МИЛЛЕНИУМЫН ҮЕИЙН ТҮРЭЛТ

Өнөөгийн нийгэмд маш олон шинэ үзэгдэл бий болсоор. Зүй нь үүнийг манай нөхцөлтэй холбон судлах ёстой л доо. Энэ талаар ОХУ-ын Пензийн Улсын ИС-ийн Харилцааны менежментийн Танхмийн доцент, түүхийн шинжлэх ухааны доктор,зохиолч Вячеслав Шпаковскийн нэгэн сонирхолтой бичвэрийг орчуулан хүргэж байна…

Үеийн асуудал. “Y үе”-ийн хүмүүс нь дээд боловсролтой (бүгдээрээ биш нь мэдээж, гэхдээ дийлэнхи нь), мөн “цагаан захтан” болохыг тийм ч их хүсдэггүй хүмүүс юм. Тэдэнтэй үйлдвэрлэл, уурхай, төрийн алба зэрэгт тааралдаж болно. Тэд “Х үеийнхнээс” ялгаатай нь харилцааны салбарын мэргэжлүүдийг эзэмшсэн, зарим нь одоохондоо өрсөлдөөн байхгүй нэн шинэ салбар руу тэмүүлдэг.
Шинэ хүмүүс, шинэ хандлага, өмчийг үзэх шинэ үзэл
Боловсролын хийгээд Элсэлтийн Ерөнхий Шалгалтын стандартууд нь өнөөгийн залуусыг хөдөөнөөс дээд сургууль руу урам зоригтой элсэхэд хүргэж байна. Ийм залуусын урсгал оюутнуудын ухамсарт ээлжит “жижиг хөрөнгөтний давалгааг” өдөөж, орчин үеийн хотынхны соёлын нийт түвшинг хэд хэдэн удаа доошлуулж байсан юм. Өнөөгийн залуус хотод ирээд маш хурдан суралцах болсон ба өмнөх үеийнхээсээ ялгаатай нь хөдөө тосгон, мал ахуйгаа санагалзан гансрахаа больжээ.
Эдүгээ “миллениумын үеийнхэн” бидний үеийг халан гарч ирж байна. Энэ ямар үе юм, яаж амьдардаг, зан үйлийн ямар онцлогтой вэ ? Одоо энэ тухай маш их бичих болсон ба энэ талаар мэргэжилтнүүд юу гэж үздэг вэ ?
Жишээ нь, хүмүүсийн амжилтын хэмжигдэхүүнийг удаан хугацааны турш өмч гэж үзсээр ирсэн. Хэрэв өмчтэй бол чи мундаг хүн. “Цэвэр англи аллага” хэмээх британийн олон ангит киног ахин үзэхийг хүсч байна, энд өмч эзэмших эрмэлзэл хүмүүсийг аллага руу түлхэх асар их хүчтэйг харуулдаг. Гэхдээ энэ бол өөрчлөгдөшгүй зүйл биш аж. Эдүгээ энэ эрмэлзэл өөрчлөгдөх цаг ирж байна ! Хувийн өмчийг үнэлдэггүй шинэ үе бий болов.
Түрээслэгчдийн үе
Америкийн Нэгдсэн Улсад 35 хүртэл насны залуучууд “түрээслэгчдийн үе” болж хувирсныг статистик харуулж байна. Энэ насны хүмүүс үнэтэй гажетаас өөр үл хөдлөх хөрөнгө, машин авахыг огт сонирхдоггүй. Түрээслэж болж байхад баахан өмч худалдаж авах ямар хэрэгтэй юм ?! Ийм харилцааг эдийн засгийн тогтворгүй байдал руу тохож мэдээж болох л доо. Гэхдээ XXI зууны залуус зүгээр л амьдралын өөр үнэт зүйлтэй болсон гэдгийг судалгаа харуулж байна.
Одоо бол амьдралын амжилтыг орон байр, автомашины тоогоор хэмжихээ больж, харин жишээ нь, аялан жуулчилж олж авсан өөрийн сэтгэгдэл, өөрийн туршлагаараа үнэлэх болжээ. Ийм учраас шинэ үеийнхэн ажлын уян хатан хуваарь, хөдөлгөөнт байдал, мэдээллийн болон санхүүгийн бие даасан байдал гэх мэт эрх чөлөөг шаардах болов. Хувийн үлгэр жишээ үргэлж үйлчлэхээ больсон ба учир нь үүний эсрэг “их тооны хууль” үйлчлэх болжээ.
Реклам хийдэг ажилтай хэд хэдэн бүсгүй Москвад байгаа нэр хүндтэй компаниа орхиж, Пенз хотод буй гэртээ эргэн ирснийг би мэдэх юм. Үүний сэдэл нь юу вэ ? Энд илүү эрх чөлөөтэй. “Их мөнгө олоод би нөхөртэйгээ хамт Европоор хагас жил явж болж байна.” Ийм байхад бид Москвагаар яах юм ?! Тэнд бөөн шуугиан. Энд нам гүм. Дараа нь бид ахиад л төсөл хийж, их мөнгө олоод ахиад л Европоор хагас жил аялана. Ийм байхад өмчөөр юугаа хийх юм ?!
Өмчөөс татгалзах явдал манай Орост ч гэсэн моодонд орж ирсэн нь сонирхолтой. ”2019-2022 оны санхүүгийн зах зээлийн үндсэн чиглэл” илтгэлдээ Төв банкны мэргэжилтнүүд: “Y үеийг” төлөөлсөн оросууд мөнгийг “чанарын сэтгэгдэл олж авахад биш, харин хэтийн төлөв рүү тэр бүр чиглэгдээгүй өөрийн сэдлээр ашиглах болно” гэж тэмдэглэжээ.
Орь ганцчуудын үе
“Түрээслэгчдийн үеийн” бас нэг онцлог нь “синглизм” буюу орь ганцаараа байх явдал юм. Зүгээр ч нэг орь ганц биш, мөн чанартаа хязгаарлагдмал шинж чанартай үед нь удирдаж болох орь ганц байдал юм. Үнэн хэрэг дээрээ Твиттер, Ютуб дээр байнга “зүүлттэй”, жиргээ болон зургандаа лайк цуглуулж буй хүнийг орь ганцаараа гэж үзэж болох уу ?! Гэхдээ энэ хүн чинь голдуу гэрээсээ ч гардаггүй шүү дээ.
Гэрийн эзэгтэй гэсэн эмэгтэй хүний үүргийг эдүгээ богино долгионы зуух, угаалгын машин, гал зуухны комбайн зэрэг амжилттай гүйцэтгэх болж, гэр бүлийн үүргийг Интернетээр дамжсан болон тохиолдлын холбоо харилцаа сексийг орлох болж, эр хүнд эхнэр хэрэггүй болов.
Орь ганц эмэгтэй одоохондоо ховор боловч бие даасан, хэнээс ч үл хамаарах эмэгтэй Европт ч, манайд ч ховор зүйл биш, харин хэм хэмжээ болж байна. Ийм үзэгдэл мусульманы орнуудад ч бий болов.
Анхаарал халамж, энхрийлэл хүсэх аваас чиний мэдэлд эскорт үйлчилгээний агентлагууд байх болов. “Мэдлэгтэй…чаддаг…үйлчилгээнд бэлэн, өндөр, жин, зуршил…цалинтай залуу хүн хэрэгтэй байна” гээд л болоо. Ийм зарчмаар өөртөө найз бүсгүй ч олж авч болох ба түүнтэйгээ хамт Египет, эсвэл Пхукет аралд амрахаар явж болно. Швецэд 2020 он гэхэд өрхийн аж ахуйн тэн хагас нь ердөө л орь ганц хүнээс бүрдэх болно гэж тооцож байгаа.
Целибат буюу сахил хүртэхүй
“Целибат” гэсэн энэ үгийг монголоор эхнэр үл авах ёс буюу “сахил хүртэхүй” гэж орчуулж болно гэж бодож байна – Х.Д.Г.
“Миллениумын үеийнхэн” зөвхөн өмчийг үл тоодог төдийгүй, гэр бүлийг ч үл ойшоодог. Зөвхөн гэр бүлийг ч биш, эр эмийн хоорондын физиологийн харилцааг ч гэсэн ерөөсөө үгүйсгэдэг. Өнөөдөр Японы залуусын 25-27% нь бэлгийн харилцаанд орж чадах хэдий ч түүнийг огт хүсдэггүй.
АНУ-ын хэд хэдэн их сургуульд “Y үеийн” 27 мянган залуусаас судалгаа авсан байна. Уг судалгаанд хамрагдсан 20-24 настай залуусын 15% насанд хүрсэн хэрнээ бэлгийн амьдралд орж үзээгүй байжээ. 1960-аад онд төрсөн мөн ийм насны залуусын 6% нь бэлгийн харьцаанд орж үзээгүй байна. Өөрөөр хэлбэл тэд 14-17 насандаа бэлгийн харьцааг туршиж үзсэн ба гэхдээ сексээс илүү сонирхолтой зүйл байдаг гэж үзэх болсон байна.
Залуу хүмүүс бөөнөөрөө “сахил хүртэхэд” болсон нь судлаачдын бодлоор орчин үеийн нийгмийн олон хүчин зүйлийн үр дагавар аж. Юуны өмнө секс нэн их хүрэлцээтэй болсноос энэхүү хориотой зүйл амт шимтээ алджээ. Дараа нь шинэ үеийнхэн секс амьдралд ямар их аюул дагуулж байдгийг мэдэх болжээ. Үл эмчлэгдэх өвчнөөр өвчлөх аюул ач холбогдлоороо гуравдугаар байранд орж байгааг судалгаа харуулж байна. ДОХ-ын аюул хажууханд байгаа.
Гуравдахь шалтгаан нь бүх нийтээрээ өөртөө итгэлгүй болсон явдал болж байна.
Гялгар хавтсан дээр зураг нэг хэрэг, харин толинд бол өөр хэрэг. Үүний дээрээс сулбагар эрүүл мэнд, залхуурлыг нэмэх хэрэгтэй. Учир нь зайны секс хүрэлцээтэй бөгөөд аюулгүй, гэрээсээ ч гарах хэрэг байхгүй. Японы эрчүүд байнгын халамж шаарддаг амьд хүүхнийг компьютер дотроо байгаа программ-хүүхэн, эсвэл хажуугийн буйдан дээр хэвтэж байгаа хүүхэлдэй-хүүхнээр орлуулах болсон байна. Одоохондоо сексийн зугаа гаргадаг хүүхэлдэй-робот нэлээд үнэтэй байна. Гэхдээ италийн зөгнөлт зохиолч Лино Альданийн “Онирофильм” зөгнөлт кинонд өгүүлсэн зүйлс бидний нүдэн дээр 100%-ийн бодит байдал болох цаг ирж байна.
Хуурай хууль
Архи дарс хэрэглэж ухамсраа өөрчлөх хэрэгцээ бага байдгаараа миллениумынхан “жирийн хүмүүс”-ээс ялгаатай. 2017 онд Англид хийсэн судалгаагаар өнөөдөр 10 залуу хүний 4 нь гурван жилийн өмнөхөөс хамаагүй бага уудаг, тэдний 7 нь хольсон жимсний шүүсийг илүүд үздэг, 10 хүний зөвхөн 1 нь архи дарсыг илүүд үздэг дүн гарсан байна. Ийм хандлага зөвхөн Англид байгаа юм биш. Өмнө нь спиртийн зүйлийн их хэрэглэдгээрээ алдартай швед, фин, америк, австралийн залуусын дунд ч энэ үзэгдэл бий болжээ.
Мэдээж хэрэг “архи дарс уухгүй байх” дэлхийн тренд Орост ч гэсэн орж ирэв. Бидний явуулсан социологийн судалгаагаар эдүгээ манай орон 5 жилийн өмнөхөөс хамаагүй бага архи дарс ууж байна. Гэхдээ “сайхан залдаг” манай ахмад үеийнхэн урьдын адил “архийг хуссаар” л байна.
1980-2000 онуудад төрсөн хүмүүсийн хувьд архины хэрэглээ багасч байна. Энэ орчинд дэвшил гарсан нь тодорхой: өнөө үеийнхий архины хэрэглээ өмнөх үеийнхнээс шууд 25%-иар багассан. Өнөөдөр залуус, хүүхнүүд дураараа ууж болдог “хаа нэгэн далд газар” биш”, харин янз бүрийн арга хэмжээ зохиодог спорт заал, бассейнд уудаг болсон.
Дөрвөн “үгүй”, хоёр “тийм”-ийн овог
Милленариумууд ихэнхдээ өмч, гэр бүл, секс болон архи дарс гэсэн суурь “юмсаас” татгалзсан (эсвэл татгалзаж байгаа) болж таарч байна. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний түүх мянга мянган жил тогтож ирсэн тэр зүйл бүх зүйлээс ердөө л ганцхан үеийн дотор бидний нүдний өмнө татгалзах болж байна. Дауншифтинг (“өөрийнхөө тулд амьдрах” гүн ухааныг илэрхийлсэн нэр томъёо), чайлдфри хөдөлгөөн (“хүүхдээс ангид байх”) зэрэг ойлголтууд тийм ч шинэ зүйл биш юм.
Хиппи нар ч гэсэн адилхан “амьдралд яаран амжихыг” хүсдэггүй байсан. Чайлдфри-гийн талаар ердөө л 50 жилийн өмнөөс ярьж эхэлсэн.
Гэхдээ үзэгдэл эхэлсэн тухай ярих нэг хэрэг, энэ үзэгдэл болж буй баримт гэдгийг ярих өөр хэрэг. Чингэхдээ хүүхэдгүй хосын тоо чухамхүү миллениумуудын улмаас өссөн, түүнчлэн тэдний дунд дауншифтерүүд хамгийн их байгаа юм.
Ингэхэд ер нь юу болоод байна аа ? Бидний өнгөрсөн үе бидэнд дэндүү хангалттай өгсөн урьдач бодол, хэвшсэн төсөөллөөс ангид чөлөөтэй, жинхнээсээ эрх чөлөөтэй хүмүүс бий болж таарч байна.
Тэд биднээс хамаагүй бага зовж байна. Учир нь Будда: “Зовлонгоос ангижрахыг хүсвэл жаргалаас татгалз” гэж хэлсэн бөлгөө. Бидний үеийнхэн бүгдээрээ Дэлхийгээс явсны дараа тэд шинэ ертөнцөд үзэл суртлын ямар үндэс гаргах бол ? гэсэн асуулт гарна. Тэд бүх юмыг дуусгаж байна гэж хэлж болно. Тэд өөр ном уншиж, өөр кино үзэж, өөр зүйлс сонирхох нь лавтай. Тэд биднийхээс эрс тэс ялгаатай ертөнцийг бүтээж байна. Чухам ийм сүйрүүлэгч хандлага гаргалаа гэж ахмад үеийнхэн бид залуучууддаа дургүй байгаа юм. Гэхдээ энэ бол ердөө л соёолж юм. Үр жимс нь хараахан гарч ирээгүй байна !
Үр жимс нь “Z үеийнхэн”
Төрсөн хугацаа 2000-2016 онууд. Нөлөөллийн зүйл нь: Интернетийн аварга их өсөлт, шинэ шинэ смартфонууд, өргөн хэрэглээний хоол хүнсний түгээмэл тархалт зэрэг болно. Энэ үед хамаарах хүүхдүүд “У” (игрек) үеийн эцэг эхээсээ ч маш их ялгаатай. Тэд хурдан өсч, (ердөө 15 жилийн өмнө хүүхдүүд хүүхэлдэй, машинаар 10 нас хүртлээ тоглодог байсан бол одоо 3 нас хүртлээ л тоглодог болсон) 5 настайгаасаа эхлэн Интернетийн сүлжээнд баримжаагаа хялбархан олж авдаг болсон. Тэд туршлагатай худалдан авагчид бөгөөд юу хүсч байгаа, энэ бүхнийг яаж олж авахыг 7 настайгаасаа эхлэн мэддэг болсон. Тэд цаг хугацааг үнэлж, түүнийг дээд зэргийн үр ашигтай зарцуулахыг хичээдэг. Тэдний дундаас IT технологи, компьютер графикийн салбарын мэргэшсэн мэргэжилтнүүд төрөн гарч байна. Хэрэв өмнөх үеийнхэн нь номоор хүмүүжиж байсан бол “зет” үеийнхэн цаад зах нь энэ тухай богино өгүүлэл уншиж, наад зах нь блогуудад буй товч-мэдээ үздэг. Тэд богино жиргээний форматад дуртай, нийгмийн сүлжээн дэх өөрийн статусыг үнэлдэг. Энэ бүхэн нь тэднийг саланги тасархай, өнгөц сэтгэхэд хүргэж байна. “Z үеийн”-хнийг “гэртээ суугчид” гэж нэрлэсэн нь талаар хэрэг бус, тэд илүү түгжигдмэл болсон бөгөөд тэдний дунд интроверт буюу “битүү” хүмүүс маш олон.
Гэр бүлийн үнэт зүйлс сүйрч, маш олон хүүхэд бүрэн бус гэр бүлд өсөх болов. Түүнээс гадна тэд боловсрол олж авах уламжлалаас татгалзаж байна. Тэд боловсролын утга учрыг олж харахгүй болсон бөгөөд сургалтын байгууллагуудад олж авсан мэдлэг практик үнэ цэнэ байхгүй гэж үзэх болов. Ингэлээ гээд тэднийг “тэнэг” гэж нэрлэж болохгүй юм. Тэдний олонхи нь гэрээс гаралгүйгээр өөрөө боловсорч, өөрийн сонирхож буй сэдвээрээр Интернет дэх мэдээлэл ашиглан бүрэн ачаалал авч чаддаг. Олон хүүхэд сургуульд сурахын зэрэгцээ алсаас мөнгө олох аргаар эцэг эхээсээ ч илүү их мөнгө олж байгааг тэмдэглэсэн байдаг. Дашрамд дурдахад чөлөөт график, нэг ажилд уягдаагүй зэрэг нь “Z үеийн” хүүхдүүдийн бараг хамгийн гол хүсэл болоод байгаа. Тэдэнд хувийн эрх чөлөө, өөрийн гэсэн чөлөөт цаг нэн чухал болсон.
P.S. Чухам энэ үед хамаардаг ач охиныхоо талаар байгаа чигээр нь ярья. Ач охин маань япон хэлийг бие даан судална гэж өөрөө бодож олсон ба энэ талаар маш их мэдээлэл Интернетээс шавхан авдаг. 9 дүгээр ангид ороод сургуулиасаа залхаж эхэлсэн, одоо тэр коллежэд суралцаж байгаа ба үүнийг бид маш удаан ярилцаж байж хамтдаа шийдсэн юм. Түүний гол лоозон нь эрх чөлөө, харилцаа ба түүний найзууд бүгдээрээ ийм.
Тэр сургуулийнхаа 9 дүгээр анги руу “Уренгойгоос ирсэн Коля”, Грет гэх охин хоёртой “зет” үеийнхэн учраа ололцоход оролцохоор очсон юм. (“учраа ололцох” утгыг хэрэлдэх маргах гэсэн утгаар ойлгож болно- Х.Д.Г.) Тэдний олонхи нь дээд боловсролтой тайлбарлагчдын үгийг давтаж байв. Гэхдээ олонхи нь: “тэд юу ярьсан нь чухал биш. Энэ бол ямар ч ач холбогдолгүй ! Тэд өөрийн үзэл бодлыг илэрхийлж, үүнийгээ хийж чадсан, мөн үүнийгээ сонсгосон нь чухал” гэж байлаа. Гайхмаар биш гэж үү ?
Бидний хувьд үр дүн буюу үр дүн гаргасан үзэгдэх байдал чухал билээ. Гэтэл тэдний хувьд хүн мэдээллийн үйл явцад оролцож буй процесс чухал бөгөөд яагаад гэвэл зөвхөн тэр хүн л эцсийн эцэст тодорхой үр дүн гаргана. Өөрөөр хэлбэл бид “шулуун зам”-аар явж байхад тэд тухайн хүн бүх талаар бодож, өөрийн шийдвэрээ гаргахад чиглэсэн уян хатан, хүнд замыг сонгож байна. Бодож эрэгцүүлэхэд мэдээлэл бага байгаа юм биш үү ? “Сүлжээ ухаад үз”. Өнөөдөр тэд ингэж хариулж байна.
Одоохондоо сүлжээнд өнгөрсөн эрин үеийн “хашир хандгай” Та бид зонхилж байна. Гэхдээ удахгүй Интернет миллениумынханд хамаарах болно. Тэдний араас “зетүүд” ирж яваа…
Орос хэлнээс орчуулсан: Судлаач Х.Д.Ганхуяг.
2019 оны 12 дугаар сарын 27.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to МИЛЛЕНИУМЫН ҮЕИЙН ТҮРЭЛТ

  1. есөн says:

    Үлдэх хүмүүс ч яахав. Бид харин дэлхийгээс яваад хаана очицгоох бол? Эсвэл хүн ганц л удаа амьдардаг юм болов уу.

    • Herlen says:

      Z-ийн хүүхэд болж дахин төрнө. Тэр үед бүүр сонирхолтой нийгмийн орчин бий болох байх даа..

  2. есөн says:

    Хүн болж төрөх магадлал(хувь заяа) бидэнд бий юу? Хүн болж төрсний гол зорилго юу юм бол? “Варна Санкара” гэж нэг ойлголт байх юм.

  3. Болдоо says:

    Ямар ч Z Y үе залуус хүүхэд байсан ч тэдэнд “шинэ сэрэхүй, ухамсар”-аас илүүтэй оршин тогтнох нарийвчлуул хайрлах хайрлагдах л дутна шаардагдана! Тэхээр өнөө “ухамсар, ахуй” анхдагчийн асуудал хөвөрч *хязгаарлагдмал оршихуйг хязгааргүй сэтгэхүй* балбасаар шинэ буюу мартаж гээсэн хуучнууд санаа сэхээ ОД СОД болж АМЬДРАЛ хуучнаараа (зөв буруугын дэнс дээр) цэцэглэнэ доо кк.
    Тэгэвч улирсан баларснаа мэдээд эртхэн холдох нь динзо бидэнд чухаалдоо хэхэ :-p

Leave a Reply to есөн Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: