ТҮҮХЭН ИХ ХУРАЛ  УУ, ТҮҮХЭН ЭГЗЭГ ҮҮ ?

МАН-ын ХХХ Их Хурал болов. Хүмүүс сайн муу, сайхан муухайгаар янз бүрээр дүгнэж байна. Энэ ч аргагүй биз. Гэхдээ өөрөө болж, юунаас ч үл хамааран хэрэгждэг үйл явдал гэж байдаггүй. Иймээс яг Их Хурлаас гадна түүнийг нөхцөлдүүлсэн нөхцөл, орчинг шинжилбэл сая бүрэн шинжилгээ болно. Энэ тухай товч өгүүлье…

Эрх мэдлийн шилжилт

Монголчууд их сонин. Харсаар үзсээр байтал нүднийх нь өмнө болоод өнгөрсөн үйл явдлыг санадаггүй, хардаггүй, мартдаг атлаа яг одоог шинжилж, дүгнэх дуртай. Ардчиллын 30 жилд төрийн эрх мэдлийн төвлөрөлд 3 том шилжилт өөрчлөлт болсон юм. “Юун яасан өөрчлөлт, бид чинь 30 жил тасралтгүй ардчилал байгуулсан биз дээ ?” гэж тэнэгтэх хүн олон гарна. Гэхдээ хэлээд өгөхөөр санана гайгүй…

Нэг дэх шилжилт парламентын засаглал. 1990-ээд оноос Монголд ардчилал эхэлж, “засаглал хуваах онол”-ыг маань мэгзэм шиг цээжлэв. Тэр үед “ардчилал” гэдгийг Монголчууд “парламент” гэж ойлгож байсан ба иймийн учир шинэ Үндсэн Хуулиндаа парламентын засаглалыг тунхаглав. Парламентаа сонгодог болчихвол ард түмэн “хамгийн ухаантай хүнээ” өөрсдөө сонгох ба бусад нь хар аяндаа болно гэж итгэж байв. Үнэхээр ч эхэн үеийн парламентууд их эрх мэдэлтэй байж, аливаа асуудлыг парламентын индэр дээр авчирч, тэндээ сайн ч бай, муу ч бай хэрүүл тэмцэл хийж шийддэг байлаа.

Гэвч тун удалгүй парламентат ёс эрх баригчдад таалагдахгүй болж ирэв. Учир нь парламент Засгийн Газрыг тэсгээхээ болив. Үүний оргил нь 1996-2000 онд М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралтын ЗГ-уудыг унагасан явдлууд болов. Яагаад ийм болов гэхээр сөрөг хүчин МАН-тай эрх баригч МСДН хуйвалдаж эхэлсэнд байв. Намууд хуйвалдах ажлыг Н.Энхбаяр, Р.Гончигдорж 2 гардан зохион байгуулж эхлүүлсэн ба түүнээс хойш улс төрийн “уламжлал” болон тогтжээ. Намууд хуйвалдахаар парламент үнэхээр арчаагаа алддаг аж. Ингээд 1999 онд ҮХ-даа халдаж дордохын 7 өөрчлөлт хийж, улмаар 30 жил давхар дээлийн асуудлаар маргалдав. Гэвч энэ бол үнэндээ эрх мэдлийг төвлөрүүлэх тэмцэл байсан юм…      

Хоёр дахь шилжилт Ерөнхийлөгчийн засаглал

Нэг хэсэг эвслийн ЗГ-ууд байгуулж үзэв. Энэ нь бүтсэнгүй, эхлээд парламент, дараа нь монголын улс төрийн систем бүхэлдээ хуйвалдааны үүр уурхай болов. Ингээд болж өгөхгүй болохоор Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлж, түүгээр дамжуулан тогтвортой засгийн газартай болох үйл явц эхлэв. Эхлээд Н.Энхбаяр органик хуулиудаар дамжуулан эрх мэдлийг өөртөө хураан авах болов. Н.Энхбаяр “Үндэсний удирдагч”, “Хоёрдугаар Чингис хаан”, “Гималайн уул” болтлоо томров. Эдгээр нь тухайн үеийн манай хэвлэл мэдээллийн албан ёсоор Н.Энхбаярт олгож байсан цол гуншин юм. 

Дараа нь Ц.Элбэгдорж парламентын эрх мэдлийг хувхайртал хурааж, өөртөө төвлөрүүлэв. Нэг мэдсэн чинь хууль, шүүх прокурор, Тагнуул, Цагдаа, АТГ зэргийн бүх томилгоог зөвхөн Ерөнхийлөгч хийдэг болж, хэн хэний хэргийг дарах, хэн хэний хэргийг шүүхэд шилжүүлэх, улмаар хэн хэнийг шоронд явуулахыг Ерөнхийлөгч мэддэг болов. Аман дээрээ парламентын засаглал гэж орилох нь хэвээрээ боловч ачир дээрээ Ерөнхийлөгч хязгааргүй их мэдэлтэн болов.

Сүүлдээ Ц.Элбэгдорж парламентыг номхон зогсоож байгаад загнадаг болов. Нөгөөдүүл нь багшдаа загнуулж буй хүүхэд шиг дуугаа хураан гүлдийж суух бөлгөө. Олон юм донгосвол шууд шоронд явна гэдгээ нэг муу мэдэхтэйгээ…

Энэ балмад явдлыг сөрөн зогсож чадсан цорын ганц зоригтон нь манай Г.Уянга л байлаа. Г.Уянга эхлээд “Ерөнхийлөгч Та хуулийн дагуу УИХ-д тайландаа тавь” гэж шаардав. Үнэхээр ч Ц.Элбэгдорж туучий хуулийн дагуу УИХ-д жил тутам тайлан тавих ёстой атлаа 7 жил тавиагүй, парламент байдаг гэдгийг ч “мартчихсан” тууж явлаа. Улмаар Г.Уянга “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах улс төрийн үндэслэл” гэсэн 12 зүйлт ял тулгаж байж тэр балайг зогсоов.  

Гурав дахь шилжилт Засгийн Газрын засаглал

Нэг мэдэхэд 30 жил өнгөрч, Монголын улс төрийн систем дампуурал, сүйрлийн замд оров. Эрх мэдлийг парламентад өгөхөөр хэрэлдээд, намууд нь хуйвалдаад болдоггүй. Ерөнхийлөгчид эрх мэдэл өгөхөөр ганцаар ноёрхож дарлах гээд болдоггүй. Ялангуяа Х.Баттулга шиг Ерөнхийлөгч гарч ирээд систем өөрчилнө гэж дайраад байвал бүр баларсан юм болно.   

Парламентын болон Ерөнхийлөгчийн засаглалын аль алинд нь нэг л зүйл тогтворгүй, тодорхойгүй байв. Засгийн Газрын амь нас туйлын богино бөгөөд эмзэг болчихсныг хэзээ хойно “ойлгов”.

Үнэндээ бол ардчиллын 30 гаруй жилд ард түмний шаардлага, тэмцлээс болж унасан ЗГ ганц ч байхгүй. Монголын ЗГ-ууд цаг ямагт парламентын доторхи намуудын хуйвалдаанаас болж унаж байсан. Харин ард түмний дургүйцэл, тэмцэл  бол өөрийн мэдэлгүйгээр, өөрөө ойлгохгүйгээр тэрхүү хуйвалдааны хавсарга л болж байсан. Өөрөөр хэлбэл ЗГ-уудын амь нас “хөгшин эрвээхэйн” дайтай болсон нь эрх баригчын зөрчил тэмцлийн шууд бөгөөд зайлшгүй үр дүн юм. Ийм тэнэг байдлыг удаан үргэлжлүүлэх боломж шавхагдав.

Засгийн Газрыг тогтвортой ажиллуулах нь нэгэнт эрх баригч систем болоод тогтчихсон МАН-ын эрх баригчдын туйлын эрх ашиг юм. МАН-ын хязгааргүй эрх мэдлийг удаан хугацаанд хэрхэн хангах вэ ? Үндсэн Хуулийн өөрчлөлт…

Ингээд ЗГ-ийн амь насыг уртасгах цорын ганц зорилго бүхий ҮХНӨ рүү ханцуй шамлан оров. Энэ ажлыг хорт могой, заль үнэг Д.Лүндээжанцан толгойлж, шал дэмий, хэнд ч хэрэггүй “зөвлөлдөх ардчиллын онол”-оор зэвсэглэсэн Г.Занданшатар манлайлан гүйцэтгэв.  

Үүний дүнд парламентын засаглал хүнд гайхуулах үзүүлэн, ганган чамин будаг шунх, байнга уншдаг маань мэгзэм  болон хувирч, үнэн хэрэгтээ амьгүй болов. Ерөнхийлөгчийн эрх мэдлийг зад танаж, жинхнээсээ бэлэгдэл болгон хувиргав. Одоо эрх мэдэл ЗГ руу шилжих шилжилт болж байна. Чухам шилжилтийн энэ үед МАН-ын Их Хурал болж байна.    

Тулгамдсан асуудлын эрэмбэ

Өнөөгийн төр засгийг яаж ч шүүмжилж болно, шүүмжлэх ч ёстой. Харсаар үзсээр байтал төр засгийн бүтэл нь хазайж, болж бүтэж байгаа юм тун ховор болоод байхад шүүмжлэхээс өөр яахав. Гэхдээ учир зүггүй загнах нь шүүмжлэл биш юм. Наад  зах нь шүүмжилж болох 3 багц түвшинг ялгаад сурчихвал монголчуудад л хэрэгтэй юмсан.

Эхний багц бэрхшээл бол коронавирусын цар тахал болон эрчим хүчний даяар хямралаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн даяар хямрал. Дэлхий дахинаа технологийн даяар хувьсгал эхлэх гэж байтал цар тахал гарч энэ үйл явцыг үлэмж хурдасгаж байна. Дэлхийн бүх улс гүрнүүд технологийн шинэ иргэншил рүү чиглэсэн бодлого, зорилтоо тодорхойлж, энэ чиглэл рүү орж эхлэв. Энэ бол яах ч аргагүй бодитой, биетэй хямралаас гадна шинэ нөхцөлд хөгжиж дэвших бодит гарц, боломж юм. Цар тахлаас үүдсэн хямралыг төр засаг хийгээд МАН, АН, тэр бүү хэл нэр бүхий удирдагчдад тохож, зэмлэж болохгүй. Харин урагшгүй, бүтэлгүй ажилласан гэж шүүмжилж болно. Гэхдээ бүтэлтэй, урагштай ажиллаж байгаа ЗГ дэлхийд одоохондоо алга…          

Удаах багц бэрхшээл бол системийн хямрал нуралт бөгөөд энэ нь манайд сүүлийн 30 жил буруу төлөвшиж ирсэн эхлээд МАНАН-гийн, одоо МАН-ын улс төрийн системийн жам ёсны эвдрэл нуралт юм. Одоогийн удирдагч У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ гурав энэ адгийн системээр дамжин гарч хүмүүс мөн боловч түүнийг гардан бүтээсэн хүмүүс биш юм. Нэг хүний биш, маш олон удирдагчийн хийсэн том жижиг, зарчмын болон зарчмын бус олон алдаа дутагдал, гажиг хуримтлагдаж явсаар эдүгээ нуралт задралдаа хүрсэн гэж дүгнэж болно. Харин одоо бол энэ адгийн системийг эвдэх үү, үргэлжүүлэх үү гэдэг нь өөрөө том асуудал юм.           

Сүүлчийн багц бэрхшээл бол өнөөгийн төр засгийн буюу УИХ, Ерөнхийлөгч, Засгийн Газрын, ялангуяа Л.Оюун-Эрдэнийн засгийн газрын алдаа дутагдал юм. Энэ талаар “үй түмэн” юм ярьж болно. Би нэмж ярих илүүц…      

Ийм 3 том багц бэрхшээл, 3 том хүчин зүйл зэрэг зэрэг, давхар давхар үйлчилж өнөөгийн нуралтыг өдөөж байна. Энд хувь, харьцаа, жин хийгээд шалтгаацал ярьж болно. Харин аль нэг нь дангаар үйлчилсэн гэж үзэж болохгүй…

Далд тэмцэл

У.Хүрэлсүх муу новш коронаг алдаад, Л.Оюун-Эрдэнэ вакцин авчирч тариад баллаад хаясан гэх мэт яриа бол үнэхээр утгагүй. Харин энэ тал дээр ЗГ чадах ядахаараа ажилласан. Сүүлийн үед дэлхийн бүх засгийн газрууд вакциныг хүчиндэж тарьж байгаа. Олонхи орнууд вакцин гуйгаад олохгүй ядаж байхад манайхан гэж даварсан гарууд овоолон вакцин дунд хийлгэхгүй гэж орилоод сууж байна.

Цар тахал төр засгийн нэг том нүглийг ил болгов. Эрүүл мэндийн салбар гэхэд л идэж уудаг, элдэв эм тариа, эмнэлгийн хэрэгсэл шахдаг ёроолгүй сав гэдэг нь тов тодорхой болов. “Баригдсан” нь эрүүл мэндийн салбар болохоос бусад салбарууд ав адилхан, танагаа алдсан гэдэг нь бас тов тодорхой байна. Энд ЗГ-ийн алдаа байгаа ч ер нь бол төр засгийн хур гажгийн бодит үр дүн мөн. Ер нь бол идэж уух бол манай төр засгийн байж байгаа царай, эрх баригчдын “амьдрах арга” нь юм.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсны “маргаашаас” эхлээд ЗГ-ыг унагах ажил МАН дотор өрнөсөн юм. Гэхдээ хэсэг бусаг, саланги тасархай эсэргүүцлийн голомтууд байлаа. Годойсон залууг унагах шиг амархан юм байхгүй гэж мань аваргууд хуучнаараа боджээ. Гэхдээ тэд өөрсдөө ҮХНӨ хийж Ерөнхий сайдад “хязгааргүй” эрх мэдэл өгснөө “мартаж” орхижээ.

Залуу Ерөнхий сайд зүгээр суусангүй. Жинхэнэ хуйвалдагчдийн дундаас гарч ирсэн хүн чинь хуйвалдааныг үнэрлээд л мэддэг юм байгаа биз дээ…

Хамгийн эхлээд Замын-Үүдийн гаалийг цэгцлэв. Учир нь тэнд том авилгын гол гарц, сүлжээ байдаг. Май Та нар, бага шиг давар. Их солиороод байвал сүлжээг чинь ухна шүү…

Дараа нь Авилгатай тэмцэх комисс байгуулав. Олон хүн шоолов. Гэвч энэ нь үнэн хэрэг дээрээ АТГ болон бусад газруудад олон жил дарагдсан баагийнуудын хавтаст хэргийг ЗГ-н комисс дээр татан авсан хэрэг байлаа. МАН-д гэмт хэрэг хийгээгүй баагий ховорхон. Авилгачдын бослого гаргах боломж, хүрээ үлэмж хумигдав. 

Гэсэн хэдий ч ЗГ-ийг унагах хуйвалдаан үргэлжилсээр. Хуучин аргаараа “сайд сугалах” гэж үзэв. Л.Оюун-Эрдэнэ өөрт олгосон эрх мэдлээ ашиглаж, ЗГ-аа нэг хэсэг хамгаалав. Гэвч ЗГ дотор нь бүтэл нь хазайсан баагийнууд хэд хэд байв. Үнэндээ бол одоогийн ЗГ-ыг цэвэр Л.Оюун-Эрдэнийн ЗГ гэж хэлэхэд түвэгтэй. Учир нь МАН-ын аль ч ЗГ МАН-ын бүлэглэлүүдийн тохиролцоогоор шахсан хүмүүсийн олонлигоос бүрддэг.

Хуйвалдаан үргэлжилж, нэлээд зохион байгуулалттай шинжтэй болов. Хамгийн их хор найруулж талчигнаж гүйсэн Д.Хаянхярваагаар туг тахив. Май Та нар, бослого гаргах гээд үзээрэй, бүгдээрээ Д.Хаянхярваа шиг болно шүү. Хуйвалдаанд оролцогсод чих нь бууж, сүр сүлд нь алга болов. Зарим нь гадаад руу зугтав…

Намын Их Хурлын нууц…

МАН дотроос “бослого” гарах бүх нүх сүвийг хаасны дараа Намын Их Хурлыг хуралдуулав. МАН Намын даргаа Л.Оюун-Эрдэнэд өгөхгүй уллан гэдийж байснаа “бууж өгөв”. “Намын дарга Ерөнхий сайд байна” гэж МАН-ын дүрэмд заасан байдаг болохоос “Ерөнхий сайд намын дарга байна” гэсэн ямар ч заалт байхгүй. Энэ нь МАН-ын Их Хурал хийж, шинэ намын дарга сонгоод Л.Оюун-Эрдэнийг унагах аюулыг дагуулж байсан юм. Одоо энэ аюул бүрэн арилав. Энэ дунд тоочоод барахгүй их тэмцэл, онигоо болсныг ярих ч юм биш…

Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” тунхаглаж, 6 сэргэлт зарлав. Энийг бүгдээрээ мэдэж байгаа учраас надад нэмж ярих зүйлгүй. Ямар ч гэсэн Л.Оюун-Эрдэнийн илтгэл болон дэвшүүлсэн зорилтод “цэвэр” эдийн засгийн талаасаа буруу зөрүү зүйл байхгүй, бас ямар ч алдаа байхгүй, өөрөөр хэлбэл онцгой их өө сэвгүй гэсэн үг…

Харин цаашид анхаарч санаа зовоох нэг л том асуудал байгаа. Энэ бол хэрэгжих эсэх тухай асуудал юм. Ардчиллын 30 жилд 7 удаа “шинэчлэгдэж”, 5 удаа ланжгар тунхаг гаргаад бүгдээрэнг нь нурааж дампууруулсан МАН-д итгэх ямар ч үндэслэл байхгүй…

Гэвч сайтар бодоод байвал маш их зүйл өөрчлөгдсөн байна. Ухаандаа МАН-д үе солигдож, шинэ залуу үе гарч ирж байна. Цаашид дампуу хэвээрээ яваад байх бүх боломж шавхагдсан байна. Системийн хэмжээний ямар нэг өөрчлөлт хийхгүй бол яагаад ч бүтэхгүй гэдэг нь тов тодорхой байна. Энийг дээрээ ч, дороо ч ойлгож байгаа гэж бодож байна…

Сая МАН-ын Их Хуралд тавьсан Л.Оюун-Эрдэнийн илтгэл бол Ерөнхий сайдын илтгэл болохоос намын даргын илтгэл биш юм. Өөрөөр хэлбэл тэр улс төрийн асуудлыг огт хөндсөнгүй. Уг нь улс төр бол намын гол ажил шүү дээ. Яагаад ?!

МАН бол нэг Ерөнхий сайд, тэр тусмаа залуу Ерөнхий сайд гарч ирээд нэг сайхан нартай өдөр ланжгар илтгэл тавьж зад шүүмжлээд, өргөс авсан мэт өө сэвгүй болоод, хар аяндаа өөрөө цэвэршээд явчихдаг сул дорой сүлжээ биш юм. Үүний тулд нэлээд олон жилийн шаргуу хөдөлмөр, эр зориг, хатуу тэмцэл өрнүүлэх шаардлагатай…

Л.Оюун-Эрдэнийн жаргал зовлон

Л.Оюун-Эрдэнэ сэргэлтийн бодлого тунхагласнаар зорилтоо зөв тодорхойлов. Мөн МАН-ын дарга болсноор гол саад бэрхшээл арилж, хүссэнээ хийх өргөн боломж нээгдэв. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч: “Надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж гарч ирж байна” гэж дүгнэж байна. Энэ үнэн л дээ…

Л.Оюун-Эрдэнэ ЕС болсноор 2 том өөрчлөлт гарсан юм. Нэг. ҮХНӨ-ийн дагуу маш их эрх мэдэл төвлөрч ирсэн. Хоёр. Цар тахал гарч, эдийн засаг хумигдсаны улмаас “гар удирдлагад” шилжсэн. Үүнийг МАН доторхи зарим эсэргүүцэгчид: “эрх мэдэл нэг хүний гарт хэт төвлөрлөө”, “дарангуйлал эхэлж байна”, “ЗГ дураараа дургиж байна”, “УИХ-ыг тоохгүй байна” гэж шүүмжилж байгаа.

МАН-ынхан ингэж орилох байсан юм бол ямар үхснээ хийж ҮХНӨ-өөр ЕС-д их эрх мэдэл өгөх гэж зүтгэсэн юм ?! ЗГ-т их эрх мэдлийг ард түмэн өгөөгүй, МАН-ынхан өөрсдөө ҮХ-д өөрчлөлт оруулж байж өгсөн. Үүнийг хохь чинь гэдгийм. Одоо Та нар дарангуйлал гэж орилох ямар ч эрхгүй. Тэгж их яримаар байгаа бол Д.Лүндээжанцан, Г.Занданшатар 2-тойгоо ярь…

Нөгөө талаасаа Монголын нийгэмд ус агаар мэт дутагдаж байгаа зүйл бол сахилга бат, хариуцлага, зохион байгуулалт юм. Эдгээрийг авилгатай тэмцэж байж бий болгодог. Үүнийг ярихаар дарангуйлал гэж орилж болохгүй л дээ. Үнэндээ бол манай нийгэм бол хөлөөрөө толгой хийсэн, ямар ч сахилга хариуцлагагүй, зөвхөн хүний эрх нэхсэн дур дураараа хүмүүсийн эмх замбараагүй бөөгнөрөл мөн. Хэрэв би лалын террорист байсан бол Монгол Улсыг гав ганцаараа ядах юмгүй сөнөөж чадна. Нээрээ шүү…

Одоо Л.Оюун-Эрдэнийн өмнө нэг л том саад байгаа. Энэ бол МАН, бүр тодруулбал МАН-ын хууччуул, ажлын үхээнц арга барил, төр болон намын боловсон хүчин сонгох, дэвшүүлэх хуйвалдаан, тохиролцооны арга, “ёс заншил” юм. МАН-ыг шинэчлээгүй цагт, түүний бохирыг цэвэрлэж, шинэ агаар оруулахгүй цагт Монгол Улсад ямар ч шинэчлэл дэвшил хөгжил болохгүй.

Ингэж ярихад амархан ч хэрэгжүүлэхэд туйлын хүнд. УИХ-ын болон орон нутгийн сонгууль, улмаар ялалт авчирсан МАН-ын системт сүлжээг шууд эвдэх, оронд нь өөр дэвшилтэт систем санал болгоогүй тохиолдолд нураахад нэн хүнд. Ингэвэл хуучин хэвээрээ, хууччуултайгаа хамт явна гэсэн хэрэг бөгөөд энэ зам мухардмал бөгөөд явцгүй. Харин үүний эсрэгээр эрх мэдэл болон таатай нөхцлийг ашиглан ашиглан зоримог бөгөөд эрс шийдэмгий үйлдэл хийх зам бий. Энэ 2 замын алинаар явах нь Л.Оюун-Эрдэнийн сонголт юм. Өөрөөр хэлбэл МАН-ын ХХХ Их Хурал эдийн засгийн зорилго тодорхойлсноос өөр юу ч шийдээгүй, харин ч “бүх юм” одоо л эхэлж байна.  

Энэ шийдэл хоёрхон сонголттой. Эсвэл МАН-ын хууччуулд бууж өгөөд хуучнаараа явах, эсвэл МАН-ыг болон улс төрийн намын системийг бүхэлд нь шинэчлэх замаар зорьсноо хэрэгжүүлэх…

Хугацаа ердөө 3 жил, нарийн яривал 2 жил хагас. Энэ хугацаанд шийдэж чадвал О.Оюун-Эрдэнэ ардын баатар, үндэсний удирдагч болж түүхэнд үлдэнэ, чадахгүй бол 2024 онд намтайгаа юутай хээтэйгээ үсгүй арчуулна. Ямар ч гэсэн Л.Оюун-Эрдэнэ дээр монголын ард түмний бүхий л итгэл найдвар төвлөрч ирэв.  

Авилгатай хийх тэмцэл энэхүү шинэчлэлийн эхлэл болох бүрэн боломжтой. Гэхдээ “авилгын индекс” яриад юу ч бүтэхгүй. Аливаа тэмцэл тов тодорхой байж амжилтад хүрдэг. Миний байр суурь ч тов тодорхой. Л.Оюун-Эрдэнэ зоригловол дэмжинэ, хулчийвал тэмцэнэ, эсэргүүцнэ. Манай ард түмэн ч бас адилхан ингэнэ гэдгийг би сайн мэдэж байна…    

Саяхан Барууны судлаачид В.Путины амжилт олоод байдгийн шалтгааныг олжээ. Тэр нь маш амархан, В.Путин эрсдэл хийхээс айдаггүй аж. Ухаалаг эрсдэл гэж бий л дээ. Би Л.Оюун-Эрдэнээс “эрсдлээс бүх ай” гэж зөвлөмөөр байна. Залуу хүн чинь туушиндаад л гардаг байхгүй юу…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2021 оны 12 дугаар сарын 08.

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

2 Responses to ТҮҮХЭН ИХ ХУРАЛ  УУ, ТҮҮХЭН ЭГЗЭГ ҮҮ ?

  1. Anonymous says:

    Эрсдэл хийхгүй, түүнээс айх юм бол хэзээ ч ялалтын хундага өргөхгүй… гэдэг дээ

  2. nyamaa says:

    Нам болон засагт байгаа боловсон хүчнээ шинчлэхгүй бол ямар ч намын болон улс төрийн шинэчлэл яриад хэрэггүй байх, өнгөрсөн жилүүдэд дээгүүр албан тушаалтанг Монголчууд яриад байдаг болохоос дундаж түвшиний удирдлагуудаас улс гүрний хөгжил хамааралтайг яридаггүй. Иймээс алс ирээдүйд бүх шатны дундаж түвшний удирдлагуудаа сайжруулах, улсаа бодсон хүмүүсийг томилох хэрэгтэй. Ер нь бол эрх мэдэл төвлөрнө гэдэг бол ухаалаг удирдагчтай байвал хөгжинө, дундаж удирдлагатай бол нэг хэвэндээ, эргүү тэнэг юм нь гараал ирвэл улсаараа дампуурна л гэсэн үг. Тиймээс нам нь өөрөө зөвхөн улсаа гэсэн бодолтой чадварлаг хүн гаргаж ирэх чадамжтай болтол Монголд тохирохгүй юм шиг ээ. Нам доторх тэмцэл нь өөрөө Монголын эрх ашгийн төлөө байгаасаа л гэж бодож байна. Ер нь бол маш гэнэн цайлган сэтгэлтэй ард түмнийг сайхан амьдруучихаасай л гэж найдаж байна. Млнгол болохоо байвал гэр бүлээ аваад гадагшаа явчихнаишэсэн бодолтой нөхдүүд Монголын минь төрөөс хол байг аа. Ковид цагаантнууд бол цагаантнууд гэдгийг тод томоор харуулж өгч байна шүү. Ирээдүй хэдийгээр даяарших нь тодорхойч тэр дунд хэн нь том тоглогч байхаас их шалтгаална. Хоёр цэргийн том гүрэн дунд байгаа энх тайван цагаа ашиглаад өсрөнгүй хөгжих боломжийг болон ирээдүйн нялх үрсээ сайн сайнхан амьдруулах боломжоос битгийн өөрсдийн шунаг сэтгэлээс болоод татгалзаарай гэж аминчлан нам, төр засгынхнаас хүсэе ээ
    Танд баярлалаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: