Д.ЭНХБАТ ЮУ ХИЙСЭН БЭ ?

Д.Энхбат маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Д.Энхбатыг “манай нийгэм мэдэхгүй” гэж МАН-ын болон АН-ын пиарчид цуурах болов. Манай нийгэм түүнийг сайн мэднэ. Мөн Д.Энхбатыг “гэв гэнэт” гараад ирсэн мэт ярих. Тэр “гэнэт” гарч ирээгүй. Иймээс би Д.Энхбат “Иргэний Холбоо” байгуулсан хийгээд түүнтэй хэрхэн танилцсан тухайгаа товч ярих гэсэн юм. Би энэ бичвэрийг Д.Энхбат нэр дэвшихээс хамаагүй өмнө буюу 2013 онд бичсэн учраас Ерөнхийлөгчийн сонгуульд тохируулаагүй нь мэдээж хэрэг. Иймээс бодит байдалтай яв цав нийцнэ гэж бодож байна…

2007 он гараад байсан юмсан. 2008 оны УИХ-ын сонгууль ойртож байлаа. Төр засаг хийгээд хоёр нам-МАН, АН юу хийх нь нэн тодорхой байв. Энэ нөхцөлд Иргэний хөдөлгөөний жагсаал цуглааны байдлаас гаргаж улс төрийн хувьд нэгтгэх бодит шаардлага үүссэн нь судлаач надад нэн тодорхой байв. Гэвч яаж ? Харин энийг бол би мэдэхгүй байв.

Энэ үед “Форумын Энхбатын тэнд” хэсэг сэхээтнүүд цугларан клуб байгуулж гэнэ гэсэн яриа дуулдав. Манай сэхээтнүүд иймэрхүү клуб маягийн юм байгуулж байсан нь олон боловч ажиллуулж байсан нь ховор гэдгийг би мэддэг болохоороо анхандаа нэг их тоосонгүй. Учир нь клуб байгуулъя гэж яриад баахан буу халж байгаад тэгэс гээд алга болчихдог гажигтай юм, манайхан.

Тэгсэн чинь, сураг сонсоод байхад хүрээ нь өргөсөж, тогтмол ажиллаж байгаа сурагтай. Дам сонсвол хуульч Б.Чимэд багш, хуульч Г.Тэмүүжин, Бурмаа нар байгаа ч гэх шиг. Ер нь ярихын хувьд ярьж байгаа бололтой. Ярих бол болдог юмаа, харин хийх л хэцүү…

Ингээд байж байтал нэг өдөр утас дуугарав. Д.Энхбат ярьж байна…

Өмнө нь би Энхбатыг монголчуудын адил Форум нэвтрүүлгээс л мэдэх билээ. Тэгээд 3 удаа “Форум” нэвтрүүлэгт орсон юм. “Форум” нэвтрүүлэгт орохын өмнө гол гол хүмүүс нь уулздаг юм. Тэгэхдээ тухайн нэвтрүүлгээр ярих сэдэв, хөндөх 2-3 асуудал тохирдог юм. Энэ нь нэг их удахгүй. Дараа нь телевиз дээр шууд уулзана. Энд сэтгэл зүйн их сонин үзэгдэл үүсдэг юм. Энхбат асуултаа мэдээж бидэнд хэлэхгүй, бид хариултаа бас мэдээж хэлэхгүй, зүгээр л зарчмын хувьд л тохиролцоно.  

Миний хувьд орсон нэвтрүүлгээ нэлээн сайн үймүүлсэн юмдаг. Тэнд би дотроо нэг зүйл анзаарсан юм. Энхбат нэвтрүүлэг дээр цаг ямагт төвийг сахидаг байсан боловч сэтгэл нь дандаа ард түмний талд байдаг байлаа.

Ингээд Энхбат хэлж байна: Бид хэсэг хүмүүс цугларч байгаа юм аа, энэ төр засаг болохгүй байгааг чи сайн мэднэ, ямар нэг юм хиймээр байна, Чи бидэнд зөвлөгөө өгөөч.

Би хэлэв: Би монголын бүх тэмцэгчдийг арван хуруу шигээ мэднэ. Сэхээтэн маягаар хоосон чалчиж, эсвэл баахан жагсаж орилж байгаад дарга нартай хуйвалдаад алга болох гэж байгаа бол би чадахгүй.

Энхбат хэлж байна: Ёстой тийм юм байхгүй. Хоёулаа уулзаад ярилцъя л даа…

Ингээд бид хоёр цаг зүгээ тохиров. Тэр нь одоогийн “Интер” номын дэлгүүрийн ард баруун тийш харсан хаалга байсан юм. Хоёулаа уулзав.

Би олон сэхээтнийг мэддэг, тэдний олонхийг голдог нэгэн. Харин Д.Энхбат шиг сэхээтнийг цөөхөн үзсэн билээ. Одоо ч тэгж үздэг. Тэр бол асар их мэдлэгтэй, мэдлэг нь маш өргөн хүрээтэй, системийн түвшинд сэтгэж чаддаг, харилцааны өндөр соёлтой, монголын шилдэг сэхээтний нэг юм. Гэхдээ энэ бол миний сүүлд хийсэн дүгнэлт юм. Харин одоо бол тэр зүгээр л нэг “дажгүй” сэхээтэн. Ингээд бид хоёр ярьж гарав.

Эхлээд улс орны талаар дүгнэлт хийв. Энэ дээр санал бүрэн нийлж байна. Ер нь бол асуудлын энэ хэсэг дээр манайхны санал бүрэн нийлдэг болохоор надад нэг их сонирхолтой биш л дээ.

Дараагийн хэсэг нь цуглаж буй хүмүүс. Их л яриа гараад байсан болохоос биш  нэг их сүрхий санагдсангүй. Гэхдээ найдвар тасарчихаар биш аж.

Дараа нь юу хийх ? Энэ дээр баахан төлөвлөгөө байгаа аж. Гэхдээ үүнийгээ Энхбат бараг л “хүсэл, мөрөөдөл” гэж нэрлэв. Миний ойлгосноор энэ хүсэл мөрөөдөл нь тун дажгүй бөгөөд зөв аж. Үүнийг ажил хэрэг болгох гэж зүтгэх нь зөв үү ? гэж надаас асуув. “Их зальтай” байгаа юм шүү. Мэдээж би яагаад ч буруу гэж хариулж болохгүйд хамаг учир байлаа.

Ингээд бид дараах зүйлсийг тохиролцов.

Би Энхбатын зөвлөх болох. Би байхгүй байгууллагын зөвлөх болох утгагүй байв. Тэгээд ч би зохион байгуулалтын ажилд шууд оролцохгүй гэж тохиролцов. Харин “үзэл суртлын” буюу “бичиг баримт боловсруулах” ажлыг нь би хийхээр болов.

Харин надаас өмнө байгууллагын гол гол хүмүүсийг нэгэнт бүрдүүлчихсэн байжээ. Ухаандаа МУИС-ын Социологийн тэнхмийн Ц.Болд, Ч. Тамир хоёр ирчихсэн сууж байна. Удалгүй манай Д.Мөнхтөр нэмэгдэв. Надаас өмнө тэд ирчихжээ. Баярласан гэж жигтэйхэн. Тэд миний шавь, хуурай дүү нар юм. Эднийг би хар багаас нь “чихий нь мушгиж” хамт ажилласаар байгаад бүр зан зангаа авчихсан юм. Угаасаа бид хэд нэг баг байсан юм. Ялгаа нь судалгааны баг байсан бол одоо “улс төрийн” баг болов.     

Цаашлаад эдийн засагч Энхзаяа, Батболд, Жаргалсайхан нартай танилцаж, Адмоны Р. Энхбат, Цэрэнжав, Санжаасүрэн нарын хуучны танилуудтайгаа хамтран ажиллах болов.

Энд би гол гол хүмүүсийг нь нэрлэж байна. Ер нь бол 30-40 хүн нэгэнт цугладаг болсон байлаа. Тэдний дунд тагнуул, мэргэжлийн хорлон сүйтгэгч нар нэлээн олон харагдаж байв. Нэг зовлон шууд л харагдав. Яагаад гэвэл тэдний дунд яг “нам  төрд” ажиллаж байсан хүн цөөн байв. Түүнээс гадна манай нөхдийн олонхи нам төрийн “хорлон сүйтгэх” ажиллагаа гэдгийг огт мэдэхгүй, гадарлахгүй. Энэ нь надад  “сөрөг тагнуулын” ажил үүрэг хар аяндаа ногдоно гэсэн хэрэг гэдгийг би шууд л мэдрэв. Ер нь ихээхэн хүнд нөхцөлд ажиллах нь ойлгомжтой болов.

Телевиз, радио үзэж, гаднаас ажиглаж буй хүмүүс далд болж буй үй олон үзэгдлүүдийг огт мэддэггүй, ойлгодоггүй юм. Гэтэл хамаг “юм” нь хөшигний цаана болдог билээ. Энэ нь надад ногдож таарав. Нэг их нууж хаагаад байх юмгүй ч гэсэн заавал ингэж таардаг юм.

Д.Энхбатын бодлоор үзэл санааны шинэ суурь дээр иргэний хөдөлгөөнүүдийг нэгтгэх УИХ-ын сонгуульд амжилт олж, хоёр намын хязгааргүй ноёрхлыг хязгаарлах явдал байв.

Энд улс төрийн их нарийн тоглолт үүсэх юм. Шинэ тутам үүсэх байгууллагыг хоёр нам шинэ хөдөлгөөнийг бие биеийн эсрэг ашиглахаас гадна, дундуураа оруулахгүй гэсэн тактик баримталж байв.

Энд үзэл санааны гэж нэрлэж болмоор монгол зөрчил үүснэ. Зарим шууд л МАН-ын эсрэг үзье гэх. Үндэслэл нь эхлээд “коммунист” намыг нь “устгачихъя”, дараа нь АН-тай бол яаж л бол яаж болно гэх мэтээр “онолдох”. Гэхдээ “коммунист ардчилсан” нь холилдчихоод нийлээд худал хэлээд хулгай хийгээд байвал яах вэ ? гэдэгт хариулах нэг ч онол байхгүй нь “даанч сайхан”.

Энэ нөхцөл нь шинэ тутам үүсэх байгууллагын үйл ажиллагааг туйлын хүнд болгож байлаа. Үүнийг Д.Энхбат сайн ойлгож байлаа. Тэгээд л түүнд зөвлөх хэрэгтэй болсон байх…

Харин би нэг зүйл амласан юм. Би санхүүжилт болон зохион байгуулалтын нарийн асуудалд оролцохгүй. Энэ саналыг би гаргасан юм. Ер нь хүний мөнгө рүү өнгөлзөөд байх утгагүй байдаг юм. Ингээд “дураараа байх эрх” олж авав. Гэртээ сурснаараа ажиллах бөгөөд Энхбатаас өөр хүнд үл захирагдана. Ингээд их том “эрх мэдэлтэн” болов оо, хөөрхий…

Нэрийн асуудал

Д.Энхбат анхлан байгууллагадаа “иргэний форум” нэр өгөх саналтай байсан юм. Гэхдээ форум гэдэг үгийг орчуулж болдог бол ч… гэж шүүрс алдах. Телевизийн нэвтрүүлэг нь бодогдоод байгаа бололтой. Надад ч гэсэн тэгж санагдаж байв. “Дотоод” болон нийтийн хүрээнд хэд хэд ярилцсан боловч “иргэний” гэдэг дээр бүгд санал нийлнэ, харин “форум” дээр үл нийлнэ. Гэхдээ түүнийг орлох үг олж чадахгүй, олон хоног “онолдов”, олон хоног зовов. Лав л Д.Энхбаттай хэн хэдэн удаа нэлээд удаан ярьсан юмдаг.   

Ингээд байгууллагын хөтөлбөр, дүрэм боловсруулах ажилд цаг алдалгүй орохоор шийдэв. Үүнийг хийх ярих бүрд л нэрийн асуудал үүснэ. Д.Энхбат, С.Болд, Ч.Тамир, Д.Мөнхтөр бид тав нэг удаа хөтөлбөр, дүрмийн асуудал ярьж байгаад нэрийн асуудал руу хальтарч улмаар “онолдов”.  Сурсан зангаараа Ц.Болд, Ч.Тамир бид 3 үзэж тарав. Тэгээд сурчихсан юм. Тэд “эвсэл” ч билүү, нэг ухаалаг үг хэлж байсан юм. Би түүнийг нь эсэргүүцсэн боловч өөрийн үг байдаггүй ээ. Гэхдээ л эсэргүүцээд л байв. Гэв гэнэт толгойд “холбоо”, “иргэний холбоо” гэсэн үг харваад ороод ирэх нь тэр. Ийм амархан юмыг өмнө нь бодож олж хэвтэхгүй, тэнэг амьтан…   

Ингээд маргааш нь боловсруулж буй мөрийн хөтөлбөр, дүрмийн төсөлд байсан бүх “форум”-ыг хасч “иргэний холбоо” болгосон төслөө нөхөддөө үзүүлэв.

Энэ нэр бүгдэд нь таалагдав. Д.Энхбат ч их урамтай болов. Би ч их баяртай байв. Ингэж “Иргэний Холбоо” гэсэн нэр үүссэн юм.

Агуулга нь бидний санасан бодсонтой яг нийлж байсан учраас хэн татгалзах билээ…  

Хөтөлбөр дүрэм    

Энэ бол “онолтой”-гоороо Болд, Тамир, Мөнхтөр бид дөрөвт ногдох нь мэдээжийн хэрэг. Яг бид дөрөв дотроо бол “хамгийн том онолчоороо” би араг яс, хүрээг нь гаргах нь мэдээжийн хэрэг. Угаасаа бид хэдийн хуучин ажлын хуваарь ч тийм байсан юм. Энэ нь би хамаг юмыг хийгээд бусад нь засдаг гэсэн үг биш юм. Манай хэд миний хийсэн юмны өө сэвийг андахгүй бөгөөд ёстой хорлогчинтой эвдэж чаддаг юм. Харин өөр хүн бол эвдэх их хэцүү л дээ…  

Мөн Д.Энхбат их сууж, маш нарийн ажилласан юмсан. Түүнийг би “онол” мэдэхгүй гэж бодож байсан эндүүрэл байжээ. Олон хүн мэддэг царайлдаг бол тэр эргэлзээтэй юманд  дээр дуудаж лавлана, асууна, асуудлын мөн чанарт орно, маргана. Өөрөө өндөр мэдлэгтэй болохоороо их нарийн, маргаантай асуудалд орно. Тэгж байгаад засна. Их ч зассан даа.

Манай хөтөлбөр, дүрэм тухайн үедээ ч, одоо ч сайндаа орно гэж би хэлж чадах байна. Яагаад гэвэл тэргүүний сэхээтнүүдийн нөр их хичээл зүтгэл, хиргүй сэтгэл орсон юм. Бусад олон нөхөд маань ихээхэн сэтгэл зүтгэл, цаг заваа гарган байж оролцсон юмдаг.

Манай “Иргэний Холбоо”-ны хөтөлбөрийн маш олон санааг удалгүй Ерөнхийлөгч болсон Ц.Элбэгдорж ичих нүүргүй хулгайлсан юм. Эзнийг нь зайлуулчихаад хийсэн санааг нь хулгайлна гэдэг бол Ц.Элбэглорж мэтийн дүүрчихсэн луйварчны ажил юм. Гэхдээ тэр цаад мөн чанарыг нь ойлгоогүй учраас “иргэний боловсрол”, “иргэний хөтөлбөр”, “иргэний танхим” зэргийг балай тэнэг болгон хувиргаж, хүн танихийн аргагүй зэмдэглэж завааруулсан билээ.  

Иргэний Холбооны үүсэл

Хөтөлбөр, дүрэм, нэрээ тогтож, олон нийтэд зарласнаар алив байгууллага байгуулагдсан гэж үздэг ёсоор бол бид энэ үеэс байгуулагдсан гэж үзэж болно байх. Гэхдээ бол Иргэний Холбоо гэж нэрлэхээс өмнө байгууллагын анхдагч цөм бий болчихсон байсан юм. Өөрөөр хэлбэл надаас өмнө гэсэн үг. Д.Энхбат байгууллагаа албан ёсоор хэлбэржүүлж, эрчимжүүлж, өргөжүүлэх үед нь бид ирсэн үе юм.

Иргэний Холбоо байгуулагдсан мэдээ тэр дороо л олон нийтэд хүрч тэдний анхаарлыг татаж эхлэв. Ажил гэж буцалж өгөв.

Миний одоо санаж байгаагаар эдийн засагч Жаргалсайхан, Энхзаяа, эмч Болдсайхан, Р.Энхбат, Пүрэвсүрэн, Ц.Болд, Ч.Тамир, Мөнхтөр, Батболд, Цэрэнжав, Санжаасүрэн, Сугар нар гол хүч болж байсан юм. Мөн Бум-Ялагч, Саруул, Монгол нар нэлээд идэвхи гаргадаг байсан санагдана. Дарга Д.Энхбатын ажил гэж барагдана гэж ёстой байхгүй.

Мөн бичиг хэргийн болон туслах ажилд нойр хоолгүй зүтгэж явсан Дариймаа, Туул, Болормаа, Ганчимэг, Төгсөө гээд “найз охид” олон байх…

Монгол ёс заншлын дагуу ирсэн хүмүүс заавал “хамгийн том даргатай” нь уулзана гэнэ. Энхбат ч уулзаад л сонсоод л, толгой дохиод л сууна. Хамаг цаг нь иргэдтэй уулзахад үрэгдэнэ. Ямар сайндаа би Энхбатадад: Чи нэртэйгээр нь “иргэдийг хүлээн авах газар” гээд хаяг наачих л даа гэж явуулж байхав. Би бол ёстой барахгүй ажлыг Энхбат маань барсандаа…

Олон иргэний хөдөлгөөнийг нэгтгэх гэхээр дарга болох гэж байна гэж хардана. Тийм биш гэдгээ ойлгуулна. Иргэний хөдөлгөөний зөвлөл маягийн юм байгуулж байж санаа нь амрах жишээний. Хоёр нам ч яриа юу байхав, хоёр тийш нь чангааж, хорлон сүйтгэх нь мэдээж хэрэг.

Тагнуул туршуул, өдөөр хатгагчид гэж авахын танаг байхгүй. Элсэх гэж ирсэн хүнийг “тагнуул” гээд хөөчихөж болохгүй нь мэдээжийн хэрэг. Хэдэн жил иргэний хөдөлгөөний сайн муутай хутгалдсаны хэрэг тэнд л гарсан юм. Дээрээс нь цагдаа, тагнуулынхан ирээд суучихна. Заримыг нь ч яахав танина, бүр иргэний хөдөлгөөний үеийн “танилууд” ч байна. Зохион байгуулах хурлын үеэр нэг цагдаа ингэж хэлж байсан юм. “Би цагдаа хүн. Иргэний Холбоо байгуулахад би эхнээс нь оролцлоо. Би иргэний жагсдаг дайрдаг хөдөлгөөнтэй тэмцэж үйлээ үзсэн хүн. Одоо хууль ёсоор ажилладаг ийм шинэ иргэний Холбоотой болсондоо би их баяртай байна. Би цагдаа учраас хуулийн дагуу энэ Холбоондоо байж болохгүй байна. Гэхдээ би Та нарыгаа сэтгэл зүрхээрээ дэмжиж явна аа”. Энэ бол тэр хүний сэтгэлийн үг байсан юм. Манай Иргэний Холбоо ийм байгууллага байсан юм.       

Мэдээж үнэн сэтгэлээсээ ирсэн хүмүүс олонхи байсан юм. Мөн тагнуул, туршуул, хорлон сүйтгэгч нар ч цөөнгүй байв. Энэ нөхцөлд л бид иргэний холбоогоо байгуулж ажиллуулсан юм.

Бид ахар богино хугацаанд эхлээд нетэд, дараа нь нийгэмд байр сууриа олж, анхны хурлаа хийж, олон нийтийн дэмжлэг авч чадсан юм. А.Баатархуяг, Г.Уянга хоёрын “Улс төрийн сонин” болон зарим хэвлэлийн газрууд ихээхэн дэмжлэг үзүүлэх болов. Сэхээтнүүд болон олон нийт ихэд талархан хүлээж авав.

Бид ахар богино хугацаанд интернетийн болон хэвлэл мэдээллийн дэмжлэг хүлээж чадсан, иргэний хөдөлгөөнүүдтэйгээ хэл амаа ололцож амжсан, зохион байгуулалтын хувьд ямар нэг хэмжээгээр бэхжиж амжсан, үзэл суртлын ямар нэг платформ бий болгож амжсан юм. 

Ийм их дэмжлэг олсон нь мэдээж улс төрийн том хүчнүүдэд ерөөсөө таалагдаагүй учраас хагалан бутаргах шалгарсан аргаа хэрэглэсэн юм. Тэгээд тэр новшнууд санасандаа хүрсэн. Харин энэ бол жичдээ ярих асуудал юм.

Миний хувьд зохион байгуулалтын нарийн ажилд тэр болгон оролцоод байдаггүй байсан гэдгээ нэгэнт дурдсан. Хараад байхад тэнд л хүн амьтан бужигнаж ажил өрнөж байсан юм. Би бол яахав дээ, бичиг цаасныхаа л ажлыг хийнэ ш дээ. Энийг “онолын” асуудал гэж олон хүн нэрлэдэг юм. Гэхдээ энэ чинь ямар ч гэсэн ажил биз дээ…  

Иргэний Холбооны түүх бол монголын сэхээтнүүд гадаадын ямар нэг дэмжлэггүйгээр иргэний улс төрийн байгууллага бие даан байгуулж амжилт олсон түүх, бас ялагдсан түүх юм. Иргэний Холбооны үйл ажиллагаа яг биднийхтэй адилгүй ч гэсэн ямар нэг байдлаар дахин сэргэх нь эргэлзээгүй.  

Энэ Холбоог байгуулах ажилд гар бие оролцсон нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Би Иргэний Холбоонд хамт ажиллаж байсан Д.Энхбат нарын найз нөхдөөрөө ямагт бахархаж явдаг даа… 

Судлаач Х.Д.Ганхуяг.

2013 оны 11 дүгээр сарын 09. 

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to Д.ЭНХБАТ ЮУ ХИЙСЭН БЭ ?

  1. Sainaa says:

    Сайхан дурсамж байна Ганаа ах

    Одоо Иргэний холбоо, иргэний танхим, иргэний … гэх үгс улиг болж дээ. Тухайн үед та бүхнийг нэр олох гэж зүдэрч байгааг уншихад үнэхээр шинэ тутам байсан болтой гэж бодогдож байна. Та дээр зарлаад өнгөрсөн жичдээ гэх асуудлаа бичвэл сургамжтай сонин байх болов уу

  2. Болдоо says:

    Иргэд өөрсдөө жагсан болох бүтэхгүйтэй тулж тэмцдэг оргилсон “хүсэл сэтгэлийн дуудлага” нь арилж, бүтээлчээр нэгдэж *ирээдүйгээ гэх итгэл зүтгэл* нь гээгдээд урам зориггүй болж дээ одоо!!!

    Гээд цогшин буй унтаршгүй тэр хүсэл сэтгэлийг ноцоож үнэн мөнөөр олноо дагуулах МОНГОЛ ХҮН оюунлаг манлайлагч эдүгээ өдрийн од төдийгүй ихийг даах тэсэх нь нэн бэрх тул өмнөхөөсөө сургамж авсан ИРГЭНИЙ ХОЛБОО мэт олны нэгдэл галт шувуу мэт амилан дүрэлзээсэй билээ!

    Үүнд өнөө намууд ч хүч нэмж илүү ачаанаасаа салж улс орноо бодвол сайн цаг ирэх энүүхэнд л хэхэ, титэмт ч төвөг чагт болж амжихгүй л! Кк 😁😍😇

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: