ЯЛАЛТ ДАРХАЛСАН ЭРДЭМТЭД

Аугаа Их Эх Орны дайны Аугаа Их Ялалтын ой болж байна. Дайнд жанжин, цэргийнхэн байлдаж ялалт авчирдаг гэж олон хүн ойлгодог ч дайны ялалтад эрдэмтэд асар их үүрэг гүйцэтгэж, ялалтыг оюун ухаанаараа дархалдаг юм. Энэ тухай товч өгүүлсү…

    

Усан онгоцыг соронзон минээс хамгаалах

Дайны эхний өдрүүдэд Зөвлөлтийн хэд хэдэн том хөлөг онгоц немцүүдийн тавьсан соронзон минээс болж сөнөжээ. Далайн бүх орц гарц дүүрэн мина. Ингээд Ленинградын Физик-техникийн хүрээлэнгийн академич А.П.Александров тэргүүтэй физикчдэд усан онгоцыг соронзон минаас хамгаалах үр ашигтай арга боловсруулах үүрэг өгчээ. Хожим А.П.Александров ЗХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч болсон.          

Эрдэмтэд усан онгоцны хамгийн эмзэг хэсэг-залуурын ойролцоох соронзон талбайн талбайг 10 дахин багасгах арга олжээ. Улмаар Зөвлөлтийн флотын бүх усан онгоцон дээр соронзонгүйжүүлэх төхөөрөмж суулгах энэ ажлыг зохион байгуулжээ.      

2 сарын дараа 1941 оны 8 дугаар сар гэхэд зөвлөлтийн усан флот, флотилийн том жижиг бүх усан онгоц дайсны соронзон минаас бүрэн хамгаалагдаж чадсан байна. Энэ нээлт нь олон зуун усан онгоц, хэдэн мянган усан цэргийн амь насыг найдвартай хамгаалж чадсан гайхамшигтай бүтээл болжээ.    

Цэргийн нисэх хүчин

Байлдааны нисэх онгоцны моторын хүчин чадлыг нэмж, хурд, маневрыг сайжруулж болох боловч чичиргээ үүсч онгоц агаарт гэнэт эвдэрдэг флаттер гэх үзэгдэл шийдвэрлэшгүй зовлон болжээ. Зохион бүтээгчид яаж ч оролдоод гацчихаад байсан тул математикч нарт ханджээ. Академич М.В.Кельдышийн тэргүүлсэн математикчид чичиргээнээс болж флаттер үүсдэг зүй тогтлын математик загвар гаргаж, түүнийг арилгах аргыг олжээ. Энэ аргыг хэрэглэснээр Зөвлөлтийн нисэх хүчин онгоцныхоо хурд, найдвартай байдал, маневрлах чадварыг олон дахин нэмэгдүүлж чаджээ. “Оросын онгоц бөх” гэдэг яриа эндээс үүссэн бөгөөд одоо ч гэсэн энэ аргыг шинэ онгоц зохион бүтээхэд ашигладаг гэнэ. Академич М.В.Кельдыш хожим ЗХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч болж, ЗХУ-ын сансрын хөлгийн математик тооцооны суурийг тавьжээ. 

Нисэх онгоц зохион бүтээгч С.А.Лавочкин, А.И.Микоян, С.В. Ильюшин, В.М. Петляков, А.С. Яковлев, Н.Н.Поликарпов, А.Н.Туполев М.И. Гуревич нарын суутнуудыг олон хүн мэдэх учраас энд ярьсангүй.     

Нисэхийн бөмбөг

1943 оны эхээр цэргийн инженер И.А.Ларионов кумулятив-бөөгнөрүүлсэн (хурц чиглүүлсэн) үйлчилгээтэй нисэхийн бөмбөг бүтээж, удалгүй үүний онолын үндэслэлийг академич-механик М.А.Лаврентьев гаргажээ. Германчууд танкын шаантагласан дайралтаар оросын армийг сүйрүүлдэг байж. Гэтэл танкны хамгийн эмзэг газар нь дээд буюу оройн хэсэг байлаа. Шинэ бөмбөг дэлбэрэх үед түүний металл хэсгүүд 1 секундэд 10 км-ийн хурдтай маш нарийн олгойдож танкийн хуягийг цөм цохидог ба энэ нь зүйрлэвэл ваар сав хийх нялцгай шаврыг усны хүчтэй урсгал нэвт цохиж байгаатай төстэй байжээ.

Курскийн тулалдаан эхлэхийн өмнө германы танкууд давшилтад орох гэж олноороо бөөгнөрөөд байсан үед нисэх хүчний бөөгнөрүүлсэн цохилт хийж чиглүүлсэн үйлчилгээтэй шинэ бөмбөгийг хэдэн мянгаар нь асгажээ. Шинэ бөмбөг овор багатай, ердөө 800-900 грамм жинтэй учир контейнерт хийж бөөнөөр нь хаядаг байв. И.А.Ларионов, М.А.Лаврентьев хоёр Төрийн шагнал хүртжээ.        

Их буу

1942 оны эхээр Зөвлөлтийн арми 76 мм-ийн шинэ их буу хэрэглэж эхэлсэн нь Дэлхийн II дайны шилдэг их буугаар шалгарчээ. Энэ болон бусад олон их бууг Сталины 4 удаагийн шагналт, техникийн цэргийн хурандаа-генерал, нэрт зохион бүтээгч В.Г.Грабин бүтээжээ. 

“Катюша” хэмээн алдаршсан БМ-13 тийрэлтэт миномётыг бол ярих юм биш. Катюшагийн пуужин 42,5 кг жинтэй, 1,5 м урт, 8 км холын тусгалтай. Катюшийн 1 хороо 8-10 секундэд 384 пуужин харваж, 100 га талбайд байгаа бүх амьд хүч, техникийг устгаж чаддаг байв.

1941 оны 7-р сард Сталин дайсны танкийг сөнөөж чадах, хямд, хөнгөн, хүчтэй, явган цэрэг хэрэглэх зэвсэг хийх үүрэг өгчээ. Алдарт зохион бүтээгч В.А.Дегтярёв, С.Г.Симонов, А.А.Дементьев нар ердөө 17 хоногийн дотор танк эсэргүүцэх нэг цэнэгт ПТРД буу зохион бүтээжээ. Өмнө нь дайсны танкийн өөдөөс гранат, шатаах шингэнтэй лонх шидэж, голдуу танкны дор орж, өөрөө хамт дэлбэрдэг байсан бол энэ алдарт зэвсэг гарснаар дайсны танкыг 500-800 м зайнаас устгадаг болжээ. 

Энэ нь монголчуудын киноноос сайн мэдэх “урт голт танк эсэргүүцэгч” юм. 7-р сард үүрэг өгсний дараа 8 сар гэхэд зөвлөлтийн арми энэ буугаар хангагдаж чадсан байна. Москвагийн хамгаалалтад их үүрэг гүйцэтгэжээ.       

Радиотехникийн хэрэгсэл

Дайны жилүүдэд учирдаг нэг зовлон нь радио нэвтрүүлэгч болон радио дамжуулагчийн зай байлаа. Зай нь их том, амархан дуусдаг. Зай дуусвал холбоо барих боломжгүй. Энэ асуудлыг шийдэх үүргийг академич А.Ф.Иоффе-гийн багт өгчээ.

Тэр эрдэмтэд партизаны отрядад зориулсан радио дамжуулагчийн дулааны цахилгаан генератор бүтээжээ. Тэр нь цэргийн хээрийн тогооны (котёл) ёроолд бэхэлсэн хэдхэн термо элементээс бүрдэж байлаа. Холбоочин цэрэг тогоондоо ус хийж түүдэг гал дээр халаана. Ус тогоог хөргөнө, харин түүдгийн гал халаана. Температурын энэ зөрөөнөөс холбоо барих хэмжээний цахилгаан гарна. Энэ хялбар аргыг хэрэглэснээр оросын партизанууд холбоо барина гэж санаа зовохоо байжээ. Өмнө нь бол “Төв”-өөс зай ирэхийг хүлээж холбоогүй хэдэн сараар гацдаг байв.     

Радиолокаци

Дайсны онгоцыг алсаас илрүүлнэ гэж бас нэг зовлон гарч иржээ. Эхэн үедээ дайсны онгоцыг “нүдэнд харагдтал” хүлээдэг, эсвэл дууг нь “чагнадаг” байв. Энэ арга үнэхээр хоцрогдсон байлаа. Ингээд академич А.Ф.Иоффе-гийн санаачлагаар академич Л.И.Мандельштамм, Н.Д.Папалекси, В.А.Фок нар ажиллаж гарчээ. Тэд ахар богино хугацаанд цаг уурын нөхцлөөс үл хамааран дайсны онгоцыг алсаас илрүүлэх радиолокацийн системийг бүтээжээ. 

Академич Ю.Б. Кобзаревын бүтээсэн радиолокацийн шинэ станц дайсны онгоцыг 100-145 км зайнаас “хардаг” болов. Үүнээс хойш оросын хотууд дайсны онгоцноос айхаа больжээ. Радио локацийн станцын ачаар Москвагийн тэнгэрт дайсны 1300 онгоцыг амдан угтан устгасан байна. 

Металлург ба металл судлал

Их бууны болон бусад төрлийн буудлагын зэвсгийн гол төмрийг хамгийн хатуу бөгөөд бөх гангаар хийдэг. Технологи ажиллагаа ихтэйгээс гадна асар их мөнгө хөрөнгө зарна. Энэ хүнд асуудлыг академич Л.В.Верещагин болон түүний баг шийдвэрлэжээ.

Тэр эрдэмтэд металлын кристал бүтцэд өндөр даралтаар үйлчлэх замаар их буу, миномётийн гол төмрийг олон дахин бат бөх болгох аргыг нээжээ. Ингэснээр зөвлөлтийн их буу, миномётийн эдэлгээний хугацаа уртасч, буудлагын алслалт олон дахин нэмэгджээ. Хамгийн гол ололт нь “чанар муутай” ганг зэвсгийн үйлдвэрлэлд өргөн ашиглах боломж бий болжээ.

ШУА-ийн сурвалжлагч гишүүн В.П.Вологдин өндөр давтамжийн гүйдлээр ган хатаах шинэ арга гаргажээ. Ингэснээр оросын танкийн үйлдвэрлэл ихээхэн нэмэгдэж, ямар ч гангаар танк хийдэг болов. Танк гаргах хөдөлмөрийн бүтээмжийг 30-40 дахин нэмэгдүүлж чадсан гайхамшиг бүтээжээ.         

Академич Е.О.Патон флюс давхаргын дор металлыг автоматаар хурдан гагнах аргыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр 35 мм зузаантай ган хавтанг гар аргаар хийснээс 30 дахин хурдан гагнах болж, ажиллах хүчийг 90 гаруй хувиар хэмнэжээ.

Амьдралын замд оруулсан хувь нэмэр

Бүслэлтэд орж, эх газраас таслагдсан Ленинградыг Ладог нуурын мөсөөр холбосон амьдралын замыг найдвартай болгох үүргийг Ленинградын Физик-Техникийн Институтэд өгсөн байна. Академич П.П.Кобеко-гийн баг Ладог нуурын мөсөн хучлагын механик шинж чанарыг (мөсний бат бөх чанар, эвдрэх хэмжээ, ачаа даах чадвар, мөс хагарах нөхцлүүд г.м.) судлан үзээд мөсөн дээгүүр авто цуваа явах хөдөлгөөний дүрмийг боловсруулжээ. Үүний ачаар нуурын мөс цөмөрч, машин живэх явдал бүрэн зогсож, “амьдралын замын” найдварт чанар нэмэгджээ.              

Хуягласан шил

Дайны эхэн үед зөвлөлтийн нисгэгчид олноор үрэгдсэний гол шалтгаан нь онгоцны удаанд биш харин оросын онгоцууд “цонхны шил”-тэй байсанд оршиж байлаа. Энэ асуудлыг профессор И.И. Китайгородский авч, ахар богино хугацаанд буюу 1942 оны сүүлээр жирийн шилнээс 25 дахин бат бөх шил гарган авчээ. Үүнийг хэрэглэснээр оросын нисгэгчид айх аюулгүй “харж” нисэх болжээ.   

Үүний зэрэгцээгээр академич С.И.Вавиловын удирдсан Нарийн Механик, Оптикийн Институт зөвлөлтийн арми, нисэх хүчин, флотыг алсын зай хэмжигч, бүх төрлийн дуран, шумбагч онгоцны перископоор бүрэн хангаж байлаа.      

Химийн хамгаалалтын Институт

Академич Г.С.Ландберг хорт утааны шинэ баг болон шүүлтүүр бүтээсэн нь тухайн үедээ хамгийн шилдэг нь байв. Ландсберг дайны зориулалттай 201 бүтээл хийсэн гайхам амжилт гаргажээ.

Улмаар химич эрдэмтэд хамгаалалтын даавуу ВКШ-151, галаас хамгаалах ТОЗ даавуу хийсэн ба энэ материалаар танкчдын хувцсыг хийдэг болж олон мянган танкчны амь насыг аварчээ. Одоо ч эдгээр материалаар бүх төрлийн хамгаалалтын хувцас хийдэг байна. Эрдэмтэд Германаас авчирсан зарин гэх хот бодисийг шинээр гарган авах гэж өөрсдийн хийсэн хувцсыг өмсөн биечлэн туршиж байлаа.       

Гал шүрших-шатаах хэрэгсэл

Мөн Институтэд шинэ төрлийн гал шүрших-шатаах бодис үүрэг өгчээ. Энэ үүргийг богино хугацаанд амжилттай биелүүлснээр нэн үр ашигтай шатаах шингэн бүтээжээ. Зөвлөлтийн арми Эх орны дайны жилүүдэд энэхүү шатаагч шингэнээр дайсны 55,1 мянган хүн, 3294 танк, өөрөө явагч, 2292 автомашин, 11.947 галын цэгийг устгажээ.    

Утаан хөшиг  

Металл ховор байсны улмаас хямд төсөр утаат гранат хийх шаардлага гарчээ. Ингээд эрдэмтэд голдоо шатаах нүхтэй, металл их биегүй, асар их утаа гаргадаг шинэ гранат болон утаа гаргадаг аппарат хийжээ. Ялангуяа гол мөрөн гатлах десантын ажиллагааны үед утаан хөшгийг өргөнөөр хэрэглэх болов. Свирь, Неман, Баруун Буг, Висла, Одер, Дунай мөрнийг гатлахад утаан хөшиг их тус болжээ. Улмаар утаан хөшгөөр Горький, Саратов, Куйбышев зэрэг олон хотыг дайсны бөмбөгдөлтөөс утаан хөшгөөр халхалж чаджээ.

1943 онд гэхэд л зөвлөлтийн 6 хот, 3 төмөр замын зангилаа, 6 төмөр замын гүүр, 54 гармыг утаан хөшгөөр найдвартай хамгаалжээ. Энэ хугацаанд дайсны 2900 онгоц нисэн ирж, эдгээр объект руу 2000 гаруй фугасын бөмбөг хаясан атлаа ердөө л 12 объектод бага зэргийн гэмтэл учруулжээ.

Нийтдээ 1941-1945 онуудад 680 объектыг утаан хөшгөөр хамгаалсан ба тэдгээр объект руу дайсан 33 мянган бөмбөг хаясан боловч ердөө л 80 удаа л онож чаджээ. Хэрэв утаан хөшиггүй бол хохирол үлэмж их байх нь мэдээж хэрэг.

Улмаар 1943 онд профессор Л.С.Боришанский, Д.С.Лайхтманов нар утааны эх үүсвэрээс гарах утаан хөшигний талбай, уртыг олох математик томъёо гаргаснаар зөвлөлтийн цэргийн давшилт болгонд утаан хөшиг өргөн хэрэглэх болсон нь маш олон цэргийн амь насыг хамгаалжээ. 

Биологи болон анагаах ухаан

Москвагийн ИС-ийн профессор Б.А.Кудряшов хэдхэн секундын дотор цус бүлэгнүүлж тогтоох “тромбин” эмийг бүтээснээр олон зуун мянган цэргийг цус алдаж үхэхээс сэргийлж чаджээ.        

Биохимич С.Е. Северин донорын цусыг маш удаан хадгалах аргыг боловсруулжээ.

Физикч П.Г.Стрельков цус шүүх шүүлтүүр шинээр хийж технологи гаргаснаар олон мянган хүний амь насыг аварчээ.

Бүслэгдсэн Ленинградын Хавсарга Химийн эрдэмтэд стрептоцид, сульфидин, никотины хүчил, глюкоз зэрэг ховор эмийн бөөний үйлдвэрлэлийг зохион байгуулжээ. 

Ленинградын Ойн техникийн Институтын эрдэмтэд түлэгдэлт, хөлдөлт, галт зэвсгийн шархыг эмчлэх тос гарган авч бөөнөөр үйлдвэрлэж байлаа.    

Свердловскийн эм химийн заводын эрдэмтэд сульфамидын бэлдмэлийн үйлдвэрлэлийн шинэ технологи гаргаснаар удаан эдгэдэг, идээлж үрэвсэн шархыг хурдан эдгээх “Постовскийн тос”-ыг гаргажээ. 

1942 онд Туршилтын Анагаах Ухааны Институтын микробиологич К.В.Ермольева зөвлөлтийн анхны пенициллиныг бүтээж, хэдэн сая цэргийн амь насыг аварчээ.    

Хөдөө аж ахуй

Москвагийн ИС-д үржил сайтай тагтааны шинэ үүлдэр гаргаснаар зөвлөлтийн арми шууданч-холбоочин тагтаагаар дутахаа байжээ.

Академич В.С.Пустовойт Сибирийн хүйтэн нөхцөлд ургаж чаддаг төмсний 3 сорт, наран цэцгийн шинэ 33 сорт гаргаснаар ургамлын тосны хэмжээг жилд 150 мянган центнерээр нэмэгдүүлжээ.

Л.В. Катин-Ярцев, Л.И.Иванов нар ган  болон хүйтэнд тэсвэртэй төмсний 2 сорт гаргаж, төмсний ургацыг хэд дахин нэмэгдүүлжээ. 

А.А. Краснюк өвөлжих хөх тарианы “Волжанка” сорт гаргаж, га-ийн ургацыг 2,7 центнерээр нэмэгдүүлжээ. 

П.П.Лукъяненко асгардаггүй, налдаггүй улаан буудайны шинэ сорт гаргаснаар ургац алдалтыг ихээхэн бууруулж, хэдэн сая тн талх тариа хэмнэжээ. 

А.П.Шехурдин зусах улаан буудайны шинэ сорт гаргаж, гантай нөхцөлд ч өндөр ургац авах болжээ. Хожим энэ үндсэн дээр монголчуудын сайн мэдэх, ганд тэсвэртэй алдарт “Саратов” сорт гарчээ.

Байлдааны үед окоп, траншей, цэрэг, техникийн өнгөлөн далдлалт болгосон өвс, ургамал, бут сөөг, мөчир дорхноо шарлан гандаж “тэмээнээс тэмдэгтэй” болж илт ялгардаг зовлон гарч иржээ. Ингээд Ленинградын Ботаникийн Институтын эрдэмтэд тасалж авсан өвс, ургамал, мөчрийн ногоон өнгийг 2-3 сар удаан хадгалах арга нээжээ. Энэ аргын ачаар зөвлөлтийн армийн окоп, цэрэг, техникийн “мөнхийн” өнгөлөн далдлалт хийснээр хохирлыг олон дахин багасгажээ.  

Зөвлөлийн геологичид өмнө нээсэн ордын нөөцийг нэмэгдүүлэх, улс орны дорнод хэсэгт шинэ  ордууд олох үүргийг нэр төртэй биелүүлж, эх орондоо үнэтэй гавъяа байгуулжээ.

Ленинградын Бүх Холбоотын Ургамал Судлалын Институтын 28 эрдэмтэн дэлхийн үрийн санг хамгаалан хэдэн арван тн үр тарианаас 1 ширхэг ч үр идэлгүй, бүгдээрээ өлсгөлөнгөөр амь үрэгджээ. Харин дэлхийн үрийн сан бүрэн бүтэн үлдсэн байна…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2021 оны 5 дугаар сарын 01.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to ЯЛАЛТ ДАРХАЛСАН ЭРДЭМТЭД

  1. Бат says:

    Гайхамшигтай

  2. Anonymous says:

    Агуу Орос орон дэлхийн 2-р дайнд ялсан ШУ-ы учир шалтгааны талаар өмнө нь огт уншиж байгаагүй мэдээллүүдийг өгсөнд баярлалаа.

  3. Tuvshin says:

    Сэтгэл татам мэдээ байна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: