А.БААТАРХУЯГ: СУДЛААЧ ГАНАА, БААБАР НАРЫН ӨГҮҮЛЛИЙГ УНШААД…

Сүүлийн үед нөхцөл байдлыг олон талаас нь харж шинжилсэн түүхэн философи болон улс төрийн аналитик өгүүллүүд олон гарах болсон нь тун сайн хэрэг. Түүний нэг нь А.Баатархуягийн энэ өгүүлэл болно.

Хувьсгалын 70 буюу их хэлмэгдүүлэлтийн жилүүд

Монгол Улсад улстөрийн нам байгуулагдсаны ойг 100 жилийн ойг тэмдэглэж байна. Коммунизмын жилүүдийн намаа магтан дуулах ёслолыг Ардчилсан зарчимд нийцүүлэн, түгээмэл шинжтэй болгож зүсээ хувиргасан ёслол. Юу ч өөрчлөгдөөгүй, гагцхүү нэр томъёо л өөрчлөгдсөний бас нэг шинж энэ билээ. Энэ яаж ч бодсон МАН-ын 100 жилийн ой!

Тавилан заяагаар МАН-ын 100 жилийн ой үнэмлэхүй эрх мэдэлтэй төр барьж байгаа үед нь таарчээ. Бас тэдэнтэй ой булаацалдах нэг нам байгаа нь МАХН юм. Гэхдээ дэглэм өөрчлөгдсөн, тиймээс тэртээ 100 жилийн өмнө байгуулсан намын суу алдар, үнс нурман доторх гавъяаг булаацалдахаас гадна бас алдааг өөртөө хүлээсэн нь жинхэнэ залгамжлагч болох учиртайг мартаж болохгүй.

МАН анх Монгол Улсыг анх дэлхийн түгээмэл төр байгуулах ёс БН засаглалд оруулсан. Харин ингэхийн тулд Богд хаанаас Бодоо сайд, Данзангаас Сүхбаатарыг хүртэл хэдэн арван Үндэсний баатруудыг алж, ангиар ялгаварлаж Чингисийг угсааныхныг хядан устгасан хариуцлагыг хүлээх ёстой.

Орчин үеийн аж үйлдвэрийн цогцолборууд байгуулсан ч түүний оронд олон зуун сүм хийд, Монголын ард түмний соёлын давтагдашгүй үнэт өвийг бүрэн устгаснаа хүлээн зөвшөөрөх ёстой.

Орчин үеийн арми байгуулсан боловч дайнд алагдсан дайчдын тооноос өөрсдийн нь энх цагт өрлөсөн баатрууд илүү олон байдгийг бас зөвшөөрөх ёстой гэх мэт. Тэмбүүнээс салгасан, хот байгуулсан, боловсролын систем бий болгосон гэж магтдаг байсан ч тэр нь Дорно дахинд байтугай дэлхий дахинд XX зууны хүн төрөлхтний олсон ололт амжилтын нэг хэсэг байсныг бүгд харж байна.

Тусгаар тогтнолын тэмцлийг бид эхлүүлж, манлайлсан гэдэг авч үнэндээ нам байгуулагдсанаас өмнөх 10 жилийн түүхийг үгүйсгэж байж энэ алдар нэрийг хүчээр өөртөө нааж байсныг өнөөдөр бид бүгд мэднэ. Улс орныг орчин үежүүлсэн гэдэг ч Оросын “Заговор”-оос эхлээд “Сэхээтний төөрөгдөл”, “Намын эсрэг бүлэг” хаягаар хэдэн мянган тэргүүний шилдэг сэхээтнүүдийг хомроглон алж устгаж, хавчин гадуурхаж, үр удмаар нь үе дамжуулан тарчлаан зовоосноо хүлээн зөвшөөрөх ёстой.

Яг энэ өнцгөөс харвал ард түмнээсээ, түүхээсээ, алдааны улмаас хохирогсдын үр удмаас өршөөл гуйсан нь, тэр өршөөлийг нь ард түмэн хүлээн авч цаашид оршин байхыг зөвшөөрсөн нь энэ алдар нэрийг өөртөө наах эрхтэй.

Гэвч ард түмэн өршөөгөөгүй, тэднийг хүлээн авахыг хүсээгүй, тиймээс Ардчилсан хувьсгал ялж, дэглэмийг түлхэн унагаад тэр үеийн Үндсэн хуулиар “Монголын ард түмнийг удирдан чиглүүлэгч” МАХН-ыг эгнэгт архивт шилжүүлсэн билээ. Тэр нам унан унатлаа хэлмэгдлийг үргэлжлүүлсээр л байсан. Энэ хувьсгалын 70 нь…

Гэтэл өнөөдөр нас чацуу 1921 оны 7 дугаар сард Шанхайд байгуулагдсан ХКН, түүний дараа XX зууны дундуур байгулагдсан Вьетнамын Коммунист нам, Солонгосын Хөдөлмөрийн нам, Кубын Коммунист нам, бас МАХН-тай төстэй нэртэй коммунист системийн үед цорын ганц дүү байсан Лоасын ЛАХН өдгөө Үндсэн хуулиараа зөвшөөрөгдөн эрх барьж байна. Харин өнөөдөр Монголд коммунизмын сүнс сэргэж байна.

Хулгайчийн 30 жил, тонуулчдын засаглал.

Үнэндээ коммунист намаас эдэнд уламжилсан зүйл байхгүй, хожим барьсан нэг цагаан байшин байсныг “7 дугаар сарын 1”-ны үймээнээр шатаачихсан. Ардчилсан дэглэмд коммунист намыг зөвшөөрөөгүй хориглосон тул Н.Энхбаярын удирдсан жилүүдэд МАХН өөрийгөө ардчилсан зүүн төвийн нам гэж зарласан.

Ардчилсан нийгэмд оршин буй МАН 30 жилийн түүхтэй, энэ хугацааны тэн хагаст МАХН нэртэй явсан. Тэр үедээ мөн ч хүчирхэгжиж, үнэмлэхүй эрх мэдэлтэй засаглаж байсан авч улс орныг авилгын аалзны тороор хэрсэн тул ард түмний сонголтоор эрх мэдлээс зайлуулагдсан билээ. ”7 дугаар сарын 1”-ий Иргэний хөдөлгөөний тэмцлийн үеэр нэр хүндээ алдсанаа ойлгосон МАХН өөрийгөө цэвэрлэхийн тулд тэр үеийн удирдагч Н.Энхбаярыг намаасаа хавчин “нэрээ өгөөд” гаргасан. Н.Энхбаяр намын I узурпатор байсан, түүнийг улстөрийн Элба аралд цөлчихсөн харин МАН-ын II узурпатор Сү.Батболд болох нь саяхан тодорлоо. Одоо түүнээс салах эсэхээс энэ намын 30 жилийн түүх үргэлжлэх эсэх хамаарах төлөвтэй болчихлоо.

Н.Энхбаярын араас МАН-ыг Сү.Батболд, С.Баяр, У.Хүрэлсүх нарын “триад-гурвал” удирдаж байжээ.

Сү.Батболд бол Н.Энхбаярын үед “Нам бусчуудын эвслээс уригдсан” мөнгөний засаглалыг тогтоогч юм. Түүнийг М.Энхболдын фракц хязгаарлаж байсан авч тэр нь 2017 оны сонгуулиар ялагдсан тул эрх мэдлийг хожуу бүхэлд нь авсан байна. Ингэхдээ тэд хайр найргүй, увайгүй байж өөрийн намынхныг багцлан шоронд илгээж байв. Шударгадаа бус эрх мэдэл авахад энэ хэрэгтэй байв. Дээд түвшинд хотын фракцыг шахан зайлуулсан бол намын залуучуудын байгууллага нь ч бас өрсөлдөгчдөө намнаж байв. Яг бошгыг халахынхан шиг…

МАН-д дотоод эрх мэдлийн шилжилт хийгдэж байх зуур АН бүхэлдээ сүйрч байв. Ардчилсан нам бүр дарга нь “МАХН-ын бүлгийн дэд дарга, АН-ын дарга” байх үеэс МАН-аас хараат болж эхэлсэн бөгөөд үүний уршгаар намын удирдлагад улстөрч биш аж ахуйн няравууд гардаг болсон юм. Улсын эдийн засгийн голлох салбарыг хянадаг МАН-ын санхүүгийн сүлжээний дэмжлэгээр улстөрийн амжилт олохын тулд АН-ынхан тус намтай сүжирч эхлээд алсдаа бүрмөсөн хараат болчихсон билээ.

Ингэхдээ улстөрийн орон зайд маш хүчтэй нөлөөтэй “Ардчилал” хэмээх өмчийг мөнгөөр найр тавин худалдсанаар МАН-д илэрхий ашигтай болчихсон юм. Анх СГЗ шинэ үеийн сэтгүүлзүйг үндэслэгчдийн нэг Ц.Дашдондов “Ардчилал бол нэг намын өмч биш” гэж 20 шахам жилийн өмнө хэлсэн нь өдгөө ийм өөрчлөлтөнд хүргэсэн байна. Ингээд өмч эзгүйрэхийн адил “Ардчилал” ариглаж хамгаалах эзэнгүй болов. МАН Ардчиллыг ашиглах л дуртай болохоос чин сэтгэлээсээ хайртай биш юм. “Ардчилал” бол АН-ын үнэт өв, барагдашгүй өмч байсан билээ.

Гэвч АН суларч доройтсон нь МАН-ыг ахин нийгэмтэй ямарваа хаалтгүй нүүр тулах байрлалд шилжүүлжээ. Үүний өмнө эвсэж явсан АН Ц.Элбэгдоржийн удирдлагаар бултаж нийгмийн масстай тулгаснаар байраа шатаалгасан бол одоо МАН ба ард түмний хооронд зөөллөх жийргэвч алга болчихжээ.

Ц.Элбэгдорж буцаж овоо үнэтэй жийргэвч болж өгч байж тэр үеийн МАХН-ыг амьд үлдээсэн билээ. МАН үүнийг шууд томъёолсон нь юу л бол, гэхдээ зөнгөөрөө С.Эрдэнийг жийргэвч болгохыг хичээж байх шиг байна. Гэхдээ С.Эрдэнийг ашиглаж нийгмээс хаацайлах жийргэвчээ сэтлэхийг оролдож байгаа нь “муу тусмаа сайн” гэдэг үлгэрээр орсных байж ч мэднэ.

II Узурпатор

Н.Энхбаяр өөрийг нь дарангуйлагч болох гэж оролдсон тухай сэдэвт туйлын эмзэг байдаг. Үнэндээ 72 суудал ба ЗГ-ын нэгдмэл хүчээр тэр дарангуйлал тогтооход тун ойртсон юм. Үүнд нь өнөөх ҮХ-ийн дордуулсан 7 өөрчлөлт тусласан билээ.

Н.Энхбаярыг унасны дараахь МАХН-ын дотоод хямрал энэ нам байх эсэхэд тулж байсан юм. Тийм ч хүчирхэг биш юм байна гэж олон нийт бодох болсон билээ. Аливаад эзэн хайдаг Монгол араншингаар Н.Энхбаярыг голлож шүүмжилж байсан нь МАХН-ыг аврагдах боломж байсныг явцын дунд олж харжээ. Н.Энхбаяр МАХН-ыг байгуулсны дараа МАН шүүмжлэлийн гадна үлдчихэв.

Дараа нь Н.Энхбаяр өөрийнхөө бий блгосон системтэй тэмцэлдэж эхлэв. Чухам юү гээчийг бий болгосноо тэр яс махаараа мэдэрсэн байх. Гэхдээ л системээ мэддэгийн хувьд тэр ялаас мултарсаар байв. Харин энэ зуур олон улстөрч шоронд орж, гэм нүгэл нь илчлэгдэв. Иргэд одоогоос найман жилийн өмнө “жараахай л шүүрдэг” гэж шүүмжилж байсан бол МАН-ын дотоодзөрчлөөр акулууд нь торонд орчихоор хэсэгтээ тайвширч, итгэл өгч эхэлсэн билээ.

Гэвч систем бол систем. Махны машин ажилласаар одоо эздийнхээ хормойноос чангааж эхлэв. 30 гэр бүл Монголыг эрхшээж байгаа тухай яригдсаар, улстөрчид шоронд орохын хэрээр МАНАН сарнихад ердөө 10-аад гэр бүл эрхшээж байгаа нь тодорхой болжээ. Чухам энэ талаас үзвэл АН сул байсан нь МАНАН сарнихад тустай байсан ч юм шиг…

Ингээд яг “хонгилын үзүүрт байгаа эзэн” тодорсон нь Сү.Батболд байв. С.Баяр, У.Хүрэлсүх хэмээх МАН-ын тахигдсан “лидерүүд” нь ердөө түүний тоглоом байжээ. Урд өмнө улстөрчдийн хэрэг зовуурьтай нийгэмд хаалттай байдлаар удаан шалгагдаж, шалтгаан нь тодорхойгүй хаалттай хурлуудаар таслагдаж байв. Н.Энхбаяр энэ гажигийг мэддэг тул хурлыг нээлттэй явуулахыг шаардаж, үхэн тэмцдэг байсны хүчинд үлдсэн юм л даа. Харин энэ удаад Сү.Батболдын бүх үйлдэл нийтэд тодорхой болов.

Одоо МАНАН сарниж, хонгилын эзэн тодорсон тул нэг л томъёолол үлдэж байна. МАН бол СҮ юм, Сү бол МАН юм. Бүх зүйл нь ил болж, ковидын хямралын улмаас ядуурч хилэгнэсэн иргэдийн өмнө одоо МАН цор ганцаар үлдлээ. Хоёр ч парламентад 65, 62 суудалтай ажиллаж, бүхий л асуудлыг гартаа авахын тулд, өөрөөр хэлбэл II узурпатораа төрүүлэхийн тулд Үндсэн хуулийг хүртэл өөрчилсөн нам! Түүх давтагддаг, эхнийх нь инээдэм, хоёр дахь эмгэнэл гэж энэ. Эхний долоон өөрчлөлт, Н.Энхбаяр хоёр одоо инээдэм, сүүлийн өөрчлөлт, Сүгийн оффшор бол эмгэнэл. Өнөөдөр улс оронд тулгарч буй хүндрэл бэрхшээл бүрийг МАН одоо хэнд ч нялзааж болохгүй, хэнтэй ч хуваалцах учиргүй.

Чухамдаа “Ерөнхийлөгч нь биш канцлер нь хаан болдог” Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараа Ерөнхий сайдыг 1000 жагсагчаас айгаад уначихна гэж хэн ч зүүдлээгүй, гэтэл тэр хааны хүсэл байсан ажээ. МАН хаанаа мэдсэн, одоо тэд хааныхаа төлөө нийт иргэдтэй зөрчилдөж байна. Бүр 100 жилийн ойд зориулсан санхүүжилтүүдээ хүртэл хаанаа хамгаалахад зориулж байна.

Сонгуулиас ба авторитаризм руу…

Ч.Сайханбилэг өөрийгөө хамгаалахдаа Х.Баттулга авторитар дарангуйлал тогтоож байна гэжээ. Үгүй л дээ, МАН яг одоо авторитар дарангуйлал тогтоохын өмнө тулж ирээд байна.

Одоо цорын ганц сөрөг хүчин байгаа нь Ерөнхийлөгчийн институци. Одон шагнах, арми командлахаас өөр эрх мэдэл байхгүй. МАН авторитар дарангуйллаа бэхжүүлэхийн тулд АТГ, Шүүхийг хэт олонхоороо түрээ барьж өөрийн мэдэлд авч, нийт шүүгчдийг айлгахын тулд цагдаагаас зохион байгуулалттайгаар шүүгчдийг мөрдөн мөшгиж дарамталж байна. Наагуураа Ерөнхийлөгчийн мэдлийн шүүхийн ёс зүйн асуудлыг яриад байгаа мэт авч цаагуураа шүүх засаглалыг бүрэн мэдэлдээ авах санаархал. Саяхан шүүхийн тухай хуулийг өөрчилж, Дээд шүүхийн тэн хагасыг ЗГ, парламентаас томилдог болчихсон. Одоо нийт шүүгчдийг дарамтална.

Эхнээсээ үр дүн гарсан нь АН-ыг шүүх ба бүртгэлийн газартай эвсэж тамлаж байгаа явдал. Хууль зүйн сайдын хэрээс хэтэрсэн увайгүй үйлдлүүд, жандармын засаглал хоёр иргэдийн эсэргүүцлийг өдөөгч болож хувирлаа. I узурпаторын “нохой” Ц.Нямдорж ч ийм байгаагүй юм. Нөгөөх нь Сангийн яам, бас л I узурпаторын Ч.Улаан бол Ч.Хүрэлбаатарын дэргэд номын хүн байсан юм. Асуудлын гол нь Н.Энхбаяр кабинетаа бүрэн хянаж байсан бол Ч.Оюун-Эрдэнэ одоо намгүй, дээр нь кабинетаа ч бүрэн хянаж чадахгүй байна.

Ийм үед эрх мэдэл “хуучин” даргаа дагаад нам руу шилжсэн бөгөөд үүний улмаас МАН улам бүр коммунистжиж, улам бүр авторитаржиж байна. Энэ бол муулах гэсэн арга ядсан үг биш зүгээр л бодит байдал. МАН-ынхан ажилласан, намаа бэхжүүлсэн, одоо ч бэхжүүлж байна, гэхдээ хууль бусаар… Хэрэв Сү-тэй хариуцлага тооцож чадахгүй бол үүнийгээ батална.

Яг өнөөдөр Монголд нэг л нам байна. Хатуу гишүүнчлэлтэй, санхүүгийн хүчирхэг сүлжээтэй, дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамаарч гадаадаас ч хөрөнгө дайчлах чадвартай, улсаасаа том нам.

Баабар үүнийг яг онож тодорхойлсон. Харин одоо намуудыг тараая гэвэл энэ улсаасаа том нам зөвшөөрөх үү? Ерөнхийлөгчийн сонгуульд ч дангаараа орохыг санаархаж байгаа нам шүү дээ!

Сайн, муу ч Ерөнхийлөгч өнөөдөр тэр ардчиллын сүүлийн голомт болсон. Энд би Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг магтаагүй, бас л бодит байдал. Энэ голомтыг дарвал өмчлөгчгүй ардчилал сүйрээд Монголд хунт тогтоно. Одоохондоо бид ардчиллын тухай ярихтайгаа байна, хэрэв алдвал 10 жилийн дараа улс орон байх эсэх тухай ярих болно!

Сургамж…

АН-ын даргаар увайгүй, чадваргүй сул хүнийг унагах нөхцөлгүйгээр тавьсны гайг одоо тус нам үзэж байна. Үүнийг жаахан томруулаад харвал Монгол Улс ч яг ийм байдал руу маш хурдтай дөхөж байна.

Нийгмийн эд эс бүхэн нийгмийнхээ мөн чанарыг хадгалдаг шиг АН ч өнөөгийн нийгмийн байдлыг, хүрч болзошгүй аюулыг нийтэд сэрэмжлүүлэн хүчтэй хямарч, алгуур доройтож байна. Томруулаад харвал яг Монгол Улс шүү дээ! Хэрэв одоо увайгүй хүмүүсээр улсаа удирдуулчихаад салж чадахгүй бол, салъя гэх нь ээ гаднаас өөр хүчин зүйл тэднийг тогтоогоод байвал тэд цаашаагаа л үйлчилнэ. Буруу гэдгийг нь мэдэж байвч, С.Эрдэнийг хар л даа! Юунд найдаж цаашаа гүйгээд байгаа юм бол? МАН бүх эрх мэдлийг гартаа авбал гэмтэй С.Эрдэнэ байтугай гэмгүй хүмүүсийг ч далд хийчихэж чадна.

Ийм нөхцөлд авралын цорын ганц гарц байдаг нь улстөрийн арга. Шударга бус хууль, шударга бус тогтолцоо бэхэжсэн үед түүнийг эвдэх цорын ганц арга зам бол улстөрийн арга зам юм.

Ардчилсан хувьсгалаас хойшхи жилүүдэд Н.Энхбаярын засаглаж байсан жилүүдээс бусад он жилүүдэд Монгол Улс байнгын хямралтай явж ирсэн. Гэхдээ улстөрийн л дөө. Эдийн засаг бол 6-7%-ийн өсөлттэй явж ирсэн.

Харин яг өнөөдөр улстөрийн сүйрэл рүү дөхөж байгаа бөгөөд үүгээр ардчилал зүсээ хувиргаж авторитар дарангуйлал болж хувирна. Дээрээс нь эдийн засаг яг уруугаа харж -6 хувийн уналттай болов. Урьд өмнө баялгийн шударга бус хуваарлалтын улмаас эдийн засгийн өсөлтийн өгөөжийг нийгмийн олонх хүртэж чаддаггүй байсан бол өнөөдөр нийтээрээ алдагдал, хохирол үзэж байна.

Ерөөсөө л дархлаа султай эдийн засагт “ковид” тусгачихлаа. Одоо бол ардчилал энэ ковидоор үхэх үү, аль эсвэл бас дахин дархлаа сууж эргэж сэргэх үү? гэдэг заагт тулчихжээ.

Олон нийт үүнийг зөнгөөрөө мэдэж, эсэргүүцэж өдрөөс өдөрт эгнээ нь тэлж байгаа боловч яг өнөөдөр тэднийг удирдан зохион байгуулах хүчин алга… Гэхдээ заяа тавилантай улс л юм бол бид хувь заяагаа гартаа авах л хэрэгтэй. Н.Энхбаярын засаглалыг шүүмжилж байсан тэр жилүүдэд үй олон хүн яг өнөөдөр Сүг долоож байгаа шигээ үхэн хамгаалдаг байсан юм. Дараа нь харин Н.Энхбаярыг унамагц бүгдээрээ түүнтэй тэмцэгч байсан болж хувирдаг юм. Нөгөө Бурдуковт Дөрвөдийн нэг ноён “Хятадаас пүнлүүг нь авч хохироож байгаа юм” гэж тайлбарласан шиг.

Цаг үе баатруудаа төрүүлдэг, цаг үед баатруудаа хүлээж байна !!!

2021 оны 03 дугаар сарын 01.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: