МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ТАЛБАЙ БА Х.БАТТУЛГА

Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлэх асуудал монголчуудыг улс төрийн төдийгүй бүх төрлийн дайны байдалд оруулжээ. Манайхан дуртай хүнийхээ нэрийг “дэвшүүлэн” баруун солгойгүй хэрэлдэж байгаа боловч үнэндээ хэдхэн нам, хэдхэн хүнийг тойрон маргалдаж цэцэрхэж байна. Хэдий ийм боловч Монголын улс төрийн өнөөгийн нөхцөл байдлын шинжлэх ухааны анализыг хэн ч хийгээгүй байна. Ийм анализ хийгээгүй тохиолдолд хар таамаг, хар хүчээр асуудлыг шийдэх нь элбэг. Иймээс Ерөнхийлөгчийн сонгууль болон түүний үр дүнд нөлөөлөх улс төрийн талбай, хүчний харьцаа, түүний хандлагын талаар товч өгүүлье…

Пьер Бурдье-гийн улс төрийн талбайн онолын товч

Аливаа сонгууль ярихийн тулд улс төрийн талбай гэдгийг шинжлэн үзэх ёстой. Үүний тулд францын социологич, улс төр судлаач, нийгмийн болон улс төрийн талбайн онолыг үндэслэгч Пьер Бурдье-гийн (1930-2002) онолыг мэдэх ёстой. “Тэр муу онолоор чинь үхснээ хийхийм” гэж монгол баагийнууд агсардаг л даа. Гэхдээ дэлхий дахин үүнээс өөр арга мэдэхгүй, түүнийг баримталдаг,  түүнээс татгалздаггүй. Би бичсэн онолын өгүүлэл болгондоо түүнийг унш гэж үглэдэг. Уг нь 10-аад зузаан ном, “үй түмэн” хүснэгт, тооцоо бий л дээ. Тэрийг манай “их мэдэгч аваргууд” уншина гэж гонжийн жоо учраас би П.Бурьде-ийн улс төрийн талбайн онолоос маш товч өгүүлье…           

Улс төрийн талбай бол улс төрийн үйл явдал өрнөж буй хүрээ болон орон зайг хэлнэ. Яг тодорхойлолт нь: ”Улс төрийн талбай бол улс төрийн тоглогчдын (актор) хооронд улс төрийн өрсөлдөөнт тэмцэл явагдаж, энэ явцад улс төрийн бүтээгдэхүүн, үзэл баримтлал, хөтөлбөр, анализ бий болж, үүнээс нь жирийн иргэд сонголтоо хийж байдаг тэр газар (талбай) юм.

Иргэд бол итгэгчид болох бөгөөд тэд улс төрийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчид юм. Итгүүлэгчид гэдэг нь улс төрийн идэвхитэй агентууд (үндсэн тоглогчид) болох ба өөрөөр хэлбэл тоглолтын дүрэм журмыг өөрсдөө бүтээдэг, улс төрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэгжилтэд монополь тогтоодог мэргэжлийн улс төрчид болон тэдгээрийн намуудыг итгүүлэгчид гэнэ.        

Улс төрийн агентын улс төрийн бодит эрх мэдэл буюу улс төрийн нэр хүнд их байх тусам улс төрийн талбай дахь түүний байр суурь (байрлал) илүү эвтэйхэн байна. Жи: захиргааны нөөцтэй (ресурс) агент, улс төрийн лидер…

Бурдье улс төрийн талбайг өвөрмөц төрлийн үйлдвэрлэл, эрэлт нийлүүлэлт оршин байдаг зах зээл мэтээр үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл үзэл баримтлал, хөтөлбөр, үзэл бодол, улс төрийн байгууллага болон лидерүүдийн зах зээл юм.          

Харин улс төрийн зөрчлүүд нь цаг ямагт мэргэжлийн улс төрчдийн хяналтад байдаг бөгөөд чухам тэд л улс төрийн бүтээгдэхүүний эрэлтийг зохицуулдаг. Улс төрийн талбай өөрийн гэсэн тодорхой хил зааг, тоглолтын дүрэмтэй бөгөөд энэ нь улс төрийн дэглэмээс хамаарна. (ардчилал, тоталитаризм, авторитаризм). Харин энд улс төрийн систем хийгээд дэглэм хоёр ихээхэн ялгаатай гэдгийг хувийн зүгээс онцлон дурдаж байна.    

Ардчилал хэчнээн бага байх тусам улс төрийн талбай хумигдаж, улс төрийн тоглолтын дүрэм явцуу болдог. Дараах тохиолдолд улс төрийн талбайд өөрчлөлт гарч улс төрийн дэглэмд өөрчлөлт гарч солигдоно:

  1. Хэрэв төр засгийн легитим шинжтэй холбоотой зөрчил, тухайлбал, парламент болон ерөнхийлөгчийг сонгох, мөн сонгуулийн үр дүнтэй холбоотой улс төрийн зөрчлүүд улс төрийн бүх талбайг хамарвал,  
  2. Эрх мэдлийн бүрэн эрхийг хуваарилахтай холбоотой эрх мэдлийн бүтцийн дотоодод зөрчил үүсвэл  

Улс төрийн талбайг өргөтгөх, тэнцвэржүүлэхэд: 1. дурын зөрчилд улс төрийн шинж өгч чадах хүчтэй сөрөг хүчин. 2. Засаглалд даралт шахалт үзүүлж чадах нийгмийн байгууллагууд, жи: ҮЭ, ТББ-ууд зайлшгүй байх ёстой.

За хөөрхий, ингээд монголчууд бид П.Бурдье-гийн “Улс төрийн талбайн онолыг” бүхэлд нь “судлаад дуусчихаж” байгаа нь энэ. 20 жил үглээд байхад уншаагүй баагийнууд одоо уншиж юуны магад…

Монголын улс төрийн талбай

Зүй нь ном ёсоороо бол өөр өөр үзэл баримтлалтай, нийгмийн элдэв асуудлыг шийдвэрлэх хөтөлбөр төлөвлөгөөтэй, өөр өөр итгүүлэгчид (нам болон лидерүүдийг хэлж байна) итгэгчдэд (ард түмэн, сонгогчдыг) түүнийгээ “зарах” бөгөөд тэд эндээс сонголтоо хийнэ. Итгүүлэгчдээс “буруу буюу хулхи” бүтээгдэхүүн авсан бол түүнийг дараагийн сонгуулиар шинээр сольж болно. Энэ үйл явцыг ардчилал гэнэ. Үүнийг зөвхөн нэгээс дээш буюу олон итгүүлэгчид (олон нам) байгаа тохиолдолд л хэрэгжүүлж болно.

Үүнээс өөрөөр бол улс төрийн талбай, улс төрийн легитим дэглэмийн талаар ярьсны ч хэрэг байхгүй. Энэ бол монголчууд бидний 1990 онд сонгож авсан зам юм.

Гэтэл энэ зам, энэ ардчилал, энэ улс төрийн талбай шал далийж, маш гажиг, жам ёсны бус төлөв байдалд орж, мухардалд орж таг зогссоныг монголчууд надаар хэлүүлж мэдэх ямар ч шаардлага байхгүй. Монголчууд үүнийг мэдэхээр үл барам энэ адгийн улс төрийн дэглэмийг хараан зүхэж, түүнээс үтэр түргэн салахын түүс болж байна.

Өнөөгийн Монголын улс төрийн талбайд голлон тоглогчид нь АН, МАХН, Хүн, МАН болон бусад жижиг намууд юм. Одоо Бурдье-гийн онолын дагуу Монголын улс төрийн талбайн гол тоглогчид болох итгүүлэгчид буюу эдгээр нам, лидерүүдийг нэг нэгээр нь авч үзье.

  1. АН. Энийг бол ярих юм биш. Сөнөсөн л гэж хэлэхээс. Улс  төрийн талбайн тэнцвэрийг голлон хангагч байсан АН арчаагүй, үхээнц байдалд ороод байгаа талаар ярих юм надад алга. Монголчууд бүгдээрээ мэдэж байгаа юмыг юуг нь ярихав ?!
  2. МАХН. Энэ нам бол МАН-ын ихэр, өрөөсөн дугуй.Тун удахгүй МАН-тай нэгдэх тухайгаа ил тод зарлаж байгаа. Тэгэхлээр “ганц” МАН болон хувирах нь гарцаагүй. Энийг ч гэсэн монголчууд мэдэхийн дээдээр мэдэж байгаа.
  3. Хүн. Хүн нам бол бүр анхнаасаа зохиомол зүйл бөгөөд МАН-ын төрсөн биш, төрүүлсэн дүү юм. АН-ыг устгаж, ҮХЦ-д маргаан үүсгэж, “ялснаар” энэ наманцарын  “түүхэн” үүрэг дуусч байгаа. Одоо тэд хэнд ч хэрэггүй хог, илүү ачаа.
  4. Бусад жижиг намууд. Эдгээрийг жин, нөлөө, ач холбогдол, ардчилсан зэрэг бүхий л шинжээр нь тооцооны гадна үлдээж бүрнээ болно. Тэднийг “тооцож байх” илүүдээ гарсан цаг, зав хэнд ч байхгүй.
  5. МАН. Ингээд энхрий хайрт МАН торойгоод үлдэж байгаа юм. МАН бол Монгол дахь хулгай, дээрэм, луйвар, офшор, авилгын гэмт хэргийн цорын ганц үүр уурхай мөн. Энийг ч гэсэн монголчууд үнэхээр сайн мэднэ.

Одоо дүгнээд үзье. АН сөнөсөн. Үүнийгээ ил тод харуулж байна. МАХН, МАН хоёр нэгдэж байна, үүнийгээ ил тод зарлаж байна. Хүн МАН-ыг илт дагаж байна. Тэгээд ч ганцхан хүнтэй. Тэгээд хэн үлдэж байна даа ?! МАН ганцаараа торойгоод үлдэж байна.

Хэрэв Монголын улс төрийн талбайд ганц МАН үлдэх аваас бидний яриад мөрөөдөөд байдаг ардчилал, олон ургалч үзэл, тэгш эрх, хүний эрх, эрх чөлөө г.м. тулгуур үзэл санаа түй л байна. Үртэс байтугай үнс ч үлдэхгүй…

Монголын улс төрийн талбай эвдрэн сүйрч, тэнд МАН гэсэн ганцхан тоглогч үлдэж байгаа нь Монгол Улс дарангуйлал, хэт төвлөрөл, харгислал, тоталитаризм, монополь ноёрхол руу хальтран орж байгаа аймшигт хандлага бий болов. Хандлага ч юу байхав, энэ муу ёрын үзэгдэл Та бидний нүдний өмнө болж байна. Үүнийг “худлаа”, “үгүй” гэж няцаах ямар ч боломжгүй…

“Монголын ард түмэн ухаантай”, “Ард түмэн бидэнд сайн хүн олдох л байлгүй”, “Тэрийг ч сонгоё, энийг ч сонгоё” гэх мэтийн хөөрүү яриа бол эсвэл хүүхдийн гэнэн мөрөөдөл, эсвэл хоосон чалчаа яриа, эсвэл тэнэглэл мөнөөсөө мөн.                          

Дэлхий дахинд ч, Монголд ч намуудын “шахсан” хүмүүсээс сонгодог болохоос ард түмэн “өөрөө мэдээд” сонгодог нэг ч жишээ байхгүй, тэр байтугай дэлхийн түүхэнд байхгүй. Гэтэл Монголчууд намуудаас сонгоё гэхээр намуудынх нь байж байгаа царай энэ.    

Үнэндээ бол монголын улс төрийн намуудын, ялангуяа МАН-ын “шахсан бараа” бол тэр чигээрээ хулхи, эдэлгээ даахгүй, хог новшийн цуглуулга гэдгийг бид бас л бүгдээрээ мэднэ. Одоо болохоор ганцхан МАН-ын “шахсан барааг” арга буюу авах  монополь давуу байдал бий болж, болгож байна.

Эдүгээ Монголд МАН гэсэн ганц дарангуйлагч үлдэж, бусад намууд нь МУ “ардчилсан” гэдгийг харуулах үзүүлэнгийн хүүхэлдэй болон хувирав. Энэ бузар, аймшигт үзэгдэл, хандлагыг олж харахад нэг их сүрхий ухаан орохгүй…

Гэтэл илт тодорхой энэ үзэгдлийг үгүйсгэж, сохор үхэр шиг зүтгэдэг баагийнууд маш олон байна, тэд чинь ард түмэн биш юм уу ? гэж эсэргүүцэх нь мэдээж хэрэг.

Шинжлэх ухааны системт судалгаанаас үзэхэд МАН аль эрт улс төрийн намын шинжээ алдаж, зөвхөн мөнгөөр ажилладаг аварга том сүлжээ болон хувирч, энэ сүлжээгээ хязгааргүй их мөнгөөр зодож, албаар амьтай мэт харагдуулж байгаад хэргийн учир оршино.

Манайд мөнгөний сураг сонсонгуутаа юу л бол юуны төлөө “тэмцэх” арчаагаа алдсан баагийнууд тун олон. МАН-д үнэт зүйл, эрхэмлэл, шударга ёс, итгэл үнэмшил гэх зүйл оргүй устсан.Үнэндээ бол мөнгөгүй бол МАН аль хэдийн үхсэн байх ёстой. Тэр их цацаад “зодоод” байгаа мөнгө нь уг нь монголчуудын мөнгө юм л даа.

Манай бусад намууд ч гэсэн их бага хэмжээгээр ердөө л мөнгөний сүлжээ юм. Тэдний ихэнхи нь МАН-аас санхүүждэг. Би яагаад ганц МАН-ыг хараагаад байгаа гэвэл: 1.МАН-ын сүлжээ хамгийн том бөгөөд асар их мөнгөтэй, 2. Бусад намын сүлжээ бүгдээрээ эвдэрч, хүчин мөхөсдсөн, 3. МАН дангаараа монополь эрхтэй болж хувирсанд оршино.

Өнөөгийн МАН бол Монголын ардчилалд болит аюул занал учруулж буй цорын ганц хар хүчин мөн. 

Зүй нь МАН-ын энэхүү мопополь дарангуйллыг улс төрийн өрсөлдөгч хүчин-намууд, ҮЭ, ТТБ-ууд гүйцэтгэж, тэнцвэржүүлэх ёстой. Гэвч бусад буюу АН сөнөсөн, МАХН нэгдсэн, Хүн дагалдсан, жижиг намууд бүгдээрээ “тооцооноос хасагдсан”, ҮЭ байхгүй, ТББ-уудын олонхи үхээнц дорой болсны улмаас  Монголд ямарваа улс төрийн сөрөг болон тэнцвэржүүлэгч хүчин бүрэн устжээ.

Өнөөгийн нөхцөл, өнөөгийн хүчний харьцаа, өнөөгийн улс төрийн тэнцвэр, өнөөгийн улс төрийн талбай, өнөөгийн тоглогчдын байрлал зэргийг харьцуулан үзвэл МАН-ын мопоноль дарангуйллыг сөрөн зогсож, тэнцвэржүүлж, эсэргүүцэж байгаа, мөн тэгж чадах улс төрийн цорын ганц хүчин нь Ерөнхийлөгчийн институт, Ерөнхийлөгч Х.Баттулга мөн. Чухам ийм учраас МАН Х.Баттулгыг газрын хөрснөөс арчих гэж үхэн хатан зүтгэж байна.

Манай зарим баагий: “Ерөнхийлөгч ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байж, нэг намын талд орж байна, энэ новшийг огцруул”, “Женко нам, төрийг эвдэж, хагалан бутаргаж байна” гэж хуцдаг юм.  Та нар ядахдаа сурах бичгийн түвшинд донгосч сур. Учир нь: Эв нэгдэл бол зөвхөн 2-оос дээш субъект байгаа тохиолдолд ярьдаг зүйл болохоос бусад бүх субъект устаж, ганцхан субъект үлдсэн тохиолдолд “эв нэгдлийн” тухай ярих ямар ч  боломжгүй. Түүнчлэн эв нэгдэл бол ард түмний болон улс төрийн хүчний гэсэн 2 түвшинтэй бөгөөд манай тохиолдолд ард түмний эв нэгдэл биш, харин намуудын “эв нэгдлийг” ярьж байна. МАН орь ганцаараа үлдчихээд хэнтэйгээ “эв нэгдэл” ярих гэж ?! Тийм субъект Монголд л лав үлдээгүй…    

Иймээс Ерөнхийлөгч Х.Баттулга цорын ганц дарангуйлагч МАН-ыг сөрөн зогсож байгаа нь ор мөргүй устаж алга болсон эв нэгдлийг сэргээхэд чиглэсэн зөв бөгөөд шударга үйлс мөн.              

Одоо хувийн үнэлгээ. Би Х.Баттулгыг “ямар ч өө сэвгүй”, “цэвэр ариухан амьтан” гэж дэмжээгүй юм. Харин Монголын улс төрийн талбай, түүнд гарсан өөрчлөлт, хандлагыг олон жил судалсны хувьд МАН-ын аюул заналтай тэмцэж чадах цорын ганц хүн гэдгээр нь дэмжиж байгаа юм. Дашрамд дурдахад Монголын улс төрийн талбайг П.Бурдье-гийн онол-арга зүйн дагуу над шиг олон жил уйгагүй судалсан хүн Монголд ганц ч байхгүй гэдгийг би бардам хэлж чадна. Онгирч байгаа юм биш, миний бичвэрүүдэд П.Бурдье-гийн онолын ишлэл, тайлбар, товчлол дүүрэн бий. Монголын “үй түмэн” судлаачдын алинд нь ч ийм бичвэр байхгүй. Яахав, итгэхгүй бол шалгаад үзэхгүй юу…

Мэдээж намайг хэн ч эсэргүүцэж, шүүмжилж болно, тэгэх ч эрхтэй. Хэрэв тийм ахул улс төрийн талбайн онолоос өөр, ид шидтэй, мундаг онолоо гаргаж, судалгаагаа харуулж байгаад олон юм чалчих хэрэгтэй л дээ…

Давтаад хэлье: Өнөөгийн нөхцөлд Монголын ардчиллыг МАН-ын монополь дарангуйллаас аварч чадах цорын ганц хүн нь Х.Баттулга.

Судлаач Х.Д.Ганхуяг.

2021 оны 04 дүгээр сарын 17.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ТАЛБАЙ БА Х.БАТТУЛГА

  1. Bat says:

    Одоо тэгээд нэр дэвших эрхгүй болголоо доо. Зи гэж урд зүгийн хүний хийсэн ажил гээд яригдаад байх юм даа. Ман сөнөөсэй.

  2. есөн says:

    Хар хүчирхийлэгчдийг сөрөн зогсож байгаа ганц хүн нь Х.Баттулга.

  3. Anonymous says:

    uneheer tiim, hamgiin uben zuv dugnelt

  4. Anonymous says:

    Тук одоо Алтанхуяг-ийгаа Еөк-д тултал нь дэмжээл, өөрөө МоАХ-н суурин дээр Үндэсний үзэл, Технолог-н боловсролыг туг-аа болгосон цоо шинэ нам бгуулах хэрэгтэй. “дайснууд”-ынх нь бэлдэж өгсөн энэ Боломж, сөрөг хүчингүй болж вакуумжсан орчин бол түүний хувьд улстөр-н асар том капитал. [Ганаа ах-с асууя: Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаад улстөрийн шинэ нам-г эмхлэн байгуулах нь хууль эрхзүйн хувьд боломжтой юу]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: