А.БААТАРХУЯГ: 30 ГЭР БҮЛ, 60 ТЭРБУМ

Өдгөө хоёр “том” нам тус тусдаа энэ хэмжээний мөнгө босгохыг эрмэлзэж байна. Үүнээс илүүг зарцуулах боломжийг хаасан өмнөх хуулиудыг саяхан МАН бүрэн бусниулж орхилоо. Хугацааг богиносгож, тараах материалын хэмжээг зааж, ухуулагчдын цалин хөлс, тоог хязгаарлаж, амлалт өгөх, эд зүйлс тараах, уралдаан тэмцээн, урлагийн тоглолт үзүүлэхийг хориглож… Хэдий ийм хязгаарлалт хийсээр байгаа боловч сонгуулийн өртөг өссөөр…

Мөнгө
Цаашид парламентыг цэвэр бүрдүүлье гэвэл хоёр л юм хэрэгтэй. Нэгд мөнгөний хамаарлаас салгах, хоёрт намуудын гишүүнчлэлийг халах. Манай сонгууль-мөнгөний сонгууль.
Сонгуулийг мөнгөний хамаарлаас салгах нь ямар амжилтанд хүргэдгийг Сингапурын жишээнээс харж болно. Ли Куан Ю Сингапурыг хөгжихөд нөлөөлсөн гол хүчин зүйлсийн талаар бичихдээ сонгуулийг мөнгөний хамаарлаас хэрхэн салгасан тухайд бүтэн бүлэг зориулсан байдаг.
Хоёр дахийн тухайд хатуу гишүүнчлэл нь аажимдаа нэг намын эрхшээл рүү чирдгийг одоо харж байна. МАН одоохондоо хамгийн хатуу, сахилгажсан гишүүнчлэлийн уламжлалд тулгуурлан бусдыгаа ааглаж байна. 2008, 2012 оны парламентын гишүүдээс хатуу гишүүнчлэлийг халах санаачлага гарч байсан боловч АН энэ шинэтгэлээс татгалзсанаар одоо өөрсдөө сүйрч байна.
Коммунизмын төгсгөл үед албан байгууллагуудад намын үүр ажилладаг байсан бөгөөд тэдэнтэй өрсөлдсөн Ардчилсан хүчнүүд ч энэ жамаар үүрүүдээ байгуулж эхэлсэн байдаг. Гэвч хувьсгалын дараа хоёр тал тохиролцон, байгууллагууд дахь үүрүүдээ татан буулгаад засаг захиргааны нэгжийг дагасан намын бүтэц сонгосон нь өдгөө манай нийгмийн урагшлах хөдөлгөөнд гай болж байна. Хуучны үүрүүд өдгөө мөнгө дамжуулагч болжээ.
Ер нь Монголын сонгууль тийм ч нүсэр биш, 25 орчим сая ам.долларын л эргэлттэй. Бүр Н.Энхбаярын үед их өрөөс унагасан 22 сая ам.доллараар сонгуульдаж байсан. Мэдээж үүний талыг бүх шатандаа “хуссан” тул МАН ялагдчихсан билээ. Олдохоор өлдөх гэж… 2012 оны сонгууль ч 60 тэрбумыг МАН босгож байв. Ойролцоогоор 25 орчим сая ам.доллар л даа.
Өдгөө хоёр “том” нам тус тусдаа энэ хэмжээний мөнгө босгохыг эрмэлзэж байна. Үүнээс илүүг зарцуулах боломжийг хаасан өмнөх хуулиудыг саяхан МАН бүрэн бусниулж орхилоо. Хугацааг богиносгож, тараах материалын хэмжээг зааж, ухуулагчдын цалин хөлс, тоог хязгаарлаж, амлалт өгөх, эд зүйлс тараах, уралдаан тэмцээн, урлагийн тоглолт үзүүлэхийг хориглож… Хэдий ийм хязгаарлалт хийсээр байгаа боловч сонгуулийн өртөг өссөөр…
Одоо бүр хуулиндаа нэг тойрогт зарцуулах нэг нэр дэвшигчийн зарцуулах мөнгөний хэмжээг 700-800 сая төгрөгөөр зааж, тогтоосон байна. Төсвийн мөнгөөр сонгуульдах тэдэнд бол амар л даа. Харин Ардчилсан нам хэрэв чи долларын саятан биш юм гэхэд төгрөгийн тэрбумтан биш бол манай намаас дуугүй тонил оо л гэж байна.
Өнөөгийн сонгуулийн тактик, арга ажиллагаа бол ерөөсөө “Худалдан ав!” гэсэн ганцхан зарчимтай. Жорж Сандын “Консуэло” романд Италийн ч бил үү?, нэг генерал “Ялахад гурван хүчин зүйл хэрэгтэй, нэгд мөнгө, хоёрт мөнгө, гуравт мөнгө” гэдэг шиг сонгууль тэр чигээрээ мөнгөний сонгууль болсон.
Ердөө 2010 оны үест намууд хоосон мөнгөний амлалтаар, сонгогчдыг шилний цаанаас чихэр долоолгон хуураад ялдаг байсан юм. Намууд өрсөлдөн хүүхдийн хорин мянгаар эхлээд цаашдаа гэр бүлд хагас сая, халуураад иргэн бүрт сая, 1,5 сая төгрөг амлаж байв. Гэвч Амлалт Нэхэх Ард Түмний Холбооны тэмцлийн дүнд намуудад мөнгө амлахыг хориглосон билээ. Амлалтыг нь аудитаар шалгадаг болсон.
Энэ жил ч намууд мөнгө амласан авч түүнийг нь боломжгүй гэж аудитын газар үзэж, бүгдийг буцаажээ. Харин нэгэнт буруу голдрилоор урссан ус буцдаггүй. Иргэд хоосон амлалтанд итгээд, концерт үзэж сэтгэл нь хөдлөөд, сугалааны азанд найдаад намуудад санал өгөхөө больтлоо хэрсүүжжээ. Сонгууль бүрт улам илүү прагматик харилцаанд шилжиж сонгогчдыг шууд бэлэн мөнгөөр худалдан авдаг болсон. Тэр нь шулуухан. Үүнд хатуу гишүүнчлэл хамгаас хэрэгтэй, тэд бол тээвэрлэгчид… тээвэрчлэгчдэд хөлс төлөх хэрэгтэй. Намын гишүүнчлэл сонгууль бүрээр урсан өнгөрдөг мөнгөний урсгал дээр л тогтдог болсон. Үхсэн элэнцгийн үзэл баримтлал байх вэ?
Ингэснээр сонгуулийн мөнгөний эргэлт шууд 2-3 дахин өсөх шалтгаан болов. Бас шууд худалдан авалтыг амжилттай хэрэглэсэн 2016 онд нэг сонгогчийг 20 мянган төгрөгөөр худалдаж авч байсан бол өдгөө энэ дүн мөн л 2-3 дахин өссөн. Худалдан авдаг систем нь ч боловсронгуй болсон. Ямар ч үйл заавал хариутайн үлгэрээр сонгогчид ч өөрчлөгдсөн ба эхний үед мөнгө өгсөнд саналаа үнэнчээр өгч байсан бол 2017 онд мөнгийг нь авчихаад саналаа өөрийнхөөрөө өгөх эрмэлзэл илт ажиглагдсан билээ. Энэ хэрээр мөнгөний хэмжээг өсгөх санаархал газар авч байна.
Сүлжээ
2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө сонгогчдыг худалдан авах аргыг төгөлдөршүүлсэн нь “60 тэрбумын хэрэг” гэгч томъёоллоор илэрхийлэгдэнэ. АН алдаа гаргаж тойргийг жижигсгэснээр ялагдлынхаа үндсийг тавьсан билээ. Ингэснээр мөнгөний хүчин зүйл улам ихэсдэг.
Жижиг тойрогт мөнгө илүү үйлчилдэг. Бас засаг захиргааны анхан шатны нэгжийг хэн хянаж байна, тэр сонгогчдыг мөнгөөр худалдан авах боломжоор илүү юм. Тиймээс намын үүрүүдтэй давхацсан энэ тогтолцоотой сүлжилдсэн МАН давуу байдалтай болсон юм. АН тойргоо яаж зураад ч энэ сүлжээг задлаагүй цагт ямар ч амжилт олохгүй. Чухамдаа АН нийслэл болон зарим аймгийн ИТХ-ын сонгуульд ялснаа “Орон нутагт ялчихлаа” гэж эндүүрсэн юм. Гэтэл сонгуулийн дүнг хороо, хэсэг, сум багт шийддэг болохоос аймаг, нийслэлд шийддэггүй юм. Сонгогчид хамгийн ойр нэгж бол тэр. Гэтэл тэнд нь МАН ноёрхсон хэвээр байв. Энэ ноёрхлыг бий хуулийн үндэслэл нь өнөө хатуу гишүүнчлэл юм.
АН сонгогчдыг худалдаж авахыг хичээдэггүй шударга нам уу? Үгүй л дээ, харин ч энэ аргыг туйлын дуртай ашигладаг ба намын дотоод сонгууль нэрээр энэ аргаа хэрэглэх “хээрийн сургууль” байнга хийдэг…
Харин 2016 онд ирээдүйд хүнд үед хэрэглэхээр улсын санд хадгалсан мөнгийг тараах замаар, “амлаагүй мөнгөөр” худалдаж авахыг оролдсон билээ. Тэгэхэд Ч.Сайханбилэг гадаад өрөө төлөхийн оронд улсын мөнгөний уутыг уруу нь харуулаад сэгсэрч байсан ба саалийн үнээнүүдээ хашаанаасаа хөөж гаргаад зогсож байв. Гэвч иргэдийн лав л гуравны нэг нь АН-д дургүйцсэндээ тэр мөнгийг нь аваагүй юм. Улсын сангийн мөнгийг цацчихаад “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах мөнгөгүй болгож, аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэхдээ тулаад, ХХБ-ныхантай хуйвалдаж авсан нэр зүүж мултрахыг оролдсон ч түүндээ тээглээд уначихсан билээ. Одоо олсон мөнгөөрөө АНУ-д бага хүүтэй зээл өгдөг санхүүгийн байгууллага байгуулаад түүгээрээ тэдний иргэн болохыг оролдож сууна. Өөрийн мөнгөө хүртэл өрөөлд өгөхөөр хураадаг тэр үнэндээ монгол хүн биш, Монгол хэл сайн сурсан хүн болохыг хэчнээн хэлээд манайхан ойлгоогүй л юм даа.
Тэгэхэд намаа хөмөрсөн удирдлагууддаа АН-ынхан одоо болтол хайртай хэвээр гэж үү? Тэд мөнгөө гадагш нь урсгачихаад гишүүдээ тонож суугаа нь шударга ёс уу?
2016 онд мөнгө нь АН-д, сүлжээ нь МАН-д байсан. АН мөнгөө ашиглаж чадаагүй ба шунаг сувдаг дарга нар нь байгааг нь байтугай, авчрахыг нь хувааж идэхээ бодсоноос иргэдэд хүргэхийг чухалчилсангүй. Ингээд тэр шуналынхаа золионд үсгүй хусуулсан.
Төсвийн мөнгөнөөс хол МАН тойргийг жижиглүүлж чадсанаар сүлжээндээ найдах болсон ч мөнгө нь байсангүй. Ингээд 60 тэрбумын схемийг боловсруулжээ. Энэ бол урд өмнө байсан схем, гэхдээ хууль ёсыг зөрчихөөс эмээдэг байсан тул төдийлөн төгөлдөршөөгүй байсан юм. МАН тэгэхэд улайрсан. Төгөлдөршил нь төрийн албан тушаалыг үнэлэн зарах байв. Яг казиногийн зарчмаар. Ингээд Монголын төр 60 тэрбум төгрөг буюу тухайн үеийн ханшаар 25 орчим сая төгрөг болохыг “үнэлгээгээр тогтоожээ!” Бооцоо тодорхой байх ёстой, эрсдэл хийх дуртай нь бүх мөнгөө түлхээд санаснаа авна.
Ийм замаар мөнгө босох нь боссон, намын хатангиршсан сүлжээгээр мөнгөн цус урсаж, үхэж байсан ороолон амилжээ. АН шившгийн хөндийд хаягдаж, удирдагчид нь ялагдлын дараах ялагчийн өс хонзонгоос айж, хувааж цусласан мөнгөө бариад МАН-ын удирдагчдын бөгсийг долоож эхэлсэн билээ. Тэд л МАН-ыг хагалсан хэрэг. Цагтаа муу санаатай С.Баяр “Хугалагч вирус тээгчид” гэж адлаж байсан тэднийг энэ удаад МАН хүлээн авсан нь гай болсон юм.
Тэд мөнгөө түлхэж, МАН-ын хамгийн хүчтэй фракцын тэргүүн М.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд дэмжив. Өөрөөр хэлбэл МАН-ын занаанаас зугтахын тулд МАН-ын дээвэр дор хоргодсон хэрэг. Ухаалаг шийдэл мөн үү гэвэл мөн, адгийн арга л даа, гэхдээ адгийн амьтдад адгийн ухаан л зохидог. Харин түүнийг гишүүд нь ойлгоогүй…
Тэр ч байтугай тэр үеийн МАН-ын удирдлагууд АН-ынхны өгсөн мөнгөөр, тэдний сүлжээгээр АН-ын даргын суудлыг гишүүдээс нь худалдан авах ажлыг зохион байгуулсныг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хэлсээр л байна. Ингээд МАН дахь М.Энхболдын фракц ба АН-ын гол удирдагчид Ерөнхийлөгчийн титмийг асаах аян дайнд мордсон боловч бутниргүүлсэн юм. АН-ын удирдагчид хоёр дахь удаагаа шившгийн хөндийд унасан бөгөөд харин энэ удаад М.Энхболдоор золио хийсэн юм.
Гэхдээ тэд Ж.Эрдэнэбатын ЗГ-ыг огцруулахыг эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдыг хамгаалж хачин утгагүй үйлдэл хийж байв. Тэр бүр АН-ын нэр хүнд унасаар өдгөө бүр шороотой хутгалджээ. Тэгэхэд МАН АН-д нөлөөтэй мэт авч чухамдаа АН МАН-д илүү нөлөөтэй байсан юм. Эцэст нь МАНАН-гийн хуйвалдагчид бүрэн ялагдал хүлээв. Үүндээ өсөрхсөн өсөрхөлдөө сохорсон АН-ын удирдлагууд өнөөдөр ч зөв алхам хийх чадваргүй хэвээр байна.
Энэ ялагдлын дараа 2016 оны 60 тэрбумын хэргийг шүүх ажил өрнөсөн билээ. Гэвч түүнийг зохион байгуулагчид нь хамаг хариуцлагыг Ерөнхийлөгчид нэр дэвшсэнээрээ шүүмжлэлийн бай болсон М.Энхболд руу чихээд мултрахыг оролдсон юм. Чухамхүү Ерөнхийлөгчид нэр дэвшигч учраас, намын дарга байсны хувьд М.Энхболдыг энэ хэрэгт хамаатуулах нь сонгуулийн үед тактикийн асуудал байсан бол түүнийг хожим нь бусад нь амиа хоохойлохдоо ашиглах бамбай болгосон юм. Харин М.Энхболд энэ схемийг зохиогоогүй, Г.Доржзодов ч, Ц.Сандуй, А.Ганбаатар нь ч зохиогоогүй. Угаасаа намуудад байсан систем, одоо ч байгаа. Ийнхүү 60 тэрбумын хэргийг шалгах сунжирсан ажил эхэлсэн билээ. Шалгах бүрт “угаасаа байсан”, энэ нийгмийн бодат байдал болох нь илэрч байв.
2016 онд АН ч, МАН ч адилхан 60 тэрбумын схемээр сонгуульд оролцсон. Хэрээ хэрээнийхээ харыг гайхах уу? Хэрэв “60 тэрбумын хэрэг” үнэхээр хэрэг мөн бол, хууль бусаар төрийн эрхийг авсан нь тогтоогдвол 2016 оны сонгуулиар байгуулагдсан парламент өөрөө “хууль бус”, тэр парламентаас баталсан бүх хуулиуд “хууль биш” болох нь тодорхой. Харин энэ асуудал дээр сөрөг хүчин “АН” ган хийхгүй байв. Учир нь тэд яг адилхан үйлдсэн, МАН-ыг шүүмжлэх нь “толь харж хуцах нохой”-н үлгэрээс юуны ялгаа…
Ингээд Монгол Улс төргүй болох учиртай байв. Унавал хамт унана, тэрэндээ тулбал сууж байгаа парламент чинь хулгайн парламент… Тиймээс парламент энэ хэргийг таг мартжээ. Учир нь энэ парламент 60 тэрбумаар үр тогтсон, “үнэтэй” парламент. Хэрэв 60 тэрбумаар төрийн суудлыг худалдан “Хууль бусаар төрийн эрхийг авсан нь үнэн юм бол парламент өөрөө хууль бус”… Ингээд өөрөө өөрийгөө хууль бус гэж зарлах болсон тул чимээгүй байхыг эрмэлзэв, АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд ч суудлаа манаж таг болов. Тэдэнд нам нь хэр олон суудалтай байх ёстой падлийгүй, гол нь өөрсдөө суудалтай байх нь илүү эрхэм байсан юм. Бүр нарийвчилбал парламентад суудалтайн хувьд МАН ч, АН ч хууль бусаар төрийн эрхийг барьж байгаа нь илчлэгдэх байв.
Ингээд Ерөнхийлөгчийн шахалтаар энэ хэрэг урагшилж байсан боловч, маш удаан байсан, түүнээс үл хамаарч төрийн бүхий л институц бүхэлдээ энэ хэргийг шийдэхийн эсрэг байсан билээ. Хэргийг шалгаж байгаа нь ч, яллаж байгаа нь ч, шийдэж байгаа нь ч өөрсдөө энэ төрийн нэгэн хэсэг. Хэн буруутай вэ? Нарийндаа суудал худалдсан мөнгийг нь аваад саналаа худалдсан сонгогчид ч буруутай… Нийтээрээ буруутай.
Энэ бол системжсэн алдаа юм. Энэ системийн үндэс хаана байна? Зэрлэг ургамлыг үндсээр нь таслахгүй бол ургасаар л байх болно. Хэрэв сонгогчид нэг л удаа мөнгөний нь хариуд саналаа өгөхгүй бол “ялаас мултарна”… Эхлээд сонгогчид ялаас мултрах хэрэгтэй!
60 тэрбумын үргэлжлэл
Хэрэв “60 тэрбумын хэрэг” төрийн эрхийг хууль бусаар авсан гэмт хэрэг мөн юм бол өнөөдөр АН яг энэ гэмт хэргийг ил тодоор үйлдэж байна. Нууж авбал “хулгай”, нуулгүй авбал “хулгай биш” гэсэн зарчим байх уу?
Өнөөдөр АН-ын удирдлагууд нэр дэвшигч наад зах нь 100 саяыг цуглуулах нь улстөрчийн нэр төрийн хэрэг гэж ил тод мэдэгдэж байна. Гэтэл М.Энхболд тухайн үедээ 60 тэрбумын схемийн талаар сонсоод “Хуульд хэр нийцэж байгаа юм бэ..?” гэж асууж байсантай харьцуулбал энэ бол шууд, санаатай гэмт хэрэг биш үү?
Хэрэв 60 тэрбумын хэргийг шүүхээс “хууль бусаар засгийн эрхийг авсан” явдал мөн гэж тогтоовол АН өнөөдөр энэ хэргийг үйлдэх сэдлээр ажиллаж байна. Хэрэв сонгуульд ялбал АН-ын даргыг яг энэ зүйл ангиар яллах уу? Хэрэв 60 тэрбумын хэргийг шийдэх гэж байгаа бол одоо АН-ын удирдлагуудыг дуудаж нэмж шалгах уу?
Яагаад энэ гэмт хэргийг харсаар байж улсаараа, хэн ч таслан зогсоох алхам хийхгүй байна вэ? АН өнөөдөр нэр дэвшигчдээсээ дааж давшгүй их мөнгө нэхэж байна. Төрийн худалдан авахад шаардлагатай өнөөгийн 60 тэрбумыг бүрдүүлэхийн тулд нэр дэвшигч бүр хагас тэрбумыг өгөх ёстой. Ингэвэл 38 тэрбум л босно, цаана нь төрийн албан тушаалыг худалдан авах 100 саяыг тушаасан 100 гаруй хүн бий. Ингээд ойролцоогоор 50 тэрбум төгрөг. Үүний дээрээс нэр дэвшигчид “сонгогчийн худалдан авахад” 700 саяыг зарцуулах хуульчилсан эрхтэй… Энэ нөгөө схем биш гэж үү? Одоо 100 саяа төлсөн бүхнийг хэрэгт татах, АН-ын нэр дэвшигч бүрийг төрийн эрх мэдлийг худалдан авахыг завдсан хэргээр шүүх хангалттай нотлох санхүүгийн баримт, албан ёсоор гаргасан жагсаалт бэлэн зэхээний байж л байна. Гэтэл цагдаа, шүүх, тагнуул, прокурор юугаа хийгээд хараад зогсоод байгаа юм бол?
Яг энэ чинь МАНАН дэглэм байхгүй юу! Бүгд адилхан, угаасаа л төрийг худалдаж авдаг. Ингэхээр Монголын төр бол “Авч сурсан, өгч заншсан хадаг, самбай” болж байгаа юм. Монголын төр хэн мөнгөтэй нь хусч болдог янхан аятай болчихож байгаа юм, өнөө эрхэмлэн хүндэтгэдэг, цай сүүний дээжээ өргөдөг, сүлдэт төр маань.
Аль ч нам нь байсан төрийг худалдан авах сонирхолтой. Сонгогчид нь төрөө худалдах сонирхолтой. Энэ манай өнөөгийн нийгмийн үнэн дүр төрх! Хэрэв 60 тэрбумын хэрэгт ял өгвөл, энэ жишгээр намуудыг хянаад эхэлбэл МАНАН сонгуульд оролцох эрхгүй болно. Олон зуун улстөрч, нэр дэвшигч хэрэгт татагдана. Ингэхээр төр сүйрч буй юм биш, дэглэм сүйрч байгаа юм гэдгийг ойлгох цаг болоогүй юу?
Энэ мөнгө тэгээд “Гарамгай улстөрчийг дэмжсэн мянга мянган хүний сэтгэлийн хандив” мөн үү? Хэн нэр нүүрээ барсан тэдэнд мөнгө өгөх вэ дээ? Тэгээд хэн өгнө гэж… Хэн мөнгөтэй нь. Хэн мөнгөтэй вэ? гэж үү?
30 гэр бүл… Тэд энэ хачин маргааныг хараад сууж л байгаа, сонгууль болмогц бүгдээрээ л мөнгө гуйгаад ирнэ гэдгийг мэдэж байгаа. Тэднээс өөр хэнд ч илүүчлэх сохор зоос ч байхгүйг мэдэж л байгаа. Хэдэн хүнийг ялласан ч, дараагийнх нь өөрсдөөс нь мөнгө авахыг мэдэж л байгаа. Хэзээ ч шатахгүй хөрөнгө оруулалт, ашгаа төрөөс хэд нугалаад авчихна. Банкинд хийгээд хүүлчихнэ. Мөнгө өгсөн хүмүүсийнхээ байгуулсан ЗГ-аар нь баталгаа гаргуулж валютын зээл аваад гадагш гаргачихна. Монголын гадаад өр өснө л биз, өөрсдөө л үүнийг хийсэн. Бид яагаа ч үгүй, мөнгө л өгсөн, “хүндэтгээд..!”
Харин улсаа тоносон улсаа зарсан улстөрчид мөнгөө хэзээ ч гаргадаггүй. Тэд капиталгүй, зүгээр л мөнгө “цуглуулсан” байхгүй юу. Түүнийгээ өөртэйгөө адилхан улстөрчид хандивлачихаар нөхөж олох бизнесгүй учраас харамладаг. Тиймээс тэд мөнгөндөө харам, нарийн. Айдастай. Харин мөнгөө төлөгчид нь улстөрчдөөр дамжуулж, тэдний удирдлагад байдаг “хатуу гишүүнчлэл”-ийн эрэг шургаар дамжуулж сонгогчдыг, улсыг худалдан авдаг.
Тиймээс манай аль ч лидер улстөрч энэ 30 гэр бүлийн менежер л байдаг… МАНАН бол 30 гэр бүлийн 60 тэрбумаар бий болсон ордон. Үхсэн хойноо, нэг гэр бүлд хоёрхон тэрбум юу юм бэ..?
2020 оны 04 дүгээр сарын 21.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: