АМЖВАЛ ҮҮНИЙГ ХИЙ, ХИЙХГҮЙ БОЛ ХАМТДАА НУРЦГАА…

Монголын улс төр Олимпийн дараанаас сар гаруй “тэг зогсолт” хийж байснаа одоо л нэг юм хөдөлж эхлэв. Энэ нь УИХ-ын намрын чуулганд дарамт үзүүлэх, УИХ-ын нөхөн сонгуульд нөлөөлөх гэсэн оролдлогоос гадна ҮХНӨ-т зохицуулан төрийг “өөрчлөн тохинуулах” ерөнхий стратегийн биелэл юм. Эдүгээ нөхцөл байдал улам хурцдаж байна. Би энэ 8-р сарын 16-нд “МАН доторхи “иргэний дайны эхлэл” өгүүлэл бичсэний төлөө Тагнуул магнуулд байцаагдаж сүйд болсон маань саяхан. Эдүгээ тэр “иргэний дайн” чинь эхэлж байна. Одоо би монголын “яруу алдарт” тагнуулынханд иргэний дайнтай холбогдуулж хэн хэнийг байцаахыг нь заагаад  өгсөн ч чадна...

Зөрчилт эхлэл…

ҮХНӨ-өөр МАН-ын олигархийн засаглалыг хангаж, бат тогтвортой ЗГ бүрдүүлэх стратеги олон хүчин зүйлийн улмаас тасалдсан гэх нь хаашаа юм, буруу чиглэлд оров. МАН-ын олигархууд У.Хүрэлсүхээр “шилжилтийн үеийн” ЗГ-ыг толгойлуулна гэж тооцсон болохоос “үүрд байлгана” гэж огт бодож байгаагүй юм. Үүний нотолгоо нь ҮХНӨ-ийн хавсралтад яг УИХ-ын сонгуулийн өмнө буюу 5-р сарын 25-нд давхар дээлийг нь тайлна гэсэн тов тодорхой, ямар ч хоёрдмол утгагүй заалт оруулсан явдал юм. Гэтэл нөхцөл боломж таарч өгсөнгүй, таарсангүй ч юу байхав шинэ ЗГ-аа бүрдүүлэх талаар тохирч амжсангүй. Иймээс ҮХ-ийн энэ заалтыг нүдэн балай чихэн дүлий гишгэлж орхисноор У.Хүрэлсүхийн ЗГ амьд үлдэж чадсан билээ.

Ингэж байтал Х.Баттулга гэгч “хөгийн баагий” Сү.Батболдын луйвар булхайг илчилсэн аймшигт дайралт хийв. Энэ нь МАН-д үхлийн аюултай байсан юм. Иймээс У.Хүрэлсүх зугтаж, Л.Оюун-Эрдэнэ “санамсаргүй байдлаар” Ерөнхий сайд болсон билээ. Яагаад гэвэл Ерөнхий сайдыг тохирч, ЗГ-ыг бүрдүүлэх талаар “бодох зав” гарсангүй. Энэ пацааныг үгэнд орохгүй бол онхолдуулна, үгэнд орвол түр зуур байж л байна биз. Ямар ч гэсэн МАН-ынхаа эсрэг нэг их дайраад байхгүй байх…

Л.Оюун-Эрдэнэ ЕС болоод туйлын хүнд нөхцөл байдалд оров. Эхлээд коронагийн цар тахал, удаалаад эдийн засгийн уналт. Энэ хоёр том шалтгааны эсрэг сөрөн зогсох хүч боломж МАН-ын системд байхгүй байлаа. Яагаад гэвэл цар тахал, эдийн засгийн нуралт болж байхад идэж уухаа зогсооё, үгүй ядахдаа багасгая гэсэн ганц ч олигархи МАН-д байсангүй. Л.Оюун-Эрдэнийн “шинэ юм хийх” гэсэн алхам болгон нь МАН-ын эсэргүүцэлтэй тулж байв. Угаасаа ч “олон шинэ юм” хийх бололцоогүй туйлын хүнд нөхцөл бөлгөө…

Давуу болон сул тал

Л.Оюун-Эрдэнэ ЕС болоод нэг том давуу талтай болж авав. Энэ нь ҮХНӨ-ийн дагуу ЕС ихээхэн эрх мэдэлтэй болсон явдал юм. Уг нь өөрт нь “зориулаагүй” ч хуулийн дагуу ногдсон эрх нь юм. Ямар ч гэсэн ЗГ-аас “сайд сугалах” замаар унана гэж айлтгүй болов. Мөн бусад эрх, механизмаа ашиглан юу ч хийх, түүний дотор айлгах, сүрдүүлэх боломжтой болов. Их томроод байвал шоронд хийсэн ч чадна. Энэ давуу талын улмаас эдийн засгийн болон төрийн удирдлага аажмаар “гар удирдлагад” шилжив.

Гэвч нөгөө талд нь МАН-ын асар их сул орон зай буюу сул тал бий болов. Л.Оюун-Эрдэнэ УИХ, УИХ дахь МАН-ын бүлгийг атгаж амжсангүй, намын эрх мэдлийг бүрэн авч чадсангүй. Намын даргыг зөвхөн намын Их Хурлаар л сонгодог. Гэтэлд намын Их Хурал хийх гэхээр болж өгдөггүй. Учир нь Л.Оюун-Эрдэнийг МАН-ын Хурал дээр унагах “үй олон” төлөвлөгөө бэлэн байгаа…

Л.Оюун-Эрдэнийг өөлөх баалах юм “үй түмээрээ” бий. Хамгийн эхнийх нь вакцинжуулалт. МУ ДЭМБ-ын шахалтаар амжилттай вакцинжуулсан нь сайн хэрэг боловч коронагийн халдвар, үхлийн тоогоор дэлхийд толгой цохих болов. Энэ нь ганц Л.Оюун-Эрдэнээс шалтгаалаагүй гэдэг нь тов тодорхой. Харин хагас дутуу, эргэж хургасан, үр дүн багатай шийдвэр гаргаж байсан нь хөдөлбөргүй үнэн. Систем нь угаасаа ажиллахгүй, цаанаасаа нурж байгаа тохиолдолд цаашдаа ч бүтэлгүйдэх нь зайлшгүй.

Удаах нь бензины тасалдал. ОХУ ямар ч хааж боох үйлдэл хийгээгүй байхад бензин тасалдана гэдэг бол яах аргагүй санаатай үйлдэл юм. Энэ бол сануулга юм. Энэ сануулгыг хэн өгсөн байж болох вэ ? МАН-ын том олигархуудын хийсэн ажил гэж бүрэн итгэлтэйгээр дүгнэж болно. Бензиний монополийг хэн атгадаг вэ ? гэсэн асуулт тавихын ч хэрэг байхгүй. Харин яагаад ?!

Сү туучий хаанаас  гарч ирсэн бэ ?

Монголыг хэн атгадаг вэ ?  гэсэн асуултад хариулахын тулд эхлээд Сү туучий хаанаас гараад ирсэн бэ ? гэсэн асуултад хариулах ёстой. Чингис зочид буудлыг авч, нисдэг тэрэг мэрэг зарсан шиг, Алтай трейдинг байгуулсан шиг суусан бизнес залууг эхэлж дэмжсэн хүн нь П.Жасрай гуай байсан юм. Гэхдээ тэр үед Сү туучий улс төрд орж амжаагүй, улс төр бараадан амьдардаг байв. Харин Н.Энхбаяр түүнийг улс төрд чирж оруулснаараа МАН-д хамгийн их хор хөнөөл учруулсан юм. Шалтгаан нь маш энгийн. Н.Энхбаяр эдийн засаг мэдэхгүй, харин Сү.Батболд мэднэ…

“Алтай Трейдинг” ХХК-ний Ерөнхий захирал нэг нартай сайхан өдөр Н.Энхбаярын Гадаад Хэргийн дэд сайд болж, улмаар 2004-2006 онд Үйлдвэр, худалдааны сайд болов.

Энэ үед Н.Энхбаяр өөрийн гаргаж ирсэн М.Энхболдтой хатуу ширүүн улс төрийн тэмцэл хийж эхлэв. Байдал хүндэрсэн тул С.Баярыг 2005 онд Москвагаас дуудаж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болгов. Ингээд С.Баяр М.Энхболдыг “хялбархан” ялж, 2007 оны 10-р сард МАН-ын дарга, 11-р сард Ерөнхий сайд болов. С.Баяр ганцхан “үүрэгтэй” байсан ба тэр нь Оюу Толгойн бусармаг, шударга бус гэрээг батлах явдал байв. С.Баяр сайн юм хийсэн ч, муу юм хийсэн ч тултал нь нэн зоримог бөгөөд хурдан хийдгийг олон хүн, түүний дотор би сайн мэднэ. Тэр ёсоороо ч болов. Гэхдээ нөгөө талд нь ОТ-н гэрээг шүүмжлэх их аян Монголд өрнөж эдүгээ 10 гаруй жил хэрэлдэж байна.      

С.Баяр 2009.10.06-нд ОТ-н хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж гарын үсэг зурав. Үүнээс хэдхэн хоногийн дараа С.Баяр элэгний өвчний улмаас эмнэлэгт хэвтэж, 2009.11.29-нд ЕС-ын албан тушаалаас, 2009.04.08-нд намын даргаас огцров. Хүн хэзээ ч өвдөж болох боловч ийм хачирхалтай давхцал нэн ховор.

Ингээд намын шинэ дарга Сү.Батболд, ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх нарын “алтан үе” эхлэв. С.Баяр яахав, хийдгээ хийгээд яваад өгсөн. Харин хамаг юманд саад болж байсан Н.Энхбаярыг дарчихвал айдгүйгээ авдрандаа хийнэ гэсэн хэрэг.

Энэ тэмцлийн явцад хувийн талаасаа С.Баяр хэдэн байрны асуудалтай үлдсэн байхад харин Сү.Батболд ОТ, ТТ, Эрдэнэт зэргээс дураараа шаах өргөн боломжтой үлдэв. Тэмээ ямаа хоёр шиг ялгаатай. Одоо болтол С.Баяр ОТ-н гэрээ бол “түүхэн гавъяа” гэж ярьдаг ба энэ нь Сү туучийд буюу МАН-ын эрх баригч бүлэгт хулхидуулснаа цайруулах гэсэн хэрэг юм. Уг нь барагтай бол хулхидуулахааргүй эр юмсан. Яг үнэндээ С.Баяр МАН-ын олигархи ангийн эрх ашгийн төлөө ганцаараа гал дуудаж, ганцаараа ял хүлээж, ганцаараа муу нэртэй үлдсэн гэвэл арай оновчтой.  2008.07.01-ний үймээнээр далимдуулж С.Баярыг ОТ-н гэрээг батлахад албадсан байж ч болох юм…   

Сү туучийн намын дарга болмогцоо маш эрчимтэй ажиллаж эхлэв. “Тэрэлжийн тунхаг” гаргаж, Н.Энхбаярыг шахан зайлуулах их ажил өрнүүлэв. Бас “Хөгжлийн мод” гэсэн “онол” ч гаргаж үзэв. Би гэж нэг зөрүүд амьтан Сү.туучийн “хөгжлийн мод”-ны онолыг нь бут ниргэж амжсан юм. Итгэхгүй бол шалгаад үзсэн ч болно. “Уруугаа ургасан мод”  https://ganaa.mn/2011/11/28/osntjhs/

Ингээд Сү туучий ил ажиллах гэж бэлтгэж байтал УИХ-ын 2012 оны сонгуулиар ялагдчихав. Ингээд тэр далд байдалд ажиллахаас өөр аргагүйд хүрчээ…

2011 онд Сү туучий мөнөөх алдарт Муны шашны шугамаар зохиогдсон “Энх тайвны Даяар их Наадамд” зориулан улсын төсвөөс 120 сая төгрөг буюу 120 мянган доллар гаргаж баярхаж байв. Ийм хүн чинь Солонгосын луйварчидтай холбогдох нь аргагүй шүү дээ…

Ингээд Сү туучий Монголын бараг бүх эдийн засгийг ганцаараа атгасан далд ноён болон хувирав. Сү туучийн “алдар нэр” Монголд байтугай дэлхийд “мандаж”, Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Консерциумын ээлжит тайлан гарах болгонд “монголын офшорчин” Сү.Батболд гэж дуудуулдаг болов. Монголын нэрийг дэлхийд байн байн “дуурсгах” авилгач Сү.туучий хажууд нь бэв бэлэн байж байхад МАН “авилгын индексийг бууруулна” гэж лоозон дэвшүүлэх нь дэндүү инээдэмтэй бөгөөд өрөвдөлтэй.          

Тэмцлийн тэнхлэг

Саяхан болтол бид улс төрийн тэмцлийг МАН, АН хоёрын тэмцэл гэж ойлгодог байсан тэр үе нэгэнт ард хоцорчээ. Одоо монголын улс төрийг МАН, АН-ын “дүүжин даажин” биш, ганц МАН-ын “ганц савлуур” тодорхойлдог болсон. Учир нь АН гэгч зүйл оргүй болсон ба үлдэж хоцорсон ор нэрийн төдий АН гэгч зүйл нь МАН-ын “үүрдийн зарц” болон хувирчихаад байна.

Иймээс бид МАН доторхи “иргэний дайныг” судалж, АН аль талд нь үйлчилж байгааг олж тогтоох ёстой. Үгүй бол толгой эргэх нь гарцаагүй. Гэтэл хуучнаараа МАН, АН хоёр дайтаж байгаа мэтээр, АН МАН-тай “тэмцэж” байгаа мэтээр ойлгох нь үнэхээр хуучинсаг сэтгэлгээ юм.

Лав л С.Эрдэнээгийн АН бүхэл бүтэн 4 жилийн турш МАН-тай ганц ч тэмцээгүй өөрийн Ерөнхийлөгчийн эсрэг тэмцсэн. УИХ-ын сонгуулиар ч, Ерөнхийлөгчийн сонгуулиар тувт МАН-ын эрх ашигт үйлчилсэн. Үүгээр С.Эрдэнээгийн “ашиг тус” дуусч, энэ хэвээрээ байвал хор уршиг тарих хэмжээнд хүрэв. Ингээд С.Эрдэнээг солих үйл явц эхэлж байна. Хэнээр ? Э.Бат-үүлээр…

УИХ-ын нөхөн сонгуульд Э.Бат-Үүл ялах магадлал нэн ихсэв. УИХ дахь АН-ын бүлэг 11 гишүүнтэй байснаа С.Ганбаатар, Н.Алтанхуяг нарыг нэмж авснаар 13 гишүүнтэй болсон ба ЗГ-ыг огцруулах асуудлыг аль эрт 7-р сараас ярьж эхэлсэн. Хэрэв Э.Бат-Үүл нөхөн сонгуульд ялбал УИХ дахь АН-ын бүлэг 14 хүнтэй болно. Одоо 5 гарын үсэг МАН-аас нэмээд олчихвол ЗГ-ийг огцруулах “хүслэнт” 19 тоонд хүрнэ. МАН үүнийг дэмжихэд бэлэн байна. Учир нь тушаал өгвөл гарын үсгээ зурах 5 баагий МАН-аас элбэгхэн олдоно. Энэ бол зөвхөн тооны тал юм. Хамгийн гол нь байрлалын (позици) давуу тал гэж бий. Э.Бат-Үүлийн ард Ц.Элбэгдорж байгаа нь эргэлзээгүй бөгөөд баталгаатай. Хэрэв Э.Бат-Үүл ялбал УИХ дахь АН-ын бүлэг зөвхөн Ц.Элбэгдоржид захирагдах ба улмаар АН түүний мэдэлд бүтнээрээ орно, Х.Баттулга намгүй үлдэнэ. Харин Ц.Элбэгдорж МАН-тай “хамтран ажиллах” арвин баян туршлагатай. Ингээд МАН, АН-ын 30 жил болсон хуучин жүжгээ дахин тоглож эхэлнэ.        

Саяхан “ МАН-ын шударга гишүүд, дэмжигчдийн холбоо” жигүүр шинээр байгуулагдсаныг зарлав. Энэ жигүүрийн тэргүүн АН-ын “нөлөө бүхий эрхмүүдтэй” уулзаж, ЗГ-ын эсрэг жагсаалд хамтран оролцох тухайгаа зарлав. Хэдийгээр энэ мэдээлэл эзэн биегүй, тодорхойгүй хэдий ч МАН-ын аварга том пиарын нэг хэсэг гэдэг нь эргэлзээгүй.

Саяхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр нэгэн зэрэг АНУ-д айлчлав. Зэрэг явах ямар ч шаардлага байхгүй атал явсан нь улс төрийн “заавар зөвлөгөө” авсантай холбоотой гэж үзэж болно. Би ойлгохдоо ОТ-ын талаарх монголын нэхэмжлэлийг татах эсэхтэй холбоотой гэж хардаж байна. Би хардах эрхтэй. Үүний учрыг А.Баатархуяг саяхан бичсэн “Их наядын үнэтэй засаг” өгүүлэлдээ тодорхой дурдсан учраас би нэмж ярихгүй…

Ийнхүү Монголын улс төрийн тэмцлийн тэнхлэг Рио Тинто, түүний эрх ашгийг илэрхийлэгч МАН-ын хууччуул, Монголын үндэсний эрх ашгийг илэрхийлэгч гэсэн 2 том хэсэгт хуваагдаж эхлэв. Энэ нь эхний байдлаар ЗГ-ыг унагах гэсэн МАН-ын оролдлогууд биетэй бодитой болсноор эхэлж байна. Өөрөөр хэлбэл МАН доторхи “иргэний дайн” эхэлж, түүнд нь АН хавсран оролцож байна.       

Зөрчил хуваагдлын учир шалтгаан

МАН-ын энэхүү зөрчил хуваагдлын учир шалтгаан юу вэ ? Үүнийг нам бүр, хүн бүр янз бүрээр тайлбарлаж байгаа. Эдүгээ Монголд коронагийн хямрал, эдийн засгийн хямрал, засаглалын хямрал, боловсон хүчний хямрал, хариуцлагын хямрал зэрэг давхар хямралууд нүүрлээд, товчдоо хэлбэл системийн хямрал системийн уналт нуралтын үедээ ороод байна. Энэ бол “онолын” дүгнэлт огт биш, харин тов тодорхой практик дүгнэлт юм. Харсаар үзсээр байтал манайд болж бүтэж байгаа юм ховорхон байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой…

Өөрөөр хэлбэл, манайд нүүрлэсэн системийн хямрал аль нэг ЗГ-ийн сайн муу ажилласнаас огт хамаарахгүй, угаасаа, цаанаасаа жам ёсоороо болж буй нурах үйл явц, хандлага юм. Өөрөөр хэлбэл сүүлийн 30 жилд бүрэлдэн тогтсон улс төр, эдийн засгийн систем том реформ шинэчлэл хийхгүйгээр цаашид ажиллах бүх боломж шавхагдсан гэсэн хэрэг. Гэтэл МАН эрх баригчид хуучнаараа ажиллах гэж зүтгэснээс болж хамаг гай үүдэж байна.

Мэдээж өмнө нь өрсөлдөөн тэмцэл байх нь байсан, чингэхдээ бүр ямар ч дүрэмгүй өрсөлдөөн тэмцэл манайд өрнөж байв. Одоо бол дүрэмгүй өрсөлдөөн тэмцлийн бүхий л арга боломж шавхагдаад байна. Энэ нь ч гэсэн системийн өөрчлөлтийг бий болгох үндсэн нөхцөл юм.

Өөр нэг том асуудал нь бид бараг 30 жилийн турш төрийн системийг өөрчлөх бүтэлтэй, бүтэлгүй оролдлогууд тасралтгүй хийсээр иржээ. Гэхдээ намын системийн өөрчлөлт хийх хамгийн гол асуудлыг цаг ямагт орхиж иржээ. Ингэснээр ҮХНӨ мэтийн төрийн шинэчлэлийг байнга хийсэн атлаа намын шинэчлэлийг 30 жил огт хийсэнгүй.

Уг нь төрийг нам бүрдүүлдэг гэсэн утгаараа намын шинэчлэлийг түрүүлж, үгүй ядахдаа зэрэгцээ хийж болох байсныг бид ор тас мартжээ. Ингэснээр намын шинэчлэл хийхгүйгээр төрийн шинэчлэл хийх бололцоогүй болсон заагт тулан иржээ. Энэ нь одоо тов тодорхой харагдаж байна. Тодруулбал, одоо ямар ч ажлын бүх саад тотгор нь МАН болж байна.

Иргэд УИХ-ыг өөрсдөө сонгодог гэж ойлгодог боловч үнэн хэрэгтээ МАН, АН-ын шахсан хүмүүсийг сонгодог нь хөдөлбөргүй үнэн. Хэрэв МАН, АН хоёр УИХ-д монголын нийгмийн хамаг байдаг авилгачид, идээчин уугаачдыг шахаад байвал бид тэр дундаас нь сонгохоос өөр аргагүй. Намуудыг хянах ямар ч хяналт Монголд байдаггүй.     

Иймээс эдүгээ төрийн шинэчлэл хийе гэвэл намын шинэчлэлээс эхлэх ёстой. Намын шинэчлэлийг 2 янзаар хийж болно. Нэгдэх нь улс төрийн бүх намуудыг тарааж, шинэ зарчмаар улс төрийн систем бүрдүүлэх. Энэ нь Х.Баттулгын стратеги юм. Удаах нь гол нам-МАН, МАН хоёрыг улс төрийн намын шинэ хууль гаргах замаар ямар нэг хяналт тогтоох. Аль аль нь өргөн боломжтой, алийг нь ч хийсэн нийгэмд ихээхэн дэвшил авчирна. Энэ тухай дэлгэрэнгүй ярьж болох л юм.

Намын шинэчлэлийг хийхгүйгээр Монголд төрийн ямар ч шинэчлэл болохгүй, ямар ч шударга ёс ярьсны хэрэггүй, ямар ч эрх чөлөө, ардчилал мөрөөдөөд хэрэггүй. Намын шинэчлэл бол манай цаг үеийн хамгийн гол бөгөөд тулгамдсан асуудал мөн.    

Одоо сонголт л мэднэ…

Л.Оюун-Эрдэнэ МАН-ын өмнөх ЗГ-уудаас илүү сайн ажиллаагүй, бас дутуу муу ажиллаагүй. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн ЗГ туйлын хүнд, хэвийн бус нөхцөлд ажилласан гэж би баттай хэлж чадна. Харин алдаа дутагдал бол “үй түм”…

Л.Оюун-Эрдэнэ бол яах аргагүй МАН-ын олигархуудаас гаралтай, түүнээс төрсөн бүтээгдэхүүн мөн. Гэхдээ тэр залуу хүний хувьд хуучин системээрээ хэвээр нь хадгалан үлдэх боломжгүй гэдгийг ойлгосон гэж бодож байна. Энэ нь түүнийг дээр дурдсан гүнзгий зөрчилд оруулжээ.

Ганц Л.Оюун-Эрдэнэ ч биш, МАН-ын бусад удирдагчид, тухайлбал, У.Хүрэлсүх, Г.Занданшатар нар ч хуучин системээ хадгалан хэвээрээ үлдэх үү, эсвэл системийг эвдэж шинэ юм хийх үү гэдэг ацан асуудалтай тулгараад байгаа. Энэ бол ердийн нэг цаг үеийн асуудал биш, харин улс орны ирээдүйн хөгжлийн болон шинэ хуучин улс төрчдийн “амьд үлдэх эсэх” асуудал мөн.

Төр засгийн удирдагчид ам нээх болгондоо авилгатай тэмцэнэ гэж лоозогнож байгаа. Бүр тодруулбал “авилгын индексийг бууруулна” гэсэн ланжгар зорилт дэвшүүлсэн. Үүн шиг тодорхой бус зорилго гэж хорвоод үгүй. Нэгэнт тодорхой биш бол хоосон лоозон болон хувирах нь мэдээж хэрэг.   

Гэтэл бүр хажууханд нь, яг хамар дор нь, тэр ч байтугай МАН-ын өндөр дээд албан тушаалтнуудын дотор Сү туучийн нэртэй олон улсын хэмжээний авилга гэсэн том хэрэг байгаа. Хэрэв Сү туучийн авилгын хэргийг шийдэж чадах юм бол авилгын гол зангилаа тайлагдаж, монголын авилгын индекс 2-3 дахин буурна гэдгийг би монгол судлаачийн хувьд баттай хэлж чадна.

Гэтэл төрийн 3 өндөрлөг, түүний дотор МАН-ын ганц ч албан тушаалтан Сү туучийн хэргийг огт ярихгүй байна. Тэд үүнийг мэдээгүй, дуулаагүй гэвэл үүн шиг худал юм гэж үгүй. Гэхдээ ганц ч хүн зориглож хөндөхгүй байна. Эндээс дараах хэдэн зарчмын дүгнэлт гарна:

Нэг. Сү туучийн сүлжээ эдийн засаг, улс төрийн санаанд багтамгүй том аварга сүлжээ болон хувирсан байна. Ийм аварга сүлжээг 3-5 хүн удирдан зохион байгуулдаг.

Хоёр. МАН-ын өндөр дээд албан тушаалтнууд их бага хэмжээгээр энэ гэмт сүлжээнд бараг бүрэн хамрагдсан байна. Мөн АН-ын удирдагчдын дийлэнхи олонхи энэ гэмт сүлжээний хавсарга, туслах хүчин болон хувирсан байна. 

Гурав. Сү туучийн сүлжээ МАН-ын бүх шинэчлэлийг зогсоохын хамт нам төрийн ихэнхи албан тушаалтнуудыг барьцаалсан байна.  

Дөрөв. Сү туучийн сүлжээ нь МАН-ын орших, эс оршихуйн асуудал болон хувирсан учраас зөвхөн түүнийг эвдсэн тохиолдолд л МАН-ын шинэчлэл эхэлнэ, эсрэгээр бол бахь байдгаараа үлдэнэ.

Тав. Сү туучийн сүлжээ Х.Баттулгын өгсөн хүнд цохилтын улмаас үхлийн шарх авсан учраас ил тулалдаж чадахаа байж, залгамж халаагаа нам, төрд шургуулах гэж байна.      

Зургаа. Сү туучийн сүлжээг эвдэх нь улс төрийн бүх хүчний тулгамдсан асуудал болж байна. Энэ нь МАН-д буй Сү.туучийн гэмт сүлжээг тасална гэсэн хэрэг бөгөөд МАН-ыг тараана гэдгээс огт өөр ойлголт юм.     

Эдүгээ МАН-ын энэ системийн задрал эхэлж, коронагийн цар тахлаас үүдсэн хөл хорио, уул уурхайн мөнгө, цагдаа, тагнуулын хүчинд тогтож, торгоож байна. Нийгмийн дургүйцэл газар авч, эсэргүүцлийн жижиг хөдөлгөөнүүд нэмэгдэж байна. Тооны хувьслаас чанарын хувьсалд шилжих хуулийн дагуу энэ бүх эсэргүүцэл дургүйцэл өнөө маргаашгүй тэсрэхэд тун ойртжээ.

Нийгмийн тэмцлийн хурц үзүүр ЗГ, түүнийг тэргүүлсэн Л.Оюун-Эрдэнийн эсрэг чиглэж, түүнд ногдох нь ойлгомжтой хэдий ч энэ нь ердөө л хэлбэр, үзэгдэл, үр дагавар болно. Харин агуулга, мөн чанар, шалтгаан нь МАН системийн жам ёсны нуралт, МАН-ыг атгасан Сү туучийн хуучинсаг бүлэглэл юм.

Одоо У.Хүрэлсүх, Г.Занданшатар, ялангуяа Л.Оюун-Эрдэнийн зайлшгүй хийх ажил бол МАН-ыг шинэчилж, хуучинсаг хүчнээсээ салах явдал болно. Учир нь МАН-ын удирдлага, ажлын арга барил, шийдвэр гаргах явц, ил тод байдал, боловсон хүчний бодлого, сонголт, шинжлэх ухаанч чанар зэрэг бүх юмыг нь шинэчлэхгүйгээр төрийн ямар ч ажилд өчүүхэн төдий ч ахиц гарахгүй.

Манай нийгэмд дэвшил хөгжил эхлүүлэх учраас У.Хүрэлсүх, Г.Занданшатар, ялангуяа Л.Оюун-Эрдэнэ нарын МАН-ыг шинэчлэх дурын ажил, эхлэлийг дуртай дэмжинэ. Хэрэв тэд эсрэгээр нь үйлдвэл хуучин хэдтэй нь хамт улс төрөөс зайлуулах ажил дуртайяа оролцоно. Үүнийг шалгах маш амархан. Л.Оюун-Эрдэнэ Рио Тинтогийн эсрэг олон улсын шүүхэд өгсөн Монголын нэхэмжлэлийг яагаад ч татаж болохгүй. Ингэж чадвал тэр эх оронч, харин буцааж татвал урвагч…   

Судлаач Ганаа дэмжих эс дэмжих нь хэнд хамаатай, ямар нөлөөтэй юм ? гэж зарим ярих л байх. Гэхдээ миний энд ярьсан зүйлс бол манай ард түмний хүсэл зориг, үйлдлийн зайлшгүй зүй тогтол, баттай хандлага болох нь ямар ч эргэлзээгүй…

 “Сү туучийг хэн ч дийлэхгүй” гэж аймхай бялдууч нар ухуулах. Тэртэй тэргүй нуран унаж байгаа юмтай хүч шавхан тэмцэх хэрэг огт байхгүй. Харин энд муу муухайгаас хурдан удаан салах асуудал л ярьж болно. Би бол хуучнаас бушуухан салаасай л гэж бодож байна. Бушуухан салахгүй бол нийгмийн дургүйцэл, тэмцлийн өрнөл удирдлагаас гарч, ямар ч жолоодлогогүй болох учраас би айгаад яараад байгаа юм.   

Гэр хашаа хоёр зэрэг нурсан тохиолдолд эхлээд гэрээ (намаа) засаад дараа нь хашаагаа (төрөө) засдаг… 

Судлаач Х.Д.Ганхуяг.

2021 оны 10 дугаар сарын 06.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

4 Responses to АМЖВАЛ ҮҮНИЙГ ХИЙ, ХИЙХГҮЙ БОЛ ХАМТДАА НУРЦГАА…

  1. Жамьян says:

    Америкийн хятадад үйл ажиллагаа явуулдаг олигархиуд Трампыг унагахын тулд өөрсдийн мэдлийн хэвлэл мэдэллийн хэрэгслүүд болон сошиал медиагаар Трампыг балбаж балбаж эцэст нь сонгуулийн луйвраар унагасан шиг Рио Тинто өөрсдийн булхай нь ил болоод ирэхлээр Оюун-Эрдэнэд ижил арга хэрэглэж байна. Үүнийг манай ард түмэн ойлготлоо өдий юм үзэх нь дээ.

  2. Зочин says:

    Удирдагч нар уншаасай

  3. Baagii says:

    Оюун-Эрдэнэ сайд болоод 7 хоногийн дараа Нью-Иоркийн шүүхийн нэхэмжлэлийг буцаан татсан байдаг. Оюун-Эрдэнэ таг чиг л байсан. С.Ганбаатар энийг анзаарч өвлийн хүйтэнд өлсгөлөн суулт хийж байж олны анхаарлыг татсан шүү. Тэгээгүй бол Оюун-Эрдэнэ чинь чимээгүй өнгөрөөчих шинжтэй байсан шүү. Ганбаатар, Даваасүрэн, Нямбаатар г.м гишүүд идэвхтэй ажилсны үр дүнд Рио-н эсрэг тэмцэл хэвийн үргэлжлээд явж байна. Би Оюун-Эрдэнэд чинь итгэхгүй байна.

    • Ганаа says:

      1. Одоо манай ЗГ-ын нэхэмжлэл о/у-ын шүүх дээр байгаа. 2. Би Л.Оюун-Эрдэнэд итгэ ч гээгүй, битгий итгэ ч гээгүй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: