А.БААТАРХУЯГ: БИЧИГ БА МӨНГӨ !

Хятадын төрийн бодлого айхтар юм. 10 гаруй жилийн өмнө Өрөмчид очоод тод үсгээр гардаг, 40 гаруй мянган хувь хэвлэгддэг Шинжааны “Өдрийн сонин”-ыхонтой уулзаж билээ. Ерөнхий редактор (найруулагч гэнэ) нь Нацагдорж гэж торгууд хүн байсан. Гэрт нь очиж архи ууж, мах идэж, дуулж, хуучилсан.

Уржнан Шинжаанд очоод тус сониныг асуусанд “Байгаа, байгаа гэхдээ монгол бичгээр гарч байгаа” гэсэн. Нацагдорж гуай тэтгэвэрт суужээ. “Нийт монголчуудыг нэг бичиг үсгээр сургах болж…” гэсэн шүү юм бодоод сүрхий тоосон ч үгүй. Харин “Ингээд тод үсэг хаа ч хэрэглэгдэхээ болих нь дээ! Хэрэглэхгүй бол устана даа” гэж гуниглан бодоод өнгөрсөн. Нөгөө талаас БНХАУ-ын нийт Монгол үндэстэн нэг бичгээр бичвэл цөөн таруу хүмүүсийн нэгдэлд бас ч гэж сайн талтай гэсэн шүү юм бодож анхаарал тавьсангүй л…

Гэтэл энэ жил ердөө ганцхан бичгийг л сургалтаас хасчихаж байна. Тэгээд нийт монголчууд бичиг үсэггүй болох нь! Ганц далайлтаар шийдэхийн тулд нэг бичиг рүү шахаж байж уу? гэж сая л гэнэт бодов. Хэдэн жилийн өмнө тод үсгийг халсан нь монгол бичгийг халах ёр байж! Тэгэхэд тод үсгийг анзаарсан бол тодорхой бодлогыг илчлэх байж! Мунхагийн ухаан орой гэж… Яг үүн шиг бид Халх-Ойрад, Хасаг- Монгол гэлцэж хуваагдвал залгих ам нэг шүү!

Бас хэдэн жилийн өмнөөс Хятад улс 100 юаний дэвсгэртээ өөрчлөх гэж байна гэсэн сураг гарч байв. Яагаад гэвэл хятадууд мөнгөө гудсандаа хадгалдаг ард түмэн. Авилгаа ч бас банкинд бус бэлнээр хадгалдаг аж. Ханандаа, усан сан барьж хадгалсан ч гэх шиг… Тиймээс нь авилгаа нуухын зэрэгцээ гар дээрх мөнгө юаний ханшинд нөлөөлөх магадгүй тул өөрчлөх юм гэж сонсов. Учир нь хамгийн том дэвсгэрт зуут! Зуутын дэвсгэртээ сольж, авилгачдын авдран дахь мөнгийг цаас болгох санаатай юм гэлцсэн…

Гол нь юань дээр монгол, ханз, ланз, араб үсгээр бичсэн байдаг. Шинэ юань монгол үсэггүй гарах юм биш байгаа? “Хятад хүн дөрвөн хүнд хамгаас хайртай, тэр хэн бэ?” гээд “100 юань дээрх зураг…” гэдэг онигоо байдаг юм билээ. Одоо дөрвөн хүн ч үгүй, дөрвөн бичиг ч үгүй болох нь… Хятадууд ОУ-д авилгатай тэмцэж байна л гэх биз! Ковид тархаж, улс бүр хилээ хаагаад амиа бодон эвийг, бавий гэлцэх цагийг тохируулан Хятадын ЗГ монгол бичгийг хорих гэж байна!

Хамгийн гол нь “монгол бичиг” шүү! Энэ бичиг тус улсын түүхийг харуулдаг, бүр Чин гүрнийг сануулдаг, өөрөөр хэлбэл монгол бичиг Монгол, Манж үндэстнийг төлөөлдөг! Удахгүй 4 жижиг таван хошуугаа ч авах юм байх даа?

БНМАУ бичиг үсгээ кирилл болгож, өвөрлөгчид хуучин бичигтэй үлдсэнээр монголчуудын хэл соёлын хэлхээ холбоо суларч таслагдсан. Монгол бичиг бол уулын оргилд тахисан өндөр багана мэт гэрэлтэж, нийт монголчуудад хэн болохыг нь сануулж байв. ЗХУ-ын үед ЗСБНХОУ өөрийн харъяат ард түмнээ кирилл үсэгтэй болгосноор “Нэг үндэстний интернациональч гэр бүл” бий болгохыг зорьсон. Буриадууд “С” үсгийн төлөө яаж хохирлоо?! Бид тэгэхэд тоогоогүй, өнөөдөр буриадууд айхтар оросжсоныг гайхаад байх хэрэггүй л дээ, тэгэхэд л…

Хятадууд монгол бичгийг ОУ-ын стандартад дүрс үсгийн элемэнтээр оруулах гэж, бид авиа тэмдэглэдэг үсгийн элемэнтээр оруулах гэж их юм болсон. Хятадууд зөөлөндүү байсан, угаас ингэх гээд байж!

Монгол үсэг бол цагаан хэрмээс ч өндөр соёлын “босоо хана хэрэм” билээ, энэ бичиг биднийг лав сүүлийн хагас мянганд монгол гэдгийг таниулж, мэдүүлж иржээ. Хэрэв өвөрлөгчид монгол бичгээ гээвэл ёстой шуудай хар будаанд хийсэн атга арвай мэт уусан алга болно! Монгол хүн хаа ч байсан өөрийн өв соёлыг уламжлуулан хэрэглэх эрхтэй!

Монгол Улс ч энэ бичгийг хэрэглэдэггүй гэж болзошгүй ч энэ бол коммунист дэглэмийн мөн чанараас үүдсэн түүхэн хэрэг явдал. Үүнийгээ бид засах гэж оролдож байна. Харин БНХАУ дэглэмийнхээ мөн чанараа хүмүүнлэг дэлхий ертөнцөд дахин харуулж, бүдүүлэг бурангуй улс гэгдэхгүй байх боломж бий! Уг нь хятад бол эртний соёлт үндэстэн!

Өвөрлөгчид үсэг бичгээ хамгаалж буй нь зүйн хэрэг. Хэдий энэ БНХАУ-ын дотоод хэрэг авч нэг үндэстний нэгдмэл хэл соёлтойн хувьд энэ нь бидний ч асуудал мөн! Ингэвэл бид өөхөнд болсон бөөр, үнхэлцэг доторх зүрх, үсэнд нуугдсан бөөс байхаа болино! Ганц тонгорогоор л хусуулна! Тиймээс монгол бичиг хэмээх хана хэрмээ цавчуулан унагаваас хэн эмгэнэлтэй вэ?

Монгол эмгэнэлтэй!

“Орон бүхний Монголчууд нэгдэгтүн!”

2020 оны 08 дугаар сарын 31.  

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to А.БААТАРХУЯГ: БИЧИГ БА МӨНГӨ !

  1. Anonymous says:

    Бид нар нийтээрээ Монгол бичигээ
    хэрэглээндээ 100% нэврүүлье. Крилл бичгийг 10жилийн дотор үе шаттай халая. Их амархан асуудал биш үү.

    • Tugs says:

      Энэ ч бас бидэнд нэг зам эсвэл боломж гаргаж ирэх байх. Бид тоомсорлохгүй байгаа уйгаржин монгол бичгээ сэргээж, хэрэглээ, хэрэглэх орчиныг нь нэмэгдүүлэн хос бичигтэн (өдөр тутам хэрэглэж буй латиныг нэмбэл), бүр гурамсан бичигтэн болж, үндэстнийхээ оюуны дархлааг бэхжүүлэх боломж гарч ирж болох юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: