АЛДАЖ БОЛОХГҮЙ АЗНЫ БОЛОМЖУУД

Одоо Украины байлдаанаас гарч, өөрийнхөө асуудлыг ярих цаг болсон. Одоо бол Украин ялах тухай ярих юм юу ч байхгүй. Яахав, глобал мөргөлдөөний дараа дэлхийн хүчний харьцаа, хандлага ямар байх тухай ярьж болох л байх. Харин энэ сөргөлдөөн манай нөхцөл байдалд сайн муу ямар өөрчлөлт авчрахыг ярьсан нь дээр. Ямар ч гэсэн манайд эхний удаад 2 том боломж гарч ирэв.  

Удаан хүлээсэн хийн хоолой

Украины мөргөлдөөн эхэлснээр геополитикийн хэрүүлийн гол сэдэв, гол шалтгаан болоод байсан “Северный поток-2” будаа болов. Ингэснээр оросууд хийгээ Европ руу нийлүүлэх нэмэлт боломж хаагдав. Яваандаа “Северный поток-2” нээгдэх нь нээгдэх л байх, гэхдээ ч мөддөө бүтэхгүй.

Оросууд асар их хийгээ нэгэнт Европ руу шахаж чадахгүй болсон учир Ази руу эргэв. Ази ч гэж дээ, Хятад руу хийгээ шахах стратегийн шийдвэр гаргав. Энэ бол бидний удтал хүлээсэн Оросоор “Сила Сибирии-2”, монголоор “Дорнын Холбоо” хийн хоолой юм.

Оросууд Монголоор дамжуулж Хятад руу хийн хоолой тавихад дуртай байсан гэж санана уу ? Огт үгүй. Гол учир нь оросуудын Европ руу шахах хий өндөр үнэтэй, Хятад руу шахах хийх хямд байсанд оршино. Оросууд Дорнын хийн хоолойгоо тавих ч юм шиг, тавихгүй ч юм шиг байсаар 10 гаруй жил болж байна. Гэтэл Украины мөргөлдөөн дэгдэж, үүний улмаас  “Северный поток-2” хаагдав. Оросууд сандарч, “Дорнын Холбоо” хийн хоолойг хурдавчлан тавихаар шуудрав.

Орост 1000 млрд куб.метрийн нөөцтэй “Өмнөд Оросын” орд, 4900 млрд куб.метрийн нөөцтэй “Бонаненковскийн” аварга том 2 орд байдаг. Энэ ордоос цаашаа Европ руу “Северный поток-2” гарна, наашаа “Дорнын Холбоо” гарна. Ундарга нь нэг юм. Цаад тал нь хаагдахаар Оросууд тэр тоймгүй их хийгээ наашаа шахаж таарна. Энэ бол монголчуудын хувьд азтай завшаан, зол юм.

Гэтэл манай либералууд Орос болон Путиныг эсэргүүцэж сүйд болж байна. Хийн хоолойг эсэргүүцэгчид Баабар, Оюунгэрэл нараар толгойлуулан гарч ирэв. Бараг л хийн хоолойг хаах юм байх. Зарим нь бүр жагсаал цуглаан хийж ч байх шиг. Хуцаад байгаарай, тэнэг лаларуудаа…

Ийм сайхан боломж өдөр болгон заяагаад байдаггүй юм. Энэ сайхан завшааныг ашиглаж чадахгүй бол заяа нь хаяна гэдэг юм.

Засгийн нэлээд өндөр түвшинд “шал өөр” хэрүүл гарчээ. Энэ нь хийн хоолойноос Монгол салаалж хий авах эсэх тухай асуудал бөгөөд энийгээ Орост нөхцөл болгон тавих эсэх тухай аж. Ингээд монгол баагийнууд алаагүй баавгайн арьснаас болж хэрэлдээд эхэлж байна. Манай монголчууд шиг харилцахад зовлонтой баагийнууд дэлхийд ховорхон.  

Тэнэг туучийнууд минь, олон долоон юм донгосоод байлгүй эхлээд хоолойгоо бушуухан тавьчих. Дараа нь тэр салаалах эсэхээ ярина биз. Би инженер-технологийн нарийн ширийнийг сайн мэдэхгүй, гэхдээ хийн хоолой салаалах, хий авах эсэх бол амархан бөгөөд дараагийн асуудал гэж бодож байна.

Хятадын хөгжлийн галт тэрэг

Өнгөрсөн 2021.11.08-11-нд ХКН-ын YI Бүгд Хурал болж, “Намын зуун жилийн тэмцлийн үндсэн ололт хийгээд түүхэн туршлагын талаарх ХКН-ын ТХ-ны шийдвэр”, “ХКН-ын бүх хятадын ХХ их хурал хуралдуулах тухай” 2 ланжгар асуудал хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл 100 жилийн ажлаа дүгнэж, ирээдүйн стратегиа тодорхойлсон. Энэ үеэр Ши Цинпин 2 чухал санаа хэлсэн:

Нэг. Хятадын хөгжил бол бүх хүн төрөлхтний хувьд боломж юм.

Хоёр. Хятадын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг дэлхийн бүх улсуудад уриалж байна.

Энийг маш олон улс дэмжсэн. Мэдээж нэлээд олон улс дургүй байсан боловч “муухай байна”, “пөх пах” гэж хэн ч хэлээгүй. Түүнээс хойш энэ санаагаа Ши Цинпин 2 ч удаа хэлсэн. Өөрөөр хэлбэл Хятадын хөгжлийн “хурдан галт тэрэг” (экспресс-поезд) гэдгийг Л.Оюун-Эрдэнэ биш, Ши Цинпин анх хэлсэн.

Л.Оюун-Эрдэнэ Олимпийн үеэр Хятадад очихдоо “Хятадын хөгжлийн галт тэргэнд сууна” гээд хэлчихсэн чинь тэр дороо “хэрэгт орох” нь тэр. Энэ үгийг нялуундуу хэлсэн болохоос стратегийн хувьд ямар ч буруу зүйл байхгүй.

Энэ чинь Дархан-Сэлэнгэ, Сайншанд-Замын Үүд хүрдэг галт тэрэг биш, хөгжлийн стратегийн чиглэлийг зүйрлүүлсэн хэрэг. “Чи тэр муу Хятадын галт тэргэндээ суугаад далд ор”, “Монголыг Хятадад худалдав”, “Эх орноосоо урвасан”, өөр юу юу ч билээ…         

Үнэндээ бол Л.Оюун-Эрдэнэ Ханги-Мандалын төмөр зам барих талаар тохиролцсон юм билээ л дээ.

Ханги-Мандалын төмөр зам гэж юу вэ ? Энэ бол гол төмөр замаа Зүүнбаянгаас салаалан Ханги чиглэлээр манай хил хүрч, цаанаа Хятадын Мандал өртөөтэй холбосон 226 км төмөр зам юм. Хилийн цаана дэд бүтэц нь бэлэн байгаа гэж би ойлгосон.   

2022.02.22-нд ЗГ Зүүнбаян-Ханги чиглэлийн 226 км төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд концессын аргаар байгуулах шийдвэр гаргажээ. Үүнээс илүү сайн юм хаана байна ?

Манай Замын-Үүдийн байдал ямар новшийн байгааг бүгдээрээ мэднэ. Замын-Үүдэд ачаа гацаж зовлон удаж байгаагийн шалтгаан нь манай сахилга батгүй, зохион байгуулалтгүй, хариуцлагагүй, авилгад автсан новшийн байдал гэдэг нь тодорхой. Гэхдээ цаад суурь шалтгаан нь Замын-Үүдийн нэвтрүүлэх хүчин чадал ачааллаа даахгүй болоод 20 шахам жил болсон явдал юм. Одоо энэ ганц гарцыг салаалж байна.   

Ингэснээр манай нүүрс болон ашигт малтмалын гол хэсгийг Ханги-Мандалаар, бусад ачааг Замын-Үүдээр дамжуулна гэж бүдүүн тоймоор ойлгож болох байх. Улмаар нүүрсний экспортыг 40-60% нэмэгдүүлэх тооцоо гарчээ. Орос болон манай УБТЗ-д ч ашигтай, учир нь дамжин өнгөрүүлэх ачаа тээвэр 2 дахин нэмэгдэж, хоёр талдаа 20 сая тн-оор өсөх аж. Энэ шинэ зам Монгол, Орос, Хятад 3-т бүгдэд нь ашигтай байна.  

Улмаар Гашуунсухайтын төмөр замыг ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг холбох боломж нээгдэж байна. Яаж ч бодсон манайд ашигтай бүтээн байгуулалт болох нь тодорхой.

Гэтэл манайд “Хятадын колони болж үхэх гэж байна” гэсэн суртал нэвтрүүлэг өдөр тутам эрчимжиж байна. Сүүлдээ “дэлхийд Орос, Хятад, Монгол гэсэн 3 тэнэг үлдлээ” гэж хийрхэх болтлоо балайрч байна. Тэдний бодлоор “дэлхий нийт” гэдэг нь АНУ, ЕХ, тэдний холбоотнууд болох ба ОХУ, Хятад 2 “дэлхий нийтэд” орохгүй аж.   

Эдийн засгаараа дэлхийд №2 Хятадтай харьцаж болохгүй. Дэлхийд №6 Оростой харьцаж болохгүй. Аварга том хоёр хөрштэйгээ харьцахгүй, хаалгаа нээхгүй, хаана гэж тэнэгтээд байхаар чинь Монгол Улс яаж хөгжихийм ?!

Монголын геополитикийн тэнэглэл

1990-ээд онд дэлхийд АНУ төвт дэг журам дэглэм тогтов. 20-иод жилийн дараа АНУ, Хятад, Орос гэсэн 3 төвт дэг журам бий болов. Сүүлийн үед Орос, Хятад хоёр илүү ойр байж, АНУ-ын дангаар ноёрхлыг халах чиглэмжтэй хөгжил явагдав.

Украины мөргөлдөөн эхэлснээр дэлхий нийт АНУ, ЕХ гэсэн нэг тал, Хятад, Орос гэсэн нөгөө тал болон хуваагдах хандлага улам хурдсав. Улмаар Орос Хятадын дотно харилцаа интеграцийн түвшинд хүрч хөгжих үйл явц сохор хүнд ч гэсэн харахаар байна. Магадгүй валютын холбоо, цэргийн холбоо болтлоо өргөжиж болох. Өөрөөр хэлбэл АНУ-тай эвлэршгүй муудалцсан Орос Хятад руу ойртохоос аргагүй байдалд хүрэв. Интеграци гэдгийг социализмын үед “ойртон нягтрах” гэж орчуулж байсан. Их оносон нэр томъёо байгаа юм.

Орос Хятад хоёр интеграцид орж эхэлсний хаялга нь оросын хийн хоолой, хятадын төмөр зам 2 юм. Энэ бол ердөө л эхлэл бөгөөд МУ-ын хувьд хамгийн таатай нөхцөл, алдаж болшгүй боломж, ирээдүйтэй хандлага юм.    

Гэтэл Монголын либералуудын Орос, Хятадын эсрэг үзэл гаарч, сүүлдээ хийрхлийн түвшинд хүрч байна. Хэн нэгэн монгол баагий орос, хятадад дургүй байж болно, тэр ч байтугай үзэн яддаг байж болно. Бодвол “хүний эрх” биз. Гэхдээ бүх харилцаагаа таслах хүртэл хийрхэж болохгүй. Ингэвэл тэнэг хэрэг болохоос гадна МУ-ын хөгжлийг саатуулах гэсэн хорт үйлдэл мөн. Бурхны авралаар монголчуудын дийлэнхи олонхи бодит байдлыг зөвөөр ойлгож, хийрхэлд автахгүй байгаа нь сайн хэрэг.

Орос, Хятад хоёр ойртох нь тэднээс дутахааргүй Монголд л ашигтай. Маш их ашигтай. Хоёр хөрш төмөр зам, авто зам, хийн хоолой, цахилгаан шугам зэргээрээ холбогдвол Монгол л хожно. Дээрээс нь эдгээр бүтээн байгуулалтад манайхаас сүртэй их хөрөнгө мөнгө гарахгүй юм билээ. Энийг далимдуулаад төмөр замын төв босоо чиглэлээсээ гадна баруун зүүн талдаа 2 босоо тэнхлэг, 1 хөндлөн тэнхлэг барихад манай эдийн засаг сэв гээд л босоод ирнэ.

Ямар ч гэсэн хийн хоолой тавих, төмөр зам зам салаалах ЗГ-ын шийдвэр ямар ч эргэлзээгүй зөв бөгөөд ирээдүйтэй шийдвэр. Гэхдээ би ЗГ-ийн бүх шийдвэр зөв гэж хэлээгүй шүү…

Намайг дүгнээд хэрэггүй л дээ… 

Одоо над руу дайрна гэдгийг чинь би сайн мэдэж байна. “Палдиг”, “бөгс долоогч”, “долигнуур”, “ЗГ-ийн пиарчин”, “рекламчин” гээд хөвөрч өгнө.         

Тэгж ярих юм бол энэ ЗГ чинь хийрхэгчдийг биш, намайг “алах” гэж байна. Хийрхэгчдийн хэн ч 2 сарын дотор тагнуул, цагдаад 3 удаа дуудагдаж, байцаалт өгөөгүй. Би ЗГ-ийг “дэмжсэн” болоод байцаагдсан болж байна уу ?! Хийрхэгчдийн хэн нь “МАН доторхи “иргэний дайны” эхлэл” өгүүлэл бичиж, ЗГ, Тагнуулын заналд орсон юм ? Би тэгээд ЗГ-ийг “дэмжсэн” хэрэг болж таарч байна уу ?! Тэр ч байтугай манай яруу алдарт Цагдаа “гэмт хэрэгт холбогдсон” судлаач Ганхуягийн өвчний дэлгэрэнгүй лавлагаа өрхийн эмнэлгээс шаардаж байна. Өөрөөр хэлбэл намайг бүх талаар ухаж төнхөж, оролдож залхаах гэж байна. ЗГ-ийг дэмжсэн хүнийг ингэдэг юм уу ?      

Өөрөөр хэлбэл би шүүмжлэх юмаа шүүмжилж, дэмжих юмаа дэмжиж байгаа. Иймээс намайг “дүгнээд”, над руу дайраад байх хэрэг байхгүй. Би тэртэй тэргүй МАН-ын авилгач төр засагтай тэмцэж шүүмжилж л таараа…  

Зүгээр л хийн хоолой, төмөр зам хоёр дээр хөндлөн хэвтэж Монголыг хорлож тэнэглэхээ больчих…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2022 оны 03 дугаар сарын 04. 

About Ганаа
СУДЛААЧ ДАШЗЭВЭГИЙН ГАНХУЯГ 1954 онд Налайх хотод төрсөн. 1962 – 1972 онд Налайхын дунд сургууль, 1972 – 1977 онд МУИС –ийн Инженер – эдийн засгийн сургууль, 1987 – 1990 онд Болгар Улсын Нийгмийн Ухаан, Нийгмийн Процессын Удирдлагын Академи төгссөн. Нийгмийн Ухааны Институтэд эрдэм шинжилгээний ажилтан, УИХ-ын дэргэдэх Судалгааны Төвийн захирал, УИХ болон ЕТГ–т улс төрийн зөвлөх, референтын ажил хийж байсан. 1996 -1998 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн байснаа өргөдлөө өгч сайн дураараа огцорсон. Төр засгийн болон намын удирдагчдын талаар шүүмжлэлт өгүүлэл бичсэний учир ажлаас 5 удаа халагдсан. Мөн энэ шалтгааны улмаас 2004 онд МАХН-аас хөөгдсөн. Монгол Банкнаас их хэмжээний мөнгө алга болсон асуудлыг тэргүүн хатагтай О.Цолмонтой холбон бичсэний учир Монгол Банкны Ерөнхийлөгч асан О.Чулуунбатыг гүтгэсэн хэргээр 2006 онд шүүхээр шийтгүүлсэн. Олон улсын болон үндэсний хэмжээний олон судалгаанд удирдагч, үндэсний зөвлөх, багийн гишүүнээр ажиллаж байсан. Одоо чөлөөт судалгаа, системийн анализ эрхэлдэг. Эхнэр, хүү, охин нарын хамт амьдардаг.

One Response to АЛДАЖ БОЛОХГҮЙ АЗНЫ БОЛОМЖУУД

  1. Bat says:

    Zuw bolomjiig aldaj bolohgvi.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: