болжээ.
Учир юун хэмээвээс сүүлийн жилүүдэд байгуулсан төрүүдээс сайн ажиллаж байгаа нь буй боловч муу ажиллаж байгаа нь хэт олон болжээ. Эдгээрийг “чадваргүй төр” (failed states), “пара-төр” (гаж), “квази-төр” (хуурамч), “тогтворгүй төрт ёс” “төрийн гаж байдал” гэж нэрлэх болов.
Ардчилсан нэртэй мөртлөө ийм нэр зүүсэн улсууд Африк, Латин Америк, хуучин зөвлөлтийн орон зайд (постсоветское пространство) маш олноороо үүсчээ. Хуучин зөвлөлтийн орон зай гэдэгт Монгол Улс багтах нь мэдээж хэрэг.
Ардчилах үзэгдэл 2001 оны 9 дүгээр сарын 11-ний халдлагын дараа олны анхаарлыг татах болжээ. “Ер нь ингэхэд энэ том жижиг олон төрүүд чинь юу болоод байна ?” гэсэн түгээмэл асуулт үүсгэжээ.
Ажаад судлаад байсан чинь “сайн төрийн” асуудал их том түвшинд хүрчээ. Харьцангуй саяхан “бөөнөөр үйлдвэрлэсэн” шинэ төрүүд төдийгүй, олон жил тогтвортой ажилласан төрүүд хүртэл төгс биш, ихээхэн гажуудал, алдаа завхрал байгаа нь “илэрчээ”.
Энэ талаар дэлхий даяараа шүүн хэлэлцэж, “онолдож” маргаж байна. Үүний дэргэд Монголд болж буй засаглалын хэлбэрийн талаарх “онолын маргаан” ёстойгоосоо хүүхдийн тоглоом юм.
Хэрэв монголын “онолчид” жинхнээсээ “онолдъё” гэж бодож байвал энэ түвшинд ярих хэрэгтэй л дээ. Зарим нь санаа байвч сачий нь хүрэхгүй, зарим нь энэ талаар огт дуулаагүй давхиж яваа гэдэгт эргэлзэх хэрэггүй гэж бодож байна.
Ардчиллын “тэсрэлтэд” өртөгсөд
1990-ээд оноос хойш “ардчиллын тэсрэлт”-эд өртөж, ардчилалд шилжсэн орнуудыг хэд хэд ангилан үзэж болно.
1. ЗХУ, түүний бүрэлдэхүүнд багтаж байсан орнууд
ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан улсуудаас ардчилалд шилжсэн орнуудыг газар зүйн байрлалаар нь Зүүн Европын болон Дундад Азийн орнууд гэж хуваан үзэж болно. Зүүн Европын орнуудад: Украин, Белорусс, Молдав орно, мөн Латви, Литов, Эстони, зэрэг Балти орчмын 3 улс орно. Харин Дундад Азийн орнуудад Узбек, Казах, Гүрж, Киргиз, Тажик, Туркмен зэрэг орох ба Азербайжан, Армян хоёр бас багтана.
Зүүн Европын орнууд урд өмнө нь ардчиллын туршлагатай байсан учраас ардчилалд арай хялбар шилжсэн. Гэхдээ эдийн засаг, улс төрийн хувьд АНУ болон Европоос шууд хамааралтай болж, НАТО-гийн цэргийн эвсэлд элссэн. Дүгнэж хэлэхэд овойж оцойгоод мандсан нь үгүй, мөн бууран доройтоод сүйд болсон нь үгүй.
Харин Дундад Азийн орнууд бараг тэр чигээрээ дарангуй дэглэмд шилжсэн. Эдэн дунд дажгүй хөгжиж байгаа хэд хэд, “муудсан” хэд хэд бий. Үүнийг ардчиллын туршлага байгаагүй, иргэншлийн онцлог гэхчлэн янз бүрээр тайлбарладаг боловч оновчтой хариу хэн ч өгч чадаагүй байгаа.
ЗХУ-ын хувьд гэвэл Барууныг дагаж баахан давхиж байгаад улсаа задалж, шороо тоостойгоо хутгалдан онхолдож, арагш хамаагүй хол хаягдсанаа гэнэт ухаарав. 1990 онд ОХУ-д 30 мянган аж үйлдвэрийн газар ажиллаж байсан бол өмч хувьчлалын дараа 5 дахин цөөрөхөөр чинь балардаг юм байгаа биз дээ. Барууны 300 гаруй зөвлөх “зөвлөсөөр” байгаад ОХУ-ын эдийн засгийг 1975 оны түвшинд хүртэл нь унагасан юм. Ингэж баларч байсан үед Ю.Путин гарч ирж, өөрийн төрийг байгуулснаар Орос орныг аварсан юм.
Тогтвортойгүй байдал бол ярих ч юм биш. 2003 онд Гүржид “сарнайн хувьсгал”, 2004 онд Украинд “Улбар шар хувьсгал”, 2008 онд Киргизэд “Алтан зулын хувьсал”, 2018 онд Армянд “Хилэнгийн (бархатный) хувьсгал гэсэн 4 хувьсгал гарчихаж. Эдгээр нь жинхнээсээ болсон хувьсгал юм.
Үүнээс гадна өнгөт хувьсгалтай адилтгам нийтийг хамарсан “хувьсгалт” үймээн:
2006 онд Белорусст Васильковын хувьсгал хийх оролдлого, 2008 болон 2015 онд Арменид өнгөт хувьсгал хийх оролдлого, 2009 онд Молдавт өнгөт хувьсгалын оролдлого, 2011 онд Белорусст нийгмийн сүлжээгээр дамжсан хувьсгал, 2011 онд Өмнөд Осетэд цасны хувьсгал, 2013-2014 онд Украинд болсон хувьсгалууд тус тус болжээ.
Үүнийг “тогтвортой байдал” гэж хэн ч үзэхгүй. Ямар ч гэсэн ардчилалтай холбоотой гаж, буруу үзэгдэл байгаа нь илт байна. Мөн үүнийг дан ганц “коммунизмын үлдэгдэлтэй” холбон тайлбарлах ихээхэн учир дутагдалтай.
2. Социалист хамтын нөхөрлөлийн орнууд.
Энд Европын: ЗХУ-аас гадна Албани, Болгар, Унгар, Герман, Польш, Румын, Чехословак, Югослав зэрэг 8 орон, Азийн: Вьетнам, Хятад, Солонгос, Лаос, Монгол зэрэг 5 орон, Америк тивийн: Куба ордог байсныг монголчууд сайн санаж байгаа.
Эдгээрээс хамгийн амжилттай нь Герман. Учир нь Холбооны Германд нэгдсэн учраас тэр. Чехословак улс Чех болон Словак гэж 2 хуваагдсан. Харин Югослав “үй түмэн” хэсэг задарсан. Задарсан ч гэж дээ, дайн хийж, зад бөмбөгдөж байгаад задалсан.
Улс орных нь байдал ямар байгааг тэдгээр орны ард иргэдээс илүү мэдэх хүн үгүй. Постсоциалист орнуудын иргэдээс “Коммунизмтай харьцуулахад өнөөгийн эдийн засгийн байдал ямар байна вэ?” гэж асуухад тэнд ийн хариулжээ. Улсын нэр: дордсон, юу ч өөрчлөгдөөгүй, сайжирсан гэх хариултыг хувиар үзүүлбэл: Унгар 72,16,8; Болгар 62,18,13; Украин 62,13,12; Литва 48,15,23; Словак 48,18,29; Чех 39,12, 45; Польш 35,12,47 тус тус хариулжээ. (Британийн Нийгмийн шинжлэх ухааны Академийн академич Дэвид Лейны судалгаа. 2016.)
3. Социалист чиг баримжаатай байсан орнууд
Социалист чиг баримжаатай буюу капиталист бус хөгжлийн замаар замнаж буй орнуудад: Алжир, Бангладеш, Бенин, Мьянма, Буркина-Фасо, Гайан, Гана, Гвиней, Гвиней-Бисау, Гренада, Египет ( Насер болон Садатын эхний үе), Индонези (Сукарно-гийн үе), Ирак (1980-аад оноос эхлэн), Кабо-Верде, Ливи, Мадагаскар, Мали, Сан-Томе болон Принсипи, Сейшелийн арлууд, Сири, Танзани, Чили (Альенде-гийн үед), Зимбабве ордог байлаа.
Мөн аман дээрээ социализм гэдэг ачир дээрээ Барууныг баримжаалсан Замби, Тунис, Суринам, Судан, Сенегал, Мавритани, Шри-Ланка, социализмын зарим элементийг үндсэн хуулиндаа тусгасан Энэтхэг, Португал зэрэг улсуудыг заримдаа “социалист баримжаатай“-д тооцдог байв.
1990-ээд оноос хойш эдгээр улсууд мэдээж хэрэг ардчилал руу шилжсэн, үгүй ядахдаа социалист чиг баримжааны талынхан ялагдсан. Харин үр дүнгийн хувьд хожсон нь ч байгаа, хохирсон ч байгаа гэж дүгнэхэд онцын алдаа гарахгүй гэж бодно.
Хүчтэй болон хүчгүй төр
“Ялалт” байгуулсан Барууныхан төрийн тухай редукционист ойлголтод тэр дороо шилжиж түүнийгээ дэлхий нийтэд тулган тараасан юм. Энэхүү редукционизм гэдэг нь “эргэх буцах” гэсэн латин үгнээс гаралтай ба хамгийн “бүхэнд тохирох” шийдвэр гаргах гэсэн агуулгыг илэрхийлдэг.
Төрийн редукци гэх ойлголт нь төрийг ашиг сонирхлыг зохион байгуулах хэв шинжийн (тип) хамтарсан тоглогч (актор) гэж үздэг. Иймээс төр нь өөрийн гишүүдийн буюу ганцаарчилсан акторуудын эрхийг хамгаалах ёстой гэж үзнэ. Хувь хүний эрхийн гол чухал нь мета-эрх буюу эрх чөлөө болно. Энд хувийн эрх чөлөө хийгээд нийгмийн дэг журмын хооронд мөнхийн зөрчил үүсдэг.
Иймээс нийгмийн дэг журамд нийцүүлэн эрх чөлөөг хязгаарлах шаардлага боломжит хамгийн бага түвшинд байх ёстой гэсэн дүгнэлт гарна. Өөрөөр хэлбэл нэг нь нөгөөгөө албадах явдал нийгэмд байгаа боломжийн хэрээр багасах ёстой. “Боломжийн хэрээр” гэдгийг анзаарч байгаа гэж найдана.
Төрийн зүгээс нийгмийн дэг журмыг хангахад эрх чөлөө саад болдог, иймээс төр эрх чөлөөнд баталгаа өгөх ёстой. Иймийн тулд төрийн оролцоо хамгийн бага (минимал) байх ёстой гэж үзсэнээс “минималь төр”-ийн ойлголт бий болсон юм.
Энд төр нь минималь бол эрх чөлөө хэтэрдэг, эрх чөлөө хумигдвал төр томордог гэсэн бодит, шийдвэрлэшгүй шахам зөрчил бий болдог.
Ингээд төрийг “тураах”, “төрөөс татгалзах” хөдөлгөөн өрнөж, “хангамжийн төрийг” төгсгөл” болгох үзэл санаа олон улсын практикт нэвтрэв. Үүний цаад суурь үндэс нь 1989 оны Вашингтоны консенсус болсон юм. Үүний цаадах онолын үндэслэл нь өнөөх алдарт М.Фридман болон түүний байгуулсан Чикагогийн сургуулийнхан болно. Цаашаа явбал бас л ихээхэн алдартай “эдийн засгийн алуурчид” руу хөтөлнө.
Энэ айхтар баримт бичгийг манайхан бараг мэддэггүй. Харин Дэлхийн банк, Олон улсын Валютын сангийн удирдлага зөвлөгөөгөөр төрийн зардлыг танаж хасах, улсын үйлдвэрийн газруудыг хувьчлах зэрэг хөтөлбөрийг гуравдахь ертөнцийн орнуудад хэрэгжүүлсэн гэвэл зарим зүйлийг санаж магадгүй.
Өөрөөр хэлбэл ганц Монголд биш, бүхий л гуравдахь ертөнцийн орнуудад “минимал” буюу “туранхай төр”-тэй болох “хөдөлгөөн” өрнүүлжээ. Монгол мэтийн орнууд энэ зааврыг ягштал баримталж “заасан ёсоор” болгосон боловч төр нь “турж үхэх” хэмжээнд тулжээ.
Олонхи улс орнууд ДБ, ОУВС-гийн дарамтын дор импортын татварыг бууруулснаар үндэсний зах зээлээ гадаад өрсөлдөөнөөс хамгаалах боломжгүй болов. Үүний улмаас олон орны эдийн засгийн өсөлт зогсож, экологийн сүйрэл нөмөрч, нөөц нь багассан.
Үүнийг зарим эдийн засагчид “фитнес-стратеги” гэж нэрлэсэн нь тун оновчтой болсон юм.
Гурав дахь ертөнцийн олон орны засгийн газар өөрийн газар нутгаа хянах чадвараа улам бүр алдаж, яваандаа төрийн хамгийн гол шинж болсон хүчирхийлэх монополь, татвар цуглуулах чадвараа хүртэл алджээ.
Африкийн Либери, Руанда, Сьерра-Леон, Сомали, Судан, арабын ертөнц, Ази, Латин Америк, Дорнод Балкан, Кавказ, Дундад Ази зэрэг маш олон бүс нутгуудад “чадваргүй төр” (failed states), “пара-төр” (гаж), “квази-төр” (хуурамч), “тогтворгүй төрт ёс” “төрийн гаж байдал” газар сайгүй бий болов.
Суут Макс Вебер: “Ноёрхогч нэгдлийг өөрийн оршихуй болон газар зүйн нутгийнхаа дотоод дахь байр сууриа түүний удирдах штабын зүгээс биет хүчирхийлэл шууд хийх буюу хийхээр сүрдүүлэх аргаар хэр зэрэг баталгаажуулж чадаж байгаа зөвхөн тэр тохиолдолд, мөн тэр хэмжээгээр нь улс төрийн нэгдэл гэж нэрлэж болно. Удирдах штаб нь дэг журам хэрэгжүүлэхийн тулд хууль ёсны биет хүчирхийллийн дангаар ноёрхлоо (монополь) амжилттай хэрэгжүүлсэн зөвхөн тэр тохиолдолд л ноёрхогч нэгдлийг улс төрийн нэгдэл гэж үзэж болно” гэж хэлсэн байдаг.
Одоо манай эрх баригчид: “яасан сайн юм, нэг сайн хүчирхийлчихье” гэж тэнэгтэх нь гарцаагүй, мөн манай либералууд “зэрлэг”, “хүний эрх зөрчлөө” гэж орилох нь бас л гарцаагүй. Үгүй л дээ…
Учир нь Монголын төр хүчирхийлж ч чадахгүй, эрх чөлөөг ч олгож чадахгүй арчаагүй байдалд орсон учраас түүнийг бүрэн утгаар төр гэхэд нэн түвэгтэй.
Хэрэв төрийн хүчирхийлэл буюу хүчирхийлэх сүрдүүлэг зохистой хэмжээнд байвал иргэдийн олонхи төрөө буюу төрийн тогтоосон дэг журмыг дэмжиж байдаг. Хэрэв иргэдийн олонхи оршин буй дэг журмыг хууль ёсны гэдэгт итгэл алдвал төр задарч эхэлнэ. Төр задарвал дэг журам ч гэсэн задарна. Дэг журам задрахад хаос үүснэ.
Өөрийн газар нутгийг хянах чадвартай, иргэддээ улс төрийн сайн сайхныг өгч чаддаг төрийг хүчтэй төр гэнэ. Өөр шалгуур байхгүй.
Хүчтэй төр улс төрийн болон гэмт хэргийн хүчирхийлллээс ангид аюулгүй байдлын өндөр түвшинг хангаж, улс төрийн эрх чөлөө, иргэдийн эрхийг хангаж, эдийн засгийн идэвхид таатай нөхцөл бүрдүүлж чаддаг. Хүчтэй төрд хууль, эрх зүй ноёрхох бөгөөд боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт нийтийн үйлчилгээ олгодог.
Харин сул төр дотоод зөрчил, сүүдрийн эдийн засаг, дарангуйлалд нэрвэгдэж, хэвтээ болон босоо хууль ёсны шинжээ алдсан байдаг. Өөрөөр хэлбэл ард түмний гэх “босоо” чиглэлд дэмжлэггүй, бүлэг хоорондын гэх “хэвтээ” чиглэлд байнга зөрчилдөн тэмцэлдэж байдаг. Нэгдмэл нэг нийгэм алга болж, үүний оронд олон тооны нийтлэг (communities) үүсч, улс төр болон засаглалын бүтэц салан зааглагддаг.
Гунигт үр дүн
Мэдээж хэрэг энд сүүлийн 30 жилийг ярьж таараа.
Энэ 30 жилийн хугацаанд неоколоничлолын шинэ дарангуйлалд, дарангуйлал биш юмаа гэхэд хүчтэй хамааралт байдалд дэлхий нийт оржээ.
Овойж оцойсон нь бараг үгүй, харин гундан буурч дайн самуунд өртсөн нь олон. Үүний тод жишээ нь энд тэндгүй гарсан өнгөт хувьсгал болно. Лавтайяа сүүлийн 30 шахам жилд дэлхийн өнцөг булан бүрт 30 гаруй өнгөт хувьсгал буюу хувьсгал хийх оролдлого гарчээ. Ардчилалд шилжээд тогтвортой хөгжсөн юм огт алга…
Харин бодож санаж байсны эсрэг үр дүн гарч, хөгжингүй том болон гуравдагч ертөнцийн орнуудын амьдралын зааг ялгаа асар их нэмэгдэв.
ЗХУ болон социалист систем задарснаар капиталист ертөнцийн баячууд дангаар баяжиж, үүний үр дүнд баячууд нь хурдан баяжиж, ядуучууд нь улам хурдан үгүйрэв.
Дэлхийн 90 гаруй оронд ажилладаг 17 байгууллагыг нэгтгэсэн Оксфам (Oxfam) нэртэй ядууралтай тэмцэх нэр хүндтэй байгууллага байх…
Оxfam-ын саяхны судалгаагаар дэлхийн 2208 миллиардер өдөр тутам 2,5 млрд доллар хэрэглэдэг. Дэлхийн хамгийн баян Amazon компанийн эзэн Жефф Безосын хөрөнгө 112 млрд болтлоо өссөн ба энэ мөнгөний ердөө л 1% 105 сая хүн амтай Эфиопийн эрүүл мэндийн бүх зардалтай тэнцэнэ.
Канадын профессор Томас Гомер-Диксоны судалгаагаар Баруун дахь өмч хөрөнгийн ялгаа хямралт цэгтээ хүрч, нийгмийн бүхий л механизм, институтуудын хэт ачаалал, эвдрэлд хүргэх хэмжээнд нэгэнт хүрчээ.
Forbes сэтгүүлийн 2018 оны үнэлгээгээр манай гаригийн хамгийн баян хүний жагсаалтад 72 орны 2208 миллиардер оржээ. Энэхүү элит бүлэглэл 2018 оны байдлаар 9,1 трлн долларын хөрөнгө эзэмшдэг ба энэ нь 2017 оныхоос 18%-иар их байна.
2018 онд Оксфамын тусгай илтгэл гарсан ба түүнд дэлхийн хүн амын тэн хагас нь хамтын хөдөлмөрөөр бүтээсэн баялгаасаа хүртэх боломжоосоо хагацсан ба дэлхийн хүн амын 1% нийт баялгийн 82%-ийг эзэмших боллоо гэж дүгнэв. Зөвхөн 2018 онд дэлхийн миллиардерүүдийн хөрөнгө 762 млрд доллараар нэмэгдэж, бусад хүмүүс зөвхөн энэ корпорацуудыг баяжуулахад зүтгэдэг болсон гэж дүгнэсэн.
Энэ илтгэлд 2006-2015 онуудад жирийн хөдөлмөрчид орлогоо дунджаар 2% нэмж чадсан бол миллиардер баячууд 13% нэмснийг дурдсан.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын үнэлгээгээр хөгжиж буй орнуудын гурав дахь ажилчин бүр гуйланчлалын нөхцөлд амьдардаг ба энэ тоо улам хурдан өссөөр байгааг дурджээ.
АНУ-ын хамгийн баян 3 хүн ажил хийж буй 160 сая америк хүнтэй тэнцэх баялаг эзэмшдэг, Индонезийн 4 баян 100 сая индонези хүнтэй тэнцэх баялаг эзэмшдэг.
Хамгийн баян 20 орны нэг хүнд ногдох баялаг хамгийн ядуу 20 орныхоос 37 дахин өндөр болсон. Сүүлийн 40 жил буюу “ардчилсан тэсрэлт”-ийн үед энэ ялгаа 2 дахин нэмэгдсэн.
НҮБ-ын шинжээчдийн үнэлгээгээр XXI зууны эхэнд манай гаригийн хамгийн баян 225 хүний нийлбэр орлого 1 трлн долларыг давж, дэлхийн хүн амын 47%-ийг бүрдүүлж буй 2,5 млрд ядуучуудын жилийн орлоготой тэнцэх болжээ.
Oxfam-ын судалгаагаар энэ оны 1 дүгээр сард дэлхийн миллиардерүүдийн хөрөнгө 12% өссөн байхад дэлхийн ядуу хэсгийн хүн амын хөрөнгө 11%-иар буурсан байна.
Сүүлийн 10 жилд дэлхийн миллиардерүүдийн тоо 2 дахин өсчээ.
Ийм тоо баримтыг хязгааргүй үргэлжлүүлж болно. Харин ардчилал ялаад дэлхий дахин сайн сайхан болчихсон гэх баримт хараахан үгүй.
Ямар ч гэсэн өнөөгийн зөрчилт болон хямралт олон үзэгдэл дэлхийн баялаг өчүүхэн цөөнхи санхүүгийн элитийн гарт төвлөрсний улмаас бий болсон эд хөрөнгийн шударга бус байдлаас үүдсэн нь нэн тодорхой байна.
Гаргалгаа
Социалист системийг устгаж оронд нь “бөөнөөр нь үйлдвэрлэсэн” капиталист ардчилсан төрүүд нийгмийн дэвшилд хүргэсэнгүй. Харин ч хөгжингүй болон гуравдагч ертөнцийн орнуудын баян ядуугийн зааг ялгааг ихэсгэв. Гуравдагч ертөнцийн орнуудын ихэнхи нь ядуурч байна.
Дайн самуун, элдэв хувьсгал, төрийн эргэлт зэрэг тогтворгүй байдлын давтамж үлэмж ихсэв. Дэлхий дахины эдийн засгийн байдал хүндэрч, цуврал хямрал дараалан гарах болов.
Минимал төрийн онол олонхи тохиолдолд явцгүй болох нь дэлхий дахинаа тодорхой болов.
“Ардчилсан тэсрэлтийн” үеэр “бөөнөөр үйлдвэрлэсэн” дэлхийн систем 30 жилийн дотор “онолд” заасан хэмжээндээ хүртэл ажиллаж чадалгүй хямралд автсан байна. Дэлхий дахинаа шинэ гарц хайх үзэгдэл бий болж байна.
Монгол Улс ардчилалд шилжээд амжилт олж чадалгүй ихээхэн ухралт хийсэн улсын тоонд орох нь гарцаагүй. Ийм атал Монгол Улсад засаглалын хэлбэр гэсэн “онолын” маргаан хийж засаглалын хэлбэрээ л зөв сонгочихвол “хамгийн сайхан” төртэй болно гэж балайрч солиорч байна.
Хэрэв энэ түвшинд асуудлыг авч үзвэл засаглалын хэлбэр биш, төрийн мөн чанар, агуулгыг ярих ёстой нь мэдээж хэрэг. Үүний тулд 1990-ээд онд олж авсан сурах бичгээс цээжилсэн хэдэн либерал ишлэлээ улиг болтол давтахаа больж, энэ мэт шинэ үзэгдлийг судлах ёстой. Сэтгэлгээний ямар ч шалгуураар аваад үзэхэд нэг юмаа 30 жил давтана гэдэг бол усан тэнэгийн шинж л дээ…
Энэ түвшинд ярихаар “хоосон онолдлоо” гэдэг, ярихгүй болохоор аль дивангалавын “либерал маань” уншихаас хэтэрдэггүй лаларуудтай юугаа ч ярих билээ…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2019 оны 09 дүгээр сарын 29.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to АРДЧИЛЛЫН “ИХ ТЭСРЭЛТ” БА ТҮҮНИЙ ҮР ДҮН

  1. Anonymous says:

    Америк, НҮБ-ын тухайн үеийн тооцоололд нь Хятад байгаагүй бололтой юм. Энэ хугацаанд хамгийн их хожсон улс бол Хятад. Буурай олонх улсууд түүний хараат эдийн засагтай болцгоосон…

  2. Bat says:

    Saihan niitlel bna bayarlalaa. Odoo ardchilal gej soliordog yumnuud ichij dald oroh heregtei. Delhii dayar iim l ur dund hurgesen bna ene onol nom.

  3. naaya says:

    хүрэлбаатар сайд худлаа яриад.бидний амьдрал сайжрахаасаа илүү гэнэт хагарах цэврүү шиг л санагдаад байх боллоо.хөөсөн дээр л тогтоод байгаа юм шиг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: