Г.УЯНГА: ТЭСЧ ҮЛДЭХҮЙ… /Дэргэдийн бурхан үнэгүй-2/

Коронагаас болж Америкт хөл хоригдсон найз эгчийн ярих нь: “Энэ америкууд чинь ямар арчаагүй сонин хүмүүс вэ? Ёстой гайхлаа. Нойлын цаасаа булаалдаж байна, амны хаалт худалдаж авах гэж алалцаж байна. Бид ч гэртээ хуучин футболкоороо маск оёод зүүчихсэн…”
Францад амьдардаг дүү минь бас л европчуудын тухайд гайхалтай нээлт хийжээ. Биднээс хувь илүү соёлт ертөнцийнх гэж бишрэн шүтдэг тэд мөн л амны хаалтгүйгээс баларч байна гэнэ. Дүү даавуугаар маск оёж 3 еврогоор зараад овоо мөнгөжсөн тухайгаа хөгжилдөн ярьж байна. Монгол хүнд асуудал хэзээ ч асуудал байсангүй.

Тэнд корона илэрсэн нутаг нэгтнээ хот руугаа оруулахгүй гэж мод чулуугаар шидлэн хөөж, автобусыг нь шатааж байхад, Монголд корона илэрсэн харийн хүнийг Анх-Отгон гэж улсаараа өхөөрдөн нэрлэчихээд адууны шөл, шар тостой аарцаар эргэж, “Нутагтаа очвол авгайдаа алуулна даа, эндээ үлдвэл үлдэхгүй юу дөө” гээд алиалж сууцгаах. Нэг ч хүн хилийг нь давахгүй сэжиглэж байхад Монгол төрийн тэргүүн хөршдөө айлчилж юу байгаагаа сарвайж 30 мянган хонь өглөө. Бид өөрийн мэдэлгүй монгол зангаа гаргаж байгаа нь энэ.

Шүтээнээ болгосон Америк коронад илүү өртөж байгаа нийгмийн дорд анги давхарга-ядуус, орон гэргүйчүүд, хэт таргалалттай хүмүүс…ээ далимдуулан цэвэрлэх бодлого барьж байхад бид монгол хүн бүрийг аврах ёстой гэсэн зарчим баримтлав. Өөрийн мэдэлгүй монгол зангаа гаргаж байгаа нь тэр.

Манай “галзуу” Сарангийн ярьсан бас нэгэн жишээ санаанд оров. КАИКАН-ы шугамаар Японд очоод байж. Зочид буудалдаа зурагтаа үзээд тухалж байтал хамт байсан япончууд нь хуралдаад нэгэн асуудал хэлэлцээд сүйд майд болоод явчихлаа гэнэ. Саран юу болсныг асуувал, нэгэн том савтай уснаас шанагаар хутгаж өөр жижиг сав руу хийх хэрэгтэй болоод, тэд шанага авахаар хамгийн ойр байх гэр ахуйн барааны дэлгүүр интернэтээр хайгаад, ойр хавьд нь байхгүй… бөөн асуудал болж байх юм гэнэ. Саран “Сүртэй шт” гээд босч идэж дууссан дарсан өргөст хэмхний шилэн дэх шүүсийг асгачихаад шилийг нь цэвэрлэн, түүгээр хутгаад юүлээд өгч гэнэ. Япончууд амаа ангайн гайхаж алгаа ташиж “Саран сан ямар ухаантай юм бэ… Таны энэ туршлагыг КАИКАН дээрээ хэрэгжүүлмээр юм байна” гэлцэж гэнэ. Саран хэлэх нь: “Аягүй бол мангарууд гэр ахуйн барааны дэлгүүрээс шил худалдаж авна даа…”

Манай сагсчин Шаравжамцын хүү Америкт очмогцоо нэгэн еврей айлд зурагт үзэж байснаа уйдаж гараараа онгоц, танк болгон байлдуулж тоглохыг харсан еврей айлын эзэн аавд нь: “Бид хүүхдээ яг ингэж сэтгэдэг болгох гэж есөн шидийн ном, тоглоом авч өгч үйлээ үзэж байдаг. Гэтэл монгол хүүхэд хэн ч зааж өгөөгүй байхад шууд л ингэж сэтгэж байна. Үнэхээр гайхамшиг…!” гээд толгой сэгсэрсэн гэдэг.

Өнөөдөр бүх номын дэлгүүрт бестселлэр болж байгаа “Цойлогсод” бол еврей ээж хэрхэн хүүхдээ хүмүүжүүлдэг тухай өгүүлсэн ном. Хүүхэд тоглоомын талбайд гулсуураас унаж өвдгөө шалбалж, шавхайтай хутгалдан хувцсаа урж бохирдуулж байвал еврей ээж тоодоггүй гэнэ. Гайхамшиг юм байх. Гэтэл хүүхэд хөлд орсон цагаасаа малын захад тусад орон өсч байгаа монгол ахуй бол хиймэл биш, ориг гайхамшиг. Тоглоомын талбай хийж өгч чадахгүйгээс болж еврей аав ээжүүд хуучин эвдэрхий хогшлуудаа нийлүүлэн хүүхдүүдээ тоглуулсан нь гайхамшигт хөтөлж тэдгээр хүүхдүүд бүгд амжилтад хүрчээ. Харин бид чинь бүгд л чулуу, модноос эхлээд эвдэрсэн машины сэг, хэмхэрхий дугуй, хаягдал шил лааз… юухан хээхнийг тоглоом болгон тоглож өссөн биш үү?! Хэрэв “Цойлогсод”-ыг нямбай унших юм бол зүгээр л монгол ахуй түүнээс хэд дахин илүү, гэхдээ зориудаар бий болгосон хиймэл биш, мөн чанараараа, цаанаасаа л еврейчүүдийн бий болгохыг хүсдэг тэр орчин. Гагцхүү тэдний биднээс илүү нь аливааг дадал, зуршил болгох. Гэвч нөгөө талдаа хэрэв дадал, зуршил суучихвал өөр аливаа эрсдэлт тохиолдолд хэрхэх бол? Харин юуг ч дадал, зуршил болгоогүй нь хөрвөх чадвартай, өөр нөхцөлд өөрөөр сэтгэх чадвараа алдахгүй байхад хэрэгтэй ч байж болох.

Хэрэв хүүхдийн нь гарт өргөс орвол еврей ээж түүнийг хэрхэн хүмүүжлийн арга хэмжээ болгохоо мэддэг бол монгол ээжид угаас энэ нь хэзээ ч асуудал байгаагүй, байх ч үгүй. Монгол хүүхдэд ч ялгаагүй. Еврейчүүд шиг нийгмийн харгис хатуу шалгарлыг даваагүй юмаа гэхэд хэдэн мянган жилээр ямар ч энэрэл өршөөл, уучлалгүй байгалийн хатуу харгис шалгарлыг тасралтгүй давсаар, байгалтайгаа хамгийн сайн зохицон амьдарсаар ирсэн учраас монголчууд тэсч үлдэх, амьдрах чадвар хамгийн өндөр ард түмэн. Бид өлсөж, ядарч үзээгүй гэж өөрсдийгөө хэлэх дуртай. Гэвч байгалийн шалгаралд элээгдэж, үрэгдэж, тэсч үлдэж ирсэн ард түмэн. Иргэнших гэж оролдож байгаа сүүлийн зуугаадхан жил хатаагдсан энэ чанарыг мөхөөж яавч барахгүй. Хөдөө гэдгийг огт үзээгүй мэдэхгүй, морь тэмээгээ ялгахгүй монгол хүүхдийг нэг зун хөдөө аваачаад хаяхад л шууд “шид” нь гараад, цаад мөн чанар нь монгол яс нь илрээд ирнэ. Нэгэн зуны дараа л мал зүслээд эхэлнэ гэж мэд! Ясны юмыг хусч арилгах тийм ч амар ажил биш ээ!

Байрлал руу нь халдлага ирэхэд бусад цэргүүд рефлексээрээ амиа хамгаалан доошоо хяран хэвтэж байхад энхийг сахиулагч монгол цэргүүд рефлексээрээ шууд буугаа аван хамгаалж байна. Энэ бол монгол хүний л ясны мөн чанар нь гарч байгаа хэрэг. Мөн чанар гэдэг өөрөөс үл хамааран рефлекс болон тогтсон байдаг ажээ.
Үр хүүхэд нь эцэг эхээ асрамжийн газар өгчээ гэвэл монгол хүний хувьд энэ ертөнцийн шившиг. Хэдэн үеэрээ зэрэгцэн, золголдон хамтдаа амьдардаг монгол соёл бол дэлхийд гайхуулах соёл.

Яг өнөөдөр дэлхий нийт бараа бүтээгдэхүүний илүүдэлдээ хахаад, хог новшоо дийлэхээ байгаад минималист урсгал, чиг хандлага сая л ухаалагт тооцогдон ханарч эхэлж байна. Гэтэл монгол ахуй тэр чигээрээ минимализм. Нэг ч хог хаягдал үйлдвэрлэдэггүй тийм ахуйг дэлхий дээр зөвхөн Монголоос олж харж болно. Тэр чанар биднээс тийм ч амар явахгүй, аливааг хаяж сураагүй хүмүүс. Өмсөхгүй болсноо хөдөө явуулна, муудсан урагдсанаа хайчилж юм арчина, нэг юм авсан бол аль болох насан туршдаа хэрэглэчих гээд үзнэ…
Бидэнд өөрсдөө ч анзаардаггүй сайхан зан заншил, үнэ цэнэтэй чанар дэндүү олон байна.

Хэрэв бид олж харж л чадвал тэр бүхий л гайхамшгууд бидэнд өөрсдөд маань хангалттай байна. Еврейчүүдийг шүтэн биширч гаднаас өөрсдийгөө хайх шаардлагагүй. Өөрийгөө олохын тулд өөрөө өөрийгөө л сайн ухах хэрэгтэй байгаам даа, уг нь. Еврейчүүдэд сайн тал маш их бий. Юуны өмнө тэд аливаа сайн үйлийг зуршил болгож чадаж байна. Мөн маш сайн зохион байгуулалтад орж чадаж байна. Еврей хүн еврей хүндээ элгэн садан нь, эх орон нь, төр нь байж чадаж байна. Хэрэв үүнийг л нөхөн гүйцэлдүүлж чадах аваас монголчууд үнэндээ тэднээс юугаараа ч дутуу биш! Үүнийг л зөв тийш хандуулан нэгдмэл зохион байгуулалтад оруулж чадаж гэмээ нь монголчууд юуг ч бүтээх гайхалтай чадвартай ард түмэн.

Сайн хүн, муу хүн гэж байдаггүй, ХҮН гэж л бий. Хүн өөрөө сайн, муу хоёр талтай амьтан. Хүний нэг мөрөн дээр чөтгөр, нөгөө мөрөн дээр нь бурхан сууж явдаг ч гэлцдэг. Гагцхүү хүн өөрөө аль талаа илүү хөгжүүлэх вэ, бас дээр нь нийгэм аль талыг нь илүү дэмнэж дэмжиж байна вэ гэдгээс “сайн”, “муу” хүн байх эсэх нь хамаарна.
Өмнөх нийгэм бол “Битгий хувиа бод! Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө! Бүхнийг хүүхдийн төлөө! Бусдыг шулан мөлжиж, бусдаас илүү хөрөнгөжиж болохгүй!” гэх мэтийг илүү сурталчилдаг, өөрөөр хэлбэл хүний сайн талыг нь дэвжээн хөгжөөдөг, тийм хандлагыг өдөөн дэвэргэдэг чигтэй нийгэм байлаа. Харин өнөөдөр “Эх орон, ард түмнээ бодно гэсэн юм байхгүй, тэр бол онигоо! Чи амиа л бод! Энэ л хөгжлийн суурь! Нийтийн сайн сайхны төлөө гэсэн үйлсийн цаана өчүүхэн ч гэсэн хувийн эрх ашиг нь заавал нуугдаж байгаа, нуугдаж байх ёстой!” “Чи хожиж чадсан бол зол, чадаагүй бол хохь!” Хүний чөтгөр талыг нь дэвжээдэг, өдөөдөг нийгэм болж хувирчээ.

Явж явж бидний бүр хамгийн эцсийн зорилго юу юм бэ? Хөгжих үү, үлдэх үү? Нийгэмтэйгээ зохицвол хөгжих чухал. Байгалийн тухайд тэсч үлдэх түүнээс хамаагүй илүү чухал. Тэсч үлдэх цаг ирэхэд нийгэм, хүн төрөлхтний соёл, боловсрол, ухаалаг байдал гээч ямар хиймэл, хэрэгцээгүй, хөгийн хуурамч зүйл болохыг дөнгөж саяхан корона бидэнд маш сайхан дэлгэн харууллаа. Хүн төрөлхтөн өөрөө өөрсдийнхөө тухай дэлгэцээр кино үзэж байгаа мэт сайхан олж харцгаав. Дэлхийн хүн төрөлхтнийг нэгэн тавцан дээр гаргаж тавиад хэн нь хэн бэ гэдгийг яруу тод харуулсан шударга индикатор байсны нь төлөө коронад талархалтай. Одоо ертөнц өөрчлөгдөнө. Хэзээ ч олон болдоггүй, бас алга болдоггүй энэ үндэстний мөн чанар юундаа байгааг сая сонирхож эхэлнэ.
Бидний үнэлэмж дэлхийд илтэд өснө. Ийм цаг ирнэ гэдгийг мэдэж байсан, гэхдээ ийм хурдан ирнэ гэж төсөөлж байсангүй. Хөгжил гээч хуурамч зүйлээс хол, түүнд бүрэн автаж амжаагүй, байгалаасаа холдож алсраагүй… ийм нэгэн үндэстэн байх!
Эцсийн бүлэгт хэн тэсч үлдэх вэ? Илүү хөгжсөн нийгэм үү, эсвэл байгалтайгаа илүү зохицон амьдрах чадвартай нь уу?! Монгол үлдэнэ, Монгол ялна!
Тиймээс өөрсдийнхөө тоочиж барахгүй сайн сайхан чанаруудаа олж хараад МОНГОЛ СЭР!

2020 оны 08 дугаар сарын 23.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to Г.УЯНГА: ТЭСЧ ҮЛДЭХҮЙ… /Дэргэдийн бурхан үнэгүй-2/

  1. Bat says:

    Bayarlalaa. Saihan niitlel baina. Ug ni mongolchuud uur haragddag. Ardchilal gedeg ungut huwisgalaas hoish ulam dordloo doo. Mongol tumen mini serj mandan badrag.

  2. Anonymous says:

    Uneheer saihan bichjee.

Leave a Reply to Anonymous Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: