МОД ТАРИХ УЧИРТАЙ…

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1 тэрбум мод тарих амлалт олон улсад өгсний дараа Монголд мод тарих хөдөлгөөн өрнөв. Үүнтэй холбогдон дэмжсэн, шоолсон үг яриа тасрахаа байв. Гэхдээ мод тарих гэдгийг манайхан нэн хялбар ойлгож буй тул өөрт олдсон зарим мэдээллээ нэгтгэн дүгнэж, бүтэн зураглал гаргахыг хичээв.

Монголчууд ба мод тарих ажил

Нүүдэлчин монголчууд тод тарина гэдгийг огт мэддэггүй мэт ямар ч хүнд санагдана. Түүхийн ихэнхи үед тийм байсан нь эргэлзээгүй. Гэхдээ хүчирхэг үедээ мод тарьж байсан жишээ олон бий.

Хубилай хааны (1215-1294) үед мод тарих хөдөлгөөн өрнүүлж байсан нэлээд баримт бий. Тухайлбал Их хааны зарлиг гарч: “элч зарлага, худалдаачид хийгээд энгийн ардын үргэлж хөлхдөг их замын дагуу хоёр хоёр алхмын зайтай газар мод тарихыг …” тушааж байжээ.Энэ нь тэр дороо хэрэгжсэн ба үүнийг Марко Поло ажиглаж: “Монголчууд өртөө замын хоёр хажуугаар мод тарьсан нь нар шарахгүй сүүдэртэй, өвөл цас унахад зам алдаж төөрөхгүй сайн талтай. Энэ модод алсаас их сүрлэг харагдана…Говь цөлийн зам дагуу ч мөн тийм мод суулгасан нь худалдаачид хийгээд элч нарт туйлын таатай. Тэрчлэн бүх хаант улс муж улсын замын дагуу тийм мод цөм буй ажээ ” гэж тэмдэглэн үлдээжээ.

Үүнийг дараагийн хаад залгамжлан үргэлжлүүлжээ. Тухайлбал Өлзийт хааны хууль цаазын бичигт (1294): “Хавар болоход хамгийн урьд мод тарьж суулгах хэрэгтэй. Модыг зүй бусаар огтолж үл болно. Зөрчигчдийг хууль ёсоор ялласугай. Ой мод их болох аваас  алба ба амины цөм ашигтай … “ гэж заажээ. Ингэж төрийн хууль цааз гаргаж, мод тарьж байсан жишээ түүхэнд олон байхгүй гэж санана.

Аажмаар Их гүрэн задарч, феодалын бутрал залган, манжийн үе эхэлснээр энэ ажил бүрэн зогсож, ор тас мартагдсан гэж үзэж болно. 800 жил байтугай 8 жилийн өмнөхийг мартдаг улс чинь, аргагүй шүү дээ. Ингээд ХХ зуунтай золгов.

Бүгд Найрамдах Улсаа тунхагласан жил буюу 1924 онд “Монценкооп”-ын орос мэргэжилтнүүд уулнаас хэдэн мод авчирч, байрныхаа гадаа тарьжээ. Гэтэл Хүрээний лам нар “лус савдаг хилэгнүүллээ” гэж ном гүрэм уншиж сүйд болжээ. Энэ талаар Л.Түдэв гуайн “Бүгд Найрамдах Улсын анхдугаар он” романд тодорхой өгүүлсэн байдаг. Энэ нь Хүрээнд тарьсан анхны мод гэдэгт би огт эргэлздэггүй.

Улаанбаатар хот өргөжин тэлэхийн хэрээр энд тэнд цөөвтөр мод тарьж эхэлсэн бололтой. Харин энэ ажил Дэлхийн II дайн дууссаны дараа эрчимжиж, ялангуяа Сүхбаатарын талбайг тохижуулж эхэлсэнтэй холбоотой. Юутай ч гэсэн Төв цэцэрлэг, Ленин клуб хавьцаа багавтар модтой болгосон нь тэр үеийн фото зургуудаас тодорхой харагддаг.

Ингээд 1960-аад оны болоод ирмэгц мод тахих ажил компанит шинжтэй болж, өргөжиж иржээ. Тэр үед манай Налайхын айл болгоныг хашаандаа мод тарь гэж шаарддаг байсныг би тод санаж байна. Тэр бүү хэл Шаамараас давжаа алимны баахан мод авчирч тариулж байлаа. Бүгдээрээ шахам алимны мод тарьсан боловч ургасан нь үгүй. Харин аав бид хоёрын тарьсан алимны мод ганцаараа ургасан ба их том болж, одоо ч гэсэн Налайхад ургаж байгаа…

1960-аад оны сүүлээр атар газар эзэмшсэнтэй холбоотойгоор тариалангийн талбайд ойн зурвас тарих хөдөлгөөн өрнөж, үүнийг сурталчилж, төлөвлөгөө өгч тариулдаг болов. Гэхдээ өргөн цар хүрээг хамарч чадаагүй юм.   

Улаанбаатарт мод тарих бүр ч хүчтэй хөдөлгөөн өрнөв. Жил болгоны хавар, намар бүх нийтээрээ мод тарьдаг болов. Харамсалтай нь ургасан нь цөөн. Хэдэн үхэр, ямаа, сахилгагүй хүүхэд, ухамсаргүй иргэд тарьсан модныхоо ихэнхийг өвөл нь эд бад хийдэг байлаа. Энэ ч яах аргагүй нүүдэлчин зан юм…

Энэ ажилд сүрхий амжилт олоогүй хэдий ч жаахан ч гэсэн үр дүнгээ өгсөн юм. Хавар болоход гардаг “цагаан юм” буюу улиасны унгирал үүнийг гэрчилнэ. Тэр үед модны эр эмийг ялгах сэхээ хэнд ч байгаагүй бололтой. Гэхдээ л овоо хэдэн мод тарьсан юмаа…

Одоо зарим нусгай социализмын үед огт мод тарьж байгаагүй, ардчиллын үед тарьдаг болсон гэж мэдэмхийрэх нь дэндүү сэрүүдсэн хэрэг.

Харин ардчиллын үед Ц.Элбэгдорж “Ногоон хэрэм” гэж баахан бужигнуулснаа алга болчихсон юм. Мод тарих өдөртэй болсноос өөр олигтой үр дүн гарсангүй.

Хятадын ногоон хэрэм

Хятад нутгийнхаа умарт хэсэгт оршдог аварга том цөл, монголын гэж дэлхийд алдаршсан түйрэнгээс болж гамшигт нэрвэгдэв. Олон тоо хэлээд яахав, энэ аварга цөлийн тэн хагас нь Хятадад, тэн хагас нь Монгол байдаг гээд ойлгочихсон нь дээр…

Цөлийн давшилтаас болж Хятад жил бүр 1300 км.кв ашигтай талбайгаа алдаж, улмаар 400 сая хүний амьдралд гамшиг тарив. Монголын түйрэн ганц Хятадыг “эзлэхээр” үл барам Солонгос, Японыг байнга заналхийлж байна. Заримдаа АНУ-ын баруун эрэгт хүртэл “давших” бөлгөө. Хятадууд хойт зүгийн цөлийг “шамо” буюу “үхэл”, түйрэнг “шар луу” гэж нэрлэдэг. Монголчууд өөрсдөө зүгээр суучихаад цөл, элсэн шуурга гэсэн 2 “армиа давшуулчихаад” дэлхийг айлгаж, заналхийлэх болжээ.          

Цөл болон цөлжсөн талбай Хятадын газар нутгийн 28%-ийг буюу 2,6 сая км.кв болж үлэмж аюул тарих болсны учир Дэн Сяопиний үеэс эхлэн цөлд “дайн зарлаж”, 2050 он гэхэд Ногоон хэрэм барьж дуусахаар шийджээ. Энэхүү “Ногоон хэрэм” 13 мужийг дамнасан уртаараа 4500 км, өргөнөөрөө 100 км аварга том ойн хэрэм болох юм. Тэрбум илүү хүн 50 жил тасралтгүй байлдсаны дараа 2000 оноос цөлийн “давшилт” зогсож, Хятадууд давшиж эхлэв. Гэхдээ Хятадуудын энэ “давшилт” удалгүй зогсов. Өмнө нь аварга цөлийн тэн хагасыг “эзэгнэн тогтсон”, тусгаар тогтносон Монгол улсын цөл гэж нэг аймшиг хэвээрээ үлдэж, байнгын заналхийллээ үргэлжлүүлсээр байна.

Харин энд стратегийн бодлогод өөрчлөлт гарав. Энэ талаар би олон юм ярихгүй, ярих ярихгүй юм гэж бий. Харин Монголын цөлийн түрэлт, түйрэнг зогсоох сонирхол Хятадад үүсч, үүнийг Япон, Солонгос уухайн тас дэмжинэ гэдэгт эргэлзэх зүйлгүй гэдэг ганцхан зүйлийг хэлж чадна. Хятад, Япон, Солонгосын тусламжтайгаар цөлийн давшилтыг зогсоох үй түмэн хувилбар гаргаж болно. Үүнийг яагаад бодож болохгүй гэж ?!

Тэрбум мод гэдэг их үү, бага уу ? 

НҮБ-ын хүрээлэн буй орчны хөтөлбөр (UNEP-United Nations Environmental Programme) гэж байдаг бөгөөд “Тэрбум мод” хөтөлбөр дэвшүүлж 2007 онд 1 тэрбум мод тарих уриалга гаргажээ. Өөрөөр хэлбэл дэлхий даяар жилд 1 тэрбум мод тарих боломжтой гэсэн хэрэг.

Оросын ойн аж ахуйд 1 сая шахам хүн ажилладаг ба тэд 2020 онд 1 тэрбум 153 сая 2-3 настай суулгац бэлтгэж байжээ. Орост 1 га газар ойролцоогоор 1000-2000 мод тарьдаг аж. 1000-ыг тарих уу, 2000-ыг тарих уу гэдэг нь цаг уурын бүсээс хамаардаг гэнэ.           

Хятадад 2020 онд 1,5 миллиард мод тарьжээ. Энэ ажилд 436 сая хүн буюу хятадын хүн амын гуравны нэг шууд оролцсон байна. 1,5 миллиард мод тарихад ойн талбай 6,7 сая га-аар ихэсдэг юм байна.

Энд дурдсан хэдэн тоогоор дурын пропорц хийж, тэрбум мод тарих гэдэг хэр их бага гэдгийг мэдэж болно. Хүн бүр өөр өөрийнхөөрөө дүгнэх биз. Харин миний хувьд хэтэрхий их тоо гэж гэж үзсэн…

Манай мод тарих ажил

Ардчилал эхэлмэгц мод тарих ажил зах зээлийн зарчимд шилжив. Бид нар л анзаардаггүй болохоос мод тарих ажил ихээхэн эрчимжиж, замын боржуур (бродюр) солихын дараа орох ихээхэн ашигтай бизнес болон хувирсан юм. Манай мод тарих ажил 3 үндсэн хэлбэртэй болов. Нэгдэх нь мод үржүүлгийн газарт суулгац тарьц бэлтгэж ургуулах, удаах нь ойгоос бэлэн мод шилжүүлэх авчирч суулгах, дараа нь хятадаас суулгац авчирч тарих.

Энэ нь их ашигтай. 2016 онд 1 ш модыг ойгоос хотод авчирч суулгахад 750 мянган төгрөг байсан бол 2017 онд 500 мянган төгрөг болж арай “хямдарсан” ба үүнд жилд ойролцоогоор 5 тэрбум төгрөг зарцуулжээ. Хятадаас суулгац авчирч тарих бол монгол компаниудын ажлыг үгүйсгэж тэднийг няц дардаг нэн ашигтай, томоохон бизнес. Хятад мод 2-3 жил болоод үхдэг, энэ нь манай хатуу ширүүн цаг агаараас болдог гэж мэргэжилтнүүд ярьдаг. Гай болоход 2016 онд хятад суулгацтай хамт нэн хортой шавьж манайд орж иржээ. Бид хэсэг шуугиж байгаад мартсан.

Манай дотоодын мод үржүүлгийнхэн суулгацаа зарах гэж үйлээ үзэж байхад төрд ойрхон тендерийнхэн хятадаас мод авчирч хагартлаа ашиг олох бөлгөө. Ядахдаа оросын Сибирээс мод авчирвал цаг агаар нь ижил учраас үхэхгүй л дээ. Одоо ч энэ байдал хэвээрээ байгаа ба 1 тэрбум модны далбаан дор баахан тендерчид хятадаас суулгац оруулж ихээхэн ашиг олох маш таатай олон суваг нээгдэж байна. Эхлээд дотоодын мод үржүүлгийн газруудаа бүх талаар дэмжих ёстой байх. Хэрэв дотоодын хүчин чадал хүрэхгүй бол гадаадаас авчрах тарьц, суулгацанд эмнэлэг-биологийн маш өндөр шаардлага тавих ёстой. Гадаадаас авчрахдаа тулбал оросын Сибирийн мод хамаагүй дээр…

Мод тарихад учир бий…

“Улаанбаатарт тарьсан моднуудаас ганцхан гадаадын ЭСЯ-дын хашаанд тарьсан моднууд л ургадаг.”  Энэ нь социализмын үеийн явган шог хэдий ч үнэний ортой. Мод үхдэг, үхүүлдэг гол хүчин зүйл нь монголчууд бид өөрсдөө…

Одоо бид мод тарих гэх ганцхан үгээр илэрхийлж буй энэ ажил 3 том ай хэсгээс бүрдэх бөгөөд тус бүртээ бараг бие даасан шинжлэх ухаан болтлоо хөгжсөн байна.

Нэг. Цөлжилттэй тэмцэх

Энэ бол дэлхий нийтийн хамгийн эмзэг бөгөөд том асуудал мөн. Ялангуяа цөлийн тэн хагас нь байдаг Монгол Улс ихээхэн хамаатай. Гэхдээ саяхан болтол бид үүнийг анзаарч байгаагүй. 

Тэрбум илүү хүнтэй Хятад 50 жил тэмцэж байж арайхийн зогсоосон цөлийн эсрэг Монголчууд “араас” нь дайрах ёстой болж байна. Шороон түмэн хятадыг дуурайж хүрз бариад дайрна гэвэл санасны гарз. Хятадад ч гэсэн цөлтэй тэмцэх ажилд хүрзнээс гадна тэргүүний дэвшилтэт технологуудыг хавсран хэрэглэж байна. Ухаандаа суулгацтай бортог суулгасан бөмбөг хийж, нисэх онгоцоор бөмбөгдөж байна. Энэ аргыг АНУ-д хэрэглэдэг.

Ер нь цөлтэй тэмцэх ажил бол гаднын хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаа, дэвшилтэт технологи хэрэглэхгүй бол бүтэхгүй ажил. Хамгийн гол нь маш сайн судалгаа, төлөвлөгөө шаардах, үзэгдсэн харагдсан газар руугаа дайраад орчихдог ажил огт биш. “Монголд хэтэрхий их газар нутаг өгсөн” гэж Бурханд уурлалтай нь биш. Лав л монголчууд өөрийн хүчээр барахгүй ажил. Манай У.Хүрэлсүх яахав, дайрахад бэлэн байж болох ч манай хүчин чадал бэлэн биш байна…

Хоёр. Хот суурингаа ногооруулах

Энийг олон жил ярьж, бүтэлтэй бүтэлгүй олон ажил хийсэн учраас бүгдээрээ шахам мэдэх учраас олон юм ярихгүй.

Албан ёсны мэдээллээр өнөөдөр Монгол Улсад ойн мэргэжлийн 1078, нөхөн сэргээх ойжуулалтын ажлыг дагнан хариуцдаг 224 байгууллага байдаг аж. Энд нэг том аюул бий. Энэ үй түмэн байгууллагуудын ихэнхи нь Монголдоо үзүүлэх “хумсын чинээ” талбайтай, үнэндээ бол хятадаас суулгац оруулж ирэх буюу “реэкспорт” хийж амьдардаг. Үүнийг жинхэнэ үйлдвэрлэл явуулдаг дотоодын цөөн компаниудаас ялган салгаж авч үзэх ёстой.         

Мод үржүүлэх байгууллагын тоо үй олон боловч жилд ердөө л 9,2 сая суулгац гаргах хүчин чадалтай аж. Хэрэв албан ёсны тоонд үнэмшвэл манай мод үржүүлгийн нэг байгууллага жилд дунджаар 7000 суулгац гаргадаг гэсэн ихээхэн инээдэмтэй тоо гарна. Энэ чинь мод тарих хоббитой ганц өвгөнийх хийх ажил шүү дээ. Арай л шог. Энд дурдсан тоо баримт, түүний зөрүүнээс мод суулгац тарих бизнесийн аварга их хэмжээг төсөөлж болно, тооцоолон гаргаж ч болно…   

Бүх суулгацаа дуустал тарьж болохгүй учраас яг нэг жилд тарих мод суулгац үүнээс хавьгүй цөөн байх нь мэдээж. Орост 2-3 настай суулгац тарьж байна. Хятадад 10 нас хүрээгүй суулгацыг хотод авчирч тарихийг хориглодог аж. Маш их хугацаа ордог ажил юм байна. Тэгэхлээр мод тарихаасаа өмнө тарьц суулгац гаргах дотоодын хүчин чадлаа олон дахин нэмэх хэрэг гарч байна. Үүнийг хийж чадахгүй бол мэдээж хэрэг эсвэл хятадаас мод авчирна, эсвэл ойгоос мод зөөх ажил л үлдэнэ. Сүүлийн үед ойгоос мод зөөхийгөө “ой сийрэгжүүлэх” гэж өхөөрдөн нэрлэх болов. Би ихээхэн хайсан боловч энэ талаар хийсэн нарийн тооцоо судалгаа олдохгүй байна. Манайхан сурсан зангаараа тооцоо судалгаагүй тууж яваа нь илт байна. Үгүй ядахдаа тэдэн хувийг нь өөрсдөө үрслүүлж тарина, тэдэн хувийг нь гадаадаас авчирна, тэдэн хувийг нь ойгоос шилжүүлж, бишээ, “сийрэгжүүлж” тарина гэсэн харьцаа байх ёстой баймаар. Даанч тэр нь алга. Алга ч гэж дээ, “бизнесийн нууц” юм…  

Нийслэл, дүүрэг, компани, албан байгууллагуудад мод тарих даалгавар өгч байгаа нь сайн хэрэг боловч чухам хаана хаана, ямар хэмжээтэй тарихийг зааж өгөхөө “мартжээ”. Нөгөөдүүл нь үзэгдсэн харагдсан газраа “үзэмжээрээ” тарьж байна. Яагаад ч ингэж болохгүй ээ. Ядахдаа нэг хүнд ногдох газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг гэдгээ санамаар. Үүний оронд газрын байц, салхины урсгал, гоо үзэмж зэрэг  гол цөөн үзүүлэлтээр хот суурингийн тодорхой хэсэг, тодорхой хэдэн талбайд мод тарих нь зүйтэй…

Хотод мод тарих 2 янз. Нэгдэх нь цэцэрлэгжүүлэх, төгөлжүүлэх. Хэдэн сайхан цэцэрлэг, төгөлтэй болоод авбал аштай юу. Удаах нь хотын барилга, гудамж, талбай орчмыг моджуулах. Энэ 2 чинь харахад адилхан боловч өөр өөр бодлого, стратеги шаарддаг ажил. Энэ талаар тодорхой ямар ч мэдээлэл алга. Энэ талаар бодож төлөвлөсөн зүйл манай засагт байхгүй гэж бодож байна. Зүгээр л мод тарина гэж дайраад байж болохгүй л дээ…

Гурав. Хөрсний эвдрэл, тариалангийн цөлжилтэй тэмцэх         

1960-аад онд атар газар ихээр эзэмшсэний байгалийн хариу 1970-аад оны сүүлээс эхлэн гарч, манай газар тариалангийн гол нутаг Дархан, Сэлэнгэ, Булганы бүс нутагт хөрсний эвдрэл ихээр гарч, улмаар цөлжилтийн шинжтэй болж, асар том талбай эзлэх болов. Социализмын үед тарьсан жаахан ойн зурвас юу ч болсонгүй.

Эдүгээ Монгол Улс цөлжих аюул урдаасаа биш, хойноосоо, чингэхдээ манай газар тариалангийн гол бүсүүдэд бий болов. Миний бодлоор эхлээд газар тариалангийн гол бүсээ цөлжилтөөс хамгаалах нь хамгаас чухал, бүр амин чухал асуудал мөн. Энэ бол үнэхээрийн ноцтой аюул мөнөөсөө мөн.

Бодвол газар тариалангийн талбайг тойрсон ойн зурвасаа олон дахин нэмж, гол чухал газруудад ногоон хэрэм барих ёстой байх. Үүний тулд газар тариалангийн компаниудаа энэ ажилд татан оролцуулж, тэднийг гар татахгүй хөрөнгө мөнгөөр урамшуулах хэрэгтэй. Энэ талаар тэрбум модны төсөлд дурдсан зүйл огт байхгүй, ор тас мартжээ…

Хүнд асуудал

Одоо бид тэрбум модны төслийг дэмжих үү, болих уу гэсэн тун хүнд асуудалтай тулгарч байна. Ямар ч гэсэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ямар ч тооцоо судалгаагүй, төлөвлөгөөгүй, “цээжний бан”-гаараа шаагаад хаясан нь илт байна. Одоо болтол Засгийн Газарт дээр дурдсан асуудлуудыг тусгасан тодорхой төлөвлөгөө алга. Ерөнхийлөгч гэнэт үүрэг өгсөн болохоор аргагүй биз. Юу байна гэвэл сүржин уриа лоозон байна, хүрз барьсан хэдэн хүн, ухсан нүх, годойсон хэдэн суулгацны  фото зураг байна, нийт зарцуулах мөнгөн дүн байна. Үнэнийг хэлэхэд өөр юу ч алга…

Философи болон нийгмийн утгаар мод тарих бол хамгийн зөв зүйтэй тулгамдсан асуудал мөнөөсөө мөн. Энэ утгаар У.Хүрэлсүхийн санаачилга маш зөв. Гэхдээ тооцоо судалгаагүй, төлөвлөгөөгүй ямар ч ажил, түүний дотор энэхүү мод тарих энэ ажил бүтэхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна.

Одоо ч гэсэн өчнөөн олон муухай “ажил” бэлэн болоод байна. Мод үржүүлгийн газрын тендерийг хэн авах вэ, төр засагт ойр хүмүүс. Мод үржүүлэх ажил, ялангуяа гадаадаас суулгац авчрах ажлыг хэн авах вэ, төр засагт ойр хүмүүс, ой сийрэгжүүлж, мод тарих ажлыг хэн хариуцах вэ, төр засагт ойр хүмүүс, тарьсан модны тоо, талбайд хэн хяналт тавьж, хэн хэн мөнгөн урамшуулал олгох вэ, төр засагт ойр хүмүүс гэх мэт цаашаа хязгааргүй үргэлжлүүлж болно. Иймээс мод тарихаасаа өмнө төрийн ажилд хэвшин тогтсон адгийн балиар механизмаа халж, цэвэршүүлэх ажлаас эхлэх нь зүйтэй. Үүнийг хийхгүй бол мод тарих компанит ажил удахгүй лөөлөө болно…

Тэгээд одоо яахав, болих уу ?! Үгүй шүү. Дэмжих хэрэгтэй. Гэхдээ бид тов тодорхой тооцоо судалгаа, жил жилээр хуваарилсан төлөвлөгөө, гол гол үзүүлэлтүүд, ядахдаа хаана хаана хэдий хэрийн мод хэн хэн, ямар байгууллага тарих, ямар ямар хариуцлага хүлээх, ямар ямар мөнгөн урамшуулал, шийтгэл хүлээх зэргийг багтаасан тодорхой төлөвлөгөө, шулуухан хэлбэл ТЭЗҮ (техник-эдийн засгийн үндэслэл) шаардах ёстой. ТЭЗҮ бол зөвхөн уул уурхайд байдаг юм биш…

Эрхбиш Засгийн Газар юм байна, энэ ажлыг наад зах нь 6 сард, цаад зах нь 1 жилд багтаан хийх бүрэн боломжтой. Одооны гаргасан төсөл чинь үнэндээ бол “авах юм” ховор байна. Баахан мөнгө зоочихоор “сайн” төсөл болчихно гэж бодож болохгүй л дээ…

Хэрэв мод тарих тов тодорхой ТЭЗҮ гаргаад ирвэл хэн ч гэсэн дэмжих ёстой төсөл, хэрэв энэ нь байхгүй бол сөнөх тавилантай төсөл. Цаашдаа манай дарга нар “цээжнийхээ бан”-гаар шаадаг балай зангаа татсан нь дээр дээ…

Одоо намайг “төр засгийн бодлого эсэргүүцсэн” гэж баахан харааж зүхнэ. Байхгүй юмыг юуг нь эсэргүүцэх вэ дээ. Би хоосон уриа лоозон, хуурмаг сүржин эхлэл, далд бизнесийг чинь шүүмжилж байна. Харин тов тодорхой ТЭЗҮ гаргаад ирвэл дэмжихээр үл барам, дэмжихийг уриалан дуудна…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2021 оны 11 дүгээр сарын 12.             

 

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to МОД ТАРИХ УЧИРТАЙ…

  1. Бат says:

    Их баярлалаа. Ганаа ах уг нь санаа авахаар, хэрэгтэй их юм бичих юм. Ажил хэрэгтээ тусгадаг болоосой.

  2. Anonymous says:

    Сайн уу эрхэм ах.Та Налайхын хүн.Сурч байсан сургуулийнхаа талаар тусад нь бичнэ гэж нэг нийтлэл дээрээ бичсэн шүү дээ.Энэ хэзээ бичигдэх бэ.Их л харах юм.Таны нас ч яваад л байдаг…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: