Г.УЯНГА: Х.БАТТУЛГА БА ХУВЬСГАЛ

Чи аль нэг талд ороогүй л байна уу? Бас түүнийгээ их шударга сайхан үйл гэж бодсон хэвээр байна уу? Нейтраль бүсэд байгаа хүмүүс ариун шударга, зарчимч үйлстнүүд гэж итгэсээр байгаа юу? Би арваадхан жилийн өмнө яг ингэж итгэдэг байлаа, тэгээд хэн нэгний хүн гэж хэлүүлэхэд дотор минь арзаганаж байж сууж яддаг байлаа. Яагаад гэвэл би өөрийн “ТАЛ”-тай байлаа. Тэр бол ХУВЬСГАЛ! Одоо ч би хэний ч тал биш, зөвхөн хувьсгалын талд байгаа хүн…

Хорин хэдтэй байхдаа гудамжинд гарч жагсаад, 1990 оных шиг олон хүн цуглуулж байгаад ЗГ-ыг огцруулж, УИХ-ыг тараагаад, “Ард түмний онц их хурал” зарлан хуралдуулж, яг л 1990 оных шиг Монголын өнцөг булан бүрээс ажилчин, малчин, тариаланч, сэхээтнүүдийг цуглуулж байгаад шинэ үндсэн хуулиа хэлэлцэж батлаад л хувьсгал хийчихнэ гэж итгэж явлаа. Гэнэн, романтик хорин хэдхэн нас минь дээ…

Түүндээ итгэж арван жил гудамжинд жагсаал цуглаан хийж, сонин хэвлэл гаргаж тарааж, хулгайчуудын булхай луйврыг илчлэн бичиж байлаа. Илчлээд л илчлээд л байлаа… Тэгээд яасан гэж үү? Яагаа ч үгүй! Нийгэм, олон түмэн дасчихсан. Эхлээд сая төгрөгийн хулгай аймаар байлаа, дараа нь арван сая, тэгээд зуун сая… Орон нь нэмэгдэх тусам эхлээд уулга алдан гайхна, тэгээд дасна, “Аан тэрбум болсон уу, тэгж л байдаг доо…” 2000 онд Н.Энхбаяр нарын зургаан хүн 20 мянган доллар Чехэд очиж хувааж авч эхэлсэн авлига ийнхүү төгөлдөршин хөгжөөд тоо хэмжээ нь тасарч одов.

Тэрбумыг төсөөлж мэдэхгүй олон түмэн түүнээс дээшихийг тоож шиншихээ больж зүгээр л дассан. Өнөөдөр тэд их наяд их наядаар нь уутлаж байна. “Оюутолгой”, “Гацуурт”, “Тавантолгой”-гоос гаднынхантай хамжин тэрбум, тэрбум доллараар луйвардахаас эхлээд коронагаар хүртэл хэд хэдэн их наядаар нь цусалж байна. Тэр хирээр олон хүн ядуурав, бас тэдний хүмүүсийг худалдан авах ханш унасаар, хүмүүс улам хямдаар өөрийгөө худалдахад бэлэн болсоор… Өнөөдөр тэд сонгогчдын дийлэнхийг худалдан авч чадах, сонгогчдын олонх тэдэнд худалдагдах хэмжээнд хүрчээ. Баяр хүргэе!

Босъё, тэмцье, бусармаг тогтолцоог нураая! Олон түмэнд энэ үг яршигтай санагдаж, хөх инээд нь хүрч унтууцан дургүйцэж, бүр тэр ч байтугай ингэж хэлснийг үзэн ядах боллоо. Яг л технологийн дагуу!

Хаа байсан Оюутолгой, Тавантолгой. Тэнгэрийн юм! Малчид нь зээлтэй, тэтгэврийнхэн зээлтэй, оюутан зээлтэй, бизнес эрхлэгчид зээлтэй. Тэд зээлээ төлөх хэрэгтэй, хувьсгал хийх завгүй! 11 жилийн өмнө Эрнандо дэ Сото Монголд ирж “Нохойн идүүрийг нь ч үнэлээд зээл өг!” гэж зөвлөхөд нь гайхаж “Капиталын нууц” нь хөгжил юм байх гэж бодож байсан бол өнөөдөр “Зээл бол гинж мөн” гэдгийг амьдралаараа мэдэрч сууна! Мөн л технологийн дагуу! Гэтэл чухам тэр “толгой”-нуудад л та биднийг үр удмаар нь зуу зуун жил тэжээх хөрөнгө байна.

Гудамжнаас бид үнэндээ дийлээгүй юм, хүчин мөхөстсөн юм. Хувьсгалт өөрчлөлт хийх нь гарцаагүйг ойлгодог хүмүүс илүү олон болгох ёстой. Суртал ухуулгаа хэзээ ч зогсоож болохгүй. Нөхөртэйгээ “Монгол таймс” сонин гаргав, МАН АН нийлээд хаачихав. “Улстөрийн сонин” гаргаж иргэний хөдөлгөөнүүдийн төв хэвлэлээр зарлав. Бас л жулдсаар. Тэр үед бидэнд одоогийнх шиг нүүр ном, жиргээ байсан ч болоосой…

Бидэнд хань хэрэгтэй байлаа. Дан гудамжнаас үнэндээ барахгүйгээ харин ч эрт ойлгов. Ерөөсөө ч дан гудамжинд жагсаад барж дийлж, унагаж байсан түүх хаа ч үгүйг ухаарав.

М.Энхсайхан үндэсний үзэлтэн болж, тэртээ дээрээс навс унасан Н.Энхбаяр хувьсгал ярьж эхлэв. Тиймээ, бидэнд хань хэрэгтэй. Бид цөөхүүлээ. Хэн ухаарна, хэн бидэнтэй зорилго нэгдэнэ, тэр манай тал. Бид тэднийг хувьсгалдаа ашиглана гэж бодов. Харин тэд биднийг эрх мэдэлд хүрэхдээ ашиглана гэж тооцов. Угаасаа ил л байсан. Тэд хүрсэн. Гэхдээ би тэднийг буцах замаа хаачихсан гэж дэндүү гэнэн дүгнэснээ дахин ухаарав. Учир нь тэднийг Оюутолгойн гэрээг дордуулах Дубайн гэрээг зөвшөөрнө гэж бодоогүй, их хуралд байгаа хүмүүс өөрсдийн компаниа татвараас чөлөөлөх эдийн засгийн өршөөлийн хууль батлахад дэмжинэ гэж бодоогүй. М.Энхсайханыг үндэсний үзлээ ярьсан шигээ үйлдэнэ гэж бодсон, Н.Энхбаярыг шударга ёсыг уриалсан шигээ ажиллана гэж бодсон. Дахиад ухаарав, хэн ч хэлсэн шигээ хийдэггүйг. Гэхдээ зогсож л болохгүй!

Би алдсан, бас алдаагүй, наад зах нь тэднийг таньсан, цаад зах нь Ноён уулын төлөө, Дубайн гэрээний эсрэг, хуйвалдсан хулхидсан болгоны эсрэг тэмцсэн. Их хуралд алдаг оног дэмжих арваад гишүүн л байлаа. Түүнээс цааш хэтэрсэнгүй. Ерөөс хэтрүүлэхгүй байх ч ёстой гэж “эзэн” үздэг.

Зүгээр л төрөөд, идээд, эдлээд, үржээд, үхэж байдаг хоёр хөлтэй малууд үүнийг ойлгох ч шаардлагагүй. Ийм малуудыг маллах маш амархан л даа. Май, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх сайхан эрх чөлөөг ардчилал чамд өглөө. Оронд нь баялгийг чинь авна, үүний тулд төрийг чинь худалдаж авна, үүний тулд юугаа ч худалдахад бэлэн янхнуудаар төрийг дүүргэнэ. Ердөө л энэ! За тэгээд энэ эрх чөлөөтэйгээ баясан цэнгэцгээ! Яг л мал шиг…

Чи юу хийсэн юм бэ гэнэ үү?! Хөх инээд хүрчихлээ байна. Энэ системд хувь хүн байтугай төр нь ч юу ч хийж чадахгүй, хийлгэхгүй. Ингэж бүтээгдсэн юм, цаанаасаа.

М.Энхсайхан Н.Энхбаяр… Системийг өөрийг нь бүтээгч, бас өөрийн нь бүтээл. Системийг бүтээгч, бас системийн бүтээл системээ нураадаггүйг ухаарав. Гэвч зогсож болохгүй! “Нэгдмэл Монгол” нэртэй шинэ нам бүртгүүлэхийг хүсэв. УДШ бүртгэсэнгүй. Дараагийн гарц – бусдын байгуулсан намаар сонгуульд орохоор шийдэв. Х.Баттулга гишүүн, С.Сайхансамбуу нарын дэмжлэгтэйгээр Тусгаар тогтнол эв нэгдлийн нам/ТТЭНН/-ыг дахин зохион байгуулав, МНН-тай эвсэж “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвсэл байгуулав. Тэд юу бодож дэмжсэнийг мэдэхгүй, миний л хувьд дахин парламентад орж аваад системийг нураах, Үндсэн хуулийн өөрчлөлтийг эхлүүлэх боломжид хүрэх л байлаа.

Гэтэл тэр намыг байгуулсан новшнууд ердөө л “сонгууль пропорционал системээр явна, нэр хүндтэй хүнээр намаа толгойлуулж, шантаажилж байгаад жагсаалтаа зараад, тэр мөнгөөр залилангийн хэргээ хаалгачихна” гэж бодсон байж. Щааваас, тэдний залилан бодох миний хувьсгал бодох хоёр, таарч дээ! Залилангийн хэргээр юу юугүй ачигдах гээд байсан тэднийг Ц.Элбэгдорж ашиглаж, намайг байн байн шантаажлуулж, надаас намыг хууль бусаар салгаж дөнгөв. Нөгөөдүүл нь мэдээж үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгчид итгэж гудамжинд гарсан Г.Уянгыг хөсөр хаяв. Өөрөө өөрсдийнхөө эсрэг. За тэр ч яахав, явуургүй жижигхээн тоглоомуудынх нь нэг л хэсэг.

Дахиад л алдлаа. Одоо яая гэхэв, дахиад ч алдах биз. Алдаад л байна даа, тэгж байтал зол болбол оновол ононо. Зогсож л болохгүй. Онохгүй бол тэр миний алдаа биш.

Одоо хэн байх билээ. Хүчтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэй болгоны эсрэг огцом хөдөлж байж гудамжинд хөсөр шидэгдсэн, юу ч үгүй би хэн билээ? Хэн ч биш байтугай Монголд бол юу ч биш! Гэтэл хувьсгал хэрэгтэй! Бууж өгч л болохгүй!

Өөрийгөө дахин нэг сайтар эргэцүүлэн бодлоо. Чамд хувьсгал хийх боломж, чадал байна уу? Чи ер нь хэн юм бэ?! Чадал боломжоосоо хэтийдсэн их санаа чинь зөв үү?! Давуу болон сул талуудаа яг л Робинзон Крузо шиг жагсаан бичлээ. Мөнгө, нам, баг алга, гэхдээ нийгмээ ойлгосон, ирээдүйг нь харж байгаа, юунд ч дийлдэхгүй зориг, бас гарцаагүй тулаад ирвэл зохион байгуулах боломж, чадвартай. Бас бат найдвартай ар тал. Дийлэнх нь байна. Гэхдээ хамтрагчгүйгээр нэг ч алхахгүй.

Ерөнхийлөгчийн сонгууль болов. Гурван нэр дэвшигч. Сонгуулиас хагас жилийн өмнө хэний ч таамаглалд байгаагүй Х.Баттулга АН-аас нэр дэвшив. Энэ бол боломж. Энэ хүн хувьсгал хийдэггүй юм аа гэхэд хойш чангаахгүй, хэдэн алхам ч гэсэн урагшлуулах болно. Өөрөө чадахгүй бол чадах хүний ар тал, бат найдвартай дэмжигч нь байж үзэх хэрэгтэй.

Хэд хэдэн үндэслэлээр Х.Баттулга нэр дэвшигчийг дэмжихээр эргэлтгүй шийдэв. Би түүнийг хувьсгал урагшлуулах хамгийн боломжтой хүн гэж үзсэн. “Х.Баттулга ч бас энэ системээс хамгийн их хожоо хийсэн хүн. Тэр систем нураахын төлөө явахгүй…” надад хэн нэг нь ингэж хэлэв. Гэсэн ч тэр уул уурхай эрхэлдэггүй, газар ухаж олсон мөнгөө оффшорт нуудаг хүн биш учраас шууд харшилдахгүй. Гол нь тэр үндэсний үзэлтэн. Яг тулсан зүйлд маневр, эрсдэл хийж чаддаг онцлог чадвартай, мөнгөтэй, багтай, зохион байгуулах боломж, чадвартай. Х.Баттулга нэр дэвшсэн нь боломж байв. Хувьсгал урагшлуулах боломж. Өөр сонголт байгаа юм уу? Байсан л даа, тэр нь тайван сайхан амьдрах. Үүнийг хэзээ ч сонгож болно, угаасаа байнга хажууд дагаж ятгаж явдаг новш байгаа юм. Одоо үлдсэн сонголт руугаа!

Ямар ч гуйлга, санал хүсэлтгүйгээр сайн дураараа кампанит ажилд ямар нэг үнэ төлбөргүй явж эхэллээ. Сонгуулийн кампани бараг дундаа орж байхад нэр дэвшигчтэй тааралдаж, тэр намайг дэмжиж ажиллаж байгааг мэдсэн. Ирүүл тулаан, хоёр ч санал хураалтын ард гарч Х.Баттулга МУ-ын Ерөнхийлөгч боллоо. Би зөвлөх нь болов.

Ерөнхийлөгч яг юуны төлөө Ерөнхийлөгч болсон юм бол оо?! Асуултын хариултаа удалгүй олов. Тэр Ерөнхийлөгчийн аппарат, төсөв зэрэгт ямар ч ач холбогдол өгсөнгүй. Төрийн аппаратаас гадна группууд зохион байгуулж, нэг хэсгийг Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороо урагшлуулах, нөгөө хэсгийг төмөр замын бүтээн байгуулалтаа эрчимжүүлэх, бас нэг хэсгийг Дарханы түүхий эд боловсруулах үйлдвэрийг цогцолборыг шуурхайлуулахаар ажиллаж эхлэв. Засгийн газартай ч чухам л үүний төлөө ажиллаж эхэллээ. Яг л Засгийн газар шиг ажиллаж эхэлсэн. ЗГ-ын гишүүдийг урьж энэ бодлогоо нэрбүрчлэн тайлбарлаж, дагуулан явж газар дээр нь үзүүлж байв. “Танай ЗГ хий, бид ийм юм хийчихлээ гээд авторыг нь ав. Хийж чадвал ярлыкыг нь наагаад сонгуульд ор л доо. Надад нэр төр нь огт хэрэггүй…” тэр ингэж хэлж, бас хийж байв. ЗГ-ын удаан оршин тогтнох, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намаа дахин ялуулах амбиц, гишүүдийн дахин сонгогдох хүсэлтэй нь уяж энэ ажлын ард гарахыг хүсэв.

Түүний итгэл үнэмшил бол энэ гурвыг л хийчихсэн байхад монголчуудын аж амьдрал өөдөө татагдаад ирнэ, улстөржиж цэцэрхэж суух шаардлагагүй болно. Тэр ярианд дургүй, бас ярих дургүй. Мөн чанар нь ийм. Монголд юу байна, мал байна. Малын гаралтай түүхий эдээ боловсруулаад дэлхийн том брэнд үйлдвэрүүдийн өчүүхэн нэг дамжлагатай холбочихно, малчдын асуудал 100 хувь шийдэгдэнэ. Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсээ Сайншандад ядаж анхан шатны боловсруулалт хийж хэд дахин өндөр үнэтэй зарчихна, түүнийгээ төмөр замаараа зөөнө. Төмөр замтай болчихвол түүхий эдээ зөвхөн Хятадад биш дэлхийд өөрсдөө гаргана. Ингээд л гуравхан сая монголчууд гар газар, хөл хөсөр амар сайхан жаргах болно. Тэр ингэж харж байв. Байв ч гэж байгаа. Өөрийнхөө улстөрд явсны түүхэн үүргээ ч ингэж л яв цав томъёолсон хүн.

УИХ-ын гишүүн байхдаа энэ төлөвлөгөөгөө нэгэнтээ ярьж, нимгэн гурван хавтас өгч билээ. Тэр нь дээрх хөтөлбөрүүдийн товчоон. Юм уншдаггүй хүмүүст зориулаад товчилж, бараг л комик байдлаар бэлтгэсэн хувилбар. УИХ-ын бүх гишүүнд өгөхөөр овоолгоотой хураачихсан байснаасаа нэгийг өгсөн нь тэр. “Яаж энэ бүхнийг хийх юм бэ гэдгийг мэдмээр, дэлгэрүүлж уншмаар байвал дэлгэрэнгүй хувилбар нь тэр байна” гээд бас зузаан бор хавтасны овоолго харуулав. Хэрэв дижиталаар уншвал май гээд бас флаш өгөнгөө бүх гишүүдийн мэйл хаягаар явуулснаа хэлэв. Түүний бэлтгэсэн “цаасан овоолго”-ыг гишүүдийн хэд нь уншсаныг би мэдэхгүй.

Тиймээс Ерөнхийлөгч яг л ЗГ шиг ажилласан. Тэр үүнийхээ төлөө л У.Хүрэлсүхэд эргэлзээгүй итгэсэн юм. “Та улстөрийн өрсөлдөгчөө өөрөө бойжуулан дэмжиж байна даа. Хүрэлсүх Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэсэн үгийг сонсохгүйгээр барахгүй бүр унтууцаж байлаа. Гэсэн ч Хүрэлсүхийг шүүмжилсэн байр сууриа олон нийтэд илэрхийлсээр байхад юм хэлэхгүй боловч, хааяахан түүнтэй хамтран ажиллаж байгаа, түүнийг шүүмжлэх биш харин ч сайн талыг нь харж ажлаа урагш явуулах шаардлагаа битүү хатуухан илэрхийлнэ.

Тиймээ, Ерөнхийлөгч хувьсгалын төлөө биш бүтээн байгуулахын төлөө байлаа. Гэвч систем бол хэнийг ч юу ч хийлгэдэггүй байхаар зохион бүтээгдсэн гэдгийг тэр олж харахыг хүсээгүй. Энэ бол түүний эхний алдаа. Тэр бурхан биш, бас л алдаатай хувь хүн. Ерөнхийлөгчийн хоёр дахь алдаа эхний алдаанаас урган гарч байна. Тэр Ерөнхийлөгч болоод энэ л ажлаа хийчихнэ, дуусгачихна гэж итгэж байлаа. Үүний тулд ч Ерөнхийлөгч болсон. Тэр У.Хүрэлсүхэд дэндүү их итгэсэн, тэдний тохироо жинхэнэ эрчүүдийн хэлснээсээ буцдаггүй бат чанга яриа гэж найдсан. Түүний энэ алдаанаас гурав дахь алдаа нь урган гарч тэр МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намын санаачилсан, дэмжиж гуйсан бүхнийг дэмжсэний нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байлаа. Түүний зорилго хувьсгал биш бүтээн байгуулалт тул тэр үүнийг ч бас нэг их тоолгүй гарын үсэг зурж баталгаажууллаа. Үүнийг У.Хүрэлсүхэд итгэсэн итгэл гэж уншвал зохино. Цаана нь дахин сонгогдвол энэ бүхнээ У.Хүрэлсүхтэйгээ хамтраад дуусгачихна гэсэн итгэл л яваад байгаа юм шүү дээ. Нэгдмэл хүчтэй, командаар хөдөлдөг, зохион байгуулалт, удирдлага бүх зүйл нь нэгдмэл, харьцангуй нэг хүн шиг хөдөлдөг МАН л энэ ажлыг явуулах юм байна гэж итгээд шуударсных шүү дээ.

Тэр Салхитын мөнгөний ордыг хятадуудаас авах ажлыг зохион байгуулав. Мөн л “Надад нэр төр нь хамаагүй, та нар ав. Гагцхүү мөнгөөр нь ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх л ёстой! Би энэ амлалтаа л биелүүлнэ. Бусад нь та нарынх” Ёсоор болов. Ерөнхийлөгчийн зохион байгуулсан ажил дээр Г.Занданшатар, У.Хүрэлсүх бүжиглэв. Харин шүүгчидтэй хариуцлага тооцож, шүүгчдийн бугшсан үүрэнд агаар оруулах нь Ерөнхийлөгчийн ажил. Тэр үүргээ гүйцэтгэв. Шүүгчдийн хахуулийн ертөнц захаасаа бужигнав. Амиа хүртэл хорлов. Гадагшаа гарч зугтав. Бурхан минь, ийм өдөр бас ирдэг байжээ… Бурхан минь, хэрэв Х.Баттулга сонгогдоогүй бол ийм зүйл болох байсан уу даа…

Болж байна, болж байна, хувьсгал нэг алхам урагшилж байна.

Оюутолгойн гэрээг улам алдагдалд оруулсан Дубайн гэрээг байгуулсан нөхдүүдээс шоронд хийж, зарим нь гадагшаа зугтав. Болж байна, хувьсгал бас нэг алхам урагшилж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлд авав. Ер нь л салхины үзүүр эргэж байв.

Ноён уулын ужгирч сунжирсан тэмцэл эцэслэгдэв. Болж байна шүү!

Тиймээ, тэр үндэсний үзэлтэн. Харин намайг хэд хэдэн удаа орж “Ноён уулыг нэгмөсөн дархан цаазтай болгож, дархалчихмаар байна. За ингээд л Ноён уулын тэмцэл нэгмөсөн дуусна. Нэг ажлын ард бүтэн гарна шүү дээ” гэхэд чимээгүй байсаар. Дотроо нэг л юм бодоод байгаа шинжтэй. Ноён уулын тэмцлийг дэмжиж ялуулсан хирнээ үүн дээр хойрго байхад нь гайхсаар байв. Гэтэл… Мөнөөх л “Засгийн газар, УИХ хийг, нэр төр нь надад биш У.Хүрэлсүхэд очиг. Миний хувьд дээрх гурван төсөл ажил хэрэг болох нь чухал..!” Ийм л шалтгаанаар гаргаагүй юм билээ л. Харин У.Хүрэлсүх нь түүнийг хийхгүй, яагаад гэвэл Гацууртыг ухсан Чинбатуудын охид МУ-ын ЗГ-т байгаа. Тиймээс Ерөнхийлөгч одоо үүнийгээ өөрөө хийх биз ээ.

Тэр маш том итгэсэн, бас маш том алдсан. Гэхдээ хүн танилгүй алдсан. Гэтэл сүүлийн 30 жилийн улстөр бол зөвхөн хуйвалдсан, тэгээд хулхидсан л түүх байв. Гэхдээ тухайн тохиолдолд итгэхээс өөр сонголт байдаггүй. Өөр яах юм? Бод л доо,өөр яах юм бээ…?!

Харин одоо… Ерөнхийлөгч бүтээн байгуулах нөхцлөө олж авахын тулд системийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай. Одоо би шалчигнаж гоё үгээр тогломооргүй байна. Зүгээр л хувьсгал хэрэгтэй! Үүний төлөө надтай нэгдэх, эсвэл намайг ашиглах нэгэн гарвал дуртайяа ашиглуулна. Тиймээс би хувьсгалын талын хүн. Бас үүний төлөө би Х.Баттулгын талын хүн мөн.

Та арай одоо болтол хэний ч тал биш байгаа юм биш биз?! Өөрийгөө хэний тал вэ, юуны тал вэ гэдгээ өдий болтол тодорхойлоогүй байгаа юм биш биз?!

Энэ новшийн улстөрийг нь юу ч ойлгодоггүй, мэддэггүй байсан ч болоосой. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдарч байхгүй юу! Гэвч одоо яая гэхэв дээ…

Гантөмөрийн Уянга

2021 оны 04 дүгээр сарын 29.  

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to Г.УЯНГА: Х.БАТТУЛГА БА ХУВЬСГАЛ

  1. Anonymous says:

    Уянга танд хэрэв бэлэн байгаа бол дэмжихээс аргагүй тийм ҮХ-ийн төсөл сошиалаар цацаач. Хувьсгал гэгч нь боллоо гэхэд дараа нь засаглал ямар нэгэн хуулиас эхлэх ёстой биз дээ? Өнөөгийн биднийг бүх нийтээр нь наймаачид болгосон ҮХ-ийг өөрчлөх ёстой нь зайлшгүй. Гэхдээ 10-аа байг гэхэд 30 жилийн дараа монголчууд хөдөлмөрлөх ёстойгоо ойлгосон, ухаарсан, ажиллаад эхэлсэн байх гэрэл гэгээг харвал бүхнээ золиод хүчин зүтгэмээр л…

    • Зочин says:

      Яах аргагүй үнэнийг л бичиж. Х.Баттулга байгаагүй бол энэ ажлууд явахгүй, эхлэх ч үгүй байсан. Хүрэлсүх, Занданшатар мэттэй өөрсдийнх хэрэглэдэг бохир аргаар давхар тэмцэх л байсан юм даа. Энэ маш том алдаа! Одоо тэгээд хүсч, мөрөөдөөд байсан төслүүд нь цааш явахад хүндрэлтэй дээ, хувьсгал хийж төрийн эрхийг авдаггүй л юм бол! Дэмжиж байна. Өнөөдөр зэвсэгт хүчнээ ч болтугай хөдөлгөөд эрс шийдэмгий алхмууд хийдэггүй л юм бол ямар ч ирээдүй харагдахгүй байна.

Leave a Reply to Anonymous Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: