ШИНЭ СЭРГЭЛТИЙГ ХААНААС ЭХЛЭХ ВЭ…

Шинэ жил өнгөрөөд хэд хоносон учраас манайхан эрхбиш “ухаан орж” байгаа гэж найдана. Сүүлийн нэг жилийн дотор монголын улс төр “тэг зогсолт” хийж, аажмаар анир чимээгүй болов. Улс төрийн олон ургальч үзэл, олон намт тогтолцоо, иргэний нийгэм оргүй алга болж, түүнийг нь МАН ганцаараа орлож “төлөөлөх” болов. Монголын улс төрийг “ойлгох” хүнгүй болж, сонирхох хүн ч цөөрөв. Энэ нь зүй тогтол уу, эсвэл ямар нэг гажиг алдаа юу ?! Энэ бол нэгэн зэрэг онолын ч, практикийн ч асуудал юм. Үүнийг хэрхэн тайлбарлаж, хэрхэн шийдэл олж, хэрхэн алдаа гажгаа засахаас бидний хувь заяа хамаарна. Бид ямар байдалд орсон, хаашаа яваад байна гэдгийг тайлбарлахыг хичээе…

Нийгмийн улс төрийн систем гэж байдаг, тэр нь: 1. Төр, 2. Эрх баригч нам, 3.  Сөрөг нам, 4. Үйлдвэрчний эвлэл, 5. Төрийн бус байгууллага, 6. Иргэний хөдөлгөөн, 7. Нийтийн мэдээллийн хэрэгслээс бүрдэх ба эдгээр нь зөрчилдөж, зохицож, хамтдаа ажиллаж байвал ардчилсан нийгэм байх суурь нөхцөл болно. Үүнийг дурын сурах бичгээс олж үзэж болно.            

Эдгээрийг нэг нэгээр нь авч үзвэл бүр ч ойлгомжтой. Ойлгомжтой ч гэж дээ, Та бидний нүдний өмнө болж буй үзэгдэл шүү дээ…

Нэг. Иргэний хөдөлгөөнүүд. 2000-аад оны эхэн үеийн иргэний хөдөлгөөний хурц дайчин, эрэлхэг зоригтой тэмцлийн үе түүх болон үлдэв.Ж, Батзандан, О.Магнай, Г.Баасан, Г.Уянга, С.Ганбаатар нарын идэвхитэй, дайчин хурц тэмцлийн үе өнгөрч түүний оронд сул дорой, үхээнц, савангийн хөөс шиг хоосон зүйлс үлдэв. Жишээ нь: Утааны эсрэг хөдөлгөөн. Өөрөөр хэлбэл Монголд иргэний хөдөлгөөн бүрэн устав.

Хоёр. Төрийн бус байгууллагууд. 2000-аад оны эхэн үед “үй түмээрээ” байгуулагдаж байсан төрийн бус байгууллагуудын олонхи эдүгээ цаасан дээр л үлдсэн бөгөөд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нь өдрийн од шиг. 2020 оны байдлаар манайд 11 мянган төрийн бус байгууллага бүртгэлтэй ажиллаж байна. Мөн олон улсын болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газрууд 78 ажиллаж байна. Харин энэхүү гадаадын ТББ-ууд “тун тогтвортой” ажиллаж байгаа. Манай ТББ-ын систем бүрэн эвдэрч, түүнийг гадаадын болон гадаад санхүүжилттэй ТББ-ууд орлох болжээ.        

Гурав. Үйлдвэрчний эвлэл. Энийг бол ярих ч юм биш.Монголд ҮЭ устаад олон жил болж байна.Яахав,салбарын цалин нэмэх мэтийн асуудалд дээр ганц нэг үзэгдэнэ. Уг нь ҮЭ-д цалин нэмэхийг шаардахаас гадна хөдөлмөрийн нөхцөл сайжруулах, хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг маш олон ажил бий л дээ. Иймээс Монголд ҮЭ байхгүй гэж дүгнэж бүрнээ болно.

Дөрөв. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд. Одоо манайд ХМХ 434 ажиллаж байна. Эдгээрийн 78%-ийг компани, хувь хүн эзэмшиж байна. Мөн 100 гаруй мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна. Эдгээрт ХМХ-д 4500 орчим хүн ажиллаж байгаагаас тал нь сурвалжлагч, сэтгүүлч, редактор байна.

Би ч юм уу, Та ч юмуу ХМХ өмчлөөд ажиллуулна гэж хорвоод байхгүй. Бид бол их л сайндаа нийгмийн сүлжээгээр уур бухимдлаа гаргана. Нийгмийн сүлжээг ч гэсэн эрх баригчдын хөлсний бичээчид дүүргэдэг болсноос гадна маш хатуу хяналтад орсон. Монголын бараг бүх ХМХ эрх баригчдын мэдэлд байсан ба одоо бол тэдний бүрэн хяналтад ороод байна. Өөрөөр хэлбэл Монголд чөлөөт ХМХ бараг байхгүй буюу ор нэрийн төдий. 

Тав. Улс төрийн сөрөг намууд. Манай Дээд Шүүхэнд бүртгэлтэй улс төрийн 31 нам буй. Гэхдээ энэ бол цаасан дээр байгаа бүртгэл юм. Харин бодит байдал дээр бол “амьд нам” 1 ш, “зохиомол нам“ 1 ш, “үхсэн нам” 29 ш байна. Бид нар л эрх баригч 2 том намыг загнаад байдаг болохоос жижиг намуудыг огтхон ч тоодоггүй. Үнэндээ бол тоогоод байхаар нам ганц ч байхгүй. Манай жижиг намууд шиг ардчилсан бус, үхээнц, царцанги зүйл дэлхийд ховорхон.

20-30 жил ганц ч хурал хийгээгүй, “мөнхийн” ганц даргатай, түүнийгээ огт сольдоггүй, улс төрийн үнэлэлт дүгнэлт хийдэггүй, үйл ажиллагаа явуулдаггүй, мөн чанараараа улс төрийн янхан болж хувирсан үхээнц байгууллагуудыг улс төрийн нам гэж нэрлэхэд ч хэцүү.

Сөрөг хүчний үүргийг биелүүлэх найдвартай гэгдэж байсан АН бүрэн сүйрэлд оров. АН-ын сүйрлийг  бүгдээрээ мэдэж байхад би нэмж тайлбарлах ямар ч шаардлага алга. АН сэргэх найдлага тун бага.

Иймээс Монголд улс төрийн олон намын систем бүрэн утгаараа устав. Тэр ч байтугай улс төрийн шинэ нам төрөн гарах бүх нүх сүвийг хаасан. Үүний тод жишээ нь Ц.Оюунгэрэлийн “Иргэний оролцооны нэгдэл” намыг Дээд Шүүх бүртгээгүй явдал. Энэ нь МАН-ын, тодруулбал хорт могой, зальт үнэг Д.Лүндээжанцангийн хийсэн “ажил” мөн.

Ийм нөхцөлд ардчилал оршин тогтнох ямар ч боломжгүй. Ингээд нийгмийн улс төрийн системийг бүрдүүлэгч элементүүдээс 1. Иргэний хөдөлгөөн, 2. ТББ, 3. ҮЭ, 4. ХМХ, 5. Улс төрийн сөрөг намуудыг “хасахаар” чинь Монголд төр, эрх баригч нам гэсэн 2 “юм” үлдэх бөгөөд үнэндээ бол “нэг юм” буюу МАН ганцаараа торойгоод үлдэж байна. Энэ нь ямар ч утгаар улс төрийн ардчилсан систем биш юм. Монгол дахь ардчилал уг сууриараа буруудаж, гаж тогтолцоо болон хувирсан гэдэг нь эндээс тод харагдаж байна. 

Олигархийн төмөр хууль хийгээд Роберт Михельсийн онол  

Ардчилал байгуулж байна гэж 30 жил орилоод эцэст нь ганц намтай үлддэг, олон ургальч үзэл гээд адаг сүүлд нь ганц социал-демократ үзэлтэй хоцорсон энэ үзэгдэл зүй тогтол уу, аль эсвэл гаж үзэгдэл үү ? Үүнийг тайлбарлах онол ном бий юу ? Байлгүй яахав дээ. Либерал сурах бичиг, суртал нэвтрүүлэг хоёроор үзэл суртал хийж, өөр юу ч үзэхгүй байгаа болохоор мэдэхгүй байгаа юм. Жишээ болгож, нэг онолыг маш товч үзье.         

Германы социологич Роберт Михельс (1876-1936) гэж нэгэн эрдэмтэн 1911 онд “Орчин үеийн ардчиллын нөхцөл дэх улс төрийн намын социологи” ном бичсэн юм. Энэ номондоо Р.Михельс “олигархийн төмөр хууль” гэдгийг нээсэн бөгөөд энэ хуулийн агуулга нь “олон түмний шууд ноёрхол техникийн хувьд боломжгүй, иймээс дурын дэглэм сонгогдсон цөөнх буюу олигархийн засгийг төрүүлдэг” гэж нотлосон юм.     

Р.Михельсийн нээсэн “олигархийн төмөр хууль” элитийн онолын нэгэн зарчим болж тогтсон юм. Нийгмийн байгууллагын дурын хэлбэр анхдагч ардчилсан буюу автократ байсан эсэхээсээ үл хамааран цөөнхийн засаглал буюу олигархийн засаглалыг төрүүлдэг.

Михельс өөрөө социалист үзэлтэй хүн байсан бөгөөд Европын либерал болон социалист намууд улс төрийн амьдрал дахь олон түмний өргөн оролцоог дэмжих уриа лоозонгоо үл харгалзан бодит байдал дээрээ цөөн хэдхэн “удирдагчдаасаа” хамаарах болж, энэ хэрээрээ консерватив нам болоод байгааг анхааран судалжээ. Ингээд Р.Михельс олигархи руу тэмүүлэх нь нийгмийн байгууллагуудын уг мөн чанарт байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. “Бид “байгууллага” гэж ярихдаа “олигархийг” ярьдаг” гэж Р.Михельс дүгнэсэн.               

Олигархийн төмөр хууль оршихуйн шалтгааныг Р.Михельс: лидертэй байх бодит шаардлага, лидерүүдийн өөрийн хувийн ашиг сонирхлыг гол болгох эрмэлзэл,, олон түмэн лидерүүдэд итгэдэг, олон түмэн нийтдээ идэвхигүй байдаг гэж үзсэн.         

Энэхүү олигархийн төмөр хуулиас хүмүүсийн аливаа том нийтлэгт ардчилсан удирдлага байх боломжгүй гэсэн дүгнэлт гарна. Улмаар байгууллага хэчнээн том байх тутам ардчиллын элементүүд тэр хэрээр багасч, олигархийн элементүүд их болно гэж дүгнэлт гарна.         

Нэгэнт ийм дүгнэлт хийсэн учраас Р.Михельс социализмаас татгалзан фашист Муссолинийг талархан дэмжих болсон юм. Түүний энэ сонголтыг “тэнэглэл” гэх буюу онолыг нь “буруу” гэж үзэж болохгүй.

Р.Михельсийн гаргасан олигархи төлөвших үе шатууд өнөөгийн манай байдалтай олон талаар дүйцдэг:   

  1. Удирдлага бий болно.
  2. Мэргэжлийн удирдлага бий болно.
  3. Бюрократ (хүнд суртал) төлөвшинө.
  4. Эрх мэдэл төвлөрнө.
  5. Эцсийн зорилтоос цаг үеийн (урсгал) зорилт руу баримжаална.
  6. Үзэл суртлын дэглэм хүчирхэгжинэ.
  7. Удирдагчид болон нийгмийн ашиг сонирхол хийгээд тэдний үзэл санааны байр суурь улам их ялгаатай болно.
  8. Шийдвэр гаргахад нийгэм болон намын гишүүдийн үүрэг роль багасна.
  9. Оршин буй олигархийн эгнээнд сөрөг намын лидерүүдээс шилж (кооптация) оруулна.   
  10. Намууд бүх сонгогчдын дэмжлэгэд баримжаална.

Р.Михельсийн дурдсан энэ 10 үе шатыг манай бодит байдалтай холбон эрэгцүүлээд үзвэл манайд болж буй олон үзэгдэлтэй яв цав нийцэх бөгөөд Та маш олон зүйлийг ойлгох болно. Р.Михельсээс хойш маш олон эрдэмтэн судалгаа хийж, шинэ шинэ зүй тогтол олныг олсон.

Жишээлбэл, Кристофер Хейз мерикратын төмөр хуулийг нээсэн. Энэ нь мерикрат системийн бий болгосон тэгш бус байдал нь мерикрат “лифт”-ийг гацаадаг гэдгийг тогтоосон. Манай нам төрийн боловсон хүчний систем яг ийм гацаанд орж ажиллах чадваргүй болсон.

Жерри Пурнель бюрократын төмөр хуулийг нээсэн. Энэ нь дурын бюрократ системд яг бюрократын төлөө ажиллаж буй хүмүүс эрх мэдэл авдаг гэдгийг нотолдог. Бюрократын төлөө ажиллаж, түүний даалгаврыг биелүүлдэг тэр хүмүүс улам бүр бага ажил хийдэг болдог.

Жишээ авъя: Боловсролын салбарт хүүхдийг сургадаг багш нар ажилладаг. Бас багш нарын эрх ашгийг хамгаалдаг ҮЭ болон төрийн бус байгууллагууд ажилладаг. Ж.Пурнелийн төмөр хуулиар эрх мэдлийг багш нар биш, харин эдгээр “төлөөний” байгууллагууд “булаан авч” дүрэм журам тогтоож ноёрхдог. Манайд ч гэсэн жишээлбэл, эмч нар, багш нарын гэх мэт аль нэг салбарын эрх ашгийг хамгаалдаг ТББ-ууд “үй түм” боловч жинхэнэ хамгаалдаг нь маш цөөн. Гэвч энэхүү “хамгаалах” эрх мэдлийг зөвхөн эдгээр байгууллагууд л “төлөөлж” эдэлдэг. Ж.Пурнель энэ үзэгдлийг экстратив институтын гаж тойрог гэж нэрлэсэн.

Дарон Ажемоглу, Жеймс Робинсон нар “Яагаад зарим орнууд баян, зарим орнууд ядуу байдаг тухай” алдарт бүтээлдээ “олигархийн төмөр хууль”-ийг гаж тойргийн хамгийн хүнд хэлбэр гэж үзсэн бөгөөд энэ үед экстратив институтууд цаг өнгөрөх тутам улам хүчтэй болдог гэдгийг дурдсан. Энэ үзэгдэл эрх баригч элит солигдсоноор алга болдоггүй, сулардаггүй, харин ч улам хүчтэй болдог гэдгийг тогтоосон.

Одоо бүх зүйл ойлгомжтой. Манайд олигархийн төмөр хууль үйлчилж, улам хүчтэй болж байна. Гэхдээ эрх мэдлийг хэт төвлөрүүлэх нь тодорхой цэгт хүрээд эвдрэлд орж, олигархийн систем өөрөө нурдаг. Одоо ч манай олигархуудын дунд илт мэдэгдэм ан цав харагдаж байгаа ба энэ томроод байхаас биш, багасна гэж ёстой байхгүй. Энэ ч гэсэн өөрөө хатуу зүй тогтол, хууль юм.        

“Олигархуудад хоёр төрлийн хэрүүл тэмцэл буй: олигархууд өөр хоорондоо уралцан хэмлэлддэг, мөн олигархууд ард түмэнтэй таардаггүй. Ардчиллын үед ард түмэн олигархийн эсрэг үймээн гаргадаг, учир нь ард түмэн өөрийнхөө эсрэг босдоггүй.”  Энэ үгийг орчин үеийн хэн нэг эрдэмтэн хэлсэн гэж бодож байвал Та тун их эндүүрч байна. Үүнийг эдүгээгээс 2400 жилийн өмнө Аристотель “Политика” бүтээлдээ хэлсэн юм. Түүнээс хойш юу ч өөрчлөгдөөгүй учраас энэ хуулийг Та цээжлээд авсан нь дээр…             

Эрх чөлөөнөөс зугтахуй хийгээд Эрих Фромм

Төр засаг нь илт тодорхой хулгай дээрэм хийж, авилгад автагдаж, худал хэлж хууран мэхэлж байхад ард түмэн яагаад босдоггүй юм, яагаад нэгдэн тэмцэж чаддаггүй юм ? гэсэн асуулт аяндаа гарна. Эндээс Монголын хөндий толгойтой “сэхээтнүүд” хялбархан дүгнэлт хийдэг бөгөөд түүнийг  томъёолбол: “Монголчууд угаасаа тэнэг, юу ч ойлгодоггүй, үхээнц, дорой, идэвхигүй, тэмцэлд нэгдэн нийлэх чадваргүй, зохион байгуулалт байхгүй” гэсэн утгатай. Улмаар монголын ард түмний төлөө зүтгэх утгагүй гэсэн лут дүгнэлт хийдэг. Энэ үнэн үү ?! Тодорхой утгаар үнэн. Заримдаа би хүртэл уураа хүрсэн үед ингээд хэлчихдэг.

Харин ард түмэн яагаад, ямар нөхцөлд ийм арчаагүй байдалд ордог вэ ?, үүнийг тайлбарлах онол ном байгаа юу гэж асуух хэн ч байдаггүй. Байлгүй яахав дээ. Ингээд удаах онол эрх чөлөөнөөс зугтахуй онол…                        

Эрих Зелигман Фромм (1900-1980) бол германы социологич, философич, нийгмийн психологич, психоаналитик эрдэмтэн бөгөөд неофрейдизм, фрейдомарксизмыг үндэслэгчийн нэг болно.      

Эрих Фромм 1941 онд “Эрх чөлөөнөөс зугтахуй” ном бичсэн нь түүнийг алдартай эрдэмтэн болгожээ. Эрих Фромм Германд фашистууд засгийн эрхэнд гарсан нийгэм-сэтгэл зүйн нөхцлийг судлан үзсэнээр эрх чөлөөнөөс зугтахуй үзэгдлийг нээжээ. Эл ном дэлхийд маш их алдаршиж, Эрих Фроммыг Франкфуртын сургуулийн нэрт төлөөлөгчийн нэг болгосон юм.

Хүнийг эрх чөлөөнөөсөө зугтахад хүргэдэг шалтгаан нь өөртөө итгэлгүй, түгшүүртэй, хүнийссэн мэдрэмж байдаг бөгөөд үүний улмаас хүн өөрийн хувь шинжээс татгалзаж, аварга том механизмын нэг хэсэг болж, нийгмийн дарамтын дор шийдвэр гаргадаг. Хувь хүнийг дарамталдаг нийгэмд хүн бүрэн дүүрэн хувь хүн болж хөгжих боломж хумигддаг. 

Н.Фромм эрх чөлөөнөөс зугтах 3 механизмыг нэрлэсэн: 1. Авторитаризм, 2. Хувь хүний эвдрэл буюу  деструктивность, 3. Автомат болохын тав тух.

Хүмүүс нэг талаасаа “бага ч гэсэн итгэл найдвар төрүүлж буй хүчинд автагдахыг эрмэлзэх”, нөгөө талаасаа “сул дорой хэн нэгний дээр гарахыг хичээх” зөрчилт байдалд ордог. Улмаар нийгмийн ямар нэгэн хүчний (манай тохиолдолд МАН-ын) нөлөө, хяналтын дор бодож санах юмгүй автомат шиг амьдрах нь тухайн хүнд сэтгэл зүйн тав тух бий болгодог. Ухаандаа сонгуулийг “шударга болгох” гэж үйлээ үзэн тэмцэж байхын оронд өгсөн мөнгийг нь авчихаад оноосон хүнийг нь сонгочихоод сууж байвал бие болон сэтгэлд хамаагүй хялбар байх нь мэдээж. Гэхдээ энэ тав тух удаан үйлчилдэггүй. Э.Фроммын энэ онол психоаналитик философийн хөгжилд шинэ шат болсон бөгөөд түүнийг одоо ч гэсэн өргөн ашигладаг.

Товчоор хэлбэл нийгэм гүн гүнзгий хямралд орж, нийгэм атомжин, нийгмийн задрал болж, хүмүүс бие биенээсээ тусгаарлагдаж, хэт аминч үзэлд автагдан, хүний үзэл санаа, үнэт зүйлийн баримжаа алдагдаж, хувь хүний эрх чөлөөт үйлдлийн боломж үлэмж хумигдсан нөхцөлд хүмүүс эрх чөлөөнөөсөө зугтдаг. Манайд яг одоо ийм үзэгдэл болж байна…            

Тэгээд яах ёстой гэж…

Эрх мэдэл олигархийн мэдэлд төвлөрөх, хүмүүс эрх чөлөөнөөсөө зугтах бодит үзэгдэл У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ 3-аас болоогүй гэдгийг онцлон дурдаж байна. Эл үзэгдэл аль эрт 2000 оны хавьцаа Н.Энхбаярын үеэс эхэлж одоо болтол хуралдан бөөгнөрч, хуримтлагдаж явсаар эдүгээ төгсгөлийн нуралтын шатандаа ороод байна. Энэ талаар би болон бусад олон хүн үглэн дуулж “үй түмэн” юм бичсэн нь одоо ч байгаа. Харин мань гурав энэ лайтай нуралтын эцсийн шатанд буюу хамгийн эгзэгтэй үед засгийн эрх мэдлийг барьж байна.

Хариулт бол эсрэг тэсрэг. МАН болохоор хурлаа хийсэн, үзэл баримтлал, намын дүрмээ өөрчилсөн, зорилтоо тодорхойлсон, одоо хүний эрхийг “жаахан” хангаад, авилгатай “бага зэрэг” тэмцээд, хариуцлага “хатуу” тооцоод байвал болно, бүтнэ гэж хэлж байгаа.

Харин би бол дэлхий дахинаа мухардалд орсон социал-демократ үзэл авсан ганц намтай, тэр намд нь эрх мэдэл цөөн хүний гарт хэт төвлөрч, авилгад идэгдэж, мэдлэг чадваргүй боловсон хүчнээр пиг дүүрсэн нөхцөлд амжилт олох нь байтугай “зүгээр ажил” хийх ч боломжгүй гэж дүгнэж байна.

Нөгөө талаас өнөөгийн удирдагчид ОТ болон бусад ордоос орж ирэх орлогыг тооцоолон, түүнд найдан, түүндээ үндэслэн зоригтой, өөдрөг амлалтууд өгч байгаа нь илт байна. Монголын байгалийн баялгийг хүн амдаа тараадаг “өвлийн өвгөн” болно гэж бодож байвал тун их эндүүрэл. МАН-д бугшсан олигархууд идэж уухаа болино гэж байхгүй учраас ямар ч хуваарилалт шударга болохгүй, мөн олигархуудын өрсөлдөөн тэмцэл хэзээ ч намжихгүй.        

Эхлээд нийгэмд олон ургальч үзэл, олон намт тогтолцоо нурсан бол одоо МАН дотор сөрөг үзэл бодол, шүүмжлэл байхгүй болж байгаа нь илт байна. Энэ чинь тэр чигээрээ аюул шүү дээ.

МАН-ыг хэн ч сөрөн зогсохгүй, хэн ч шүүмжлэхгүй, саад болох хэн ч байхгүй болсон нь эрх баригчдад “тун таатай” байж болох авч ийм гаж байдал удаан үргэлжлэхгүй, гарцаагүй нуралтад хүргэдэг жамтай.

Гэтэл МАН хүний эрхээс эхэлж хийнэ гэж зүтгэж байгаа нь шууд хэлэхэд тэнэглэл мөн. Дашрамд дурдахад хүний эрхээр дагнан их хурал хийдэг нам гэж дэлхийд байхгүй.

Өнөөгийн манай нөхцөл байдал бол системийн нуралтын бифуркаци буюу “доод салааллын цэг” дээр ирээд байна. Энэ үед тодорхой арга хэмжээ авч, түүнээс гарч аврагдаж болно, ингэж чадахгүй бол системээрээ сүйрнэ. Аврагдахын тулд МАН-аас эхэлж засах, цэвэрлэх, янзлах замаар эвдэрч сүйрсэн улс төрийн системээ сэргээн тогтоохоос эхлэх ёстой.

Харин энийг хийх эсэх нь У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан 4-өөс шууд хамаарна. Дашрамд дурдахад Д.Амарбаясгалан “онолдохоо” жаахан багасгаад ажлаа эхэлж, Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийнхаа хажуугаар аливаа шинэчлэлийн гол саад болсон МАН-аа илүү анхаарсан нь дээр бөгөөд өлзийтэй.

Хэрэв шинэчлэлийг МАН-аас эхлэхгүй бол ямар ч сайхан хүсэл, зөв зорилготой байгаад Монголд шинэчлэл эхлэх боломжгүй. Учир нь эдүгээ Монголын улс төрийн бүх зөрчил, өрсөлдөөн, тэмцэл зөвхөн МАН дотор байгаа, ганцхан МАН дотор явагдаж байгаа…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2022 оны 01 дүгээр сарын 03.            

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: