Г.УЯНГА: МОНГОЛ ХЭН БЭ?! /Үндсэн хуулийн үндсэн асуудлууд-2/

…”Аав аа, намайг ашиглаач, ий ий ий”…, “Бидэнд ийм сайхан хоол илгээсэн Есүс Христ Тандаа баярлалаа, Амин”,… “түрийвчээ гаргаад амсрыг нь дээш харуулаад даллаарай, мөнгө маань өснө өө, үржинэ ээ, тогтоно оо, ум биза ум аяа суухаа”… “Зөв ч бай буруу ч бай хамаагүй намтайгаа хамт байсаар үхэх минь”…
Ошо, манай хунтайжийн цэргүүд, тэнгэр үзэлтний цугларалтууд…, Сүүлийн гучин жилд бид зөвхөн эдийн засгийн зах зээлд орсонгүй ээ, “үзэл санаа”-ны зах зээл монголчуудад нээлттэй болсон төдийгүй, монголчууд ч бас энэ зах зээлд үүд хаалгаа цэлийтэл нээж өглөө.

Элийрч галзуурсан мэт нэг талаасаа харагдах эдгээр хүмүүсийг нөгөө талаас нь сайн харвал харанхуйд гэрэл хайн тэмтчиж байгаа төөрсөн хүмүүс лугаа адил. Жаахан цаашилбал, ходоодондоо биш оюундаа талх, итгэл үнэмшил, үзэл санааны луужингаа хайн эрэн тэмтчин бэдрэх оюун ухаант хүний ухамсартай үйлдэл гарцаагүй мөн.
Хүн гэдэг амьтан идэж, ууж, өмсөж зүүж, үржих биологийн амьтнаас гадна нийгмийн амьтныхаа хувьд оюун санаагаа тэжээж хооллох итгэл үнэмшил, сүсэг бишрэл, оюун санааны хувьд хаашаа зорьж тэмүүлж байгаагаа мэдэх чиглэл зорилго гарцаагүй хэрэгтэй ажээ. Тиймгүй бол амьтны хүрээлэнгээс ямар ялгаатай байх билээ дээ.
Энэ л луужингаа хайж эрэн бэдчих тэднийг шоолон дорд үзэх учиргүй. Тэд харанхуйд олдсоноо тэмтчин түүгээрээ баримжаа хийн, түүнийгээ л алдаж болохгүй гэрэл гэгээ рүү хөтлөх найдвартай гарц гэж итгэхийг яагаад буруутгах ёстой гэж ?
Улстөрийн, нийгмийн, эдийн засгийн, соёлын, оюун санааны гэх мэт хэдхэн бүхэллэг хүрээнээс нийгмийн амьдрал бүрддэгийн оюун санааны хэсэг нь сүүлийн гучин жилд ор тас орхигдож, социализмын их бүтээн байгуулалтаар дамжин коммунизмд хүрэх тухай итгэл үнэмшил нь 30 жилийн өмнө нуран унасан хүн гэгч ухаант амьтан гээгдсэн итгэл үнэмшлээ л олчих санаатай зөнгөөрөө яваа нь тэр. Гэтэл бид, Монгол гэдэг улс хүмүүстээ гэрэл гэгээ өгч чадахгүй, харанхуйд дураар нь төөрүүлсээр байх тийм харанхуй бүдүүлэг үндэстэн үү?
Ерөөс энэ ертөнцийн цаад мөн чанар өөрөө амьд үлдэхийн төлөөний тэмцэл. Биологийн хувьд ч тэр зүйлүүд амьд үлдэхийн төлөө, нийгмийн хувьд ч улс үндэстнүүд аль болох удаан амьдрах, оршин тогтнохын төлөө тэмцэлдсээр иржээ. Гагцхүү аль нь гүн бат үндэс, суурьтай, хамгаалалттай, хүч чадалтай нь ялан дийлж оршин тогтнож үлдсэнээр үл барам хөгжин дэвжсээр иржээ. Хэн хүчирхэгжинэ, тэр нэгэн цагт бууран доройтно, хүн бууран доройтно тэр тодорхой мөчлөгт эргэн сэхдэг нь амьд ертөнцийн зүй тогтол. Гол нь устчихгүй бол шүү дээ.
Хүний нийгэм үүссэн цагаас эхлэн үүсэн бий болж, мөхөн устсан овог отог, аймаг, улс үндэстэн цөөнгүйн дээр нэгэн газар нутагт үүсч бий болоод, төрт улсаа үүсгэж, улмаар мандан бадарч, бусдыг дагуулан эрхшээж, бууран доройтсон ч мөхөж усталгүй хоёр мянганы түүхэнд гүн бат үндэстэй оршин тогтносон нь даан ч цөөхөн. Монгол бол тийм угсаатан билээ. Бид ийм түүх, тийм үндэстэй. Монгол үндэстний оршихуйн гүн бат суурь ерөөс энэ л юм. Өөр юу гэж?! Үүнээс том бахархал ухаант хүн төрөлхийтөнд ер юусан билээ?
Сууринаасаа, үндсээсээ хир гүн бат, сайн зууралдана, хир сайн холбогдоно, бид төдийчинээ амь бөхтэй оршин тогтноно. Түүнээсээ салбал унаж хагдарна, устаж үгүй болно. Үндэс нь л сайн байвал, үндсээ л тэжээж чадвал мөчир тасарч навч унаж цэцэг хагдарлаа ч дахин ургана, цэцэглэнэ. Хэрэв бид устчихгүй л бол нэгэн цагт сэхнэ, бадарна. Энэ гарцаагүй. Энэ нь байгалийн хууль, жам ёс билээ л. Тиймээс бид эхлээд АМЬД ҮЛДЭХ ёстой. Яг өнөөдрийн зорилго ХӨГЖИХ биш. Хурдан хөгжих ёстой гэж сандраад буруу нүх улам гүн ухаад байх шиг. Харин энэ субботникоо түр зогсоогоод жаахан эргэцүүлэх цаг ирсэн байна.
Амьд үлдэх, улмаар хөгжихийн тулд бид тэгээд яах ёстой вэ. Юуны өмнө үндсээсээ тасрахгүй байх ёстой. “Манай үндэс зэрлэг юм байна, надад таалагдахгүй байна. Надад өөр үндэс илүү санагдаж байна, тийшээ очиж үргэлжлүүлэн ургалаа” гэвэл тэр амьдрах боломжгүй. Алимыг Монголд ургуулахын тулд “өрөл” жимсний, зэрлэг алимны модонд залгадаг гэнэ. Тэгвэл ургах нь сайн, тэсвэртэй, үр жимсээ арвин өгдөг ажээ. Хэдий тийм боловч нас богино, үндсэн модоо сүйтгэнэ. Өрөөл бусдын үзэл санааг дагагчид яг ийм мод лугаа адил агаад “өрөл” жимсийг гашуун, жижиг хэмээн головч эцэстээ өрөл ч үгүй, алим ч үгүй болох аюултай. Тэгвэл байгаль хатуу учраас үхүүлж л орхино.
“…Польшийн ард түмэн бид нэгдмэл үзэл санаатай байж…”
Алив улс, үндэстний энэхүү хамгийн чухал үндэс буюу мөн чанар – хамгийн үнэт зүйлээсээ л зууралдан байж амьд үлддэг, хөгжил нь ч мөн энэхүү суурин дээр нь тулгуурладаг ажаам. Түүнээс салангид орчин үе, түүнээс салангид хөгжил гэж бас үгүй ажээ. Үндэстний энэхүү мөн чанар, үнэ цэнийг түүхээс нь, ном судраас олж уншиж мэдэхээс гадна нийгмийн суурь гэрээ – Үндсэн хуулиас нь хамгийн товчоор харж болох ажээ.
Бид хэн бэ? Хэн учраас хэрхэн аж төрөх ёстой вэ, бидний оршин амьдрахуйн хүрээ хязгаарыг юуг үндэслэн, хэрхэн тогтоож томъёолох вэ? Хуульт ёс, ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, хөгжил дэвшлийн төлөө байх… гэх мэт хүний нийгмийн нийтлэг үнэт зүйл, хэв ёсноос гадна “БИ бол чамаас өөр БИ” гэдэг “ЧАМАЙГ” хэрхэн таньж мэдэх вэ? Энэ хүрээ хязгаар, ялгагдах онцлог шинж, үнэт зүйл, амбиц, ерөөс МОНГОЛ гэдэг ЧИНИЙ идеал оршихуйг Үндсэн хуулиас харж болно.
Өдгөө монголчуудын зорих мөрөөдөл болчихоод байгаа, 200 гаруй жилийн түүхтэй, үндэстэн болон бүрэлдэж яваа АНУ-ын Үндсэн хуулийг сөхөж үзье. 200 гаруй жилийн өмнө дэлхийн өнцөг булан бүрээс төрөлх эх оронд нь байгаагүй илүү эрх чөлөө, илүү аз жаргалыг хайж эх орноосоо дайжин ирсэн зүсэн зүйлийн үндэстнүүд өдгөөгийн дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн – АНУ-ын уг сурвалж.
Илүү аз жаргал, илүү эрх чөлөө, илүү боломж-энэ бол Америк. Өөр өөрсдийнхөөрөө эрх чөлөөтэй байх, амьдрах хэв маягаа, хууль дүрмээ өөрөө өөрсдийнхөөрөө тогтоох ардчилал. Энэ бол АНУ-ын суурь нь, үндэс нь. Хүмүүнлиг, иргэний, ардчилсан эрх чөлөөт нийгэм бол гарцаагүй АНУ-ын үнэт зүйл, имиж мөн. Түүнийгээ дэлхий дахинаа тунхаглаж, “Бурхан Америкт хайртай” гэж зарлан, хуулиараа бүгдэд илүү боломж олгоно гэж, түүгээрээ ч дэлхийн эгэл жирийн иргэдийг соронздон татсаар байгаа билээ. Дэлхий дахинаа АНУ гэдэг үг “Эрх чөлөө” гэдэг үгтэй агаар нэг сонсогдох имижийг бүрдүүлсээр иржээ. Мөрөөдлийн Америк-Америк мөрөөдөл.
Бас миний ширээн дээр БНПУ-ын Үндсэн хууль байна. Москваг эзэлсэн цөөхөн үндэстний нэг, эртний түүхтэй ч Орос, Герман хэмээх шинэ залуу хэт угсаатны бахинд хавчуулагдсан орон. Энэ шинжээрээ бидэнтэй адил. Уг хуульд бичихдээ:
“Үндсэн хууль нь:
“Эх орны амьдрал, ирээдүй, түүний хувь заяаг тусгаар тогтнол, ардчиллын замаар тодорхойлох боломжийг 1989 онд олж авсан, Үнэн, шударга ёс, сайн сайхан бүхний эх булаг болсон Бурханд итгэгч, түүнийг шүтэгч Бүгд Найрамдах Улсын бүх иргэн – Польшийн ард түмэн бид нэгдмэл үзэл санаатай байж, түгээмэл чухал асуудлын төлөө бидний хамтын сайн сайхан болсон – Польш орондоо тэгш эрх, үүрэгтэй амьдарч, асар их үнээр олдсон тусгаар тогтнолын төлөө, христосын шашинт ард түмний соёл, хүн төрөлхтний нийтлэг үзэл санаанаас өвтэй соёлын төлөө тэмцсэн өвөг дээдсийн хөдөлмөр зүтгэл, тэмцэлд талархахын хамт Нэгдэх ба Хоёрдахь Бүгд Найрамдах Улсынхаа сайхан уламжлалыг эргэн санаж, мянга гаруй жилийн тэртээгээс хуримтлуулсан ололт амжилтаас хойч үедээ уламжлуулж, дэлхий даяар амьдарч буй эх орон нэгт иргэдтэйгээ хамт байж, хүн төрөлхтний их гэр бүлийн тусын тулд бүх улс оронтой хамтран ажиллах хэрэгцээ шаардлагыг мэдэрч, бидний эх оронд хүний үндсэн эрх чөлөө, эрх зөрчигдөж байсан гашуун үеийг санаж, иргэдээ ямагт эрх чөлөөтэй байлгаж, нийтийн байгууллагуудад шударга, ил тод үйл ажиллагаа явуулах боломж олгож, Бурханы өмнө болон өөрийнхөө өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлаж, эрх чөлөө, шударга ёсыг хүндэтгэн засаглалын хамтын ажиллагаа, олон нийтийн яриа хэлцэл болон иргэд, тэдний эрх мэдлийг бататгах тусламтгай чанарт тулгуурлан улсын тулгуур хууль болох Бүгд Найрамдах Польш Улсын Үндсэн Хуулийг тунхаглаж байна.

Энэхүү Үндсэн Хуулийг Гурав дахь Бүгд Найрамдах Улсын тусын тулд хэрэгжүүлж буй бүх хүмүүсээс хүний төрөлхийн эрхэм чанар, түүний эрх чөлөөтэй байх эрх, бусадтай эв санаагаараа нэгдэх үүргийг нь алдагдуулахгүй байхыг уриалахын хамт эдгээр зарчмыг хүндэтгэх нь Бүгд Найрамдах Польш Улсын хөдөлшгүй үндэс байх болно” гэсэн зөвхөн оршил хэсгээс л энэ үндэстний түүх нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөх шиг мөр бүхэнд нь алдаа оноо, сургамж, үнэт зүйл, зорилго шингээстэй. Тэд хэн бэ гэдгийг энэ хэсгээс л баримжаалж болмоор.
Мөхөх үү, сэхэх үү ?!
Харин монголчууд бид ХЭН БЭ ? Бидний туулсан түүх, авсан сургамж, бидний үнэт зүйл, зорих ирээдүй юу вэ ? Гол нь бидний үхчихгүйн тулд зууралдах тэр үндэс – мөн чанар юу вэ? Зузаан зузаан ном судар, баринтгийг хураангуйлан товчилсон “МОНГОЛ”-ыг манай Үндсэн хууль тодорхойлж чадаж байна уу ? Үндсэн хуулиас маань биднийг багцаалдан таньж болох уу ? Ингэхэд Бид тэндээс өөрсдийгөө олж харж, таньж байна уу? Тэндээс Монголын амбиц тодрон гарч чадах уу?
Үндсэн хуулийн чухам шийдвэрлэх ёстой суурь үндсэн асуудал энэ юм. Үндсэн хуулиасаа ч өмнө тавигдах ёстой үндсэн асуудлаа л шийдэж чадвал засаглалын хэлбэр нь Ерөнхийлөгчийнх байна уу Парламентынх байна уу, парламентын гишүүн 45 байх уу, 450 байх уу гэдэг нь огтоос чухал биш. Үндсэн хууль үндсэн асуудлаас л эхлэх ёстой. Үндэс суурийг сайн тавихгүй бол ямар ч байшин босгоод нэмэргүй, нурах л болно!
Байгалийн хууль бол хүчтэй нь хүчгүйгээ идэж амьдардаг. Хэдий хүний нийгэм боловчиг, сайн сайхныг тунхагладаг хэдий ч байгалийн энэ хууль, хатуу зүй тогтол хүний нийгэмд ч зөнгөөрөө үйлчилсээр л байдаг. Хүний нийгэмд бол тухайн үндэстний суурь руу нь дайрч, түүнийг нь үгүй болгож байж л том нь жижгээ иднэ. Түүхээ мэддэг, үндсээ мэддэг, түүнээсээ зуурч амьд үлдэнэ гэдгээ мэддэг хүн бүр үндэстнийхээ дархлаа. Харин үүнийгээ үл мэдэгчид бол улсыг устгагч бичил биетүүд бөгөөд мөхөөж сөнөөе гэвэл ийм л хувалз шавьжууд дээр тулгуурлах ёстой.
Түүхэндээ хэзээ ч дутагдаж байгаагүй өөр хоорондын дотоодын ужиг самуун тэмцэл, хямрал, 300 жилийн Манжийн талхидал, үндсээсээ хөндийрсөн 100 жилийн харийн ИЗМийн талхидал. Хэдий цөөн боловч аргагүй л гүн бат, бөх суурь үндэстэй үндэстэн учраас л хэдий цөөхөн авч энэ бүхнийг тэсч өдгөөг хүртэл үлдэж чаджээ.
Их хаанаасаа хойш хэдэн зуун жилийн турш хичнээн ч их тасран хуваагдаж, жижгэрэн салцгаав, гэвч их савны ёроол шавхагдах нь үгүй ажээ. “Могой гурав тасравч гүрвэлийн дайтай, Монгол гурав салавч гүрний дайтай” гэж зүгээр ч нэг хэлээгүй санж.
Салсаар, тасарсаар буурин дээрээ гуравхан саяулаа Их гүрний үндэс нь болж үлдэж. Салж унасан ч үндсээсээ холдохгүй юм шүү гэж зууралдсан мөчрүүд аргагүй татах хүчний нөлөөнд автан автан холдсоор. Гэвч үндэс нь амьд байгаасай, хөрснөөсөө хөндийрөн амин чанараа алдах вий гэж тэд маань залбирсаар биднээсээ, үндэснээсээ алсарч байна. Энэ үндсийг авч үлдэх үүрэг сая таван зуун мянган хавтгай дөрвөлжин нутгийг эзлэн суух гуравхан сая хүнд сонголтгүй оногдож үлджээ.
Алив угсаатан 400-500 жилийн мөчлөгтэй сэхэж буурч байдаг Вернадский-Гумилевийн түүхийн мөчлөг-пассионар онолыг тийм гэж үзвэл бидний сэхэж өөдлөх түүхийн цаг ирсэн байх учиртай. Өвөр зуураа хямралдан үймрэлдсэн түүхийн их мөчлөг дуусч байгаа бол нэг бол сэхэх, эс бол мөхөх тэр цаг нь ирж байх шиг. Хэрэв тийм бол “Орших уу, эс орших уу” гэдэг асуулт яг одоо чухам монгол үндэстэнд тулгарчээ.
Гэтэл чухам энэ үндсийг нь дайран давшлах, шоглох, үнэ цэнэгүй болгох, бүр хоцрогдлын туйл болсны стеоротип болгож хэвшүүлэх суртал нэвтрүүлэг тасралтгүй явсаар…Өнгөрсөн түүхээр амьдрахгүйгээс хойш бахархаж байна гэж цээжээ дэлдэхийг үзэн ядаж нүд нь хорсогчид олон. “Чингисийн удам” гэж цээжээ дэлдэх хэрэгцээ өнөөдөр хэзээ хэзээнээс илүү болж байж мэднэ.
Дархлаа
Ц.Цолмон МҮАН-ын дарга, намайг ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байх үед нэгэн зочид буудлын цахилгаан шатанд хоёр хятад иргэн хоорондоо хятадаар ярилаа гэж хамт лифтэнд суусан монгол залуус хэтэртэл зодсон нь Хятадын төрийн албаны том хүн байж таарчээ. Мэдээж хятадууд энэ асуудлыг маш хурцаар төрийн өндөр түвшинд хүртэл нухацтай тавьж томоохон улстөрийн асуудал болгосон. Түүний дараахан Монголд ирсэн ХКН-ын гадаад харилцааны сайд тэргүүтэй төлөөлөгчид манай намын удирдлагуудтай уулзахдаа мөн л энэ тухай маш ноцтойгоор ярьсан. Тэр үед МҮАН хэдийгээр эрх барьж байгаагүй, ер нь барих ч үгүй нам гэдгийг хамгийн сайн мэдэж байгаа хэдий ч ХКН-ын төлөөлөгчид бидэнтэй яг л эрх баригчидтай ярьж байгаа мэт өнгө аясаар Хятадыг үзэн ядах үзэл санаа, үзэгдэл хэтэрхий гаарч байгаад анхаарлаа хандуулахыг маш нухацтайгаар, ямар ч дипломат өнгөлөн далдлалтгүйгээр сануулж билээ. Мэдээж бид тэр нэгэн тохиолдолд харамсаж байгааг илэрхийлэхийн хамт “Та бүхэн монголчуудын хятад иргэдэд хандаж байгаа хандлагын тухайд онцгой анхаарлаа хандуулах шаардлагагүй. Бид урт удаан хугацаанд хөрш байсан, бие биенээ хамгийн сайн мэднэ. Том гүрнийг ойролцоох жижиг үндэстнүүд уусаж устчихгүй, гэхдээ иймэрхүү хандлага гаргаж л байдаг, гаргасаар ирсэн. Ганцхан монголчууд ч ийм биш, Хятадыг эргэн тойрны бүх л жижиг улсуудын хандлага ийм л байсан, ийм л байгаа” гэсэн агуулгатай үгийг тэр даргад хэлж билээ. Хятадыг “үзэн ядах” монголчуудын хандлага сэтгэлгээ нь хэдэн мянганы турш байсаар ирсэн нь үндэстний дархлааны өчүүхэн эд эс ажиллаж байгаа төдий л хэрэг. Үүнд өмнөд хөрш төдий л гомдоллох бас шаардлагагүй билээ.
Харин төрд нь харь үндэстний бодлого ил цагаан шургалж эхэлбэл, “ерөөс нэгэнт Хятадын эрлийзүүд манай хүн амын тодорхой хувийг эзэлж байгаа юм чинь казахуудтай адил тэдэнд ч бас квот өгье” гэж бичиж, ярьж эхэлбэл харин тэр дархлаа байхгүй болж байгаагийн илрэл юм.
Түүх ер нь бидэнд ямар хэрэгтэй вэ? Зөвхөн судлахад уу? Түүхийг ашиглах хэрэгтэй. Түүх эд бараа биш тул түүнийг хэрхэн ашиглаж хэрэглэх вэ? Төртэй хүмүүс түүхээ ашиглаж мөнгө олдог, түүх байхгүй нь түүх зохиогоод мөнгө олдог. Дурсгалт газрыг нь ухахын оронд хамгаалдаг, музей байгуулдаг, судалдаг, аялал жуулчлалын бүс болгодог. Түүхийг эд бараа мэт ийн ашиглаж мөнгө олохоос гадна хамгийн чухал нь түүхээр ард түмнээ нэгтгэдэг, нэгдсэн бахархал, нэгдмэл үзэл санааг бий болгож үнэт зүйлээ, үндсээ улам баталгаажуулдаг. Түүхийг “үзэл санаа-амьдрал тэмцлийн гүн ухаан” болгож болдог.
Нэгэн газар нутагт он удаан жил нэгэн үндэстнээрээ оршин суусан, аугаа их түүх соёлтой монгол үндэстний оюун санаа, итгэл үнэмшлийг өнөөдөр нэн эртний угсаа гарвал, барагдашгүй их түүх, эртнээс улбаатай өндөр соёл, энэ бүхнийг нэгтгэн томъёолж, хэлбэржүүлэн зангидах учиртай уламжлалт төр нь биш, харийнхан хийж байгаа. Христийн янз бүрийн урсгалын долоон мянга гаруй сүм хийд, улам бүр өсөн нэмэгдэж байгаа лалын шашны сүм хийд, элдэв гаж урсгалууд тэдгээрийн харь номлогчид, МАН АН намаас илүү хийж байгаа. Монгол орныг хэрчин хуваасан тойрог бүрт Христийн шашны дор хаяж нэг сүм байх агаад тэдгээрийн итгэгчид сонгуулийг шийдэх нэг чухал цөм хэдийн болсон.
Олон хүн О.Баасанхүү гишүүнийг Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаж орж ирсэн л гэж өнгөц дүгнэдгээс тэр загалмайтнуудын итгэл найдвар, өглөөний залбирлаа хамтдаа хийдэг үнэнч итгэгч, Христийн хүү Монгол төрийн өндөр сэнтийд тэднийхээ хүчээр, мэдээж аугаа Есүс Христийн хүчээр байгаа, түүндээ үнэнч байх ёстой хүү нь гэж хардаггүй.
“…76 дотор бас дэлхий даяар гэм хоргүй ариун үзлээрээ нэгдсэн Мүүнчид, тэр байтугай манай үндэстний дотор тодорхой хувийг эзлэн оршсоор ирсэн Хятадын эрлийзүүд ч квотоор орж ирэх ёстой гэж үзэгсэд алгуурхнаар өсөн үржсээр. Яагаад казахуудад бүр аймаг тасалж өгснөөр барахгүй их хурал, засгийн газарт байнга байдаг байхад хятад цустнуудыг ад үзэх нь ардчилал, хүний эрх, шударга ёс, эрх чөлөөг тунхагласан Үндсэн хуульд нийцэхгүй байна…” “…Ерөөс бэлгийн цөөнхийн эрх ашиг хангагдахгүй байна, бидэнд ч бас квот хэрэгтэй…” /Ил зарлаагүй л болохоос энэ бүхэн байсаар ирсэн юм билээ л/
Үндэстэн улсаа илдний ирээр нэгтгэн захирдаг үе мэдээж ард үлдсэн. Өдгөө үндэстний нэгдэл гэдэг бол ерөөсөө оюун санааны нэгдэл, үнэт зүйлийн л нэгдэл юм. Бүгдээрээ нэгдье гэж хэлээд үүнийг хийчихдэггүй. Үүнийгээ нэгтгэн томъёолох шаардлагатай. Түүнийгээ хуулиараа баталгаажуулж хэрэгжиж болох бодтой болгох ёстой. Нийгмийн ёс суртахуун, хэм хэмжээ болгон хэвшүүлж байж тэр нь бидний нэгдэл болно. Наад зах нь Ноён уулаа алт биш түүхээ гэж хардаг болох, хүний ертөнцөд анх үүсгэсэн төрт ёсны уламжлалыг хүндэтгэдэг, төрийг тохиолдлын 76 хүнээр төлөөлөн ойлгодоггүй болох, “Төр шиг хэрэггүй зүйл байхгүй” гэж төрийн хүн ярьдаггүй байх, их хаадын нэртэй архи, бөгс арчдаг цаас үйлдвэрлэдэггүй байх зэрэг наад захын хэм хэмжээ бидний дархлаа байх учиртай.
Суурь үнэт зүйл нь салбал нэгдэл байхгүй!
Тохиолдлын 76 хүний баталсан, хэзээд үл тасрах ахуйн маргааныг шийдэж чадсан чадаагүй хуулиа эрхэмлэн барих ёстой ХУУЛЬ гэж ойлгоод, “Хуулийн тухай хууль” батлан тэр хэм хэмжээгээ улам бүр доошлуулахаа ч мөн ХУУЛийн засаглал гэж ойлгох. Чи хоцрогдсон коммунист, би ардчилсан либерал. Чи гэж нэг МАНгайсан юм, би ч гэж нэг АНгайсан юм…Энэ бүхнээс өмнө бид чинь МОНГОЛ юм шүү дээ, уг нь. Энэ бүхнийг ухварлан ойлгох, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлээс гадна түүнтэй үл зөрчилдөх өөрийн хувь үнэт зүйлээ тодорхойлон томъёолно гэдэг нь бид өөрийгөө олохын чухал уг сурвалж. Хуулиас давсан ХУУЛЬ бол энэ. Үндсэн хуулийн суурь үндсэн асуудал нь чухам энэ.
“Хүмүүнлиг, иргэний, ардчилсан нийгэм байгуулах” хэрэгтэй. Гэхдээ энэ нь хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл, нийтээр баримтлах ерөнхий хандлага, зарчим мөн. Харин МОНГОЛ биш.
Төр биш бол ХЭН НЭГЭН хийх л болно!
Солонгосыг аравхан жилийн дотор нь хөл дээр нь босгосон Пак Жон Хы удирдагчид үйлдвэржүүлэх, хүмүүсийг ажилтай болгох нь хамгийн хүнд асуудал байгаагүй, харин “Солонгос хүн гэж хэн бэ?” гэдэг асуултын хариултыг олох л хамгийн хэцүү асуудал нь байсан тухай номдоо бичжээ. Энэ асуултын хариултыг олохгүйгээр энэ ард түмнийг удирдах боломжгүй, энэ үндэстнийг хөгжүүлэх түлхүүрийг олох аргагүйд тулж байлаа гэж бичжээ.
1990-ээд оны ардчиллын шуурганд БНХАУ өртөлгүй үлдэж чадсан нь хятад хүнээ таньж мэдсэн, түүний үндсэн дээр “Ардчилал бидэнд тохирохгүй, бид өөртөө юу тохирох, юу эс тохирохыг бусад хэнээс ч илүү мэднэ. Тэрбум хүнийг дур дураараа өөрсдийгөө мэд гэвэл юу болох вэ? Бид өөрсдийн онцлогт тохирсон тэр л аргаар төр улсаа авч явахаас өөр аргагүй. Харин чөлөөт зах зээлийн системийг бид эдийн засгийн хувьд нэвтрүүлэх боломжтой. Бидний зорилго бол өөрийн ард түмнийхээ, үндэстнийхээ онцлогт тохирсон Хятадын онцлогтой социализм байгуулах…” гэж хэлж чадсантай нь холбоотой. Гэхдээ Хятадын удирдагчид тариачны хаан Мао, түүний шадрууд басхүү коммунизмыг засварлагчид гэгдэн хоёр системд хоёуланд нь ад үзэгдэж байсан үе бий, тэр үеийг хохирлыг үр хайхрах араншин, хятад хүний тэвчээр хоёроор давж гарсан.
Хятадын бүх түвшинд суурь үнэт зүйлийн цогц болон шингэсэн Күнзийн сургааль, Америкийн эрх чөлөөний үзэл, Их Британийн их гүрний үзэл, Японы ёс зүйн цогц Бушидо ёс, БНАСАУ-ын жүчэ, сонгун… бүгд л үндэстнийхээ онцлог цогцыг томъёолон цэгцэлжээ. Хойд Солонгосыг элдвээр элэглэн шоолохын өмнө тэдний үнэт зүйл, мөн чанарыг нь эхлээд өнгийвөл удирдагчаа тахин шүтэж байгаа нь ердөө л хэлбэр төдий юм. Үнэт зүйл, мөн чанараа, суурь үндсээ хэрхэн хэлбэршүүлэх вэ гэдэг нь дараагийн асуудал.
Мэдээж бидэнд сонголт байгаа, ардчилсан нийгэмд амьдарч байгаа учраас. Тэр нь ямар ч үнээр хамаагүй Монгол үндэстэн-улсыг амьд авч үлдэх, эсвэл тэгж “попролгүй” эдийн засгаа хөгжүүлээд юугаар ч дуталгүй энэ насыг сайхан өнгөрөөвөл Монгол үлдэх эсэх хамаагүй. Хувь хүмүүс ийм сонголт хийж болно, тийм хүмүүсээс бүхэл бүтэн улс хүртэл үүсч болдгийг бид харсан. Харин төр, улс үндэстний төлөө өөрийгөө золих хүмүүс хэзээ ч олонх, бүр олон байгаагүй боловч бас хэзээ ч дутагдаж байгаагүй.
Хувь хүний хувьд ч, улс үндэстний хувьд ч өөрийнхөө мөн чанарыг олж таньж мэдэх, түүнийхээ үндсэн дээр хэрхэн амьдрах, хаачихаа шийдэх нь амьдрахуйн мөн чанар нь байдаг бололтой. Олон мянганы тоосонд дарагдаж хээр хөдөө хэвтэх түүхийн дурсгалууд, номын тавиурт, агуулахт хэвтээ түүх, үнэт зүйл, эрхэм чанар… ер ашиглах ёстой юу л байна түүнийгээ бүгдийг дайчлан ашиглаж, хэрэглэж үндэстэн улсаа үзэл санаа, үнэт зүйлээр нь нэгэн бат үндэс сууринд нь нэгтгэн зангидах үндсэн үүргээ төр нь эс гүйцэтгэвээс ХЭН НЭГЭН энэ ажлыг хийх л болдог, хийж ч байна!
Нийгмийн амьдрал бол зөвхөн эдийн засаг биш! Амьдралыг “Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг!” гэж ойлгоод, зөвхөн түүгээрээ төр улсыг авч явна гэж боддог дэндүү хавчиг санаатнууд энэ үндэстнийг өөдлүүлэн сэхээх боломжгүй.
Харин бид унасан мөчрөө, модоо, үндсээ, хөрсөө танихгүй төөрөлдсөөр… Аав аа, намайг ашиглаач, түрийвчээ гаргаад мөнгөө даллаарай, хум пад суухаа… Сайхан хоол өгсөн Есүс Тандаа баярлалаа, Амин… МАНгарууд засаг барихаар идэж уугаад, АНгарууд гарахаар өрөнд баригдаад…, МАН АН – ын хэн нь их бүтээн байгуулж, хэн нь илүү худлаа амласан бэ, 1 лайк, 2 шэйр… Эхнэрээ солихгүй, намаа солихгүй байсаар насыг элээх минь… 76 гишүүн бага байна, 99 болгоё, бишээ 108 гоё тоо…
Монголчууд өөр дотроо өөрийгөө хайн төөрөлдсөөр…
2019 оны 12 дугаар сарын 1.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to Г.УЯНГА: МОНГОЛ ХЭН БЭ?! /Үндсэн хуулийн үндсэн асуудлууд-2/

  1. Nyamaa says:

    Үүх түүхээ мэдэхгүй залуу үе, эцэг өвөгдийн үлдээсэн үндэстний соёл, өнгөрснөөсөө сургамж авахгүйгээр урагшлах Монгол улс, өөрсдийгээ буурай дорой болсныгоо мэдэхгүй өнгөрснөөрөө өнөөдрөө болгох Монгол нийгэм, шинэчлэн өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засаг, улс төр, технологийн эрин үеийг анзаарахгүй урагшлах бид, нэн чухал нь бид хэн бэ? юугаараа бахархаж цаашид яаж хөгжих вэ гэдэг асуултыг цэгцэлж тавих цаг нь болсоон. Гагцхүү хэт барууныг дуурайж өөрсдөө үүх түүхгүй ард түмэн шиг байх нь ирээдүйд аюултай үр дагавар гаргах магадлалтай, их зөв өнцгөөс харан бичсэн нийтлэл байна баярлалаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: