АРЕВА ХИЙГЭЭД “МОНГОЛ ЗУУЧЛАГЧДЫН” ТУХАЙ

Саяхан буюу 2018 оны 12 дугаар сард Францын Үндэсний Санхүүгийн Прокурорын шүүх хурал болжээ. “Францад болсон шүүх хурал Монголд ямар хамаатай юм ?” гэж манай лаларын сэхээтнүүд бодож магадгүй. Чухам Монголтой холбоотой асуудлаар болсонд хамаг учир нь байгаа юм. Энэ тухай өгүүлсү…

Хэнийг шүүсэн, хэн юу хэлсэн вэ ?
Францын Үндэсний Санхүүгийн прокурор “Орано“ (“Оranо”) компанийн Монголд дахь авилгалын будлианы асуудлыг шалгасан байна. Ийм “Oрано” гэдэг компани Монголд байхгүй гэж бодож байвал тун их эндүүрэл. Монголд ихэд алдаршсан “Арева” компани нэрээ сольчихоод байгаа нь энэ. Яагаад нэрээ сольсон гэж ?! Цөмийн түлш олборлолт, үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүр ордог “Арево” компани 2016 оноос эхлэн дампуурч, баахан будлиан болсон ба захирал болон удирдах бүрэлдэхүүн төдийгүй нэрээ хүртэл сольсон нь энэ юм. Гэхдээ агуулга нь хэвээрээ үлджээ. Одоо Монголд “Арево” биш, “Орано” компани ажиллаж байгаа.
Зах зээлд саяхан орсон гэнэн тэнэг монголчууд гадаад компанийн нэрийн учрыг, нэрээ сольсныг учрыг огт ойлгодоггүй. Ухаандаа 1997 оноос хойш Монголд тасралтгүй ажиллаж байсан “Кожеговь” компанийг “Арево”-гийн охин компани гэж мэддэггүй, мэдсэн ч тоодоггүй. Зарим нэг сониуч нэг нь асуувал: “Кожеговь” Монголд ажиллахаа больсон. Ингээд мань Монгол эрийн “санаа амрах” бөгөөд энэ нь түүний тэнэгийн хэмжээг л харуулахаас цаашгүй…
Одоо үүнээс хойш “Арево”, “Орано” хоёр нэг юм гэдгийг тогтоогоод ав. Мөн “Орано”-гийн мэдэлд 100 гаруй охин компани байдгийг мэдээд ав. Бүгдээрээ “Орано” гэдгийг хэллээ шүү…
Шүүх дээр яг “Орано” биш, харин түүний хамтрагч зөвлөгч буюу консалтингийн “Eurotradia International” гол буруутан болжээ. Учир нь “Eurotradia International” консалтинг компани Монголын албан тушаалтнуудыг авилгадсан хэрэгт сэжиглэгджээ. Энэ нь баттай үнэн гэж би итгэж байна.
Энд ахиад л компанийн нэрийн будлиан гарч ирнэ. Учир нь ихэнхи том компаниуд ёс мэт зөвлөх буюу консалтинг компани ажиллуулдаг. Консалтинг компани бол “бичиг цаасны” хамаг ажлыг хийж, ихээхэн том үүрэг гүйцэтгэдэг юм. Харин Монгол хүн бол консалтинг компани гэвэл “үхсэн хойноо, нэг муу зөвлөгөө өгөө л биз” гэчихээд шал тоохгүй нь мэдээж хэрэг. Үгүй л дээ…
“Eurotradia International” компани 2013 онд францын уран олборлогч “Арево” компанид Монгол дахь ураны орд газруудыг олборлох эрхийг аваад өгчихжээ. Гэхдээ монголын эрх баригчдыг авилгадаж байгаад…
Ингээд шүүх хурал дээр юу болсныг үзье:
“Орано”-гийн хэвлэлийн төлөөлөгч: “Энэ компани (“Eurotradia International”-ыг хэлж байна- Х.Д.Г) манайд төрийн асуудлаар л зөвлөдөг байсан. Энэ компани бидэнд монголын засгийн газрын талаарх мэдээллийг бидэнд өгдөг байсан” гэж Ройтер агентлагт мэдээлжээ.
Ингээд шүүх хурал дээр “Орано” бултаж эхлэв:
“Бидний зөвшөөрөлгүйгээр Монголын зуучлагч нар руу хандах ёсгүй гэдгийг бид “Eurotradia International”-д тодорхой ойлгуулсан” гэж “Орано”-гийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэж байна. Энд “монголын зуучлагч нар” гэсэн цоо шинэ нэр томъёо гарч ирж байгааг анзаарсан гэж найдаж байна. Асар удалгүй “Орано” компани “Eurotradia International”-тай хийсэн гэрээгээ цуцалжээ.
Эндээс дараах хэдэн баттай дүгнэлт хийж болно:
Нэг. Францын “Орано” бүлэг зөвлөх “Eurotradia International” компаниараа дамжуулан Монголын төр засгийн албан тушаалтнуудыг авилгадаж байжээ.
Хоёр. Гадаадын байгууллагуудад Монголын төр засгийн талаарх мэдээллийг худалддаг зөвлөх компаниуд хүртэл бий болжээ. Энэ нь ганц “Eurotradia International”-аар тогтохгүй, нэлээд олон байгаа гэж үзэх бүрэн үндэслэл бий.
Гурав. Гадаадын компаниудад Монголын төр засгийн талаарх мэдээлэл олж авахад зуучилдаг монгол албан хаагчдын бүлэг бий болсон нь Францын шүүхийн материалаас тодорхой байна. Энэ нь нэр бүхий УИХ-ын болон ЗГ-ын гишүүд байхаас гарцаагүй.
Дөрөв. Францын шүүх “Орано”-гийн хэргийг дарснаар Монголын авилгачид “өршөөгджээ”.

“Орано”-гийн тухай
Шүүх хурал юу болсон, ямар үр дүнтэй дууссан гэдгийг надаас асууна гэдгийг чинь мэдэж л байна. Үүнийг би мэдэхгүй. Хувь монгол судлаачийн хувьд хэдэн сар чардайтлаа ухсан боловч үүнээс цааш олж чадсангүй. Гэвч энд дурдсан мэдээлэл дэндүү хангалттай гэж бодож байна…
Ямар ч гэсэн нэг тоо хэлчихье: “Орано” бүлгийн 45,2 хувийг Францын Засгийн Газар, 40 хувийг Areva S.A., 5,0 хувийг JNFL (Япон), 5,0 хувийг Японы MHI, 4,8 хувийг СЕА (Цөмийн олон улсын байгууллага) тус тус эзэмшдэг.
Өмчийн ийм харьцаатай байхад монголчуудад авилга өгсөн хэдий ч Францад асар их ашиг өгч буй өөрийн төрийн компанийг буруутгадаг тэнэг шүүх гэж хорвоод байхгүй.
Францын “Орано” 1997 оноос эхлэн Монголд ажиллаж эхэлжээ. Үйл ажиллагаа нь “хайгуул хийх”. Ингээд 2015 онд ураны баяжмал боловсруулах үйлдвэр барьжээ. Өөрөөр хэлбэл “Орано” Монголд 18 жил дан хайгуул хийжээ. 1997-2013 онуудад “Арево”-гийн охин “Кожеговь” геологи хайгуулын ажилдаа 150 сая ам.доллар зарцуулсан мэдээ байдаг. 18 жил тасралтгүй “хайгуул хийнэ” гэдэг бол Гиннесийн номонд орох үзүүлэлт юм. Эндээс “Орано”-г монголын нутагт олон жилийн турш олборлолт хийсэн гэж хардах ноцтой үндэслэл гарч ирнэ.
Учир нь боловсруулсан ураныг нисэх онгоцоор ч зөөж болдог. “Лабораторийн шинжилгээний дээж” гэж хэлчихээд нисэх онгоцоор зөөгөөд байхад монголчууд мэднэ, тооно, тооцно гэж бодвол тун их эндүүрэл. “Үхсэн хойноо нэг муу онгоц уран юу юм ?!” гэж л захын монгол хуцна гэдгийг нь би нэг муу мэдээд байгаа юм.
Хардах өөр нэг үндэслэл нь Монголын талаас ураны талаар мэдээлэл бараг үгүй, үүнийг тас хаасан гэж дүгнэж болно.
Францад дээр дурдсан шүүх хурал яг болж байх үеэр Монголд нэр бүхий сэтгүүлчдийн “Монгол уранаа ашиглаж, жигтэйхэн сайхан болж байна” гэх агуулгатай хэд хэдэн нийтлэл гарсныг тохиолдол гэж үзэж болохгүй нь мэдээж хэрэг. Харин ч Монголын төр засаг Францад болсон шүүх хурлын тухай мэдээллийг тас нуусан. Үүнийг тэд “мэдээгүй” байж яагаад ч таарахгүй…
Уранаа ашиглаж болох л байх. Харин ураны нөөцөөрөө дэлхийд эхний 10-т баттай ордог атлаа хэчнээн уран боловсруулж, ямар ашиг олж, ямар гэрээ хэлэлцээр хийсэн тухайгаа ил тод байлгах нь төрийн үүрэг. Гэтэл Монголын төр засаг үүнийг тас нууж байна.
Ямар ч гэсэн би Та нарт ихээхэн ноцтой мэдээлэл өглөө. Одоо Монголын Цагдаа, Тагнуул, АТГ-ынхан дараах ажлыг нэн даруй хийх ёстой:
1. Монголын төр засгийн талаарх мэдээллийг гадаадынхан өгдөг “Eurotradia International” мэтийн зуучлагч компаниудыг шалгах.
2. Монголд уран олборлох эрх “Орано”-д авч өгөхдөө авилга авсан Монголын УИХ, ЗГ-ын авилгач төрийн түшээдийг олж тогтоох.
3. Монголд уран олборлох эрхийг “Орано”-д авилгын замаар авч өгөхөд зуучилсан зуучлагч нарыг олж тогтоох.
4. Тэднийг хууль ёсны дагуу шийтгэх
Энэ удаад би Францад болсон шүүх хурлын товч мэдээлэл өгч, өөрийн дүгнэлтийг хийлээ. Харин Монголын талд ураны талаар юу болсныг ярих гэвэл бүхэл бүтэн гэмт хэргийн цуврал болно. Үүнийг хөндөх цаг удахгүй ирнэ гэж бодож байна.
Ирэх 4 жилд сонгуулийн дараагаас эхлэн ТТ-н хэрүүл зодоон дээр ураны зодоон эхлэх нь сохор хүнд ч тодорхой байна. Харин ард түмнээс нууж байгаад дараа нь “вандан пад” гэвэл ёстой горьдсоны чинь гарз…

Судлаач Х.Д.Ганхуяг.
2020 оны 03 дугаар сарын 11.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

6 Responses to АРЕВА ХИЙГЭЭД “МОНГОЛ ЗУУЧЛАГЧДЫН” ТУХАЙ

  1. Bat says:

    Нийтлэл бичсэнд баярлалаа. Энэ хэдэн новшууд Эх ороны минь баялагийг гадны луйварчидад хямдхан өгч идэлцэж байгаа даа.

  2. Алдараа says:

    ГЯЛАЙЛАА 💖👍

  3. Балдан says:

    Тухайн өгүүлэлд хамааралгүй зүйл асууж буйдаа хүлцэл өчье.
    Судлаач Та жүүд үндэстнүүдийн дэлхийг эзлэх төлөвлөгөө /Протоколы Собраний Сионских Мудрецов/ гэж бичвэрийг уншиж байв уу, хэрвээ уншсан бол энэ тухайд ямар дүгнэлттэй явдаг вэ?

    • Ганаа says:

      Орон орны маш олон эрдэмтэд олон жил судлаад энэ бол арьсны үзлийг дэврээх гэсэн хуурамч зохиол гэж тодорхойлсон. Маш олон оронд экстремист зохиол гэж үзээд хориглосон байдаг. Саяхан ОХУ-д 2012 онд экстремист зохиолын жагсаалтад оруулж,хориглосон…

  4. есөн says:

    Бие нь сайн уу. Sonin.mn дээр өнөөдөр гарсан таны өгүүллийг унших гэсэн чинь нээгдэхгүй байх юм. Энэ сайт дээр тавигдах уу?

  5. Anonymous says:

    Ураны хайгуул, олборлолтын асуудалд хоёр хөрш маань маш эмзэг ханддаг, манай үндэсний аюулгүй байдалд хамаатай зүйл. Гэхдээ муу нуухаар сайн илчилж, хайгуулыг нь ч, олборлохыг нь ч аль ч улсад зөвшөөрч болохгүй, бүрэн зогсоох ёстой гэж боддог. Хувьдаа хялбархан мөнгө олохын тулд хойч үеэ золигт гаргахаас сийхгүй хүйтэн зүрхтнүүдэд хориг хэрэгтэй!

Leave a Reply to есөн Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: