Г.УЯНГА: СИСТЕМ БА СЭДЭВ

Би заримдаа боддог юм. Хэрвээ би Ерөнхий сайд байсан бол гэж…
Хамгийн эрч хүчтэй, хийж бүтээх асар их амбицтай, хувийн ямар ч бизнесгүй залуусыг шилж авчирч яамдаа удирдуулаад, зөвлөхөөр нь Монголын хамгийн сайн мэргэжилтнүүдийг шилж авчирч ажиллуулаад ганцхан арван жил тасралтгүй бодлого явуулахсан гэж… Гэвч ялсан намын үй олон гишүүд намын дарга-ерөнхий сайдаасаа ажил нэхэж зовоодог тул, “Бидний хүчээр Ерөнхий сайд болчихоод хаа хамаагүй хүнд албан тушаал өгч бидний доромжиллоо” гээд гомдогсод бүгд нийлж түүнийг унагах төлөвлөгөөндөө орох тул боломжгүй. Систем дэмжихгүй гэсэн үг.

Бас Монголын гадаад өрийн бүтцийг гаргаж, Засгийн газрын өрөөс гадна хувийн компаниудын тавьсан өр хичнээн байгаа, түүний барьцаанд Монголын ямар орд байгааг нэгбүрчлэн гаргаад өрийн менежментийн бодлогыг тууштай, тогтвортой хэдхэн жилд явуулахсан гэж тэчъяаддаг юм. Гэвч өртэй том компаниуд нэгдсэн ийм бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд, тэд өөрсдийнхөө асуудлыг тус тусдаа шийдэхдээ тус тусдаа нэг том ордыг ашиглахыг, тус тусдаа нэг Ерөнхий сайдтай, нэг Сангийн сайдтай болох гэж л хоорондоо алалцана. Хэрэв дийлэхгүй бол хууль зүйн сайдтай болох гэж улайрна, одоохондоо БХЯ-нд хүрээгүй байна. Систем бас л дэмжихгүй гэсэн үг.

Бас Монголын нийтийн өмчид байх ёстой салбарууд болон төрийн оролцоогүй салбаруудыг шууд зарлаж, нийтийн баялгийн менежментийг төр үүргийнхээ дагуу нэгэн бодлогоор тууштай дагнан гүйцэтгэхэд Монголын нийгмийн бүхий л асуудлыг шийдэх боломжтой болно. Цахилгаан, дулаан, ус зэрэг дэд бүтэц болон суурь үнэд нөлөөлдөг нефтийн бүтээгдэхүүн, уул уурхай болон архи спиртийн бараанд төр менежмент хийж, хамгийн их орлого олдог энэ салбаруудыг төрийн мэдэлд авч хамгийн сайн менежерүүдийг хамгийн өндөр цалинтай, насан туршийн нь амьдралын баталгаатайгаар удирдуулахсан гэж мөрөөддөг. Нэгэнт уул уурхайн салбар төрийн тогтвортой менежментээр явах тул төр мөнгөний гачигдал хямралаас гарна. Ингээд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг татвараас чөлөөлж, хөнгөлж өөрийгөө болоод хэдэн хүнийг тэжээгээд явж байгаад нь талархахсан. Зөвхөн татвараар уул уурхайн салбарын ашгийг харж суух биш орлого, ашиг тэр чигээрээ нэг хүний халаасанд биш төрд ирнэ гэсэн үг шүү дээ.
Аливаа шударга бус үйлдэл, түмний хөрөнгөөс хувьдаа завшсан үйлдэл нь нотлогдвол хуулийн хатуу хариуцлага тооцож, бүхий л хангамж үгүй болохоос гадна төрийн албанд орох эрхгүй байхаар, харин шударга зарчимчаар олны төлөө ажиллавал насан туршийн нь хангалуун амьдралын баталгааг хангахаар хангамж эдлүүлэн хамгийн сайн менежерүүдийг эдгээр салбаруудад ажиллуулах болно. Гэвч уул уурхай, нефть шатахуун, архи спирт … хамгийн ашигтай бүх салбарыг хувьдаа авснаар Монголыг бүхэлд нь атгасан хувь хүмүүс, гэр бүл бүгд намайг газартай нь тэгшлэн авслах болно. Систем дэмжихгүй гэсэн үг!

Гаднын өрийн дөнгөнөөс зөвхөн том салбаруудаа түшиглэсэн, тогтвортой, зөв менежментээр л гарна. Хоолой боомилсон гадаад асуудлаа шийдэхийн хамт юуны өмнө хүн амаа нэгбүрчлэн яс тоолж, өрхийн тоог яг таг гаргаж байж, өрхөд байгаа ажил эрхлэх боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай хүн бүрт тусламж дэмжлэг үзүүлэх боломжтой болно. Эмх замбараагүй дураар нүүдлийг хязгаарлаж цэгцэнд оруулна гэсэн үг. Даан ч үхсэн хүнийг цаасан дээр босгоод тэтгэмжийг нь авдаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамжийн мөнгийг зувчуулдаг хурган дарга нар, бүртгэлийн эмх замбараагүй байдлыг ашиглаж сонгуулийн луйвар хийдэг намууд үүнийг зөвшөөрөхгүй. Систем дэмжихгүй гэсэн үг!

Манай аж үйлдвэрийн сайд юу хийх вэ? Юуны өмнө хүн амынхаа өмсөх хувцас, идэх хоол гэсэн зайлшгүй энгийн хэрэгцээг зөвхөн дотоодоосоо хангах хамгийн энгийн зорилтыг таван жилийн дотор биелүүлэх ёстой. Мах, гурил, талх, хүнсний ногоо, нарийн ногооны хэрэгцээг зөвхөн дотоодоосоо хангах зорилт тавьж, зохион байгуулалт, хүн хүчээ тийш төвлөрүүлнэ. Энэ салбарт зөвхөн дотоодын өрсөлдөөнийг дэмжинэ. Хүн амыг аюулгүй хүнсээр хангах нь манай үндсэн суурь зорилт. Дотоодынхоо ажлын байрыг хадгалах үүднээс гадаадын хөрөнгө оруулалтыг энэ салбарт хориглоно. Үнэндээ өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэх биш дотоодын хөрөнгө оруулалтыг ижил тэгш, илүү дэмжих цаг ирсэн байна. Ерөөс хүнсний үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэрийн салбар овойж оцойсон том ашиг олох биш, хүн амыг ажилтай, орлоготой байлгах буюу амьжиргааны тогтвортой байдлыг, улмаар нийгмийн тогтвортой байдлыг хангах нэг чухал үүрэгтэй салбар юм. Энэ салбарт зөвхөн чанарын стандарт шаардлагыг удирдлага болгон хувийн өрсөлдөөнийг тууштай дэмжинэ.
Манай импортын гол хувийг эзэлдэг шатахуун нэгэнт төрийн монопольд ирэх тул түүнийг арваас илүү жил гадаадад явсан хуучин машинуудад зарцуулах нь утгагүй. Нийтийн тээврийн сүлжээг хамгийн сайнаар хийхэд бүх анхаарлаа төвлөрүүлж тодорхой хугацаанд тодорхой зорилтод хүрэх үүргийг нийслэлийн засаг захиргаа хүлээнэ. Монголыг хуучин машины оршуулгын газар болгосон бодлогыг үе шаттайгаар зогсоож, машины хэрэглээг гаалийн болон бусад татвараар хязгаарлана. Гэвч сөрөг нам хувийн таксиныхныг турхираад үймээн дэгдээнэ!
Импортын бараанд иж бүрэн судалгаа хийж зайлшгүй шаардлагатай болон дотооддоо үйлдвэрлэх боломжтой, шаардлагатайг нь ангилан татварыг ялгаатай тогтоож, дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай хийгээд боломжтой бүхнийг үйлдвэрлэх үе шаттай арга хэмжээг авна. Энэ бүхэн ажлын байр нэмэгдүүлнэ гэсэн үг. Даан ч дээрх бүх импортыг хянадаг томоохон монополиуд энэ салбарт ажилладаг үй түмэн хүмүүсээ турхираад энэ бодлого цэгцэндээ орохоос өмнө засгийг унагаж орхино. Систем дэмжихгүй гэсэн үг!
Монгол аль зэрэг баялагтай улс вэ гэдгийг тогтооно. Одоо байгаа хайгуулын болох ашиглалтын лицензүүдийг цэгцлэн Монголд ойрын 10-20 жил ашиглаж болох ордуудыг ил тод зарлаж, хөрөнгө оруулалт татаж, тэдгээрээс олох орлогыг төвлөрүүлэн зөвхөн бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэнд, боловсролын чиглэлд системтэйгээр зарцуулна. Алтны олборлолтыг төр өөрийн мэдэлд авна.
Хилээр гарч байгаа уул урхайн баялагт хатуу хяналт тогтооно. Гаалийг хамгийн орчин үеийн ийм багаж, тоног төхөөрөмжөөр хамгийн түрүүнд хангана. Гэвч үүнийг хийхээсээ өмнө чи өөрөө албан тушаалаасаа огцорсон байна гэж мөрийцье! Систем үүнийг дэмжихгүй!
Төрийн албан хаагчдыг шударгаар ажиллах нөхцлийг бүрдүүлж, тэдний цалинг эхний ээлжинд амьжиргаанд хангалттай хүрэлцэхүйц түвшинд, дараагийн ээлжинд алдахад харамсмаар түвшинд хүргэж, хэрэв шударга бус аливаа үйлдэл гаргавал эргэж төрийн албанд орох эрхгүйгээр халах, хатуу хариуцлага ххүлээлгэх хуулийг батлуулж яв цав хэрэгжүүлнэ.

Төрийн орон сууцны компани байгуулж, түүгээр дамжуулан хямд үнэтэй орон сууцнуудыг олноор барьж, түүндээ төрийн албан хаагчдыг цалингийн хүүгүй зээлээр олноор нүүлгэн шилжүүлнэ. Төрд ажиллагчдын эн тэргүүний баталгаа нь орон сууц, хангалттай цалин, бусад хангамж байх болно. Шударга бус өчүүхэн үйлдэл нь энэ бүхнийг нэгмөсөн алдах эрсдэл байна. Газрын наймаа, хууль бус өртгийг үнэлэн орон сууцны үнээс хасаж тооцох багуудыг ажиллуулна.

Боловсролын салбарын тухайд сургуулийн өмнөх боловсролд хамгийн өндөр ач холбогдол өгч, монгол хүний суурийг тавьж байгаа энэ салбарт ажиллагсдын цалин, хангамжийг хангалттай хэмжээгээр нэмэгдүүлнэ.
Дотооддоо хүн амаа өсгөж зах зээлээ тэлэх нь төрийн бодлогын амин чухал хэсэг байна. Тиймээс хүн амын өсөлтөд онцгой анхаарч хүүхдээ төрүүлж, эрүүл өсгөж байгаа ээжүүдийг эхний ээлжинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх цалин өгч, нийгмийн даатгалыг тасралтгүй ажилласнаар бөглөнө. Монгол эмэгтэйн нийгэмдээ хүлээх эн тэргүүний үүрэг бол эрүүл, хүнлэг, боловсролтой монгол хүнийг өсгөж хүмүүжүүлэх гэж үзнэ. Тиймээс төрийн халамжийн бодлогын төвд ээж-хүүхэд тавигдах ёстой. Ийм ээжүүдэд зориулсан сургалтын тусгай хөтөлбөр боловсруулан зайны болон биечилсэн сургалтын төвүүдийг ажиллуулан, сургалтын материалуудыг бэлтгэж ээжүүдэд хүргэдэг сувгуудыг бий болгоно. Нэгэнт ийм бодлого хэрэгжих тул хүүхдийг хоёр нас хүртэл нь ээж нь гэрээрээ харах үүрэг хүлээнэ.
Яг энэ бодлого тууштай хэрэгжихэд нярайн өвчлөл, эндэгдэл эрс буурах хийгээд эмнэлгийн шалан дээр зулж, цэцэрлэгт шөнөжин оочирлох шаардлагагүй болно. Цалин хангамжаа дагаад СӨБ болон ЕБС-ийн, төрийн албан хаагчдын шалгуур өндөрсөж, чансаа дээшилнэ, тэднийг бэлтгэдэг сургуулийн чанар чансаа ч ялгаагүй дээшилж өрсөлдөөн нэмэгдэнэ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд юуны өмнө бүх хүмүүсийг ажилтай болгох чиглэлийг зорилгоо болгож тавиад эхний зорилтоо “Нэг өрх-нэг ажилтай, орлоготой хүн” гэж минимум байдлаар томъёолоод яамны санхүүжилт, нөөц бололцоогоо энэ зорилгодоо төвлөрүүлэн зохион байгуулна. Нийгмийн хамгааллын дээрх бодлогыг хэрэгжүүлэх үндэс нь, гол орлого нь дээр дурдсан арга хэмжээнүүд буюу хэзээ ч үнэгүйдэхгүй түүхий эд, нийтийн баялгийн менежментийг төр өөрөө гартаа авах юм. Тэгэхээр л систем үүнийг дэмжихгүй!

Хувийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд төрөөс хувьсах зардал өгдгийг болиулж, хувийн бизнес стандартын шаардлагын дагуу зөвхөн зах зээлийнхээ зарчмаар, төрөөс хамааралгүй өргөн эрх чөлөөтэй ажиллах бололцоог нээж, тэдэнд өгдөг олон тэрбумын татаасыг төрөөс иргэдэд очдог үйлчилгээг сайжруулах, улсын эмч, багш нарын цалин, хангамжийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Хэрэв ингэвэл ардаа УИХ-ын гишүүн, сайд, хөрөнгөтөн эзэнтэй тэдгээр сургууль цэцэрлэгүүд оюутан сурагч, эцэг эхчүүдийг турхиран бослого гаргаж, ийм шийдвэр гаргасан засаг дэнгийн эрвээхийн нас наслахгүй нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл систем дэмжихгүй!

Анагаахын салбарт төрийн үйлчилгээг сайжруулахаас гадна гадагшаа урсаж байгаа мөнгөн урсгалыг багасгахад чиглэсэн тодорхой хугацаатай зорилго тавьж, гадаадад үнэтэй үзүүлдэг үйлчилгээг эх орондоо хямд өртгөөр үзүүлдэг болно. Манай эмч нарт ийм чадвар хангалттай бий. Тухайлбал элэг, тархи зэрэг нарийн мэргэжлийн хагалгаанууд болон гоо сайхны хагалгаанууд. Төрийн тодорхой зорилгод хамаарсан чиглэлээр үйл ажиллагаа явуулж үр дүнтэй ажиллаж байгаа салбаруудыг татварын бодлогоор тууштай дэмжихийн сацуу эмч нарын цалин хангамжийг дорвитойхон нэмэгдүүлж, хувийн хэвшилд ажилладаг эмч нарын орлоготой өрсөлдөхүйц түвшинд аваачна.

Ажлын байр, амьдралын хангамж, эрүүл хоол хүнс нь хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц дорвитой өөрчлөлтийг шууд авчирах бөгөөд Эрүүл мэндийн даатгал өвдсөн хойно гэхээсээ илүү урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зарцуулагддаг болно. Эрүүл мэндийн даатгалын хөрөнгийг хувийн эмнэлгүүдэд биш, төрөөс чанартай хямд эмнэлгийн үйлчилгээ авахад зарцуулна. Хувийн эмнэлгүүд зах зээлийнхээ зарчмаар, төрийн оролцоогүйгээр өрсөлдөг. Бид чинь зах зээлийн нийгмийн сонгоод гучин жил өнгөрчихлөө шүү дээ.
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хувийн арилжааны банкинд байршуулаад эзэнтэй нь хуйвалдан хүүг нь хувааж идэхийн оронд, баталгаатай ашиг олдог уул уурхай, тухайлбал Тавантолгой, Оюутолгойдоо оруулаад арвижуулсан хөрөнгөө дахин ашигтай хөрөнгө оруулалт хийх, тэтгэврийг нэмэгдүүлэх, хүүхдээ харж байгаа ээжийн нийгмийн даатгалыг төлөх, тэднийг цалинтай болгох зэрэг нийгмийн арга хэмжээг санхүүжүүлнэ. Энэ нь нийгмийн халамж биш цаагуураа эрүүл мэндийн, нийгмийн, гэр бүлийн болон хүн амаа өсгөх, зах зээлээ тэлэх гэх мэт олон талын ач холбогдолтой ашигтай хөрөнгө оруулалт мөн билээ. Даан ч дийлэнхийг нь хувийн банкинд байршуулчихаад хүүг нь иддэг дарга, хувь хүртдэг банкны эзэн, зуу зуун тэрбумаар нь шатааж дуусгадаг, тэдгээрийг дагаж амь зогоодог зуудаг ноход, тэр банкыг дампууруулчихаад хариуцлага хүлээлгэж чаддаггүй барьцаалагдсан намынхан үүнийг дэмжихгүй. Систем дэмжихгүй гэсэн үг.
Монголд өр нэмж байгаа гадаадын ашиггүй төсөл хөтөлбөрүүдийг бүгдийг зогсоож гагцхүү буцалтгүй тусламжийн болон ирээдүйтэй, чадавх бий болгох хөтөлбөрүүдийг үлдээхсэн гэж тэсч яддаг. МУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний нийгэм хүний эрхийн бодлогын орон тооны бус зөвлөлөөөс ажлын хэсэг гаргаж хэрэгжиж байгаа бүх төсөл хөтөлбөрүүдийг судлахад цаас үйлдвэрлэж, цалин өгөхөөс өөр үр дүнгүй төсөл хөтөлбөрүүдийг зогсооход МУ-ын өр нэг их наядаар багасах тооцоо судалгаа гарсан юм. Гэвч Сангийн яам үүнийг зогсоодоггүй. Эндээс ажлын байраа хангуулж өндөр цалин авдаг цөөхөн хүмүүс сайдынхаа тархийг угааж, англиар ярьж гадаадад зугаалуулаад төслөө үргэлжлүүлдэг.

Монголоос валют урсахыг зогсоох, экспортыг нэмэгдүүлэх, түүхий эд боловсруулах чиглэлийн технологи, ноу хау импортлохыг тууштай дэмжиж, яг л социализмын үед төрийнхөө өгсөн үүргээр хүн бүр Оросоос хөнгөн цагаан сав зөөж байсан Вьетнамууд шиг, технологийг хулгай, хуйвалдаан, хэлэлцээр бүхий л аргаар авч ирэхийн төлөө үхэн зүтгэж байсан П.Дамдин сайд шиг, өнөөгийн Израйль шиг бодлого явуулахсан. Даан ч тийм хугацаа байхгүй. Энэ жил сонгууль, түүний дараа жил орон нутгийн сонгууль, тэгээд Ерөнхийлөгчийн сонгууль, тэгээд нэг жил амсхийв үү үгүй юу сонгуулийн өмнөх жил, тэгээд дахин их хурлын сонгууль… Систем маань ийм тул систем юуг ч дэмжихгүй!

Нэгэнт систем ямар ч асуудал шийдэхгүй тул улстөрчид сэдэв л барьж авна. 76 хүн 76 сэдэв барьж аваад шийдээд явчихвал их л хялбар мэт хүмүүст харагдана. Нэг нь эмнэлгийг, нөгөө нь даатгалыг, бас нэг нь жорлонг, нөгөө нь сумаа сайхан болгохыг, нэг нь гудамжийг, нөгөө нь хүүхдийн хүчирхийллийг, нэг нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийг, нөгөө нь аюулгүй байдлыг … гэх мэт, гэх мэт.
“За сонгууль дөхөж байна, ямар нэг сэдэв барьж аваад түүгээрээ л пиардаад явчих хэрэгтэй шүү дээ!” гэж чин сэтгэлээсээ зөвлөж байгаа найздаа намайг бодож байгаагийн нь төлөө хайр хүрэвч сэдвээ ярьсаар гишүүн болоод системдээ хэрчүүлээд юу ч хийж чадалгүй дараагийн сэдвээ хайхыг нь бодохоор өрөвдөм. Аливаа сайхан санаачилга бүхэн чинь системээр бүхэлдээ дэмжигдэхгүй бол юу ч биш, зүгээр л популизм!
Ажлаа өгсөн өндөр албан тушаалтнууд “Миний үед тийм сайхан ажил хийсэн, гэтэл тэр гарч ирээд байхгүй болгочихсон, хайран юм…” гэхчлэн ярих нь зүгээр л популизмаас өөр юу ч биш! Ингээд байн байсаар төр юу ч хийж чадахаа байгаад том олигархи хөрөнгөтнүүд л бүхнийг хийдэг болох нийгэмд бид орсон. Тэд хөлсөлсөн хүмүүсээрээ “Чи юу хийж, хэдэн ажлын байр бий болгосон юм! гэж бич!” гээд шүдээ чигчилж суудаг. “Ажлын байртай болсон хүн” түүнийг нь хэдэн мянган хувь бичихээс ч яах вэ?

Систем дандаа эсэргүүцдэг юм биш, тэр бас дэмжихээ дэмждэг юм. Манай систем юуг дэмждэг вэ? Асар их мөнгөөр албан тушаалд хүрэхийг, аливаад танил талаар хандахыг, мөнгөтэй хувь хүмүүсийг, товчхондоо шударга бусыг дэмждэг.

Хүүхдийн хүчирхийллийг багасгахын тулд тэр хүүхэд юуны өмнө хорооны нийгмийн ажилтан, гудамжны эргүүлээр биш, харин элэг бүтэн, ёс суртахуунтай гэр бүлээрээ хамгаалагдсан байх ёстой. Үүний тулд сайн аав ээжтэй байх хэрэгтэй. Аав ээж нь сайн байж, гэр орон нь архидалтгүй, хэрүүлгүй байхын тулд ядаж нэг нь орлоготой, орлого амьжиргаанд нь хүрэлцдэг байх хэрэгтэй. Үүний тулд аав ажилтай байх ёстой. Аав ээж хоёр тодорхой боловсролтой, гэр бүлийн үнэ цэнэ, хайрын тухай зөв ойлголттой байх ёстой. Үүний тулд тэд мөн тийм гэр бүлд хүмүүжсэн байх учиртай. Тэр бололцоог төр хангасан байх ёстой. Хүүхэд сургуультай, сайн сурах орчин нөхцөл, бололцоогоор хангагдсан байх ёстой. Үүний тулд багш нар нь ажилдаа дуртай, сэтгэл хангалуун байх, мэдээж цалин нь амьдралд нь хүрэлцдэг байх ёстой…
Товчхондоо нийгэмд нэг нэг салангид асуудал, салангид нэг сэдэв гэж огт байдаггүй. Нийгмийн бүхий л асуудал нэг нэгээсээ урган гарсан, бие биетэйгээ нөхцөлдсөн байх бөгөөд шийдэл нь ч мөн салангид байх боломжгүй билээ. Нийгэм өөрөө систем учраас тэр. Тиймээс ямар ч асуудлыг систем дунд нь авч үзэхээс өөр ямар ч аргагүй юм. Сэдэв биш систем ярьдаг, системээр нь харж чадаж байж л хүндрэлээс гарна. Өөр зам байхгүй.
Ингэхэд, систем миний сэдэв шүү! Гачлантай нь, системийн өөрчлөлтийг систем өөрөө системээрээ эсэргүүцэж байдаг юм л даа. Тиймээс хамгийн амаргүй, бас азгүй сэдэв…

Гантөмөрийн УЯНГА
2020 оны 02 дугаар сарын 26.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

6 Responses to Г.УЯНГА: СИСТЕМ БА СЭДЭВ

  1. есөн says:

    хүүхэд эхийн хэвлийд олдсон мөчдөө хувь заяа нь тодорхой болдог гэнэ. Тэгэхээр сайн хүүхэдтэй болох хэрэгтэй гэсэн үг.

  2. Bat says:

    Тѳр тѳвшин, түмэн олон маань амгалан жаргах болтугай.

  3. Nym Lkha says:

    tegeed sistemiig ya geed baigaa yum be…

  4. Anonymous says:

    Та яагаад сүүлийн 2-3 жил Уянга гээд байдаг болчихов??

  5. Алтай says:

    Бидний суурь хүмүүжил бидний заан аш болон шингэж,биднийг урагшлуулахгүй чангааж байна.Бидний мөн чанраар бидний систэм бүрэлдэн тогтож байна.
    Эхлэлийн цэг боловсрол,түүний агууллага

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: