КОГНИТИВ ШИНЖЛЭХ УХААНЫ ТУХАЙ ТОВЧ ӨГҮҮЛЭХ НЬ

Ойрдоо улс төр гэж давхисаар байгаад шинжлэх ухааныхаа тухай бүр мартчихаж. Одоо энэ “алдаа”-гаа засна аа. Эдүгээ шинжлэх ухаан хөгжөөд бараагүй хол хөгжиж шинэ үеийн цоо шинэ шинжлэх ухаанууд бий болж байна. Шинжлэх ухааны энэхүү эрчимтэй хөгжил нь манай хувьд хоёр асуудал үүсгэнэ. Нэг талаас шинжлэх ухааны хөгжлийг гүйцэх асуудал. Энэ ч манай нөхцөлд бараг боломжгүй, нэн хүнд. Нөгөө талаас шинэ шинжлэх ухааныг шууд авснаар зам алгасаж, дундаас нь дайрч орох өргөн боломж нээгдэж байна. Шинэ шинжлэх ухааны нэг нь когнитив шинжлэх ухаан юм. Когнитив гэдэг нь латины cognitio буюу мэдлэг, танин мэдэхүй гэсэн үгнээс гаралтай бөгөөд ухамсар, сэтгэлгээтэй холбоотой оюун ухаан үзэгдлүүдийг хэлдэг. Бүдүүн тоймоор “сэтгэлгээний”, “оюун ухааны” шинжлэх ухаан гэж төсөөлж болох байх. Энэ удаа когнитив шинжлэх ухааны талаар ОХУ-ын Эдийн засгийн Дээд Сургуулийн Социал шинжлэх ухааны факультетийн сэтгэл зүйн департаментын удирдагч, когнитив судалгааны Лабораторийн тэргүүлэх ажилтан, сэтгэл зүйн ухааны доктор Мария Фаликманы уншсан лекцийг товчлон орчуулж хүргэж байна. Яагаад товчлон орчуулсан гэхээр лекц нь их урт юм…

Бүр 1990-ээд оноос эхлэн хүний танин мэдэхүй, түүнийг янз бүрийн суурь үндэст (субстрат) нөхөн сэргээхтэй холбоотой, янз бүрийн тоглолтын материал дээр хүний сэтгэлгээг загварчлах ажлууд хийж байсан юм. Жишээлбэл: го болон покер тоглоход хүн яаж сэтгэдэг, эсвэл тансаг яруу найраг, жишээ нь Шекспирийг уншихад хүний тархинд юу бодогддог зэргээс эхлэн судалж эхэлсэн.
Би лекцээ когнитив шинжлэх ухааны талаар академик ном зохиолд ямар тодорхойлолт өгснийг авч үзье. Битгий айгаарай, цаашид би академик юм юу ч ярихгүй.
Когнитив шинжлэх ухаан нь өнөө оршин буй шинжлэх ухааны алинд нь ч үл хамаарах, зарчмын хувьд салбар дундын мужид байдаг, амьд болон зохиомол системийн мэдлэг олж авах, хадгалах, хувирган өөрчлөх, ашиглах үйл явцын нийлбэр цогцыг судалдаг.
Энд 3 түлхүүр агшин байгаа. Энд мөн чанартаа амьд систем хийгээд зохиомол субстратад буй загвар (модель) хоёрын хооронд тэнцүүгийн тэмдэг тавьж буй салбар дундын судалгааны тухай ярьж байна.
Арга зүйчид когнитив судалгааны асуудлыг бүр урагшлуулж, Платоны гүн ухааны уламжлалтай холбон үздэг. Платон хүний танин мэдэхүйг санахуй гэж үзсэн бөгөөд энэхүү санахуй нь хүний сүнс хэзээ нэгэн цагт үзэл санааны ертөнцөөс олж аваад нүгэлт дэлхий дээр эгнэгт мартсан ямар нэг үнэн мэдлэг рүү хандаж чиглэсэн байдаг гэж үзсэн юм.
Бид амьд болон зохиомол системийг адил тэнцүү гэж үздэг когнитив шинжлэх ухаан танин мэдэхүйн судалгааны онцгой хувирал (метафор) бий болсноор, тухайлбал, хүн болон компьютерийг харьцуулан үзсэнээр үүссэн юм.
Энэ метафорыг өөр хэн нэгэн биш, компьютерийн архитектурыг бүтээгч Жон Нейман зохиосон билээ. Тэрээр 1948 онд болсон сэтгэл зүйч, нейробиологичдын хурал дээр тэр үед ихээхэн фантаазласан харьцуулалт хийжээ. Жон Нейман хүний толгойд болдог зүйл компьютерийн ажилтай нэн төстэй: бидэнд ч, компьютерт ч оролт гаралтын систем бий, бас ой санамж бий, бидний туршлагыг хуримтлуулж байдаг байнгын санах төхөөрөмж ч байгаа, мөн бидэнд урсгал ажил явдлаа хийж байдаг шуурхай ой санамж ч байгаа, цаашилбал бидэнд хязгаарлагдмал нэвтрүүлэх чадвартай “төв процессор” ч байгаа. Яагаад “хязгаарлагдмал” гэж хэлсэн гэхээр хүний тархины гүнд хэн ч нэвтэрч чадаагүй учраас тэр.
Хэрэв ийм байх аваас танин мэдэхүйг судлах арга зүй ямар байх ёстой вэ ? Тэгвэл танин мэдэхүй аж үйлдвэрийн тагнуулын үйл ажиллагаатай төстэй байж ч болох. (Инээж болохгүй шүү, тийм биз дээ ?)
Зах зээл дээр эрэлттэй байгаа аль нэгэн компанийн үйлдвэрлэсэн төхөөрөмж худалдан авсан хүн нөгөөдөх нь хэрхэн ажиллаж байгааг ойлгож ядан түүнд нэвтрэх гэж оролддог.
Чухам энэ үед энэхүү төхөөрөмжийн рольд хүний тархи, хүний сэтгэхүй (психика) орох ба когнитив судлаачид урвуу инженерийн энэхүү зорилтыг ойлгох, тайлах гэж оролддог. Өөрөөр хэлбэл, туршилтын журмаар олж болох өгөгдлийн үндсэн дээр хүний сэтгэхүй ямар маягаар ажилладаг, хүний тархи ямар маягаар ажилладаг зэргийг судлан үздэг.
Ийм судалгаа 1950-иад оны дунд үеэс эхэлсэн. ХХ зууны турш, тэр ч бүү хэл XIX зууны төгсгөлд сэтгэл зүйчид болон биологичид хүний танин мэдэхүйг ямар нэг байдлаар судалж байсан.
Ингээд 1950-аад онд “когнитив хувьсгал” эхэлсэн ба энэ нь нэг талаас мөнөөх компьютерийн шинжлэх ухаан зохиомол хиймэл ухаан бүтээх гэсэн хүчирхэг эрэлтийг бий болгосон, гэхдээ энэ үед бид зохиомол оюун ухаан хэрхэн ажилладагийг хараахан мэдэхгүй байв, нөгөө талаас, сэтгэл зүйчид болон нейробиологичид энэхүү эрэлтийг хангаж чадахгүй байв. Тэд маш олон зүйлийг өөрсдөө ч ойлгохгүй байлаа.
Чухам энэ үед салбар хоорондын судалгааны муж болсон когнитив шинжлэх ухаан бий болсон юм.
Когнитив шинжлэх ухааны өөр төрсөн өдөр ч бий. АНУ-д ихэр цамхаг нурсан 2001 оны 09 дүгээр сарын 11-нд Массачусетийн Технологийн Их Сургууль дээр Мэдээлэл боловсруулах асуудлаар Симпозиум болж, хүний танин мэдэхүйг шинээр судлах талаар 3 том илтгэл хэлэлцэж байв.
Эхний илтгэлийг хэл судлаач (лингвист) Ноам Хомский “Хэлний дүрслэлийн гурван загвар” сэдвээр тавьсан ба тэрээр “когнитив хувьсгалын” үеэс одоо амьд сэрүүн байгаа цорын ганц хүн юм.
Хомский энэ илтгэлдээ: хэлийг ойлгох өнөөгийн хоёр загварыг сөргөлдүүлэн тавьжээ. Эхний загвар нь хэлний логикоор ойлгох загвар. Энэ загвар хэлний логикоор хэлийг ойлгох ба жи: шинэ үг бүр үүсэх үедээ буюу хэлснийг ойлгох үедээ үүсэн бий болох тодорхой магадлалтай, энд хүн хэрэггүй, энэ бол статистик үйл явц гэж дүгнэдэг. Удаах загвар нь хэлний бүтцийг биежүүлж байдаг мод шиг шууд бүрдүүлэх загвар юм.
Хомский хэлийг ойлгох хэрэггүй, харин хүмүүний маягийн (тип) хэлийг төрүүлэх болон ойлгох чадвартай буюу хэлний чадвар бүхий хэл тээгч болон түүний хэлний идэвхийг ойлгох ёстой, өөрөөр хэлбэл, хэлний дүрмийн (грамматик) төрүүлэх буюу дамжуулах (трансформаци) тодорхой дэг журмын үндсэн дээр хэл үүсэх, ойлгох үйл явцыг ойлгох хэрэгтэй гэсэн. Дашрамд Хомский “трансформацийн грамматик” гээчийг оруулж ирсэн. Дүгнэж хэлвэл, Хомский хэлийг ойлгохын тулд хэл тээгчийг (хүнийг-Орч) судлах ёстой гэсэн.
Хоёр дахь илтгэлийг сэтгэл зүйч Жорж Миллер тавьсан. Тэрээр: ”Шидэт 7±2 тоо буюу мэдээлэл боловсруулах бидний чадварын зарим хязгаарлагдмал байдлын тухай” сэдвээр илтгэсэн.
Миллер хүний богино хугацааны ой санамжийн ажлын загварыг санал болгож, түүнийгээ компьютертэй адилтгаж, хүний ой санамж нэг удаа долоон нэгжээс илүү мэдээлэл багтаадаггүй гэдгийг баталсан. Одоо бол шидэт тоог судалсаар тэр нь 4±1 гэдгийг тогтоогоод байна.
Ямар ч гэсэн Миллер хүнийг ойлгоход танин мэдэхүйн компьютерийн метафорыг ашиглаж, энэ үндсэн дээр хүний толгойд юу болдгийн учрыг олох ёстой гэж үзсэн.
Эцсийн гурав дахь илтгэлийг улс төр судлаач Герберт Саймон болон түүний туслах аспирант, компьютерч Аллен Ньюэлл хоёр тавьж, “Логик-онолч” нэртэй дэлхийд анхны зохиомол оюун ухаантай загвараа танилцуулсан. Энэ загварт математикийн ангийн оюутнуудын логик теоремуудыг баталсан үйл явцыг судлан үзэхдээ цуглуулсан өгөгдлүүдийг ашигласан ба чингэхдээ сэтгэлгээний энэ үйл явцыг загварчилж, дүрсэлж чаджээ. Өөрөөр хэлбэл, энэ нь сэтгэл зүйн өгөгдлийн үндсэн дээр логик теоремуудын баталсан компьютерийн программ болсон юм.
Мөн чанартаа бол 1950-иад оны когнитив шинжлэх ухаан “психологи-лингвистика-компьютерийн шинжлэх ухаан болон зохиомол оюун ухаан” гэсэн гурвалжингаас үүсэн хөгжсөн. Аажмаар когнитив шинжлэх ухаанд философи, нейро шинжлэх ухаанууд, антропологийн шинжлэх ухаанууд нэмэгдэв. Чингэхдээ энэ бүх ажлууд миний дээр дурдсанаар хүний танин мэдэхүйн үйл явцыг техник хэрэгслийн мэдээлэл дамжуулах болон боловсруулах үйл явц мэт үзэж, эндээсээ эдгээр үйл явцыг загварчлах боломжийг хайх, компьютерийн программ буюу блок-схем хэл дээр дүрслэн үзүүлэх рүү шилжсэн.
Энэ үйл явцыг когнитивистүүд өөрсдөө “cognitive boxology” буюу “хайрцаг судлал” гэж хошигнон нэрлэдэг. Үнэхээр ч хүний танин мэдэхүйн үйл явцыг дүрслэн үзэхэд өөр хоорондоо холбоотой гарц бүхий олон хайрцагтай төстэй. Тэдгээр хайрцаг дотор зарим мэдээлэл алдагдана, зарим нь шүүлтүүрт орж үлдэнэ, зарим нь цааш явж цаашдын идэвхийг удирдахад оролцоно.
Когнитив шинжлэх ухаан 1950-аад оноос хойш 2000 он хүртэл хөгжих явцад бодит хүнээс салсан эдгээр хайрцаг, сум, заалтууд нь бодит амьдралд байгаа хүний зан үйлийг дүрслэн үзүүлж чадахгүй байсан юм.
Харин 2000-аад оны эхээр когнитив шинжлэх ухаанд агуу их тэсрэлт гарч, хүнийг “мэдээлэл боловсруулах систем”-ээс гаргаж, мэдээлэл боловсруулах хүн болгон хувиргав.
Хүний биед болж буй үйл явц хүний харах мэдрэмжийн (оюун ухааны) үйл явцад хачин жигтэй нөлөөлдөг. Жишээ нь: хүнд болон хөнгөн үүргэвч үүрсэн хоёр хүн холын зайг өөр өөр төсөөлдөг ба хүн яг адилхан харах анализ хийх атлаа яг адилхан мэдээллийг яг адил тусгах ёстой атал өөр өөрөөр дүгнэдэг байна.
Хүний бие хийсвэр ойлголт дээр ч гэсэн янз бүрийн байдлаар ханддаг. Жишээ нь: хийсвэр мэт санагдах цаг хугацаа байна. Гэтэл цаг хугацаа хийсвэр биш юм. Биднээс өмнө болсон, хойно болсон гэх мэтээр ярихдаа үнэн хэрэгтээ үйл явцыг өөрийн бие дээр тусгаж, тэрхүү үйлдлээр дамжуулан орон зайг хүлээн авдаг.
1990-2000 оны когнитивистүүд энэхүү “биеийн бум”-ыг судалж байлаа.
Үүний дараа танин мэдэхүйд хүний сэтгэл хөдлөлийн (эмоци) үзүүлэх нөлөө буюу сэтгэл хөдлөлийн өнгө аястай мэдээлэл боловсруулах үйл явцыг сонирхон судлах болов.
Сэтгэл хөдлөлийн үйл явцын зүй тогтол логик теоремоор баталсан хийсвэр-бэлэгдлийн (абстракт-символ) мэдээлэл боловсруулах үйл явцаас огт өөр байдаг аж. Өөрөөр хэлбэл бидний амсан илэрхийлж буй сэтгэл хөдлөл бодит байдлын тухай бидний төсөөлөлд нэн хүчтэй нөлөөлж, заримдаа түүнийг гажуудуулж ч чаддаг байна.
Үүнийг залгаад когнитивистүүд хүн хэзээ ч ганцаараа амьдардаггүй гэдэгт анхаарах болжээ. Хүн төрмөгцөө л бусад хүмүүсийн дунд, нийгэмд дотор орж, түүний танин мэдэхүй бусад хүмүүс болон хүрээлэн буй орчинтой харилцан нөлөөлсний үр дүнд хөгждөг байна. Түүнээс гадна хүмүүс бусад хүмүүсийн тухай, тэдний мэдлэг, сэдлийн тухай г.м. төсөөллөө тодорхой маягаар бүрдүүлэх хандлагатай. Харин нийгмийн танин мэдэхүйн зүй тогтол, бусад хүмүүсийн толгойд юу болж байгааг ойлгох зэрэг нь “хайрцгийн загвар”-аар тодорхойлогдохгүй.
Жишээ нь: ээж, хүү хоёр нэг зүйлийг харж, ээж нь энэ зүйлийг нэрлэж, хүүхэд нь үг тогтоож авдаг.
Мөн хүмүүс тодорхой соёл, соёлын тодорхой практик, мэргэжлийн практик зэргийн дунд оршин байдаг. Харин тэдгээрийг танин мэдэх нь энэхүү практикийн онцлогоос хүчтэй хамаарна.
Өөрөөр хэлбэл мөн чанартаа когнитивистүүд танин мэдэхүй компьютерийн метафорын анхдагч заагийн цаана гармагцаа хүн хүрээлэн буй ертөнцтэйгөө харьцаж буй харилцааны туйлын олон янзийн талуудыг анхаарч эхэлдэг. Энэ хандлагын дээд талд бүр ч илүү хүчирхэг өөр нэг хандлага оршин байдаг.
Энэхүү хоёрдахь хандлага нь хүний танин мэдэхүй дэх хүний өвөрмөц шинжийг сонирхох явдал тархи судлалын аргуудын эрчимтэй хөгжил, нейро шинжлэх ухаан болон харгалзах технологийн давшингуй хөгжилтэй цаг хугацааны хувьд давхцаж байдагт оршино.
Жишээлбэл: уураг тархины гүнд болж буй аль нэгэн үйл явцыг тусгаарлан үзэхтэй холбоотой функциональ соронзон-томографийн арга нь тархины цусан хангамжийн тусгай хэсгүүдийг бүртгэж, тархины аль хэсэг нь аль нэг шийдвэр гаргахад оролцож байгааг илрүүлдэг. Мөн янз бүрийн зорилтыг шийдвэрлэх үед тархины цахилгаан идэвхийн өөрчлөлтийг үзүүлдэг электроэнцефалогийн гэх “хуучин” арга ч буй.
Эцэст нь юм бодож буй үед нь тархинд нөлөөлөх арга ч байдаг ба ингэснээр тархины аль нэгэн бүс яагаад хэрэг болдгийг ойлгодог. Ухаандаа ямар нэгэн юм шийдэж бодох үед тархины аль нэг хэсэг, жишээ нь духны хэсэг идэвхжлээ гэхэд бид энэхүү духны хэсэгт үйлчилж, энэ нь тухайн хүн зорилтоо шийдвэрлэхэд саад болж байна уу, эсвэл тэр хүн шийдвэрээ үргэлжлүүлж чадаж байна уу гэдгийг мэдэж болно.
Ингээд когнитив шинжлэх ухаанд нэг талаас, нийгмийн сэтгэл зүй, эдийн засаг, хууль, гоо зүй зэрэг хүмүүнлэгийн болон нийгмийн ухаанууд нэмэгдэн орж байгаа, нөгөө талаас нейро шинжлэх ухаанууд туйлын байдлаар ноёрхож эхлэх болжээ.
Когнитивистүүд аль 2000 оноос хүний өвөрмөц танин мэдэхүйг сонирхож эхлэх үеэс нейробиологичид шинэ шинэ аргуудыг ашиглан хүний уураг тархины гүнд болж буй сэтгэл зүйн болон ухамсарт харилцааны (когнитив) холбоо хамаарлыг хайж эхэлсэн байдаг.
Үүнийг шогчлон “неофренологи бум” гэж нэрлэдэг. Яагаад ? Яагаад гэвэл бүр XYIII зууны сүүлчээр Франц Галлийн санал болгосон “френологи” гэсэн хуурамч шинжлэх ухаан бий болсон ба Франц Галль гэгч хүний чадварыг гавлын ясыг нь тэмтрэн тодорхойлж болно гэж үзсэн юм.
Энэ ёсоор бол хэрэв хүнд ямар нэг чадвар хөгжиж байгаа бол түүний тархины харгалзах хэсэг томрон өсөх ба гавлын дотор талд булдруу үүсдэг гэж үзсэн. “Өгөөмрийн булдруу”, “мэргэн ухааны булдруу”, “гайхамшгийн булдруу” гм. байж болдог аж. Ингээд Галль хүний тархины “дотоод” чадварын маш түвэгтэй зураг зохиожээ.
2000 оны эхээр бид функциональ соронзон–резонанс томографийн аргууд ашиглан асар олон булдрууны оронд янз бүрийн хэв маягийн сэдлийн тухай мэдээлэл боловсруулахтай холбоотой, янз бүрийн сэтгэл хөдлөлд автах, янз бүрийн үйлдэл гүйцэтгэхтэй холбоотой тархины маш олон тусгай хэсгүүдийг олж илрүүлжээ.
1970-аад онд Семир Зеки судалгаа хийж, 2000 оноос хүний тархинд болдог тусгай тусгай үйл явцтай холбоотой бүтээлүүдээ нийтлүүлж “хайрлан дурлах төв”, “эхийн хайрын төв” зэргийг илрүүлсэн. Үүнийг хэрхэн хийдэг вэ ?
Томограф дээр бид жишээ нь хүний хайртай хүний зургийг үзүүлж болно. Ингэхэд тархины маш олон бүс (зон) ажиллаж эхлэх нь ойлгомжтой. Хэрэв бид зүгээр л нэг хүний зураг үзүүлж, энэхүү хүнийг хүлээн авч буй тархины идэвхийг тооцоолоод дараа нь түүнд хамгийн хайртай хүнийх нь зургийг үзүүлж, тархины идэвхийн ялгааг гаргаж чадвал Зекигийн үзэж байгаагаар бид хайрлан дурлах төвийг олж болно.
Энэ мэтээр эхийн хайрын төвийг олж болно: эмэгтэйд өөрийнх нь хүүхдийн зураг, өөр хүүхдийн зураг үзүүлээд тархины идэвхийг харьцуулж ялгааг нь гаргах юм бол үнэхээр их ялгаатай бүсийн зураглал гаргаж болно. Тэгээд яагаав ? гэсэн дараах асуулт үүснэ. Эхийн хайрын тухай бид шинэ юм олж чадсан уу ?!
Шинэ френологийн логикийн талаар өөр жишээ ч бий. Энэ нь 2017 онд Шнобелевийн шагнал хүртсэн бяслаганд дургүйцэх үед сонголттой идэвхиждэг хүний тархины бүсийг үзүүлсэн судалгаа бий. Нэр хүндтэй сэтгүүлд хэвлэгдсэн нэр хүндтэй өгүүлэл байгаа юм. Гэхдээ ахиад л тэгээд бид цаашаа юу хийж болох юм ? гэсэн асуулт үүсдэг.
Үнэн хэрэг дээрээ цааш явах зүйл байгаа юм, чухамхүү энэ логик дээр вегататив төлөв байдалд буюу комонд орж, ухаантай байгаа ямар ч шинжгүй байгаа хүнтэй харьцаа тогтоох оролдлогыг амжилттай хийсэн билээ.
Хэрэв вегататив төлөв байдалд байгаа хүнийг томографт оруулж, тархины аль нэгэн хэсгийг сонгон идэвхижүүлэхтэй холбоотой заавар өгөх юм бол тэдгээр өвчтөний тархины идэвхи эрүүл бүлгийн нормын хэмжээнд байсан нь тодорхой болсон. Энэ үзэгдэл өвчтөний 10 хувь орчимд илэрсэн бөгөөд энэ нь хангалттай олон гэдэг нь судалгаанаас харагджээ.
Жишээ нь: Ухаангүй хүнд “Та гэр рүүгээ явж байна гэж төсөөл дөө” гэхэд хүний тархи хэвийн байдлаар идэвхждэг. Энэ нь вегататив төлөв байдалд байгаа өвчтөний тархи идэвхжиж байна гэсэн хэрэг юм.
“Та теннис тоглож байна гэж төсөөл дөө” гэхэд бас л вегататив төлөв байдалд байгаа тархины идэвхи бусад хүмүүстэй төстэй байгааг харж болно. Дараагийн алхам нь тархийг “тийм”, “үгүй” гэсэн байдлаар идэвхижүүлж болно. Тэр хүнд: хэрэв Та “тийм” гэхийг хүсч байвал гэр рүүгээ явж байна гэж төсөөл, хэрэв “үгүй” гэхийг хүсч байвал теннис тоглож байна гэж төсөөл гэх мэтээр хэлж болно.
Гэвч энэ судалгааг 2010 оноос болиулсан. Шалтгаан нь үүнийг эсэргүүцэгч хоёр нийгэмлэг бий болсон. Нэгдэх нь философчид. Тэд хэрэв бид ухаангүй байгаа хүнд асуулт тавьж, тэр нь бидэнд хариулж байвал ухамсар юу болох вэ гэсэн асуулт руу эргэн орсон. Удаах аймшигтай эсэргүүцэгчид нь хуулчид. Тэд ухаангүй хүнтэй харьцана гэдэг чинь мөн чанартаа энэхүү вегататив төлөв байдалд нь удаан байлгаж, өв залгамжлах хийгээд хүсэл зоригоо илэрхийлэх талаар байж болшгүй кейс цуглуулж буй хэлбэр гэж үзсэн. Гэсэн хэдий боловч энэ арга хэтийн их ирээдүйтэй байсан юм.
Ямар ч гэсэн когнитив шинжлэх ухааны дотоод дахь хоёр хандлага маш сонирхолтой салбар дундын мужуудыг бий болгосон. Нийгмийн шинжлэх ухаан болох эдийн засгийг аваад үзэхэд нейро шинжлэх ухааны аргуудыг хэрэглэснээр энэ хоёрын уулзвар дээр нейро эдийн засаг бий болсон. Нейро эдийн засаг нь анхандаа хэрэглээний сонголт хийх буюу шийдвэр гаргахад тархины хамааралт байдлыг судлахаас эхэлж байсан бол яваандаа дурын сонголт, тэр ч бүү хэл хүсэл зоригийн эрх чөлөөг тайлбарлах болтлоо өсөж хөгжөөд байна.
Сонголт бол газар сайгүй байдаг: хоёрдмол утгатай ваарын дүрсийг харлаа гэхэд хажуу талаас нь харж болно, мөн ваарыг бүтнээр нь харж болно, энэ бол сонголт. Хүнд туслах болон эс туслах, бүлгийн үзэл бодлыг харгалзах болон эс харгалзах зэрэг нь бас л сонголт.
Нейро эдийн засаг юм бодох явцад нь тархинд нөлөөлөх хэрэгслүүдийг гартаа оруулснаар, өөрөөр хэлбэл тархины идэвхид оролцдог болсныхоо дараа шууд л хамаарлын болон тархины идэвхжлийг дагалдсан судалгаанаас тархины механизмыг судлах руу шилжсэн юм.
Учир нь бид тархины аль нэгэн хэсэгт үйлчилснээр тархины функцийг түр зуур “эвдэж” чадвал бид механизмыг нь оллоо гэж нотлох боломжтой болно.

Үүнээс гадна маш олон зугаатай салбарууд бий болсон. Жишээлбэл, нейро гоо зүй сайхныг хүлээн авах механизмын тухай асуудлыг судалдаг, нейро утга зохиол судлал яруу найргийг хүлээн авах, үүсгэх тархины хамаарал болон юм унших туршлага хүний юм унших үеийн тархины функциональ систем бүрэлдэхэд хэрхэн нөлөөлдөг зэргийг судалдаг.
Нейро хууль зүй гэж бий. Хэрэв бид мөрдөн байцаалт явуулж, тархины идэвхжлийг бүртгэж болох уу ?, манай улс төрчдийн тархины идэвхжлийг шалгаж болох уу ? гэх мэт олон шинэ асуулт үүсгэдэг.
Эдгээр асуулт бага зэрэг гажиг, гэхдээ л түүнийг тойрсон судалгааны мужууд бий болж байгаа юм.
Эцэст нь 2000-аад оны үед хоёр мундаг когнитив судалгааны салбар бий болсон. Нэгдэх нь нийгмийн мэдээллийг боловсруулах тархины механизм болон хүмүүс хоорондын харилцан үйлчлэлийн механизмыг судлах муж үүссэн. Хоёр дах нь бусад хүний хүсэл бодлыг дуурайх болон ойлгох тархины механизм буюу “толин нейрон”-ы тухай төсөөллийг хөгжүүлэх болсон.
Түүнчлэн нейро соёл гэсэн шинжлэх ухааны муж бий болсон ба энэ нь 2010-аад оны шинэ тренд болсон юм. Бие биенээсээ хаа хамаагүй хол орших салбаруудын зааг дээр хувь тархины бүтэц, ажиллагааг судалдаг салбар дундын судалгаа бий болж, антропологичид олон зуун жилийн турш дан ганц этнографийн аргаар судалдаг байсан соёлын уламжлал, соёлын практикийн түүхэнд хуримтлагдсан зүйлийг судлах шинэ салбар бий болсон.
Энэ хандлагын цаана чухам юу байгаа вэ ? Цаашдаа тархины хувьслыг соёлын хувьсалтай нэгэн зэрэг сонирхож эхэлсэн. Тэгээд ч энэ хоёрыг бие биенээс нь салгаж болохгүй гэдгийг судалгаа харуулсан юм.
Хэрэв бид хүмүүн төрөлтөн үүсэн хөгжсөн бүх түүхийн турш дахь хүний хувьслыг авч үзвэл хүн төрөлхтөн түүхийн аль нэгэн агшинд соёлын зэвсэг, соёлын практик, соёлын тодорхой орчинг бүтээж ирсэн. Энэхүү соёлын орчин нь эргээд тодорхой ген бүхий хүмүүст илүүтэй шингэсэн ба хүмүүс нь соёлын орчинд үр ашигтай амьдарч сураад цаашдаа түүнийг өөрчлөн дамжуулсан. Ингэж үүссэн соёлын шинэ орчин цаашаа тодорхой ген тээгчдэд илүүтэй шингэсэн. Ингээд бид соёлын болон биологийн хувслыг салгаж чадахгүй болсон. Одоо бид тархи болон соёлын хавсарсан хувьслын (коэволюци) тухай л ярьж чадна. Чингэхдээ хүний тархи бол “хүмүүсийн “био-артифакт”-ын бүтээсэн соёлоор бага зэрэг зохиомлоор төрүүлсэн тийм зүйл болно.
Энэ бүхнийг туршилтын судалгаагаар нотолсон ба энэ туршилтууд бяцхан сармагчингийн уураг тархинд буй ганц нейрон гэхэд л зэвсэг ашигласны нөлөөн дор өөрчлөгдөж болно гэдгийг харуулдаг.
Жишээлбэл: сармагчингийн тархинд тусгай тусгай мэдрэлийн эсүүд байх бөгөөд харааны мэдрэмжийг өдөөдөг эсүүд нь савар хавьд байдаг. Хэрэв сармагчинд урт савааг зэвсэг болгон өгвөл тэрээр савааг ашиглан хоолыг өөр рүүгээ татна, ингэхэд нөгөө ганц нейрон хариу үйлдэл үзүүлж, идэвхижинэ, гэхдээ савар орчмоос биш, харин зэвсэг барьж буй тархины тэр муж идэвхиждэг.
Өөрөөр хэлбэл, тархины мэдрэлийн нэг муж мэдээлэл цуглуулж, хувирган өөрчилж байна. Энэ нь шууд утгаараа тархийг үе мөчний үргэлжлэл мэт ажиллуулдаг. Хэрэв сармагчинд саваа өгөөд юу ч хийлгэхгүй байвал бас л юу ч болдоггүй, энэ үед мөнөөх нейрон сармагчны савар орчимд үйлчлэл үзүүлнэ.
Сармагчин ийм байхад хүмүүн Та нар бидний соёлын зүйлс, гажет болон бүх зүйлтэй тархинд юу болох бол гэж төсөөлөөд үз дээ…
Үнэн хэрэг дээрээ хүний практик тархинд яаж тусч өөрчлөгддөг талаарх судалгаа маш олон буй. Чухам энэ асуудлаар соёлын нейро шинжлэх ухаан ажилладаг юм.
1990-ээд оны нэгэн сонирхолтой жишээ: японы судлаачид математик сурах аргууд тархин дахь тусгай функцид хэрхэн нөлөөлдгийг ойлгох гэж оролджээ.
Та биднийг хэрхэн тоо тоолж сургасан билээ ? Бид цифр ярьж, түүнийгээ тогтоож, жишээ үзүүлж, бидэнд ямар цифр бичих ёстойг хэлж өгдөг байсан. Үүний дүнд бидний зүүн тархи илүү хөгжсөн. Гэтэл зүүн тархинд голдуу ярианы бүсүүд байдаг.
Гэтэл японы сургуулиудад яаж сургадаг вэ ? “Соробан” гэж нэрлэдэг сампинг ашиглан япончууд тоо бодох үйлдлийг хийж сургадаг. Эхлээд сампингийн эрхийг хөдөлгөнө, дараа нь дүрслэлийн байдлаар үзүүлдэг.
Үүний үр дүнд насанд хүрсэн япончуудын баруун тархи илүү хөгждөг ба энд дүрсийг (образ) хувиргах болон дүрсийн функциуд ажиллаж байдаг.
Хэрэв япон хүн европ хүнтэй гэрээ хэлэлцээр хийж буй нөхцөл байдлыг аваад үзэхэд европ хүн бүх талаар дийлэх ба тэрээр зүүн тархинд голдуу тулгуурласан тооцоо хийж, ярьж чадна, (улмаар ярианы сэтгэлгээ рүү хандана), харин япон хүн бол тооцоо бодохдоо баруун тархиа голдуу ашиглах ба харин ярианы өгүүлэмж зохиохдоо зүүн тархиндаа тулгуурладаг. Үүнийг соронзон резонансный томограф ашиглан хийсэн судалгаагаар нотолсон юм.
Гэхдээ функциональ өөрчлөлт төдийгүй тархины ямар бүс ажиллаж байгаатай холбоотой өөрчлөлтүүд ч гэсэн соёлын практиктай холбоотой болж таарсан. Гэхдээ эдгээр өөрчлөлтүүд нь цэвэр бүтцийн байсан, өөрөөр хэлбэл тархины тодорхой мужийн бүтэц болон хэмжээ хүний эзэмшсэн зүйлээс хамааран өөрчлөгдөж байсан.
Шнобелевийн 2006 оны шагнал хүртсэн судалгаа маш ноцтой юм. Энд томограф ашиглан Лондонгийг таксист нарын тархийг судлан үзжээ. Тархины ямар хэсэг ажилд татагдан орж буйг харуулах функциональ бүтэц биш, харин тархины янз бүрийн бүсийн хэлбэр болон хэмжээ гэсэн бүтцийн хамаарлыг судлан үзсэн.
Лондонгийн таксист нарын дагзны хойт хэсэг буюу орон зайн баримжаа авах, ажлын ой санамжийг хадгалахтай холбоотой тархины тэр хэсэг жирийн хүмүүсийнхээс илүүтэй хөгжсөнийг тогтоожээ.
2000-аад оны Лондонгийн таксист гэдэг бол дөрвөн жил суралцсан, Лондонгийн дурын цэгээс өөр дурын цэгт хүрэх аргуудын талаар маш хүнд шалгалт даван туулсан, орон зайн асар их мэдээлэл цээжилсэн, түүнийгээ ухаалаг ашиглаж чаддаг онцгой бүлгийн хүмүүс юм. Энэ бүх мэдээлэл Лондонгийн таксист нарын дагзны ар хэсгийг (гиппокамп) томруулжээ.
Үүнээс улам цааш ахиж, Лондонгийн таксист нарыг хаа хамаагүй биш, нэг чиглэлд олон дахин нааш цааш явдаг автобусны жолооч нартай харьцуулан үзжээ. Гэтэл автобусны жолооч нарын тархи жирийн хүмүүсийнхтэй адил байхад таксистуудын дагзны яс илүү том байв.
Үүнийг бүх нарийвчилж, дөрвөн жилийн сургалтын дараах шалгалтыг давсан болон унасан таксист нарыг харьцуулан үзэхэд шалгалт давсан таксист нарын дагзны хэсэг шалгалтад унасан болон жирийн хүмүүсийнхээс илүү том байв.
Ингээд сургалтын эхэн болон сүүл үед харьцуулсан хэмжилт хийсний дараа өөрчлөлтийн хамгийн үнэнд нийцэх шалтгаан нь чухамхүү зохих ёсны туршлага олж авсан явдал байв.
Энэ үеэс эхлэн когнитив судалгааны их тэсрэлт эхэлсэн юм. Мэргэжлийн туршлага, хобби гэх мэт нь тархины бүтцэд хэрхэн нөлөөлдөг, уураг тархины тусгай хэсгүүдийн хэмжээ яаж өөрлөгддөг зэргийг судлах болов.
Ингээд би цуглуулга хийх болсон. Бидний тархи балет, бясалгал, хөгжим, хоол, гандбол, сансар судлах г.м. үеүдэд хэрхэн өөрчлөгддөг гэдэг нь мэдээж маш их сонирхолтой.
Сонирхолтойгоор үл барам томографийн өгөгдлүүдээс хүн өөрийн салбарт хэр зэрэг амжилт олохыг урьдчилан хэлэх, гэхдээ энэхүү амжилт сургалтанд хамрагдсан эсэхээс үл хамаарах (учир нь бид сургалтад хамрагдах үед тархины тусгай хэсгүүд томроогүй байдаг) ба харин ямар нэг урьдач зүйл гэхээсээ илүүтэй олж авсан туршлагын үр дүн гэдгийг судлах нь нэн сонирхолтой.
Өөрөөр хэлбэл, бидний тархи үнэн хэрэг дээрээ бидний ямар нэг байдлаар эзэмшиж буй соёлд багтах үйл ажиллагааны дурын төрөлд зохицон өөрчлөгдөж байдаг.
Когнитив шинжлэх ухаан хүний мэдээлэл боловсруулах үйл явцыг компьютертэй адилтган, техник хэрэгсэлтэй адилтган судлах салбар болон хөгжиж эхэлсэн. Харин одоо когнитив шинжлэх ухааны хамгийн сонирхолтой өсөлт эхлэж, хувьслын судалгаа, тархины судалгаа, нийгэм, соёлын судалгааны зааг уулзвар дээр төвлөрөх болжээ.
Энэ талаар бичсэн судалгааны маш олон бүтээл байгаа…
Орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2019 оны 10 дугаар сарын 08.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to КОГНИТИВ ШИНЖЛЭХ УХААНЫ ТУХАЙ ТОВЧ ӨГҮҮЛЭХ НЬ

  1. Bat says:

    Bayarlalaa. Saihan niitlel bna. Odoo hiimel oyun uhaan geed l bgaa.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: