“ЮМ ХИЙСЭН” БОЛОН “ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ” ТУХАЙ ЭРЭГЦҮҮЛЭЛ

Өмнөх өгүүлэлд би МАН доторхи улс төрийн тоймыг маш товч өгүүлсэн. Одоо эдийн засгийн тухай товч өгүүлнэ. Манайх “үй түмэн” эдийн засгийн “онолч”, гавъяат эдийн засагчтай гэх боловч өдий болтол ганц ч дорвитой эдийн засгийн шинжилгээ хийгээгүй нь даанч харамсалтай. Юун төлөө судлаач нэр зүүлээ, цар тахал эхэлмэгц гадаад дотоодоос эдийн засаг, нийгмийн статистик, баримт цуглуулж эхлэв. Бараг 2 жил цуглуулсан болохоор бараг “бие даасан” мэдээллийн баазтай болоод авав. Тийм учраас зориг орж, эл өгүүллийг тэрлэж байгаа ухаантай. Байнд нь биш гэхэд банзанд нь туссан гэж найдана…  

Нуралтын гамшиг   

Яг 2020 оны эхнээс коронавирусын цар тахал дэгдэж, дэлхийн эдийн засгийг хямрааж, тун хүнд байдалд оруулсан бөгөөд энэ гай 2 жил үргэлжлээд улам цаашаа ахиж байна. Ахиад хэдэн жил үргэлжлэхийг Бурхан, Чөтгөр хоёр л мэддэг байх. Манай ядмаг эдийн засаг энэ хямралд өртөж, сүйрдэггүй юм гэхэд тун хүндээр нэрвэгдэх нь нэн тодорхой байлаа. Манай эдийн засаг үнэхээр ч тэр дорхноо баларч эхлэв.

Манай эдийн засаг нуралтад орсон тоо баримтыг салбар тус бүрээр тоочих гэвэл хэдэн арван боть ном бичиж болно. Гэвч манайхан 3-аас илүү тоо тогтоодоггүйг сайн би сайн мэдэх учраас харсаар байтал нүдний өмнө нурж, “ТЭГ” зогсолт хийсэн аялал жуулчлал, нийтийн хоолны салбарын уналтыг жишээ болгон авч үзье:

МУ 2019 онд анх удаа хагас сая жуулчин хүлээн авсан юм. Үүндээ урам зориг орж, 2020 онд жуулчдын тоог 40%-иар өсгөж 1 сая жуулчин хүлээж авах зорилт тавьж бэлтгэл ажлаа базаав. Гэтэл корона вирус гэж хар гай дайрав. Новш гэж…  

Аялал жуулчлал манай эдийн засагт цар хүрээгээрээ 3-дахь, экспортын 2-догч том салбар юм. 2019 онд уул уурхайн бус экспортын орлого 800 сая ам.доллар байсны 80%-ийг аялал жуулчлал дангаараа бүрдүүлж байв. Өөрөөр хэлбэл, 2019 онд аялал жуулчлал эдийн засагт 1.6 их наяд төгрөгийн орлого оруулжээ. Гадаадын 1 жуулчны зарцуулсан мөнгө эдийн засгийн бусад 13 салбарт орж, тэднийг тэтгэж байдаг. МУ-ын хэмжээнд 2019 онд 620 орчим зочид буудал 445 жуулчны бааз, 318 тур оператор компани үйл ажиллагаа явуулж, энэ салбарт 118 мянган хүн ажиллаж байв. Зөвхөн зочид буудалд 42 мянган хүн ажиллаж байлаа. Мөн 2019 онд 2.4 сая монгол иргэн гадаадад аялжээ.

Энэ бүхэн 2020 гармагц сүйрч, 2 дахь жилдээ үргэлжилж байна. Уг нь бусад орнууд энэ алдагдлыг дотоодын аялал жуулчлалаар нөхдөг. Барууныхан дотоодын аялал жуулчлал хийхдээ тухайлсан жуулчлалын компаниар үйлчлүүлдэг бол монгол аялагч ингэнэ гэж ёстой гонжгор нь. Монгол баагий авгай хүүхэд, майхан хөнжил, тогоо шанагаа машиндаа чихэж аваад толгойгоо харсан зүг рүүгээ тарж тэнэдэг. Угаасаа нүүдэлчин угсаатай баагийнууд аялал, жуулчлалыг “нүүдэл” гэж “ойлгох” бөлгөө…      

Бусад салбар ч аймшигт цохилт хүлээв. 2019 онд МУ-д: ресторан 1570, кафе 400, баар 1331, түргэн хоолын газар 85, эмнэлэг сувиллын 544, сургуулийн 1600, дотуур байрны 283, цайны газар 2369 нийтдээ 8467 хоолны газар ажиллаж, энэ салбарт 40.000 гаруй ажилтан ажиллаж байлаа. Хоолны газрын нийт суудлын тоо 600.000-650.000 гаруй. Нийтийн хоолны газар ордог үйлчлүүлэгчдийн тоо эрс буурав.      

МУ-ын дотоод худалдааны салбарт 210 гаруй мянган ажиллагсад ажилладаг ба энэ нь нийт ажиллах хүчний  16,5%-ийг эзэлдэг. Манай худалдаа бүрэн биш ч гэсэн ихээхэн хумигдсан.

Үйлчилгээний бусад салбарыг бол авах ч юм биш, цохилтод урлаг, спорт хүртэл өртөв. Эрүүлийг хамгаалах гэж нэг том “ёроолгүй сав” гарч ирэв. Нөгөө талаасаа мөнгө идэх нэг том шинэ суваг нэмэгдэв.

Миний багцаа тооцоогоор МУ-д 500.000 хүн ажилгүй буюу хагас ажилтай болов. Энэ бол аймшиг юм. Эндээс манайд учирсан хохирлын аймшигт цар хүрээг төсөөлж болно. Энэ уналтыг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнээс болсон гэж дүгнэх тэнэг гарахгүй байх. Энэ бол хэнээс ч, юунаас ч үл хамаарсан бодит бөгөөд давагдашгүй нөхцөл мөн. Хэрэв алдаа ярихаар бол цар тахлын улмаас ирсэн цохилтын эсрэг арга хэмжээг буруу зохион байгуулсан гэж буруутгаж болно. Энэ талаар ярих юм олон бий л дээ. Харсаар үзсээр байтал төр засаг тэнэг тэнэг шийдвэрүүд цөөнгүй гаргасан нь үнэн ш дээ…       

Олон салбарын маш олон хүн ажилгүй болж, амьдрах эх үүсвэрээ алдан, улмаас тэсгэл тэвчээр алдан жагсаал цуглаан, эсэргүүцэл тэмцэл юу юугүй өрнөх мэт санагдах болов. Гэтэл юу ч болсонгүй. Монголчуудын дийлэнхи олонхи урьдын адил иддэгээ идэж, хувцасладгаараа хувцаслаж, авдгаа авч юу ч болоогүй мэт амьдарсаар л…

Ямар ч их мөнгөтэй юм, монголчууд ?! Би монголчуудаа их мөнгөтэй гэдгийг мэдэх боловч ийм их гэдгийг нь төсөөлсөнгүй.

Мөнгө хаанаас гараад байна ?

Би хамгийн эхлээд энэ асуултыг өөртөө тавьсан бөгөөд хэн ч байсан ингэж асуух нь мэдээж. “Онолын” хувьд мөнгө дараах эх үүсвэрээс гарах (олох) боломжтой: Нэг. Гадаад зээл тусламж, 2. Уул уурхай мэтийн бусад салбар, 3. Далд болон сүүдрийн эдийн засаг. Манайд өөр нэг их олон эх үүсвэр байхгүй. Ингээд судалж гарав…

1. Гадаад зээл тусламж өсөх нь өссөн, мөн нэмж авсаар л байгаа. Гэхдээ МУ-ыг бүхэлд нь 2 жил бүтэн тэжээх зээл тусламж аваагүй, мөн гаднынхан бидэнд өгөхгүй. Би нэгэнт тоо хэлэхгүй гэж амласан учраас судалж үзсэн дүгнэлтээ л хэлж байна. Гэвч сонирхсон хүмүүс үүнийг шалгаад үзэхэд илүүдэхгүй.

2. Уул уурхай. Мэдээж уул уурхай л биднийг тэжээж таараа. Дотоод болон гадаад сурвалж үзээд байхад манай зэс, нүүрс, төмөр, нефть, алтны экспорт онц их буурсангүй, ихэнхи нь өсөлттэй гарчээ. Хятад Австралиас нүүрс авахаа больсны улмаас Орос, Монгол 2-оос нүүрс ихээр авах болсон, дэлхийн далайн тээвэр гацаанд орсны улмаас Хятад-Орос-Европ чиглэлийн 2 талд ачаа эргэлт ихээхэн өсч, үүнийг дагаад манай төмөр замын тээвэрт ч өсөлт гарчээ.   

Бусад салбарын хувьд: мал аж ахуй хэвээрээ, газар тариалан хэвээрээ, аж үйлдвэр алаг цоог боловч танагтайгаа, барилга хагас нэрвэгдсэн ч “амьтайгаа” байна.

Одоо бүх зүйл ойлгомжтой мэт. Муусайн туучийнууд уул уурхай мэтийн ашиг олсон салбараас олсон мөнгийг бусад салбарт амсуулж, ард түмэнд бэлэн мөнгө өгч цацаад байгаа юм байна. Энд чинь “ухаан орох юу ч алга”, “цаашид удаан ингэж аргалах боломжгүй”  гэж хардав. Ингэхээс ч өөр аргагүй. Судлаач хүний “мэргэжлийн өвчин” гэж байх. Төр засаг, нам юу ч хийсэн судлаач хүн хамгийн эхлээд хардах ёстой, тэгээд заавал шалгах ёстой…

3. Далд болон сүүдрийн эдийн засаг. Энд би манай эдийн засгийн хачин сонирхолтой зүй тогтлыг олсноо зориуд сонирхуулж байна. Эдийн засгийн маш олон салбар бүхэлдээ нуралтад орж, сүйд болоод байхад ард түмэн нь ч мөнгөтэй, төр засаг нь ч мөнгө олоод байдаг. Гайхмаар ?!

Манай эдийн засаг албан ёсны статистикт дурддаг тоо баримтаас 2-3 дахин их далд буюу сүүдрийн эдийн засагтай гэсэн таамаглал (гипотез) би дэвшүүлж байна. Энд бидний мэдэхгүй буюу тооцоолж чаддаггүй маш их нөөц байгаа гэсэн хэрэг. Тоймлон хэлбэл хямрал нүүрлэж нийт эдийн засаг хумигдмагц далд эдийн засгийн нөөц боломж “ил” болж, улмаар “үндсэн” болон “жинхэнэ” эдийн засаг руу юүлэн оржээ. Иргэд, ААН-д “хэвтэж” байсан асар их бэлэн мөнгө эргэлтэд орж, өсөлт гарав. Ингээд эдийн засгийн “хөөс” намдаж, эдийн засаг бодит хөрсөндөө дөхөж ирэв.      

Мэдээж би энэ таамаглалаа шалгаж байна, гэхдээ дуусаагүй байна. Мэдэх мэдэхгүй, чадах чадахгүй юм их байна. Үүнийг сонирхож буй хүмүүс эл чиглэлээр судалгаа шинжилгээ хийгээсэй гэж уриалж байна. Далд эдийн засаг өнөөдөр гэв гэнэт бий болоогүй нь мэдээж хэрэг. Чухам үүн дээр УИХ, ЗГ анхааран ажиллаж, ялангуяа ЕС Л.Оюун-Эрдэнэ толгойгоо өвтгөх ёстой. Тэнд маш их нөөц байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй…

Дандаа гай таарна гэж юу байхав ?! Монголчуудын аз болоход зэс, нүүрс, төмөр, нефть, алтны үнэ дэлхийн зах зээл дээр эрс өссөн нь улсын мөнгөн орлогыг эрс нэмэгдүүлэв. Гэхдээ энэ сайхан “цонх” ердөө л 5 орчим ажил үргэлжилдэг. 2021 оны зун корона вирусын цар тахалтай хэдий ч өнтэй, өгөөжтэй сайхан зун болов. Гол олз нь үр тариа маш сайн ургав. Гэхдээ их ургац хураах хүртэл аюул занал “үй түм”. Бороонд норж ялзрах, хяруунд цохиулах, салхинд налж унах гэж мэт. Энэ үед Бурханд залбирахаас өөр зам үлдэхгүй шахам. Бурхан минь, монголчуудад арвин их үр тариа хайрла !!!          

 “Хөөрхий минь, овоо юм хийсийм”, “Үгүй ээ, юу ч хийгээгүй”   

Төр засгийн, ялангуяа ЗГ-ын ажил, түүний үр дүнг “юм хийсэн”, “юм хийгээгүй” гэж дүгнэдэг тэнэг ард түмэн манайхаас өөр байхгүй. ЗГ-ыг олон түмний 40% нь огт дүгнэхгүй, 30% нь “юм хийсэн”, 30% нь “юу ч хийгээгүй” гэж дүгнэвэл ерөнхий дүгнэлтийг яаж хийх ёстой юм ?! 

Уг нь Засгийн Газар мэтийн гүйцэтгэх засаглалын байгууллагын ажил, түүний үр ашгийг хэмжиж дүгнэдэг цогц үзүүлэлтийн систем гэж байдаг. НҮБ-аас гаргасан ч бий, улс улсын хэрэглэдэг ч бий. Киргизэд хүртэл бий. Ганцхан манайд байхгүй. Монголчууд нэгэнт үзүүлэлтийн систем байхгүй учраас ЗГ-ынхаа ажлыг “юм хийсэн”, “юм хийгээгүй” гэж дүгнэдэг. Одоо энэ адал балмад, бүдүүлэг практикаасаа ангижрах хэрэгтэй.

Саяхан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗГ-ын 200 хоногт хийсэн ажлыг танилцуулав. Уг нь ийм практик манайд байхгүй. Хэдий ийм ч ЗГ хийсэн ажлаа үнэлж дүгнэж дуугарах нь зөв гэж бодож байна. Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ын ажлыг дүгнэхийн өмнө монголчууд өөрсдөө “юу хийснээ” дүгнэх ёстой л доо. Эргээд саная:

3 -р сард хэрүүл уруултай ч вакцинжуулалт эхлэв. 4, 5, 6-р сарыг сард Ерөнхийлөгчийн сонгуулийн байлдаанд зориулав. Энэ үед “эрүүл ухаантай” хүн маш цөөрөв. 7-р сард мэдээж хэрэг наадамдав. Наадам бүрэн болоогүйн уураа нээлтийн тоглолтод гаргав. Гэлээ ч гэсэн монголчууд наадмаа тасална гэж хорвоод байхгүй, арга эвийг нь олоод наадамдаж л таарав. 7-р сарын сүүл, 8-р сарын эхийг бүгдээрээ амарч, олимпдож өнгөрөөв. Одоо л дөнгөж “ухаан сэхээ” орж байхад чинь…

Манайхны “ухаан” ороод заавал хийх ёстой анхны ажил нь төр засгийг “үнэлж дүгнэх”. Чухам энэ үед “юу хийснээ” тайлагнах нь Л.Оюун-Эрдэнийн үүрэг юм. Монголчууд өөрсдөө ердөө 60 орчим хоног “ажиллачихаад” Л.Оюун-Эрдэнээс 200 хоногийн ажил нэхэх утгагүй. Нөгөө талаас ЕС ажил хийх ёстой цорын ганц хүн, иймээс тэр ажил хийхээс өөр аргагүй.

Л.Оюун-Эрдэнийн ажлыг хүмүүс сайн муу янз бүрээр дүгнэж байна. Гэхдээ магтсан нь ганцхан сайныг нь дурдаад, муулсан нь ганцхан мууг нь дуудаад байхаар чинь бодит дүгнэлт хэзээ нь гарахгүй. Хүмүүсийн дүгнэлтийг ЗГ-ын өөрийн тайлантай харьцуулж үзвэл тун зүгээр. Энэ дэлхийн ямар ч ЗГ тайландаа сайныгаа голдуу бичих ба муугаа ярих тун дургүй. Л.Оюун-Эрдэнэ энэ зүй тогтлоос гажаагүй, гэхдээ худлаа хэлээгүй.  

Одоо би дүгнэлтээ хэлнэ. Олон баагий намайг загнаж хараана гэдгийг чинь мэдэж байна. Гэхдээ би судлаачийн хувьд Л.Оюун-Эрдэнийн тайландаа дурдсан “олон амжилт”-аас ердөө 3-ыг л цохон дурдаж байна. Үүнийг нэмээд 5, 10, 15 болгоно уу, хасаад 2, 1, 0 болгоно уу, Таны л мэдэх хэрэг…

Нэг. Вакцинжуулалт ямар ч эргэлзээгүй зөв бөгөөд амжилттай болсон.

Хэдийгээр маш их хэл ам, хэрүүл уруултай боловч Монголын вакцинжуулалт маш амжилттай болсон. Энэ дэлхий тэр чигээрээ вакцин хийлгэнэ, хийлгэхгүй гэсэн хэрүүл тэмцэл дунд амьдарч байна. Гэлээ гэхдээ вакцин хийхээ больё гэж хэлсэн ганц ч ЗГ байхгүй. Харин ч вакцины 3 дахь тун хийх хандлага руу хөгжингүй орнууд орж байна. ДЭМБ: “Баян орнууд-Та нар  вакцины 3 дахь тунгаа жаахан хүлээ, наана чинь ядуу орны иргэд 1 дэх тунгаа ч хийлгэж амжаагүй байна, тэдэнд вакцинаасаа өгөөч” гэж орилоод орилоод дийлэхгүй байна. Гэтэл олон улсад “дундаас доош орлоготой” ангилалд ордог МУ удахгүй 3 дахь тунгаа хийж эхэлнэ гээд зогсож байгааг амжилт гэхгүй, өөр юу гэх юм ?!  

Хоёр. Механизмын шийдэл олж, эдийн засгаа аврав.    

ЗГ 2021.02.18-нд “эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” танилцуулав. “Энэ “пацаан”  мөнгө хаанаас олно гэж горьдоо бол ?”, “эдийн засаг өм цөм унаж байхад уул уурхайн мөнгийг тарааж алах нь”, “гадаадад өр зээл тавьж, ирээдүйгээ хорлож л таараа” гэхчлэн олон юм бодогдов. Судлаачийн мэргэжлийн “хардах өвчин” хөдөлж байна гэж жигтэйхэн…

Сураг ажиг тавиад байсан чинь банкныхантай уулзаад байгаа бололтой. “Банкныхан мөнгөө ашигтай салбар руу оруулдаг болохоос юу боллоо гэж “сөнөж” байгаа салбар руу оруулж, “найдваргүй зээл” хурааж тэнэгтэж байдгийм”  “Банкныхан ЕС-ийн үгэнд ёстой орж харагдаач…”    

Гэтэл заримтай нь ярьж, заримыг нь гуйж, заримыг нь сэнхрүүлж, заримыг нь “заамдаж” байгаад банкинд байгаа асар их хөрөнгийн нэлээд хэсгийг бодит эдийн засаг руу юүлжээ. Энэ бол манай төр засгийн практикт хийсэн анх удаагийн механизмын шийдэл юм. Татвар нэмэх хасах, хүү ихэсгэх, багасгах, цалин тэтгэмж нэмэх г.м. бидний мэдэх ихэнхи шийдлүүд бүгдээрээ механик шийдэл юм. Харин энэ удаад дотоод нөөц бололцоогоо дайчлан эдийн засгаа аврах механизмын шийдэл гаргажээ.

Өөрөөр хэлбэл ЗГ батлан дааж, зөвхөн тодорхой хэмжээний хүүг нь хариуцах үндсэн дээр иргэд, ААН-үүд нэн хөнгөлөлттэй зээл авч эхлэв. Харин бүгдэд нь зээл, тусламж хүрсэн гэж би хэлж чадахгүй.  

Энэ шийдэл амжилтад хүрч, эдийн засаг нурж унах аюулаас аврагджээ. Эдийн засаг 6,3% өсөв. 6,3%-ийн өсөлтийг ердийн нөхцөлд ч муугүй амжилт гэж тооцдог.

“Шаагаад бай”, “Худлаа даа, худлаа…” Ингээд ЗГ-ын “монгол тоог” ДБ, ОУВС, АХБ-ны тоо баримттай тулган шалгаж үзэв. ДБ, ОУВС зэрэг олон улсын том байгууллагуудын прогноз ч, тэр статистик ч тэр “монгол тоотой” дүйгээд байдаг. Одоо бол би үнэмшихээс өөр яах билээ ?!

Гурав. Ирээдүйтэй зөв чиглэл барьж авсан.

Саяхан Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ийн барьж авах 5 чиглэлийг тодорхойлж, чиглэл тус бүрээр Үндэсний Хороо байгуулав. Энэ нь манайд ч, дэлхий дахинд ч хүлээн зөвшөөрөгдсөн, маш их ирээдүйтэй чиглэлүүд юм. Ялангуяа “үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж, төр хувийн хэвшлэлийн түншлэлийг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх”, “Цахим засаглалд шилжиж…авлигагүй, чадварлаг төрийн үйлчилгээг бий болгох” үндэсний хороод ямар ч эргэлзээгүй ирээдүйтэй, үр ашигтай.

Гэхдээ манай төр засаг “зөв юм” ярьдаг ч дандаа “буруу” хийдэг, эсвэл “мартчихдаг” гэмтэйг би ямар мэдэхгүй биш. Ер нь бол манайд сүүлийн 30 жилд “шал буруу” ярьсан ЗГ ганц ч байхгүй, харин “зөв” ярьснаа “буруу” буюу “эсрэгээр” хийдэг гажигтай болчихсон бөлгөө…

Энэ 5 чиглэл бүгдээрээ бүтэх эсэхийг би мэдэхгүй. Хийж чадвал бид үсрэлт хийж чадна, чадахгүй бол ЗГ өөрөө сөнөнө. Харин ЗГ-ын барьж авсан чиглэлүүд зөв бөгөөд ирээдүйтэй гэдэгт би огт эргэлзэхгүй байна.

Аюул занал 

ЗГ маш сайн ажиллаад манай эдийн засгийн үзүүлэлтүүд бүгдээрээ “лаг сайн” болсон гэж дүгнэвэл дэндүү гэнэн хэрэг болно. Эдийн засгийн болон Үндэсний аюулгүй байдлын цогц үзүүлэлтийн олонхи түгшүүртэй буюу аюултай түвшинд хэвээрээ байна. Дээр дурдсан амжилтаас гадна илт тодорхой зөрчилт бөгөөд ноцтой хандлага бий болж байна.

Ухаандаа эдийн засгийн удирдлага ЕС-ын “гар удирдлагад” аажмаар шилжиж байна. Онцгой нөхцөлд хэсэг хугацаанд “гар удирдлага” хэрэгжүүлж болно. Жи: 2008 оны хямралын үеэр В.Путин Оросын эдийн засгийг шууд “гар удирдлагад” шилжүүлж, аварч гарсан юм. Гэхдээ энэ аргыг удаан хэрэглэвэл хэдэн жилийн дараа төрийн удирдлагад гажилт үүсгэдэг.

Миний саяхан ярьсан үндэсний хороод эдүгээ оршин буй төр засгийн хуучин бүтцүүдтэй илт  давхцсан, давхардсан шинжтэй учраас зөрчилд орох нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, яамд бодлого гаргана, үндэсний хороод бодлого гаргана, аль бодлогоор нь явах юм ?!   

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн үндэсний хороодын хийх гэсэн шинэ ажил бүр МАН-ын хуучин бүтэц, зохион байгуулалтай гүнзгий зөрчилд орж тэмцэлдэх нь гарцаагүй. Харин энэ нь эдийн засгийн биш, улс төрийн асуудал болох ба үүнийг дараа жич ярьсан нь дээр байх…

Цаашдын хандлага

Цаашдын төлөв, хандлагаас харахад коронагийн цар тахал мөд арилахгүй, их удаан үргэлжлэхээр байна. Дэлхийн ихэнхи улс гүрнүүд коронагийн дараах эдийн засагт шилжиж байгаа нь тодорхой байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн эдийн засагт бүтцийн болон функциональ эрс өөрчлөлт гарч, эдийн засгийн тэргүүлэх чиглэл, голлох салбарууд өөрчлөгдөж, технологийн өрсөлдөөн ширүүсч, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн шинэ төвүүд үүсч, зарим нь сулран доройтож, аварга их шилжилт явагдаж байна.

Энэ аварга өөрчлөлтийн бүрэн дүр зураг одоогоор гүйцэд тодроогүй байгаа ч XXI зууны эдийн засгийн хөгжлийн зарим хандлага илт болов: Нэг. Эдийн засгийн амьдрал интернационалжиж байна. Хоёр. Эдийн засаг үндэстэн дамжсан шинжтэй болж байна. 3. Үндэсний эдийн засаг интеграцид (ойртон нягтрах) орж байна. 4. Олон улсын хөдөлмөрийн шинэ хуваарь бий болж байна.  

Бид хүссэн ч, эс хүссэн ч энэ аварга хандлагыг дагаж, түүнд зохицон амьдрах ёстой. Өөрөөр хэлбэл, либерал, социалист хэмээн гэж маргалдаж, олон долоон “онол” ярьж, элдэв юм солиороод байлгүй энэ чиглэлд тодорхой ажил хиймээр байна. Хийх хийхдээ яг өнөөдрөөс эхэлж, олон улсын хөдөлмөрийн шинэ хуваарьт ормоор байна. Үүнийг хийх эхний алхам нь тархиндаа бат суулгаж, үеэ өнгөрөөсөн “онол” нэртэй хуучин догмаа хаяж, шинийн зүг тэмүүлмээр байна.

Төр засгийг шинэ хандлага руу тэмүүлсэн ажлаар нь үнэлж дүгнэх ёстой. Шинэ хандлага бол хуучныг эвдэнэ гэсэн хэрэг…

Судлаач Х.Д.Ганхуяг. 2021 оны 08 дугаар сарын 22.   

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

8 Responses to “ЮМ ХИЙСЭН” БОЛОН “ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ” ТУХАЙ ЭРЭГЦҮҮЛЭЛ

  1. Бат says:

    Их баярлалаа ёстой сайхан өргөн цар хүрээтэй мундаг нийтлэл байна. Танд эрүүл энх сайн сайханыг хүсье.

  2. Уншигч says:

    Таны тэрлэлтэй өнгө ижил байна. Бүх зүйл хувьсан өөрчлөгддөг жамтайгаас хойш шинэ хандлагад тэмүүлэх зөв алхам юм.

  3. Мөнхөө says:

    Юм хийсэн, хийгээгүй тухай биш цар тахлын амаргүй үед чамгүй амжилт гаргаж дэлхийд жишиг болоод буй олон үр дүнг ярьж бахархах хэрэгтэй. Л. Оюун-Эрдэнийн засгийн газрын залуусын хэрэгжүүлж байгаа бодлого, арга барил бол улс орноо хөгжүүлэх эрмэлзэлтэй, эрэмгий байгаа нь бусад хөгшин гульказ нарын засгаас ялгарч байгаа юм.

  4. Улс төр says:

    Цаг үеийг мэдэрсэн зөв шийдвэр гаргасан нь 5 чиглэл байлааа. Үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна

  5. Anonymous says:

    Сонирхолтой, бодитой мэдээлэл бэлтгэн тавьжээ. Амжилт хүсье.

  6. Ganaa says:

    Vaccinejuulalt amjilttai bolson gej xelexgui. Arai yarchixsan. yamar ch vaccine delta virust naidvargui, uilchlexgui geed XUSYT zaxiral sanuulaad baigaa shuu. Tegexeer ur duntei zuv gej xelexgui.

  7. Baagii says:

    Хүмүүс эхэндээ дуулгавартайгаар хадгалсан жоохон юмаа идээд сууж байгаа. Эсвэл ах дүү, найз нөхдөөсөө зээлээд. Тэр нь дуусхаар байр машин руугаа орох байх. Тэрний дараа жинхэнэ ардын бослого эхэлнэ дээ. Харин тэр доор ядуу давхаргад юу болж байгаа мэдэх юм алга. Тураалд орсон хүүхдүүд байгаа л гэлцэх юм.

  8. төг says:

    Сайхан тоймлосон байна. баярлалаа. ЕС нь арга мухардаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хүрэлсүх яаж хаяж зугтаж зайллаа. ЕС-дад нэмэр болчих чадварлаг хүмүүс эргэн тойронд нь байдаг эсэхээсэс л айж байна. Их олон дайсагнасан таагүй нөхцөлд харин ч эсрэгээрээ зоригтой туйлбартай байж чадвал учир нь олдох байх. ЕС-д одоогоор парламент ч, Ерөнхийлөгч ч саад хийхээргүй санаснаа хэрэгжүүлэх боломж байна. Ганц үлдсэн эсэргүүцэл бол ард олны сошиал сэвэлт л байх шиг байна. Ийм нөхцөлд сайжруулалт шинэчлэл хийж, МАН угшилтай хулгайчдаас засгийг ангижруулж чадахгүй бол улсаараа зүгээр нурж уная яршиг зүгээр.

Leave a Reply to Ganaa Cancel reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: