А.БААТАРХУЯГ: ЦАХИМЖУУЛАЛТЫНХАНТАЙГАА…

Найдлага бол одоо залуучууд. Тэр өнгөрсөн нийгмийн талаар ойлголтгүй, эрх чөлөөний үүлэн цоорхой дунд өсөж төлөвшсөн, хуарангийн системээс ангид сэтгэхүйтэй тийм хүмүүс л энэ байдлыг өөрчлөнө гэж найдъя! Өөр найдлага алга!

XXI зууны БНМАУ

Ковидын үеийн ковидын дараахь эдийн засгийн бодлогын талаар дэлхий нийтээр их бичиу шуугиж байна. Дэлхийн улс орнууд хилээ хааж, халамж тарааж, эдийн засгийн уналтаас гарахыг хичээж байна. Зарим орнуудад энэ завшаанаар дэглэмүүд чангарч, их гүрнүүд нөлөөгөө бэхжүүлэх гэж, зарим нь бүр орхиж эхэллээ. 

Аялал жуулчлал хязгаарлагдаж, улс орнууд хилээ чангатгаснаар бараг л хүйтэн дайны үеийн дэлхий ертөнцийг санагдуулам саланги тусгаар байдал бий болж, өнөө даяар ертөнц дахин хуваагдав. Маш богино хугацаанд шүү!

Монголчууд ч өөрсдийн бодат нөхцөл байдлыг үнэлж цэгнэхэд туслав. Өмнөд хөршөөс эдийн засгийн талаар хараат байдал хэт ихэссэн, улсын эдийн засаг бараг хуучин коммунист дэглэмийн үеийнх шиг хэт төвлөрсөн, Засгийн газрын мэдэлд бүх хөрөнгө цуглажээ. 

Оны эхээр улсын хэмжээнд 30 шахам мянган аж ахуйн (нийт аж ахуйн нэгжийн 1/3 шүү!) нэгж дампуурч, үйлчилгээний зарим салбарууд одоо болтол хаалгаа барьсан хэвээр, гэтэл төгрөг долларын ханш харьцангуй тогтвортой байх юм, төгрөгийн нийлүүлэлт хэрээс хэтэрсэн хэр нь… Энэ бол мэдээж гадаад худалдааны эргэлт буурч, жижиг дунд бизнес эрхлэгчид валют худалдаж авах нь буурсантай холбоотой байх. Мэдээж төгрөгийн нийтүүлэлт ихэссэн учраас бараа бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай болжээ. Хоёр эргэлтээр тус бүр 10 хувийн ашиг олдог худалдаачид нэг эргэлтээс 20 хувийн ашиг олохыг бодох нь зүйн хэрэг. 

Засгийн газраас хямралын үе гэлтгүй хавтгайрсан халамжийн бодлого явуулж эхлэв. Иргэдийн хэрэглэсэн дулаан, цахилгааны үнийг улс төлж байна. Коммуниемын жилүүдэд ч мөрөөдөж байгаагүй халамж. Аж ахуйнууд сүйрч, жижиг дунд бизнес эрхлэгчид баларч, ажилгүйдэл ихсэж, татварын бааз суурь хумигдаж байхад улсын төсөв юу юугүй дампуурчих байх, дефолт болох нь гэтэл тэгсэнгүй. 

Х.Баттулга Ерөнхийлөгчийн дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих сая төгрөгийн эрхийн бичиг тараах санаачлагыг дарахын тулд “Эрдэнэт” үйлдвэрт хуримтлагдсан 650 сая ам.долларын ашгийг улс булааж авчээ. “Эрдэнэт” дампуурсангүй, У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болмогцоо энэ халамжаа он дуустал үргэлжлүүлэх шийдвэр гаргав, мэдээж намын даргын тамгыг барьцаалж байгаад намын шийдвэр байдлаар ЗГ-т тулгасан хэрэг. Ингээд зогссон нь яамай…

Тэр хүртэл Засгийн газар сонгуулийн барьцаанд байж, ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй байв. Шинэ Үндсэн хуулийн заалтуудаар эрх мэдэл парламентаас намд шилжсэн тул иргэний эрх ашгаас намын эрх ашиг өндөрт эрэмблэгддэг болсон байв. 

Мэдээж хэн ч ЗГ-аа сүйрээсэй, улс орон дампуурчихаасай гэж бодохгүй, халамжийн хэтрэлт сүйрэлд хүргэх вий гэсэн айдас бол байсан. Гэвч тэгсэнгүй. Яагаад? 

Үүний учир нь манай эдийн засаг бүхэлдээ төрийн өмч давамгайлсан, уул уурхайн компаниуд ЗГ-ын мэдэлд байдаг учраас ковидын дараахь дэлхийн эдийн засгийн сэргэлтийн мөчлөгт түүхий эдийн үнийн өсөлт төсөвт нааштай нөлөөлж байгаатай холбоотой бололтой. Нүүрс, зэсийн үнэ өсөлттэй байгаа ч манай ЗГ гал алдчихгүйн тулд өмнөд хөршөөс нүүрсний импортоо нэмэх, хүлээн авахыг царайчилж суудаг нь нууц биш. Ердөө 7 дугаар сард импортын гол боомт Зам-Үүд, экспортын гол боомт Цагаан хаданд асуудал үүсэхэд улсын эдийн засаг нийтээрээ доргилт авч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт хяналтаас гарч эхэлсэн. Чухамдаа үнийн хэт өсөлтийг иргэдийн худалдан авах чадварын бууралт л барьсан, муу нь муугаа хязгаарласнаар сайн гэхэд хаашаа үр дүн гарч байгаа нь энэ. 

Эдийн засаг ч эмзэг, тэр хэрээр Засгийн газар ч эмзэг байна. Энэ сайн үр дүнгийн муу тал нь барилгын салбарын үйлдвэрлэл хэрэглээ эрс буурснаар хэмжигдэнэ. Орон сууцны үнэ өсөж болзошгүй ба худалдаачдын ашиг буурснаар ирэх жилээс татварын орлогод шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Энэ зөвхөн барилгын салбарын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө, ерийн үеэс 3-5 дахин өссөн бараа материалаар орон сууц барьж борлуулах тэнэг бизнесмэн байхгүй учраас үндсэндээ энэ салбарт царцалт үүсч байна. Энэ бол чимээгүй сүйрэл. 

Цөөн маш том компаниуд л таатай үеийн хямд нөөцөөр ажлаа үргэлжлүүлж байна. Үүн дээр ажилгүйдэл нэрвэх аюултай. Үйлчилгээний салбарууд одоо болтол бүрэн ажиллаж чадаагүй байна, аялал жуулчлалын салбарыг дагасан бизнесүүд үндсэндээ “тэг” зогсолт хийжээ. Түрээслэгчид цөөрснөөр түрээсээр мөнгө хийдэг компаниуд ч хүнд байдалд орж байна. Үүний дээрээс банкны зээлийн хүүгийн өрийн дарамт хайр найргүй няцлаж байгаа нь ойлгомжтой. Энэ хэрээр уг салбарт ажиллагсад цомхотголд орж, ажилгүй орлогогүй иргэдийн тоо өссөөр байна.

Бүхэлд нь харвал манай улс хэт төвлөрсөн төрийн хэт оролцоот эдийн засагтай, бараг коммунизмын үеийнхтэй адилтгаж болох түвшинд төрийн өмч давамгайлжээ. Уг нь ЗГ улс оронд эргэж буй мөнгөний 10-15 хувьд ажилладаг атал манайд энэ үзүүлэлт бараг 50 хувьтай байна. Эрхбиш 5 жилийн төлөвлөгөө гаргадаггүйгээрээ л ялгаатай ажээ. Өнөө зах зээлийн хүч чадал, ид шидийг ийм эдийн засгаас хүлээгээд ч хэрэггүй. Нэгэнт ийм бол хөгжил энэ тэр яриад ч яах юм.

Улс түүхий эдээ монопольдож зардаг, ингэхдээ голдуу өмнөд хөрштэйгөө хийсэн улстөрийн яриа хэлэлцээрээр шахдаг, тэр орлого нь дарга ангид хамаатай болохоос нийт иргэдэд падлийгүй, нийтээр явуурсан иргэдээ амь зуухын төдий халамжаар торгоодог, авилга, хээл хахууль хэрээс хэтрээд далд эдийн засаг нь бодат эдийн засагтайгаа бараг тэнцсэн, хараат, гадаад өр нь ДНБ-тэйгээ тэнцсэн ядуу улс болжээ. 

Иргэд реформ, шинэтгэл хийхийг олон жил шаардсан боловч амжилт олоогүй ба улстөр-иргэний хөдөлгөөнүүд байтугай сөрөг нам ч үгүй болж улам бүр тоталитар дэглэм рүү гулсаж байгаа билээ. Үндсэн хуулийг өөрчлөхдөө парламентын үүрэг нөлөөг хумьж, ЗГ-т төвлөрүүлсэн нь үүний дохио, гэхдээ энэ бол зүгээр л эрх мэдэлтэй улстөрчдийн хийсэн ажил ч биш, нийгэм нь өөрөө үүнийг хүсэж хийлгэсэн юм. Иргэд дарангуйлал хүсэж байгаа нь ирээдүйдээ итгэхээ байсны шинж юм. 

Хуучин коммунист удирдагчдын нэр хүнд буцан сэргэж, залуучуудын хувцас чимэглэл, загварт БНМАУ-ын үеийн бэлэг тэмдэг, удирдагчдын хөрөг, сүлд олноор харагддаг болжээ. Сонгуулийн сурталчилгаа, улстөрийн акцид ч энэ төрлийн бэлгэдлүүдийг хэрэглэх нь үр дүнтэй болсныг сүүлийн үеийн сонгуулийн дүнгүүд харуулна. Учир нь ардчилсан хувьсгалын дараа энэ бүгдийг хориогүй юм.

Ингээд л болоо юу? Өнөө хагас жарны өмнө хийсэн ардчилсан хувьсгал, эдийн засгийн либералчлалын романтизм дуусаа юу? Бүх талаар ухарч улс үндсээрээ буруу замаар яваад буцаад байх ёстой газраа ирсэн гэж үзэх үү? Найдвар тасарсан уу?

Найдлага

Сөрөг хүчингүй намын ноёрхол, эдийн засгийн эрх мэдлийн төвлөрөл, ядуурал, авилгал хээл хахууль, далд эдийн засаг ба түүнийг эзэмшигч олигархиудын нөлөө, хэрээс хэтэрсэн дураар авир энэ бүхэн хазааргүй үргэлжлэх мэт. Монгол сэрүүн бүсийн Нигер болов. Өнөө Африкчууд хүртэл бид “Монголыг бодвол…” гэдэг болжээ. 

“Рио Тинто”-гийн дарамт, Японы буцалтгүй тусламжийг эс тооцвол гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан Монголиаг бараг мартаад Могулстан гэж хочилдог болж. Коммунизмын жилүүдэд өсч боловсорсон ах нарын хийсэн ажлын үр дүн! Тэд аман дээрээ коммунистууд хэмээн харааж зүхэвч ажлаараа өөрсдөө коммунист гэдгээ баталсаар ирсний жишээ нь өнөөгийн Монголын дүр төрх! Иргэндээ итгэдэггүй, залуустаа зай тавьдаггүй, бүхнийг төрд авах эрмэлзэлтэй, дээр нь гадныхны өмнө эрх ашгаа хамгаалж сураагүй, колоничлогдсон сэтгэхүйтэй… Эдийн засгаа либералчилна гэхээр гадынханд байгаагаа найр тавих тухай, тэдний өмнө төр хүчгүй байх яриад эхэлдэг нь Зөвлөлтийн үед тогтсон сэтгэлгээ юм л даа!

Найдлага бол одоо залуучууд. Тэр өнгөрсөн нийгмийн талаар ойлголтгүй, эрх чөлөөний үүлэн цоорхой дунд өсөж төлөвшсөн, хуарангийн системээс ангид сэтгэхүйтэй тийм хүмүүс л энэ байдлыг өөрчлөнө гэж найдъя! Өөр найдвлага алга!

Ер нь өөрчлөлтийг хийх нь бараг хувьсгал хийх дайны юм болох байх. Ингэтлээ дорд орсон систем. Гэхдээ ковидын дараахь эдийн засгийн дүр зургийг харвал Засгийн газар жижиг дунд бизнес эрхлэгчдээ царайчлаад эсхүл татвараар дарамтлаад байхааргүй мөнгөтэй болжээ. Ерөөсөө жижиг дунд бизнес эрхлэгчдэд очдог дарамт бол хуульчлагдсан төрийн дарамт биш, харин дунд шатны үй олон хянагч-шимэгчдийн дарамт байна. Тэд төрд биш өөрсөддөө мөнгө хийдгээс далд эдийн засаг, авилгын сүлжээг үүсгэдэг аж. 

Хэрэв аж ахуйн нэгжүүдийн 1/3 нь дампуурсан бол тэдэнд үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн бүх шатны байгууллагуудын орон тоо яг тэр хэмжээгээр буурч байх ёстой биз? Нарийндаа үүнийг либералчлал гэдэг юм л даа… Тэгэхгүй бол тэр шимэгчид үйлдсэн 2/3-ыг идээд устгачихна. Дээр нь дампуурлаа бүртгүүлж амжаагүй үй олон бизнес эрхлэгчид хүнд байдалд ажиллаж байна. 

Ковидын улмаас тогтоосон хөл хорионы дэглэмүүд тэдэнд дарамт болсоор л байгаа. Ийм шалтгаанаар сүүлийн үед төрийн байгууллагуудын хууль бус үйл ажиллагааны талаарх гомдол, мэдээллүүд нийгмийн мэдээллийн сүлжээнд олноор гарч байна. Төрийн хяналтын байгууллагад хандсанаас ингэсэн нь илүү үрдүнтэй. Учир нь манай төрийн албаны сэтгэхүйд өөрсдийгөө “тусгай” анги гэж үздэг хандлага нэвшсэн бөгөөд нийтийн зүгээс өөрсөдөд нь хандсан шүүмжлэлийг дарах замаар нэгнээ өмгөөлдөг, хамгаалдаг соёл бий болсон юм.

Тэр хэрээр формжиж, үнэмлэхжиж, хууль тогтоогчдыг лоббидож өөрийн салбарт төрийн тусгай, онцгой, хүчний гэх мэт чимэг нэмэх дуртай болчихсон билээ. Төрийн гэдэг үг л сүр хүч нь болохоос бусад тодотгол нь иргэдэд түй ч нэр хүндгүй лай л юм. Ийм отго жинстэн өнөөдөр нийт ажиллах хүчний 1/5-ийг дангаараа бүрдүүлж байна.

Шинэтгэлийн чимээ

Найдлага тавьж буй учир Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байдаг. Гэхдээ ажиглах төдий бус жижиг дунд бизнес эрхлэгчдэд учрах дарамтыг бууруулах, үйл ажиллагааг нь царцаасан хориг, дэглэмээ сулруулах, эдийн засгийг идэвхжүүлэх, халамжийн хавтгайрлыг зогсоох ёстой гэсэн саналыг байнга бичиж шүүмжилж байна. 

Эдийн засгийн хүндрэл хэвлэл мэдээллийн салбарт хамгийн түрүүнд мэдрэгддэг бөгөөд реклам захиалагчдын тоо, үнийн дүн буурч байгаа нь үйл ажиллагаанд шууд сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ нийгэмд хамгийн чухал нь эдийн засгийн эрх чөлөө, хувь хүнд ч байгууллагад ч. Хэрэв санхүүгийн талаар хараат бус байж чадахгүй бол ямар ч чөлөөт хэвлэл, мэдээллийн хэрэгсэл оршин тогтнох боломжгүй. Байгууллага нь бүтцийн хувьд ажиллаж л байдаг л даа, гэхдээ мэдээлэл нь бодитой бус, хөрөнгө төвлөрүүлэгчийн, яг өнөөгийн нөхцөлд ЗГ-ын захиалга биелүүлдэг болчихвол олон хэвлэлийн байгууллагын хэрэг ч байхгүй, нэг л ЗГ-ын телевиз байсан нь дээр… 

Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын 200 хоногийн ажлын тайлангууд хөвөрч байна. Яах вэ, байдаг л тайлан л даа. Өнгөрсөн хугацаанд “гэнэтийн байдлаар эрх шилжсэн”, шилжилтийн үеийн бэрхшээлүүд, авилгажсан тогтолцоо, авилгын сүлжээнүүдийн фракцалсан өрсөлдөөн, орон нутгийн засаг ноёдын дураар авир, сонгуулийн бохир амлалтууд ажлын чиглэлээ өөрчлөх боломж олгоогүй. “Онцгой комисс” байгуулахдаа тулж байж дотоод сөргөлдөөнөө дарж чухамдаа бол энэ залуучууд “тэсч үлдсэн нь”, ядаж 200 хоног ажилласан нь их юм даа! Ийм болтлоо замбараагүйтэж, дорд орчихсон шүү дээ! Зарим талаар буулт хийж л байна, ялангуяа “бүрэн эрхт төлөөлөгчдийн” томилгоо бол ЗГ-ын хүсэл зориг гэхээс илүүтэй намын дарамт, шахалтын илрэл. Дээр нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын дарамт буураагүй, хүн төрөлхтөн цугаараа вирусын дарангуйлал дор амьдарч байна. Уг нь “вирус зөвшөөрсөн учраас амьдрал байдаг” гэсэн үгтэй юм билээ. 

Гагцхүү дэмжих нь одоо ковидоос өөр дарамтууд товлогдсон хугацаагаараа арилан оджээ. Одоо Ковидын дараах сэргэлт, идэвхжил ирэхэд энэ боломжийг ашиглахгүй бол ирээдүй бүрхэг хэвээр үлдэх болно. 

Юуны өмнө эдийн засаг дахь либералчлалыг эрчимжүүлэхээр төлөвлөж байгаа нь сайн мэдээ. Төрийн үйлчилгээг боломжтой хэмжээгээр цахимжуулж, “иргэн-түшмэл” гэсэн системийг “иргэн-машин” гэсэн хувилбараар солих гэж байгаа нь сайшаалтай. Арай ч автомат машинууд нь авилга автлаа “ухаажчихаагүй” байх. Эхний дохио нь жолооны үнэмлэхийг биедээ авч явдаг пропуск биш бүртгэл болгов. Ядаж торгуулиар төсөв бүрдүүлдэг, нийтээр нь гэмж хэрэгтэн болгодог систем засарна гэж найдъя!

Өмнө бичсэнчлэн аж ахуйн нэгжүүдийн сүйрэл төрийн байгууллагуудын цомхотголд нөлөөлөх ёстой. Ковидын ид дэгдэлтийн үед төрийн байгууллагууд ажилтнуудынхаа 30 хувиар үүргээ гүйцэтгэхэд доголдол гараагүй байна. Энэ бол төр хэт данхайсан, оронтооны илүүдэлтэйг нотлосон хэрэг. Гол нь төрийн албан хаагчдын олонх авилгын дарамт учруулагч болсон тул тэдний 70 хувийг цомхотгох нь иргэнд ч төрд ч ашигтай. Үүнийг хэрэгжүүлэхэд маш их саад бэрхшээл учирна, гэвч үүнийг хийх л ёстой. Хийхийн тулд тогтож үлдэх ёстой! “Цахимжуулах хөтөлбөр” бол авилгач түшмэлийг ухаалаг машинаар солиход чиглэсэн учраас дэмжихээс өөр аргагүй юм. 

Ингэснээр аж ахуйн нэгжүүдийг чөлөөтэй ажиллах бололцоогоор хангаж, төрийн хүнд суртал, дарамт, авилгын дөнгөнөөс чөлөөлж болох байх. Шоронгоос бол айхаа больчихсон, У.Хүрэлсүхийн “чөлөөлөлт” авилгатай тууштай тэмцэх нь гэсэн иргэдийг хүлээлт рүү нулимсан доромжлол болсон доо! Тэгээд ч шорон нь амралт болчихсон, дарга нарын шоронг дулаацуулахын тулд хувийн компанийн татсан дулааны шугамаас хүчээр салаалахыг оролддог болсон юм.

МХЕГ-ын “амраах” тухай асуудал бол зүгээр нэг яриа биш бүтэн шинэчлэл шүү! Н.Энхбаярын үед л намын санхүүжилтийг бүрдүүлэх систем болж бүтсэн энэ байгууллага аж ахуйн нэгжүүдэд аранга болсоор удсан. Үнэндээ тэнд мэргэжсэн авилгачид л үүрлэсэн. Ийм хяналтыг цөөрүүлснээр төрийн “дабл-стандарт” устана. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд тустай аливаа төрийн шийдвэр дунд шатанд очихоороо эсрэгээрээ эргэдэг тогтолцооны эргүүлгийг задлахын тулд зарим бүтцийг бүрмөсөн устгах нь эдийн засгаа эрх чөлөөний агаараар тэтгэхтэй адил юм. АТГ сураггүй болж, авилгыг цахимжуулалтаар шийдэхтэй адил мэргэжлийн хяналтыг мэргэжилтнүүдэд, салбарынханд нь өгвөл илүү үр дүнтэй. 

Авилга, хяналт хоёр ах дүү болчсон энэ үед энэ шинэчлэлээ тултал хийчихээсэй. Бүх бизнес эрхлэгчид ганцхан л юм ЗГ-аас хүсэж байгаа, хүссээр ирсэн. Биднийг зүгээр л орхичих, бүү оролд! Бид өөрсдийгөө Та бүхний гэгээн туслалцаагүйгээр аваад л явчихна. 

Хэрэв Л.Оюун-Эрдэнэ “Бүхнийг чөлөөлнө, бүгдээрээ ажиллацгаа!” гэж байгаа бол П.Гэндэнгийн “Баяжигтун!” урианы өнөөгийн хувилбар мөн. Тэсч үлдэх болтугай!

Өчигдөр Л.Оюун-Эрдэнэ өөрөө толгойсон таван комисс байгуулснаа зарлаж байна. Яамд, ЗГ-ын бүтцийн байгууллагууд ажлаа явуулах чадавхиа шавхаад иргэд бухимдаж байгаа өнөө цагт бараг энэ нь зөв. Ядаж л намаар дамжаагүй, оймс гутлын мэхгүй, мэргэжлийн боловсролтой шинэ үеийнхнийг улс орны хөгжил дэвшлийн асуудалд татан оролцуулах боломж бол энэ л дээ. Тэд өөрөөр сэтгэж, өөрөөр ажиллана. Тэдэнд найдах хэрэгтэй. Амбицтай тусмаа зөв ажиллах биз…

УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах тухай яриа гармагц “За Засгийн газрын бодийг хөтлөх нь, АН-ын 13 дээр МАН-ын …” гэж бодож эхэлсэн бол үнэндээ төөрөгдөл байжээ. Харин ч ээлжит бусыг хойшлуулах санаа байх шиг, дээгүүр. Ээлжит бус хуралдаан зарлах ЗГ-ын хүсэлт нь “Ковидын дараахь эдийн засгийн дахин сэргэлтийн хөтөлбөр”-ийг боловсруулснаа батлуулах зорилготой юм байна. Асуудлыг хойшлуулалгүй хэлэлцэн батлах нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд тун чухал байна. Хэлэлцээд эхэлбэл энэ хөтөлбөрийн нарийн ширийн асуудлууд тодорхой болох биз…

Нэгэн цагт “Шинэ эргэлтйин бодлого дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм” гэж сартваахь Ленин хэлсэн юм гэдэг. Өнөө цагт “Дахин сэргэлтийн төлөвлөлт дээр цахимжуулалтыг нэмбэл хувьсгал” болчих гээд байна. Зүгээр ийм зүйрлэл зохих юм уу, үгүй юу бүү мэд!

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нь коммунист биш либерал золиг юм…

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

3 Responses to А.БААТАРХУЯГ: ЦАХИМЖУУЛАЛТЫНХАНТАЙГАА…

  1. Бат says:

    Баярлалаа. Сайхан нийтлэл байна.

  2. Батжаргал says:

    Та ч бас дутуу боддог бололтой. Зах зээлийн эдийн засаг гэж яг үнэн хэрэгтээ юу юм бэ?, төрийн өмч давамгайлна гэж юу юм бэ? гэх мэтийг буруу тайлбарлажээ. ЗЗЭЗХ гээч чинь 18-р зууны сүүл, 19-р зууны эхэн үеэр Англи, Шотландад шинээр төрж байсан хэдэн капиталистууд өөрсөндөө зориулж зохиолгуулсан зохиол юм. Хүмүүст бараг л шашин шиг мухраар тулгасан. Үл үзэгдэх гар гэж үл ойлгогдох юм гаргаж ирж шунал гэдэг ойлголтыг халхавчилж байгаа юм. Шашинд бурхан гэж бас нэг үл үзэгдэх зүйл, христ, лалын шашинд жишээлбэл Христ, Мухамед эргэж ирнэ л гээд байдаг, шүтэгчид нь буюу мухраар итгэдэг жирийн ард иргэд бэлдсэн хүмүүс. Үл үзэгдэх гар түүнтэй адил, жирийн ард иргэдийг тэгээд мухраар итгүүлчихсэн. Тэгээд капиталистууд амар сайхандаа жаргадаг юм байгаа биз дээ. Хүн төрөлхтөний ямар ч нийгэм, түүний аль нэг хэсэг буюу улсыг жолоодох ажлыг хийж байгаа аль ч улсын төрийн #1 үүрэг нь бүх нийт ард түмний эрх ашгийг, сайн сайхныг хангах болохоос биш цөөн хэдэн хүнд үйлчлэх бол биш юм. ЗЗЭЗХ бол үүний эсрэг тогтолцоо, харилцааг бий болгодог оо. Нийт ард иргэдийн 1% бүх баялгийг хүртдэг, 99% нь мухар сүсэгт автсан, 1%-д алга ташдаг, 1%-ийн орлого, ашгийг хийж өгдөг амьтан шиг байж болохгүй биз дээ? 99% нь өр, зээл, лизинг насаараа төлнө, түүнийг нь 1% авдаг. Энэ бол ЗЗЭЗХ. Монголд одоо төрийн өмчит компаниуд 50% болсон нь зөв. Цаашаа бүр 70% ч болсон болно. Яагаад гэвэл, баялгийг ингэж байж л 99%-д жигд хүртээнэ. Эрдэнэс таван толгой хувийн компани байсан бол тэр компанийн эзэд цөөн хэдэн хүн л хүртэнэ. Дэлхийн аль ч улс, аль ч ард түмэн ийм нийгмийг хүсдэггүй. Ийм, ийм учраас Монголд төрийн өмч давамгайлах ёстой, ийм тогтолцоо улс оронууд үнэхээр ард түмнээ л гэж байгаа бол дэлхий дээр улам хүрээгээ тэлнэ. Та бас тэр хуаран гэдэг үгийг болгоомжтой хэрэглээрэй. Та бидний эцэг эх хөлс хүчээрээ босгосон нийгэм, бид нар үр шимийг нь хүртсэн хүмүүс, бид нарын үр хүүхэд ч ялгаагүй үр шимийг нь одоо ч хүртээд явж байгаа. Харин одооны залуус төрийг л лав дангаараа удирдвал хаос болгоно, 90-ээд оны эхээр ардчилал гэж хашгирсан хэдэн юм гарч ирээд Монголыг тараалуу? Хөгжүүллүү? ЗЗЭЗХ-г оруулж ирсэн, тэр хэд л хөгжсөн байхаа? Тэрэн шиг л юм болно доо. Харин шинэ техник, технологи эзэмшээд, улам дижитал болох хэрэгтэй.

  3. Батжаргал says:

    Монгол социализмын оронд Афганистан шиг нийгэм байгуулчихсан бол өнөөдөр Афганистан шиг юм болоод байж байх байсан болов уу.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: