СЭТГҮҮЛЧ СЭРГЭЛЭН: МОНГОЛЫН ТӨРИЙН МЭС ЗАСАЛЧ

Яадгийн, Би түүний улаан фэн.

Тээр нэгэн цагт Монгол төр цадигаа алдаж, засгийн албыг панзлан наймаалцаж, авилга төгсрөх хөрсийг хэн тарьсан? Н.Энхбаяр тарьсан. Төр наймаачдаар дүүрэх хаалга цэлийтэл нээгдэв. Ингэж нам гээч нь арилжааны компани боллоо. Улмаар шуналын туламнуудаар дүүрсэн нам нь төрөө, нийгмээ чирч уруудсаар эцэстээ улс орноо хөнөөж дуусна. Н.Энхбаяр гээч хорт хавдар ийнхүү буглажээ. Үүнийг зөв оношлосон хүн Г.Уянга. Оношлосон төдийгүй тэр хавдарыг ухаж гаргахаар дайрсан.

Намынхаа хошуу ноёдын сэнтийг панзчдад үнэ хаялцуулан зарж, улмаар төрийн албыг давааны боов шиг баруун солгойгүй цацаж тараасан Н.Энхбаярын эр бяр нь сагаж хязгааргүй эрхэт хаан сэнтийд залрав. Өнөөгийн хэллэгээр бол МАХН гээч хувийн компаний эзэн.

Богдод мөргөх мэт хэн хүнгүй түүнд дохилзон бөмбөрч байх үед Г.Уянга л “Улс төрийн сонин”-оороо хааныг “Авлигын загалмайлсан эцэг” хэмээн зарлаж, худал хулгай бүхнийг нь хуу илчилсэн. Тэр үед монголын ямар ч сачийтай эрээс гараагүй эр зориг энэ алгын чинээхэн бүсгүйгээс л гарсан юм шүү. Хэмжээгүй эрхэт хаантан гуайг сэнтийгээсээ онхолдож унах эхлэлийг Г.Уянга ингэж тавьсан.

Төрийн дараагийн том хорт хавдар юу байв? Намууд бие биеэсээ давуулан мөнгө амлаж эхэллээ. Нэг нь сая гэж хашгирахад нөгөө нь сая 500 мянга болгон давуулж зарлана. Цаашдаа энэ тоо хязгааргүй өснө. Энэ бол сүйрлийн эхлэл. Сонгогч биднийг тэжээвэр амьтадын сэтгэхүйтэй болгоно. Дамаа монголын мал сүрэг гурван саяар нэмэгдэнэ. Улсын сан хөмрөгийг хувхайртал ухаад ч амласнаа өгч чадахгүй. Гэвч сонгуулиас сонгуульд нэмж амласаар л байх болно. Энэ хавдарын тархалт зогсохгүй…

Ийнхүү хоосон амлалтаар ассан галт тэрэг хөдлөв. Ард олон яс горьдсон ноход шиг тоонд хууртан горьдсоор л байх болно. Эцэстээ хувь заяандаа дасна. Гэтэл үүний алс хэтийн гамшигт үр дагаврыг бас л Г.Уянга анзаарсан юм. Анзаараад зогссонгүй эсрэг галт тэрэг яаравчлан хөдөлгөв.

“Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөн” амласан мөнгөө өгөхийг цаг наргүй шаардаж, эцэстээ дүн өвлийн хүйтэнд талбай дээр өлсгөлөн зарлав. Сууж байсан гэрийг нь данхар том жип хэмхэртэл дайрч амь насанд нь халдсан ч тэмцлээ зогсоосонгүй. Эцэст нь амласан мөнгийг авч, хөгшид цагаан сараар гар цайлгах хэдэн цаастай болов. Амлагчдыг амласан мөнгөөр нь торгочихсон юм. Хаширсан намууд ч цочирдон хуралдаж ахин мөнгө амлахгүй гэж хуульчлав.

Г.Уянга ялсан. Ялаад зогсоогүй сүйрэл рүү уруудаж явсан Монголын толгой намуудад ёс зүй тогтоочихсон юм. Аль ч нам бэлэн мөнгө амлахгүй. Гүйцээ. Ийнхүү хүчтэй тархах хорт хавдарыг төрийн тархинаас ухаад авчихсан юм. Түүнд хорссон эрх баригчид муучлах өө сэв олж ядан аргаа барахдаа “Попын хатан хаан” хэмээн тохуурхав.

Гэнэхэн хүмүүс саяхан өөрсдийнх нь төлөө амь хайргүй тэмцэж явсан түүнийг эрх баригчдын үгээр тавлав. Хувь төөргийн шоглоом л юм даа. Дараа нь бүүр том мангас амаа ангайн, араа шүдээ ярзайлган босч ирлээ. Хэзээ ч анагаагдахгүй хорт хавдар. Нэр нь МАНАН. Н.Энхбаяр дэргэд нь ишиг. Толгойлогчид нь Санжийн Баяр, Ц.Элбэгдорж нар. Хоёр том намын хүзүү сээрээрээ хэлхэлдсэн хаадын цаана гурван үсэгтэй гурван компани. MCS, MAК, ХХБ.

Гүйцэтгэгч нар нь С.Баярцогт, Ч.Сайханбилэг, халзан Да.Ганболд гээд цааш цуварна. МАНАН монголын хаан сэнтийд мөнхөд заларч газрын доорх болон дээрх бүх баялгийг хуу хамна. Үүнийг хаа хүрэхийг урьдчилж харсан нь бас л Г.Уянга. Ингээд түүний тэмцэл МАНАН-тай тэмцэх мөнхийн дайн болж өргөжив.

МАН, АН-ы загалмайлсан эцгүүд тендэр, лицензээр монголын хамаг баялгийг ховх сорж цулайсан олигархиудтай нэгдсэн энэ аварга мангас Н.Энхбаяр шиг амар өнхөрчихгүй. Алгын чинээхэн Г.Уянга арван хурууныхаа үеийг барагдтал тэмцээд ч дийлшгүй. Хүчин мөхөсдсөн бүсгүй мөнхийн дайсныхаа эсрэг тэмцлийн аргаа олов.

МАНАН-г гаднаас яаж ч тэмцээд унагаж чадахгүй, тэднтэй өрсөлдөх хүчин Монголд байхгүй! Тэр өөрөө өөрийгөө л хөнөөж дуусвал дуусна. Иймээс АН дийлбэл МАН-д нэгд. МАН дийлбэл АН-д нэгд. Энэ маягаар тэд хоёр биенийхээ хорт хавдрыг өөрсдөө ухан гаргаж, бие биеэ багалзуурдана. Ялах ганц зам ердөө л энэ. Ерөнхийдөө Харри Трумэний тактик л даа. Арга буюу улс орныхоо төлөө бол чөтгөртэй ч эвсэх хэрэгтэй.

Угтаа бол монголд НАМ гэж үгүйг тэр мэднэ. Эрх ашгийн төлөө ноён дагасан бүлгүүд л бий. Г.Уянга шиг тууштай үзэл санаа тэдэнд үгүй. Зөвхөн эрх ашиг л бий. Энэ үед хаан байхад нь гөвшиж явсан Н.Энхбаяр нь шоронд орж, өөртэй нь адил эгэл иргэн болжээ. Эвсэв. Үнэндээ Н.Энхбаяр амь дүйж аврагдахын тулд Уянгын бий болгосон улстөрийн платформ дээр гуйж ирсэн хэрэг. Тэр газраа олж, аврагдав. Уянга хүлээгээд л авсан. Тэр хаан байхад нь ясаа цайтал үзэлцдэг ч харц болоод ирэхэд нь ад шоо үздээгүй, тийм л хүн!

Г.Уянга Их хуралд орж ирэв. Хамгийн зоригтой тэмцэгчид нь хүртэл мандал дээгүүр хоол хайн хөвөх жараахай, чабакнуудыг гогодох гэж үйлээ үзэж байлаа. Гэтэл Г.Уянга шууд л МАНАН-гийн хаадын хоолойд ассан юм. МАНАН гэх аварга том пирамидын суурийг эвдэхээр шулууджээ. Толгойлогч Санжийн Баярын АНУ дахь долоон хаусны талаарх баримтуудыг “Голомт” хөдөлгөөний залуусынхаа хамт Улсын Их Хурлын танхимд улайтал нь дэлгэж тавив.

Гурван үсэгтэй гурвын нэг МАК-ын ханхүүг хурлын танхимаас зугатаж гартал хулгай луйврыг нь эсэргүүцэв. Ерөнхий сайдыг байж суух газраа олж ядан, ээрч мууртал нь гөвшив. С.Баярцогтыг нүүрээ нуух газаргүй болтол нь салам загнав. Эцэст нь МАНАН-гийн загалмайлсан эцэг Ц.Элбэгдоржийг хаан ширээнээс нь хэдхэн сарын байтугай хэд хоногийн өмнө ч болтугай огцруулж унагахаар тэмцэв. Ингэж МАНАН-гийн хамаг л том акулуудыг ёроолоос гогодон үнэн төрхийг нь олны нүдэн дээр гаргаж ирсэн юм.

Хэрэв Ц.Элбэгдоржийг сэнтийгээс нь огцруулчихсан бол төрийн өмөггүй үлдсэн түүнийг тэр үедээ л илчилж, баривчилж, шүүж, хорих нь гарцаагүй байсан. Түүний араас ирмэгээр нь өрж тавьсан даалуу шиг МАНАН толгой дараалан нурж унах байсан юм. Гэвч бэртэгчин гишүүд Г.Уянгыг дэмжилгүй ноёдоо хаацайлж үлдсэн. Гайгаар нь өнөөдөр ч Ц.Элбэгдоржийг унагах нь байтугай ноцож ч чадалгүй чацга царайлсаар… Ер нь Уянгаас өөр ингэж чадах амьтан энэ халхын хавтгайд байгаа юм уу? Байсан юм уу? Байх юм уу?

Энэ нь бас нэгэн цоо шинэ жишигийг төрд авчиржээ. Үүнээс урьд намын дарга нарын эсрэг хэн ч ганхийдэггүй, амьгүй албат нарын үгссэн сэм хуйвалдааны үе байсан. МАН, АН аль нь ч хэлгүй Королия нараар дүүрсэн байсан. Улсын бүх баялгийг ханцуй дотроо нууж наймаалцаж байсан.

МАНАН-г залуурддаг хэдхэн мангасуудаас бусад нь утсан татуургат хүүхэлдэйнүүд байсан.

Намуудад болон УИХ-д ардчилалын үнэр ч үгүй байсан. Дарангуйлал л ноёрхож байсан. Уянга л хашхирсан. Улайтал нь илчилсэн.

Түүнээс хойш залуус дарангуйлагчдынхаа өөдөөс зоригтой сөрж дуугарч чаддаг болов. Энэ цуурай Г.Уянгыг Их Хуралд үгүй хойно ч үргэлжилж, шударга гэх таван гишүүн МАНАН-гийн шинэ толгойлогч М.Энхболдыг сэнтийгээс нь өнхөртөл давалгаалав. Үүний хүчинд МАН бага зэрэг цус сэлбэгдсэн. Харин АН-ы хэдэн бул хар чулуу хөдлөөгүй үлджээ. Г.Уянга л МАНАН-гийн эцсийн голомт болсон тэр бул хар чулууг бут цохиж АН-ыг жинхэнэ Ардчилсан нам болгож чадна.

Гагцхүү Г.Уянга л эрх баригчдын “Аянга” болж зүрхэнд нь хүрдэг. Тиймдээ ч Г.Уянгыг хазаарлахын тулд МАНАН элдэв сөрөг зүйл зохиох гэж үйлээ бардаг. Ганц ч лицензгүй, тендэр сугалж үзээгүй, ЖДҮ-гүй, концессгүй, идээгүй уугаагүй түүний эсрэг яаж ч чадахгүй. Эцэст нь арга мухардахдаа Су.Батболдын хийсэн бичлэгийг түүнд тохоод гүжирдчихсэн юм. Гэнэхэн сонгогчид молигод нь итгэчихсэн. Ингээд л өнгөрсөн дөрвөн жилд түүний аймшиггүй зоригт тэмцлийн оронд боов хивдэг, бохь зажилдаг, унтдаг авгай нар их хурлыг чимсэн.

МАНАН-гийн загалмайлсан эцгүүдийн эсрэг цуурайтдаг “Ерөнхийлөгч өө! Тайлангаа тавь, таныг огцруулах гарын үсэг цуглуулна” , “Ерөнхий сайд аа, уут уут мөнгөөр улсаа худалдсан сайд гуай, та лав монгол хүн биш. Монгол хэл их сайн сурсан хүн байна…”, ”Ард түмэн гэдсээ тасартал ядуурч байхад Та нар бүсээ тасартал таргалж байна…” гэх галтай цогтой үгс тасрав. Оронд нь “Өвөл болхоор хүйтэн болдог”, “Би бандаашаа өмсөөд гарсан, Би хүчиндээгүй. Мөнгийг нь төлөөд үйлчилгээ авсан”, “Монголчууд нэг л юм сурмаар байгаам. Усанд орж л сурмаар байгаа юм”, “Туул голын бүх загас эм сүвтэй”, “ЖДҮ авахдаа өөр компаниар авдаг гэж хэлэхгүй яасан юм?” гэх мэт ичиж үхмээр үгнүүд төрийн ордонд цуурайтах болсон. Төрийн ордон хошин шогийн тайз болсон.

Та нар намайг “Яасан олон юм бичдэгийн. Ганц л юм бичээч” гэж шоолж байгаа биз. “За яаах вэ, яааахав”. Үнэн л тэр юм чинь. Уянга буцаж орвол л энэ Их хурал нэг “жигдрэх юмандаа байгаа” байх. Цааш нь ярих уу яах уу? Сонгогчдоо…!

Гэснээс, Уянга өөрийн сонгогдсон Чингэлтэй дүүрэгтээ 67 тэрбум төгрөг хуваарилуулж чадсан юм. Засгийн газартай ноцолдож байхад нь аргалах гэж төсвийг ахиухан тавьж өгч “хахуульдах” гэсэн хэрэг. Тэгсэн ч дүүргээ ч хөгжүүлнэ, улсаа ч хамгаална гэдэг зарчмаасаа ухраагүй.

Урьд өмнө хэзээ ч очиж байгаагүй их хөрөнгө. Г.Уянгаас хойш Чингэлтэй рүү урсдаг хөрөнгө 11 оронтой тоогоор яригдах жишиг тогтсон юм шүү дээ. Хотын дүүргүүдээс хөрөнгө оруулалтаар 4 дүгээр жагсдаг болсон, өмнөх дүүргүүд нь Чингэлтэйгээс хоёр дахин олон хүн амтай Сонгинохайрхан, Баянзүрх… Энэ жишиг түүнийг явсны дараа хадгалагдсан уу? Яасан. Түүний эхлүүлсэн ажлуудыг үргэлжлүүлж, өөртөө ашигтай хөрөнгө оруулалт болгосон нөхөд санаа амар их ажил хийснээ гайхаад л явж байгаа харагдах юм.

Манай улс төрчдийн дунд дошин дээрээсээ өнгийж хошгируулдаг нь олон. Тас нисэх өндрөөс халиан харж хамгийн гүн бугшсан хавдар луу нь шонхор мэт шуугин довтолдог нь Г.Уянга. Тэр монголын улс төр, нийгмийг мэс засалч шиг оношилж, хамгийн аюултай хорт хавдрыг нь ухаж гаргадаг. Тэр хорт хавдрын буглаа нь хамгийн баян, нөлөөтэй, эрх мэдэлтэй хэсэг байдаг.

Тиймдээ ч түүний өмнө арга мухардахдаа элдэв гүтгэлэг, нэр хоч өгөхөөс өөр яаж ч чадалгүй мухарддаг. Харамсалтай нь энэ увайгүй бяцхан мэхэнд нь мунхаг харанхуйчууд автаж, мөнгөөр хөлслөгдөж түүний эсрэг шулганацгаадаг.

Бас нэг зүйл зориуд сануулахад, МАНАН-гийн зарладаг урвагч бол Г.Уянга яавч биш. Харин ч тэр үзэл санаандаа үнэнч, тууштай тэмцэгч ганц нь. Түүний эрхэмлэл бол зөвхөн “Үндэсний эрх ашиг”. Үүнээсээ хэзээ ч урвахгүй, няцахгүй. Товчдоо бол манай харалган улс төрчид зөвхөн харагдаж байгааг л хардаг бол Г.Уянга далд бугшсан өвчнийг харж, оношлож чаддаг.

Г.Уянга өнөөгийн байгаа хэд дотроо хамгийн алсын хараатай, зоригтой, ил шулуун улс төрч. Иймээс Монголын төрд бугшиж овоорсон хорт хавдруудыг эмчлүүлэхээр Уянгыг илгээхсэн. МАНАН-г түлхэн унагах ганц хүн. Тэр бол Монгол Төрийн МЭС ЗАСАЛЧ. Тэр хавруудыг хайр найргүй тасчин хаях хатуу зүрхтэй хүн! Уянга бол “Төрд хэрэгтэй хүн!”

Төрийн сүлд хардаг биз, Уянгатай эвссэн хүчин нэг л хийморьтой байдаг… гэхдээ түүний эрч хүч, эр зоригийг гүйцдэггүй!

Үнэндээ хил дээр цэрэг эр эх орноо манаж зогсоход араар нь мөнгө барьж орж ирээд газар шороог нь, баялгийг нь зөөж байхад хэн ч айгаад дуугарч чадаагүй. Харин Уянга цор ганцаараа “Рио Тинто”, “Сентерра гоулд”, “Шинхуа энержи”, “Пэйнтер Лоув” тэдний гар хөл бологч МАНАН-тай улаан гараараа үзэлцсэн. Ноён уулыг хамгаалахын төлөө 11 жил, Таван толгойг авч үлдэхийн төлөө 13 жил, Оюу толгойн ашгийг авчүлдэхийн төлөө 15 жил өчүүхэн ч няцалгүй, өчүүхэн ч гажилгүй зууралдан тэмцэлдэж байна.

Ийм тууштай хүн энэ 30 жилд төрсөн үү?

Одоо эрчүүл энэ хүүхнээс ичих хэрэгтэй, эмэгтэйчүүд үлгэр авах ёстой! Ахиад дөрвөн жил түүнийг хэрхэн Монголын тэнгэрт цагаан шонхор мэт элин халин тулалдахыг харах юмсан, Тэнгэр минь!!!

2020 оны 06 дугаар сарын 07.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

5 Responses to СЭТГҮҮЛЧ СЭРГЭЛЭН: МОНГОЛЫН ТӨРИЙН МЭС ЗАСАЛЧ

  1. Bat says:

    Сонгуульд нь амжилт хүсье. Сонгуульд ялах болтугай.

  2. Tom says:

    Ёстой мятаршгүй тэмцэж байна даа. Сонгуульд нь амжилт хүсье. Чингэлтэйчүүд үг, үйлдлийг нь харж түшээдээ сонгоосой билээ дээ.

  3. Дэмжигч says:

    Амжилт хүсье! Заавал сонгогдох ёстой нэр дэвшигч шүү. 30 жил хуурагдсан ард олон одоо хэн нь хэн бэ гэдгийг ойлгох цаг болсоон.

  4. Болд says:

    УЯНГА ГИШҮҮН МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ МОНГОЛ ХҮНИЙ АМЬДРАЛ,АМЬЖИРГААГ САЙЖРУУЛАХЫН ТӨЛӨӨ ИХ ТЭМЦСЭН, ТАЛБАЙ ДЭЭР ХАМТ ӨЛСӨГЛӨН ЗАРЛАН ТЭМЦЭЖ БАЙСАН ЭРЧҮҮД НЬ АЛБАН ТУШААЛТАЙ БОЛООД ТЭМЦЭЛЭЭ ЗОГСООСОН БОЛ, УЯНГА УИХ ГИШҮҮН БОЛООД ЭЛБЭГДОРЖ САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ НОМТОЙБАЯР, НАРТ ЁС СУРТАХУУНЫ ШИЙТГЭЛ АМСУУЛСАН ГАНЦ ГИШҮҮН , МОНГОЛЫН ТӨРД ЭНЭ ЦАГТ ХАМГИЙН ИХ ХЭРЭГТЭЙ ХҮН.

  5. жаргал says:

    Уянга бол унхээр Ганцдахгуй дайчин ухааны баатар!Сонгуульд нь Том Ялалт хусье!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: